DSCN0914

2010 оны 10-р сарын 14

08:30 Гэртээ.

Өглөө нойрмог байхад утас дуугарлаа. Энэ эрт надруу залгаж байгааг бодоход маш чухал зүйл байх ёстой гэж бодоод утсаа авах үед

– Сайн уу? Золоо би Тайвнаа байна.

гэсэн танил хоолой дуугарлаа. Бид хоёр найзлаад 13 жилийн хугацаанд бие биенээ байнга дэмжиж, цэнэглэж байсан бөгөөд эх орондоо ирсэнээсээ хойш тэсэн ядан хүлээж байсан ажил амжилттай болсоныг түүний ярианаас ойлголоо.

Эдлэж хэрэглэснээ гайхуулдаг найзуудтай байснаас хийж бүтээснээ хуваалцдаг найзуудтай байх нь хамаагүй гоё юм. Учир нь яриаг нь сонсох, хийсэн бүтээснийг нь мэдэх болгондоо сэтгэлд байдаг гал маань улам бүр бадарч, мэдлэг тэлж байгаа мэт санагддаг юм.

Дэлхий ертөнц, амьдралын утга учрыг хайж явахдаа ойлгосон зүйл гэвэл НЭГ ХҮН НЭГ ЦАГ ХУГАЦААНД НЭГ Л МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВЧ ЧАДНА. Тиймээс бүхнийг мэдэх аргагүй юм.

Мэдээлэл олж авах цаг хугацаа, түүнийг боловсруулж дүгнэлт хийх хугацаа нь амьдрах хугацаанд байнга шахагдаж байдаг тул, эргэн тойрондоо салбар бүрийн мэдээлэл олж шүүж боловсруулаад бусаддаа хүргэдэг найзуудтай байхын гайхамшгийг би ойлгосон юм.

Миний найзын утсаар залгасан шалтгаан гэвэл сүүлийн 7 хоног тэсэн ядан хүлээж байсан сайхан мэдээ болох “ЕРТӨНЦИЙГ ДҮРСЛЭХ УРЛАГ” гэдэг түүний ном байсан юм.

Би хэдийгээр багаасаа гэрэл зураг сонирхож, судлаж суралцаж байсан ч, дижитал камер гарч ирсэнээс хойш нэлээд хоцорсон юм. Хөгжим техник технологи, боловсрол гэдэгт хамаг цагаа зарцуулж, зургийн аппарат, зураг авах урлаг тал дээр бор зүрхээрээ зүтгэсэн юм.

Аялаж байхдаа өдөр бүр зураг авч байсан ч, хэрхэн зураг авч болох талаар Монгол хэл дээр товч тодорхой ном хэвлэл байгаагүй тул, хэзээ нэгэн цагт хэн нэгэн нь үүнийг хийгээсэй гэж залбирч байсан юм.

Холын замаас ирээд сонссон сайхан мэдээ нь миний найз Тайвнаа зураг авах сонирхолтой, гэхдээ бүх зүйлийг нэг бүрчлэн судлах цаг завгүй хүмүүст зориулсан ном гаргаж буйгаа хэлсэн юм.

Миний хувьд бол маш том завшаан байлаа.

Ирээд 4 сар гаруй хүлээж байсан номоо гар дээрээ аваад Тайвнаад маш их баярласнаа хэллээ. Гэрт ирж надаа дурсгаж буй нь бид хоёрын нөхөрлөлийн илрэл болвуу.

Гаднах зургийг нь Ган-Өлзий гэж бидний найз дарсан бөгөөд дотор орсон зургууд болон хэвлэлийн чанарт хэлэх үг олдохооргүй сайн болсон байлаа. Маш их мэдээ мэдээлэлд төөрсөн өнөөгийн нөхцөлд хүмүүс юм сурах, юм унших тал дээр нэлээд хойрго байгааг тэрээр мэдэрч маш товч үг утгаар зураг авах урлагийг тайлбарласан байгаа нь маш сайхан санагдлаа.

Бид хамт ажил дээр ирж хэрхэн нийтэд хүргэж болох талаар ярилцлаа.

Тайвнаа даруухан хийх бодолтой байсан ч, ТҮҮХ гэдэг зүйлийг багаасаа сурч өссөн миний хувьд энэ явдлыг өргөн хэмжээнд нийтэд хүргэх нь чухал гэж бодсон юм.

Хэдийгээр ахмад үеийн сайн зурагчид байгаа ч шинэ техник, технологи Монголд нэвтэрч, хурд нь өдөр ирэх тусам ихсэж байгааг анзаарч бусадтай хуваалцаж амжихгүй байгаа билээ.

Харин миний найз энэ байдлыг ойлгоод Монголд шинэлэг зурагчины тайлбар ном хийсэн нь Монголын түүхэнд багагүй хэмжээний нээлт болж байгаа юм. – Ийм төрлийн ном дэлхийд зөндөө л байдаг шүү дээ! гэж өөлөх хүн гарч таараа, гэхдээ жирийн нэг малчин хүү, эсвэл гадаад хэл заадаггүй сургуулийн сурагч хүү кирил Монгол хэлээр ийм түвшиний мэдээллийг олж аваад богино хугацаанд сурах боломжийг бий болгож байгаа нь миний найзын их ажлын үр дүн билээ.

Эх орон үндсэрхэг үзэл, хөгжил гэж том ярьж улс төржиж буй хүмүүс жирийн залуугийн ажлын сайн үр дагаврыг олж хараасай гэж бодож байна.

Бид номныхоо нээлтээ хаана хийж болох тал дээр бодож ИНТЕР НОМ, ИХ ДЭЛГҮҮР, УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР зэрэг газруудыг үзэж сонирхож байгаад, Номин их дэлгүүрийн хүмүүс энэхүү номны нээлт, баярыг зохион байгуулах ажилд сэтгэлээсээ оролцохоо мэдэгдсэн тул Их дэлгүүрийн 6 давхарт байдаг MAJESTIC номын дэлгүүрийг сонголоо.

2010 оны 10 сарын 23-ы 13:30-аас болох Авга-Омбо Довуучийн Энхтайван буюу миний найз Тайвнаагийн бичсэн “ ЕРТӨНЦИЙГ ДҮРСЛЭХ УРЛАГ ” номны нээлт, уулзалт дээр хүн бүхнийг хүрэлцэн ирэхийг хүсч байна. Түүнээс номны талаар, зураг авах урлагийн талаар асуулт асууж, шинэхэн номны хуудас зургийг сонирхож, түүхэнд бичигдэх номонд гарын үсэг зуруулж зургаа татуулах боломжийг бүү алдаарай!

Тэрээр бас өөртэйгээ тохиолдож байсан сонирхолтой түүх ярьж өгнө гэж надад ам алдсан юм.

Яачиж байсан 10 сард болж буй хамгийн сонирхолтой, нийгэмд хэрэгтэй ажлаар энэ номны нээлт гэж би тодорхойллоо. Хүн бүхнээс түрүүнд номны хуудсуудыг эргүүлэн богино хугацаанд Тайвнаагийн олон жилийн хөдөлмөр, мэдээлэл боловсруулалтын үр шимийг хүртэх гэж байгаадаа баяртай байна.

Би өөрийн блогтоо киноны санд байх ёстой кинонуудыг санал болгож байсан бол энэ удаад номын санд зайлшгүй байх ёстой номны анхны зөвөлгөөндөө энэ номыг оруулахаар шийдлээ.

Амьд яваа насандаа хийх ёстой буянгуудын нэгийг бүтээсэн Тайвнаадаа баяр хүргэе.

1 person has left a comment

#1

Иргэн MCIT -ийн “ЕРТӨНЦИЙГ ДҮРСЛЭX УРЛАГ” анхны номоо өлгийдөж авсанд баяр хүргэе.

mi wrote on 2010/10/14 - 15:31
Both comments and pings are currently closed.