60940660_10156300498088202_1995683474941411328_o
2019 оны 11 сар
Ардчилсан хөрөнгөтний Монгол Улс. Улаанбаатар нийслэл.

Дэлхий ертөнцөөр аялж явсан зүүдэн дунд гар утасны сэрүүлэг өглөөний долоон цаг болсныг мэдэгдэв.
Сэрлээ…
Хэрвээ би ажилтай байсан бол таслаад, хайртай хүнээ тэвэрч, үргэлжлүүлэн унтах л байлаа.
Даан ч тийм СОНГОЛТ надад алга.
Дараагийн 36 цаг амьд явах боломж авахын тулд дулаан хөнжлөө орхин босохоос өөр арга байхгүй.
-Би хаана байна аа? гэж өглөө бүр өөрөөсөө асуудгаа болиод хоёр жил гаруй болов.
Өдөр бүр шахуу өөр тив, өөр улс, өөр хот, өөр өөр газрын хүмүүсийн дунд сэрдэг байсан, арван нэгэн жилийн даяанчийн амьдрал эрүүл мэндийн шалтгаанаас болж зогсжээ.

(Миний “Ирээдүйн зөгнөл номын энэ тэмдэгллийг уншихдаа доор хөгжмийг сонсоорой)


Хотын төвд, аав ээжийнхээ гэрийн том өрөөнд сэрээд, нүүр гараа угааж, цайгаа уугаад, -Яаж эмнэлэг явна аа… гэж халшран, үүдний сандал дээр хэсэг чимээгүй суулаа.
Аппаратанд ордог болсноос хойш дандаа ингэнэ. Гэхдээ санаа нь зовно гээд гэрийнхэндээ мэдэгдүүлэхгүй.
Дөчин минутанд Нэгдүгээр эмнэлэгт хүрдэг болохоор нэг их яарсангүй. Гэхдээ эртхэн гарахгүй бол бөглөрөөнд гацна, бас зогсоол олдохгүй эмнэлгийг хэд тойрно.
Хэрвээ ойрхон хөдөө буй Монгол гэртээ байсан бол өглөө зургаан цагаас сэрүүлгээ тааруулж босоод, зургаа дөч гэхэд гэрээсээ гарна. Тэгэхгүй бол Дэлхийн хамгийн төвөгтэй замын бөглөрөөтэй хотын төвд байрладаг аппаратандаа 8:30-д холбогдож амжихгүй.
Одоогийн байдлаар хоёр жил хагас үхэлтэй тэмцэж буй миний хувьд амьд явж, аав ээж, эмээ, хайртай хүнтэйгээ хамт байх хамгийн боломжит хувилбар бол энэ.
Диализийн аппарат.

55523405_10156177099848202_1819912797346070528_o
Нэхмэлийн зүү шиг өргөн хоёр зүүг гарын судас руу залгаж, дөрвөн цаг хөдөлгөөнгүй хэвтэж байж илүүдэл шингэн, хорт бодисоо цуснаасаа шүүлгэдэг төхөөрөмж.
Дараагийн хэдэн цаг гайгүй явах боломжтой ч 36 цагийн дараа дахиад л аппаратанд ирж, шүүлгэнэ.
Диализийн аппаратанд тогтмол орж байгаа ч гэсэн хордлого, шүрмэс таталт, даралтын өөрчлөлт, судасны хүндүүр, цус шүүлгэсний дараах хүндрэлийг байнга мэдэрч, аппаратнаас аппаратны хооронд амьд яваагаа бодон өдөр бүр бухимдана.
Аав ээж, эмээ, ах дүү нартаа тусалж чадахгүй, төвөг л болж байгаагаас сэтгэл санаа унаж, ингэж өвчин дунд амьдрахаас залхаж, хаяа холын замд гарахыг хүснэ.
Гэхдээ хайртай хүмүүс, надад итгэдэг дагагчид, Эх орон минь байгаа учир бууж өгч болохгүй
Аппаратанд явахгүй бол зургаан хоногийн дотор цус бүхэлдээ бохирдож, шингэнээ гаргаагүйгээс болж хамаг бие хавантана, тэгээд удалгүй маш их тарчилж, өвдөж байж үхнэ.
Бөөр дархлааны бодис ялгаруулдаг. Минийх ажиллагаагүй болсон тул өндөр үнэтэй тариа, элдэв эмээр бага ч болов өөрийгөө хамгаалахыг хичээнэ.
Хүмүүс жирийн ханиадыг өвөл болгон тусдаг, тэгээд эдгэдэг, харин бидэн шиг дархлаагүй хүмүүсийн хувьд ханиад үхлийн аюултай.
Манай диализийн тасгийн нэг өвчтөн ханиад хүрснээс болж хэрхэн тарчилж, амиа алдсаныг бид бүгд нүдээрээ харсан болохоор айна.
Би бас ноднин ханиад хүрээд, унтаж чадахгүй гурван сар ханиалгаж өнгөрөөсөн. Гурван удаа түргэнээр эмнэлэгт хүргэгдэж, эмч сувилагч нарын тусламжтай арай хийж амьд гарсан.
Нэг дэх, гурав дахь, тав дахь өдрүүдийн өглөөний найман цаг гэхэд би Нэгдүгээр эмнэлгийн баруун урд хэсэгт байрладаг Диализын аппаратын тасагт, хувцасаа солиод, цусаа шүүлгэхэд бэлэн хүлээж байх үүрэгтэй.
Бөөрний дутагдалтай хүмүүст амьдрал бэлэглэх гэж Монгол Улсын Төр, Засаг, Эрүүл мэндийн салбар нойр хоолгүй зүтгэж, их хэмжээний зардал гаргаж байгаа болохоор тэдний сэтгэл, хөдөлмөрийг хөсөрдүүлж огт болохгүй.
Олон жилийн турш хүнд цүнх үүрээд, халуунаас хүйтэн рүү, өндрөөс нам руу, ойроос хол руу, нойр хоолгүй шахуу зүтгэж байхдаа олон төрлийн өвчинд нэрвэгдэж, эдгэсэн ч Өмнөд Африкт туссан малери гэх хумхай өвчин миний бөөрүүдийг гэмтээжээ.
Жирийн хүнд хэтэрсэн их ачааллаас үүдэн, 2017 оны хавар нутагтаа ирээд удаагүй байхад, хоёр бөөр маань ажиллагаагүй болж, бөөрний дутагдал гэдэг оноштой өвдөв.
Амьдралын утга учрыг олох гэж дайн дажин, аюул нүүрлэсэн нутгуудыг туулж, хүссэн улс руугаа яаж ийгээд очдог байсан дайчин Монгол залуу нэг л мэдэхэд гэр, эмнэлэг хоёрын хооронд амьдралаа чуу чаа залгуулдаг, өрөвдөлтэй нэгэн болжээ.
Дэлхийн долоон тэрбум хүмүүн дотор хамгийн их юм үзэж, нүд тайлсан цөөн хүний нэг болсон Монгол залуу мэдлэг чадвараа улс орондоо зориулж чадахгүй, эмнэлгийн гадаа зогсоол олох гэдэг асуудалд л хамаг санаагаа зовооно.
Хийсэн ажлаараа улс даяар танигдсан болохоор эмнэлгийн үйлчилгээнийхэн надад сул зогсоол олж өгөв.
Диализийн тасгийн үүдний өрөөний шкафнаасаа хувцсаа гаргаж солиод, дараагийн дөрвөн цагийг хөдөлгөөнгүй хэвтэж, амь авахаар хүлээв. Эмнэлгийн ажилчид өрөөгөө ариутгаж, диализийн аппаратаа асаагаад өвчтөнгүүдийг дуудлаа. Нэг ээлжинд арваад хүн холбогддог болохоор бүгд бие биен рүүгээ харж -Яана аа гэсэн байдалтай тасаг руу ээлжлэн орцгоов.
Өөд өөдөөс харуулан зассан ор бүрийн дэргэд, жин, өндрөөс хамаарч өөр өөр шүүлтүүрийг залгасан, өндөр үнэтэй цагаан өнгийн диализийн аппарат биднийг угтана.
Амь хайрлаж байгаа шинжлэх ухааны дэвшилтэт технологи гэж би аппаратанд талархдаг ч, дотроо үнэхээр халширчихсан байлаа.
Өвчтөн бүр аппаратанд орохын өмнө жингээ үзэж, хэдэн кг байгааг сувилагчдаа хэлнэ. Бүртгэлийн цаасан дээр өмнөх удаа аппаратнаас гарах үед жин хэд байсан, дундаж жин хэд байгааг харьцуулаад, хэдэн литр шингэн цуснаас авахыг тооцоолно.
Бөөр ажиллахгүй байгаа болохоор өдөрт идэж уух зүйлийн хэмжээ хязгаартай байдаг. Зун их халууцдаг болохоор 24 цагт ууж болох 1.5 литр шингэнээ дандаа хэтрүүлнэ. Маргааш нь хамаг бие хавантаж, нүд бүлцийнэ.
Хоол ч гэсэн хэмжээтэй. Бас мэдээж олон цээртэй.
Хамгийн ихдээ 6 литр шингэнийг цуснаасаа шүүлгэж байсан удаатай. Орой нь маш таагүй болдгийг мэдэрсэн тул тэр цагаас хойш хоолны дэглэм, шингэний хэмжээгээ илүү сайн барихыг хичээдэг болсон.
Даавуугаа дэвсээд, уух шингэн, сонсох хөгжмөө бэлдээд орондоо орж, хамгийн хэцүү мөчийг хүлээж эхэллээ.
Анх диализд орж эхэлж байхдаа ийм том зүүгээр тогтмол хатгуулахыг мэдээгүй байсан. Харин одоо хоёр жил гаруй тогтмол хатгуулж байгаа болохоор хөндүүргүй газар гэж үгүй болжээ.
Зүүн гараа аппаратын талд гаргаж хэвтэхэд сувилагч ирж шууны судас болон булчингийн хэсгийн судсанд хоёр зүүгээ хийлээ.
Монгол эр хүн муу талаа үзүүлдэггүй болохоор юу ч болоогүй юм шиг царай гаргасан ч, дотроо -Энэ хоёр хатгалтыг өнгөрөөд, бүх юм зүгээр болно гэж өөрийгөө тайвшруулж байв. Зарим үед үнэхээр өвдөөд байвал мэдээ алдуулагч наалтыг гучин минутын өмнө зүү хатгах хэсэг дээр наана.
Аппаратанд ордог хүний хувьд зүү хатгуулах нь тохиолдож болох олон асуудлуудын дунд жижиг нь.
Диализийн аппаратанд тогтмол орж, дөрвөн цаг хэвтдэг болохоор эхний хагас жилд аяллаа бодож, дараагийн хагас жилд өнгөрсөн амьдралаа дурсаж, сүүлд ирээдүйгээ мөрөөдөөд дууссан, тэгээд юм бодохоос залхсан.
2005 оноос хойш зогсолтгүй бодол, бясалгал дунд байгаа болохоор дөрвөн цагийн хэвтэрийн дэглэм оюун санаанд маш их ачаалал өгнө. Тиймээс гүн бодолдоо автан хөдөлгөөнгүй хэвтэхээс халширч, жилийн өмнөөс нойроо зохицуулж эхэлсэн юм. Гэртээ, шөнийн гурван цаг хүртэл сэрүүн байж байгаад унтана. Өглөө дутуу нойртой сэрсэн болохоор эмнэлэгт ирээд үлдсэн нойроо аппаратанд нөхөж авна. Ингэхгүй бол элдэв бодлоос болж галзуурмаар санагдана.
Эмч сувилагчдаа харж хэвтэхдээ бодлоо:
- Хөөрхий эд нар маань биднийг амьд явуулах гэж цагаан сар, наадам, шинэ жилээр хүртэл албан дээрээ үүргээ гүйцэтгээд байж байна. Луйварчид төрд гарч, хамаг мөнгө туугаад байгаа болохоор эд нар шиг улсдаа амьдралаа үнэнчээр зориулсан шудрага хүмүүсийн хувийн амьдрал хөлөн дээрээ зогсож чадахгүй л байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг өдөр алгасаад энд ирж, эмч сувилагчдаа харж хэвтдэг болохоор, хэн үсээ яаж засаж, хэн нүүрээ өөрөөр будаж, хэн өчигдөр баяр тэмдэглэсэн гэдгийг төвөггүй анзаардаг болжээ.
Хэдийгээр би багадаа өлгийдүүлж өссөн ч, аяллын үед хөнжлөө тийчилж, чөлөөтэй унтдаг болсон юм. Диализийн аппаратанд орж эхлээд удаагүй байх үед нойрондоо автаад суниаснаас болж том зүүнүүд судас таслах шахав. Тэр цагаас хойш маш соргог, бас хөдөлгөөнгүй унтдаг болсон. Судас тасарсан бол баруун гарт мэс засал хийж, зүүг холбох байв.
Чихэвчээ зүүгээд дуу сонсож байгаад нэг мэдэхэд унтав. Хальт сэрэхэд сувилагч нар хажууд зогсчихсон даралт, цусан дахь хүчилтөрөгчийг шалгаж байна. Аппаратанд орсон бүх хүмүүсийг байнга шалгахгүй бол зарим үед биед өөрчлөлтүүд гарч аймшигтай өвдөлт, хямралыг мэдэрдэг юм.
Би нэг удаа яарснаас болж цай уухгүй гэрээсээ гарч, аппаратандаа өлөн орж билээ. 11 цагийн үед өлсөөд бууз захиалж идсэн чинь хоосон ходоод гэнэт ачааллаж, бүх цусыг төвлөрүүлснээс болж даралт унаж, шүрмэс татав. Хашгирч чадахгүй, судас холбоотой болохоор хөдөлж ч болохгүй сонин байдалд нилээд хугацаанд байлаа. Сувилагч нар яаралтай аппаратнаас салгасан ч даралтаа нэмж, хэвийн болгох хүртлээ насан туршдаа санах аймаар мэдрэмжийг авав.
Одоо ч гэсэн даралт унахаас айсан хэвээр.
Хоёр жил зогсолтгүй үргэлжилсэн амьдралын хэмнэл миний оюун ухааныг сонин болгожээ. Хамгийн олон давтамжтай аппаратанд сэрэх тэр мөч миний амьдралын гол хэмнэл болсон мэт санагдаж байна.
Нэг сэрэхэд эмнэлгийн тасгийн орон дээр аппаратанд залгаатай байна. Дахиад сэрэхэд хөдөөний Монгол гэртээ. Дахиад сэрэхэд аав ээжийнд. Тэгээд дахиад сэрэхэд аппаратандаа.
Сувилагчид миний биеийн ерөнхий байдлыг үзсэний дараа хэсэг унтаж байтал, үүдний кафед ажилдаг дүү 4 ширхэг пирожки тасагт хүргэж ирлээ. 11-12 цагийн үеэс маш их өлсөж эхэлдэг болохоор заавал юм олж идэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дотор харлаж эвгүй болно.
Ганцаараа юм идэх ёсон манайханд байдаггүй тул нэгийг нь сувилагчдаа, хоёрыг нь өөрөө идэж, үлдсэн нэгийг нь хайртай хүндээ хадгаллаа.
Аппаратны сүүлийн 30 минут маш удаан үргэлжилнэ. Цаг харах бүрд дөнгөж тавхан минут л өнгөрсөн байна.
Цаг дуусах үед аппаратнууд ачааны машин ухрах үед дуугаргадаг анхаарлын дохиотой төстэй чимээ, аваарийн гэрлийн хамт асааж, тасгийн эмч сувилагч, инженерууд онцгой байдлын үе шиг хөдөлгөөнд оров.
Өвчтэнгүүд хурдан чөлөөлөгдөх гэж яаран, -Намайг эхлээд салгаарай гэж сувилагч нараасаа гуйна.
Салах гэдэг үг бидний хамгийн дуртай үг.
Анх аппаратанд орсон цагаас хойш жил гаруй их хүнд байсан санагдана. Гурав дугаар оролтын дараа гэртээ ирсэн чинь таталт өгөөд эмнэлэгт сэрсэн. Тэрнээс хойш аппаратанд дасах гэж их өвдөлттэй, үхэлтэй ойр өдрүүдийг өнгөрөөдөг байв.
Диализийн аппарат өмнө нь төлбөртэй байсан гэдэг. Өвчтөнгүүд амьд явахын тулд сар бүр 2-3 сая төгрөг аппаратанд зарцуулдаг болохыг анх өвдөх үедээ мэдээд, яаж энэ их төлбөрийг гаргана даа гэж айж байв. Намайг бөөрний дутагдалтай гэж оношлох үетэй таарч тэрхүү төлбөрийг эрүүл мэндийн даатгал хариуцдаг болсон нь үнэхээр сайн хэрэг болсон юм. Ажил хийж амьдралаа авч явах боломжгүй, амьд явахын төлөө тэмцэж буй Монгол хүмүүс, тэдний гэр бүлийнхэнд энэ шийдвэр ус мэт чухал байлаа.
Амь худалдаж авдаг үйл явдалтай, “In Time” гэдэг АНУ-ын уран сайхны кино байдаг даа, түүнд орсон юм шиг санагдана.

54201345_10156147101843202_5494749745664491520_n
Босч, жингээ дахин үзэж, бүртгэлд тэмдэглээд гарын үсгээ зурлаа.
Аппаратнаас гараад маш олон ажил төлөвлөсөн байсан тул үүдний сандал дээр хувцсаа өмсөөд хэсэг сууж, юунаас эхлэхээ бодож байтал диализд хамт ордог эгч нар надаас:
-Чамд донор болох хүн олон байгаа, энд ингэж ядарч байхаар бөөр суулгаад гарахгүй яасан юм бэ? гэж асуухад
-Эрүүл саруул байгаа хүний эрхтэнг авснаас болж тухайн хүн эрэмдэг болж, амь насаа алдвал яана? Би өөрөө өөрийнхөө лайг үүрнэ ээ гэж хариуллаа.
Эрхтнээ өгсөн хүн гурван жил ажиллахгүй гам барих хэрэгтэй гэж заасан байдаг ч бодит амьдрал дээр ажиллахгүй бол амьдрахгүй шүү дээ.
Зарим хүмүүс аппаратын шанлалыг даахгүй дотнын эрүүл хүмүүсээс донор эрхтэнг нь авдаг. Зарим нь гадаад явж, хахууль өгөн хууль бусаар донор эрхтэн авдаг.
Би гэр бүл дотны хүмүүсийнхээ амь нас эрүүл мэндэд аюултай зүйл хиймээргүй байсан тул, надад нэг бөөрөө санал болгосон ах дүү, хамаатан садны олон хүнд, бүгдэд нь талархаад, татгалзсан хариу өгсөн юм.
Гадаадад буй Монголчууд миний хагалгааны зардлыг хандиваар босгож, тэр улсдаа аваачиж донорын хагалгаанд оруулъя гэсэн санал хэд хэд ирсэн боловч би цуг аппаратанд орж байгаа хүмүүсээ орхиж явахгүй, хамт гарц олно гээд үлдсэн юм.
Азрага сүрэгээ орхидоггүй.
Донорын хагалгаанд орох болвол Монгол эмч нартаа найдаж, тэдэнд “дадлага” болсон нь дээр гэж үзэж байв.
-Хоёр удаа кадавр донор гарч чамайг дуудахад чи бас татгалзсан гэсэн, ямар учиртай юм бэ? гэж эгч нар асуухад:
-Судалж буй ажлаа дуусаагүй байна. Бас бусдад боломж олгож байгаа юм гэж хариулав.
Үнэн хэрэгтээ маш олон асуудлууд миний дотор эргэлдээд, зөв шийдвэр гаргах боломж олгохгүй байв.
Зарим хүмүүс донорын боломж гарвал өдөр шөнө, хол ойр гэхгүй эмнэлэг руу шууд давхиад ирэх байтал, би татгалзаад байсан нь зарим шалтгаантай юм.
Нэгд: Хүний бие махбодь нь амьд тул өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай байх ёстой гэдэгт би итгэдэг. Тиймээс ажиллагаагүй болсон бөөрөө дотроос нь сэргээн босгох гэж төрөл бүрийн эм тан ууж, лам, бөө, шидтэн, эмч, домчдод үзүүлж, бас эрүүл байхын нууцыг судалж, мэс ажилгүй эдгэрэх аргыг аминдаа хайж байв.
Хоёрт: Аппаратанд ороод дөнгөж жил болж байхад дуудлага ирсэн болохоор надаас өмнө бөөрний дутагдалд орсон хүмүүст боломж олгоно гээд эхний хоёр дуудлагад татгалзсан юм.
Гуравт: УИХ дээр гацсан байсан Донорын хуулийн чухал заалтуудыг хэлэлцүүлж батлуулах зорилгоор, 2008 оны 1 сарын 1-нд аппаратанд орохоо больж, сошл сувгаар эсэргүйцлээ зарласнаар 2018 оны 1 сарын 10-нд тэр хууль шуурхай батлагдаж, надтай адил диализд явж байгаа олон хүний хувьд шинэ боломж нээгдсэн юм.
Хүнд өвчтэй бусдынхаа төлөө амь насаараа дэнчин тавьж хийсэн эсэргүйцэл маань эмч нарыг их түгшээсэн болохоор уучлалт хүсье.
Дөрөвт: Олны танил хүний хувьд, диализд явж байх хугацаандаа сошл орчныг ашиглан бөөрний дутагдал болон донорын талаар танин мэдэхүйн ажил явуулж, кадавр донорын ач тусыг таниулахыг хичээв.
Тав: Арван долоон жилийн өмнө уушигны хагалгаанд орж байсан. Тиймээс мэс заслын дараах үеийн өвдөлт, ганцаардал гэж ямар хэцүү байдгийг мэддэг болохоор хань ижил, хайрлан халамжлах хүнтэй болсон үедээ л хагалгаанд орно гэж бодсон байлаа.
Зургаад: Дэлхийн 86 улсыг 11 жилийн хугацаанд судлах, ном хэвлэж олон нийтэд хүргэхийн тулд их хэмжээний мөнгө зээлж, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа болохоор хагалгаанд шаардлагатай олон сая төгрөгийг босгоно гэдэг энэ үед надад болон гэр бүлийнхэнд маань хэцүү даваа байлаа.
Өвчнийг эдгээх арга хайж байхдаа, хүмүүсийн өвчин зовлонгоор ашиг олж, хууран мэхлэлт хийдэг олон хүн байдаг болохыг өөрийн биеээр олж мэдлээ. Манай хууль, эрүүл мэндийн байгууллагууд үүнд анхааралаа хандуулах шаардлагатай юм байна лээ шүү!
Диализийн тасгаас гарч, зогсоол дээр байрлуулсан машиндаа суугаад хайртай бүсгүйгээ хүлээлээ. Хамт ганц хоёр газраар явна гэж төлөвлөсний дагуу эхлээд Юнион Билдинг орж, Урлах Эрдэм дээд сургуулийн захирал Тунгаа эгчтэй Монгол гутал экспортлох талаар уулзахаар шийдэв. Тус байрны лифтэнд Тунгаа эгчтэй таарч, яг одоо уулзах боломжгүйг нь мэдлээ.
Дээд давхарт орших “Соён Гэгээрүүлэгч” ТВ-ийн захиарал Хишигсүрэнтэй уулзахаар ортол, өмнөхөн гараад явсан гэдэг хариу сонслоо.
Энэ байранд нэгэнт ирсэн болохоор шүдээ үзүүлэхээр тогтмол үйлчлүүлдэг эмнэлгээр орж эмчээ асуутал, ажил дээрээ байхгүй, хүүгээ гадаадад эмчлүүлэх 250 000 ногооны хандив цуглуулж байгаа гэлээ. Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд ажил хийх чадваргүй, бас сар бүр эмчилгээнд таван зуугаад мянгыг тогтмол зарцуулдаг болохоор хэн нэгэнд тусламж үзүүлэх боломж үнэндээ үгүй байв. Гэхдээ өвөртөө байсан Монгол Бадарчин номын хоёр ботийг эмчдээ болон өвчтэй хүүд нь зориулж үлдээгээд гарлаа.
Засгийн газрын арын Төрийн банкны салбар орж, группд орсны тэтгэврээ авах гэтэл Тэтгэврийн дэвтэр байхгүй гээд мөнгө өгсөнгүй.
Монголын түүхэнд хамгийн хол бөгөөд хэцүү замыг туулж, Монгол эр хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг нотолж, Дэлхий судлалын анхны Монгол судруудыг бүтээж түгээсэн гээд төрийн болон төрийн бус байгууллагуудын арван хэдэн дээд шагнал авсан. Харамсалтай нь тэр олон тэмдгүүд хувийн амьдралаа өөд татахад ямар ч туслалцаа үзүүлж чадахгүй нь өрөвдөлтэй байлаа.
Эрүүл мэнд хохирсон гээд сар бүр 270 000 төгрөгийн тэтгэвэрийг ЭМД-ын сангаас олгодог ч энэ нь сар бүрийн эмчилгээний зардлын хагас л болдог юм.
Улаанбаатар Эрдэм дээд сургууль дээр “Амайгийн дугуйлан” гэдэг төслийг эхлүүлж, залуустай тогтмол уулзалт зохион байгуулж, үзсэн харснаа түгээх хүсэлтэй байгаа бөгөөд Алимаа захиралтай уулзах гэж очтол ажил дээрээ байсангүй.
Холгүй орших аав ээжийндээ очиж хэсэг амарч байгаад эргэж Улаанбаатар Дээд сургууль орж, захиралтай уулзаж чадаагүй тул цайны газарт нь орж, ээжийн дотнын найз Цээгий эгчийн гарын хоолноос идлээ.
Өдөржин ажил амжуулах гэж явсан ч юу ч бүтээгүй болохоор:
-Сонин юм, ажил ингэж бүтэхгүй байгаа нь нэг л учиртай байх ёстой. Ямар нэг том юм болохын өмнө ингэдэг юм гэж хайртдаа учирлан хэллээ.
Хоёр сарын өмнөөс энэ бүтэлгүйтэл эхэлсэн. Дөнгөж аваад удаагүй байсан өндөр үнэтэй, орчин үеийн гар утсаа алдсаны дараа хуучин утсаа барихгүй, хоёр сар харилцаа холбооноос салж, нэг бодлын сошл-гүй амарч байв.
Аппараттай өдөр маш их ядардаг болохоор хөдөөх гэртээ харилгүй, аав ээжийн том өрөөнд зассан орон дээрээ амраад хэвтэж байтал ээж маань хаалга тогшин орж ирээд, нэг л түгшүүртэй байрын харснаа:
-Миний хүү! Эмнэлгээс ярьж байна, донор гарсан гэнэ ээ. Яах вэ? гэж асуулаа.
Бид гурав дуугуй болж, хагалгаанд орох эсэхийг шийдэх хүн нь би байсан тул манай хоёр над руу харж хэсэг зогслоо.
Би юу гэж хэлэхээ мэдэхүй байв.
Ээжийн нүднээс нулимс цийлэгнэж,
-Миний хүү өөрөө шийддээ гэж хэлээд өрөө рүүгээ оров. Унтлагын өрөөний хажуугаар өнгөрхөд уйлж байгаа харагдана.
Энэ өдрийг маш удаан хүлээж байсан боловч цаг нь болохоор шийдвэр гаргах ийм хэцүү байх болно гэж төсөөлөөгүй ч, нүдний захаар нь нулимс хурсан хайраа хараад:
-Хагалгаанд орчихъёо гэж зориг шулуудан хэллээ.
Өмнө хоёр ч удаа эмнэлгээс залгаж донорын хагалгаанд орохыг санал болгож байхад татгалзсан болохоор, энэ удаа манайхан нэг их шахсангүй.
Ойрхон хөдөө байсан аав руу ээж залгаад, -Эмнэлгээс ярилаа, хүү нь хагалгаанд орж магад байна, яаралтай ир гэж байгаа нь хажуугийн өрөөнөөс сонсогдов.
-Ээж! Юу ч гэсэн очоод үзье. Хагалгаанд орохгүй ч байж болно. Олон хүнээс шинжилгээ авч шилнэ шүү дээ. Та санаа битгий зов. Энэ нэг их хэцүү хагалгаа биш гэж ээжийгээ тайвшруулж, санаа зовохгүй байгаа дүр үзүүлэхийг хичээв.
Намайг төрсөн цагаас хойш дөч гаруй жил хайрлаж, халамжилсан ээж маань миний дотор айдас байгааг анзаарсан л байх.
Ная гарсан эмээд хагалгааны тухай хэлэхгүй байхаар шийдэж, бүх юм амжилттай болсны дараа залгахаар боллоо.
Эмнэлэгт хэвтэж байгаа хүн өөрийн аяга, халбага сэрээ, ор хөнжлийн даавуутай байх ёстой тул жижиг цүнхэнд бүх юмаа бэлдээд, өвлийн хувцасаа өмсөөд гарлаа.
Жавхаа ах нисч ирсэн юм шиг аль хэдийнээ гадаа машинтайгаа хүлээж байна.
Би хайрынхаа гараас чанга атгаж, нүд рүү нь харж байгаад:
-Бүх юм зүгээр! Гялс хагалгаанд орж гарч ирээд бүх мөрөөдлийг чинь биелүүлнэ ээ. Санаа зоволтгүй шүү гэж хэлэв.
Хэдийгээр цаг оройтож, албан газрууд хаагдсан байсан ч яаралтай дуудлага болохоор жижүүрээс гуйж, хорооны эмнэлгийн үүдийг нь онгойлгуулж, эрүүл мэндийн дэвтрээ аваад, арван цагийн үед эмнэлгийн хүлээн авах дээр орлоо.
-“Эрхтэн шилжүүлэхээс залгалаа. Энд ир гэсэн байна” гэж жижүүр эмчид хэлэхэд, үнэмлэх, нэр ус, регистрийн дугаарыг тэмдэглэж аваад, хажуу өрөө рүү шинжилгээ өгөхөөр ор гэлээ. Зүүн гарт фистүл гэх диализд зориулан бэлдсэн судас байгаа болохоор түүнийг хамаагүй хатгаж болохгүй. Баруун гарын судсыг зориулалтын боолтоор хааж байгаа, жижиг шил рүү цус юүлж аваад, хөвөн тавьж, линтээр наав.
Дадлагын оюутан охин намайг дагуулан Эхо, Рентгены эмчид үзүүлээд, таван давхрын бөөрний тасгийн хүлээлгэнд орхиод явав.
Хувиарын дагуу үзлэгийн өрөөнд орж, Од эмчид даралт, уушиг, халуунаа үзүүлж, сэтгэл санааны байдлаа харууллаа. 86 улсын хил гааль даваад сурсан, олон дайныг туулсан хүн өөрийн сэтгэл хөөрлөө харуулахгүй, тайван харагдах аргыг хэнээс ч илүү мэдэх билээ.
Шинжилгээ үзлэгүүдээ дуусгаад зүүн жигүүрийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хоёр давхарт гарахад донорт орох найдлага тээсэн хүмүүс хамаатан садныхаа хамт аль хэдийнээ ирсэн хүлээж байлаа.
Бүгд намайг таних болохоор, доошоо бууж, төв байртай холбодог хонгилын сандал дээр шинжилгээний хариу хүлээж үүр цайтал суулаа. Аав хөдөөнөөс ниссэн мэт ирж, аав, ээжийн дүү нар сэтгэл санаа засахаар цугласан байв.
Хоёр давхарт нөхцөл байдлыг ажихаар үлдсэн нагац ах Сайхнаа амьсгаадан бууж ирээд:
-Золоо, чи хагалгаанд орохоор болсон байна шүү! гэж сайхан юм шиг боловч “түгшүүртэй” мэдээ авчирлаа.
Би дотны хүмүүсийнхээ санааг зовоохгүй гэж маш тайвнаар:
-Энэ нэг их хэцүү хагалгаа биш ээ. Хагалгаанд орсны дараа Эрхүү хот руу хамт аялана шүү гэж хэллээ.
Эмчийн өрөөнд ороход цусны бүлэг болон олон үзүүлэлтээрээ таарсан 8 хүн гэр бүл, дотны хүмүүсийнхээ хамт шинжилгээний хариу сонсох гээд чихэлдэн хүлээж байв.
Буйдан дээр өөр нэг залуугийн хамт сууж, ерөнхий эмчийн хэлж буй зүйлсийг анхааралтай сонсов.
Өнөөдөр ирж амжсан хүмүүсийн хоёр нь хагалгаанд орох болжээ. Эхний хүний бие донор эрхтэнтэй сайн зохиж байгаа ч, цус нь тогтохгүй, бүлэгнэхгүй байгааг шинжилгээнээс харжээ. Нөгөө хүн нь хатиг гараад байгаа болохоор болохгүй гэнэ. Энэ мэтчилэн хагалгаанд орох боломжгүй таван хүний шинжилгээний хариуг мэдэгдээд, үлдсэн хоёр хүний нэр дунд миний нэр сонсогдлоо.
Уул нь би өнөөдөр хагалгаанд орно гэж огт бодоогүй юм. Баахан ажил төлөвлөчихсөн, хөөцөлдөөд эхлүүлсэн байсан тул шинжилгээний хариу сонсоод, яахаа мэдэхгүй байв.
Мэдээж, тогтмол диализ аппаратанд явахгүй болно гэдэг сайхан хэрэг мөн боловч, гаднын биетийг дотроо тээнэ гэдэг бодол толгойноос огт гарахгүй байв.
-За, үлдсэн хоёр хагалгаанд орох уу? гэж их эмч асуухад би аав ээж рүүгээ харан бодлоо.
Би кадавр донорын ач тусыг Монголчуудад таниулахын тулд өөрөө эмчлэгдэж, эрүүл саруул болж бугаа ард олондоо харуулах ёстой гээд зөвшөөрсөн хариу өглөө.
Цоолоо гэдэг нэртэй, нэг үеийн залуугийн хамт хагалгаанд орох болж, усны өрөөнд сахлын хутгаар мэс засал хийх газрын орчмыг хуслаа.
Эрхтэн шилжүүлэх төвийн үүдний сандал дээр хагалгааны хувцсаа өмсөх үед манай хүн гэв гэнэт:
-Би айгаад байна гээд уйлж эхлэв.
-Чи хүчтэй биздээ? Чи айхгүй бол би айхгүй. Бүх юм Тэнгэрийн ивээлээр гэж хэл! Гээд тэврэх үед
-Тэнгэрийн ивээлээр гэж давтан хэллээ.
Зүүн жигүүрийн Эрхтэн шилжүүлэх төвөөс, төв байрны мэс заслын тасаг хүртэл алхахад, нэг л бодол миний санааг зовоож байв.
Хагалгааны үүдэнд аав ээждээ үнсүүлж, хайрыгаа үнсээд:
-Та нар санаа битгий зовоорой гээд дотогш орлоо.
Сувилагч нар намайг тод гэрэл ассан орон дээр хэвтүүлж, хоёр гарыг дэлгэж, түшүүртэй салахааргүй холбоод, аманд агааржуулагч залгаж, бусад бэлтгэлээ хийсний дараа:
-Тоолоорой гэлээ.
-Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм… гэж тоолж байх үед санааг минь зовоож буй бодол огт салахгүй байв.
Манай хүн хийх юмаа олж ядах үедээ миний нүүр эсвэл хумсыг будна гэж зүтгэнэ. Би хоолноосоо салахыг хүсэхгүй тул хэд хоногийн өмнө хөлний хумсаа олон төрлийн өнгөөр будуулсан ч, арилгаж амжаагүй байсан юм.
Хүмүүс хагалгаанд орохдоо их айдаг гэсэн. Зарим хүмүүс наркозонд тэр чигээрээ унтчих вий гэж эмээнэ.
Надад үнэндээ тийм айдас байсангүй.
Харин намайг наркозонд орсны дараа манай эмч нар хөнжлийг минь сөхөөд, олон өнгөөр будсан хөлний хумснуудыг хараад юу гэж бодох болоо? гэсэн ичих сэтгэл хагалгаанд орох айдсыг үгүй хийсэн байлаа…

Horaayy..there are 5 comment(s) for me so far ;)

#1

евчин зовлонг ялсанд маш их баярлалаа

маш их баярлалаа wrote on 2020/03/14 - 15:56
#2

Тэр нэгэн өдөр уулзаж амжаагүйг уучлаарай. Загварын том үзүүлбэр болох гээд хүмүүс бужигнаж байсныг анхаараа биз. Өмнөх шигээ цаг тохирч ирэх байж дээ. Гэхдээ өчнөөн удаан хамтарч ажиллаж байсан болохоор цаашид ч тусалж дэмжих болноо.Эрүүл энхийг хүсье!

Тунгалаг Гомбо wrote on 2020/03/14 - 18:12
#3

Үнэхээр гоё нийтлэл болжээ.

Мөнх wrote on 2020/03/14 - 20:16
#4

Эрхтэн шилжүүлэх төвийн үүдний сандал дээр хагалгааны хувцсаа өмсөх үед манай хүн гэв гэнэт:
-Би айгаад байна гээд уйлж эхлэв.
-Чи хүчтэй биздээ? Чи айхгүй бол би айхгүй. Бүх юм Тэнгэрийн ивээлээр гэж хэл! Гээд тэврэх үед
-Тэнгэрийн ивээлээр гэж давтан хэллээ.

Ёооё энэ хэсэгт тэсэлгүй уйллаа. Энэ хорвоог яаж туулна даа миний хайртай бүхэн минь. Энэ хорвоог яаж барна даа. Сэтгэлд хүртэл бичиж чаджээ.
Амар амгаланг хүсье.

Нараа wrote on 2020/03/17 - 16:47
#5

Мундаг хаттай бсан шүү.. Бүх хугацаанд бичсээр л байсан бахархмаар. Цаашдаа бие ээ сайн бодоорой.. Эрүүл энхийг хүсье! ????????????

Uuri wrote on 2020/03/18 - 17:50
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.