ХӨӨМИЙ МИНИЙ ЛУУЖИН

Хавай
2017 оны 3 сарын 25
Монгол Бадарчин 5-р аян. 86.6 дахь төр.
АНУ-ын Хавайн арлууд, Хонолулу хотын Вайкики наран шарлагын газар
Дэлхийн аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг, Номхон далайн голд оршдог, АНУ-ын Хавайн арлуудын Хонолулу нийслэлийн, аялал жуулчлалын Вайкики далайн эргийн, арын гудамжны залуу аялагчдын “Хостель” гэх буудлын гурван ортой өрөөнд түр буусан байв.
Аялагчид өрөөний биш, орныхоо л мөнгийг төлдөг учир Хостелийн үнэ хямд байдаг, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аялагчид цуглан, мэдээлэл солилцдог олон улсын залуучуудын соёлын төв гэж ойлгож болно.
Нэгэн орой Хостелийн өмнөх талбайд чанга яригч, микрофон, жижиг тайз бэлдэж байгаа харагдав. Орой тоглолттой гэсэн зар байршуулжээ.mongol badarchin books taivshir
Хүмүүн төрөлхтний мөрөөдөл болсон Вайкики далайн эргээр хэсэж, нутгийн аялал жуулчлалын бодлого, зохион байгуулалт, ариун цэвэр, үйлчилгээ, аюулгүй байдлыг үдэш хэрхэн зохион байгуулж буйг үзэж, өмнө туулсан олон зуун газраас юугаараа өөр, давуу болохыг судалж, Монголыг Дэлхийн аялал жуулчлалын төв болгох “Амай аялал” төсөлдөө зориулан шаардлагатай санаануудыг фотогоор арвин сандаа хадгалж авлаа.
Оройн хоолоо аялал жуулчлалын гудамжинд идээд, Хостельд эргэн ирэхэд тоглолт эхэлчихсэн, уран бүтээлчид сэтгэлээ нээж байв.
Тасалбар гэж байхгүй, хүмүүс таалагдвал өөрийн бололцоогоороо хайрцаганд “дэм” хийдэг уламжлалтай юм байна. Зөв санагдлаа.
Амьдралын утга, учрыг олох, хүнд бөгөөд алс холын аяллаас болж өвдсөн, маш их ядарсан байсан ч, ганцаардмал өрөө рүүгээ орсноос, гадаа хөгжим сонсож сууя гээд, уух юм аваад ширээний ард ганцаар тухаллаа.
Дандаа гадаар ярьж, гадаад дуу сонссоор байгаад үнэхээр залхсан ч, сонголт үгүй.
Гэв гэнэт “Дэлхий” хамтлаг гарч ирээд, “Хурай” дуугаа дуулсан бол босож ирээд, уушгиа нээгдтэл 108 удаа хурайлж, сэтгэлээ тайлтал бүжиглэх байсан гэж бодно.
Арваад жилийн өмнө шинэ улс, соёл иргэншлийн юм бүхэн сонин байсан бол одоо аль нь жинхэнэ аль нь хуулбар болохыг таньдаг болсон учир хэр баргийн юм сэтгэлд хүрэхээ байсан.
Хамтлагууд дуусаад микрофон чөлөөлөгдөх үед, арга хэмжээ зохион байгуулдаг хүнд хандана
-Сайн байна уу? Намайг Амай гэдэг юм. Би үзэсгэлэнт Монголоос ирсэн, Дэлхийг тойрч, хүмүүн төрөлхтний амьдралыг дараагийн үед тэмдэглэн үлдээх “Монгол Бадарчин” төслөөр 11 жил Дэлхийг тойрч ная гаруй улсыг судлаад байна. Өнөөдөр танай арга хэмжээтэй таарлаа, танай зочдод Хөөмийгөө зориулж болох уу? гэж асуухад
-Чи жинхэнэ Монгол юм уу? хөөмий чаддаг юм уу? би бичлэгийг нь интернетээс үзэж байсан ч амьдаар огт хараагүй. Тэгэлгүй яах вэ гээд тайзан дээр яаран гарч микрофоноо тааруулахдаа суух уу? босох уу? гэж асуулаа. Угаасаа, юм мэддэг гаднын хүмүүст хөөмийлдөг гэхээр бөөн юм болдог юм.
-Босоогоороо хөөмийлбөл гоё цээж дүүрэн гарна. Бага зэргийн эхо, ревёрб, тэгээд дилей нэмчих тэх үү? удаан гаргаагүй хуурай сонсогдож магад гэж мэргэжлийнх нь нэр томъё ашиглан хүслээ хэлэх үед, надад эргэлзэхээ болиод шууд тайзан дээр гаран намайг зарлалаа. Хөөмийг гаднынхан “улаан хоолой дуулж байна”гэж нэрлэдэг. Дэлхийн олон хүн энэ нэрээр мэддэг болохоор, Хөөмийг амьдаар үзэж, сонсох гэсэн хүмүүс ойртож, суугаад, хүлээлээ.
Монгол гэж хэлэхээр хөөмий сонсогдож, адуу харагддаг гэж гаднын олон хүн хэлж байсан.
Хойморт гаран өөрийгөө танилцуулж, юу хийж яваагаа товч хэлээд
-Хөөмий гэдэг бол Тэнгэр шүтээнтний Дэлхий Ээжтэйгээ холбогддог түлхүүр. Биетлэг, сүнслэг, оюунлаг ертөнцүүдийн хүлээсийг тайлж, үнэнийг олоход чухал үүрэг гүйцэтгэдэг шид.
Монгол хэлэнд бид “Хөөмийлөх” гэж нэр үгээ үйл үг болгон хэлдэг. Хөөмий дуулна эсвэл улаан хоолой дуулна гэж хэлэх нь буруу. Улаан хоолой дуулахгүй.
Хөөмий олон төрөл бий, гэхдээ зориултаар хоёр хуваагдана.
Нэг нь дуу хөгжим, байгалийн авиа тоглож, хөгжөөн баясгадаг хөөмий.
Харин би цаг хугацаа, орон зай, ертөнцийн хуулийг умартан, хязгааргүйд хүрэх үүдийг нээдэг тийм хөөмийгөөр хорь гаруй жил оролдож, сүүлийн арав гаруй жилд өдөр бүр дор хаяж хоёр цагаар хичээллэж тодорхой төвшинд хүрсэн, Монгол Бадарчин, цаг хугацаагаар аялагч юм гэж гаднынханд дандаа хэлдэг зүйлээ зарим нэгийг нь мартаад, давтлаа.
Та бүхэн миний илгээмжийг мэдрэхийн тулд нүдээ аних хэрэгтэй. Хөөмийлж байгаа намайг харах юм байхгүй. Би зүгээр л энд зогсож байх болно. Нүдээ аниад өөрийн амьсгалаа мэдрэхийг хичээ, төвлөр. Өнгөрсөн ба одоо, эргэн тойрны асуудлуудаа орхи. Яг энд бай. “Амьдралын урт нь нэг амьсгал” гэдгийг ухаарч сайхан гүнзгий амьсгаа ав гэж мэддэггүй хүмүүст учрыг нь тайлбарлахад бүгд хэлснийг дагаж орчлон хорвоогоос тасрах бэлтгэлээ хийлээ.
Би нүдээ аньж, эхний амьсгаагаа бүтэн аваад, бодолдоо “Одоо, цааш яах вэ?” гэдэг асуултыг аугаа нууцаас асууж, амьсгаагаа гаргаад, араас нь ертөнцийн амар амгаланг мэдрэхээр хөөмийллөө.
Хэр удаан явсныг мэдэхгүй ч, нүдээ нээхэд бүгд эргэж ирээгүй, намайг үргэлжлүүлэхийг хүлээн нүдээ аньсан хэвээр байв. Баярлалаа гэж хэлэх үед сэрээд алгаа ташиж, зарим нэг нь сэтгэлээ барьж чадахгүй суудлаасаа босч ирэн гар барив.
Би хөөмийлөхөд Монгол, гадаад гэлтгүй бүгд угаасаа ангайдаг болохоор өөртөө итгэл дүүрэн байв. Энэ төрлийн хөөмийгөөр оролддог хүн маш цөөн. Ихэнх нь, хойч үедээ хөөмийн өнгүүдийн хязгааруудыг цээжлүүлэхийн тулд бүтээсэн дуу хөгжим хөөмийлдөг.
Чанга яригчаас ирж буй хүчтэй чимээгээр онгод орсон болохоор, сэтгэл эргэн ирэхийг хүлээж, нэлээд хугацаанд амьсгалаа тогтворжуулах хэрэг гарав.
Зохион байгуулагч залуу над дээр ирээд “Ийм зүйл амьдаар сонсож байгаагүй юм байна” гэв.
Америкийн цагаан арьст өвгөн ирээд, миний хөөмий аугаа байсан, хайж буй зүйлээ Хавайн 7 арлын “Биг айланд” том арал дээрээс олно. Хэрвээ чи тийшээ явна гэвэл миний найз эмгэн чамайг гэртээ хүлээн авна, би чиний онгоцны тасалбарыг авч өгье, зөвшөөрвөл хэлээрэй гэлээ.
Би хүмүүст хөөмийгөө гайхуулах гэж микрофон гуйгаагүй бөгөөд мэргэжлийн хөгжмийн чанга яригч дээр өөрийгөө сонсож, онгод орохыг хүссэн юм.
Сэтгэлд байгаа асуудлуудын учрыг олох гэж гүн рүү нэвтэрмээр байв.
Хадгалаад байвал цаашаа явах улам хүнд болно.
Цаг, хугацаа, цаг агаар, байгалийн хүнд нөхцөлүүдийг олон жил давж, төрөл бүрийн амьдрал дундуур өдөр шөнөгүй зорчиж, өөр өөр ус, агаар, хоол унд, хүмүүс, шашин шүтлэг, ёс заншлын нөлөөнд удаан хугацааны турш тогтмол орсноос болж, өгүүлбэрээ англиар бодож, үнэ ханш ялгахаа байж, гоё юм үзээд баярлах сэтгэл хөөрөл үгүй, оюуны санааны хувьд маш их ядарсан нэгэн байв.
Өдөр бүр шинэ улс, шинэ хот, шинэ хүмүүс, шинэ соёл иргэншилд дасан зохицон.
Зорчиж буй улсынхаа тухай хязгааргүй их мэдээлэлд шумбан, хэрэгтэйгээ түүвэрлэн, www.amai.mn блог хуудсандаа Монголчууддаа зориулан боловсруулж, хадгална гэдэг аян замын үед үнэхээр хүнд ажил билээ.
Бас хүнд ачаа үүрэн, халуунд халж, хүйтэнд хөрч олон жил явсан болохоор Монгол Бадарчин 5-р аяны дараа бөөрний дутагдалд орох нь тодорхой гэдгийг мэдэж, үхэлтэйгээ нүүр тулахад бэлдэж байв.
Бөөрний дутагдалтай хүмүүс диализ аппарат, донорын хагалгаагаар эргэн босч ирдэг тухай судалж байсан ч, 36 цаг амьдрахын тулд том зүүгээр хоёр хатгуулж, дөрвөн цагаар аппаратад орно, эсвэл нас барсан хүний бөөрийг өөртөө суулгана гэдэг төсөөлшгүй.
Монголд очих болгонд байдал улам хүндрээд, эмч нар -Одоо явж болохгүй ээ, гамаа бариад өвчнөө зогсоож, удаашруулах хэрэгтэй гэж тогтмол анхааруулдаг байсан.
Түүхэн чухал ажлын төлөө нэг хүн амиа өгөх юу ч биш гэж боддогоо хэнд ч хэлж байгаагүй.
Хүнд цаг ирэхийн өмнө гэр бүлтэйгээ хамт аялж, цагийг хэзээ ч мартахааргүй сайхан өнгөрөөн, олон дурсамж үлдээгээд, хордлогоосоо болоод хоол идэж чадахгүй, байнга ядарч унтаад байснаа цагийн зөрүү гарахгүй байна гэж дотнын хүмүүстээ тайлбарлан, маш хүнд өвдөж байснаа хэнд нь ч хэлэлгүй цүнхээ үүрээд эргээд замдаа гарсан юм.
Монгол Бадарчин төслөө амжилттай дуусгаж, Дэлхийгээс олж мэдсэн зүйлсээ Монголчууддаа хүргэж, төлөвлөсөн ажлуудаа гүйцээж амжихгүй бол яана аа гэсэн айдас намайг улам яруулан, бодит байдлыг мэдрэх боломж олгохгүй байв.
Монгол Бадарчин төслийн 5-р аяны гол зорилго нь 21 зууны эхэн үед хамгийн сайхан амьдралтай, ард иргэд нь хөгжилтэй цөөн улсын нэг, Канадыг дотроос нь судлаад, АНУ, Хавай, Япон, Өмнөд болон Хойд Солонгос, Манж, Өвөр Монгол нутгаар дайран гэртээ хүрч, Дэлхийг тойрох түүхэн ажлын сүүлийн замыг бие маш муудахаас өмнө гүйцээх байсан юм.
Канадад 3 сар амьдрахдаа олон улс үндэстний соёлын арга хэмжээнд Монголоо таниулан оролцоод, Их сургуульд нь Монголынхоо талаар уулзалт хийж, тус улсын улс төрийн тогтолцооны бидэнд хэрэгтэй байж болох зүйлүүдийг олж мэдсэн билээ.
Канадын Эдмонтон дахь Дүүгийнхээс аян замдаа гарахдаа судалгаагаа үргэлжлүүлэх хүч тэнхээ байгаагүй ч, бөөрний хүндрэл зам дунд тохиолдох аюул байсан тул Монгол руугаа яарав.
Эрүүл мэндийн даатгалгүй болохоор Хойд Америкийн эмчилгээний зардлыг би барахгүй, гэрийнхэндээ тийм хүндрэл учруулахгүй.
Яг явахын өмнөх өдөр гуян дээр хатги гарсан нь яарахын дохио байв. Онгоцны тасалбар бүх зүйл төлөвлөгдсөн болохоор, бэрийн эмнэлэгт хатгиа хагалуулж, задгай шархан дээр боолт хийлгээд, гэртээ хүрэх сүүлийн зам руугаа шүдээ зуугаад хөдөлсөн.
Сан Франциско хотоор өртөөлөх үед тэндхийн Монголчууд цэвэрлэгээ, боолт хийх өрөө, Монгол сувилагч эгч, хүргэж өгөх унааг хүртэл зохион байгуулж, аян замыг төвөггүй үргэлжлүүлэхэд тусалсанд баярласан.
Монгол өртөө
Амьдралаа зориулаад ийм хүнд, хол замыг туулж байгаа гээд хүний нутагт суугаа эмээ нулимс унагах үе ч байлаа. Бадарчин гэдэг бол мөнгөөр ариун ном уншиж, хүмүүсийн мухар сүсгээр хооллодог нүгэлтэн биш, амьдрал, амь насаа түмэндээ зориулж, алс холоос мэдлэг, туршлага авчирдаг чухал хүн гэдгийг эмээ мэдэж байсан.
Үндэсний хүмүүжилгүй, хэдэн юм олоод унших боловсролгүй, гаднын тархи угаалгад өртсөн хүмүүс Бадарчинг зальтай этгээд эсвэл гэр оронгүй гуйлгачин гэж ойлгодог.
Канадаас гараад АНУ-ын Сан Франциско, Лос Анжелес хотыг дамжин Хавай арал дээр бууж, японы консулын газарт дамжин өнгөрөх виз хүстэл, маш муухай харилцаатай тавь орчим насны эмэгтэй консултай таарч, Монголын засгийн газар хүлээн зөвшөөрсөн, төрийн болон төрийн бус олон байгууллагын дээд амжилтыг нь эвдэж, шагнаж хүртсэн, анхны Монголын Дэлхий судлаачийг “доод зиндааны улс” гэсэн хандлагаар харьцаж, виз өгөхөөс татгалзаж, Дэлхийн ная гаруй улсыг судалсан фото зурагтай “Дэлхийн Нэг Өдөр “номоо үзүүлтэл, би оросоор уншдаггүй гэж хэлээд цааш явсан.
Японы захын нэг банди паспортоо аваад визгүй Монголын хязгааргүй хээр талд зугаалдаг байхад, түүхэндээ хамгийн хол нутагт мөрөө гаргасан, Дэлхийн хэмжээний ажил гүйцэтгэж яваа Монгол мэргэжилтэнг захын нэг консулын авгай дорд үзэн, дээрээс харж харьцаж байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг японы элчин сайдын яаманд ажилладаг манай харилцааны ангийн охинтой холбогдож, ном танилцуулга, тодорхойлолтын хамт консулд нь дамжуулахад, Монгол Бадарчин төслөөс өмнө 3 удаа японд асуудалгүй зорчиж байсан хүнд виз өгөхөөс татгалзсан. Дэлхий тойрч яваа хүнийг заавал Монголдоо эргэн ирж визний хүсэлт гарга гэсэн.
Улс оронд уруудах үе байхад өсөх үе бас бий.
Монголын уналтын үед бидэнтэй хэн, хэрхэн харьцаж байсныг санаж, хойч үедээ өвлүүлж байх нь түүхэн хувьд чухал юм. Учир нь хүн хэзээ ч өөрчлөгддөггүй.
Япончууд виз өгч, нутгаар нь дайран өнгөрүүлэхийг зөвшөөрөөгүй болохоор Хавайн Хонолулу хотод гацсан би, цааш яахаа мэдэхгүй болсон байхад, нутгийн өвгөн намайг том арал гэдэг жуулчид нэг их зүглэдэггүй газар руу урьсан нь учиртай болов уу гэж бодлоо.
Аяллын үед ийм сонин хүмүүстэй олонтой учирч, заасан замд нь сайн муу олон үйл явдал болж байсан ч энэ удаа хөөмий миний луужин болж, дараагийн нэг сонин газар руу заллаа.
Хийх юмгүй бүтэн өдөр хостель залуучуудтай хөөрөлдөн өнгөрүүлдэг өвгөн намайг онгоцны буудал хүртэл автобусаар үдэж, автомат машинаас онгоцны тасалбар авч өгөөд буцлаа.
-Ахмад хүнээр тасалбар авахуулмааргүй байна гэх үед
-Зүгээрээ, мөнгө айгаа, сайн яваарай гэж хэлээд, хүлээж авах эмээ рүү залгаж хэдээс тосохыг нь хэлээд, буудал руугаа буцлаа.
Онгоцондоо сууж, хоёр арлын дээгүүр нисэхдээ, Хавай гэж нэрлээд байгаа арлууд нь ёроол нь үгүй Номхон далайн голд оршдог, Дэлхийн хамгийн өндөр уулсын, усны гадар дээр цухуйсан орой болохыг бодоод аймаар санагдлаа.
Яагаад намайг Том арал руу яв гэсэн юм бол оо?
Намайг тэнд юу хүлээж байгаа юм бол?

Явсан хүнээс үг сонс 2

Published by amai

AMAIzing world...

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *