ams vokzal

2005 оны 12 сарын 27

Монгол Бадарчин 1-р аян. 6 дахь төр.

Нидерландын Вант Улсын нийслэл Амстердам хот.

Аян замаа эхлүүлээд сар хагас боллоо.

Судалгааны зургаа дахь хийгэм, Нидерландын Вант Улсын нийслэл Амстердамын онгоцны буудалд буугаад, энэ улсын талаар юу мэддэг тухайгаа бодов.

Нидерланд нь нам газар гэсэн утгатай ажээ. Нийт нутгийн тавин хувь нь далайн түвшнөөс нэг метрээс хэтрэхгүй, тал болоод тэгж нэрлэсэн гэнэ. Голланд гэж өмнөд нутгийг нь нэрлэдэг юм  байна. Манайхаар Баруун аймаг гэдэг шиг.

Газар нутгийн нийт хэмжээ нь 41.543 км2 буюу манай Баян Өлгий аймагтай ойролцоо ч, арван таван сая иргэнтэй Европын хамгийн шигүү хүн амтай улс юм байна.

Манайд километр квадратад 1.5 хүн ноогддог бол энд 400.

Далайд том далан бариад, усыг зайлуулж байгаад газар нутгийнхаа 17% хувийг нь усны ёроолоос гаргаж авсан гэхээр сонин байгаа биз?

Газар тариалангийн экспортоороо АНУ-ын дараа ордог гэж байгаа. Ийм жаахан газрыг ингэж сайн ашиглаж, ард түмнээ хооллож бас Дэлхийн экспортын 2-р байранд орж байдаг.

Рус хүмүүстэй төстэй төрхтэй, иргэдийнх нь дундаж өндөр нь 180 см. Ижил хүйстэн хүмүүс хоорондоо гэрлэж болохыг хуульчилсан анхны улс. Мансууруулах бодис, хар тамхины хэрэглээг зөвшөөрсөн газар. Биеэ үнэлэгчдыг мэргэжил гэж үздэг нийгэм. Хүн өөрийн саналаар үхмээр бол тариа тариулж амиа тасалж болдог хуультай аж.

Хайнекен пивээрээ алдартай, бас Дэлхийн хамгийн том пиво экспортлогч улс гээд энэ улсын талаар сонин зүйл олныг мэдэж болно. Одоог болтол вант засаглалаа хадгалж үлдсэн цөөн тооны улсуудын нэг.

Онгоцны буудал дээр Ханнаг Шведээс, Маркийг Канадаас ирэхийг нь хүлээж байгаад, бид гурав Амстердамыг үзээд тэгээд Леоварден гэх хот руу явж Ариунаа, Тринике найзындаа зочилж, залуу насныхаа сайхан мөчүүдийг дахин хамтдаа мэдрэх төлөвлөгөөтэй байв.

Онгоцны буудал дээр нилээд удаан хүлээх байсан тул цайны газар буцалсан ус савандаа хийлгэж, борцоо хандалж уулаа.

Европын орнууд Евро гэх нэгдсэн мөнгөн тэмдэгт, ханшийг нэвтрүүлээд удаагүй. Шинэ мөнгөтэй болсноор амьдралын үнэ хоёр дахин өссөн гэж хүмүүс ярьж байхыг сонслоо. Юмны үнэ нь манайхаас зарим талаараа арав дахин үнэтэй байна.

Евро бүсэд ирээд, задгай мөнгөтэй байснаа санаж байна.

Юу хийхээ мэдэхгүй хүлээгээд байж байтал араб гэр бүл хажууд ирж суугаад өдрийн цайгаа уулаа. Идэж буй хоолоороо намайг дайлав. Амьдралдаа анх удаа араб хүмүүстэй таарсан минь энэ. Тайван улсууд санагдлаа. Эцгийн эрхт ёс тогтсон соёл бололтой. Кристийн шашинт Европчууд Лалын шашинт Арабуудыг үздэггүй гэж бодож байтал эргэн тойронд Европт байгаа гэж огт санагдхааргүй холилдсон олон төрлийн хүмүүс харагдана. Жилдээ хорь гаруй сая жуулчин хүлээн авдаг улс болохоор аргагүй бизээ. Бас Нидерланд нь Европ дотроо олон үндэстэн, гаралтан хамгийн их холилдсон улс гэж байна. Нидерландын иргэн араб хүн, африк хүн, Монгол хүн ч байж болно гэнэ ээ.

Манайх тийм биш шүү дээ. Нэг Үндэс-тний улс гэдэг Холбооны улс, Нэгдэлтний улсаас тэс өөр. Олон зуун жилийн түүхтэй ах дүүгийн том гэр бүл. Гавьяа байгуулж, Монгол түмний таашаал дэмжлэгийг аваагүй л бол Монгол Улсын иргэн болох боломжгүй. Манай хуулиар хүн амын нэг хувиас илүү тооны гадаад хүн байхыг хориглодог шүү дээ.

Маркийн онгоц бууж, төд удалгүй Ханна бас ирлээ.

Бид галт тэргэнд сууж Амстердам хотын төвийн галт тэрэгний буудалд хүрэв. -Амстердам! гэж хашгирмаар санагдана. Энэ хотод зочилно гэж ямар их мөрөөдөж байв аа.

Цаг агаар нь арван хоёр сарын сүүл гэхэд дулаан, манай намрын нэг сэрүүн өдөр шиг байна. Далайн эргийн хот болохоор өөрийн гэсэн нэг тийм чийгний үнэртэй юм.

Бид гурав аялагчид буудаг хямд үнэтэй “Хостел” гэх дэн буудал замын хажууд олж, 6 ортой өрөөний 3 орыг тус бүрийг нь 20 еврогоор авч, цүнхээ оруулж тавиад,  Амстердамын шөнийн амьдралтай танилцахаар гарлаа.

Зам дээр эгнэж зогссон таксинуудын нэгийг хөлсөлж суугаад, хамгийн том диско руу хүргэж өгөхийг хүсэв. Анх Европт орж ирээд, Финландын галт тэрэгний буудал дээр “Бенз 300” загварын машинууд таксинд явдаг болохыг хараад гайхаж байсан санаанд орно. Манайд энэ машин тансаг хэрэглээ шүү дээ.

Араб царайтай жолооч хотын хурдны зам руу орж давхисаар гадна ганган гоё хувцасласан залуустай клубын үүдэнд хүргээд 30 евро таксины хөлсөнд авав. Унаанд суугаад хөдлөх мөчөөс 6 евро-гоор тоолуур эхэлсэн болохоор  аргагүй биз.

Нэг давхрын зааланд хип хоп хөгжим, хоёр давхарт нь транс доргиосон клубт хөлсөө гартал бүжиглэж, залуу насны эрх чөлөөгөө бид эдэлж гарлаа. Чанартай дуу хөгжим, чанга яригч, гэрэлтүүлэг. Охид нь үзэсгэлэнтэй бас тачаангуй юм. Дэлхийн зугаа цэнгэлийн төвүүдийн нэгт нь ирсэн болохоор өөр яах билээ дээ. Хоорондоо зодолдож, агсам тавьж буй залуус харагдсангүй.Заал дүүрэн олон үндэстний хүмүүс нэгэн хэмнэлд ороод доргиж байгааг харах үнэхээр гоё юм. Гурван цагийн алдад манай хоёр ядарсан тул буудал руугаа буцаж, харин би клуб хаатал нь бүжиглэхээр үлдэв.

Олон Улсын Харилцааны дээд сургуулийн япон хэлний анги төгссөн болохоор англи хэлээр хүмүүстэй чөлөөтэй сайн харилцаж чадсангүй. Нутгийн залуус англиар чөлөөтэй, цэвэр ярьдаг болохыг анзаарлаа. Скандинавын орнууд бас иргэддээ англи хэлийг хоёр дахь хэлээ болгон цэвэр сургасан байсан.

Клубээс гарч ирэхэд үүр цайсан байв.

Энэ бүсийн орнуудын хотын төв нь ерөнхийдөө аюулгүй санагдсан тул буудал руугаа алхаж хүрэхээр шийдлээ. Замаараа хоттой бас танилцаж авья гэж бодлоо.

Замын хажууд байрлах жуулчдад зориулсан хотын газрын зурагтай самбарыг хартал манай буудал ойрхон болохыг мэдэв. Европт таксины жолооч нар бас жуулчдыг хулхиддаг юм байна гэдгийг ойлголоо. Хурдны замаар тойруулжээ.

Буудалдаа хүрэх замаа цээжилж аваад ганцаараа алхахдаа эргүүлийн цагдаа нартай таарлаа. Тэд эелдэгээр аль зүг рүү явахыг зааж өгөв. Цагдаагийн дарамттай улс биш санагдав.

Хүнгүй, хоосон гудамтай Амстердам хотоор алхахдаа нэгэн зүйл анзаарлаа. Энэ хотын дундуур олон тооны гол, жалгаар нь урсдаг юм байна. Түүгээр нь том жижиг усан завиуд явж байна. Улаанбаатар хотын төвөөр алхаж байтал Энх тайвны өргөн  чөлөө, жуулчны гудмаар том усан завиуд хөвж байвал сонин уу?

Явган хүний замыг засмал замаас ялгасан хашлага, хүмүүс гол руу унахаас хамгаалсан хаалт ч гэж бараг алга. Иргэд нь согтож яваад ус руу унана гэж байдаггүй бололтой гэж бодож байтал живсэн дугуй, машин эд зүйлсийг голын ёроолоос гаргаж буй цэвэрлэгээний завьтай таарав. Сүүлд сонсохнээ өглөө бүр ийм завь жалгаар явж живсэн зүйлс, цогцос хааяа гаргадаг гэнэ.

Өглөө 11-ээс өмнө буудлын түлхүүрээ хүлээлгэн өгөөд галт тэрэгний буудал руу алхаж, Леоварден хот руу явдаг хоёр давхар галт тэргэнд суулаа. Тасалбараа цахилгаан төхөөрөмжөөр авч байна. Хүн ам олонтой болохоор давхар галт тэрэг байхаас аргагүй бололтой. Өмнө Токио, Чикаго-д бас үүнтэй төстэй тээвэр харж байсан санагдана.

Оюутнууд голцуу амьдардаг гэх Леоварден хотын галт тэрэгний буудал дээр буухад, энэ улсад амьдардаг Ариунаа, Тринике хоёр найз өөр нэг найзтайгаа хамт цэцэг барин тослоо.

Хүнээр тосуулах ямар сайхан юм бэ.

Тренике найзындаа зочилж, хоол хийж идээд Монголоос авчирсан нэг шил водкагаа задалж, “Booz trip 2” буюу “Бууз Аялал 2”-оо албан ёсоор эхлүүллээ.

IMG_0957

БУУЗ АЯЛАЛ 1

2005 оны зун, Монгол нутаг.

Монгол Бадарчин төсөл эхлэхээс өмнө…

Эс Эй  (S.A studio) студи байгуулаад Монголд Электро хөгжим, Клубын соёл дэлгэрүүлэх гэж зүтгээд 5 жил болов. Гаднын соёлыг Монголд дэлгэрүүлж байсан болохоор олон улсын залуусыг урьж ажилуулах тохиолдол олон байсан юм.

Манай студийн гадаад харилцааг хариуцаж байсан Ханна гэх шведийн сэтгүүлч бүсгүй амралтын өдрөөр гадаадууд цугладаг үдэшлэгт явахдаа Триник гэдэг нидерланд бүсгүйтэй найзалж, Марк, Отис гэх хоёр Канад аялагчидтай нөхөрлөсөн тухайгаа ярив. Шинэ найзууд нь манай ажил дээр зочилж, танилцав.

Аялал гэдэг өндөр өртөгтэй гэсэн ойлголттой байсан миний хувьд үүргэвчтэй аялагч гэж юу байдгийг анх эдгээр хоёр залуугаас мэдэж авлаа. Заавал өндөр зардлаар аялах албагүй, аргыг нь олоод хямдаар, адал явдалтай юм үзэж болохыг мэдлээ.

“Клуб 21” соёлын хувьсгалын  сүүлийн ажил болох “ЗУН” гэдэг төсөлд Монголын залуучуудад зориулж наран шарлагын газар байгуулж, задгай тэнгэрийн доор парти-дах боломжийг Гачууртад байдаг Монгол Шилтгээнтэй хамт бүтээгээд байв.

Монгол Шилтгээн гэдэг зочид буудлын удирдлагатай гэрээ хийж, 2005 оны зуны өдрүүдийн долоо хоног бүрийн амралтын Бямба, Ням гарагт “Клуб 21”-ийн beach party (бийч парти -наран шарлагын газар дээрх үдэшлэг )-г хийхээр тохиролцсон юм.

Улаанбаатар хотын залуус тамхины утаагүй, задгай тэнгэрийн дор, голын эрэг дээр гоё хөгжим сонсож, гал түлэн оддын дор бүжиглэх боломж анх нээгдсэн нь энэ. Бидний ажил олон нийтэд танигдсаны дараа Монгол Шилтгээнийхэн өөрсдөө арга хэмжээгээ зохион байгуулж, орлогоо дангаараа авна гээд биднийг “жийсэн” юм. Тайзны карказаас авахуулаад элдэв зардал гаргасан байсан болохоор түүндээ шатаж, бас шудрага бус байдалд гомдов. Хамтарч ажиллана гэж тохирч  ажлаа хийлгээд, бүх юм сайхан болсны дараа “жийнэ” гэдэг муухай. Хэдэн жил зүтгэсэн ажил маань ерөнхийдөө дуусаж, залуус электро сонсдог болсон болохоор сүүлийн ажил болох “Зун” төсөл гацсаны дараа амралтын горимд шилжив.

Яг энэ үед Монголд ирж аялж буй гадаад залуустай танилцсан болохоор -Бүгдээрээ хөдөө Говь руу явах уу? гэж би санал болгов.

Монголд ирсэн хүн бүр Говь үзэх төлөвлөгөөтэй байдаг болохоор саналыг минь дэмжиж бүгдээрээ хамт аялах болов. Тус бүрнээ зуун ногоон гаргаж, нийлүүлээд машин хөлсөлж Өмнөговийн Гурван Сайхан орохоор шийдлээ.

Бууз гэхэд бид хоол боддог бол англи хэлээр ярьдаг хүмүүс сархад толгойд нь орж ирдэг ажээ. “Booz trip” буюу бууз аялал гэж аяллаа нэрлэх болсныг ойлгоо бизээ.

Монгол нутгаар аялахын тулд унаатай мэргэжлийн жолооч хэрэгтэй. Ах нараас сайн жийптэй хүн цөөн байсан болохоор Нүүдэл ахыг гуйж байгаад, дүүг нь жийп машинтай нь хөлсөлж аваад долоо хоногийн аялалд гарлаа.

Аз болж гадаадынхан манай хөдөө дураараа явж чаддаггүй.

Бидний үеийнхэн гадаад руу аялах тухай боддог ч Монгол нутгаараа яагаад аялдаггүй юм болоо гэсэн бодол машиндаа суугаад замд гарсны дараахан санаанд оров.

Жолоочтойгоо нийлээд зургуулаа нэг машинд чихэлдэж байсан тул хуруудаад ялагдсан нь ачааны хэсэгт, цүнхнүүд дээр зассан орон дээр хэвтэж явахаар тохиров. Дундаа мөнгө босгоод замдаа хэрэглэх хоол ундаа бэлдэж, явах замаа төлөвлөлөө.

Долоо хоногийн дотор Улаанбаатараас Өгий нуур, Хар Хорин, Өмнөговийн Гурван сайхан яваад ирэхээр болов.

Нийслэлээс гарч давхисаар, өвөөгийн маань нутаг Архангайн Өгий нуур дээр очиход Дуламдорж ах, Лхагважав эгчийн “Өгий тур” амралтын газар биднийг үнэгүй хүлээн авч, найзуудад Монгол зочломтгой ёсыг үзүүллээ.

Нууранд сэлж, морь унаж, сая сая оддын дор Монгол гэрт гал түлж хоносон дурсамж зочидод таалагдсан гэдэгт эргэлзээгүй.

Цурхай загасны амтыг ч бас дурсах бизээ.

Тал нутагт эртний загварын “Эрдэнэ Зуу” гэх буддын сүмыг Хар Хоринд зочилохдоо найзууддаа үзүүлж, гайхууллаа.

Аялал жуулчлалын бодлого боловсруулаад, Эрдэнэ Зуу руу орж буй хүмүүс заавал эртний хувцастай нэвтэрдэг байх дүрэмтэй болговол, зочид түүхэн кинонд орсон юм шиг мэдрэмж авах болно гэж санагдлаа. Опер луу заавал костюм пиджакны төрлийн смокинг гэх хувцастай орох дүрэмтэй байдаг шиг

Эрдэнэ зуу руу заавал Монгол хувцастай нэвтрэнэ гэвэл?

Марк нь Канадын мэргэжлийн зурагчин болохоор аяллын мөч бүрийг зориулалтын камерт буулгаж, харин Отис нь Канадын радиогийн Dj болохоор дуу хөгжим дээр санаа зовохгүй хэдэн өдрийг өнгөрөөв. Ханна, Тринике хоёрт Монголын нутагт эмэгтэй хүн галаа хариуцаад, эрэгтэй хүн замаа болон хүнд юмаа даадаг болохыг талбарласан тул аяллын багийн дунд ажил үүргийн үл ойлголцол гарсангүй. Бид яг нэг баг болсон мэт асуудалгүй байв. Өөрийн сайн машинтай, майхантай байхад Монгол нутгаар аялах гайхамшигтай шүү.

Эргэн тойронд хүнгүй, улаан чулуутай цөлөөр удаан явах аймаар санагдав. Ялангуяа нар халсан, хөрс шороо нь түлэгдсэн говьд. Хааяа ганц хоёр тэмээ, зээр харагдана.

Замд машины дугуй хагарч, бид яг цөл дунд зогслоо. Зөвхөн салхины намуун чимээ, халуун нарны туяа.

Огторгуйн нэгэн гарагийн гадаргуу дээр л ийм байдаг байх гэж эргэн тойрноо хараад бодогдлоо.

-Хэрвээ энд манай машин унтарвал биднийг хэн ч олохгүй байх аа? гэж нэг нь хэлэхэд.

-Харин тийм, сүүлийн хоёр өдөр бид хэнтэй ч зөрсөнгүй гэж манай хэд ярилцаж байх үед өмнө танилцаж байсан Голландуудын яриа санаанд оров. Тэд Дорнодын тал руу машин хөлсөлж яваад, тал хээрт зогссон чинь машинаасаа холдохоос айж байсан гэсэн. Хаа сайгүй барилга байшин, зам байдаг улсаас ирсэн болохоор машинасаа гараа салгахаар хязгааргүй талд төөрчих юм шиг санагдсан гэсэн.

Хөгжим сонсож, дуу дуулж, тоглож хөгжилдөж, шинэ сонин хачин дуулж үзэж явсаар Өмнөговь аймгийн Гурван сайхан-д хүрлээ.

Тэнгэр тулсан өндөр уулсын нуруу нь зүүнээс баруун руу чиглэсэн байна. Томоо хавцлын голоор өгсөж, уруудаж явсаар цөл дунд, уулсын нөмөрт, ундны ус мөс болсон байгааг харлаа.

Хавцалд нэг их сайхан сэрүүн агаар.

Тэр бүр Монгол нутгаараа аялж байгаагүй би эх орноо харь хүний нүдээр харж, “Хэрвээ гадныхан манайд зочилж болж байгаа бол бид яагаад гадаадад зочилж болохгүй гэж” гэсэн бодол аяллын үед надад төрж, зориг хүрэхгүй байсан “Монгол Бадарчин” төслөө эхллүүлэх гол шалтгаан нь боллоо.

ugtalt Leowarden

Бууз трип 2.

Леоварден… 2005 оны 12 сарын 27.

Буудлын хажууд хоёр давхар дугуйны зогсоолд дүүрэн дугуй байгаа харагдана. Энэ хотын иргэдийн үндсэн хэрэглээ нь дугуй бололтой.

Кристийн Католик шашны баярын үеэр зочилсон болохоор гудамж талбайгаа гэрэлтүүлсэн, хаа сайгүй зул сарын баярын худалдаа, гоёж чимэглэсэн гацуур мод харагдана.

Европт иргэдийн амар амгаланг хадгалахын тулд хотын унтлагын дүүрэг гэх, манайхаар орон сууцны дүүргүүдийг согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудаас тусгаарлаж, зугаа цэнгэлийн газруудыг нэг бүсэд төвлөрүүлсэн байна.

Бид нэгэн бааранд ортол пивоны үнэ маш хямд, тэгээд метрээр зардаг гэж байна. Бид пивоо аягаар, литрээр хэмжиж нэрлэдэг. Харин энд бааранд ороод 1 метр пиво гэж захиалж байхыг харлаа. Нэг метр пиво гэдэг захиалганд урт модон дээр 14 крушик пиво тогтоож авчирдгийг захиалга ирэх үед ойлголоо.

Бааруудыг дотор нь залгаж барьсан байна. Олон төрлийн заал, өрөөтэй зугаа цэнгэлийн төв байна гээд төсөөлдөө? Гадаа гаралгүй нэг баарнаас нөгөө баар луу дамжиж, өөр өөр хөгжимтэй орчинд суух сонголттой.

Баар хэсч яваад, заал нь эргэдэг өрөөнд орж ирлээ. Нэг хаалгаар нь ороод дугуй баарны ширээний ард суугаад найзуудтайгаа буу халж байгаад, эргээд гарах үед өөр заалтай өөр баарны өрөө рүү орсон нь толгой эргүүлж орхив.

Нидерландын вант улс нь ерөнхийдөө бол Хойд Европын улс орнуудтай адил санагдлаа. Таалагдсан зүйл нь хүмүүс машин унахаасаа илүү дугуй унаж, мөнгөө хэмнэж, эрүүл мэндээ ч хамгаалж байна. Хаа сайгүй дугуйны зам, дугуйны зогсоол, дугуй унаж буй хүний давуу эрх. Эд хогшлоос залхсан бололтой нийгэм байна. Дэлхийн хүмүүсийн амьдрал ямар өөр юм бэ.

Шведийн Ханна найзындаа зочилсон, одоо Тринике найзын хот, амьдралтай нь танилцаж байна. Дараа нь Марк, Отисын Канад ертөнцөөр аялна гэж төлөвлөв.

Европын оюутны хотхонд цагийг хамтдаа сайхан өнгөрөөгөөд, маргааш нь бүгд өөр өөрийн нутаг руугаа буцаж, хувийн амьдралдаа эргэн орж, харин би Монгол Балдарчин төслөө үргэлжлүүлэн дараагийн цэг рүү гэлдэрлээ.

аялал ном

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.