ТЭНГРИ ЛЭНД

ТЭНГРИ ЛЭНД

(I бүлэг “Аягны хариу өдөртөө, Агтны хариу жилдээ”)

2028 оны 08 сарын 25

Тэнгэрийн орон Монгол

Тэнгэрийг бүрхээд эхэлсэн, Хойд зүгийн аадар борооны үүлний хаяагаар сүүн цагаан онгоц харагдаж эхэлмэгц онгоцны буудлын зурвас дээрх халдвар хамгааллын хувцастай хүмүүсийн хөдөлгөөн эрчимжлээ.

Бэлэн байхыг анхааруулсан дохиолол гурван удаа дуугараад унтрахад, ахмад насны барилууд хоолойтой хүн чанга яригчаар  “За Монголчуудаа дүрэм, журмаа ягштал биелүүлнэ шүү! Бидний Эх орон, гэр бүл, дотнын хүмүүс, хойч үеийн аюулгүй байдлыг хангах нь бидний үүрэг билээ. Өнөөдрийн сүүлийн онгоц буух гэж байна. Ажлаа амжилттай сайн гүйцэтгээд гэртээ дотнын хүмүүс рүүгээ харьцгаая!” гэж зарлалаа.

Хилийн цэрэг,  Батлан хамгаалах, дотоодын цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн салбар, аялал жуулчлал, соёлын салбарын тангараг өргөсөн Төрийн албаныхан дараагийн онгоцоо хүлээн авахад бэлэн болов.

Хүмүүн төрөлхтний олон жилийн буруу үйлдлээс үүдэн Дэлхий Ээж маань хүнд өвдөж, бие нь чилээрхээд байгаа болохоор сүүлийн хэдэн жил хэт хуурайшилт, гал түймэр, усны үер, газар хөдлөлт, цаг агаарын эрс өөрчлөлт олон дахин давтагдаж байна.

Дэлхий Ээж маань хүмүүний буруу үйлдлээс өөрийгөө хамгаалахын тулд дархлаагаа идэвхжүүлсэн болохоор, хүмүүн төрөлхтний дунд цар тахал дэгдээд найман жил өнгөрч, олон зуун сая хүмүүний амь аваад байгаа юм.

Аюулгүй, амар амгалан бүс гэдэг Хүмүүн төрөлхтний хамгийн үнэ цэнэтэй зүйл болж, Монголыг Диваажин болохыг Дэлхий даяараа ойлгожээ.

 Онгоцны нисэгчдийн бүхэгт

-Та хоёр ТЭНГРИ ЛЭНД-д ирж байсан уу? гэж жар орчим настай АНУ-ын иргэний нисэхийн европ гаралтай ахмад, туслахуудаасаа асуухад

-Би уг нь уржинан нисэх өргөдлөө өгч, шалгалтад тэнцэж, эхний мянган нисэгчдийн тоонд орсон. Тэгээд өдөр шөнөгүй хүлээсээр одоо л үзэх гэж байна гэж 30 орчим насны Латин төрхтэй туслах хариулаад,“ТЭНГРИ ЛЭНД” гэж мишээн шивнэлээ.

-Би хүмүүсийн яриад байгаа ТЭНГРИ ЛЭНД-д итгэдэггүй. Эрэлт үүсгэж мөнгө олох гэсэн зар сурталчилгаа, зохиол гэж боддог. Өндөр цалинтай болохоор би өргөдлөө өгсөн. Хуучин, агаарын хүчний нисгэгч байсан болохоор энэ шугамд намайг зөвшөөрсөн болов уу. Хүмүүс юунд нь ингэж их шуураад байгааг огт ойлгохгүй байгаа гэж тавь хүрч буй африк төрхтэй нөгөө туслах нь хариуллаа.

Эхний түүх:

“АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ, АГТНЫ ХАРИУ ЖИЛДЭЭ”

Арван хоёр настай ихэр хөвгүүдээ дагуулсан, дөч орчим насны европ төрхтэй АНУ-ын эхнэр нөхөр хоёр, онгоцны арын эгнээний голын суудлуудад, дэлгэцтэй нүдний шил ширтэн гайхширсан байдалтай сууна.

Монгол руу нисэж буй онгоцнуудын урд байршуулсан, 360 хэмийг үзүүлдэг камераар тэд Дэлхий Ээж, Тэнгэр эцгийг харан, ТЭНГРИ ЛЭНД-д морь унаж, зүлгэн дээр хэвтэж, сэнгэнэсэн агаарыг нь амьсгалах мөчийг тэсэн ядан хүлээнэ.

Гурван жилийн өмнө…

АНУ-ын Нью Йорк хотын тэнгэр тулсан өндөр байшинтай Манхэттен бизнес дүүргийн нэгэн шилэн барилгын өндөр давхарт, Эрх Чөлөөний хөшөө рүү харсан цонхны өмнө Фиил гэх тансаг зэрэглэлийн костюм өмссөн залуу цонхоор харан зогсож байтал нарийн бичиг нь дотоод сүлжээгээр холбогдон,

-Ноён Кому уулзахаар ирсэн байна гэлээ.

Ажил, амьдрал гэсээр байгаад Их сургуулийн анд Комутайгаа уулзалгүй уджээ гэж Фиил бодлоо. Үүдэнд, уулзахаар хүлээж байсан хүмүүсээс уучлалт хүсэж, уулзалтаа цуцлаад, тус бүрийг нь өдрийн хоолонд урьж, ярилцах хуваарийг нарийн бичгээр дамжуулна гэлээ.

Залуу насны сайхан үеийг хамт өнгөрөөсөн андаа баярлан угтаж, буйдан дээр тухлахдаа хадгалж байсан чамин сархдаа задаллаа. Сошлоор бие биетэйгээ холбоотой байдаг ч, зогсолтгүй үргэлжлэх амьдралын олон даваануудад бие биенээсээ хөндийрсөн болохыг хоёулаа хүлээн зөвшөөрч, хэсэг сэтгэлийн амрыг мэдэрлээ.

-Ямар ажлаар найзынхаа оффист ирэв ээ? Урьдчилан ярихгүй яасан юм? Манай гэрт дөрвүүлээ хамт суусан бол дээр биш үү? гэж Фиил асуухад

-Ойрхон явж байгаад ороод гаръя гэж бодсон юм. Бас эрчүүдийн яриа байна аа. Мөнгөний хэрэг гарлаа. Ханна бид хоёр гурван жилийн өмнө “ТЭНГРИ ЛЭНД”-д 14 хоног зочлох  урилга арай хийж олж авсан юм. Жаран мянган доллар төлсөн. Бүртгэлийн жагсаалтаар таван жилийн дараа, 2028 оны зун зочлох хуваарь аваад ихэд баярлан, өдөр хоногийг тэсэн ядан хүлээж байв. Гэтэл миний бизнес хямралд орж, бэлэн мөнгө яаралтай олох хэрэгтэй боллоо. Тиймээс энэ урилгаа анддаа санал болгохоор ирсэн юм. Энэ бол олдохгүй том боломж шүү.

-Мөрөөдлөө надад зарж яах юм бэ? Би Та хоёрт аргыг нь олоод зээлье. Хэд хэрэгтэй байгаа?

-Үгүйээ, би анддаа өртэй баймааргүй байна. Энэ тасалбар бол Танай гэр бүлд олдох маш том боломж. Одоо хоёрхон жил хүлээгээд л тийшээ аялна. Өнөөдөр энэ урилга хар зах дээр зуу гаруй мянга хүрсэн байгаа. Хоёр жилийн дараа бүр үнэтэй болно.

Фиил жаран мянган ногооныг тараагаад байдаг хүн биш ч гэлээ аминд орж байсан, Их сургуулийн сайн анд нөхөртөө шууд тусалхаар шийдэв.

Кому хэсэг сууж байгаад, ирсэн ажлаа амжуулсан болохоор чин сэтгэлээсээ талархаж, сүүлд бие биенээрээ зочилохоор тохироод, ажил руугаа яаран буцлаа.

Кофе аван цонх ширтээд зогсож байсан байрлалдаа эргэн орж, өөрийн амьдралд тулгараад байгаа асуудлуудаа үргэлжлүүлэн бодох гэтэл сархдын дараа кофе амтгүй санагдаж, хундагаа сэргээгээд, найзынхаа төлөө нэгийг тогтоов.

Хэзээ нэгэн өдөр андынхаа ачийг нь хариулна даа гэж бодож байсан өдөр нь ирсэн болохоор цээжнээс нь чулуу унасан юм шиг хөөрмөөр санагдаад, дахин нэг хундагыг тогтоолоо.

Андын хувийн амьдралд ямар асуудал болсон талаар тэрээр асуухыг хүссэнгүй. Эрчүүд сул доройгоо бие биендээ хэлэх дургүйг өөрийн туршлагаар мэдэх болохоор. “ТЭНГРИ ЛЭНД” гэдэг үлгэр домог шиг зүйл эргэн тойронд сонсогдоод байдаг ч яг юу болохыг сайн мэдэхгүй, анддаа тусалж чадсандаа баяртай байв.

Уулзалтуудаа цуцалсан болохоор сэтгэлийг зовоогоод байгаа өөрийн амьдралын асуудлаа эргэн бодож, цаашаа яах тухайгаа ажил тартал ганцаараа эргэцүүлэв.

Би яах гэж амьдраад байна аа? гэдэг асуулт зөвхөн Фиилийг зовоогоод байгаа явдал биш. Хөрөнгөтний тогтолцоотой улсын дөч, тавин настай, амьдралаа босгосон, тогтмол ажил эрхэлдэг, гэр бүл үр хүүхэдтэй эр хүн бүрт тулгардаг сэтгэл зүйн хямрал.

Хамаг амьдралаа өрөө төлөх гэж өнгөрөөж байгаа мэт бодогдож, гинжлэгдсэн ажлын боол мэт санагдуулдаг зангиаг тайлж хаяхыг хүснэ.

Эхнэр хоёр хүүтэйгээ хамт цаг хугацаанд баригдахгүй амьдархыг тэрээр мөрөөддөг ч ажилгүй хэдхэн сар болохоод өрөнд унаж, юу ч үгүй гудамжинд хөөгдөнө гэдгийг тэрээр мэднэ. Тиймээс ажлаа алдахаас хамгийн их айна.

Фиил Пенсильвань мужийн Ойл сити хотын жижиг сонингийн сэтгүүлчийн гэр бүлд төрж өссөн болохоор ирээдүйд том хотод очин амжилттай бизнесмен болж, Дэлхийгээр аялж, том хаузанд амьдарч, тансаг машинтай болно гэж багаасаа мөрөөддөг байсан.

Гэр бүл хоёр хүүхэд, хауз, гоё машинтай болох мөрөөдлүүд нь биелсэн ч хүслээрээ амьдрах боломжгүй, ажил гэр хоёрын хоорондын арван таван жил нь салхи мэт өнгөрснийг тэрээр Кому найзтайгаа уулзахдаа ойлгоод, улам гүн хямралд орлоо.

Ажил амьдрал гэсээр байгаад нэг л мэдэхэд хөгширнө, тэгээд юу ч үзэж харалгүй өнгөрөөсөн залуу насандаа харамсана гэж өөрийгөө зэмлэнэ.

Сархад хүртсэн болохоор үйлчилгээ нь сарнитал нар жаргахыг харж цонхныхоо өмнө суулаа.

Бага нас нь элбэг дэлбэг байгаагүй ч, аав ээж дүүтэйгээ хамт жаргалтай амьдарч байсан нь санагдана. Харин одоо хүнд ажлаа тараад гэртээ ирэхэд хүүхдүүд өөрийн өрөөндөө ороод алга болно. Эхнэр номоо үргэлжлүүлэн уншиж, Фиил ажлын бичиг баримттайгаа шөнө болтол ширээний ард өнжинө. Тэгээд унтана, маргааш дахиад л энд ингээд сууж байна.

Ажлаа тараад, хотын зах руу чиглэх хурдны замаар харьж явахдаа, “ТЭНГРИ ЛЭНД” тасалбарын 60 000 долларыг зээлийн картандаа нэмснийг эхнэртээ хэрхэн тайлбарлахаа бодсоор байв.

Их сургуулийн сургалтын төлбөрийн зээл, Хауз байшингийн зээл, хоёр машины зээл, ойр зуурын юмны зээл гээд олон асуудал дунд амьдарч байхад дахин зээл авсныг Шарлот сонсох юм бол уурлана гэж имээгээд, мэдэгдэхгүйгээр энэ өрийг дарахаар шийдлээ.

Шарлот нөхөртөө итгэдэг болохоор тэр бүр гэр бүлийн санхүү рүү ороод байдаггүй, нөхрийнхөө амжилтын тулгуур нь болж, арын албыг бүрэн даадаг сайн эхнэр болохоор энэ асуудал сөхөгдөлгүй гурван жил өнгөрөв.

Гурван жилийн дараа…

Фил ажлынхаа өрөөндөө орж ирээд ирээд компьютерээ асаагаад хувийн болон ажлын захиануудаа шалгатал, урилгаа бүртгүүлж байсан “ТЭНГРИ ЛЭНД” хаягаас захиа ирсэн байлаа.

“Сайн байна уу ноён Фиил. “ТЭНГРИ ЛЭНД”-эд зочилох бэлтгэлээ хангаж эхлээрэй. Арав хоногийн дараа JFK онгоцны буудлаас манай онгоц таныг авах болно. Заавраа сайн уншиж, дүрмийг ягштал биелүүлэх хэрэгтэйг анхаараарай. Доорх хаягаар залгаж, илгээмжээ авна уу.” гэсэн байв.

Тухайн дугаар руу залгахад, “Илгээмж хүргэх хаягаа энэ дугаарт илгээнэ үү” гэж товч бөгөөд цэргийн тушаах өнгөөр хэлээд, утсаа тасаллаа.

Хаягаа илгээгээд, хүлээж суулаа.

Хэдэн цагийн дараа нарийн бичиг холбогдож, “Сонин хувцастай гурван хүн ирлээ. ТЭНГРИ ЛЭНД -ээс илгээмж авчирсан, заавал гарт дамжуулж, гарын хээгээр баталгаажуулна” гэв.

Намайг болгоомжтой байхыг анхааруулж, цагдаа дуудах эсэхийг Нарийн бичиг нууц дохио үгээр асуухад, “Хэрэггүй. Оруул” гэлээ.

Морь, сэлэм, нум сумаа доор орхиод ирж байгаа юм шиг Монгол төрхтэй, эртний тал хээрийн дайчдын хувцастай, өвөрмөц загварын амны маск зүүсэн гурван хүн гурван цүнх барин өрөөнд оров. Бөх барилддаг болтой хулгар чихтэй хоёр залуу нь том цүнхнүүдээ нээж, дотрох зүйлсийг нь дэлгэж тавьж байх хооронд, жижиг цүнх барьсан үзэсгэлэнт монгол бүсгүй ширээ рүү ойртон ирээд

-Сайн байна уу? Бид ТЭНГРИ ЛЭНД илгээмжийг танд авчирлаа. Та дүрэм журамтайгаа танилцсан биз дээ?

-Танилцсан. Харин эхнэр, хүүхдүүддээ танилцуулж амжаагүй байгаа.

-Энэ бол таны асуудал. Та диваажинд очих онгоцонд суухаас өмнө эдгээр шинжилгээг энэ хугацаанд өгсөн байх үүрэгтэй. Дараа нь энэ зочид буудалд долоо хоног гэр бүлийн хамт тусгаарлагдана. 8 сарын 24-ний өдөр ариутгалд хамрагдсан манай тусгай үйлчилгээний лимузин машин Та нарыг аваад онгоцны буудалд хүргэж өгнө. Тусгай хамгаалтын өмсгөлөө зочид буудлын өрөөнд өмсөөд Монголын ТЭНГРИ ЛЭНД хүртэл тайлахгүй гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Бүгдийн аюулгүй байдлын тулд ийм арга хэмжээ авч байгааг ойлгоорой! гээд цүнхээ ширээн дээр дэлгэн тавив.

Тэнгристууд хоёр цаг гаруй аян замын зааварчилгаа хийж, илгээмжээ үлдээгээд явлаа.

“Гурван жил нуусан зүйлээ яаж эхнэртээ хэлнэ ээ” гэж Фиил санаа зовж эхлэв.

Гэрийн зүг давхиж явахдаа, Урилгын талаар яаж хэлэхээ мэдэхгүй байв.

Машинаа гаражинд оруулж, доторх юмыг нь харанхуй өрөөндөө нуугаад орлоо.

Дөрвүүлээ оройн хоолоо идээд, хүүхдүүд өрөөндөө орж, Фиил эхнэртэйгээ яриа өдөж, нөхцөл байдлыг ажихаар шийдэв

-Хайраа, арав хоногийн дараа дөрвүүлээ байгальд хоёр долоо хононо. Догдолж байна уу? Бүх цахилгаанаа унтраагаад, гал түлж тэнгэр ширтэж амьдарна.

-Тиймээ, ажлуудаа орхиод, гэр бүлээрээ цагийг хамтдаа өнгөрөөнө.

Гурван жилийн өмнөөс энэ өдрийг төлөвлөж байсан болохоор гэр бүлээрээ хотоос гарч байгальд амрахыг төлөвлөсөн юм.

Анх аялал төлөвлөхөд ихрийн нэг Тим гэртээ үлдэхийг хүсч

-Утас цахилгаангүй тэр байгальд юу хийх юм бэ? гэж ааваасаа асуухад

-Одод ширтэнэ! гэж хариулсан.

Харин Том байгальд дуртай болохоор аялахыг тэсэн ядан хүлээнэ.

Орой орондоо орсны дараа Фиил арван хоногийн дараах аяллын талаар Шарлотоос асуухад, нэг их сэтгэл хөдлөхгүй байгаа нь анзаарагдав. Тэгэхээр нь

-Чи “ТЭНГРИ ЛЭНД” гэж сонсож байсан уу?

-Сонссон.

-Хэнээс?

-Манай ажлын биологийн багшийн нөхрийнх нь дүүгийн гэр бүл тэр урилгыг авсан гэсэн. Зөвхөн гараас гарт дамждаг, маш их нууцлалтай, ойлгомжгүй сонин юм билээ. Арван хоногийн дотор бүх юмаа бэлдээд, ажил мажлаа хаяад ниссэн гэсэн. Хамаатан нь явах боломжгүй болоод өгсөн юм байх. Манайд тийм хамаатан байдаг ч болоосой.

Явахаас өмнөх долоо хоногийг зочид буудалд өнгөрүүлж, биений болон сэтгэл санаа, оюун ухааны бэлтгэлийг хийлгэсэн гэсэн. Утас техник, зурагт бүгд хориотой. Зөвхөн гэр бүлээрээ тансаг орчинд амьдардаг юм билээ. Дараа нь 30 цаг сансрын юм шиг битүү хувцастай, халдварын өндөр хамгаалалттай ТЭНГРИ ДЭНД-д хүргэж, 14 хоног жаргаадаг гэсэн.

Хүн анх байгальд амьдарч байсан хэлбэртээ очихоор амрыг олдог юм билээ гэж тэд эргэж ирээд ахдаа хэлсэн байна лээ. Зарим хүмүүс эргэж онгоцондоо суухгүй гэж уйлж, асуудал болсон гэсэн. Дандаа тийм юм болдог юм шиг байгаан.

Оюун ухаан, сэтгэл санааны хүнд өвчтэй хүмүүс тэнд очоод эдгэрсэн тухай сурвалжлагууд интернетэд олон байна лээ. Манай гарагийн үндсэн тивийн гол өндөрлөгт байдаг Монгол улс нь Дэлхийн хамгийн их хүчилтөрөгчтэй газар юм байна. Сибирийн ойн дээр оршдог болохоор.

-Хэзээ чи ийм их юм болж мэдсэн юм? Яагаад надаа хэлээгүй юм?

-Угаасаа бид хоёрын одоогийн нөхцөл байдалд ийм зүйл ярих нь утгагүй гээд. Урилгаа дагаад тансаг юмтай тусгай цүнхнүүд ирсэн гэж Биологийн Ханна хэлсэн. Жинхэнэ Монголчууд гар барьдаггүй, аяга солилцдоггүйг мэдэх үү?

-Сонсож байсан. Ариун цэврийн үүднээс өөрийн аягаа биедээ авч явдаг сонин хүмүүс шүү.

-Зөвхөн ариун цэвэр биш, усаа бас гамнаж байгаа хэрэг гэсэн. Байгалиа шүтдэг хүмүүс болохоор. Ямар азтай нь “ТЭНГРИ ЛЭНД”-ийн урилга авдаг байна аа… гэж Шарлот санаа алдан хэлэх үед Тэнгэрийн орны тухай дуугархаас айж байсан Фиил бүтэн өдөр бодсон төлөвлөгөөгөө зоригтой хэрэгжүүлэхээр шийдлээ.

-Чамд тэр урилга нь олдсон бол чи явах байсан юм уу?

-Мэдээж, даанч ойрын арван жилийн суудал нь борлогдсон гээд боддоо?

Долоо хоногийн өмнө нууц дуудлага худалдаа болсон гэсэн, ирэх долоо хоногт “Тэнгрийн орон”-нд зочилох урилга хоёр зуу мянга давсан байна лээ. Нэг удаа сая доллар хүрч байсан гэсэн. Өр зээлгүй, мөнгөтэй байсан бол тийшээ гэр бүлээрээ аялж үзэх сэн. Амьдралдаа ганц удаа шүү дээ. Зургуудыг нь харсан, нүдэндээ итгэмээргүй үзэсгэлэнтэй байгаль.

Надад энэ мөнгө байсан бол арван жил хүлээгээд ч хамаагүй гэр бүлээрээ тийшээ очиж үзэх байсан. Бэлэгний цүнхнүүдэд, аль ч дэлгүүр зардаггүй, хамгийн тансаг чанарын хэрэгллүүд ирсэн гээд боддоо? Хөнжлийн бүтээлэг нь “Ноолуур” гэдэг сортын өндөр чанарын кашмир. Монголчууд Дэлхий ээжээ сэндийлэхгүй гээд өргөсөн хоншоортой гутал өмсдгийг мэдэх үү? зургийг нь үзсэн үнэхээр урлагийн бүтээл шиг гоё загвартай гутал өмсдөг юм билээ. Гутландаа хүртэл билигдэлтэй тийм эртний соёл иргэншил гээд боддоо. Бас ТЭНГРИ ЛЭНД-д заавал өөрийн аягатай зочилох ёстой гээд мөнгө, зэсэн аягнууд бэлэгэнд дагалдсан байсан. Үнэхээр сонирхолтой. Хэзээ нэг өдөр өнө эртний соёл иргэншилт Монголчууд амьдардаг ТЭНГРИ ЛЭНД-л зочилно оо.

-Би урилга бүтээчихвэл яахын?

– Хоёулаа барахгүй ээ, худлаа мөрөөдөөд яах вэ. Унтъя. Маргааш ажилтай.

“Хэрвээ одоо үнэнийг хэлбэл, шөнөжингөө асуудал болох байх, өглөөг хүлээе” гэж Фиил шийдээд сүүлийн гурван жилд анх удаа тайван унтлаа.

Шарлотыг сэрэхэд өглөөний цай, шарсан өндөг хажуугийн сэтгүүлийн ширээн дээр угтав.

Орноосоо босохгүй цайгаа уугаад, “Фиил яагаад гэнэт өглөөний цай бэлдсэн юм бол оо” гэж бодож байтал үүдний дотор талд “Энэ сумыг дага” гэсэн бичиг харагдлаа. Нэг давхрын зочны өрөөний ширээ хүртэл сумыг дагахад, дуртай бялууг нь дугтуйн дээр тавьсан байгаа харагдлаа.

Чийз кейкийг амандаа зуугаад, хоёр гараараа дугтуйг нээтэл

“WELCOME TO TENGRI LAND” гэсэн дүрстэй лед дэлгэц асахад, баярласандаа болж хашхирахдаа бялуугаа газар унагалаа.

Фиил рүү утас аван залгаад

-Би чамд үнэхээр хайртай шүү. Чи миний мөрөөдлийг дандаа биелүүлдэг гээд уйлж эхлэхэд

-Миний хайр тайван бай. Хайрынхаа мөрөөдлийг биелүүлэх чинь эр хүний амьдралын утга учир шүү дээ. Юмаа бэлдээрэй. Бид ТЭНГРИ ЛЭНД-эд 8 хоногийн дараа зочилно.

-Миний хайр мөнгө хаанаас авсан бэ?

-Зүгээрээ санаа зоволтгүй, найз надад бэлэглэсэн юм.

-Хэн?

-Очиж байгаад ярья. Санаа битгий зовоорой. Сайн үйлийн үр юмаа. Гарашны харанхуй өрөөнд аяллын цүнхнүүд байгаа, оруулаад задалж үзээрэй, би одоо уулзалтад орох гэж байна гэлээ.

Хоёр цагийн дараа Фиилийн утас дуугарч

-Миний хайраа энэ цүнхнүүд дотор юу байна гээч? Кашмир хувцас, ноосон улавч, морь унадаг гутал хүртэл байна. Тим, Том хоёрт яг таарч байна. Ямар гоё хэлбэр загвар, зураг, хээтэй юм бэ. Нэг загварыг ганцхан хувилбар хийдэг гээд боддоо?

-Хайраа би уулзалт дээр байна. Тараад залгая гэж Фиил шивнээд утсаа салгаж, зангиагаа зөөлөн аваад, энгрийн товчийг нь суллалаа.

Дугуй ширээнд сууж байсан удирдлагууд энэ үйлдлийг нь анзаарч гайхлаа. Юмыг яг дүрэм журмаар хийдэг, воркохолик буюу ажлын донтой гэж боддог хүн нь анх удаа тайвширч байгаа нь анзаарагдав.

Их сургуулийн сайн андын ачаар Фиил өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээ мэдэрлээ.

Тэрээр гэр бүлээ Хүмүүн төрөлхтний мөрөөдөл болоод байгаа газарт аваачих гэж байгаадаа бахархалтай байв.

Онгоцонд.

ТЭНГРИ ЛЭНД аялал жуулчлалын арван дөрөв хоногийн хөтөлбөрийн нэг хэсэг нь сансрын нисгэгчийн хувцсанд гучин цагийг өнгөрөөж, агаартай байх, байгальд амьсгалах ямар байдгийг мэдрүүлэх болохоор, Фиилийнхэн сандарч, бачуурах зүйлгүй, адал явдлаа хүлээлээ.

Published by amai

AMAIzing world...

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *