20051109-DSCN1075

2005 оны 11 сарын 9

Монгол Бадарчин 1-р аян. 1 дэх төр.

ОХУ, Мушгиа хот

Мушгиа хотод ирснийхээ маргааш нь багын дурсамжаа сэргээж, хойд хөршийнхөө нийслэлийн өөрчлөлт шинэчлэлийг сонирхохоор гэрээс гарлаа. Москвагийн газрын зураг, орос хэлнийхээ мэдлэгээр зэвсэглээд хамгийн сонирхолтой гэгдэх газруудаар явсаар нэг мэдэхэд учиргүй өлссөн байв. Дэлхийн олонх том хотод байдаг МакДональдс түргэн хоолны газар орж ходоодоо баярлуулах зуураа дулаан орчинд тухтай сууж, үзэх ёстой дараагийн газруудын байрлал, метроны буудлыг тогтоохоор шийдэв.

Хоолоо захиалчхаад, газрын зургаа нээгээд суулаа.

Хоёр жилийн өмнө ирэхдээ үзэж харсан бүх сонирхолтой газруудынхаа хаягийг тодорхойлж авав.

Анхаарлаа ажилдаа төвлөрүүлэн байтал хоёр охин гаднаас орж ирээд миний баруун талд өөд өөдөөсөө харан суулаа. Түргэн хоолны газар болохоор сул зай байвал хөндлөнгийн хүмүүс нийлж сууж болдог юм. Ядарсан, ходоод хоржигнон бас газрын зурагтайгаа ноцолдож байсан тул тэднийг анхаарсангүй. Хоёр хөрш хоолоо идэнгээ амьдралынхаа бүх зүйлийг ярьж, цайныхаа цагийг тун ч үр дүнтэйгээр өнгөрөөж байв. Тэднийг ярьж суухад би огт ажиггүй байсан болохоор намайг орос хэл цэвэр мэддэг гэж бодоогүй байх.mongol badarchin books

Цэцэрлэгээсээ эхлээд 5-р анги хүртлээ зөвлөлт сургуульд сурч, цагаан толгойгоо хүртэл кирилл оросоор эхэлсэн хүн тэр хоёрын ярьж буй зүйлийг ойлгохгүй байна гэж юу байхав.

Орос хэл ойлгодоггүй жуулчны хажууд юугаа ч ярьсан яахав гэж бодон тэр хоёр хувийн амьдралын онцлог тал, тэр болгон хүнд ярьдаггүй зүйлүүдээ хүртэл хуучилж гарлаа. Найз залуу, секс, хов жив, хэрүүл маргаан гээд ярихгүй юм алга. Би газрын зургаа харсан хэвээр, харин хоёр дэлдэн минь баруун талд өрнөж буй яриаг сонссоор.

Ширээний нөгөө талд сууж байсан охин ярианыхаа сэдвийг над руу чиглүүлж, -хүүе, хажууд чинь сууж байгаа гадаад залууг хараач? гэж миний тухай бодож буй зүйлсээ ярьсны дараа  -гутлыг нь хар даа, гайгүй загвартай юм байна гэв. Хагас жилийн өмнө Америкт байхдаа авсан нэлээд гоё загварын пүүз байсан тул хажууд суугаа охин түүнийг харах аргыг оллоо.

Сэрээгээ санаандгүй түлхэж унагаагаад доошоо тонгойв. Эмэгтэй хүнийг бүрэн ойлгож, бодол санааг нь урьдчилан таамаглах ямар сайхан юм бэ? гэсэн бодол энэ үед орж ирэв. – Хүүе! Хоёулаа энэ жуулчин залууг хошгируулах уу? гэж нэг нь хэллээ. (Давай раскрутим). Яагаад ч юм миний толгой дээр эвэр ургаж, хүний нүдэнд мал шиг харагдаад байгаа юм болов уу ч гэж бодогдлоо.

Тэр хоёр хоорондоо миний тухай ярьж байсан ч түүнийгээ мэдэгдүүлэхгүйн тулд шал өөр сэдэв хөндөж буй царай гаргасан хэвээр байв. Гэв гэнэт миний дургүй хүрч, юм хэлэхгүй бол өөрийгөө доромжлуулсан хэрэг болно гэж бодоод “Хэй девчонки! Вы думайте, что я незнаю русского языка? Кого хотите раскрутить? (Хүүе охидоо! Та хоёр намайг орос хэл мэдэхгүй гэж бодсон юм уу? Хэнийг хошгируулна гэнээ?) гээд л хэлчихлээ. Ямар ч гацаа байхгүй, акцент ч үгүй, зүүн өмнөд бүсийн ОХУ-ын иргэн шиг л товч тодорхой хэлсэнд хажууд сууж байсан охин мэлрэн, нүдэндээ итгэхгүй байгаа мэт харлаа. Юу ч мэдэхгүй “гадаад жуулчин” гэв гэнэт оросоор ярьсанд уу, эсвэл хэдэн минутын өмнө дотны найзтайгаа хамаг бүхнээ илэн далангүй бурснаа санасан уу, хацар нь улаан туяа татаад юу ч дуугарч чадсангүй.

Раскрутим гэдэг нь хошгируулж байгаад элдэв зүйл дэлгүүрээс авахуулж, мөнгөөр шатаах, сэгсрэх гэсэн утгатай.

2002 онд Гоёл наадмын хөгжим дээр ажиллаж байхад болсон үүнтэй адил хөгтэй явдал санаанд орлоо. Арга хэмжээний дараа Сөүл ресторанд хүлээн авалт болсон бөгөөд тухайн жилийн наадамд ОХУ-аас орос таван загвар өмсөгч охин зочноор ирсэн байв. Босоо хүлээн авалтын зааланд тэдэн дээр очих аавын хүү байхгүйг анзаараад би эрэгтэй загвар өмсөгч найзтайгаа нэгэн шоглоом хийхээр шийдлээ.  “За хоёулаа тэдэн дээр очъё, тэгээд би монголоор яриад, хэлсэн зүйлийг чи оросоор орчуулаарай! Тэгээд бага зэрэг ярьж байгаад чи ажил гарлаа гээд намайг орхиод яваарай” гэж би түүнд хэлэв. Тохирсон ёсоор бид хоёр тэдэн дээр очиж танилцав. Найз маань миний хэлж буйг оросоор орчуулж эхэлсэн бөгөөд найзынхаа орос хэлийг ийм муу гэж бодоогүй байсан юм.

Яг л “Сэрэлт” кино шиг.

Тэрээр намайг продюссер гэж танилцуулаад удалгүй түр яваад ирье гэлээ. Би гэнэн царайлж юу ч ойлгохгүй байгаа мэт дүр эсгэв. Таван охин намайг хажууд нь байгааг үл тоомсорлон хоорондоо миний тухай болон Монгол залуучуудын талаар ярьж гарлаа.

Инээж болохгүй шүү! Муухай юм бодоорой, одоо аймаар юм бодоорой! гэж дотроо өөрийгөө хянан байж, хөмхийгөө зуун тэссэн бөгөөд энэ маягаар удаан байж болохгүйг ойлгосон тул англиар уучлалт хүсээд тэднээс холдохоор шийдэж билээ. Хэрвээ тэд намайг оросоор сайн ярьдгийг мэдэх юм бол эмэгтэйчүүдийн нууцыг задруулагч гэдэг ангилалд оруулж агнах байсан биз ээ.

Харин энэ удаа Москвад би тэсэлгүй бодож буйгаа хэлж орхисон нь энэ. Надад ичээд байх зүйл үгүй, тэдэнд миний өмнө өндөр хана бариад байх давуу тал байхгүй болсон тул бид илэн далангүй сайн танилцаж авлаа.

20051109-DSCN1103

Хэдийгээр Монгол хэлэнд дотуур тамиртай гэдэг нь муу санаатай гэдэгтэй адил утгатай ойлгогддог ч энэ хоёр үг өөр утгатай. Муу санаа гэдэг нь юмыг дандаа болохгүй, бүтэхгүй талаас нь бодохыг, харин дотуур тамиртай гэдэг нь бусдад өөрийн сул талаа мэдрүүлэхгүй байхыг хэлж байгаа болов уу.

Хүн өөрийнхөө бодлоо хэт нээлттэй байлгах юм бол хөндлөнгийн хүнд амархан уншигдаж, улмаар ашиглагдаж болно гэдгийг хэлэх гэж л энэ жишээг бичиж үлдээлээ.

Хэрвээ улс үндэстэн дотуур тамиргүй, өөрөөр хэлбэл хар хайрцгийн бодлогогүй, ямар ч нууцгүй байх юм бол гадныханд бүрэн уншигдаж, улмаар эрхшээлд нь орж, 3-р зэргийн амьдралыг эдэлдэг хатуу сургамж бидний түүхэнд тохиолдоод байгаа билээ.

Хүнд бодлоо уншуулах аюултай!

Явсан хүнээс үг сонс 2

1 person has left a comment

#1

ain
who are you

prisoner 627 wrote on 2012/02/03 - 14:50
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.