IMG_4129
2008 оны 11 сарын 17
Монгол Бадарчин 1-р аян. 49 дахь төр.
Испанийн Вант улсын нийслэл Мадрид хот.

Африк тивийг эргийн дагуу тойрсоор, Баруун урд Европын Испанийн газар нутагт ирээд 12 хонолоо.
Европын Холбооны Улсуудын Шингэний визийг хоёр сар хагасын өмнө, Баруун хойд Африкийн Мавритани улсад байхдаа авсан. Тэр цагаас хойш Испанийн Канарын арлууд болон Мароккогийн вант улсыг туулж, Испани улсад ирсэн болохоор, хүчинтэй хугацаа нь 11 хоногийн дараа дуусна.
Өглөө эрт, Мадрид хотын төвд амьдардаг гадаад найзынхаасаа хотын газрын зургийг нь авч гараад, Испани улсын Гадаад иргэд хариуцсан газар “Имигрейшн” очиж, виз дуусахаас өмнө сунгуулахаар шийдлээ.Нэг хүнээс лавлахад, Дотоод хэргийн яам нь үүнийг хариуцдаг гэсэн болохоор тэнд очиж асуув. Албаны хүмүүс нь надад өөр хаяг зааж өглөө. Төрийн албаны хүмүүс нь бие биен рүүгээ явуулсаар, Мадрид хотын төвтэй дахин сайн танилцаж авав.

Энэ улсын аялал жуулчлал хариуцсан албаны хүмүүс, гаднын жуулчид визээ хаана, хэрхэн сунгуулдаг болохыг мэдэхгүй байна.
-Чи цагдаагийн газар оч гэж албаны нэг хүн нь надад хэлэв
-Цагдаа виз сунгадаг юм уу? гэж баталгаа болгож асуухад,
-Тийм! гэж хэнэг ч үгүй хариуллаа.
Энэ хүртэл туулсан тавиад улсад, цагдаа виз сунгаж байхыг хараагүй. Визний асуудал нь ихэвчлэн Гадаад харилцааны яам, тагнуулын газарт харьяалагдаж байсан. Гэхдээ Испанийн Вант Улсын албаны хүний үг болохоор итгээд Мадрид хотын цагдаагийн газрын жуулчдын хэрэг эрхлэх албанд очоод яах ёстойгоо асуутал:
-Байж бай! гэж үүдэнд цаг гаруй хүлээлгэсний дараа
-Бид энд виз сунгадаггүй юм байна. Элчин сайдын яамнаасаа асуу! гэв.
-Би Монгол улсын иргэн. Манай улсын элчин сайдын яам энэ улсад байхгүй. Консулын газар ч үгүй. Тэглээ ч, Испанийн төрийн алба визийг сунгах эрх эдлэх ёстой шүү дээ гэхэд
-Аан за. Бид шалгая гэж яваад, удалгүй буцаж ирснээ
-Танай өргөмжит консулын газар Барселон хотод байдаг юм байна гэв.
-Тэр чинь манай Элчин сайдын яам биш. Өргөмжит консул гэж Испани хүн байгаа.
-Ямарваа нэгэн улсын Өргөмжит консул нь хариуцаж буй улсынхаа иргэдэд туслах, асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллээр хангах ёстой байдаг юм гэж тус ажилтан надад зааварчилж, хурдан салахын түүс болов.

IMG_4123
Мадрид гэх том хотын тав зургаан газраар явсан ч үр дүнд хүрэлгүй, маш их ядарсан болохоор, Каталони хүмүүс амьдардаг зүүн эргийн Барселон хот руу яаралтай хөдөлж, Өргөмжит консулын газраасаа яах тухай асуухаар шийдлээ.
Найзындаа ирж цүнхээ баглаад, намайг гэртээ хүлээн авсанд талархаж, замдаа гарав.

Европт эргэж ирсэн үеэс хууль сахиулахын хүмүүс миний бичиг баримтыг тогтмол шалгаж байна. Испани болон Европын Холбооны Улсууд гадаадын хууль бус цагаачидтай тэмцэх ажлыг хүчтэй өрнүүлж байгаа бололтой.

Гурван жилийн өмнө Европын улсуудаар аялах үед ингэж шалгаж байгаагүй. Магадгүй анх аян замд гарахдаа цэвэр цэмцгэр, ганган хувцасласан жуулчин төрхтэй байсан болохоор нэг их анхаарал татаагүй байх. Харин одоо Африк тивээс ирсэн, газар газрын элдэв хувцас хольж өмссөн би содон харагдаж байгаа болохоор шалгуулаад байгаа болов уу.
Африк тивд, замын унаанд дайгдаж явах тал дээр их амар байсан. Хаяа иргэний дайны голомтыг туулах хэрэг гарч байсан ч, замын унаа барьж болж байсан. Харин Европ тивд ирснээс хойш замын унаанд дайгдах тухай бодохоо больсон. Танихгүй хүнээс эмээдэг нийгэмд ирсэн болохоор зам дээр зогсож цаг алдахын нэмэр.
Автобусны төв буудалд хүрч, орон нутгийн тээврийн хувиарыг харж байгаад, Барселон орох шөнийн унааны тасалбар авав. Шөнө автобусанд унтаад, өглөө Барселон хүрвэл нэг өдрийн зочид буудлын зардлаа хэмнэнэ.
Европын нийтийн тээвэр, хоол унд нь сүүлд аялсан улсуудаас дөрөв, тав дахин үнэтэй байна. Яаж ийм өндөр өртөгтэй нөхцөлд амьдардаг байна аа?
Сар бүр хүлээн авдаг бага төсвөөрөө өндөр өртөгтэй Европыг туулах амаргүй.
Автобусны буудлын хүлээлгийн сандал дээр хэдэн цаг суухдаа, “Зүгээр сууснаас зүлгэж суу” гээд зөөврийн компьютероо асааж, www.amai.mn блогийн тэмдэглэлүүдээ үргэлжлүүлэн бичив.

IMG_4311
Шөнө унаандаа сууж зүүн зүг хөдлөөд, үүрийн 6 цагийн үед Барселон хотын автобусны төв буудалд хүрлээ. Испани хэлгүй, очих хаяггүй миний хувьд, манай Өргөмжит консулын газар л ганц гэрэл минь байв.
Хэдэн жил өдөр шөнөгүй явж, шинэ, сонин хачин бүхнийг судалж байгаа болохоор маш их ядарч буйгаа мэдэрч байна. Аян зам ийм хүнд байхыг гарахаасаа өмнө огт төсөөлсөнгүй. Виз, мөнгө, хоол, унд, зэвсэгт дээрэмчдэд санаа зовохгүй, хаа нэг газар сар ч болов амьдарч, үзсэн ойлгосон бүхнээ дахин тунгааж, сайн амраад авах юм сан гэж өдөр бүр бодно.
Гэртээ амьдрах ямар сайхан байв аа…
Автобуснаас буугаад, Европын хуучны хотод Өргөмжит консулын газраа арай гэж оллоо. Манай консулын газар төвөөс холгүй, орон сууцны байрны 1-р давхарт (Испани тооллоор 0 давхар) байрлаж байна.

консул
Орон сууцны байрны үүд нь цоожтой, хаалганы хажуух ханан дээр орцонд амьдардаг айлуудтай холбогдох хонхны товчлуурууд харагдана. Уг орцонд арван хэдэн айл байдаг бололтой.
Хонхны товчлууртай самбарын дээр хоёр байгууллагын хаяг байна.
“Испани дахь Монгол Улсын консулын газар” гэсэн хаяг дээр өөр мэдээлэл алга. Бид Испани улсад консулын газартай болсон юм болов уу? эсвэл өргөмжит консулын газар хаягаа буруу бичсэн юм болов уу? гэж уг хаягийг уншаад бодлоо. Уул нь “Honorary consulate of Mongolia” гэж бичих ёстой санагдах юм.
Монголын консулын газар гэдэг хаягны дор “Нүүдэлчид рүү Аялах” гэсэн нэртэй жуулчны компанийн хаяг, утасны дугаар, ажиллах цагийн хуваарийн хамт байна.
Хоёр самбарыг хараад, -Хувийн байгууллага гэж ийм сүрхий, хүмүүстэй харьцаж, үйлчилгээгээ өргөжүүлэхийн тулд ажиллаж байна. Харин манай төрийн байгууллага эсрэгээрээ… гэж харьцуулан бодлоо.
Хүмүүс нь хэдэн цагт ирэх нь мэдэгдэхгүй, намайг хүлээж авах нь тодорхойгүй байв. Уул нь Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан бичигтэй яваа юм сан. Өмнө, Канарын арал дээр байхдаа хоёр ч удаа имэйл явуулсан боловч эндээс ямар ч хариу байгаагүй юм.
Үүрээр, ажил цуглахаас өмнө ирсэн болохоор гадаа хүлээж даарахгүй гээд, орц руу орж буй хүнийг даган дотогш нэвтрэв. Өргөмжит консулын үүдэнд “Монголын Өргөмжит консулын газар” гэж испаниар бичсэн байсан ч Монголоор хаягласан хэсэгт “өргөмжит” гэдэг үгийг дутуу оруулснаас болж би будлисныг ойлголоо.
Харин Монгол бичгээр “Монгол Улс” гэж хаягаа хагас дутуу оруулсан байсанд дургүй хүрэв. Далбааны суурь нь байсан ч Алтан соёмбот далбаа харагдсангүй.

IMG_4325
Байруудын дундах талбай руу харсан өргөмжит консулын газрын үүдний шатан дээр цүнхээ тавиад, дулаанаа алдахгүй гэж өвдгөө тэврэн суув. Дөнгөж Африкаас ирсэн, зуны хувцастай байсан болохоор даарч байгаад нэг л мэдэхэд унтчихав.
-Хөөе, Хөөе! гэж дуудаж байгаа сонсогдоно. Толгойгоо өндийлгөтөл хоёр испани охин:
-Бид дотогшоо орох гэсэн юм! гэж ууртай хэллээ.
Би үүдний өмнөх шатан дээр суугаагаараа унтсанаа ойлгож, уучлалт хүсээд
-Сайн байна уу? Та нар консулын ажилчид уу?
-Тийм байна.
-Би Монголоос дэлхийг судалж яваа юм аа. Өргөмжит Консул хэдэн цагийн үед ирэх бол? гэж хаалгаа тайлж байх үед нь асуутал,
-Мэдэхгүй, чи энд байх ёсгүй, урьдчилан утсаар ярьж байж, ирж уулздаг юм. Дөрөв дэх өдөр л бид Монголчуудыг хүлээн авдаг. Утсаар залгаж байж ир гэж маш бүдүүлэг, дээрэнгүй харьцаагаар хариуллаа.
-Би дөнгөж сая буудлаас ирсэн болохоор энд хүлээж байсан юм. Уул нь захиа урьдчилж бичсэн ч хариу ирээгүй. Консултай хэдийд уулзаж болох юм бол?
-Би дахин хэлье, утсаар ярих ёстой.
-За, гэхдээ би одоо энд сууж байна, гараад гудамжны утсаар ийшээ залгавал ямар өөрчлөлт гарах юм бэ? гэж соёлтойгоор асуув.
Тэд өрөөгөө янзалж, цонхоо нээгээд, намайг дотогш орууллаа. Жижиг өрөөний нэг талд Монголын далбаа, дурсгалын зүйлс, харин нөгөө талд Азийн орнууд руу аялах сурталчилгаанууд харагдана. Өрөөний зургийг дартал, ажлын хүүхэн хориглож, камерын зургуудыг харж байгаад устгууллаа. Энэ газар нь манай консул гэхээсээ илүү аялал жуулчлалын компани шиг байв.
-Ямар хэргээр яваа юм бэ? гэж тэрээр асуув
-Миний шенгений виз дуусаж байна. Тиймээс Монгол улсыг Испани улсад төлөөлж буй Өргөмжит Консултай уулзаж, асуудлыг хэрхэн шийдэж болох талаар асууж, бас Испани дахь Монголын өргөмжит консулын газартай танилцах гэсэн юм гэлээ.
Би энэ охины гэрт нь зочлоод асуулт тавьж цагийг нь гарздаагүй, Монгол Улсын Өргөмжит консул дээрээ ирж, шаардлагатай зүйлсээ лавламаар байгаа болохоор дээрээс доош харсан дээрэнгүй харц надад огт таалагдахгүй байв.
-Чи паспортаа өг дөө! гээд миний паспортыг хувилж аваад, овог нэр, хаяг, утас асуусан хүснэгт бөглөхийг хүсэв. Уг анкетын доод хэсэгт ямар асуудлаар Консулын газар ирснээ бичих гэтэл
-Зүгээрээ би бөглөөд бичье. Чи имэйлээ үлдээгээрэй, хэдийд цаг гарна тэр өдөр мэдэгдье гээд, баяртай ч байхгүй, консулын газраас намайг үдлээ.
-Уучлаарай, өөрийн чинь нэр хэн юм бэ? Би орж ирэхдээ өөрийгөө танилцуулсан, харин таны нэрийг мэдэхгүй байна гэж маш соёлтойгоор асуутал
-Бид байгууллагынхаа ажилчдын нэрийг нууцалдаг юм гэв.
-Нууцалдаг аа?
Миний паспортын хуулбар, цаас бөглүүлж авсан шалтгаан нь Гадаад Хэргийн Яаманд тайлагнахдаа. -Бид нийтдээ тэдэн зуун Монгол хүнийг хүлээн авч, ийм тооны асуудлыг шийдсэн гэж худал тайлан илгээхэд хэрэгтэй байдаг болов уу гэж бодлоо.
Харь нутагт асуудалд орсон Монголчуудыг хүлээн авч, туслах ёстой манай улсыг төлөөлдөг Өргөмжит консулын газар, бидэнтэй ийм соёлгүй, дээрэнгүй харьцаж байгааг хараад уур хүрэв. Египетийн Элчин сайдын яамнаас хойш 32 улс, 2 жил хагасын дараа Монгол улсын албан ёсны газраа ирсэн, албаны ногоон паспорттай хүнтэй иймэрхүү харьцаж байна.
Уул нь Монголын хишиг хүртэж, амьдралаа авч явдаг хүмүүс байж Монголчуудтай ингэж харьцаж байгаа нь яав ч мартаж болохгүй асуудал.
Аяны хугацаанд олон төрлийн улс орны Элчин сайдын яам, төлөөлөгчийн газруудаар явж үзсэн боловч Испани улсын Барселонд байдаг Өргөмжит консулын газар шиг бүдүүлэг газар хараагүй юм байна.
Гаднын хүмүүс манай Өргөмжит консул болж, виз болон бусад үйл ажиллагааны орлогыг авахын тулд манай төрийн хүмүүстэй тохироо хийдэг гэж сонсож байсан. Тэдэндээ л цавчаагаа төлсөн бол бусад Монголчууд хамаагүй гэдэг бодлоор хандаж байгаа юм болов уу?
Монголын төлөө зүтгэнэ гэсэн хирнээ Монголчуудаа тоодоггүй ийм хүмүүст яах гэж Өргөмжит консулын газрын эрх, тамгыг өгдөг байна аа? Манай гадаад харилцааны сүүдэртэй тал нь энэ болов уу.
“Их санасан газар есөн шөнө хоосон”
Бүхэл бүтэн хоёр жил хагас, гучин хоёр орны дараа Монголын албан ёсны газраа ирлээ гэж баярласан чинь Монгол хүн шиг хэрэггүй зүйл энд алга даа.
Монголчууд байнга очсоор байгаад залхаасан гэдэгт итгэхгүй байна. Энэ бүс нутагт цөөхөн Монголчууд амьдардаг гэсэн.
Нэгэнт хол зам туулж, Барселон хотод ирсэн болохоор Өргөмжит консултай уулзаад авахыг бодов.
Консулын газраас гараад Барселон хотод ирснээ интернетэд мэдэгдтэл, Энхбаатар найз маань энд сурдаг танилтайгаа холбон өгч, эндхийн Монгол айлд түр байлгахаар болов.

IMG_4341
Испанид амьдардаг Түмбаяр ахын гэрт зочлоод, эргэн тойрныг анзаарахад, энэ айл интернетээр Монгол ТВ-үүдээ үзэж, Монгол хоолоо идэж, Монголдоо байгаа юм шиг гэр орноо тохижуулан амьдардаг юм байна.
Зочин ирсэн гээд Оюунчимэг эгч сүүтэй цайгаар дайлж, бууз жигнэж өглөө.
Монгол хоолоо ямар их санав аа.
Түмбаяр ахынх хоёр хүүгийнхээ хамт энэ улсад ирээд, ажил хийж амьдарч байгаа юм байна.
Хоолоо идэж дуустал өөр нэг Монгол айл урьсан гээд тэднийх рүү явцгаалаа. Бас л интернетээр монгол киногоо үзсэн, Монгол хоолоо идсэн, ам бүл олуулаа амар амгалан амьдарч байна.
Өглөө хотын түүх дурсгалт газруудыг үзэхээр Амараа дүүг дагуулан гарлаа.

DSC02565Хоттой танилцаад гэртээ ирэхэд эгч цуйван хийсэн хүлээж байв. Монголчууд дээрээ байх ямар сайхан юм бэ гэж бодов

Маргааш өглөө нь Өргөмжит консул хүлээн авах боломжтой байна гэсэн имэйл ирлээ. Пүрэв гаригийн хэлсэн цагт очтол, нөгөө л хүйтэн харцтай охин тосч, -Түр хүлээж бай, консул одоо ирнэ гэж захирангуй хэллээ.
Би Африкт байхад нутгийн хүмүүс намайг хүн гэдэг талаас маш дотно хүлээн авч байлаа. Харин Европт ирснээс хойш дээрээс доош хардаг хүйтэн харилцаа угтдаг болов.

IMG_4382
Төд удалгүй 35 орчим насны Өргөмжит консул Сержи Вега ирлээ.
Монгол ёсыг дагасан уу, эсвэл миний вэб хуудсыг үзсэн үү, халуун цайгаар дайлж, дотно хүлээж авлаа. Монгол залуу дэлхийг тойрч байгаад тэрээр ихэд гайхана.
-Би Европт хөл тавиад удаагүй байна, миний шенгений визний хугацаа дуусахад хэдхэн хоног үлдсэн. Цааш үргэлжлүүлэн нилээд олон орноор аялах төлөвлөгөөтэй байгаа учир визээ сунгуулахад тусалж өгнө үү? гэж Өргөмжит консулоос хүслээ.
Тэрээр хэн нэгэнтэй утсаар ярьсны дараа -Буцаад Мадрид яв, аль эсвэл Барселон дахь Францын Элчин сайдын яамнаас шинэ виз хүс гэж зөвлөв.
Испани улсад Монгол улсыг төлөөлж буй Өргөмжит консулын зөвлөсний дагуу Барселонд буй Франц улсын Элчин сайдын яамыг олж, виз хүстэл, -Шингэний улсууд дотор байгаа нөхцөлд шинэ виз өгөх боломжгүй, Мадрид явж асуу гэж хариуллаа.
Манай хүн буруу мэдээлэл надад өгч, гадуур баахан явуулжээ.

IMG_4471
Өргөмжит консултай уулзсан талаар сүүлд танилцсан Монголчуудад ярьтал:
-Испани улсад Монголын Элчин сайдын яам байхгүй тул яалт ч үгүй тус Өргөмжит консулын газрыг царайчлах хэрэг гардаг. Барселон, Мадрид хотуудад нийт дөч тавь орчим Монголчууд байгаа. Бидэнд ямарваа нэгэн асуудал гарах юм бол Өргөмжит консулын газар очоод нэмэргүй. Их муухай харьцдаг. Биднийг хүлээн авахдаа бизнес хийдэг, ганц тамга даруулах хэрэг гарах үед 20 евро, эсвэл 50 евро гэж санаанаасаа, ямар ч үндэслэлгүй төлбөр авдаг. Хэрвээ гаднын хүнд виз хөөцөлдөж байна гэж хэлээд орох юм бол гэнэт сайн хүн болдог гэж энд үйл ажиллагаа явуулдаг Өргөмжит консулын газрын тухай мэдээ хүргэлээ.
-Өргөмжит консул Монгол улсын виз өгдөг гэж үү?
-Тийм, тэрээр Монголын өргөмжит консулын газрыг хариуцаж, хажуугаар өөрийнхөө аялал жуулчлалын бизнесээ “хавчуулдаг”. Эндээс Монголын виз авахад 400 евро төлдөг гэсэн.
-400 еврогийн виз гэж үү? Арай худлаа байлгүй дээ?
-Энэ консулын газар бидний эрх ашгийн төлөө ажилладаггүй. Гагцхүү Испаниас Монгол руу явж буй жуулчдад үнэтэй визээ борлуулж, жуулчныхаа компаниа үйлчилгээнд нь шахдаг. Монголын Гадаад хэргийн яаманд энэ Өргөмжит консулыг даадаг хүн байдаг гэсэн. Тэгээд л ийм дураараа байгаа юм.
-Та нар энэ талаар Гадаад хэргийн яаманд мэдэгдэж болдоггүй юм уу?
-Биднийг тоож сонсох хүн тэнд байх биш.
Монгол Улсын Өргөмжит консулын газар нэртэй үйл ажиллагаа явуулдаг хирнээ, хүний нутагт амьдарч байгаа Монголчуудтай маань муухай харьцдаг, Монгол нэрийг ашиглаж хувийнхаа бизнес хийдэг Өргөмжит консулын тухай сонсоод үнэхээр дургүй хүрлээ.
Миний энэ тэмдэглэл манай албаны хүмүүст хүрч, Монголчуудын эрх ашгийн төлөө ажилладаггүй, Монгол нэр, Монгол тамга, Монгол визээр бизнес хийдэг ийм гадаад хүмүүсийн үйл ажиллагааг нь таслан зогсоож, шударга ажилладаг хүмүүсийг томилоосой гэж би хүсч байна.
Миний Монголчууд хүний нутагт жаргаад байгаа юм биш. Тэд амьдралын эрхээр гэр бүл, Монголынхоо эдийн засгийг тэтгэх гэж гадаадад амьдарч, ажиллаж байгаа юм. Тэдний эрх ашгийг хамгаалж, хэцүү үед туслах үүрэг хүлээсэн Барселоны өргөмжит консулын газар Монголчууд руу хаалга савж байгааг би өөрийн биеэр харсан болохоор энэ талаар тэмдэглэл бичин үлдээж байна.
Дараа дараагийн албаны хүмүүс хэнийг Өргөмжит консулоор томилохоо, үйл ажиллагааг нь хэрхэн хянахаа сайн бодох хэрэгтэй юм байна шүү.

Барселонд виз авах боломжгүйг ойлгоод, эргэж Мадрид ороод, визээ сунгуулах гэж оролдсон ч бүтээгүй тул, Баруун хойд Африкийн Мароккогийн Вант Улс руугаа буцав. Тэнд буй Европын аль нэг улсын элчин сайдын яамнаас виз хүсэхээс.
Визээ сунгуулах гэж Барселон явсан биш, маш сонин зүйлийг олж харсан болохоор Монголчууддаа энэ тухай бичиж, бидэн рүү дээрээс доош нь харж харьцдаг хүмүүст хэзээ ч тамга атгуулж болохгүйг анхааруулъя.

Horaayy..there are 5 comment(s) for me so far ;)

#1

Bi Spaind ireed 18 jil ajillaj amidarch bna. Tuhain uyed Spainii hemjeegeer 300-s 400 orchim Mongolchuud ajillaj amidarch surch bsn. Harin odoo 900-s 1000 gariu Mongolchuud jil ireh tusam nemegdseer bgaa. Bidend orgomjloh konsul tavij ugch tuslana uu

Tumee wrote on 2020/03/18 - 00:43
#2

uurchlusun deeeree , sanal neg bna. Tsuuhun heden Mglchuud bid mgl Tur Zasagtaa hariyagui tusgaarlagdsan bna shvv

Hola wrote on 2020/03/18 - 03:37
#3

Испанидаа Элчин сайдын яамтай болж болдоггүйн байхдаа.. Шийдвэрлүүлэх асуудлууд зөндөө л байхын

Uuri wrote on 2020/03/18 - 17:36
#4

Мне нравится эта идея, я полностью с Вами согласен.

——
https://japanesecasino-x.com/

Браво, блестящая идея и своевременно

——
https://fr.online-television.net/199-arte-tv.html

Coooooool

——
kenya-bets.com

Я извиняюсь, но, по-моему, Вы не правы. Я уверен. Давайте обсудим. Пишите мне в PM.

——
bonus betwinner

Совершенно случайное совпадение

——
переработка пластика в гранулы

я пошел в клубную музыку

——
удаление катаракты ижевск

Вы абсолютно правы. В этом что-то есть и мысль хорошая, поддерживаю.

——
электронный ошейник для кошек

Вы допускаете ошибку. Могу отстоять свою позицию. Пишите мне в PM, пообщаемся.

——
https://casino-x-oficialniy-sayt.com/

круто!

——
https://atari-tokens-official.com/ zo205t

мона смотреть!!

——
https://japancasino-x.com/

Syfek wrote on 2020/11/13 - 01:12
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.