IMG_0279 (Large)

2008 оны 7 сарын 20

Монгол Бадарчин 1-р аян. 44 дахь төр.

Бүгд Найрамдах Мали улс. Бандиагара хавцалд

Хөө хөө хөө хөө !

Аугаа Африк тивийн

Үзэсгэлэнт Догоны нутаг

Сайн байна уу?

Би Бат овогт Жамбалсүрэнгийн хүү Золбаяр байна

Өнө эртний Хүн угсааны Их Эзэн Хааны Монгол Үндэстний удам танд бараалхаж байна

Таны гоо үзэсгэлэнг үнэхээр биширч байна.

Намайг хүлээн авсанд баярлалааааааа!

(Тэмдэгллийг уэшихдаа доорх хөгжмийг тоглуулаарай)

IMG_0280 (Large)

Хоёр алгаараа амаа хүрээлж байгаад бүх чадлаараа хашхирсан болохоор Гайхамшигт нутгийн аугаа хүч намайг сонссон гэдэгт эргэлзээ үгүй болов.

Хажууд зогсож буй бараан бор өнгийн арьстай, сувдан цагаан шүдтэй африкийн нутгийн залуу миний хэлж буйг ойлгоогүй ч чин сэтгэлээсээ баярлаж буйг мэдэрч, сэтгэл хөөрлийг минь хамт хуваалцлаа.

Тал хээрийн нүүдэлчин удмын залуу дусал унах зайгүй ширэнгэн ойн бүсэд удаан хугацаанд амьдарч, шавьж амьтдаар дүүрсэн нутгийг арай гэж туулсан болохоор хязгаар нь үгүй Бандиагаараагийн талыг хараад өөрийн эрхгүй баярлаж, сэтгэл хөөрлөө Монгол хэлээрээ хашхирч илэрхийллээ.

IMG_9411 (Large)

Олон хоногийн өмнө…

Баруун Африк тивийн Сьерра Леон дахь манай Энхийг сахиулах цэргийн “Нарлаг бааз”  дээр сар гаруй байрлахдаа Монголын зэвсэгт хүчинд зориулан видео клип хийж өгөөд, заваар нь сайн амарч, тэнхэрч аваад эргээд Дэлхийг судлах замдаа гарав.

Монгол өртөөн дээр удаан хугацаанд тайвширсан болохоор аюултай, хүнд аян замын хэмнэлдээ эргэн орох гэдэг хэцүү даваа байлаа.

Манай энхийг сахиулагчид намайг Баруун хойд Африкийн Гвиней гэх цэрэг цагдаа нь хоорондоо байлдсан, хууль үйлчлэхгүй болсон 42 дахь улсын хил дээр хүргээд, цааш хамгаалах арга байгаагүй тул хоёр улсын хоорондын  бүсэд ёслоод ард хоцров.

Шөнө дунд автоматын чимээ хангинасан Гвиней улсын нийслэл Конакри хотын, захын ядуусын дүүргийн нэгэн хямд зочид буудалд хонохдоо, 250 цэргээр хамгаалуулж байсан манай цэргийн ангиас тэс өөр нөхцөл байдалд орсноо гэнэт ухаарсан.

Гвиней улсын Конакри нийслэл дахь Гвиней Биссау улсын элчин сайдын яамнаас арай гэж визийг нь аваад, хууль үйлчлэхгүй болсон улсыг замын унаанд дайгдаж туулав.

Гвиней Бисау гэх жижиг улсын нийслэл Бисауд хүрч, Сенегал гэх дараагийн улсын виз хүсэхэд, Монгол улстай ямар ч харилцаагүй Сенегал улсын ЭСЯ надад “виз” гэх зөвшөөрөл өгч нэвтрүүлэхээсээ татгалзав.

Европ хүрэх замдаа Юс Ундур гэх дуучны Сенегал улсын нутгаар дайран өнгөрч, амьдралыг нь судлах төлөвлөгөө байсан тул иргэний дайнтай Гвиней улс руугаа буцаад, Мали улсын виз авч, Малигийн нийслэл Бамако хотоос Сенегал улсын визийг дахин хүсэж азаа үзэхээр шийдлээ.

Монгол хүн бууж өгдөггүй шүү дээ.

Бисау улсын сонин хачин газруудыг нь үзэж, аж амьдрал, шашин шүтлэгийг нь судлаад, буцаад Гвиней улсын Конакри нийслэлд хүрч, Мали улсын виз аваад, 44 дахь улс Малигийн хил дээр арай гэж ирлээ.

IMG_0074 (Large)

Мали улсын хилийг төвөггүй даваад, нутгийн нийтийн тээвэрт сууж Бамако нийслэл рүү хөдлөв.

Мали улсын хил хүргэсэн машинд хамт ирсэн Либери улсын иргэн залуу Бамако хотод буугаад намайг дагаад эхлэв.

-Хоёулаа тустай явъя! гэж англи хэлээр хэлсэн ч тоохгүй, надаас юм салгана гээд замын нөгөө талаар дагаад л байлаа. Олны дунд ороод ганц хоёр гудамж мушгиад түүнээс арай гэж мултрав.

Хуучны аялал жуулчлалын ном дээр байсан хаягаар хостел гэх гадуураа төмөр хаалттай хямд буудал олж, нэг өрөөний шумуулын тортой оронд шургаад шууд унтлаа. Сьерра Леоноос гараад, нэг газар хоёр хонолгүй зогсолтгүй явсан болохоор маш их ядарчээ.

Хэдийгээр Мали улсад ирсэн гол шалтгаан нь Сенегал улсын виз авах байсан ч 44 дахь улсаа далимаар нь судалж, Монголчууддаа хэрэг болох тэмдэглэл бичихээр өглөө босож буудлаасаа гарлаа.

IMG_0089 (Large)

Төлөвлөгөөнд байгаагүй шинэ улсад ирсэн болохоор интернетээс энэ улсын талаар мэдээлэл уншлаа.

Бамако нийслэлтэй Бүгд найрамдах Мали улс хуучин Францын колони байсан болохоор албан ёсны хэл нь Франц юм байна, 1,240,192 км мв газар нутагтай, 17 сая гаруй хүн амын олонх нь лалын шашинтай гэнэ.

Дэлхийн олон төрлийн улс орныг үзсэн хүний хувьд нэг анзаарсан зүйлээ хэлье. Европчууд Африкийн орнуудыг хэдэн хэсэг болгон хувааж, хүчийг нь сулруулан колоничилжээ. Зарим тохиолдол ахан дүүсийн улсыг задлаад хөрш соёл иргэншилтэй нэгтгэсэн байна. Тийм бодлогоос болж бие биетэйгээ хамаагүй, өөр өөр шашин шүтлэг, өөр хэл соёлтой хүмүүс нэг улс, нэг далбаан дор амьдрах болжээ. Нэгтгэсэн улсын өөр өөр овог аймгууд бие биенийхээ хэл соёлыг хүлээн зөвшөөрөлгүй колоничлогч улсын хэл соёлыг төрийн хэлээр сонгосон байна. Сэхээтнүүдээ колоничлогч улсад бэлдэж тархийг нь угаалгасан болохоор шинэ үеийн залуус нь амьдралыг европын нүдээр харж, улс орноо дампууруулж байна. Залгамал улсуудад хэний овог аймаг илүү олон хүнтэй болж, илүү хүчирхэг байна тэр нь төрийн тамгыг ардчилсан сонгууль гэдэг жүжгээр олж аваад бусдыгаа дарамтлах үзэгдэл ч байна.

Энэ бүсэд төрийн эргэлт, иргэний дайн тогтмол гараад байгаа гол шалтгааны нэг нь энэ юм байна.

Харин нөгөө шалтгаан нь, энэ бүсийн улсууд тавь жаран жилийн өмнө манайхтай адил ардчилсан хөрөнгөтний тогтолцоог сонгосон болохоор мөнгөтэй хүн эсвэл түүний төлөөний хүн л төрийн тамга атгадаг болжээ. Эрх мэдэл авч, улсын мөнгөнд гараа дүрж баяжихын төлөөх тэмцэл энд маш хурц байна. Бид, ерээд онд хийсэн алдаагаа засахгүй бол ийм иирээдүй бидгийш бас хүлээж байна.

Манайхан зөвлөлтийн, улмаар Америкийн хэл соёлын нөлөөнөөс гарч чадахгүй эх орноо хямрааж байгаатай адил санагдав.

Дэлхийн хоёр дугаар дайны дараа Европын орнууд хүчээ алдаж, түүнийг далимдуулан африкийн колони байсан улсууд  тусгаар тогтнолоо олжээ. Харамсалтай нь шинэ тусгаар улсуудыг захирч буй хүмүүсийн сэтгэлгээ нь өөрчлөгдөөгүй тул ихэнх нь хуучны дарангуйлагчаасаа оюуны болон эдийн засгийн хувьд хамааралтай хэвээр үлджээ.

CFA буюу Баруун Африкийн Франк гэдэг мөнгөний нэгжийг хэрэглэдэг Мали Бенин, Буркина Фасо, Гвиней Бисау, Зааны Ясан эрэг, Нигер, Сенегал, Того  улсууд тусгаар улс юм шиг боловч эдийн засаг нь тэр чигээрээ Францын мэдэлд байна. Эдгээр улсууд хөрөнгийнхөө хагасыг Францад хадгалуулж, мөнгөн тэмдэгтийнхээ хэвлэл, ханшийг Францын засгийн газарт хариуцуулдаг болох нь надад сонин санагдлаа. Өөрөөр хэлбэл эдгээр улсад эргэлдэх мөнгийг Франц улс хянадаг гэсэн үг юм.

Удирдлагын академид, бизнес менежментээр сурч байхад үүнтэй адил үйл явдал манайд бас болж байгааг сонсож байсан. Бид өөрсдийн нийт мөнгөний 30 хувийг доллараар хадгалах үүрэг хүлээсэн байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл бид 100 төгрөгтэй гэж тооцоолж байтал үнэн хэрэгтээ 70 төгрөг эргэлтэд орж, үүнээс болж байнгын бэлэн мөнгөний хомстолтой, инфляц гэх ханшны уналттай байдаг гэсэн үг.

Бас Африкийн улсуудын ихэнх нь байгалийн нөөц олборлолтоор эдийн засгаа тэтгэдэг болохоор үндэсний мөнгөний ханшийн уналт их байна. Уул уурхай хөгжсөн улсууд гадаад мөнгөний нийлүүлэлт борлуулалтыг хатуу зохицуулж, төрөөс хянахгүй бол ийм зам туулдаг болохыг манай ерээд оноос бий болсон нөхцөл байдал бас харуулдаг билээ. Уул уурхайгаас олсон үнэт эрдэнэсийг гаднын валют доллараар борлуулах гэсэн хүмүүс хар зах дээрээс мөнгө босгодог. Нэг дор их хэмжээний доллар худалдан авах үед хэрэгцээгээ дагаад ханш нь өсдөг тул, савалгаатай ханш тухайн улсын үндэсний мөнгөний ханшийг унгаж, улмаар инфляцыг бий болгодог юм байна.

IMG_0105 (Large)

Аль нэг улсад буугаад тус улсын аялал жуулчлал, соёл урлагийн хамгийн алдартай газрын тухай мэдээллийг олмоор бол  зочид буудал, аялал жуулчлалын дэлгүүр, төв шуудангийн үүдэнд өрөөстэй байдаг открытка гэдэг ил захидлын зургуудыг сайн ажиглах хэрэгтэй . Тэнд тус улсын гол үзвэр, байгалийн гоо үзэсгэлэнгийн зураг байршлын мэдээлэл байдаг юм.

Бомако хотын төв шууданг нь олоод улс бүрээс аав ээждээ бичдэг ил захидлаа илгээгээд, тэгээд худалдааны лангуун дээр өрөөстэй открыткуудыг сайн ажиглав.

IMG_0282 (Large)Өвөрмөц байгалийн тогтоцтой, өнө эртний хүмүүн дүрстийн оромжтой Догон гэдэг нутаг миний анхаарлыг татлаа.

Нутгийн хүмүүсээс Догоны нутаг хэрхэн хүрч болохыг асуугаад, автобусны буудал руу явахаасаа өмнө Бамако хоттой танилцаж, энэ цаг үеийн байдлын талаар зурган архив бүрдүүлэхээр алхлаа.

IMG_0096 (Large)

Бамако хот бусад африкийн хотуудаас ялгарах зүйл үгүй санагдлаа. Колоничлолын үед баригдсан Францын цөөн тооны барилга, япон германы хуучин машинууд, гудамжаар хөглөрсөн хоол хүнс элдэв төрлийн жимсний лангуунууд, хятад барааны дэлгүүрүүд, тэгээд ядуу зүдүү нутгийн иргэд.

Шинэ улс бүрийн музейг хамгийн түрүүнд үздэг бөгөөд Бамакогийн музейд нутгийн түүх соёлтой холбоотой зүйл нэг их байсангүй.

IMG_0102 (Large)

Фото камерын батарейг гээсэн тул сайн чанарын зай олох гэж хотыг бүтэн тойрлоо. Дандаа муу чанарын жунгаа батарей зарж байна. Хэдэн зураг дараад дуусах үед зажлаад нэмж хэдэн зураг дарна тэгээд л дуусна. Ийм муу чанарын стандарт хангаагүй хямд батарейг манайд хориглохгүй бол байгаль орчинд маш аюултай юм байна гэж санагдлаа. Мэргэжлийн хяналтынхан үүнд маш их анхаарал тавиасай.

Мали улсын хүн амын олонх нь лалын шашинтай гэсэн байсан тул мөргөлийн үед хотын хөдөлгөөн зогсож, засмал зам болон хаа сайгүй нутгийн иргэд хивсээ дэвсээд, Саудын Арабын Мекка-гийн зүг мөргөн залбирч эхэллээ.

IMG_0099 (Large)

Манайд бас Буддын шашны мухар сүсгийн хоёр зуугаад жилийн хугацаанд Монголчууд Төвдийн зүг мөргөж, тэндээс л аврал хайж залбирдаг байсантай адил санагдлаа.

Хотын төвд Нигер голын эрэг дээр анхаарал татсан ганцхан барилга байсан бөгөөд зургийг нь дараад ямар учиртай болохыг нутгийнхнаас асуухад, Баруун Африкийн улсуудын төв банк гэнэ.

IMG_0107 (Large)

Бамако нийслэлд онцын сонирхолтой зүйл олдоогүй тул автобусны буудал дээрээс зүүн зүг явах унаанд сууж, Мопти гэх хот ороод тэндээс Догоны нутагт хүрэх боллоо. Бараа, эд зүйлс ачсан хуучин автобусанд нутгийн хүмүүстэй чихэлдэн явлаа.

IMG_0120 (Large)

Шөнө дунд цайны газар зогсох үед хоол амтлагч Магги-тай өндөг шаруулаад, майонезтэй талханд хавчуулж, чихэрлэг молокотой цайны хамт хүртлээ. Хоолны стандарт гэж байхгүй нутагт хүмүүс ийм муу чанартай хоол идээд их өвддөг байх гэж санагдлаа.

IMG_0125 (Large)

IMG_0132 (Large)

Автобус замын суурингуудад зогсож хүн, ачаа буулгаж суулгасаар Мопти гэх суурингийн зогсоол дээр 14 цагийн дараа ирлээ.

Автобуснаас буухад нутгийн залуу ирж танилцаад Догоны нутаг руу жуулчид дагуулж явдаг хөтөч гэж муухан англи хэлээр өөрийгөө танилцууллаа.

IMG_0161 (Large)

Надад мөнгө төлөөд дагуулж явах боломж байхгүй, хэрвээ зардлаа хуваалцах хүмүүс таарвал цуг явъя гэж тохиролцлоо.

Тэрээр амьдралаа танилцуулахаар үнэгүй дагуулж явав.

Мопти суурин нь шороон замын хоёр талаар барьсан хог шороондоо дарагдсан нэг, хоёр давхар шавар барилгуудтай ядруу газар санагдав. Бохирын нэгдсэн систем гэж байхгүй тул зарим айлууд муу усаа шууд гудам руугаа асгасан байна.

Голын эргийн хажуугаар явж байхад нутгийнхан хувцас хунараа шууд голд угааж, бохироо ч гэсэн ус руу цутгадаг болохыг мэдлээ. Энэ нутгуудад гол горхи, усаа хамгаалах хэрэгтэй болохыг ойлгуулах хэрэгтэй юм шиг санагдав.

Мопти суурингийн хамгийн гоё барилга нь зах байлаа.

IMG_0158

Шинэ танил бид хоёр зах дээрээс хамгийн гайгүй хоолны газрыг нь сонгоод, самрын соустай жигнэсэн будаа авч идлээ. Надад соёлоо танилцуулж буй залууг дайлахад нэг их зардал гарсангүй.

IMG_0156 (Large)

Хамт хоол идэж байсан нутгийн хүмүүсийн зургийг дарлаа. XXI зууны эхэн үед энэ нутагт амьдарч байсан хүмүүсийн дүр төрх гэж бичээд, зургийн сандаа хадгалав.

IMG_0157 (Large)

Энэ бүс нутагт ирээд анхаарал татсан зүйл нь лалын шашны сүмийн барилга. Өмнө нэгэн нэвтрүүлгээр үзэж байсан барилга нь энэ бүс нутагт байдаг болохыг мэдлээ. Бороо нэг их ордоггүй нутагт модон рам зангидаад шавраар гадуур нь бүрхсэн барилгуудаа жил бүр дахин шаварддаг гэж танин мэдэхүйн нэвтрүүлгээр үзэж байсан.

IMG_0160 (Large)

Нутгийн зарим айлууд хонь тэжээж байна. Зүс нь үнэхээр өвөрмөц санагдсан тул зургийг нь дарлаа. Манай малчид лав ийм сонин мал хараагүй байх даа.

IMG_0169 (Large)

Би багадаа дугуй түрж тоглодог байсан, эндхийн хүүхдүүд бас модон ишээр дугуй түрж тоглодог юм байна. Хүүхдүүдийн зургийг нь бас дарж, зургийн сандаа хадгаллаа.

IMG_0170 (Large)

Манай хөтөч намайг нэгэн айл руу дагуулж ороход, нутгийн эмэгтэй буудайг гараараа зүлгэж гурил гаргаж байв.

IMG_0171 (Large)

Хажуу айлд орж, нутгийн сархад амслаа. Буудайг исэлдүүлж гаргаж авсан пивоо нэгэн өвөрмөц хулд хийж өгөв. Лалын шашинтан сархад уудаггүй, бодвол энэ нутгийнхан шашинд нэг их автаагүй бололтой.

IMG_0174 (Large)

Айлын хашаан доторх бааранд сэрүүцүүлэгч ундаанаас нь хүртээд, нутгийн амьдралыг үзэхээр цааш алхлаа.

Гудмаар алхаж байтал бөмбөрийн юм шиг хэмнэлтэй чимээ хажуугийн асраас дуугараад байв. Энэ юу вэ гээд шагайж хартал хөлс нь цувсан хоёр залуу нэгэн зүйлийг хоёр талаас балбаж байгаа харагдлаа. Манай шинэ найз – Энэ хоёр хувцас индүүдэж, нугалаа гаргаж байгаа юм гэж тайлбарлав. Лантуугаар хувцсанд индүүдлэг гаргаж байгааг харах үнэхээр сонин санагдсан тул зургийг хадгаллаа.

IMG_0178 (Large)

Голын эрэг дээр түлээний модыг өөр газраас авчирдаг бололтой олон тооны модон завь харагдлаа.

IMG_0185 (Large)

Цаг орой болж шинэ танил намайг гэртээ урихад, нутгийн амьдралыг дотроос нь харах боломж гарсанд баяртай байв.

IMG_0193 (Large)

Манайхаар хашаатай айл гагцхүү хана байшингаа тоосгоор босгож, шавраар бүрсэн байна. Боб Марлигийн плакаттай, ямар ч тавилгагүй хоёр өрөө байрны нэг өрөөний газар дэвссэн халтар гудсан дээр унтлагын уутаа дэлгэж, цүнхээ дэрлээд унтлаа.

IMG_0191 (Large)

Өглөө сэрээд, би хаана байна аа? гэдэг нөгөө л асуултаа асуув.

Хөтөч залуугийн гэр бүлд талархаж бага хэмжээний мөнгө өгөөд, Догоны нутаг руу хөдлөв.

Жуулчид хөтөч зааварлагчтай, өндөр өртөгтэй хөтөлбөр авч Догоны соёл иргэншилтэй танилцдаг бол надад тийм төсөв байгаагүй тул замын унаанд дайгдаад, өөрөө үзэхээр шийдлээ.

Суурингаас гараад хэсэг алхаж байтал Ланд Круизер жийп зогсож, нутгийн залуу намайг үнэгүй дөхүүлэх болов.

IMG_0224 (Large)

Би МУИС-ын олон улсын харилцааны дээд сургуульд элсэхдээ франц хэлний ангийг сонгох хүсэлтэй байсан ч гэрийнхэн япон хэлийг сонго, манайхтай илүү ойр гэж ятгасаар байгаад буруу шийдвэр гаргуулсан болохыг Дэлхийг тойрох аялалдаа гарсан мөчөөс хойш ойлгосон. Замд гарсан хоёр жил хагас гаруй хугацаанд ганц л япон жуулчинтай таарч хальт ярилцсан бол арав гаруй Франц хэлтэй улсыг туулж олон мянган хүнтэй хэл амаа ололцох гэж төвөгшлөө. Энэ удаа бас жолоочид өөрийгөө тайлбарлаж, нутгийн аж амьдралыг асууж чадахгүй дуугүй явав.

IMG_0217 (Large)

Сүрлэн дээвэртэй шавран байшин, чулуун хашаатай тосгонуудын хажуугаар өнгөрөөд нэгэн хавцлын зах дээр ирэв.

Би машинаа зогсоож, гүйж гараад өмнө харагдаж буй байгалийн өвөрмөц үзэгдлийг хараад баярласандаа гараа дэлгэж зогсоод,жолоочоор зургаа дарууллаа.

IMG_0227 (Large)

Ном дээр англиар бичсэн байсан Cliff гэдэг зүйл нь юу болохыг одоо л ойлголоо. Монголоор юу гэж нэрлэхийг мэдэхгүй ч энгийнээр тайлбарлавал тал газрын нэг хэсэг нь дээш таван зуугаад метр өргөгдсөн байна. Байгалийн аугаа хүч гэж энэ байхдаа.

Машиндаа суугаад галт уулын лаваагаас бүтсэн юм шиг хад чулуутай хавцлын доош мушгиралдсан замаар буулаа.

IMG_0242 (Large)

Тал газрын ганц хоёр суурин өнгөрөөд нэгэн өвөрмөц тосгоны хаяанд жолооч намайг хүргээд цааш явав. Хадны чулуу, шавран тоосгоор барьсан тосгоны цаана, хавцалд буй эртний суурин миний анхаарлыг ихэд татлаа.

IMG_0264 (Large)

Бамако хотын шуудангийн открытк дээр харагдсан эртний Догончуудын сууринд иржээ. Мянгаад жилийн тэртээгээс Догон гэх энэ нутгийн омог аймгууд хавцлын голд суурингаа барьж дайснуудаас өөрсдийгөө хамгаалж амьдардаг болжээ.

Тосгоныг алгасаад шууд хавцал руу авирах гэтэл нутгийн залуу ирээд заавал хөтөчтэй явах ёстойг анхаарууллаа. Тухайн залууд бага хэмжээний мөнгө өгөөд хамт авирав.

IMG_0269 (Large)

Ямар сонин соёл иргэншил гэхээрээ ингэж амьдардаг байна аа гэж тус сууринд хүрээд бодлоо.

Дээрээс том хэмжээтэй хад асга унах аюултай байж болох байрлалд шувууны үүр шиг оромжууд барьжээ. Хоол хүнс, тариагаа хадгалах, талийгаачдаа оршуулах, сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдээ тусгаарлах байруудтай өвөрмөц соёл иргэншлийн суурин байна.

IMG_0296 (Large)

Тус тосгоны нэгэн өнцөг дээр зогсоод, өмнө харагдах тал хээрийг хараад баярласандаа хоёр гараараа амаа хүрээлж байгаад

-Хөө Хөө Хөө гэж сэтгэлээ нээж, Монгол хэлээрээ хашхирлаа.

Ямар үзэсгэлэнтэй нутаг, өвөрмөц соёл иргэншил вээ.

IMG_0292 (Large)

Монгол Бадарчин төслийн “Дэлхийн Нэг Өдөр” гэх фото зургийн номдоо Дэлхийн хүмүүн төрөлхтөн хэрхэн аж төрдөг болохыг үзүүлэх цуглуулгадаа Догончуудын гэр орны зургийг хадгалж авлаа.

Энэ хүмүүс өвөг дээдсийнхээ сүнсэнд мөргөдөг, нар сар, байгаль дэлхийгээ шүтдэг, бөө мөргөлтэй соёл иргэншил болохыг эргэн тойрны эд зүйлс, нутгийн хүний ярианаас мэдэж авлаа.

IMG_0277 (Large)

Догончуудын барьсан оромжуудын хажууд илүү эртний соёл иргэншлийн суурь байгаа нь бас анхаарлыг татлаа.

IMG_0283 (Large)

Өндөрлөг дээрээс Догончуудын шинэ сууринг ажиглав. Эд нар уулнаас бууж, тал хээрт суурингаа барьж эхэлсэн нь дайснуудаасаа айхгүй болсон үетэй холбоотой байх гэж бодогдлоо.

IMG_0311 (Large)

Догончууд бол тариалан эрхэлдэг суурин хумүүс, харин холгүй орших Фуланчууд нь мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин хүмүүс. Нүүдэлчдийн мал нь тариаланчдын нутгийн тариаг сүйтгээд байна гэж Догончууд дургүйцдэг бол, мал хулгайлдаг гэж Догончуудтай нөгөөдүүл нь дайсагнадаг байна. Кений улсад болж байсан үйл явдалтай адил.

Энэ хоёр омгууд мөдхөн дайтах болно гэж хотод таарсан нэгэн хүн хэлж байсан санаанд орно.

IMG_0324 (Large)

Уулан дээрээс бууж тосгонд хонож үзэхээр шийдэв.

Тог цахилгаангүй хоцрогдсон тосгонд Кока колагийн сурталчилгааны самбар байгаа нь сонин харагдав. Энд байгаа цорын ганц сурталчилгаа.

IMG_0328 (Large)

Энэ нутгийн хүмүүсийн орлогын гол эх үүсвэр нь аялал жуулчлал юм байна. Жуулчдад зориулсан жижиг буудалд мөнгө төлөөд, майхнаа дээвэр дээр нь зоож хонох боллоо. Шөнө шатаар яаж гарна даа гэж нутгийн өвөрмөц шатыг нь хараад бодов.

IMG_0322 (Large)

Майхнаа зоож, цүнхээ дотор оруулаад, нутгийн залуустай танилцаж ярилцахаар шийдэв. Аялал жуулчлал дагнаж амьдарч буй иймэрхүү суурингийн залуус нь жуулчдыг арьс өнгөөр нь ялгаж харьцдаг болохыг хэд хэдэн удаа анзаарсан. Ази хүнийг нэг их ойшоохгүй, харин цагаан европчуудыг харахаар доль үсэрнэ.

IMG_0331 (Large)

Барууны хувцас өмссөн тосгоны залуус нэг их тааламжтай хандахгүй байхаар, майхандаа орж унтахаар хоёр давхарт гарлаа. Харанхуй болсон ч сарны туяа Догоны уулын тосгон руу тусаад майхны үүдээр мартахын аргагүй зураглал харагдаж хонолоо. Шөнө дунд майхнаасаа гарахад хязгааргүй олон ододтой сансар огторгуй эх орныг минь санагдуулав.

Өнгөрсөн орой нутгийн залуусын өгсөн усыг хлороор ариутгалгүй ууснаас болж хамаг биеэр улаан тууралт гарч, нэг хэсэг тайван байхын аргагүй загатналаа.

IMG_0338 (Large)

Өглөө босож майхнаа нээгээд, ЮНЕСКО-д бүртгэлтэй газар руу үүднн харуулж хонолсноо санаад -Ямар үзэсгэлэнтэй юм бэ! гэж уулга алдлаа. Цүнхээ үүрээд тосгоноос гарах үед шувууны үүр шиг байрны жижиг цонхоор нутгийн өвгөн намайг хараад, сонин хэлбэртэй шатан дээрээ гараад ирлээ. Бонжур гэж францаар мэндлээд өнгөрөв.

IMG_0345 (Large)

Өвөрмөц загвартай лалын шашны сүмүүд энд бас байна.

IMG_0351 (Large)

Тосгоныг орхиод зүүн зүг замаа дагаад алхлаа.

Хэдийгээр нутгийн зарим хүмүүс намайг ганцаар явж болохгүй, иргэний дайн гарах гээд байдал эвгүй байгаа гэж анхааруулж байсан ч, өөр арга байсангүй.

Хавцлын дагуу хэсэг явж байгаад ядраад нэгэн том модны дор цүнхээ дэрлээд хэсэг унтаж амарлаа. Нүүдэлчин удмын хүн гэж хаана ч байсан дасан зохицоод л явах юм даа гэж өөрийгөө бодлоо.

IMG_0361 (Large)

Эргэж босоод зам дагуу явж байгаад дараагийн нэгэн тосгон руу орлоо. Нутгийн лалын шашны багш хүүхдүүдэд Коран судраа зааж байна. Буддынхан биднийг заавал төвд хэлээр судруудыг уншуулаад байдаг шиг энд Кораныг араб хэлээр цээжлүүлж байна. Хүүхдүүд юу цээжилж байгаагаа ойлгож байгаа эсэхийг мэдэхгүй. Гэхдээ араб хэл соёлын нөлөөнд автаж байгаа нь тодорхой.

IMG_0373 (Large)

Замын хүн ирсэн гээд намайг хоолоор дайлав. Гараар нүдсэн буудайгаа устай зуурч хул аяганд хийж өгөв. Манай арвайн гурилтай төстэй юм шиг гагцхүү шар тосгүй. Араас нь цагаан өнгийн шингэнээр дайллаа. Юутай зүйрлэхээ мэдэхгүй байна.

IMG_0372 (Large)

Тосгоны хоёр залуу танил тоглоом тоглож байгаа харагдлаа. Зүүн өмнөд африкийн Малави улсын хүмүүс бас тоглож байсан.

IMG_0376 (Large)

Уг тосгоны харалдаа хавцалд бас Догончуудын эртний суурин харагдсан болохоор дээш авирч, өмнөх тосгоноос юугаараа өөр болохыг ажиглалаа. Нийт 150 км үргэлжлэх хавцлын дагуу оон тооны ийм тосгонууд байгаа болохыг ойлголоо.

IMG_0396 (Large)

Догончууд масктай бүжиг, модоор маск хийх соёлоороо алдартай болохоор нэг маскийн зургийг нь дарлаа. Нутгийн залуу намайг худалдан авагч биш, зүгээр зураг дарж буйг ойлгоод дурамчхан маскаа хураав.

IMG_0377 (Large)

Уг тосгоноос холгүй нэгэн өвөрмөц хад харагдлаа. Босоо ганц хуруу шиг. Өмнө Намиб улсад бас үүнтэй адил байгалийн өвөрмөц тогтцыг харж байснаа санана.

IMG_0419 (Large)

Ганцаараа төөрөх вий гэж замд өнгөрөх тосгоны хүн бүр санаа зовно.

Дараагийн тосгоны лалын шашны сүмийн өмнө нэгэн өвөрмөц саравч харлаа.

IMG_0429 (Large)

Хурлын өрөө гэж нэрлэж болохоор уг саравч нь тосгон бүрд байсан бөгөөд эрчүүдийн хурал цуглаанд зориулан барьсан гэнэ. Дээвэр дээр нь их хэмжээний сүрэл орвоолсон, олон тооны модон түшлэгтэй уг асрын өндөр нь метр орчим байдаг нь дараах шалтгаантай гэнэ. Омгийн хуралд ирсэн эрчүүд асрын доош бөхийж ороод сууна. Саравч намхан байгаа шалтгаан нь эрчүүд маргаандаа халуураад босохоос сэргийлдэг гэнэ. Хүмүүс элдэв омоглон зан гаргалгүй уулзаж болох өрөө гэж ойлгож болно.

Нутгийн хүмүүс тээвэртээ ихэвчлэн илжиг ашигладаг юм шиг санагдаж байтал нэг бөхтэй африк тэмээ таарлаа.

IMG_0445 (Large)

Газар тариалангийн улирал бололтой замд тариалан эрхэлж буй хүмүүс олон таарав. Бүгдэнтэй нь нутгийн хэлээр амар мэндийг асуугаад замаа үргэлжлүүлж байсан болохоор аюулгүй байдал гайгүй байх гэж санагдаж байв.

IMG_0423 (Large)

Гэнэт зам хазайж хадны дундуурх хавцлын өөд чиглээд, чулуун дунд замхарч одлоо.

IMG_0449 (Large)

Нар жаргах дөхөж, харанхуй болбол төөрөх аюул нүүрлэсэн тул хад асагын зүг нүдээ жимийж, бага зэрэг солир харж байгаад хүмүүсийн явсан замыг хальт цайсан чулуун дээрх бүдэг мөрөөс олж хараад яаран дээшээ алхлаа. Хэд хэдэн удаа хадны дунд замаа алдаж төөрөх шахаж байсан ч, нүүдэлчин удмын хүү юм болохоор анчны арга хэрэглэж, хүмүүсийн явсан замыг чулуу, зүлэг дээр үлдсэн мөрөөр олоод хавцлын дээрх тосгонд харанхуй дунд хүрлээ.

IMG_0459 (Large)

Зочин хүлээгээгүй суусан тосгоны ноён гэх ахмад хүн намайг харанхуйгаас гараад ирэхэд гайхан хэнтэй ирснийг асуугаад, ганцаараа энэ замыг туулсныг сонсоод яаж төөрчөөгүй юм бэ гэж муухан англи хэлээр хэллээ.

Байнга жуулчин хүлээн авдаг тэрээр ганцаараа энэ замыг туулсан анхны жуулчин гээд надад маш эелдэг хандах болов.

Монгол гэж ямар соёл иргэншил байдаг тухай ойлголтгүй тэрээр яаж ч байсан адил анчин хүмүүс байдаг болохыг надаас ойлгож авлаа.

Ахмадтай хүндэтгэлтэй харьцах хэрэгтэйг манай ёс надад заасан байсан болохоор төвөггүй хүмүүстэй учраа олсоор байна.

IMG_0458 (Large)

Айлын эзэгтэй самрын соустай цагаан будаагаа хийж өгөөд, майхнаа зоох газар зааж өглөө.

Оддын дор зассан майхан шөнийн бороонд нэвт норж эхэлсэн тул байрны саравчин дор майхнаа зөөж унтлаа.

IMG_0462 (Large)

Өглөө босоод баруун африкийн омгийн ахмадынд сэрэх сайхан байв.

Хажуу айлд буусан жуулчинтай хамт өдөр хавцлын орой дээр гарч ганц хоёр зураг дарууллаа.

IMG_0482 (Large)Овгийн ахмадыг ан гөрөөнд явдаг хувцастай нь зураг дарж, Бамако хот руу буцах замдаа гарлаа.

IMG_0491 (Large)

Уул хадаар яваад сурсан хүн шиг нутгийн хүмүүсийн гаргасан бүдэг мөрийг дагасаар дараагийн тосгонд хүрч, хоол олж идээд, зам дагуу алхаж байгаад төв рүү яваа жуулчидтай машинд гараа өргөн суулаа.

IMG_0534 (Large)

Энэ цаг үеэс хойш Мали улсын иргэний дайн эхэлж хүмүүс гэр орон, төрсөн нутгаа орхиж дүрвээд, олон тооны хүн амь насаа алдсан юм.

Хавцлын өндөрлөг дээрээс харсан Баруун Африкийн үзэсгэлэнт тал хээрийг хэзээ ч мартахгүй.

Аян зам үргэлжилсээр…

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.