Dsc05676

2010.11.02 Утаанбаатар хот

Миний Монгол Бадарчин цуврал номны эхний боть болох Гайхамшигт Ертөнц ном хэвлэлтэнд ороход бэлэн боллоо. Редакторын ажлыг аав гүйцэтгэж, зөвлөхөөр оролцcон хүмүүcийн нэг нь Ү.Хүрэлбаатар ах байлаа. Миний “Би хэн бэ?” цомгийн “Эх орон” дууны үгийг зохиож өгч туcлаж байcан бол энэ удаа номны эх хувийг оюуныхаа шүүлтүүрээрээ оруулж дараах cэтгэгдлийг та бүхэнд зориуллаа.

ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАГЧ БУЮУ АМАЙН ТЭМДЭГЛЭЛИЙН УЧИР

Чарли Чаплины тоглосон кинонд утсаар ярьж буй нэгэн эмэгтэйн дүрс яах аргагүй байж байна. Гар утас бий болохоос хэдэн арван жилийн өмнө бүтээгдсэн кинонд ийм дүрс үлдсэн нь шуугиан дэгдээлээ. Нэг хэсэг нь шүд нь өвдсөн хүн хацар дээрээ мөс тавин явна гэхэд нөгөөх нь сүүлд энэ дүрсийг нэмсэн байх гэнэ. Гэвч түүний аль нь ч бус харин цаг хугацаагаар аялагч байх гэсэн таамаглал газар авч байна. Миний хувьд цаг хугацаагаар аялагч гэсэн таамаглалыг дэмжигч бөгөөд Амайн “Монгол бадарчин гайхамшигт ертөнц” номын анхны уншигч болж эх бичвэрийг үзэж суухдаа улам бүр итгэн үнэмшсэн билээ. Учир нь Жамбалсүрэнгийн Золбаяр буюу Амайн дэлхийг явган тойрсон зоригт аялал нь цаг хугацаагаар чөлөөтэй аялах  ер бусын сонин мэдрэмжийг төрүүлсэн юм. Ер нь хоёр саваа таягтай аль дивангарын бадарчин өнөөгийн интернетээр тэмдэглэл бичигч бадарчин хоёрын мөн чанар адилхан бөгөөд тэр нь цаг хугацааг эзэгнэгч, царцаагч, хөлөглөгч, хөтлөгч ер бусын чадвар юм.

Хүн төрөлхний түүх нэг л сонин урвуу хамааралтай болохыг Амайгийн тэмдэглэлээс олж харлаа. Хөгжил гэж юу болох, одоогийн дэлхий ертөнц ухарч явна уу, урагшилж явна уу, ер нь ингэхэд Амай маань Чарли Чаплины кинон дахь гар утастай хүн, бид чинь түүний хажуугаар зөрөгч энгийн хүмүүс биш биз гэх сонин бодол төрнө. Нэг их хөгжлийн замыг туулж өндөр түвшинд хүрээд харин одоо түүнээсээ бууж яваа ч юм шиг. Эсвэл нэгэнт туулсан замаараа дахин давхиж яваа ч юм шиг санагдана. Бид чинь одоо цаг дээр бус өнгөрсөн цагт амьдарч яваа юм биш биз. Яагаад ч юм ийм бодол сэтгэл эзэмдэнэ.

“Монгол бадарчин гайхамшигт ертөнц” ном юуг өгүүлнэ вэ? Орчин цагийн монгол бадарчин буюу Амайд тохиолдсон адал явдал уу, аль эсвэл Марко Поло шиг тухайн цаг үеийг цаасанд царцааж түүхийн баримт болгох үлдээх нь чухал байв уу. Миний бодлоор эдгээр нь түүний аян замын тэмдэглэлийн өнгөн тал нь бөгөөд үнэн чанар нь өнөөгийн хүн төрөлхтний соёл иргэншлийн тухай эргэцүүүлэл хэмээн бодно. Хорин хэдтэй монгол залуу зөвхөн гэр бүлийнхээ санхүүгийн дэмжлэгт дулдуйдан ертөнцийг танин мэдэхээр явж байна. Аялалынхаа явцад гучин настай золгосон энэ залуу алхам тутамдаа тохиолдох амь дүйсэн адал явдлаас монгол хүний дасан зохицох гайхамшигт чанарыг олж харж байна. Дайны гал дүрэлзсэн бүс нутаг, зэрлэг амьтан үүрлэсэн ойн гүнд үүргэвч үүрсэн монгол залуу зөн билиг, заяа тавилан, хийморь сүлдээ найдан танин мэдэхүйн аялал хийж явах нь орчин цагийн амьд домог юм. Түүнд “Энэ миний сүүлийн тэмдэглэл байж магад” гэх бодол олонтоо төрнө. Үхэл хажууд нь сүүдэр мэт дагана. Габон улсын Ндинди суурин хүртэл зэрлэг байгалийн дундуур явсан амь дүйсэн аялалын тэмдэглэлийг уншихад нуруу хүйт оргино. Зам дээр шоргоолжинд идэгдэх үхсэн загас түүнд муу совингийн дохио өгнө. Чийгтэй хөрсөнд нуруугаа нааж үхэл хүлээн хэвтэхдээ сүүлчийн мөчийг өнгөрөөсөн газрынхаа зургийг хальсанд үлдээхийг хүсч байна. Монгол хүний орчинтойгоо дасан зохицох чадвар, сийрэг ухаан, амьдралын төлөө тэмцэл нь түүнийг хөл дээр нь босгоно. Дараа нь амьд үлдэхэд дэм болсон 100 мл ус байсан саванд мөнгө тавьж залбирал үйлдээд  1, 5 литрийн усаа орхиод явж байна. Монгол хүн байгаль хоёр далд мэдрэмжийн гүнд хүйн холбоотойг эндээс харж болно. Үүнд л нүүдэлчин удмын үл тайлагдах нууц оршино.

Нүүдэлчин соёл иргэншлийн сэтгэлгээ, мэдрэмжийн түүхийг тэр мэдэхийг хүснэ. Тиймээс өнөө хэр тэр бүр сэтгэгдлээ бичиж үлдээдэггүй монгол залуучуудын монгол занг гайхна. Зааныг анх харсан монгол хүнд ямар мэдрэмж төрж байсан бол гэж тэр бодно. Тэр мэдрэмжийг өөрийнхөө мэдрэмжтэй харьцуулан үзэхийг хүснэ. Харамсалтай нь өмнөх үеийн монгол мэдрэмжийн тэмдэглэгээ байхгүй. Дусал ус амины үнэтэйг тэр мэдэх мөртлөө сүүлчийнхээ зоосыг шавхаж хаа тааралдсан газрын  интернэтэд сууж тэмдэглэлээ бичнэ. Тухайн үеийн сэрэл, мэдрэмж шиг нандин юм үгүй. Торгон агшинг тэр үед л тогтоон барьж цааснаа буулгахгүй бол урсаад л өнгөрнө. Хорвоогийн явдлыг таних нь нүднээ үзэгдэх ахуй байдлаас нүднээ үл үзэгдэх сэтгэлийн байгальд нэвтрэх мэдрэмж хэмээн тэр бодно. Тиймээс “миний аялал нь тансаг жуулчин бус жирийн нутгийн хүмүүсийн адил усыг нь ууж ёсыг нь дагах зарчим” гэнэ. Амайгийн аялалын бусдаас ялгарах гол ялгаа нь энэ. Телевизийн “Үүргэвчтэй аялал”-ын олон шоуг  бид мэднэ. Харин Амай шиг нутгийн иргэдийн амьдралаар амьдарч олон жилийн туршид тууштай явсан нь нэгээхэн ч үгүй. Тэд бусдын хөгжлийг гайхан бишрэгчдийн нүдээр ахуй байдлыг хальснаа буулгадаг бол Амай өөрийн хэмжүүрээр бусдын хөгжлийг хэмжиж сэтгэл оюундаа өөрийнхөө мэдрэмжээр бичлэг хийж байна. Түүнд ертөнцийг засаглаж явсан монгол хүний юунд ч нүдээ үл цавчих бардам омог, сэтгэлийн тэнхээ, эр зориг байна. Эрт эдүгээгийн монгол хүний нийтлэг шинж нь байгальтай ойрхон бодгаль чанар нь юм.

Амай маань дэлхийг тойрсон явган аялалаа бадарчны соёлыг сэргээхэд зориулсан гэдгээ хэдэнтэй тэмдэглэсэн төдийгүй номоо “Монгол бадарчин гайхамшигт ертөнц” хэмээн нэрлэсэн. Бадарчны соёл нь нэг талаас ертөнцийн юмс үзэгдлийг танин мэдэх гэсэн эрэл хайгуулын түүх, нөгөө талаас орчинтойгоо зохицох чадвар, амьдрахуйн арга ухааныг эзэмших сургууль юм. Үүгээрээ жирийн жуулчин, монгол бадарчин хоёрын зорилго хийгээд үйлдэл бүхэн ялгарна. Биеэр үйлдэж, сэтгэлээр шинжиж олсон танин мэдэхүйн гаргалгаа нь түүний амьдрах, оршин тогтнох арга хэрэгсэл болж улмаар буй биед нь шингэж мэдлэг болж хувирдаг нь бадарчны соёлын донж маяг нь юм. Соён гэгээрүүлэх туйлын зорилго бүхий бадарчны соёлын  мэдээлэл интернетийн хурдаар дэлхийд түгэж мянга мянган монголчуудын анхааралд байсаар ирсэн нь Амайн аялалын өвөрмөц онцлог болж байлаа. Анхаарал татсан Амайгийн аялалтай цуг олон мянган залуучууд дэлхийг хамт тойрсон нь өдрийн тэмдэглэлийн талаарх сэтгэгдлүүдээс тодорхой харагдана. Бид түүнтэй цуг Египетийн Шарм Эль-Шейхтэд дайлайн гүнд шумбаж диваажин хэмээн уулга алдаж, Мозамбикийн хил  хүрэх 30 км замыг дугуйн ард арайхийн туулж, амьсгал боотол асгарах Тропик бороонд нэвт норж, буун дуу үл тасрах босогчдын нутгаар амьсгаа дарах алхаж явсан билээ. Бас Малери буюу хумхай өвчин тусахад санаа зовж “Би Малавид хөл тавьсан анхны шахуу монгол. Гэхдээ энд малериас болж үхсэн анхны монгол болмооргүй байна” гэсэн тэмдэглэлийг нь уншиж “наад аялалаа дуусгаад эх орондоо хурдан ир” хэмээн бичиж байлаа. Гэвч Амайг зорилгоос нь үхэл ч хазайлгаж чадахгүй нь нэгэнт тодорхой байв. Тэр дэлхийг тойрч далаад орны хилийн дээсийг гатлаад эх орондоо ирж аян замын өдрийн тэмдэглэлээ толилуулж байна. Түүний энэ тэмдэглэл он цаг улирах тутам улам үнэд орж олон мянган монгол залуучуудын үлгэр дууриал болох болно.

Швейцарийн үзэсгэлэнт модот уулс, Казахстаны ээрэм тал, Канадын гайхамшиг нуурууд, Сахарын хязгааргүй элсэн цөл, Невадын нүцгэн гоёсмог толгод, Гималайн мөнх цаст гайхамшигт оргилууд өөр хаана ямар ч гоо сайхан байгаль байлаа ч энэ дэлхийн хамгийн гайхамшигт шидэт орон нь миний монгол гэж тэрээр дуу алдан бичиж байна. Ер нь аль ч орны хэн ч байлаа гэсэн төрсөн эх нутгаа хамгийн гайхалтай гэх нь жинхэнэ эх сэтгэлгээ гэж юм. Тиймээс Амай “Миний тэмдэглэл зүгээр нэг гэртээ суугаад бичсэн зохиол биш, амь насаараа дэнчин тавьж, өмнө нь хэний ч толгойд орж байхааргүй тийм зүйлүүдийг харснаа бичиж, халуунд халж, хүйтэнд хөрч, өлсгөлөн ганцаардлыг туулсны эцэст бий болсон амьдрал тэмцлийн түүх билээ” хэмээн зоригтой дуугарч байна.

Ж. Золбаяр буюу Амайг би цаг хугацаагаар аялагч гэж хэлмээр байна. Тэрбээр энэ дэлхийн хорин нэгдүгээр зууны эхний энэ он жилүүдийг монгол залуугийн нүдээр хэрхэн шинжсэнээ ном болгон шастирлан буулгаж байна. Түүнийг одоо цаг хэрхэн хүлээн авахаас үл шалтгаалан түүх түүхээрээ үлдэх болно. Цаг хугацааг түүхчлэн бичиж царцааж болно. Цаг хугацааг хөлөглөж оюун санааны аялал хийж болно. Цаг хугацааг хураангуйлж өнгөрсөн цагийг одоо цагт шилжүүлж болно. Энэ нь гагц цаг хугацааг эзэгнэгч бадарчны оюун соёл бүлгээ. Би Амайн “Монгол бадарчин гайхамшигт ертөнц” номын гар бичмэлийг уншиж суухдаа ийн бодов.

Уншигч таныг Амайн гайхамшигт ертөнцөөр аялахыг урьж байна.

Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/             Ү. Хүрэлбаатар

Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)

#1

Bayar hurgii…
Shine huuhedee mendlehiig tesen yadan huleeh aav hun shig l suugaa baih daa.

Nom bichih, mod tarih, zam zasah gurvan uiliig horbood toos hudulguj baigaa buhen hiih yostoi yum gene bilee.

Durub taban jil mongol zaluusiin gadaad yurtuntsud ayalah ankhnii jimiig gargaj, zamiig n zasch ugsun, ireed eh nutgiinhaa hursund nogoon urgamal suulgaj baisniig tani sanaj baina. Bas hundetgej baina. Amai udahgui nomoo hevluulj,tumnii gar deer tavih yuruultei yum baij. Chin setgeleesee bayar hurgeye.

Hun bolsnii nandin uurgee biyeluulj, bas busdad buyan bolj baigaad ajil uils tani devjij yamagt uuduu baij, amidral ahui tani suun tsagaan murtei baihiig zugnun husch baina.

Suvd wrote on 2010/11/02 - 19:39
#2

Hurelbaatar guai zohiolch yaruu nairagch hun bolohoro yag saihan bichjee.ug usgiin aldaagui bolohor unshihad amar bdag.
Amai chi uuru nileen aldaatai bichdeg shuu.nomoo hevluulehinhe umnu sain hyanuulsan bizde.zuv bichih durmiin aldaa gargaval estoi muuhai,medej bga biz de.

buya wrote on 2010/11/03 - 10:08
#3

gaihaltai. Nomniig chn neeltiig tesen ydaj huleej bgaa shuu.bi ch gesen ooroo aysan ym shig setgegdel tordog tanii aylaliig ehnees ni dahiad uzej bgaa.bitgii ustgaarai

Slash wrote on 2010/11/03 - 12:22
#4

wow, yostoi gaihaltai,… yag l minii Amaig dursleh geed durselj chaddagui sanaag yamar goy gargaa ve! amai bol uneheer orchin tsagiin badarchin, mongol zaluus bidnii nudeer delhii yertuntsiig harj uzej tuuniigee uuriinhuu ugeer uran tsetsen ugguigeer blog deer buulgaj bsan gaihaltai engiin daruuhan zaluu… bi tuund zoriulj setgegdel uldeedeg bsan…
shuumjleh, magtah, sanaa bodoloo huvaaltsah mayagaar,… gehdee l etsesiin etsest tuunii blogoor zochiloh hamgiin durtai…
yagaad gevel ene zaluu minii nudeer yertuntsiig harj nadad helj uguud bh shig sanagdaad bdag yum…
buh blogiig unshsan ch gesn dahin nomiig chin avch unshmaar bn,… duudee beleg bolgon ugmuur bn…
gaduur zaragdaad ehelchihsen uu?

amore wrote on 2010/11/03 - 19:22
#5

Amjilt hysie. Ene nom yneheer bid bygdiin oyunii tsonhiig neeh bolno gedegt itgeltei bna.

bold wrote on 2010/11/04 - 15:53
#6

Амайн шинэ ном мэндэлж байгаад баяр хүргээд,хойшид оюуны амтат идээг улам аривжуулхыг ерөөе.

Ganoil wrote on 2010/11/06 - 19:35
#7

Маш сайхан бичжээ. Амайгийн номыг тэсэн ядан хүлээж байна. Амжилт хүсэе

Bat wrote on 2010/11/10 - 22:14
#8

амайгийн номыг уншихад гүн сэтгэгдэл төрсөн билээ, миний бодлоор амайг гадаадад ажиллаж, сурч, амьдарч байгаа, байсан хүмүүс илүү ойлгох ч юм шиг /би өөрөө тийм ч сайн биш нөхцөлд 6 жил сурсан/ь гэхдээ энэ миний л бодол, би андуурч байж болно. ямартаа ч би амайд баярлалаа гэж хэлмээр байна, олон орноор аялаж, хэн хүний зориглоогүйд хийсэнд, хамгийн гол нь түүнийгээ бидэнтэй хуваалцахад цаг, мөнгөө зарцуулах зоригтой байсанд нь. дөнгөж сая би “сэтгэл” гэсэн бичлэгийг уншлаа. сэтгэлд их хүрлээ, сэтгэл минь өвдөөд, нээрээ юу билээ гэж бодогдууллаа. хүн нутгаасаа хол байхад илүү гүн бодож, илүү ухаалаг, сэргэг, гол нь сэтгэлээ сонсдог байх, харин суурин, нэг газар удаан байснаар тэрхүү мэдрэмж, чадвар нь бага багаар гээгддэг гэж би боддог, тиймээс амайдаа сэтгэлээ сонсох энэ чадвараа битгий гээгээрэй гэж хүсье

Munkhbat wrote on 2011/03/25 - 12:08
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.