post Категори: Аян замын тэмдэглэл post Сэтгэгдэл (0) post2011/01/25 | 3,620 Үзсэн

2011 оны 1-р сарын 14.

Дундад улс Бээжин хот.

Хуучнаа үгүйсгэж шинэ бий болдог дүрэм дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд хоёр байна. Ихэнх соёл иргэншлүүд өмнөх түүх алдаа оноогоо судлаж ирээдүйдээ ашиглахыг хичээж байна. Одоогийн ядуу эсвэл хөгжил буурай гэх улсууд л өмнөхөө устгаад шинийг хов хоосноос бүтээхийг эрмэлзэж байна.

Бид чонын удам гэж ярьдаг нь нийгмийн хөгжлийн түүхээс харагддаг билээ. Сүргийг манлайлах шинэ хүчирхэг чоно нас бие гүйцхээрээ хөгшин чоны хоолойг нь багалзуурдаж, улмаар түүний үр удмыг хүйс тэмтэрдэг билээ. Зөвхөн чоно ч биш бүх сүргээрээ амьдардаг араатангууд тэгдэг юм шиг санагдсан.

Бид үнэхээр чоно гаралтай гэж байгаа юм бол түүний зөн совин үйлдлийг судлаж сайн талыг нь авч мууг нь гээх ёстой шүүдээ! Сүргээрээ баг болж байж л тоогоо өсгөж ан гөрөөгөө амжилттай хийдэг чанар бидэнд байхгүй болоод удаж байна. Харин Гоо марал буюу зээрийн ураг давамгайлж буй нь дайсан араатан ирэх үед бусдынхаа өмнүүр гүйж өөрөө амьд үлдэж байвал бусад нь яахав гэсэн бодолтой байдаг чанар өнөөгийн нийгмийн амьд үлдэх цорын ганц арга болсоноос харж болно.

Байгальд байдаггүй, шинж чанарыг нь төсөөлж болохгүй Луу гэдэг амьтнаар өөрсдийгөө илэрхийлдэг өмнөд хөршийн хувьд бүх зүйл тэс өөр байгаа нь амьдралынхаа хугацаанд таарсан Жунгаа хүмүүс болон Дундад улсын байдлаас анзаарсан юм. Зөвхөн бид ч бус дэлхий дахин тэр чигээрээ хоёр чихээ соотойлгон яахаа мэдэхгүй байна. Нисдэг л гэх юм, гүйж ч байх юм, байгалийн жам ёсонд тохирохгүй химийн урвал болох Гал гэдэг аюулыг амнаасаа гаргадаг л гэх юм. Чонын сүргийнхэн шиг чоно болгон ахлагчаа сулрах үед байрыг нь эзэлж магад гэж мөрөөддөггүй. Иргэн болгон нь тухайн гайхамшигт гэх Лууны арьс бус хайрсных нь нэг ширхэг гэж итгэх юм.

Ийм том хоёр эртний соёл иргэншил нэг дор хиллэж буйг аяллынхаа туршид харсангүй. Гэхдээ чонын сүргийн хоол нь багассан тул бие биенээ барьж идсээр байгалийн эволюцын хуулинд нэр төдий л үлдэх болоод байна.

Энэ сэдвийг хөндөх болсон шалтгаанруугаа эргэн оръё.

Монголын түүхэн дахь шинэ нийгмийг байгуулахын тулд өмнөх нийгмээ байдгаар нь муулж сайн мууг хамтад нь үгүйсгэдэг соёл хэзээнээс бий болвоо? гэдэг асуулт түүхэн тэмдэглэлүүдээс олж болох байх, даан ч ганцаараа болохоор амьдралын бүх зүйлийг мэдэх гэж зүтгэх хугацаа үгүй байна. Гэтэл бид чинь өвөг дээдэс соёл ёс заншилаа хүндэлж төр бурхнаа дээдэлдэг гэж итгэхгүй мөртлөө яриад байх юм.

Соц нийгэмд амьдарч байсан хүмүүсээс – Амьдрал тийм муу байсан юм уу? гэж асуух юм бол янз бүрээр хариулах ч хүмүүс нийтээрээ амар тайван стресс гэдэг зүйлгүй амьдарч байсан гэж хариулах болов уу. Гэхдээ маш хатуу харуултай үл үзэгдэх төмөр торонд.

Өнгөрсөн зууны хориод оны үед феодалын гэх нийгмийг жигшээд социалист нийгэм бүтээн байгуулна гэж байхдаа бас л өмнөх нийгмээ байдгаар нь үгүйсгэсэн.

Энэ л алдаа биднийг тогтвортой хөгжих, байр сууриа эзэлхэд саад болоод байгаа мэт.

Насан туршдаа муу явсан хүнд хүртэл амьдралаас олж авсан туршлага гэдэг зүйл байгаа шүүдээ! Түүнийг нь туулж алдаа гаргахгүй, сургамж болгон ашигласан хүн сайхан амьдардаг юм байна гэдэг зүйлийг дэлхийн хөгжлийн нууцыг хайж явахдаа ойлгосон юм.

Соц нийгэмд алдаатай оноотой зүйл аль аль нь байсан бөгөөд, нүүдэлчин сэтгэлгээтэй хүмүүсийг нийтээр номын мөр хөөлгөж оюун ухааныг нь дэлхийн төвшинд хүргэх төрийн бодлого явуулж байхдаа нэг зүйлийг ойлгосон. Тэр үеийн удирдлагууд оюуны ажил, биеийн хүчний ажил хоёрын ялгааг олж мэдсэн.

Тээр нэг өдөр аавын номын санг ухаж байгаад Хөдөлмөрийн Онол гэж ном олоод хальт харах үед нийгмийг хэрхэн зөв зохион байгуулах тухай маш сонирхолтой нийгэм судлалын жишээнүүдийг төлөвлөгөө болгон боловсруулсан байсныг саяхнаас л ойлголоо.

Хэдийгээр хүн төрөлхтөн, улс орнуудын нийгэм маш олон бүлэгтэй ч Монголд бий болоод байгаа нь Мөнгө ба Эрх мэдэл. Энэ хоёр уулын орой руу бүгд гэлдэрч, чадахгүй нэг нь хальтарч унаж амьдралаа алдаад байх шиг сэтгэгдэл Монголд ирсэнээс хойш харлаа. Өмнө ийм байгаагүй гэж хэлэхгүй, тухайн үед өөрөө анзаарахгүй дээшээ гүйж байснаас болов уу.

Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүх, нууцыг хайж явхад нэг л зүйл ойлгомжтой байсан. Улс өөрийн боловсон хүчин тэр дотроо оюуны сэхээтний бүлгийг тусгайлан анхааран халамжилж сайн ашиглаж чадах юм бол хөгжил гэдэг хурдан ирэхээс гадна нийгэмд буй олон асуудал бэрхшээлүүдийг шийдэж болдог юм байна.

Юм болгон өөрийн онолтой. Түүн дээр амьдрал, санаандгүй тохиолдол, бурхан гэдэг зүйлүүдтэй хамт нэмээд нэг томъёонд оруулж бодох юм бол цаг хугацааг урьдчилан харж тооцоолж болно.

Соц үед Европоос Орос улс руу улмаар Зөвлөлт холбоот улс руу тэгээд Монголын амьдрал руу орж ирсэн маш олон зүйлүүдийг нийгэмшүүлэх дасгах хөгжүүлэх гэдэг чухал ажлыг хийсэн хүмүүсийг би шүтэж байна. Гагцхүү тэмцэлгүй тайван орчинд өссөн дараагийн үе эрч хүчээ алдаж онолоос татгалзаж хэт их практик руу орсон. Махчилсан.

Оюуны ажил хийдэг хүний зөвхөн өөртөө бус нийгэмд хийж буй ажлыг нь үнэлж амьдралын баталгаа бас оюунаа амраах бүх бололцоог нь хангаж байсан нь тухайн ажлын ач холбогдлыг ойлгож байсных болов уу.

Өнөөдрийн бичлэгийн нэр нь англиар REHAB гэх бөгөөд Монголоор оюуны амралтын газар гэж орчуулж болох юм. Оюуны ажил биенийхээс маш өөр гэдгийг би саяны хэдэн сард ойлголоо. Өмнө урлагийн буюу сэтгэлийн ажил хийдэг байхад бий болж байсан бэрхшээлүүд оюуны салбарт хөл тавьснаас хойш адил давтагдаж байсан бөгөөд гарц нь оюуны амралт юм байна гэдгийг ойлголоо.

Биеийн хүчний ажил хийдэг эсвэл нэгэн хэмийн ажил хийдэг хүний ажлын 8 цаг дуусмагц гэртээ ирээд тэс өөр зүйлд анхаарлаа хандуулж, шөнө хүссэн цагтаа унтаж болдог бол оюуны болон сэтгэлийн ажил хийдэг хүмүүс ажлын цаг дуусаад гэртээ ирсэн ч гэсэн тархиа УНТАР! гэж тушааж чадахгүй тул байнгын оюуны их дарамтанд байдаг юм байна. Insomnia буюу Нойргүйдэл согтуурал стресс депресс гээд л сөрөг үр дагаварууд бас дагаж байна.

Манай архидалт гэдэг асуудлын түлхүүр бас энд байгаа юм!

Нүүдэлчид ихээр хот сууринлуу нүүж байсан эхний урсгалын үе буюу соц үед тэдгээр хүмүүсийн оюун санаа, амьдралын хэв маягт огцом өөрчлөлт орсоноос бухимдал стресс бий болж буйг харсан уу, урьдчилан таамгалсан уу, тухайн үеийн төр засаг их хэмжээний амралтын газрууд, ногоон байгууламжууд, ногоон бөгөөд соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байж билээ. Долоо хоног бүр ямарваа нэгэн соёл урлагийн арга хэмжээнд оролцуулж сэтгэлийг нь тайтгаруулж, ганцаардаж буйг нийгэмшүүлж, ядарч буйгий нь алжаалыг тайлж байсан. Нэгдсэн бодлого алдагдаж соц биш хувь хүн чиглэсэн нийгэм бий болох үед ТӨР ЗАСАГ бодлогоо умартан бас амиа бодож эхэлсэн билээ.

Хүн бүр нийгэмших албагүй, өөрийн гэсэн эрх чөлөөг сурталчилж буй ардчилсан нийгэмд төр нийгмийн бодлогоо алдаж болохгүй гэдэг хатуу сургамжийг бид сүүлийн 20 жил амсаад байгаа билээ.

Нэгэн жишээ: Зохиолын дууг үгүйсгээд байгаа шинэ урсгалынхан нийгэм судлалын хичээл сайн хийгээсэй гэж би бодож байна. Хамгийн орчин үеийн гэх транс урлагийг хөгжүүлж хүн амын 5 хүрэхгүй хувьтай ажиллаж байсан 2000 оны үед надаас 10 дахин их хүнд хүрч байсан зохиолын дуу гэх стилийг би хувьдаа хүндэлж дэмждэг байсан.

Хотод төрж, өссөн хүмүүс барууны поп, рок, хип хоп хөгжмийг хөгжлийн төвшин гэж тодорхойлж байсан боловч сэтгэл гэдэг зүйлд хөгжлийн төвшин ямар ч хамаагүй бөгөөд сэтгэлийг уужруулж, хөөргөж чадаж л байвал урлаг гэх зүйлийн үнэн чанар мөн билээ.

Хээр талд нийгэм санхүүгийн том дарамтгүй амьдарч байсан хүмүүс соц үед хотод орж ирээд амьдралаа бүтээх амар байсан, учир нь тухайн үеийн төр засаг бүх талын асуудлыг урьдчилан харж зохицуулж хийдэг байсан тул. Харин 90-ээд оны үед хот гэдэг араатан шинээр ирсэн хүмүүсийг өлөн мэт зажилж хүний адаг болгож байсан.

2000 оны зуд амьдралын эрхээр хот руу орж ирсэн хүний тоог хоромхон зуур хэд дахин нэмсэн тул нүүдэлчид суурингууд хамтран оршдог улсад нийгмийн зөрчилдөөн бий болсон. Нэг нь нөгөөхөө хөдөөнийх гэж дуудаж харин нөгөөх нь хариуд хүн чанаргүй гэсэн ангилалтайгаар харилцаж эхэлсэн. Уул нь үүсэл гарлаараа бид бүгд нь нүүдэлчидээс гаралтай юмсан.

Эрх чөлөөтэй, хоолны мөнгө, байрны түрээс бодохгүй амьдарч байсан хүмүүс гэв гэнэт метрээр хэмжин хашаанд байнгын санхүүгийн дарамттай амьдарч эхлэх үед юу болсоныг хүн бүр хөндлөнгөөс харж дүн шинжилгээ хийх ёстой билээ.

Гэр хорооллынхон, хөдөөнийхөн, ахмадууд гэж бүлгэлсэн байсан хүмүүс зохиолын дууг сонсож байсан нь тэдний хувьд сэтгэлийн REHAB нь болж байсан болов уу. Түүхэн бүх үедээ дайн дажинтай байсан нүүдэлчидийн хамтдаа суугаад сэтгэлээ нэгтгэдэг дуунуудын ихэнх нь уянгын ээжийг, эцгийг, байгаль дэлхийгээ магтаж дуулсан байгаа нь түүх судлал урлаг судлалын хүний хувьд маш сонирхолтой жишээ юм.

Гэтэл дайн дажин мэдэхгүй амар орчинд өссөн хүмүүс дайтах, тэмцэх хувьсгал гэж хуцаад байдаг. 2000 оноос 2005 оны хүртэл Монголын нийгмийн, тэр дотроо хотын хүн амын ихэнх хувийн хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулж, солиорлоос хамгаалж чадсан зохиолын дуучид гавьяатай билээ. Гагцхүү мэргэжлийн гэх шоу ертөнцөд мэргэжлийн бага үйл ажиллагаа, хотынхонд хүрэх чанартай бүтээл дутагдаж байснаас биш.

Sorry, comments are closed.