хашхирмаар
2021 оны 2 сарын 4
Ардчилсан хөрөнгөтний Монгол Улс
Хөдөө, Монгол гэртээ.
Сүүлийн үед олон нийтийн мэдээллээр гараад байгаа хээл хахуульд автсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн политикуудын хэргүүдийг хараад, хөрөнгөтний(капитализм) нийгмийн шударга бус амьдралыг жигшиж, уурандаа ХАШХИРМААР санагдаж байна. (Улс, Төр-ч гэж буруу орчуулсан, хөрөнгөтний тогтолцооны Политик гэх үгний үндэс нь “полиси” буюу бодлого)
Ах эгч нар яаж ийм аймаар байж чадна вэ?
Манай үеийнхний хүүхэд, залуу нас тэр чигээрээ дээд үеийнхний бүтээсэн шударга бус нийгэмд өнгөрлөө.
Хэнд, юунд итгэхээ ч мартлаа.
mongol badarchin books taivshir
IMG_8230
Африк тивийн гуч гаруй орныг хоёр жил хагасын хугацаанд туулж байхдаа, биднээс тавь, жаран жилийн өмнө хөрөнгөтний тогтолцоо руу халтиран орсон, иргэний дайн, дотоодын хямралтай улсуудын жирийн иргэдийн амьдралыг судлаад, капитализмын үндсэн хууль, сонгуулийн тогтолцоогоо бид үргэлжлүүлбэл гучин жилийн дараа хаа хүрэхийг олж харсан юм.
Африкийн орнуудын төр атгаж буй хүмүүсийн баян тансаг аж амьдралын тухай европын ТВ-ийн баримтад нэвтрүүлэг үзээд, хүмүүнд ийм их шунал хаанаасаа байдаг юм бол оо? гэж тухайн үед гайхаж билээ.
Ард иргэд нь хоолгүй өлсөж, улс орон нь дампуурсан байхад, Дэлхийн хамгийн үнэтэй бренд хувцас, гоёл, машин, үнэт эдлэлийг зуу зуугаар нь цуглуулсан нэгэн улсын тэргүүн хатагтай, европын сэтгүүлч хүүхэнд олон зуун мянган долларын үнэтэй төрөл бүрийн гутлаа өрсөн хувцасны өрөөгөө гайхуулж байв.
-Энэ хүмүүс ард түмнээсээ хулгайлсан энэ их хөрөнгө, мөнгөөрөө ингэж онгирч болж байгаа юм уу? гэж Африк нутгийн хүнээс асуухад
-Эд нар “ард түмний баялгийг хувьдаа авч болно” гэж хууль өөрсдөдөө гарган хулгай хийдэг. Цэрэг, цагдаа, тагнуулыг ядуу байлгаж, цалингаар нь атгадаг болохоор халдашгүй. Гадаадад өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө авчихсан, хүүхдүүд нь тэнд тансаг сайхан амьдардаг. Өөрсдөө энд улсын мөнгө үргэлжлүүлэн идэх гэж түр байгаа. Хоёр гурван пасспорттой болохоор аюул нүүрлэвэл гадаад руугаа зугтана. Өмнө зөндөө ийм явдал болж байсан гэв.
-Энэ хүмүүст чинь овог, нэр хүнд, нутаг ус, ах дүү, хамаатан садан гэж байдаггүй юм уу? Тэднээсээ?
-Мөнгөтэй хүн юун даа ичдэг юм. Бүхнийг худалдаж авч чадах юм чинь! гэж хөрөнгөтний тогтолцоонд мөлжүүлсэн, Африкийн ядарсан улсын, итгэлээ барсан нэгэн залуу хариулж билээ. Төрсөн цагаас нь ийм байсан болохоор тэрээр амьдрал өөрчлөгдөж болохыг төсөөлөхгүй байв.
Ямар аз болж Монголд ийм биш юм бэ гэж аяллын үед 2007 онд бодож байлаа.
Гэтэл, сүүлийн үеийн мэдээгээр гарч байгаа урвагч, хулгайчдын Монголоо тонон дээрэмдсэн мөнгө, Эх орноо худалдаж хохироосон хэмжээ, хүүхдүүдийнх нь гадаадад дахь тансаг амьдралын тухай мэдээллүүдийг үзээд, гучин жилийн дараа Африк шиг болно гэж сэрэмжилж байсан аюул аль хэдийнээ биднийг нөмөрсөн болохыг ойлгосон.
Улс орныхоо хилийн бүрэн бүтэн байдлын төлөө амьдралаа өнгөрүүлсэн, хилийн цэргийн хошуучийн эхнэр, ная гарсан эмээ маань сарын 300.000 (100 ногоон) төгрөг, Дээд боловсролын төлөө 50 жил тасралтгүй ажилласан Монгол улсын их сургуулийн доктор, профессор аав маань сарын 900 000 (300 ногоон) төгрөгийн тэтгэвэр хүртэж, амьдралаа арай хийн авч явж байхад, мэдлэг боловсролгүй хулгайч, луйварч, цүнх баригчид ардчилал ярин Монгол Төрийн оройд тухлан сууж, тэрбум тэрбумаар нь хулгайлж байна.
Тэнгэр шүтээнтэй, Хүн гаралт нүүдэлчин овог аймагууд Их Эзэн Хааны дор ураг, нутгаа нэгтгэсэн, ахан дүүсийн МОНГОЛ ҮНДЭСТний, ах эгч нарын үеийн зарим хүмүүсийн шуналыг хараад нүдэндээ итгэмээргүй санагдаж байна.
Ийм муухай хүмүүс бидний дунд хаанаас, хэзээ, хэрхэн гараад ирэв ээ?
Ямар эцэг эх, удам, нутаг нь ичих нүүрээ элгэн дээрээ наасан ийм шуналын тулам болсон хүмүүсийг төрүүлэн өсгөөд, буруу хүмүүжүүлэн Үндэстний орой дээр залж, Монгол түмнээрээ өөрсдийгөө хараалгана вэ?
Нэр хугарвал яс хугарна.
Нутгийн нэр бузартан.
Үр удам, төрөл төрөгсөд, нутаг усныхаа нэр хүндийг шившгийн далайд булсан нүгэлтнүүд юу бодож явдаг юм бол оо?
Бохир мөнгөөр нэг, хоёр үе нь жаргах л байх, гэхдээ “Хулгайчийн хүүхэд хулгайч шүү” гэж уламжилдаг нэг үндэстэй аман соёлын Монгол Улсад хойч үе, ах дүү хамаатан садан нь яаж үргэлжлүүлэн аж төрөх юм бол доо?
Ганган машин, тансаг байшин, их хэмжээний мөнгө бүгд хугацаатай, харин муу нэрийг хусавч арилахгүй.
Хэрэг илчлэгдэж, буруу нь тогтоогдвол “яана аа” гэсэн айдас урвагчдыг ямар их зовоодог бол оо?
Ажил амьдралыг нь тонож, гэмт хэргийн замд түлхсэн хүмүүсийн үзэн ядалтаар дүүрсэн торны цаана орж, харанхуй, чийглэг, аюултай нөхцөлд удаан хугацааг тэсэж өнгөрүүлнэ гэж бодохоос айдаг байх даа.
Чөтгөр шиг амьдарснаасаа болж төрөлх хот, эх нутагтаа амар амгалан алхаж, хүмүүсийн нүд рүү нь нүүр бардам харж чадахгүй, өндөр хана, машины харлуулсан шилний цаана нуугдана, зарим нь харь нутаг руу цагаачилна.
Гадаад дахь тансаг хаус руугаа зугтсан ч, ганцаардана.
Үр хүүхдүүд нь гадаад хүмүүсийн дунд өснө.
Гадаад болно.
ТЭНГЭРИЙН орноос хөөгдөнө гэдэг ямар өрөвдөлтэй бас харамсалтай үйлийн үр вэ.
Бид Дэлхий Ээжийнхээ хэвлийг зарсан үеэс их мөнгөний хараал тусч, ах эгч нарын үеийнхний зарим нь сохор болжээ.
Эд бол хог шүү гэж өвөг дээдэс маань анхааруулсаар байтал эд хогшилд нэр хүндээ алдаж, үеийн үед муугаар дуурсагдах болж байгаа нь, зөв хүмүүжилгүй, боловсролгүй, түүх уншиж судалдаггүй хүмүүсийг төрийн толгойд гаргадаг хөрөнгөтний тогтолцооны балаг юм.
Amai Mongol Africa (25)

АРДЧИЛАЛ ГЭЖ БУРУУ ОРЧУУЛСАН КАПИТАЛИЗМ.
Монголд хөрөнгөтний төрийн эргэлт болоод арван тавхан жил өнгөрсөн 2005 оны намар, Дэлхийг тойрон хөгжлийн нууцыг олохоор аян замдаа гарч байхдаа, капитализм гэж юу болохыг бүрэн ойлгоогүй, ах, эгч нарын зааснаар ардчилал гэж эндүүрч байв.
Демокраси гэх 2000 жилийн өмнөх Грекийн засаглалын нэр томьёог Демо-ардын, краси-засаглал гэж худлаа тайлбарлан, Ардчилал гэж орчуулж болохгүйг судлаач Болор ах надад тайлбарлаж өгөхөд, олон зүйлийн учир тайлагдсан юм.

Нээрээ, тэр дээр үед хаанаасаа ардын засаглал байх вэ дээ.

Тухайн үеийн боол эзэмшигч ноёд буюу Демо нар, төр атгаж буй удам дамждаг вант (Хаант) засаглалаа унагахын тулд зохиосон тогтолцоо байсныг түүхийг нь судлаад ойлгосон.
Гурван зуу гаруй жилийн өмнө Европт техник, аж үйлдвэрийн хөгжил, хар тос, нүүрсний хэрэглээг дагаад, Хөрөнгөтнүүд гэдэг шинэ, хүчирхэг нийгмийн бүлэг буй болжээ. Тэд хуучны, удам дамждаг Вант(манайхаар Хаан) болон ноёдын засаглалыг нурааж, өөрсдөө төрийн тамга атгахын тулд Демокраси бол ардчилал гэдэг худал онолыг олон түмэнд түгээгээд, ардын нэртэй хувьсгалуудыг санхүүжүүлж, төрийн эргэлтүүдийг зохион байгуулаад, Дэлхийг атгах замд оржээ.
Хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж тунхагладаг ч, хөрөнгөтэй эсвэл түүний цүнх баригчид л сонгуульд нь орж, ялах боломжтойг капитализмын түүхэн замнал, АНУ-ын төрийн бүтэц, манай сүүлийн 26 жилийн үйл явдлаас харж болно.
Хөрөнгөтний тогтолцоо буюу капитализмыг Казино-той зүйрлэх хэрэгтэй.
Тансаг сайхан үнэртэй, тохилог гоё орчинд ирсэн зочин өөрийгөө баян, жаргаж буй хүнд тооцон, насан туршдаа мартахааргүй гоё дурсамжтай болдог ч, эцсийн дүндээ казиногийн эзэн хожиж, зочин өрөнд орон, ядуугийн туйл руу хөөгддөг. Эсвэл хонгилийн үзүүрт буй гэрэл мэт Казиногийн гэрлээ дагадаг.
Хөрөнгөтний тогтолцооны өрийн дарамтад орсон улсуудын амьдрал ямар болдгийг Африк, Латин Америк, Азийн олон оронд харж байсан бол нийтээрээ өрөнд орсон Монголдоо үүнийг мэдэрч байна.
Зөвхөн мөнгөтэй хүн л ноёлдог ардчилал гэж бид буруу орчуулсан хөрөнгөтний тогтолцоонд сэхээтэн, мэргэжилтнүүд төр, засагтаа зүтгэх арга байхгүй. Цалингаараа амьдардаг тэдэнд өндөр өртөгтэй сонгуульд оролцох их хэмжээний мөнгө, хүмүүст худлаа хэлэх амлалт хаанаасаа байх вээ.
Капиталистууд “Демокраси”, “Ардчилал” гэх нэрсийг ашиглан, 300 гаруй жил тогтвортой үргэлжлүүлж байгаа, зохион байгуулалттай дээрэм болохоор байгалийн их баялагтай улсуудын удирдлага хээл хахуульд автан, барьцаалагдаж, гаднын мөнгөнд үйлчлэн ард иргэдээ өрөнд бариулах нь нийтлэг ажиглагдсан.
Мөнгөний төлөө бие, сэтгэл, нэр, төр, улс орноо зарах нь хөрөнгөтний тогтолцооны нийтлэг шинж болохыг 88 улсыг судлаад мэдлээ. Найруулга, сценаритай олон улсын ажиллагаа болохоор эсрэг зогсох амаргүй, гэхдээ боломжтой.
Мөнгөтэй, эсвэл их мөнгөний ивээлтэй хүмүүс л төрийн тамга атгадаг тогтолцоо болохоор улсаа зардаг урвагчид, ядарсан иргэдээсээ луйварддаг хулгайчид, их мөнгөний утсан хүүхэлдэйнүүд л төрийн тамга атгаж, хулгай дээрэм, тонуулаа хийнэ.
Ерээд онд гаднын тархи угаалгад автаж, эдийн шунал туссан, хүмүүжлийн доголдолтой хэсэг ах эгч нар, богино хугацаанд хөрөнгөжихийн тулд Демократ үзлийг ардчилал гэж буруу орчуулан Монголдоо дэлгэрүүлж, юу ч мэдэхгүй залуусыг турхиран, төрийн эргэлт хийсэн байдаг.

Ууг нь бид Ардчилсан тогтолцоог 1924 онд шашинт төрийг халаад байгуулсан шүү дээ. Түүхэн бүх номуудад байгаа. Ардчилсан социалист буюу Ард түмнээс сонгогдсон мэргэжилтнүүд нийгэмд тустай бодлого явуулна гэж.
Аав, ээж, эмээ өвөө нар 50 жил нойр хоолгүй хөдөлмөрлөж, Бямба гарагийн “Хагас сайн” гэж нэрлэтэл зүтгэж буй болгосон их бүтээн байгуулалт, баялгийг ах эгч нарын үеийн хулгайчдын нэгдүгээр ээлжийнхэн тавхан жилийн дотор үрэн таран хийж, улс орноо дампууруулан, ард иргэдээ гуйлгачин, цагаач, байгаль эхийгээ үнэлэгч болгосон.
Хүн бүр төрд ажиллах эрхтэй гэдэг халхавчаар, 1994 оноос хулгайч, дээрэмчид өөрсдийнөө гар хөл бологсдыг Төр, Засагт оруулж, гар хөлөө мэргэжлийн салбар бүрд шургуулан, хорин долоохон жилийн дотор олон мянган жил өвөг дээдэс маань амь насаараа хамгаалж ирсэн байгаль, газар нутгаа лиценз нэрээр гаднынханд зарж, улс орныхоо ирээдүйг өөрсдийнхөө тансаг амьдралынхаа төлөөст барьцаалсан.
Ардчилсан хөрөнгөтний тогтолцооны шилжилтийн үе ийм байдаг юм гэж луйварчид Монголчуудын тархийг угааснаас болж, шилжилтийг дуусахыг бүх нийтээрээ хүлээсээр.
Ямар ч мэдлэг, боловсролгүй даргын хүүхэд, ах, дүү, хамаатан садан, цүнх баригч, мөнгөөр албан тушаал авагчид Монгол Үндэстний мэргэжлийн салбаруудын орой дээр гарах ямар аюултай болохыг бүх салбарын доголдол харуулж байна.
Дэлхий судлаачийн хувьд хэлэхэд, хөрөнгөтний тогтолцоонд хувьсгал, төрийн эргэлтүүд тогтмол гардаг шалтгаан нь ардчилсан гэх худал нэртэй сонгууль нь төрийн босгыг унагаж, хялбар баяжихын шунал туссан, мэдлэг, боловсролгүй хар мөртэй этгээдүүд, Төрийн мөнгөний төлөө хоорондоо алалцдаг явдлаас үүдэлтэй.
AMI_5441
АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС ХААНА БАЙНА АА?
Тэнгэр шүтээнт, нүүдэлчдийн өнө эртний соёл иргэншлийн бүх хугацаанд хамгийн хол нутагт мөрөө гаргаж, тусгаар улсынхаа далбааг мандуулан, амьд ахуйдаа нэрээ түүхэн шастирт мөнхөлсөн,
12 жилийн хүнд даяанчиллын хугацаанд 86 улсыг туулан судалж, 21-р зууны эхэн үеийн хүмүүн төрөлхтний амьдралын тухай фото зураг, тайлбартай 24 000 ширхэг Монгол бадарчин 6 боть номыг Монголчууддаа түгээсэн,
Дэлхийн хамгийн аюултай, дайн дажинтай арав, хорин нутгийг ганцаараа туулж, Монгол эр хүний эр, зориг, тэсвэр, тэвчээр, мэдлэг чадварын шинэ хязгаарыг Дэлхийд нотолсон,
Улс, орон, ард түмнийхээ өмнө гүйцэтгэсэн ажлуудаараа Төрийн болон төрийн бус арав гаруй салбарын өмнө байгаагүй дээд амжилтыг тогтоон, энгэр дүүрэн одон, медалиар шагнуулсан,
Хүмүүн төрөлхтний долоон тэрбум хүмүүн дунд хамгийн их юм үзэж, нүд тайлсан цөөн хүний нэг болж, ШУА-ийн олон улс судлалын профессор цол хүртсэн,
Африк судлалыг Монголд үндэслэгч, олон улсын харилцааны дээд мэргэжилтэн, соёл, аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан, боловсролын салбарт Дэлхий судлалын шинэ хуудас нээсэн, мэргэжсэн боловсон хүчин Бат овогтын Жамбалсүрэн профессорын хүү Золбаяр буюу Амай би, өөрийн мэдлэг туршлага, олон төслүүдээ Төр, Засагтаа зориулъя гэж, сүүлийн арван жилийн хугацаанд бүх Ерөнхийлөгчид, Ерөнхий Сайдууд, Гадаад харилцаа, Аялал жуулчлал, Боловсрол, Соёлын Сайдуудад хандсан боловч хариугүй, өдий хүрсэн байна.
Ардчилсан хөрөнгөтний тогтолцооны 26 жилийн хугацаанд Төр засгийн удирдлагад гарсан ах эгч нарын олонх нь хувийн бизнес, өөрийн ашиг хонжооны төлөө амьдарч явсан намтартай байдаг. Тэд, ашгийн бус “Нийгмийн ажил” хийж үзээгүй, ач тус, үр өгөөжийг нь мэддэггүй болохоор ойлгодоггүй, тиймээс дэмждэггүй.
Соёл, Аялал жуулчлалыг үсрэнгүй хөгжүүлэх бодлогыг боловсруулахын тулд дэлхийн олон зуун, өөр өөр соёл иргэншлийн амьдрал, өв уламжлал, түүх, аялал жуулчлалтай нь танилцаж, Монголдоо хэрэгтэй гэсэн бүхнийг авч ирсэн боловч, цүнх баригчид бүх шатанд шигдэнэ суусан хөрөнгөтний тогтолцооны энэ үед, мэдлэг, боловсрол, туршлагын ач тусыг мэдэхгүй тэд өөрийн амьдралаа сайжруулах арга зам хайн, мэргэжилтнүүдийн салбартаа гүйцэтгэх ажлыг боож сууна.
Дэлхийн хэмжээний түүхэн ажлын ачааллаас болж хүнд өвдөн, группд орж, өвчин шаналалд унах үед Монгол Бадарчин төслөө 12 жил хэрэгжүүлэхийн тулд эргэн тойрноос зээлсэн таван зуу гаруй сая төгрөгийн өр, эмчилгээний их зардалтай нүүр тулж, эрүүл мэндээ золиослон байж улс орондоо гүйцэтгэсэн гавьяаг үнэлж өгсөн энгэр дүүрэн одон, медаль өнөөдрийг хүртэл ганц ч эм авахад туслаагүй байна.
Өөрийн бүхнээс татгалзаж, бясалгал, судалгаа хийдэг бадарчны төөргийг дагасан болохоор ашиг хайж, эд хогшил цуглуулаагүй би, гэр бүл, дотнын хүмүүсийн дэмжлэгээр хүнд цаг үеийг туулсаар.
Амьдралынхаа хагасыг улс, ард түмэндээ зориулж, түүхэнд үлдэх ажил гүйцэтгэсэн хүн, их хэмжээний өрөнд орж, эрүүл мэндийн шалтгаанаас болж, өдөр тутмаа хүнд авч явж байхад, Улс ард түмнээ зарсан хулгайч нар, тэдний үр хүүхэд нь гадаадад, мөнгөө хийх газаргүй тансаг сайхан жаргаж байгааг хараад, уурандаа хашхирмаар санагдаж байна.
Ах эгч нарын заримын бүтээсэн ийм шударга бус нийгмийн манай үеийнхэн дүү нартаа өвлүүлэнэ гэж үү?
Явсан хүнээс үг сонс 2

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.