IMG_8592

2008 оны 6 сарын 10

Монгол Бадарчин 1-р аян. 55 дахь төр.

Сьерра Леон Улсын нийслэл Фрийтаун хот.

Мами Ёоки нисдэг тэрэгний буудал.

Баруун хойд Африкийн Либери улсад алба хашиж байгаа энхийг сахиулагч Энхцог, Чинзориг хоёр офицерийн тусламжтайгаар Монрови хотоос НҮБ-ын нисдэг тэргээр дараагийн улс Сьерра Леон явахаар цүнхээ баглаж, манай хоёроор нисэх буудал хүргүүлэв.

IMG_8587

Монголын Энхийг сахиулагчидтай уулзаж байж НҮБ-ын албан ёсны сэтгүүлчийн үнэмлэх авлаа. Түүний тусламжтайгаар НҮБ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрх, НҮБ-ын нисдэг тэргээр нисэх боломж, НҮБ үйл ажиллагаа явуулж буй газар аюулгүй байдлаа сахиулах боломж надад нээгдэж байгаа юм.

Надад чин сэтгэлээсээ тусалсан манай хоёрт баярлалаа.Онцгой байдлын үеийн тусгай нисдэг тэргээр Сьерра Леон явахыг зөвшөөрсөн, НҮБ-аас надад өгсөн албан бичгийг үүдний хамгаалалтад үзүүлж, бүртгүүлээд, хүлээлгийн өрөөнд орлоо. Надаас гадна хэдэн хүн бас уг нисдэг тэргээр явахаар хүлээж байна. Тэд ТВ-ээр АНУ-ын сонгуулийн мэдээг нүд салгахгүй анхааралтай үзэж, дэмжиж буй хүнийхээ талаар бусадтайгаа ярилцаж байлаа.

IMG_8591

Либери улсыг АНУ-аас цагаачилж ирсэн хүмүүс бүтээсэн болохоор АНУ-ын дотоодын үйл явдал Либерид маш их анхаарал татаж, ярианы гол сэдэв болдог юм байна.

Мөдхөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама гэх Африкийн Кени улсаас гаралтай хар арьстай хүн өрсөлдөнө. Ялах магадлал өндөр байгааг хараад Либеричууд чин сэтгэлээсээ догдолж байлаа. Зөвхөн Либерид төдийгүй миний туулж өнгөрсөн бусад Африкийн орнуудад бас хар арьст Африкийн уугуул Дэлхийн хамгийн хүчирхэг, олон үндэстний холбооны улсын жолоог атгаж, тамгыг нь барих гэж байгааг хараад баярлаж буй нь анзаарагдсан.

Харамсалтай нь ардчилсан хөрөнгөтний сонгууль гэдэг нь нэгд: Хөрөнгөтэй хүмүүсийн дунд явагддаг сонгууль, хоёрт: Хэн нь хамгийн сайн “том том” ярьж, олныг дагуулж чадна, тэр нь ялдаг тогтолцоо болохоор юу ч өөрчлөгдөхгүй.

Обама сонгогдох нь Либерид ямар ч хамаагүй гэдгийг эртхэн ухаарч, амьдралаа босгохоор ажилдаа гарсан нь дээр гэж энэ бүсийн олон хүмүүнд хэлмээр санагдсан шүү. Олон ангит ТВ шоу үзэж байгаа юм шиг өдөр бүр сонгуулийн нэг сенсацийг хэлэлцдэг байдал энэ бүс нутагт арай хэтэрчээ.

IMG_8602

Нислэг зарлагдаж, бүгдээрээ ачаагаа аваад талбай руу гарав. НҮБ гэсэн тод бичигтэй цагаан өнгийн МИ8 нисдэг тэрэг биднийг хүргэж өгөхөөр хүлээж байлаа.

Манайд Ми8-ууд хэд хэдэн удаа осолдсоны  дараа энэ хөлөгт итгэх итгэл буурсан байсан юм. Гэтэл Дэлхийн хамгийн том бөгөөд мөнгөтэй байгууллага энэ хөлгөөр тээврээ шийдэж байгааг хараад гайхлаа. Магадгүй шахаа хийж байгаа гээд ах, эгч нарын үеийн хэдэн хүн хуучирсан найдваргүй нисдэг тэрэг нийлүүлж, Монголчуудаа хохироосон байж магадгүй л юм.

Хэдэн цаасны төлөө…

“Монголын Нэг Өдөр” гэдэг зураг нүүдэлчдийн амьдралын нэг өдрийг маш сонирхолтой шийдлээр нэг зурганд багтааж харуулсан байдаг. Харин би “Дэлхийн Нэг Өдөр” гэдэг фото ном гаргаж, хүмүүн төрөлхтний нэгэн үеийн амьдралыг фото зургийн цуглуулгаар харуулахыг хичээж явна. Хаашаа ч явж үзээгүй жирийн малчин залуу уг номыг нээгээд миний үзсэн сонин хачин бүхнийг миний дурангаар үзнэ.

Бас хойч үеийнхэндээ, энэ цаг үеийн амьдралын тухай зураг тайлбартай танин мэдэхүйн толь болгон үлдээхээр ажиллаж байна.

Уг номын тээврийн хэрэгслүүд гэдэг бүлгийн агаарын тээвэр гэдэг хэсэгт, хорин нэгдүгээр зууны эхэн үед хүмүүн төрөлхтний хэрэглэж байсан нисдэг тээврийн хэрэгслийн дүрсийг оруулахаар зургийг нь дарлаа.

Нисдэг тэргэнд ороход, том хэмжээтэй чихэвч өгөв.

IMG_8595

Хоёр нисгэгчийн ажлын байр, нисдэг тэрэгний ачааны хэсгийн зургийн хамт дарж хадгалав. Жирийн Монгол залуу миний номоос нисдэг тэрэгний дотор ямар байдгийг хараад мэдэж аваг.

IMG_8597

Үүдэн дээр нь кирилл оросоор заавар бичсэн байгааг уншиж бүрэн ойлгосон чинь их гоё дотно санагдлаа. Хаа нэг газар Монгол үгээ олж харахсан.

IMG_8598

Бид төд удалгүй агаарт хөөрч, би Монровиа хотыг агаараас харж, хэдэн зураг дарж хадгаллаа. Хорин жилийн дараа тэс өөр болно шүү дээ.

IMG_8615

Зуун жил өнгөрөхөд?

Мянган жил өнгөрөхөд?

2003 онд дууссан иргэний дайны дараа НҮБ энд UNMIL үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Либерид нэлээд удах төлөвлөгөөтэй байгааг НҮБ-ын хангамжийн баазын зургийг агаараас дараад бодлоо.

IMG_8616

Нисдэг тэрэг баруун зүг Атлантын тэнгисийн эргийн дагуу нисч байх үед, доогуур өнгөрөх Либери болон Сьерра Леон улсуудын уугуул омгууд хэрхэн аж төрж буйг агаараас харж, зургандаа хадгаллаа. Анзаараад байхад энэ нутгийнхан бидэн шиг тал газар тосгон, суурингаа барихгүй байна. Гол төлөв ширэнгэн ойтой, мод бутаар хаагдсан нууцлаг газруудыг сонгодог бололтой.

IMG_8630

Бид далайн эргийн газар дээгүүр нисч байгаад, Сьерра Леоны нутаг руу ороод далайн дээгүүр нисэж эхлэв. Бодвол нөхцөл байдал илүү аюултай байх.

Чихэвчтэй ч гэсэн маш шуугиантай нисдэг тэргэнд дараагийн улс руу явж байхдаа ирээдүйгээ хэсэг бодов.

Хэзээ нэгэн өдөр миний аялал дуусаж, би гэртээ хариад аль нэгэн албан газар тогтмол ажил хийж, өдөр бүр нэг хэвийн хэмнэлтэй болно. Тэр үед энэ цаг үеэ санахад ямар байх бол оо?

Дэлхийн хамгийн аюултай бүсүүдийг эр зориг гарган туулж байснаа санаад аялах тухай мөрөөдсөөр байх болов уу? эсвэл дахиад хаашаа ч явахгүй, хөдөө хээр Монгол гэрт амьдарна гэх болов уу?

Баруун хойд Африк тивийн урд эргийн дагуу ниссээр 41 дахь төр, Сьерра Леон улсын нийслэл Фрийтаун гэх хотын жижиг онгоцны буудал дээр газардлаа.

IMG_8652

Фрийтаун хотыг агаараас харахад, Либерийн нийслэлтэй төстэй, жижиг, буурай хөгжилтэй газар шиг санагдана.

IMG_8648

Дэлхийг судлах ажлаа дуусгаад гэртээ хариад, сууж үзсэн бүх тээврийн хэрэгслийн зургийн цуглуулгадаа НҮБ-ийн нисдэг тэргийг оруулах болсондоо маш их баяртай байв.

IMG_8653

Нисдэг тэрэгнээс буух үед манай энхийг сахиулагч хоёр залуу намайг тосож, холгүй хүлээж байгааг хараад нүднээс нулимс гарах гэж хурлаа. Цор ганцаараа энэ хэдэн жил явахдаа, хаа нэг улсад анх буухад хэн нэг нь намайг тосоосой гэж мөрөөдөж байсан маань биеллээ.

IMG_8656

Монгол эр хүн сул талаа үзүүлдэггүй тул манай хоёр руу алхах явцдаа нулимсаа гялс сэврээж амжлаа. Цэргийн даргын удмын залуу нулимсаа бусдад харуулж яав ч болохгүй шүү дээ.

Монгол хүмүүсээ ямар их санав аа…

Цэргийн багийн ротын захирагч, хошууч Болдбаатар, ахмад Отгонцэрэн гэдэг хоёр офицер над дээр ирж ёслоод,

-Монголын энхийг сахиулагчдын Нарлаг бааз дээр тавтай морил! гэж аялгуут сайхан Монгол хэлний цэргийн өнгөөр хэлэх үед, дахин дахин сонсоод л баймаар дотно санагдав.

Цаана нь ачааны тэрэгтэй Монгол залуус бас байна.

Цагаан өнгийн UN (НҮБ) гэсэн бичигтэй жийп машинд сууж, хөдлөх үед урд суугаа цувааны ахлагч төвтэйгээ холбогдож, явж буй байрлалаа нууц үгээр мэдэгдэж эхэллээ.

DSC00744

-Энэ бүхэн надтай болоод байна уу? Эсвэл зүүд үү? гэж Африк тивийн төвд олон Монголчуудаа хараад дотроо бодов.

Яг л кинонд орсон юм шиг эргэн тойрон итгэмээргүй сонин болж орхив. Африкийн нэгэн хотын төвөөр бүрэн зэвсэглэсэн манай залуус намайг аюулт бүсээс авч гараад, аюулгүй өртөөн дээр хүргэх гэж тусгай үйл ажиллагаа явуулж байна. Миний төлөө энэ бүх юм болж байгаа гэж бодохоор итгэмээргүй ч юм шиг.

Ачааны тэрэгтэй цэргүүд манай машиныг хамгаалж ард явна.

Гэв гэнэт сэтгэл хөөрөөд, бас тайвшраад эхлэв…

Нэгэн дор эсрэг тэсрэг мэдрэмжүүд илэрсэн болохоор яг яагаад байгаагаа ойлгосонгүй. Ийм тохиолдлыг амьдралдаа анх удаа мэдэрсэн болохоор тайлбарлах амаргүй.

Өнгөрсөн хэдэн жил тогтмол айдас түгшүүртэй явлаа.

Ялангуяа сүүлийн жилийн хугацаанд хэд хэдэн удаа иргэний дайны уршигтай, аюултай бүсүүдийг ганцаараа туулж, сэтгэл санааны маш хүнд дарамтуудыг хүртлээ.

Тиймээс сэтгэлийн амар амгаланг олж, оюунаа амраах газар бол манай өртөө.

Африк тивд хамгийн олон Монголчуудтай, Сьерра Леоны нийслэл Фрийтаун дахь Нарлаг баазын үүдэнд дөхөхөд хамгаалтанд зогсож байсан дүү нар удирдлагатайгаа ёслоод, над руу харан -Та сайн явж байна уу? гэж цэргийн ёсоор мэндэлж, инээмсэглэн асуулаа.

-“Сайн сайн, яваад л байна” гэж хариулахдаа өөрийгөө ямар хэлээр яриад байна аа гэж бодов. Байнга хэл соёлоо солиод байвал сүүлд ийм болдог юм байна.

Египет дахь манай ЭСЯ-с гараад 24 орон туулж, 1 жил хагасын дараа “Монголынхоо газар нутаг” дээр дахин ирлээ.

Намайг Нарлаг бааз дээр ирснийг тохиолдуулан бүх бүрэлдэхүүнээрээ жагсаал хийж, Онцгой дарга:

114_0790

-Манай Монголын түүхэнд хамгийн хол бөгөөд аюултай замыг туулж яваа Бат овогт Жамбалсүрэнгийн Золбаяр Амай маань манай анги дээр ирээд байна. Аян замаа амжилттай үргэлжлүүлж байгаад нь бүгдээрээ баяр хүргэе! гэхэд бүх залуус алга ташиж, дотно хүлээн авлаа.

114_0792

Дайн дажин, аюулт нөхцөл байдлыг биеэрээ туулж, манай өртөөн дээр арай гэж хүрсэн болохоор, манай зэвсэгт хүчний хамгаалтан дор сэтгэл тайвширч амар амгаланд мэдэрч эхэллээ…

IMG_9100

Энд түр амраад, дахиад л замдаа гарна….

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.