IMG_8210

2008 оны 5 сарын 28

Монгол Бадарчин 1-р аян. 40 дахь төр.

Бүгд Найрамдах Либери улсын Логуату хилийн гарам

Иргэний дайнтай Кот Девуа улсын аюултай бүсийг айдас түгшүүртэй ч хохиролгүй давж, пулемёт бууны хошуу өөдөөс онилсон 40 дахь улс Либерийн хил дээр хүрлээ.

Тус улсын хилийн цэргийн албаныхан НҮБ-ийн энхийг сахиулагчдын хамт намайг тосч, бичиг баримт шалгаад, цүнх нэгжих болов.

-Миний паспорт дээр “Албаны” гэж бичсэн байгааг харж байна уу? гэж ногоон паспортоо үзүүлээд англиар хэлсэн ч нэмэр болсонгүй.

Дайны дараах онцгой байдалтай үеийн улсад албаны хүмүүс ингэх нь зөв.IMG_8219

Хаалга цонхгүй, шавар амбааран өрөөний голын ширээн дээр цүнх тавиулаад, “Дотрох зүйлсийг нэг бүрчлэн гарга!” гэж цэргийн хүн англи хэлний тушаах хэлбэрээр хэллээ. Цүнхэн дотор онцын сонирхолтой, эсвэл аюултай зүйл байхгүй болохыг хараад байцаагч өрөө рүүгээ дуудаж,

“Хаанаас ирсэн?”

“Ямар мэргэжилтэй?”

“Цэргийн алба хаасан уу?” гэх зэрэг нөгөө л асуултуудыг нүд рүү харан асууж, хэрхэн хариулж байгааг ажиглалаа.

Монголын хилийн цэргийн удам, сэхээтний хүү, гадаад харилцааны мэргэжилтэн залуу төрөл бүрийн төрийн бүтэцтэй, өөр өөр нөхцөл байдалтай олон улсыг ганцаараа туулсан болохоор дөч дахь улсын хилийнхэнтэй учраа төвөггүй олж, дараагийн газар нутаг дээр Монгол хүний мөр гаргаж, тусгаар улсынхаа далбааг мандуулах боломжтой боллоо.

IMG_8212

Хязгааргүй аян замын дараагийн нэг улс, Бүгд Найрамдах Либери улсын талаар юу мэддэг тухайгаа бодлоо.

Нийт 111 000 гаруй км газар нутагтай Либери нь манай Дорноговь аймагтай ойролцоо хэмжээтэй. 3.5 сая гаруй хүн амтай, ерөнхийлөгчийн засаглалтай энэ улсад өөр өөр газрын төрөл бүрийн ёс заншилтай хүмүүс нэгэн дор нэгдэж, ардчилсан хөрөнгөтний тогтолцоо сонгоод амьдарч байгаа болохоор, анх бий болсон цагаас хойш үймээн самуун, иргэний дайнууд зогсолтгүй үргэлжилсээр иржээ.

Африк тивийн Францын колони байсан улсуудын иргэд нь францаар ярьж, тус соёл иргэншлийн амьдралын хэв маягаар амьдарч байна. Португалийн колони байсан улсууд, Испанийн колони байсан улсууд бас ялгаагүй эзлэн түрэмгийлэгч улсынхаа шашныг эхэлж дагаад, улмаар хэл соёлыг нь дуурайж, хараат болсон байна.

Харин одоо Америкт боолчлогдож байгаад, чөлөөлөгдөж, уугуул Африк тивдээ ирсэн, хар арьст цагаач хүмүүсийн эзлэн бүтээсэн, Харуудын колони улсад ирлээ. Далбаа нь түүхээ илэрхийнэ.

Будаг шохой нь гандаж сүйрсэн нэг давхар шавар байшингуудтай хилийг даваад, холгүй орших НҮБ-ын энхийг сахиулагчдын анги дээр нь очлоо. Бүрэн зэвсэглэсэн үүдний жижүүр цэргээс ахлаж байгаа хүнтэй нь уулзуулж өгөхийг англи хэлээр хүсэв.

Либери улсын нийслэл Монровиа хотод алба хааж байгаа Энхцог, Чинзориг хоёр энхийг сахиулагч офицертэй урьдчилан утсаар холбогдсон болохоор тэдэн дээр хэрхэн хүрч болохыг НҮБ-ийн төлөөний газраас асуухаар шийдсэн нь энэ.

Боломж гарвал нисдэг тэргээр намайг хил дээрээс авна гэж тэд хэлсэн болохоор хариу догдлон хүлээж байв.

IMG_8214

Аймшигтай иргэний дайны дараах уршгийг мэдэрч байгаа улсад үйл ажиллагаа явуулна гэдэг амаргүй байх гэж НҮБ-ын энхийг сахиулах ангийн даргатай уулзах үед бодогдов. Кот Девуа улсад хоёр ч удаа Бангладешийн цэргийн анги дээр өртөөлж, тэднээс тусламж авсан болохоор энэ удаа бас дэмжих байх гэтэл тэрээр туслах боломжгүй байна гэдгээ шууд хэллээ.

Баруун хойд Африкийн хар бараан төрхтэй нутгийн хүмүүсийн дунд хөрслөг бор царайтай Өмнөд Азийн Бангладеш хүмүүс нэг их сондгойрч харагдахгүй байна. Бас цаг агаар адил, халуун бүгчим болохоор Бангичууд энд дасан зохицох гэж төвөг болдоггүй бололтой. Харин би ганцаараа цайвар арьстай болохоор бусдаас өөр харагдаж, тосгоны хүмүүс над руу нүд салгахгүй ширтэнэ.

IMG_8215

НҮБ-ын 60 жилийн ойн баяр Баруун хойд Африкийн энэ нутгаар өнгөрч байх үетэй таарсан болохоор Либери улсын зүүн хил дээр байрласан Бангладеш улсын энхийг сахиулагчид нутгийн иргэдтэй волейболын тэмцээн зохиож буйг харж хэсэг зогслоо.

Бид өөрсдийгөө чонон сүрэгтэй зүүрлэдэг. Манай залуус гадуур биеэ авч явахдаа “араатан” шинжтэй байдаг. Хаяа “сүргийн азаргаа” буруу сонгож алддаг ч цаг нь тулахаар хамгийн зохион байгуулалттай болдог хүмүүн сүрэг билээ.

Харин Бангладеш залуусыг харахад, хүмүүн дүрстийн араатны төрөл гэж би лав хэлэхгүй. Магадгүй мах, сүүг хүнсэндээ бага хэрэглэж, бидэн шиг эрс тэс цаг агаарын бэрхшээлийг “араатны сүргийн” дунд туулдаггүй болохоор ийм байх. Дараа Бангладеш улсад зочлохдоо энэ хүмүүсийг нутаг дээр нь судлаад юу анзаарснаа бичнэ ээ.

IMG_8223

Цаг оройтож, харанхуйд замд гарах аюултай санагдсан тул холгүй орших нэг давхар шавар барилгатай, тосгоны зочид буудалд орлоо. Хуучны ТВ, видео кассет тоглуулагч, систем хөгжим үүдэндээ байршуулсан буудлын хүлээн авах дээр өрөөнийхөө мөнгөө төлөөд, олон дахин цөмлөсөн хаалгатай, халтар даавуу дэвссэн нэг ортой өрөөндөө орж, унтлагын уутаа дэлгээд, амрахаар хэвтлээ.

Иргэний дайнтай улсын босогчдын нутгийг давсан хүнд адармаатай өдөр байв. Дэлхийн хамгийн аюултай, дайны гал дүрэлзэж буй нутгуудыг туулж чадаж байгаадаа өөрөөрөө бахархаж, дараагийн хүнд бэрх замаа төсөөлөн тааз харан хэвтэж байгаад нэг мэдэхэд тас унтсан байв.

Хав харанхуйд гэнэт сэрлээ. Хоёр хүн хаалганы цаана кориола гэдэг англи хэлний африк нутгийн аялгуугаар Монголиа гэдэг үгийг өгүүлбэрийн дундуураа хэлснийг унтаж байхдаа хальт сонссон болохоор сэржээ.

-Mongol is not sleeping! Монгол унтаагүй байна шүү! гэж эршүүд чанга хоолойгоор хэлэхэд нөгөө хоёрын яриа зогсож, нам гүм болов. Хөшиг гэх жижиг даавуугаар хаасан, шил торгүй цонх (нүх), хадаас хадаад нугалсан хаалганы цоожтой нэг давхрын зочид буудлын өрөөнд сонор сэрэмжээ алдаж болохгүйгээ дахин саналаа.

Галт зэвсэг, аймшигт хүчирхийлэл дэгдсэн олон гаралтны Либери улсад хэдийгээр энэ цаг үед дайн дууссан гэх боловч, дайны дараах хор уршиг арилах яагаа ч үгүй байгааг мэдээнээс уншиж байв.

Хөнөөлт өвчин тараадаг шумууланд хазуулахаас эмээж, хагас зүйрмэглэж унтлаа.

Монровиа дахь Монголчууд дээрээ очоод монгол хэлээрээ ярих ямар сайхан байх бол оо гэж төсөөлөн бодож, зүүдэлж байтал тосгоны тахиа донгодож, үүр цайсныг мэдэгдэв. Хагас нойрмог өглөөг угтсан удаа анхных биш.

Сьерра Леоны манай цэргийн анги дээрээ очоод нэг сайн амарч, тайван унтана даа гэж бодов.

IMG_8229

Өвөл болдоггүй энэ нутагт зарим ус нь элдэв өвчин тээгчидтэй болохоор хамаагүй нүүр гар, шүдээ угаахаас зайлсхийх хэрэгтэй .

Унтаж байгаад боссон хэвээрээ буудлаас гарч, баруун зүг явах унаа хайхаар тосгоны төвд очив.

IMG_8230Жижиг худалдаа эрхэлдэг наймаачид, гудамжны цайны газар ажиллуулдаг лангуу, хийх юмаа олж ядсан тосгоны хүмүүсийн хажууд суугаад өглөөний цайгаа уув. Ийм нутагт хоолны чанар, ариун цэврийн тухай ойлголт бараг үгүй болохоор бичихээ азная даа.

IMG_8231

Францын колони улсуудад хуучны Пежё машинууд таксинд явж байсан бол энд хуучин япон машинууд хот хооронд хүмүүсийг зөөдөг юм байна. Шар өнгөөр будсан хоёр таксин дээр очоод Монровиа, эсвэл ойрын том хот руу явах унаа байгааг асуутал, машинд хүмүүс дүүрвэл баруун зүг хөдөлнө гэж тэд хариуллаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүмүүс цуглахгүй бол маргааш бас энд унаа явахыг хүлээж өнжинө гэсэн үг.

Зарим сууринд долоо хоног унаа хүлээсэн туршлага байгаа болохоор хил дээр удаан гацалгүй, замын дагуу алхаж, баруун зүг явах унаанд гар өргөж дайгдахаар шийдлээ.

Галт зэвсэг, гэмт хэрэг хяналтаас гарсан учир олон улсын цэргүүд энд ирж, хуягт техниктэй энхийг сахиулж байгааг мартаж болохгүй.

Тосгоны захад хүрээд халуун нарны дор унаа хүлээж хэсэг байтал, “Полис” буюу “цагдаа” гэсэн бичигтэй улаан, цагаан өнгийн НҮБ-ын Ниссан жийп машин намайг өнгөрөөд хэсэг явснаа огцом зогслоо.

IMG_8232

НҮБ-ын онцгой бүсийн цагдан сэргийлэх нь дайн дажин, иргэний дайн гарсан улсын дотоодын асуудалд нэг их оролцолгүй, НҮБ-ын энхийг сахиулагчид дүрэм журмаа хэрхэн сахиж байгааг хянадаг тусгай алба юм. Энхийг сахиулагчид гэдэг төрөл бүрийн улс орны өөр өөр орчинд өссөн, зэвсэглэсэн хүмүүс харь нутагт ажил үүргээ янз бүрээр гүйцэтгэдэг болохоор цагдаа гэдэг тусдаа алба ажиллуулж байгаа нь энэ. НҮБ гэдэг том газрын нэр хүндийг хамгаална гэдэг чухал ажил шүү дээ.

Дүрэмт хувцастай хүмүүсийн машины араас очиход Төв Африкийн бараан арьст цэргийн офицер цонхоо нээгээд, намайг хаанаас яваа болохыг асуув. Монгол гэдгийг сонсоод ихэд сонирхож, машиндаа суухыг урилаа. Дэлхийн улс орнуудын цэргийн албаны сургалтанд Эзэн хааны түүх, Монголчуудын дайны ухааныг хичээлийн хөтөлбөртөө судалдаг болохоор намайг Монгол гэж мэдсэн гаднын цэргийнхэн ихэд сонирхож дотно танилцахыг хүсдэг юм.

Сүүлийн хэдэн улсад НҮБ-ын машин техникийг анхааралтай ажиглалаа. Герман, америк, солонгос, орос машин бараг харагдахгүй. НҮБ-д Тоёота болон Ниссан үйлдвэрүүд хамгийн олон тооны машин техникээ нийлүүлдэг юм байна.

Харин НҮБ агаарын тээврийн үйлчилгээндээ бидний өөлөөд байдаг Зөвлөлт Оросын Ми8 нисдэг тэргийг элбэг хэрэглэж байна. Энхийг сахиулагчдын амь настай холбоотой ажилд сонгогдсон болохоор чанар сайн байдаг биз.

IMG_8234

-Би Гана улсаас энд ирж алба хааж байгаа НҮБ-ын цагдаа офицер. Манай олон улсын байгууллагын хууль дүрмэнд онцгой үүрэг гүйцэтгэж буй нутагт гаднын, зөвшөөрөлгүй хүмүүсийг унаанд суулгахыг хориглодог юм. Гэхдээ аюултай бүсэд зам дээр ганцаараа зогсож буй чамайг орхиж чадсангүй. Бид нэг их хол явахгүй, гэхдээ дөхүүлье гэж урд суугаа, дарга нь бололтой хүмүүн хэллээ.

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг шиг НҮБ-ын цагдаагийн машинд суугаад явахад, замд таардаг цэрэг цагдаагийн шалганууд биднийг төвөггүй нэвтрүүлж эхлэв.

IMG_8236

Ширэнгэн ойн хаяанд байрлах нэгэн тосгоны гудам руу НҮБ-ын энхийг сахиулагчдын, пулемёт буу тогтоосон машин орж байгааг хараад араас нь явлаа. Тэд юу хийж байгааг шалгаж байгаа бололтой.

Тосгоны амьдралыг ажиглахад өмнө үзэж байсан Африкийн тосгонуудаас нэг их ялгагдах зүйл үгүй санагдав. Гагцхүү тусгаар улс болсон цагаасаа хэд хэдэн иргэний дайныг туулсан болохоор энэ улсын иргэд нь эелдэг зөөлөн, зарим талаараа айдастай болсон мэт санагдлаа.

IMG_8241

Дараагийн тосгон руу явах замд голын эрэг дээр нутгийн эмэгтэйчүүд угаалга хийж байгаатай таарав. Нэг эмэгтэй аяга тавгаа голд угааж байхад хажуугийн хүүхэн нь доодхоо цэвэрлэж, бусад нь хувцас хунараа голдоо угааж, бас усанд орж байв.

Эд нар голын усаа ингэж бохирдуулж байгаа бол голын эхэнд байгаа хүмүүс бас ингэдэг гэсэн үг. Бидэн шиг гол руу хир, цус, сүү хүргэж болохгүй гэдэг цээрийг дагадаггүй болохоор ус нь их бохир байдаг болов уу гэж санагдлаа.

Манайх шиг хээрийн голын уснаас аваад цай хоол хийдэг нутаг маш ховор юм аа.

IMG_8245

Бид явсаар дараагийн тосгонд цагдаа нар үлдэх болж, би олон улсын энхийг сахиулагчидтай хамт хоол идээд, Бангладешийн энхийг сахиулагчдын Банбат 15 цэргийн ангийн энэ тосгонд зохион байгуулж буй хүмүүнлэг, соёл урлагийн ажилтай танилцлаа.

IMG_8249

Тосгоны хүүүхдүүдийн дунд зургийн тэмцээн зарласан бололтой. Цэргийн бааз дотор брезент дэвсээд хүүхдүүдэд бал, өнгийн харандаа, цаас тараагаад хүссэн сэдвээр зураг зур гэсэн байна. Нутгийн хүүхдүүдийн сэтгэлгээг ойлгохын тулд зурж буй зургуудыг нь харж, заримынх нь дүрсийг хадгаллаа.

IMG_8260

Намайг бага байхад арав орчим насны хүүхдүүд гол төлөв сансар огторгүйд нисч буй сансрын нисгэгч, хязгааргүй хээр талд давхиж буй морьтон, баригдаж буй хотын зураг зурдаг байв. Харин эндхийн хүүхдүүд буу зэвсэгтэй хүмүүс, НҮБ-ын энхийг сахиулагчид, Либери улсад энх тайван хэрэгтэй гэсэн уриатай зургууд олныг зуржээ.

IMG_8261

Тосгоны төв зам руу очиж, унаа хүлээн зогсож байхдаа “Хүйсийн дарангуйлал бол бүх хүмүүсийн асуудал” гэсэн самбар харлаа. Энэ нутагт эрчүүд нь эмэгтэйчүүдээ зоддог байх гэсэн ойлголтыг самбар дээрх зураг надад өглөө.

IMG_8269

Хуучны тоёота машины жолоочтой үнэ тохироод дараагийн тосгон руу явахдаа замын дагуу алхаж буй хүмүүс олныг харав. Мөнгөгүй болоод энэ хол алхдаг байх.

IMG_8272

Гэнэт засмал зам дуусч, ширэнгэн ойн дундуур шороон замаар давхиж эхлэхэд манайх шиг зам барилгын ажил дахь “цавчаанаас” болсон биз гэж бодов.

Дараагийн сууринд хүрээд, НҮБ-ын албаны хүнээс нийслэл хүрэхэд туслах боломж байна уу? гэж асуухад, унаа гаргах боломжгүйгээ тайлбарлаад, надад хоол хүнс өгөхийг цэргүүддээ тушаав.

IMG_8281

Миний хийж буй аяллын тухай тэрээр сонсоод, -Явсан замаа тэмдэглэж, дурсамж болгон үлдээнэ үү? гэж ханан дээрх газрын зурагаа заав.

IMG_8282

Агаар сэрүүцүүлэгчтэй цэргийн ангийн өрөөнд, сайн цэнэг аваад, эргээд халуун Африкийн, галт зэвсэг тархсан, аюулт шумуултай гудамж руу гарлаа.

НҮБ-ын энэ суурингийн энхийг сахиулагчид 60 жилийн ойн баяраа тэмдэглэж, нутгийн иргэдтэй хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байгааг сонсоод очиж үзэв.

IMG_8295

Би хэдийгээр хөл бөмбөгийн дагагч, сонирхогч биш ч гэлээ энэ спорт бол эв нэгдэл, энх тайвны билиг тэмдэг гэж боддог. Харин энд ирээд анх удаа бүрэн тоноглогдсон цэргийн хамгаалалтын дор уг арга хэмжээ зохион байгуулагдаж байгааг харлаа.

IMG_8301

Хөлбөмбөгийн хоёр багт амжилт хүсч, тоглолтыг нь үзэхээр дарга нар бололтой хүмүүс иржээ. Тэдний асрын хажууд суугаад хөлбөмбөгийн тоглолтыг орчноос нь мэдрэв.

Тоглолт сайхан явж байтал гэнэт багийн хоёр гишүүний хооронд асуудал гарч, тэр нь багийн бүх гишүүд болон үзэгчдийг хоёр хуваалаа. Талбай дээр зодоон шахуу юм эхлэв. Нэг тосгоныхон бага балчраасаа хамт өссөн болохоор хэн нь ахлагч, хэн нь “гоожуур” гэдгээ аль хэдийнээ мэдсэн байдаг. Харин энд нэг баг нь өөр тосгоноос ирсэн болохоор тэднийг нутгархаж байгаа байх гэж санагдав.

Буу зэвсэг барьсан, энэ нутгийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн Бангладешийн энхийг сахиулагчид ямар үйлдэл хийх бол оо? гэж ажиглатал хэн нь ч хөдөлсөнгүй. Манайхан байсан бол энэ арга хэмжээнээс хамаагүй өмнө нутгийнхнаас хэн нь “овгор”, хэн нь хүчтэй нь гэдгийг аль хэдийнээ судлаад, асуудал гарсан энэ цаг үед аль цэг дээр дарахаа мэдэх байсан болов уу.

Ардчилсан, замбараагүй байдал тогтсон улсад байдал ийм байх аж. Ах захын үг сургааль хамаагүй, ёс журам хэрэггүй, хүн бүр хүссэнээрээ.

Спортын арга хэмжээ тэгсхийгээд зогссон болохоор би эргэж НҮБ-ын хашаа руу явж, майхнаа зоох газар хайлаа. Хамгаалалтын хашаан дДотор оруулах боломжгүй гэсэн тул үүдний харуулын хараан дор майхнаа зоогоод байж байтал нутгийн хүмүүс хажууд ирж баярлан хөөрөлдөв.

IMG_8306

Нэгнээс нь яагаад баярлаад байгааг асуутал,

-Манайд жуулчид харагддаг болж байгаа нь сайн хэрэг. Ажлын байр, орлого нэмэгдэнэ гэлээ.

-Жуулчид ирдэг болж байна гэдэг дайн дуусч амар амгалан ирж байна гэсэн үг гэж өөр нэг хүмүүн нэмлээ.

Энэ хавийн хүмүүсийн зургийг дарахлаар дандаа баяр баясгалантай дүр үлдээгээд байсны учрыг сая л нэг ойлголоо. Би энэ нутгаар аялагчийн цүнхээ үүрээд явж байгаа нь нутгийн хүмүүст итгэл найдвар өгч байгаа хэрэг юм байна.

Шөнө дундын борооны үед хажуу айлын эздээс нь гуйж байгаад үүдний тавцаны дор майхнаа зөөж хонолоо.

IMG_8308

Өглөө босоод майхнаа хурааж, зам дагуу алхаж байгаад өмнөх өдрийн цагдаатай таарч, дахин дайгдав.

НҮБ олон төслүүдийг тосгон бүрт хэрэгжүүлдэг болохыг хажуугаар өнгөрч буй зам дээрх самбаруудаас харж болж байна. Удаан хугацааны дайнд нэрвэгдсэн улсад ард иргэд нь биеэ дааж амьдралаа авч явах чадвараа алддаг юм байна.

IMG_8311

“Либери Либерчуудад” гэсэн АНУ-ын USAID байгууллагын самбар өнгөрлөө.

IMG_8323

“Тахир дутуу гэдэг боломжгүй гэсэн үг биш” гэсэн самбар ч байна.

IMG_8322

“Хээл хахууль сургалтын чанарыг алдагдуулна” гэсэн утгатай самбар дээр дунд сургуулийн сурагч охин багшдаа хахууль өгөөд зөв хариултыг шалгалтын үеэр бөглөж байгаа зураг байна. Эдгээр нь бүс нутгийн гол асуудлууд нь бололтой.

IMG_8324

НҮБ-ийн унаанаас бууж, зам дагуу хэсэг алхаж байтал банан ачсан хуучны ачааны машин зогсч, намайг ачаан дээр гарахыг хүслээ. Надтай хамт нутгийн залуус бас явж байсан болохоор зургаа даруулъя гэж хүсээд дуранг өөрлүүгээ харуулаад дарав. Хүний нүд амьдралыг нь харуулдаг болохоор аймшигт иргэний дайны золиос болсон хүмүүсийн харцыг өөрийн зургийн сандаа хадгалж авлаа.

IMG_8328

Ачааны машин өөр зүг эргэж би замын тосгон дээр буув. Тосгоны хүүхдүүдийн зургийг дарахдаа нэгнийх нь гэдэс цөндийсөн байхыг анзаарав. Бохирын уршиг байх.

IMG_8338

Тус сууринг орхин зам дагуу алхаж байгаад, дайнд нэрвэгдсэн эсвэл байгалийн гамшигт өртсөн улс орны ард иргэдэд хоол хүнс хүргэж тусалдаг Дэлхийн хүнсний төсөл байгууллагын ачааны тэргэнд дайгдав.

IMG_8352

Зам дагуу хогондоо дарагдсан хэд хэдэн сууринг өнгөрч, ачааны тэрэг хүрэх газраа ирээд, жолооч нь надад сайн яваарай гэж захилаа.

IMG_8364

Шар таксинд хүмүүсийн хамт чихэлдэн сууж, баруун зүг аян замаа үргэлжлүүллээ. “Христийн шашны ертөнцийн эзэн миний өмнө үүдийг нээж орхисон, тиймээс хэн ч хааж чадахгүй” “Тайвшир Ертөнцийн эзэн бүхнийг хяналтандаа байлгаж байгаа” гэсэн наалтуудыг жолооч урдаа наасан байгааг хараад, эргэн тойрны нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа тухай бодлоо.

IMG_8366

Би явсаар арай хийж Либери улсын нийслэл Монровия хотод хүрч, манай энхийг сахиулагчидтай холбоо барьж уулзав.

Байрлаж буй гэрт нь зочилж, монгол малын махаар хийсэн будаатай хуурга зооглохдоо, Монголын амар амгаланг мэдэрлээ.

IMG_8372

Манай хоёртой зогсолтгүй Монголоороо яриад баймаар санагдсан ч, өөрийгөө хязгаарлалаа.

Монровиад ирээд Либери улс үүссэн түүхээс нь нилээд зүйлийг олж мэдлээ.

IMG_8254

АНУ-ын иргэний дайнд Нью Йорк төвтэй Янки гэх хойд нутгийнхан ялж, АНУ-д боолчлолыг хоригложээ.

Африк тивээс гавалж аваачсан хар арьст боолуудыг чөлөөлж, цагаан хүмүүстэй мөр зэрэгцэн амьдруулах болсон шийдвэрийг эсэргүүцэж байсан хуучны боол эзэмшигчид, “Эрх чөлөөтэй болсон хар хүмүүс өш хонзон авна, төрөл хоорондын дайн өднө, эсвэл цагаан хүмүүстэй холилдож цус бузарлана” гэж айгаад, Либери төслийг эхлүүлжээ.

“Америкийн колоничлолын нийгэмлэг” гэдэг нэртэй газрын гол зорилго бол АНУ-д байгаа эрх чөлөөтэй болсон хар африкчуудад “Эх нутаг Африк тив руу гаа буцаж, эрх чөлөөтэй сайхан амьдрая!” гэдэг санааг суулгаж, улмаар олон тооны хар хүмүүсийг АНУ-ын газар нутгаас явуулах ажил юм.

Америк тивд хэдэн үе төрж, амьдарсан, Африк нэрээс цааш юу ч мэдэхгүй, удам судар, угсаа ч гэх зүйл байхгүй, англиар ярьдаг, эрх чөлөөтэй боловч боол сэтгэлгээтэй хүмүүст энэ үлгэр гоё санагдаж, Африк руу зарим нь цагаачилжээ.

Тухайн цагийн хамгийн хурдан хөгжиж байсан залуу улсад төрж өссөн хүмүүс жад, нум сум барьсан соёл иргэншлийн орчин, дайснаа идэж өш хонзон авдаг хүмүүн төрлүүдийн дунд буугаад айсан нь тодорхой байх.

Эрх чөлөөний тухай үлгэр тийм ч сайхан байгаагүй нь мэдээж.

IMG_8264

Цагаан хүмүүсийн орчинд өсч, боловсорсон, христийн соёлоос маш сайн суралцсан, тусгай бэлтгэгдсэн хар хүмүүсийн тусламжтайгаар Африк тивд өөрийн колони улс бий болгож, ашиг сонирхлоо бүс нутагт түгээх нь Либери төслийн бас нэг зорилго байсан болов уу.

1822 онд Америкаас Африк тив рүү явахыг хүссэн харуудын эхний усан онгоц Сьерра Леоны хажууханд, Европынханд эзлэгдээгүй, олон тооны омгууд амьдардаг нутагт буужээ. Тухайн үедээ нийт хүн амын хоёрхон хувийг эзэлдэг байсан Америк цагаач хүмүүс богинохон хугацаанд Африк тивийн анхны харуудын байгуулсан колони улсыг бий болгов.

АНУ-аас чөлөөлөгдөж ирсэн тэд нутгийн уугуул хүмүүстэй их муухай харьцдаг байсан гэж уншиж байсан. Төрж өссөн орчин нь тийм байсан юм чинь шинэ амьдралаа өөрөөр эхлүүлнэ гэж мэдэхгүй шүү дээ.

АНУ-аас ирсэн Либеричуудын засаглалаас залхсан нутгийн Кран омгийн Доу гэх офицер 1980 онд төрийн эргэлт хийж, улсын Ерөнхийлөгчийн чихийг өөрөөр нь идүүлж, алж байгаа дүрсийг ТВ-ээр цацжээ.

Ардчилал ярьсан Доу төрийн толгой дээр гармагцаа өөрийн овог аймгийн  хүмүүст төрийн бүх том албан тушаалуудыг өгснөөс болж бусад овог аймгийнхан эсэргүүцэж, 1989 онд эхний иргэний дайн эхэлсэн байна.

Доу 1990 онд алуулав. Уг хувьсгалыг хийж Доу-г цаазалсан босогчдын бүлэг өөрөө дотроо хуваагдаж, эрх мэдлийн төлөөх дайн хийснээс болж 1989-1996 оны хооронд 200 000 гаруй хүн амиа алдаж, сая хүн байршлаа сольж дүрвэжээ. Эхний дайн дуусч, дараагийн сонгогдсон Ерөнхийлөгч нь дарангуйлагч болж, хажуугийн Сиерра Леоны алмаз чулууг авахын тулд босогчдыг ивээн тэтгэж, иргэний дайны галыг хөрш улсад дүрэлзүүлжээ.

IMG_8263

1999 онд хоёр дугаар иргэний дайн эхэлж, 2003 оны 7 сард босогчид Монровиа руу дайран, 2003 оны 8 сард Тэйлор албан тушаалаа өгч, Нигери руу оргон зайлжээ.

Үүний дараа UNMIL гэх НҮБ-ын Либери дахь үйл ажиллагаа эхэлж, тус улсын бодлогыг НҮБ хариуцаж, одоо болтол энхийг сахиулж байгаа юм байна.

Манайд хэрэгжүүлээд арван хэдэн жил болж байгаа “Ардчилсан хөрөнгөтний” засаглалын муу тал нь, хэн баян байна, тэр нь боловсрол, чадвараас үл хамааран төрийн тамга атгаж, өндөр албан тушаалд сууна.

Мөнгөтэй хүн л сонгогддог төрийн тамга атгаж үзэх гэсэн хүмүүсийн шуналаас үүдэн Африк тивийн ихэнх улсад иргэний дайны гал огт унтардаггүй юм байна.

Лондон төвтэй Их Британий вант улс анх Ардчилсан хөрөнгөтний тогтолцоог бүтээж, ашигласнаар улсаа илүү хүчирхэг гүрэн болгожээ. Тэд тусгаар тогтнолын дайнд ялж, Английн вангийн мэдлээс гарсан Америкчуудыг банкны тогтолцоо, зээл гэдэг өрийн гинжний тусламжтай одоог болтол удирдсаар байгаа.

АНУ нь ЗХУ-ын нөлөөгөөр бага зэрэг социалист хандлагатай болсон ч мөнгөтэй хүн, эсвэл мөнгөтэй хүний төлөөлөгч төрийг удирдах тамгыг атгана гэдэг ардчилсан хөрөнгөтний сонгуулиа одоог болтол хийсээр.

Ардчилсан хөрөнгөтний тогтолцоог Африкт хэрэгжүүлээд ямар үр дагварт хүрснийг хараад, хэрвээ бид Ардчилал гэж дутуу нэрлэсэн Ардчилсан хөрөнгөтний тогтолцоогоо солихгүй бол энэ бүсэд болж буй үйл явдлууд манайд бас ойрын ирээдүйд болж мэдэх юм гэдгийг ойлголоо.

IMG_8255

1 person has left a comment

#1

Кран омгийн Доу гэх офицер 1980 онд төрийн эргэлт хийж, улсын Ерөнхийлөгчийн чихийг өөрөөр нь идүүлж, алж байгаа дүрсийг ТВ-ээр цацжээ.

1990 онд Доу офицерийг тэгсэн юм биш үү.

The 1980 Liberian coup d’état happened on April 12, 1980, when President William Tolbert was overthrown and murdered in a violent coup. The coup was staged by an indigenous Liberian faction of the Armed Forces of Liberia (AFL) under the command of Master Sergeant Samuel Doe. Following a period of transition Doe ruled the country throughout the 1980s until his murder on 9 September 1990 during the First Liberian Civil War.

ERA wrote on 2020/05/22 - 16:01
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.