ВИЗГҮЙ ЙОРДАНЫ ХИЛ ДЭЭР

DSCN0247

2006 оны 2 сарын 15.

Монгол Бадарчин 1-р аян.14 дахь төр.

Хашимитын Йорданы вант улс.

20 сая гаруй хүн амтай, Бүгд Найрамдах засаглалтай гэх боловч “Б.А.А.С” нам нь төр бариад 40 гаруй жил болсон, өмнөх Ерөнхийлөгчийн хүү нь улсын удирдлагыг өв залгамжилж авсан, хүн төрөлхтний хамгийн эртний нийслэл хоттой Сири улсаас гарах тамгаа даруулаад, Хашимит гэх эртний овгийн өв залгамжлагч болох 2-р Абдалла вангийн мэдэлд буй Йордан улсын хилийн цэг дээр ирлээ. Continue reading “ВИЗГҮЙ ЙОРДАНЫ ХИЛ ДЭЭР”

ГРЕКТ БИЕЭ ҮНЭЛЭХ ЗӨВШӨӨРӨГДСӨН

ГРЕКТ БИЕЭ ҮНЭЛЭХ ЗӨВШӨӨРӨГДСӨН
2006 оны 01 сарын 26.
№11, Грек улс, Афин хот.
Грек улсын нийслэл Афин хотод ирээд дараагийн хот, улс руу явах төлөвлөгөөг боловсруулах гэж интернэт кафенд орж хэсэг сууж байхдаа Артур гэдэг албани гаралтай залуутай танилцав. Тэрээр Грект ээжийнхээ хамт ажиллаж, амьдардаг бөгөөд, визээ сунгуулах гэж хүлээж байгаа гэлээ. Би дэлхийг тойрч, улс үндэстнүүдийн амьдрал, адал явдлыг хайж яваа юм гэх үед тэрээр -Афин хотыг сайн үзсэн үү? гэж асуув. –Сайн үзэж чадаагүй. Ганцаараа болохоор хаана юу байгааг олох хэцүү юм. –Манай гэрэлт гудамжийг үзэх үү? –Гэрэлт гудамж аа? Юу байдаг юм? –Амстердамд Улаан дэнлүүний гудамж гэж байдаг шүү дээ, түүнтэй адил Афины төвд ийм газар байдаг юм гэхэд миний хувьд маш сонирхолтой сэдэв болж магад гээд –Тэгье, чи дагуулж явах юм бол болж байна гэв.
Артур намайг дагуулаад Афин хотын гудамжаар нилээд алхлаа. Хэд хэдэн дүүргийг өнгөрөөд “ФИЛИС” гэсэн бичигтэй гудманд ирлээ. Амстердамын Улаан дэнлүүний гудамж нь жуулчдын очиж үздэг, үйлчлүүлдэг, өнгө бүрийн гэрэл цацруулсан дэлхийд алдартай үзвэрийн газруудын нэг билээ. Харин энэ гудамж нэг л бүүдгэр, сонирхолтой санагдахааргүй байв.
Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, хоёр талаараа үүдэндээ бүдэг гэрэл асаасан төмөр хаалгатай, зүгээр л нэг гудамж.
Би-Тэр алдартай газар чинь хаана байгаа юм бэ?
–Энэ байна, хүмүүс Грекийн Филис гэдгээр маш сайн мэддэг юм. Намайг дагаад яв, чи япон хэл мэдэх үү? –Мэднэ? -Манай энд чамтай адил царайтай Өмнөд Ази болон Казахстан, Узбекстан зэрэг улсуудын хар ажилчид олон байдаг юм. Тэд мөнгөгүй хэрнээ энэ гудамжаар явж төвөг болдог тул, чамайг Японы жуулчин, харин би чиний орчуулагч гэж тайлбарлая, тэгээд хамтдаа энэ газрууд руу орж, охид харъя гэлээ. Хоёр талаар үүдэндээ бүдэг гэрэлтэй, бөх бат төмөр хаалгуудтай Филис гэх гудамжны эхний хаалгыг онгойлгоод орлоо.
Манай подволд байдаг үсчний газар шиг сонин өрөө рүү ороход ахмад залуу, гадаад дотоодын янз бүрийн эрэгтэй хүмүүс ямар нэгэн зүйл хүлээж байгаа бололтой сууж байв. Бид хоёр угийн энэ хавийг сайн мэддэг юм шиг хажууд нь суулаа. Хажуу өрөөнөөс нэгэн эмээ гарч ирээд грек хэлээр ямар нэгэн зүйлийг хэллээ. “Минутын дараа энд үйлчилдэг охин гарч ирэх гэж байна, нэг удаа 20 евро гэнэ ээ” гэж найз англиар орчуулж өглөө. Тэрээр сексийн үед охидыг буруу оролдох, хазах болон өөр харгис зүйл хийж болохгүй шүү гэж анхааруулж байна гэв.
Хэсэг хугацааны дараа дотуур хувцастай европ бүсгүй гарч ирэн өрөөний голд загвар өмсөгч шиг хэдэн секунд зогсоод, буцаад өрөөндөө орлоо. Дөнгөж үйлчлүүлсэн, сэтгэл хангалуун царайтай хүн цаад өрөөнөөс хажуугаар зөрөөд, гадагш гарав. Эмээ дуудлага худалдаагаар юм зарж байгаа юм шиг “За хэн авах вэ?” гэж өрөөнд сууж буй дараагийн хүмүүс рүү хандан асуутал, нэг их царайлаг гэхээргүй бүсгүй байсан тул цугласан 7-8 хүний хагас нь босож, үүд рүү чиглэлээ. Би ч гэсэн өндөр хэмжүүртэй жуулчин шиг царайлаад өрөөнөөс гарлаа.
Найзаасаа “–Хүүе ямар царай муутай хүүхэн бэ?” гэтэл “20 еврод чи юу хүсэх гэсэн юм” гэв. Эхний газраас гараад гудам руу хартал, өнөө шөнөдөө үнэгүй үзвэр үзэх болсноо ойлголоо.
Хоёр талаар 40-50-иад гэрэл нь асаалттай хаалганууд байв. “Тэр үүдний гэрэл нь асаалттай байвал ажиллаж байгаа, орж болно гэсэн үг. Нэг газар нэг л охин ажилладаг. Грекийн Засгийн газар биеэ үнэлэхийг хуулийн дагуу зөвшөөрдөг юм. Нийгмийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа гэж тооцогддог эдгээр хүүхнүүд 55 хүрэхээр тэтгэвэрт гарч, нийгмийн хамгаалалд хамрагддаг. Долоо хоногт 2 удаа заавал шинжилгээ хийлгэх ёстой. Саяхныг болтол хар арьстан болон Зүүн Европын хөөрхөн охид энэ гудамжинд ажилладаг байсан ч, цагдаагийнхан татвараа бүрэн авахын тулд шалгалтаа чангаруулж, зөвхөн ажлын зөвшөөрөлтэй хүүхнүүдийг ажиллуулдаг болсон. Тэгээд хамаг хөөрхөн гадаад бүсгүйчүүд Турк, Кипр рүү явчихсан” гэж Артур маш баялаг мэдээллийн сангаасаа надтай хуваалцлаа.
Эх оронд нь ийм төрлийн үйлчилгээ хуулиар хориотой, бусадтай энэ сэдвээр ярилцах нь ёс суртахууны хувьд мууд тооцогддог, нийгмийн хаалттай орчноос ирсэн залуу энэ өдөр үзэж, сонсож буй зүйлүүдээ боловсруулж шингээнэ гэж нилээд юм боллоо. Ялангуяа биеэ үнэлэхийг сайн зүйл гэж боддоггүй, ийм үйлчилгээнээс татгалздаг хүний хувьд дэлхий ертөнцийн хүмүүсийн үнэт зүйл, сонирхол, амьдрах орчин ямар өөр байж болох тухай дахин нэг бодлоо.
Бид хоёр хэсэг алхаж байгаад дараагийн хаалга руу ортол, мөн адил тэтгэвэрт гарсан байх насны хөгшин өвөө үүдний өрөөнд ресепшн хийж байлаа. Тэдний ихэнх нь англи хэл мэддэггүй бөгөөд, зарим газрын үүдэнд “ЗӨВХӨН ГРЕК ЗОЧИД ХҮЛЭЭЖ АВНА” гэсэн гарчиг байв.
Нутгийн иргэд тийм их үйлчлүүлдэг юм болов уу?
Японд энэ төрлийн үйлчилгээ хуулиар хориотой ч нийгмийн хэрэгцээг хангах нууц газрууд үйл ажиллагаа явуулж байдаг юм.
Бид дараа дараагийн хаалга руу орж, гараад л байлаа. Орсон газар бүр ерөнхийдөө адил, ахмад насны грек хүн бүсгүйчүүдээ борлуулаад төлбөрөө аваад л, үйлчлүүлэгчид нэг газраас нөгөө рүү орж, таалагдсан бүсгүй дээрээ үлдэж, ээлжээ болохоор хүслээ хангаад л…
Яг энэ үйл явдлыг өөрийн хүмүүжсэн соёлоороо бодож үзэхэд маш муухай гэмээр санагдлаа.
Энэ хорвоогийн хамгийн сайхан бүтээл болох эмэгтэй хүнтэй амьдралын сайхан мөчүүдийг хуваалцах гайхамшигтай үйл нь зүгээр л эдлээд өнгөрөх таваар болсон байдаг. Өөрийн мэдрэмжээ хуваалцах гэж буй бүсгүй маань миний өмнө хэдэн хүнтэй байсан, юу хийснийг мэдэхгүй, гэхдээ надаас хойш олон хүмүүсийг хүлээн авна гэж бодохоор бөөлжмөөр ч юм шиг.
Би ийм төрлийн секст сонирхолгүй ч энд ажиллаж буй янз бүрийн үндэстний охидыг харж, энэ мэргэжлийн онцлогийг нь мэдэж, өөрийн тэмдэглэлдээ бичих сонирхолтой байсан тул хэрэгцээтэй зүйлээ найзаасаа асууж, лавлав.
Хүмүүс энэ гудамжинд нааш цааш тасралтгүй холхиж,.гадаад дотоод, баян ядуу, хөгшин залуу янз бүрийн хүмүүс хүлээлгэд охиноо харах гэж хүлээсээр. Дараагийн нэг хаалга руу ортол зуучлагч эмээ “За албани охин, нэр нь…” гэr зарлалаа. Артурын царай шууд хувирав. Тэрээр нутгийнхаа охиныг хараад өрөвдсөн үү, шууд гаръя гэлээ. Тэр үеэс хойш манай хүний дуу нь цөөрx, нэг л гүн бодолд орсон мэт болов.
Би түүнийг юу мэдэрч буйг ойлгож байлаа. Энэ гудамжаар хэсэж байтал, хүмүүст үйлчилж буй монгол охин гараад ирвэл өөрийгөө яах бол оо гэж бодлоо.
Ийнхүү бид хоёр Филис гудамжтай танилцах ажлаа өндөрлөхөөр шийдэж гэрийн зүг хөдөллөө. Европчууд угаасаа секст нилээд чөлөөтэй хандаж, биеэ үнэлэх нь бусад ажилтай адил хувь хүний асуудал гэж үздэг. Гадны дарамт шахалтгүй өөрийн хүслээр хийж, ариун цэвэр, эрүүл мэндийн баталгаатай ажиллаж байгаа бол хууль нь зөвшөөрч байгааг Нидерланд улсад бас харж байсан. Жуулчлал хөгжсөн улсууд “Секс туризм”-ыг хуулиар зөвшөөрч, улсынхаа төсөвт уг үйлчилгээнээс авч буй татвараараа их хэмжээний мөнгө хуримтлуулдаг юм билээ.
Манайд биеэ үнэлэхийг зөвшөөрөх, хориотой чигээр нь байлгах асуудал сүүлийн үед нилээд сөхөгдөж, хэрэгтэй хэрэггүй гэдэг тал дээр ярилцаж байгаа билээ. Биеэ үнэлэгчдийг худалдан авч, сексийг мөнгөөр хэмжих үзлийг би хувьдаа зөвшөөрдөггүй. Секс бол хэтэрхий сайхан зүйл бөгөөд, өөрийн ур ухаан, авьяас чадвараараа эмэгтэй хүнд хүндлүүлж, итгэлийг нь аваад амьдралын сайхныг хамт хуваалцах нь амжилт бас жаргал гэж боддог. Түүнээс биш мөнгөөр хүнийг худалдаж авчхаад, өөрийгөө эр хүн гэж бодож байгаа бол тэр хүнийг өрөвдөхөөс өөр яах билээ дээ.
Үнэхээр юм сурч, бүтээх насандаа өөрийгөө зүгээр л эдлэл мэт үнэлж байгаа зарим охидыг хараад өрөвдөх сэтгэл төрдөг. Хүн бүр өөрийн амьдралаар амьдарч байгаа болохоор надад хүний амьдралыг шүүмжлэх, заах эрх байхгүй! Гэртээ хоолгүй, хувцасны мөнгөгүй болоод арга ядсандаа биеэ үнэлж байгаа бүсгүйг зэмлээд яах вэ дээ. Хориглоод, хоолыг нь аваад өгөх биш. Үнэхээр Монголд амьдрал хэцүү байгаа шүү дээ. Цаанаа аав, ээж, эмээ, өвөөгөө тэжээх гэж зүтгэж байгаа тэдгээр бүсгүйчүүдийг шүүмжлэх бус өрөвдөх ёстой болов уу. Харин боломж байсаар байтал мэдлэг боловсролын төлөө тэмцэж, ажиллах бус бие үнэлж хялбар амьдрах гэж байгаа хүмүүст юу гэж хэлэхээ мэдэхгүй.
Энэ замыг сонгосон, сонгох гэж буй хүмүүст нийгмийн жишгээр ажиллаж, амьдрах, сурах бололцоог нь хангах тал дээр бид илүү анхаарах хэрэгтэй байх аа. Бид Монголд охидоо хамгаалах хэрэгтэй. Буруу замаар оруулахгүйн тулд туслах хэрэгтэй.
Төрийн сайн бодлого явуулж, залуучуусаа илүү хариуцлагатай болгож байж энэ бэрхшээлээс гарах байх.

DSCN9434

2006 оны 1 сарын 26.

Монгол Бадарчин 1-аянв 11 дахь төр.

Грек улсын нийслэл Афин хот.

Грек улсын нийслэл Афин хотод ирээд дараагийн хот, улс руу явах төлөвлөгөөг боловсруулах гэж интернэт кафенд орж хэсэг сууж байхдаа Артур гэдэг албани гаралтай залуутай танилцав. Тэрээр Грект ээжийнхээ хамт ажиллаж, амьдардаг бөгөөд, визээ сунгуулах гэж хүлээж байгаа гэлээ.

Би дэлхийг тойрч, улс үндэстнүүдийн амьдрал, адал явдлыг хайж яваа юм гэх үед тэрээр

-Афин хотыг сайн үзсэн үү? гэж асуув.

-Үзэж амжаагүй. Ганцаараа болохоор хаана юу байгааг олох хэцүү юм.

-Манай гэрэлт гудамжийг үзэх үү?

-Гэрэлт гудамж аа? Юу байдаг юм?

-Амстердамд Улаан дэнлүүний гудамж гэж байдаг шүү дээ, түүнтэй адил Афины төвд ийм газар байдаг юм гэхэд миний хувьд маш сонирхолтой сэдэв болж магад гээд

-Тэгье, чи дагуулж явах юм бол болж байна гэв.

Continue reading “ГРЕКТ БИЕЭ ҮНЭЛЭХ ЗӨВШӨӨРӨГДСӨН”

ДАЛАЙН ӨВЧИН

20060124-DSCN9350

2006 оны 1 сарын 24

Монгол Бадарчин 1-р аян. 9 дэх төр

Бүгд Найрамдах Итали улс, Бриндисси хот

Манайхаар далайн өвчин, Англиар “Motion sick” гэж юу байдгийг та нар гадарлаж байна уу?

Зурган дээр би инээж байгаа нь зүгээр л аялал сайхан байна гэж үзүүлэх гэсэн юм.

Жинхэнэ түүхийг эндээс уншаарай.

mongol badarchin books

Би өмнө нь нуур, голоор усан онгоц завь ашиглан аялж байсан ч өвлийн улиралд тэнгисээр аялах тухай бодож, төсөөлж ч байсангүй.

Азийн цээжинд оршдог эх орноосоо гараад Европоор дайраад Америк, өмнөд Азиар дамжин Монголдоо эргэж ирэх төлөвлөгөөтэй байлаа.

Дэлхийг тойрч, хайсан зүйлсээ олоод ирэх хялбар төлөвлөгөө баруун европ хүрэх үед утга учраа алдсан.

Монголчуудын хийж байгаагүй өвөрмөц замыг сонгож Дундад тэнгисийг тойроод Африк тив рүү орохоор шийдэв.

Итали улсаас Шенгений визээ ашиглаад Грек улс руу явах төлөвлөгөө зохиов.

Иргэний дайны дараа байдал амаргүй, олон жижиг улс болон задарсан Балканы бүс рүү ормооргүй байлаа.

Газрын зураг дээрээс Италийн зүүн урд байдаг Бриндисси гэдэг хотоос усан онгоцоор Грек орж болдгийг мэдээд Ром хотоос урагшаа шөнийн галт тэргээр хөдлөв.

20060123-DSCN9298

20060123-DSCN9299

20060123-DSCN9300

20060123-DSCN9302

Өдрийн 15 цаг гэхэд Бриндисси гэдэг боомт хотод ирээд хамгийн ойрын хугацаанд Грек явах усан онгоцны билет авахыг хичээсэн ч шөнө дундын ганц усан онгоц байлаа.

20060123-DSCN9306

20060123-DSCN9312

20060123-DSCN9311

20060123-DSCN9314

20060123-DSCN9315

Тасалбар аваад бүтэн өдрийг өвлийн сэрүүн салхитай Италийн боомт хотод өнгөрөөх болов. Анх Европын Финланд улсад ирээд барууны хотын соёл иргэншил, байшин барилгыг хараад биширч байсан санагдана. Харин одоо 10 гаруй улсаар аялчихсан болохоор хэр баргийн юм сонин биш болов.

20060123-DSCN9303

20060123-DSCN9310

Аялал жуулчлал бараг хөгжөөгүй, өвлийн гэх боловч манай намартай адил цаг агаартай боомт дээр хүнд цүнхээ үүрч калорио зарцуулахаас өөр ажил олдохгүй байв.

Арваад цагийн нэгээхэн хэсгийг тус хотын төвд байсан номын санд өнгөрөөхөөр бодсон ч “NO PARLA ITALIANO” тул ойлгоод уншчих юу ч байсангүй.

20060123-DSCN9305

Дэмий л зурагтай ном сонирхож үзлээ.

Хэдийгээр Финландаас Швед, Дани улсаас Нидерланд улс руу 2 удаа жижиг оврын онгоцоор ниссэн ч цаашдаа бүх улсыг газраар туулна гэж төлөвлөсөн билээ.

50 орчим долларын үнэтэй усан онгоцны билет аваад 24 цагийн турш Адриатын тэнгис дээгүүр явна гэхээр үнэхээр адал явдалтай санагдана.

20060123-DSCN9318

Дэлхийг тойрох аялалдаа тээврийн бүх хэрэгслээр зорчиж, мэдэрсэн зүйлээ бичих бодолтой байсан тул “Анх удаа усан онгоцоор тэнгист” гэдэг тэмдэглэлийн гарчиг нүдэнд харагдлаа.

20060124-DSCN9320

20060124-DSCN9321

20060124-DSCN9326

Арай гэж хүлээсэн цаг болж усан онгоцондоо суулаа.

20060124-DSCN9327

20060124-DSCN9329

20060124-DSCN9331

Энгийн нийтийн өрөөнд зурагт үзэнгээ 10 гаруй хүний хамт маргааш болохыг хүлээнэ.

20060124-DSCN9333

Сониуч зангаараа, анхныхаа усан онгоцыг таньж мэдэх зорилгоор дээр доор, гадна доторх бүгдийг үзэж гарлаа. Галт тэрэг шиг тусгай купенүүд байсан ч орж үзэж чадсангүй, бас усан онгоцны удирдлагын хэсэг рүү оруулсангүй.

Усан онгоцны дохио дуугарч эргээс хөдөллөө.

Бараг хүнгүй хоосон явж байсан тул хэдэн сандал нийлүүлээд унтахаар хэвтэв. Тээврийн хэрэгсэл дотор хоол хүнс нэмэгдэл үнэтэй байдаг тул замд гарахын өмнө хоол идээд, уух усаа бэлдсэн юм.

Усан онгоц эргээс хөдлөх үед гэв гэнэт үдийн хоол санаанд ороод амт нь мэдрэгдээд ирлээ. Хааяа машинд явахад толгой эргэж эвгүй оргидогтой адил байсан тул сандал дээрээ хажуулдаад хэвтэв.

Арай гайгүй болсон ч шөнөжингөө ингэж хэвтэлтэй биш гээд үйлчлэгчээс нь дотор муухай оргиулдаггүй эм байгаа эсэхийг асуухаар яаравчлан очлоо.

Онгоцонд болон соёлтой газрын нийтийн тээвэрт бие эвгүй болох үед уудаг эмийг үйлчлүүлэгчдэдээ өгөх үүрэгтэй байдаг тул энд бас байгаа гэдэгт эргэлзсэнгүй.

50 орчим насны үйлчлэгч өрөөндөө сууж байсан бөгөөд англи хэл мэдэхгүй гэдгээ гарын дохиогоор илэрхийллээ.

Би зөрүүлээд толгой эргэж байна, бие сонин оргиж байна, бөөлжих гээд байна гэдгийг гараараа тайлбарлалаа. Тэрээр эмийн хайрцгаа ухаж байгаад нэгэн эмийг усаар даруулж уу гээд өгөв. Уул нь ийм төрлийн эмийг замд гарахын өмнө, хөдлөхөөс 10-20 минутын өмнө уух ёстой.

Үйлчлэгчийн өрөөнөөс заал орох замд байрлаж байсан жорлон намайг зөн совингоо дагахыг шаардлаа.

Цагаан эм түрүүхэн идсэн хоолны хамт харагдаад улмаар суултуурын нүхэнд үгүй болов.

Биед эм шингэж амжаагүйг би мэдэж байсан тул эргээд үйлчлэгчийн өрөөнд очоод нэмж нэг эм авахыг хүслээ. Болсон үйл явдлыг гараараа тайлбарласан боловч ирээдүй цагт яриад байна уу, өнгөрсөн цаг дурсаад байна уу? гэдгийг тэрээр ойлголгүй эм өгөхөөс татгалзлаа.

–Сая би эм уусан боловч бөөлжөөд гаргачихлаа! гэж хөдөлгөөнөөрөө үзүүлэхэд, эм нэмж уухгүй бол бөөлжинө гэж ойлгосон бололтой:

–Эм дахиж өгч болохгүй, хэрвээ 2 ширхэг уух юм бол маргааш чамайг би үүрч гаргах хэрэг гарна гэдгийг гараараа харилцах чадвар сайтай Итали хүн хэд дахин үзүүллээ.

Суудал дээрээ ирээд нүдээ аниад суугаад л байлаа.

Нүдээ нээх юм бол идсэн хоол санагдаад болдоггүй.

Нэг хоромд яаралтай жорлон руу гүйв. Үүдийг нь нээтэл 3-4 залуу нэмэгдэн улаан нүдлээд зогсож байна. Миний өмнөх өрөөг хэн нэгэн эзэлсэн тул угаалтууртай найзлав.

Ийнхүү дараагийн хэдэн мөчид шинэ холбоотнууд ээлж ээлжээрээ өрөөг эзэлж, эзэгнэж эхэллээ. Бидний хувьд ариун цэврийн өрөө шиг хэрэгтэй зүйл үгүй байв.

24 цагийн ихэнхийг тэр залуустай “найзалж” өнгөрөөлөө.

“Ямар азаар купенд 80$ төлж ороогүй юм бэ! Тэртээ тэргүй 00-той найзлах байсан юм байна шүү дээ!” гэж бодлоо.

Хажууханд нэг бүсгүй охинтойгоо явж байна. Өөрийгөө далайн өвчтэй гэж мэдсэн миний хувьд, юу ч болоогүй юм шиг тоглож буй охиныг хараад атаархах сэтгэл төрнө.

Юун дэлхийг тойрогч, юун Чингисийн Монгол, зурам гэж дуудахад хүртэл ахдахаар царайтай болсон байлаа.

Аливааг бодохгүй унтах гэж хичээж буй миний хажууд охин ирээд элдвээр дэвсэж, харайж гүйж байв. Ээж нь зүгээр бай гэж анхааруулсан ч цөөхөн хүнтэй том зааланд хүүхэд эрх чөлөөгөө эдлэхэд буруу юм юу байх билээ дээ.

Гагцхүү хажууд гүйж буй хүүхдийн хурдан хөдөлгөөнийг удаан харах юм бол “захиалгат өрөө рүүгээ” яаралтай гүйх хэрэг гарч ирч магад.

Энэ маягаар шөнийг арайхийн өнгөрөөлөө. Дэлхийн бөмбөрцгийн хойд бүс 1 сарын үед хүчтэй салхитай байдаг тул далайн гадаргууг давлагаалуулж, олон давхар усан онгоцыг хүртэл хүүхдийн тоглоом шиг савлуулж байлаа.

Үүр цайх үед цэвэр агаарт гарч, холын дүрс харвал хамаагүй дээр болно гэж өөрийгөө зоригжуулав.

20060124-DSCN9334

20060124-DSCN9337

20060124-DSCN9338

20060124-DSCN9341

20060124-DSCN9337

20060124-DSCN9343

20060124-DSCN9344

Сэлж чаддаггүй хүнд ус аймшигтай төсөөллийг бий болгодог тул, гадаа гарахдаа бариулаас чангаас чанга атгаад, тэртээх Балканы эргийг харж даартлаа зогслоо.

Далай тэнгисгүй Монголчуудад ТИТАНИК кино хязгааргүй усны аюулыг ойлгуулсан тул аюулгүйн завь байгаа эсэхийг шалгаад авлаа.

Битүү орчинд биш, бас ойр хавьд элдэв хөдөлгөөнтэй зүйл үгүй болохоор бие гайгүй болсон мэт санагдана.

Жилийн өмнөхөн нэгэн том усан онгоц энэ хавьд осолдож 200-аад хүн амь насаа алдсан тухай мэдээг телевизээс үзэж байсан тул сайн муу бодлууд толгойд эргэлдсээр.

Усан онгоц Италиас гараад Грекийн эргийн дагуу хөвсөөр Патра хот руу дөхөв.

20060124-DSCN9353

Хуурай газар бараа харагдсан ч “сэлж чадахгүй юм чинь эрэг байсан ч, байгаагүй ч ялгаагүй” гэж бодлоо.

Хүсэн хүлээсэн боомт руу ирлээ.

20060124-DSCN9352

Цүнхээ баглаж хувцсаа өмсөөд хамгийн түрүүнд буух бэлтгэлээ хийж хүлээлээ.

20060124-DSCN9348

Хөлөг онгоцны зогсоол дээр машин шиг шууд зогсдоггүй тул нэлээд удав.

Үйлчлэгч үүдийг нээх үед би өөрийн эрхгүй зугтаж буй мэт хамгийн түрүүнд гараад газар дээр гишгэлээ.

Бөгтийж байгаад 60 эргээд босдог тоглоом тоглосон юм шиг л сонин болсон байв. Явах гэж оролдоход баруун тийшээ хазайж, тэнцүүлэх гэхээр зүүн тийшээ хазайна.

Монголд ирсэн Европын иргэд хязгааргүй хээр талд, эргэн тойронд юу ч байхгүйд айдас төрдөг гэж байсан. Харин би эргэн тойронд ус байхад айсан тул тэд юу мэдэрдгийг ойлголоо.

Бас далайн өвчин гэдгийг өвлийн шуургатай тэнгист мэдэрлээ.

Явсан хүнээс үг сонс 2

МӨРӨӨДЛИЙН ЭФФЕЛЬ

МӨРӨӨДЛИЙН ЭФФЕЛЬ
2006 оны 01 сарын 11.
№08, Франц улс, Леон хот.
Франц улсын Сэнт Этиен, Леон хотуудад хэд хоноод, нийслэл Парис хотыг нь “дайлахаар” шийдлээ. Найз Гарспар нийслэл ордог хурдны замын уулзвар дээр гаргаж өгөөд, би замын унаагаар Парис явахаар болов. Хурдны зам дээр зогсвол зуугаас дээш км цагийн хурдтай яваа машинд миний царай замхарч бас хурдны зам дээр унаа зогсоох хориотой байдаг тул хурдны замын төлбөр төлдөг газар луу эхний машинаар хүргүүллээ.
Парис гэсэн бичгээ барин төлбөрөө төлж буй жолоочид харагдах газар зогсоход янз бүрийн машинууд өмнүүр өнгөрч байсан ч намайг тоож авах, зүг таарах унаа олдохгүй нилээд удав. Нэгэн араб царайтай хүн “Чиний бичиг баримт, виз зүгээр үү?” гэж асуугаад, асуудалгүй гэдгийг сонссоныхоо дараа “Тэгвэл суу, би бас Парис орно” гэж эелдэг өнгөөр хэллээ.
Би өмнө нь хэзээ ч араб хүнтэй ойр дотно харьцаж үзээгүй тул бага зэргийн гайхсан байдалтай байв. Манайх шиг гадаад харилцаа султай, мэдээллээ Монгол сэтгүүлчдээсээ бус гадны мэдээллийн хэрэгслүүдээс орчуулж авдаг улс барууны хэвлэл мэдээллийн ухуулга суртлын нөлөөнд лав орсноос болж араб гэхээр л амиа золиослогч гэсэн ойлголт миний толгойноос гарахгүй байв.
Машин төлбөрөө төлөөд замаас гарч зогсох үед ачаанд нь цүнхээ хийгээд жолоочийн хажуугийн суудалд нэг л сэжиг тээж суув. Тэрээр Германаас хуучин машин авч, Мароккод зардаг гэж ажлаа танилцуулж, саяхан авсан Audi машинаараа Парист байгаа гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, ислам шашныхаа нэгэн баярыг хамт тэмдэглэх гэж байна гэв. Леон хотоос ямар ч унаа дамжилгүй шууд Парис орох болсондоо баяртай байлаа.
Бид хөдлөөд нилээд хурдтай явж байсан ч манай хүн эргэн тойрноо байнга ажиглан “Францын нутагт маш анхааралтай машин барихгүй бол цагдаа нар нь их хүнд сурталтай, бас маш үндсэрхэг, арьс өнгөний үзэлтэй, баригдвал ёстой тамлаж гарна” гэлээ. Биднийг явж байх зуур нар жаргаж эхлэв. Мухамед гэж өөрийгөө танилцуулсан 45 орчим насны бавайсан сахалтай эр хурдны замын хажуугийн шулуун зураасыг даваад зогсчихлоо. Яах гэж хурдны замын зурвасыг давж зогсож байгаа юм бол доо гэж бага зэрэг айдастайгаар бодож байтал тэрээр машиныхаа өмнө жижигхэн хивс дэвсээд машины зүг мөргөж эхэллээ. Нийт хүн амын 3% нь ислам шашинтай улсад төрж өссөн хэрнээ юу хийгээд байгааг ойлгохгүй, машиндаа мөргөж буй үйлдлийг гайхан харж зогсов. Бараагаа борлуулаад, мөнгөөрөө үлдсэн бараагаа цохиж мялаадаг ёс Монголын наймаачдад байдагтай адил үйлдэл юм болов уу ч гэж бодлоо.
Мусульманууд (Ислам шашныг шүтдэг хүмүүс) Саудын Араб улсад байдаг “Мекка” гэх ислам шашныг үндэслэгч Мухамедын шарилын зүг залбирдаг юм гэж машиндаа суусны дараа тэрээр тайлбарлах үед худалдах гэж буй машин үүнд ямар ч хамаагүйг, зүг чиг нь тэгж таарсныг ойлголоо.
Би ислам шашинтай хүмүүсийг олноороо сүмд нэгэн зэрэг мөргөж, уншлагаа хэлж буйг зурагтаар бишгүй харсан ч энэ удаа миний хажууд мөргөж, зан үйлээ хийж байсан нь үнэхээр сонин байв. Энэ шашныг нэг бүрчлэн судалж сурах хэрэгтэй юм байна.
Би Тэнгэр шүтдэг, Буддын гүн ухааны сургаалыг дагадаг хүний хувьд газар өвдөглөж, урагш бөхийж мөргөхдөө «Ум Мани Бадми Хум» гэж залбирдаг, харин ислам шашинтай энэ хүн ном судраа бүгдийг нь цээжээрээ уншиж, мөргөлийн үйлдлүүдээ яг нэг бүрчлэн хийж байсан нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлж, тун сонирхолтой санагдлаа. Жижиг савтай ус гаргаж алганаасаа тохой хүртэл угааж, гутлаа тайлж, хөлөө бас цэвэрлэсэн нь гайхшралыг улам ихэсгэв.
Аяллынхаа төдийгүй амьдралдаа анх удаа араб хүнтэй нэг машинд сууж, мөргөл үйлдэж, залбирч байхыг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрлээ. Америк улсад арабуудын оршин суудаг дүүргийн хажуугаар анх удаа машинтай явж байхдаа тэднийг хараад, террористууд явж байгаа мэт харагдаж байсан нь дэлхийн мэдээллийн хэрэгслэлийг гартаа атгасан улсуудын улс төрийн тархи угаалга надад хэрхэн нөлөөлснийг харуулж байв.
Зам дээр ганцаар зогсож буй Ази, Монгол төрхтэй аянчныг унаандаа аваад, хоолоор дайлсан араб хүнийг хараад “Арабууд гэж хэн юм бол оо?” гэж би өөрийн эрхгүй бодлоо.
Мароккогийн хөгжим тоглуулсан машин хурдны замаар баруун зүг хөдөлж, маш уянгалаг гоё аялгуутай дууг нь сонсоод арабууд үнэхээрийн сайхан урлагтай юм шиг санагдлаа.
Францын нийслэлийг “дайлаад” цааш Англи, Америкийн Нэгдсэн Улсыг туулж эх орондоо жил хагасын дараа харих төлөвлөгөөнд минь өөрчлөлт орж эхэлснийг би тухайн үед мэдээгүй байв. Эртний гэх соёлтой энэ хүмүүс хэн юм бол оо?
Хэдэн цаг гаруй явсны эцэст Парис хотын зах руу орж эхэллээ. Олон зүг салж нийлсэн хурдны замын хаагуур нь яаж яваад байгааг ойлгохгүй байсан ч “Paris” гэсэн бичигтэй том ногоон самбарыг дагаад байвал хотын төв рүү орж болно гэдгийг хэлийг нь мэдэхгүй хүний нутагт гадарлаж байв.
Эффелийн цамхаг гэх төмөр байгууламж харанхуйд маш үзэсгэлэнтэй харагддагийг дэлгэцээр болон зургууд дээр харж байсан бөгөөд хот руу орж ирэхэд шууд харагдах байх гэж найдсан ч Парис гэх хот нь Европт төдийгүй дэлхийн хамгийн том хотуудын нэг гэдгийг тухайн үед бүрэн ойлгоогүй байлаа.
Захын дүүргүүдээр нилээн удаан явлаа. Мухамед: “Би уул нь энд хурдны замаас гараад харих ёстой юм. Гэхдээ чамайг төв рүү бага зэрэг дөхүүлье, чи хаашаа хүрмээр байгаа юм?” гэж надаас асуулаа. Би аялж эхэлсэн цагаас хойш яг ийм тийм гэсэн төлөвлөгөө хийхгүй хувь заяагаа дагаж байгаа болохоор “Парис хотын төв хүрвэл сайн байна” гэж хариуллаа.
Бид хоёр хэд хэдэн сүлжээ замаар явсаар нэг тунелийн доор тэрээр огцом зогслоо. “За, чи маш хурдан буугаарай, би энд зогсож болохгүй, эндээс би буцаад явна. Чи замаас гараад нийтийн тээвэрт сууж хотын төв рүү дөх. Хэрвээ би хурдны замаас гарвал буцаад орох гэж маш холуур тойрох болно. Чамайг хүргээд өгчихмөөр л байна, даанч амжихгүй нь, уучлаарай найз минь” гэж хэлэх үед “Юундаа уучлалт гуйгаад байгаа юм бэ? Намайг хотын төв рүү ойртуулж өгсөнд баярлалаа. Аян замдаа сайн яваарай” гээд хүнд төвөг болохгүйн тулд машинаас хурдан бууж, том үүргэвч, цүнхээ аваад тунелийн дээш зүлгэн дээгүүр эгц алхаж гарлаа.
Хотын төвөөс нилээд зайтай байсан ч миний хүрэхийг хүсэж байсан, магадгүй дэлхийн хүн амын хагасаас илүү хувь нь мөрөөддөг Эффелийн цамхаг холын хол харагдаж, сийлсэн мэт гэрлээ асаан намайг дуудаж байгаа мэт санагдлаа.
Хурдны замын бүсээс гарч цамхгийн зүг үүргэвчээ үүрэн нилээд алхсаны эцэст ядраад замын хажууд түр суулаа. Яаж ч байсан алхаж хүрэх тэнхэл үгүй гэдгийг ойлгож, замаар явж байсан хүнээс хэрхэн автобусаар төв рүү хүрч болохыг лавлаад, автобусанд суув.
Автобус Эффелийн цамхгаас холгүй зогслоо. Хотын гудамжны завсраар харагдах, алхам бүрт ойртож буй гэрэлт цамхаг миний мөрөөдөлдөө хүрэх шуналыг өдөөж, улам бүр догдлуулж байв.
“Palais De Chaillot” гэх хос барилгын хооронд буй талбай дээрх шатуудыг нь алгасан үсэрч, гарч ирэх үед Эффель гэх үзэсгэлэнт цамхаг үлгэрийн фон дээр зурсан зураг мэт миний өмнө хамаг чимгээ зүүн сүндэрлэж байв. Өмнө нь зурагтаар харж байхдаа “хэзээ нэгэн цагт өмнө нь зогсож байх болно” гэж мөрөөдөж байсан газраа ирснээ мэдээд маш их баярлаж хашгирмаар болов.
2006 оны 01 сарын 11-ний өдөр, аяллынхаа 8 дахь улсын нийслэл Парис хотыг албан ёсоор “дайлсанд” тооцлоо!
Гэрэлт цамхгийн өмнө зургаа авахуулах тэр мөчид дээвэр дээр асаж байсан гэрэл яг л надад баяр хүргэж буй мэт миний зүг тэнгэрт туслаа.
Франц улсын нийслэл хүртэл 2 сар хагас амаргүй замыг туулсан тул бэрхшээлүүдийг давж чадсанаа тэмдэглэмээр санагдсан ч “Аз жаргалтай давтагдашгүй мөчөө хуваалцах хүн” хажууд байхгүй байгааг аяллаа эхэлснээс хойш би энд ирж байж анзаарлаа. Гэр, эх орноо орхин явж байхдаа зөвхөн урагшаа харж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүх анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчээ дайчилж байхдаа юунаас холдож буйгаа тухайн үед мэдээгүй юм.
Өмнө бараг мэдэрч байгаагүй Европ гэх тивийн, Франц гэх улсын нийслэл эртний гайхамшигт Парис гэх хотын төвд буусандаа бардам байсан ч, баяр хөөр маань уйтгараар солигдож, хүний нутагт гэр бүл, найз нөхөргүй ганцаараа, сэтгэлээ тайлж, хамт аз жаргалаа хуваалцах хүнгүй зогсох ямар хүнд уйтгартай байдгийг амьдралдаа анх удаа мэдэрлээ.
Аз жаргалаа хуваалцах хүнгүй бүх юм утгагүй мэт санагдав.
Аяллынхаа хамгийн анхны ганцаардлыг мэдэрсэн ч, дэлхийн хүн амын олонх нь амьдралдаа хийж чадахгүй зүйлийг хийх гэж байгаа гэдгээр гунигаа тайтгаруулав.
Цаг оройтсон, бас бага зэргийн хүйтэн байсан тул талбай дээр зураг дарж өгөх хүн олох гэж хэсэг хугацаа зарцууллаа. Дурсгалынхаа зургаа даруулаад, миний хүүхэд насны мөрөөдөл Эффелийн цамхаг дээр гарч үзэхээр шатаар доош бууж, Трокадерогийн талбайгаар Эффелийн зүг алхлаа. “Гэр бүлтэйгээ, хайртай хүнтэйгээ, эсвэл найз нөхөдтэйгөө энд хамт аялж байсан бол ямар сайхан байхсан бол оо” гэсэн бодол намайг огт орхихгүй байв.
1889 онд Францын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийн үзэсгэлэн”-г Парис хотод зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд зориулан Густав Эффель гэх хүн энэ цамхгийг бүтээжээ. Тухайн үеийн олон сая хүний сонирхлыг татсан уг бүтээлийг эхний зургаан сарын хугацаанд 2 сая гаруй хүн үзэж, жилийн дотор нийт зардлынхаа дөрөвний гурвыг нь нөхсөн байна. Ашиглалтад орсноос хойш 20 жилийн дараа хотын төвөөс буулгах төлөвлөгөөтэй байсан уг барилга нь эртний архитектуртай Парис хотын зүс царайг алдагдуулж байна гэж олон хүн шүүмжилж, хэд хэдэн удаа нураах шийдвэр гаргаж байсан ч өнөөг хүртэл оршин тогтнож чадсан нэг шалтгаан нь 1906 онд анх удаа радио станцыг батлан хамгаалахын зориулалтаар өндөр цамхаг дээр байрлуулж, ашиглаж эхэлсэнтэй холбоотой аж.
Өнөө цагийн Парис хотын гол билэг тэмдэг болсон уг барилга руу ойртох тусам тэрээр улам үзэсгэлэнтэй харагдаж, Францчуудын урлаг, гоо сайханд ханддаг байдал, ирсэн очсон зочин бүрийн эмоцийг хөдөлгөж чаддаг авьяасыг нь би гайхан биширч байлаа.
Эффель рүү дөхөж ирэх үед цамхгийн бүх ханаар олон мянган одод шиг гэрэл ямар ч дараалалгүй, замбараагүй мэт цацарч, миний гайхширлыг эцэст нь тулгав.
Би өөрийн эрхгүй пөөх, пөөх, пөөх гээд л зогсоод байлаа.
Даахад бэрх хүнд үүргэвчээ газарт тавих ухаангүй дээш харж, гэрэл цацарч дуустал нь зогслоо. Эргэн тойронд гадаад дотоодын олон жуулчид болж буй үйл явдлыг харж бишрэн, өөрийн хальсандаа буулгаж байсан бөгөөд томоос том үүргэвч үүрэн гайхамшигт бүтээлийг үзэх гэж зам дээрээс шууд ирсэн ганц хүн нь би байлаа. Франц Улс дэлхийн хамгийн олон жуулчин хүлээж авдаг улс, тэгвэл Эффелийн цамхаг тэдгээр жуулчдын хэдэн хувийг илбэдэн дууддаг бол оо?
Монгол уламжлалт сайхан соёлтой ч жуулчдад үзүүлж, хойч үедээ үлдээж болох урлагийн ямар бүтээл, барилга байгууламж байдаг билээ? гэж би бодлоо. Ийм бүтээл нь Хархорин мөн боловч 1970-аад онд шинэчлэн барьсан тул түүхэн бүтээл болтол дахиад 100-гаад жил хэрэгтэй. Урлагийн хамгийн гайхамшигт бүтээл гэж бид бахархан ярьдаг. Гэтэл Өмнөд Азийн Буддын шашны барилгын дурсгалуудыг хүндлэхээс аргагүй. Бид Пирамид, Эффель, Улаан Талбай шиг гайхамшигт бүтээл хийвэл манай хойч үеийн бахархал болж, жуулчлалаар эдийн засгаа тэтгээд байж болох юм шиг санагдлаа.
Би хурдхан дээшээ гарахын хүсэлд автаж, олон хүн оочирлож зогссон үүдэн дээр нь очиж хүлээгээд, 8 евро төлж дотогш орлоо. Зогсолтгүй шахуу энэ олон мянган жуулчид оочирлоод мөнгө төлж байгааг хараад Эффелийн цамхаг өдөртөө олж буй орлогоороо манай Эрдэнэттэй зүйрлэхээр байна даа гэж бодогдлоо. Ашиглалтад орсон цагаасаа хойш 200 гаруй сая хүн нэвтэрсэн гээд байгаа юм даа.
Үүдэнд тасалбараа автал хамгаалалтынхан намайг сонирхон шалгаж эхэллээ. Нэг их том үүргэвчтэй залуу яах гэж дээшээ гарах гэж байгаа нь сонин байсан байж таараа. Европ, Америкт терроризмын айдас ихтэй тул шалгалт гэдэг зүйлд байнга бэлэн байх ёстой гэдгийг мэдэж байсан тул рентген шалгагчид том цүнхээ оруулаад, биеэ төмөр шалгагчаар сайтар шалгуулж дотогш орлоо.
Үнэхээр эдийн засгаа тэтгэдэг хамгийн чухал байгууламжаа ингэж хамгаалахаас өөр яах билээ дээ. Аз болж би Ази царайтай байсан тул гайгүй өнгөрөв. Араб байсан бол Эффель рүү дөхөх үед автомат буу барьсан цэрэг хувцастай хамгаалалтын хүмүүс миний том цүнхнээс болж энэ бүсэд ойртуулахгүй байсан биз.
Цахилгаан шатаар дээрээс бууж ирсэн хүмүүсийг эсрэг талын хаалгаар гарахыг нь хүлээж байгаад эгц дээшээ бус, баруун дээш өгсдөг хуучны гэмээр цахилгаан шатанд суулаа. Цахилгаан шатанд үйлчилдэг ажилчид нь хоорондоо орос хэлээр яриад байсан нь сонин санагдав. Яагаад Эффелийн цамхаг дээр тийм олон Орос хүмүүс ажилладаг юм бол оо?
2-р давхарт нь гарлаа. Дахиад дээшилмээр байвал мөнгө нэмж төлөх ёстой. Энэ удаа анхлан үзээд, дараагийн удаа амрахаар ирэхдээ тухтай үзэхээр шийдлээ. Тус давхарт нь байрлах ресторанд нь хооллох төсөв байгаагүй ч музейг сонирхон үзлээ. Хүн үсэрч амиа хорлохоос сэргийлсэн, гар багтах төдий зайтай төмөр тор нүдний өмнө харагдаад байсныг эс тооцвол 60 метрийн өндрөөс шөнийн Парис хот үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Энэ хотод төрж өссөн хүмүүс азтай байдаг байх аа. Хүмүүс нь өөрийнхөөрөө, тайван чөлөөтэй байж чаддаг. Тоос шороо гэж байхгүй, ногоон байгууламж ихтэй, барилга байшингууд нь зохион байгуулалт, бодлого сайтай.
84 давхар байшингийн өндөртэй Эффелийн цамхгийг холоос харагдуулахын тулд хажуу хавьд нь өндөр барилга барихыг хотын удирдлага хориглосон байдаг ажээ. Барилга байгууламжийн соёл маш олон жилийн түүхэн уламжлалтай тул шинээр барих гэж буй байгууламж гоо сайхан, өнгө үзэмж, хамгийн гол нь бусад орчинтойгоо зохицож байгааг тусгай хянадаг байгууллагаар шалгуулдаг ажээ. Хуучны түүхийн дурсгалт байшингуудын хажууд үзэмжгүй тоосгон барилга, орчин үеийн шилэн барилга ч бариулахгүй гэсэн үг! Бид хотын соёлын талаар өөрсдөө туршиж үзэх бус эдгээр өндөр хөгжсөн улсуудын алдаа онооноос суралцмаар ч юм шиг санагдах юм.
Төмрийн цуглуулга гэж зарим нь хэлдэг Эффелийн гайхамшигт цамхаг хотын төвд 100 жилийн өмнө босож байхад их тэмцэл, дургүйцэлтэй тулгарч байсан нь түүх, уламжлалаа хүндэтгэдэг францчуудын хувьд аргагүй болов уу.
Олон давхар орон сууцнууд өөрийн тагт, ханаа янз бүрээр будаж эхэлснээс хойш Улаанбаатарын барилгууд алаг эрээн болсон. Хотын архитектурын ямар ч мэдлэггүй хүмүүсийг ийм албан тушаалд тавьж эхэлсэн цагаас ямар муу үр дүн гарсныг дэлхийн улс орны архитектурын сургуулиудад жишээ болгон манай Улаанбаатарыг үзүүлж мэдэх юм.
Ийнхүү цамхгийн гайхамшгийг мэдрээд, дараагийн удаа хэн нэгэнтэй Парист ирэхдээ үзэх юм үлдээхээр шийдлээ.
Цамхгаас буугаад Монголын Элчин сайдын яаманд хэрхэн хүрэх тухай бодлоо. Берлинд байхад Монголын Элчин сайд Ганбаатар гуай Франц дахь Элчин сайдын яам руу миний дэлхийг тойрч буй аяллын талаар мэдэгдээд намайг очихыг хэлчихнэ гэсэн тул санаа зовохгүй байлаа.
Европын хотуудад буухдаа том зочид буудлын хүлээн авахаас хотынх нь газрын зургийг лавлан авч болдог ч энэ удаа харанхуйд хотод буусан тул газрын зураг олж чадалгүй ойр харагдсан цагдаагийн газар луу орлоо.
Монголын Элчин сайдын яам хаана байрладаг талаар асуутал нэг цагдаа: “Би мэднэ, жаахан хүлээвэл бид чамайг тэнд хүргээд өгье” гэлээ. Бөөн аз! Цагдаагаар хүргүүлэхээр боллоо. Ийнхүү бага зэрэг хүлээгээд 2 цагдаа намайг Элчин сайдын яаман дээр хүргэж өгөхөөр боллоо. Машиндаа суугаад хаалгаа хаахад 6 еврогоос тоолуур нь эхэлдэг дэлхийн хэмжээний үнэтэй том хотод хол газар такси авах тухай бодолтгүй.
Би арын суудал дээр суух үедээ “Амьдралдаа анх удаа цагдаагийн албаны машинд сууж байгаа юм байна” гэж бодлоо. Аяллынхаа турш хөлөглөсөн бүх тээврийн хэрэгслүүдийн талаар бичиж, зургийг нь дарж байгаа бөгөөд цагдаагийн машины ард сууж явах ямар байснаа сүүлд хуваалцана аа.
Шөнийн Парис хотыг цагдаагийн машины цонхоор харж явах сонирхолтой байв. Нэг гудамж руу эргэтэл замын дагуу зогсож байсан богино банзал өмссөн олон охид пэрр хийгээд зугтаж байгаа харагдлаа. “Нээрээ би цагдаагийн машинд байгаа шүү дээ”. Машин барьж байсан цагдаа маш муу англи хэлээр -Чи эдгээрийг авч болохгүй шүү! -Хүүхнүүдийг үү? гэсэн чинь -Чамд л тэгж харагдаж байгаа юм! гээд тэр хоёр инээлдэж, нэг цагдаа нь ямар нэг зүйлийг тэдэн рүү цонхоор хашгирч хэллээ.
Франц улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны үүдэн дээр бид удалгүй ирлээ. Би ачаанаас нь цүнхээ аваад хаалганы хонхыг дарах үедээ цагдаа нарт “Та нарт баярлалаа, зургаа даруулъя!” гэж гуйгаад гараа хол барьж байгаад зураг дарлаа. Үүд нээгдээгүй байсан бөгөөд “Та хоёр явмаар байвал явахгүй юу даа” гэхэд “Зүгээр ээ, чамайг оруулж, аюулгүй байгааг чинь мэдээд бид хөдөлье” гэж хариулав. Машины дээрх улаан, цэнхэр гэрэл асаж унтарсан хэвээр…
Хаалганы хонхыг хоёр гурав дарсны дараа “Хэн бэ?” гэсэн монгол хүн сонсогдлоо. -Сайн байна уу? Би Дэлхийг тойрч яваа Амай гэж хүн байна. Намайг ирнэ гэж та нарт мэдэгдсэн байх ёстой гэтэл -Мэдэхгүй, одоо очлоо, байж бай гэх сонсогдов.
Францад байгаа Монголын цагаачид болон хууль бусаар ажилладаг хүмүүс архидалт, хулгай, бас зодооны хэргээр олноороо баривчлагдаж, Элчин сайдын яамныхны чихэнд байнга хонх уяж, сандраадаг гэсэн. Элчин сайдын яамны үүдэн дээр 2 цагдаагийн хамт намайг ирэхэд тэд баярлаагүй нь ойлгомжтой.
Хаалганы цаана чимээ сонссон цагдаа нар машиндаа суугаад хөдөллөө. Хэсэг хугацааны дараа нэгэн хүн хаалга тайлж намайг юу хийж байгааг асуух үед дэлхийг тойрч байгаагаа тайлбарлаад маргааш өглөө Элчин сайдтай уулзах хүсэлтэйгээ хэллээ. Тэрээр: -Элчин сайд байхгүй байгаа, маргаашаас ирнэ. -Нэгэнт оройтсон байгаа юм чинь би энд өртөөлөх боломж байна уу? -Паспортоо өг дөө гээд намайг дагуулж дотогш орлоо. Гал тогооны өрөөндөө намайг орхиод Америк, Япон, Европын визтэй паспортыг авч цааш орлоо. “За за, өнөөдөртөө чи энд унтчих, маргааш консултай уулз” гээд Элчин сайдын яамны гал тогоонд эвхдэг ор, гудас авчирч өглөө. Монгол гэрийг эс тооцвол гал тогооны өрөөнд унтаж байсан удаа үгүй тул “унтсан газрууд” гэдэг зургийн цуглуулгадаа эвхдэг ороо орууллаа.
Аяллаа эхлэх үеэс гадаадад байгаа Монголын бүх элчин сайдын яаманд өртөөлж, тэдгээрийн тухай бичих төлөвлөгөөтэй байгаа юм. Харамсалтай нь Москва дахь Элчин сайдын яамтай холбогдох үед байнга бизнес ярьж очдог Монголчуудаасаа залхсан тэд намайг авч хэлэлцээгүй юм.
Би унтлагын уутаа дэлгээд, маш их өлссөн байсан тул шидэт борцтой шөлнөөсөө хийж идэхээр шийдлээ. Хаалга тайлж өгсөн хүн Элчин сайдын яамны жолооч байсан бөгөөд гэртээ орохдоо Амай гэж залуу дэлхийг тойрч байгаа гэж хэлсэн бололтой. Хэдэн минутын дараа түүний охин над дээр ирж “Та Амай юм уу? Би таны “Би чамд хайртай” дуунд дуртай шүү, Та цай уух уу?” гээд дүрдэг цай, элсэн чихэр авчирлаа.
Би хоолоо идчихээд гал тогооны өрөөнд Эффелийн цамхаг үзсэн сэтгэгдлээ бодож байгаад унтчихлаа.
Венец хотод байхдаа Парис болон Милан хотуудын зурагтай CD-гээ гээсэн тул эдгээр сэдвүүдээр зураг хомс байгааг хэлье. Парис хотод дахин нэг айлчилж, гээсэн зургуудаа нөхөж авна аа.

DSCN8363

2006 оны 01 сарын 11.

Монгол Бадарчин 1-р аян. 8 дахь улс.

Франц улсын Леон хот.

Франц улсын Сэнт Этиен, Леон хотуудад хэд хоноод, нийслэл Парис хотыг нь “дайлахаар” шийдлээ. Найз Гарспар нийслэл ордог хурдны замын уулзвар дээр гаргаж өгөөд, би замын унаагаар Парис явахаар болов. Хурдны зам дээр зогсвол зуугаас дээш км цагийн хурдтай яваа машинд миний царай замхарч бас хурдны зам дээр унаа зогсоох хориотой байдаг тул хурдны замын төлбөр төлдөг газар луу эхний машинаар хүргүүллээ.

Continue reading “МӨРӨӨДЛИЙН ЭФФЕЛЬ”

РЮУ АЛЬ ЗҮГТ БАЙДАГ ВЭ?

20090214-IMG_6722

2006 оны 01 сарын 09.

Монгол Бадарчин 1-р аян. 8 дахь төр.

Бүгд Найрамдах Франц улсын Леон хот.

Хүн хичнээн хашир байя гэж бодсон ч гэнэдэх, инээдтэй байдалд орох тохиолдол бас байх ажээ.

Аяллын явцад шинэ улс орон, өөр соёлтой танилцах үед янз бүрийн хөгтэй явдал байнга тохиолддог бөгөөд тийм нэгэн тохиолдлыг бичихээр шийдлээ.

Францын Леон хотод найз Гаспардынд ирээд, үдэш нь гадагш гарахаар шийдэж хэлний бэрхшээлээ нимгэлэхийн тул Гаспардыг хамт явахыг гуйлаа. Гэвч найз маань маш их ажилтай байсан тул би ганцаараа явахаар болов. Гаспардын гэр Леон хотын төвөөс холгүй учраас такси унаа гэлтгүй явган явж болохоор байв.

Continue reading “РЮУ АЛЬ ЗҮГТ БАЙДАГ ВЭ?”

Бэрлин хотын Моонголчуудын шинэ оны баярын фото цуглуулга

Берлин дэх Монголын элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа шинэ жилийн үйл ажиллагаанд оролцов. Маш олон Монголчууд цугларсан. Олон сайхан үйл явдлаар дүүрэн шинэ жил болсон доо… Continue reading “Бэрлин хотын Моонголчуудын шинэ оны баярын фото цуглуулга”

ЧИ ТЭР АЗИ ЗАЛУУГ ТАНИХ УУ?

20051202-DSCN1957

2005 оны 12 сарын 05

Монгол Бадарчин 1-р аян. 5 дахь төр.

Данийн вант улс, Копенгаген нийслэл

Копенгаген хотод ирсний маргааш шөнийн амьдралыг нь сонирхох хүсэл төрлөө.

Шинэ улс орны иргэдийнх нь бодит төрхийг үзье гэвэл бар, цэнгээний газраар нь зочил.

Нэгэн бааранд ганцаараа сууж байхдаа хүмүүстэй яаж хурдан танилцаж болох вэ? гэж бодон, нэгэн аргыг туршихаар шийдлээ. Баарны нөгөө талд халамцуу хэдэн залуус байхлээр нэгэн дээр нь очоод “Hey, whats up?” Хөөе юу байна аа? хэмээн нүд рүү нь харж, инээмсэглэн хэллээ. Тэрээр над руу харахад би үнэхээр хуучны танилтайгаа уулзсан мэт байсан тул хариуд “юмгүй, чамаар юу байна даа” гэснээ “уулзалгүй удлаа шүү” гэж нэмж хэлэв. Харцанд нь “Би энэ залууг яаж таньдаг билээ?” гэсэн бодол эргэлдсээр. Миний зүгээс өөртөө маш итгэлтэй байсан тул тэрээр эргэлзээгээ орхилоо. Ийнхүү удаан уулзаагүй найзууд шиг гар барилцаж тэврэлдээд, бусад найзууд нь бас намайг таньдаг юм шиг царайлж “юу байна” гэж мэндэлцгээв. Continue reading “ЧИ ТЭР АЗИ ЗАЛУУГ ТАНИХ УУ?”

СНУЗ БУЮУ ЗӨВШӨӨРӨГДСӨН “ХАЧИН ТАМХИ”

Snus

2007 оны 10 сарын 10.

Монгол Бадарчин 1-р аян. 4 дахь төр.

Шведийн вант улс, Арбога суурин.

“SNUS” (СНУЗ) гэдэг нь Шведийн тамхины нэг төрөл юм. Түүнийг татдаггүй бөгөөд амандаа хийж шүүсийг нь залгиад никотин гэх татдаг тамхинд байдаг бодисыг уушгаараа бус ходоодоороо шингээдэг ажээ.

Швед, Норвеги, Дани болон дэлхийн зарим улсуудад хуулиар зөвшөөрөгдсөн зүйл. Харин Европын бусад орнууд үүнийг МАБО (Мансууруулах Бодис) гэж үзэн Европын холбоогоор Шведэд хориг тавиулахыг хичээж байгаа юм. Швед улс “Голланд улс өвсний болон зарим химийн төрлийн МАБО-г хуулиараа зөвшөөрөн чөлөөтэй борлуулж, жуулчлал хөгжүүлж байхад бидний уламжлалт соёл хэнд гай болоод байгаа юм?” гэсэн хариу бариад сууж байгаа гэнэ. СНУЗ нь никотин гэх бодисыг өндөр хэмжээгээр агуулсан зүйл юм. Швед улсын тамхины дэлгүүрүүдэд чөлөөтэй борлуулдаг энэ зүйлд их хэмжээний никотин байдаг тул донтох явдал элбэг.

Continue reading “СНУЗ БУЮУ ЗӨВШӨӨРӨГДСӨН “ХАЧИН ТАМХИ””

ШВЕДЭД ПААТИДСАН НЬ

2005 ОНЫ 11 САРЫН 26.

МОНГОЛ БАДАРЧИН 1-Р АЯН. 4 ДАХЬ ТӨР.

ШВЕДИЙН ВАНТ УЛС, АРБОГА ХОТ.

Монголд хамт ажиллаж байсан Ханнагийн урилгаар Шведийн жижиг хот Арбогад хэд хонолоо. Цөөхөн хүн амтай цэвэрхэн тохижсон хот байсан нь аятайхан санагдана.

Залуу хүн болохоор хамт паатидах санал тавихад тэрээр:

-Энэ жижиг хотод, тийм ч олон залуус байхгүй. Ихэнх нь том хот руу явсан. Баасан гарагийн орой үдэшлэг болно, тийшээ хамт явъя гэв. Гадагш гарахыг хүсэж байсан би баасан гарагийг арай гэж хүлээв.

Хотын төвд нэгэн баар байна. Таксны 10 еврог төлөөд ороход дүүрэн залуус, бүгд шал согтуу. Юун манай архидалт. Нөгөө тайван жижиг хот гэж хэлэхээргүй. Баруун, зүүнгүй  согтсон, тасарсан гарууд. Continue reading “ШВЕДЭД ПААТИДСАН НЬ”