
Грегорийн тооллын 2005 оны 11 сарын 3
Бүгд Найрамдах засаглалт Монгол улс. Улаанбаатар хот.
Явах бэлтгэлээ базааж, цүнхээ баглаад, машины ард хийлээ.
Үүргэвчтэй аялалд явж үзээгүй болохоор илүү нэг цүнх бас дүүрчээ.
Дэлхийг судлахаар явахын өмнөх шөнө, Клуб 21 гэх таван жил амжилттай хэрэгжүүлсэн төслийн хаалтаа тэмдэглэж, надад зориулж буй үдэшлэгт очихоор машинаа асаагаад, хуучнаар UFO гэж байсан харин одоо Медуза нэртэй болсон клуб руу хөдөллөө.
Лениний музейн баруун доор байрлах уг клуб нь гэрийн ойр, менежер нь миний найз, бас сургуулиа төгсөөд анх ажил хийж байсан сургамжтай газар юм.
Диско руу ороход, “Амай Дэлхийг тойрох гэж байна” гэсэн хуудаснууд ханаар наажээ.
Миний үдэлтийн үдэшлэгт ”Амай” гэх нууц үгийг хэлсэн хүмүүс үнэгүй нэвтрэх тохиролцоог Энхтуяа менежертэй нь хийсэн тул бүжгийн талбай дүүрсэн байлаа.
Нууц үгийг өөрийн сүлжээгээрээ түгээсэн тул найз нөхөд дотнын хүмүүс цуглав.
Дижей нар бас хүндэтгэл үзүүлээд иржээ.
Өөрийн студийн бүх төхөөрөмж, CD, пянзнуудаа зарахыг нь зараад, үлдсэнийг нь найзууддаа бэлэглээд, ганц үүргэвчтэй амьдралаа авч явах шинэ төсөлдөө орохоосоо өмнө, клубд ирж, зохион байгуулагч биш, оролцогч болж сүүлийн үдшийг өнгөрөөж байгаа нь энэ.
Тайзан дээр Электрогийн хоёр дугаар үеийн Dj нар гарсан, олныг доргиож байгааг харах сайхан байна. Таван жилийн өмнөх үеийг бодвол Dj залуус мэргэжлийн төхөөрөмжүүд дээр ажиллаж, өөрсдөө дуу хөгжим зохиож, ремикс хийхийг зорьдог болжээ.
Маргааш ОХУ-ын хилийг давж, хол замд гарна.
Хорин зургаан настай Монгол залуу дэлхийг судлахаар явна.
Таньж мэдэхгүй хүмүүсийн дунд орж, Ертөнцийг туулна.
-Намайг юу хүлээж байгаа бол оо?
-Хайж буй зүйлсээ олох болов уу?
-Холын замаас эргэж ирэхэд Монгол минь хэр өөрчлөгдөх бол оо?
-Би өөрөө хэн болох бол оо?
фейсбүүк: Амай Монгол Бадарчин 5-р боть “Цаг хугацаагаар” ном-оос































