DSCN1087

1986 оны намар…

БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот.

-Золоо миний хүү хувцсаа өмсөөрэй, бүгдээрээ явж паспортын зургаа даруулъя гэж ээж хэллээ.

Энэ өгүүлбэрээр миний амьдралын нэгээхэн хэсэг болсон олон улс судлал эхэлсэн гэж хэлж болно.

Аав маань ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн Монгол оюутан хариуцсан деканаар ажиллах томилолт авсан болохоор манай гэр бүлийн нүүх бэлтгэл ажлын эхний хэсэг нь паспортын зураг даруулах байлаа. Аав бусад ажлаа амжуулж байх хооронд ээж ах, балчир дүү бид гурвыг дагуулаад холгүй орших Урт цагааны зурагчинд хандав. Зургийн аппараттай хүн ховор болохоор зураг даруулна гэдэг маш сонирхолтой чухал үйл явдал байв. Гадаад паспортын гэр бүлийн зураг дээр ахын нэг нүд нь хөхөрсөн байсан нь тухайн цаг үеийн нийтлэг үзэгдэл байв.

Чонын бэлтрэг өөрийгөө мэдрээд, хүчээ сорьж байх хэрэгтэй гээд аав нэг их тоогоогүй. Харин ээж, эрчүүд биднийг ойлгохгүй болохоор хөхөрсөн нүдтэй паспортад орсон гээд зэмлэж байлаа.Чулуугаар байлдаж тоглодог хүүхдэд ганц нэг хөхрөх юу ч биш.

Хойд хөрш ЗХУ-ын тухай сонсогдох нь элбэг байсан ч яг ямар улс руу явж буйгаа мэдэхгүй жаахан хүүхэд би гадаад явна гэдэгт л хөөрнө. Богино хугацаагаар аялаад ирэх биш, ажиллаж амьдрахаар явж байсан болохоор бэлтгэл ажил гэж нилээд их юм болов.

Цагийн багшаар орос хэл заалгаж, хэцүү шалгалт өгөн байж арайхийн Төрийн алба бэлддэг тусгай бодлогын 23 дугаар дунд сургуулийн нэг дүгээр ангид ороод удаагүй орхиод явах боллоо.

Хойшоо нүүхийн өмнөхөн би байрныхаа хүүхдүүдтэй хоёр давхар гулсуур дээр “Хонгильдон” болон тоглож байгаад, цэргүүдээ дагуулж түрүүлж үсэрдэг юм болоод хөлөө гэмтээсэн тул гийпстэй шинэ улсыг зорив.

Гадаад явах амаргүй байсан Дэлхийн хүйтэн дайны цаг үед харь улс руу зорьж буй нэгнийгээ гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо гаргаж өгдөг уламжлал тогтсон Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр биднийг үдэхээр олон хүн цугласан байлаа.

Ардын засаглалт Монгол Улс баталгаа өгдөг гадаад паспортыг шаардлага хангасан хүмүүст л олгодог байсан бөгөөд

-Миний хүү гадаадад очвол маш хүмүүжилтэй, сайн хүү байх ёстой шүү. Монгол хүн ямар байдгийг тэд чамаар харах болно гэж эмээ, өвөө, ах эгч нар бүгд давтан захисаар байлаа.

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн галт тэрэгний нэг купег гэр бүлээрээ авсан болохоор хоёр насны зөрүүтэй Жавхаа ах бид хоёр өрөөнд ормогцоо сармагчин шиг дээш, доош авирч, ханан дээрх гэрлийг асааж унтрааж, радиог нь чангалж, суллана, анх удаа галт тэргээр явах гэж догдолж байв.

Юм бүхэн шинэ бас сонин.

Галт тэрэг төд удалгүй хөдлөх дохио өгч, гаргаж өгч байсан хүмүүс сайн яваарай гэж даллан ард хоцорлоо.

Ээж маань нэг настай Баярхүү дүүг асарч, аав маань хол замд гарах бэлтгэл гэж хэдэн өдөр гүйсэн болохоор амрахаар хэвтэв. Ах бид хоёрыг өөрийн купенээс холдож болохгүй гэсэн тул коридороор нааш цааш гүйлдэж, хажуу өрөөний хүмүүстэй танилцаж, өрөөнийхөө орнуудын хооронд үсэрч харайсаар нэг л мэдэхэд галт тэрэг хоёр улсын хил дээр шөнө дунд ирээд зогслоо.

Монголын зэвсэглэсэн хилийн цэргүүд галт тэрэгний хоёр талаар бүсэлж, байцаагчид, цэргүүдийн хамт орж ирээд бичиг баримт хурааж, дээр дооргүй бүх юмыг үзэж шалгаад өнгөрлөө. Хилийн цэргийн удмынх болохоор аюулгүй, хамгаалагдсан гэсэн мэдрэмж авлаа.

Багаасаа албаны дүрэмт хувцастай хилийн цэргийн дунд өссөн болохоор цэрэг хүн дотно харагдана. Ёсолж мэндчилж байгаа нь гоё, сүртэй.

Байцаагчид бидний паспортыг хураан авч яваад нэлээд удсаны дараа Монгол улсаас гарахыг зөвшөөрсөн он, сар, өдөртэй тамга паспорт дээр дараад эргүүлэн өглөө.

Албаны шалгалт өнгөрсний дараа галт тэргэнд “бараа солилцоо” гэх зүйл эхэллээ. Дөнгөж хөгжиж буй Монгол улс гадаадад сурахаар яваа оюутны сургалт, байр, замын зардлыг дааж, “Стипенд” гэх бага хэмжээний мөнгийг суралцах хугацаанд өгдөг байлаа. Харин нэмэлт мөнгийг оюутан залуус өөрсдөө олох хэрэг гарч байв. Өөрийн гэх мөнгөгүй тэд ах дүү хамаатан саданы дэмжлэгтэй, гадаадад наймаалж болох эд бараа авч явна.

Монголоос гадаадад үнэ хүрдэг зүйл нь нэхий дээл, тарваганы арьс, савхин эдлэл, Монголын дунд сургуулийн дүрэмт хувцас оёдог бор өнгийн хилэн даавуу зэрэг байв. Нэг хүн биедээ авч, хилээр гарч болох зүйл тоо хэмжээтэй тул галт тэрэгний зорчигчид хил гарахаас өмнө илүүдэл зүйлсээ солилцож байв. Хүн бүр ийш, тийш явж, бусадтай тохирно. Тарваганы арьсыг олноор гаргавал хураан авдаг тул нийлүүлж оёод хантааз болгосон сэргэлэн хүмүүс ч олон харагдана. Бараг Монголоос яваа зорчигч бүр тарваганы арьсан эдлэлтэй явдаг болохоор галт тэрэгнээс арьс ширний эхүүн үнэр хан хийнэ.

Төд удалгүй галт тэрэг хөдлөөд хил дээр хүрч, Зөвлөлтийн цэргүүд галт тэргийг бүсэлж хамгаалалтад авлаа.

Нэлээд удсаны дараа европ төрхтэй, өөр өнгийн нүдтэй хилийн байцаагчид орж ирээд аав, ээжийн бичиг баримт үзэж, буутай цэрэг нь өрөөний бүх нүх сувгийг шалгаж байх үед би тэдний ярьж буй орос хэлийг нь хальт ойлгодог болсноо мэдэв.

Дэлхийн хамгийн хатуу шалгалттай хил дээр удсан тул ах бид хоёр ядраад унтаж орхилоо.

Өглөө сэрэхэд ээж маань цай унд бэлдэн -Миний хүүхдүүд босоорой, Байгаль нуурын хажуугаар явж байна шүү гэв.

Цонхоор хартал шигүү ой модтой уулсын дунд орших маш том нуурын хажуугаар манай галт тэрэг явж байна. Анх удаа ийм их устай нуур харсан ах бид хоёр ихэд баярлан цонхноосоо салахгүй нэлээд удаан суулаа. Манай Хөвсгөл шиг шууд ууж болдог цэвэр устай нуур гэсэн.

Хэд хэдэн удаа уулыг сэтэлсэн хонгил дундуур өнгөрөх үед хав харанхуй болж байсан нь ер бусын сонин. Зарим зорчигчид айн хашхирна.

Замын өртөөнүүдэд нутгийн эмээ нар амтат гоё хоол бэлдээд зарж байгаа нь сайхан. Утсан загас, төмсний нухаш, луувангийн салат, пирошки, чанасан өндөг, давсалсан өргөст хэмх.

Бүтэн өдрийн турш нуурын хажуугаар тойрч явсаар Эрхүү гэдэг хотын галт тэрэгний буудалд ирж, анхны гадаад улс, ЗХУ-тай танилцах миний аялал эхэллээ. Барилгын ажил хаа сайгүй өрнөх Улаанбаатар хотыг бодвол аль хэдийнээ дүр төрхөө олсон Эрхүү хотод буух гоё, бас шинэлэг байв. Мод, ногоон байгууламж ихтэй цэвэрхэн газар санагдлаа.

Ерөнхий консулынхан биднийг угтан авч, “Академийн хотхон” гэгдэх дүүргийн Зөвлөлтийн иргэдийн орон сууцны таван давхар байшингийн гурван өрөө сууцанд оруулж өглөө. Эрхүүгийн их сургуулийн мэдлийн байр гэнэ. Зөвлөлтийн байрууд Улаанбаатарын орон сууцтай адил тул дасах гэж төвөг болсонгүй.

Ранетка гэдэг жимстэй модны мөчрүүд балкон руу сагсайж ургасан, түүж идэхэд төвөггүй байсан нь ах бид хоёрт таалагдлаа.

Шинэ байрандаа ороод удаагүй байхад хөрш айлын орос эгч танилцах гэж орж ирээд өөрөө хийсэн амтат бялуугаараа биднийг дайлав.

Дөрвөн жил хагас хойд хөршийг судлах ажил эхэллээ…

DSCN1105

ГУЧИН ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА.

2019 оны 3 сарын 9

Зөвлөлтийн иргэдтэй танилцахад сайхан сэтгэлтэй, тусч найрсаг хүмүүс байсан. Тэд бие биетэйгээ харьцаж буй нь их соёлтой. Мэдээж өөдгүй хүмүүс байсан, гэхдээ маш цөөн.

Эрхүүгийн 19 дүгээр сургуулийн нэг дүгээр ангид нь ороход Зөвлөлтийн хүүхдүүд нөхөрсөг болохыг анзаарсан. Хүмүүнд тусална гэдэг хамгийн гоё гэж итгэсэн байсан. Багш нар нь ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулж, сургуулийн орчин цэвэр, анги танхимууд хангамж сайтай, үдийн хоол нь чанартай амттай, бас үнэгүй байлаа.

Дан оросоор ярьдаг гадаад хүмүүсийн дунд амьдрах эхэндээ сонин санагддаг байсан.

ЗХУ нь социалист бодлоготой болохоор хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд хамгийн их анхаарч эмчийн үзлэгт тогтмол хамруулж, биеийн тамирын хичээлд маш их ач холбогдол өгнө. Сургууль болгон хөл бөмбөгийн том талбайтай. Арван жилийн хичээлийн хөтөлбөрийн үндсэн бодлого нь мэдлэг мэдээлэл гэхээсээ илүү хүүхдүүдээ багаас нь хүмүүжүүлж, хүнлэг энэрэнгүй, ядарсан нэгэнд тусч, эх орондоо ээлтэй байхыг дуу хөгжим, үлгэр зохиолоороо зааж сургана. Хичээлийн хөтөлбөр нь маш баялаг, багш нар нь хичээлээ заах чадвар, хүүхдүүдээ сургах хүсэл тэмүүлэл их болохоор ойлгохгүй зүйлүүдээ төвөггүй сурч, богинохон хугацаанд нутагшив. Ерөнхий эрдмийн хичээлүүдээс гадна биеийн тамирын болон байгаль судлалын хичээл зааж, сургуулийн хажуугийн спортын том талбай дээр эрүүл чийрэг ирээдүйн иргэдээ бэлдэж, ойгоор алхах, ногоо тарих, ахмадууддаа туслах зэрэг нэмэлт хөтөлбөрүүдийг давхар хэрэгжүүлдэг байв. Өвөл цана, чарга, конькигээр гулгах хичээлийн техник хэрэгслийн хангамж сайн. Зөвлөлтийн сургуульд соёл урлагийн хичээлд онцгой анхаарал тавьж, хүүхдүүдийнхээ чөлөөт цагт зориулсан дугуйлангууд сургууль дотор болон дүүргүүдийн байруудад төрөл бүрээр хичээллэж, ахмад насны хүмүүс нь өөр өөрийн туршлагаа залуу үедээ үнэгүй уламжилдаг байв. Фото зураг хэвлэхээс авахуулаад 3D загвар гаргах хичээлүүдийг надад суулгасан байна.

Нэгэн өдөр цөмийн дайралтын аюулаас урьдчилан сэргийлэх тухай хичээл орсныг санаж байна. Зурагтаар үзүүлсэн бичлэгүүдэд мөөг хэлбэртэй дэлбэрэлт хот сууринг бүхлээр нь арчиж байсан нь намайг айлгахаас илүү гайхшруулав. АНУ гэдэг тухайн үед дайсагнаж байсан улс цөмийн бөмбөг хаяж магад тул хэрхэн бэлтгэлтэй байх, аюулгүйн үүднээс ямар арга хэмжээ авахыг хүүхдүүддээ зааж байв. Цөмийн дайн гэсэн аюулын тухай огт ойлголтгүй Монгол улсын хүүд шинээр нүүрлэж буй дайны мэдээ сонин санагдаж байлаа.

ЗХУ-ын нэг рубль нь БНМАУ-ын дөрвөн төгрөгтэй тэнцэж байсан ч, амьдралын өртөг манайхаас хамаагүй хямд байсан санагдаж байна. ЗХУ-ын 5 копейкоор (мөнгө) мөхөөлдөс авч, нэг рубльд нэг хоёр дугаар хоол, компоттой авч болно. Цайны газруудад зүссэн талх бол угаасаа үнэгүй тавиастай байдаг байв.

ЗХУ-д анх буусан цагаас хойш дөрвөн жил амьдарсан хугацаандаа анзаарсан зүйлээ хожим нь бодоход тус улсын иргэд маш өндөр боловсролтой, тусч, бас бие биенээ, эх орноо гэсэн чин сэтгэлтэй байсан юм.

Социализм буюу нийгмийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, томоохон нийгмийн дэвшилд хүрч чадсан улсын хамгийн сайхан цаг үед нь амьдраад, Михаил Горбачёв гэх удирдагчийн буруу бодлогоос үүдэн ЗХУ нуран унах үйл явдлыг өөрийн нүдээр бас харсан билээ.

Дэлхийн хоёр дугаар их гүрэн дотроосоо хуваагдан сарниж,  эдийн засаг нь унах үзэгдлийн гэрч болох сонин хувь тавилан бидэнд заяаж билээ.

Наяад оны дундаас “Перестройка” гэх өөрчлөн байгуулалт эхэлж, зөвлөлт-үүд үүрэг хариуцлагыг умартан, эдийн шунал, амиа бодолт, гаднын тархи угаалтад автсанаас болж нийгэм, эдийн засгийн гүн хямралд орж, иргэдийн амьдрал дордсон.

Гаднын мэдээлэл, кино, соёл урлагийг хяналтгүй нэвтрүүлсэн нь хамгийн том алдаа байсан болов уу гэж тэнд амьдарч байсан надад хожим бодогдсон. Зөвлөлтийн залуу үе Америкийн видео, дуу хөгжмөөр мэдээллийн бөмбөгдөлтөд өртөж, улсдаа итгэх итгэлээ алдсан. Нийгмийн чухал салбаруудыг хариуцах байсан үе олон тоогоор гадагшаа дүрвэсэн. Гадаад болсон.

ЗХУ-ыг Орос улс гэж андууран нэрлэх хүмүүс манайд олон байдаг. Монголыг Хүннү гэж дууддаггүй шүү дээ.

Скандинав буюу өнөөгийн Шведээс гаралтай Рус гэх хүмүүс олон зуун жилийн тэртээ Слав хүмүүстэй нэгдэж анхны аймгуудаа одоогийн Киев, Мушгиагийн бүсэд байгуулж байсан гэдэг.

Кристийн шашны Үнэн алдартны (Ортодокс урсгал нь Грекүүдээс гаралтай) сургаалийг дагадаг рус, слав аймгуудыг устгаж, газар нутгийг нь эзэлж, Католик шашныг дэлгэрүүлэх гэж баруун зүгээс довтолж ирсэн Загалмайтан (Католикууд Ватиканд захирагддаг)-гууд рус славуудын тосгон, сууринг хүн амтай нь хамт шатааж, хүйс тэмтрэх ажиллагаа явуулжээ.

Новгородын их ван, Невийн хэмээн алдаршсан Александр загалмайтнуудын аюулаас  Рус түмнээ аврах зорилгоор 1251 онд Эзэн Хааны ач, Алтан Ордын Хаан Бат хаанд бараалхаж, Алтан ургийн Монгол хааны өргөмөл хүү болжээ. Монгол хүргэн.

Герман, Швед, Норвеги, Литв зэрэг Европын улсуудын загалмайтны их цэргийн довтолгооныг тухайн цаг үеийн хамгийн хүчирхэг их гүрний гурав дугаар үе, Алтан Ордын Улсын цэрэг бут цохиж, бүс нутгийн слав, рус хүмүүсийн олон овог аймгуудыг нэгтгэж, Мушгиа голын эрэг дээр төв байгуулан захируулснаар анхны нэгдсэн Оросын вант улс үүсжээ. Кремль-ээр (Хэрмээр) хамгаалагдсан, Арбат (аравт) гэх Монгол нэртэй төв гудамтай нийслэл нь ийм түүхтэй аж.

Рус аймгийн Александр нүүдэлчдийн ургийн холбооны Монгол Үндэстний Алтан урагтай ураг холбогдсон болохоор үр удам нь тус улсыг дараагийн 300 гаруй жил захирсан гэдэг.

Оросын нэрт зохиолч Лев Толстой -Хэрвээ чиний цусанд Монгол цус байхгүй бол ямар орос гэхэв гэж хэлсэн нь ийм түүхтэй. Тэр цагаас хойш бид ахан дүүс болжээ.

Орос хэл болон англи хэлэнд “брат” (brother) гэдэг үг нь “ах, дүү” гэсэн утгуудыг давхар илэрхийлнэ. “Большой” (big) буюу том гэж үг урьд нь оруулбал ах гэсэн утгатай болно. Ардын засаглалын үед “Монголы и Русские братья” Монгол Оросууд ахан дүүс гэдэг өгүүлбэрийг манайхан орчуулагдахдаа “брат” гэдгийг ах гэж буруу тайлбарласнаас болж “орос ах” нар гэсэн ташаа ойлголт түүхэн нэг үед бий болгожээ.

Монгол бол Хүн (Хүннү) учир насаараа бид хамаагүй ахмад.

Орос дүү нар гэж хэлбэл зөв байх болно.

Татар хэмээгдэх нүүдэлчдийн ургийн холбооны Монголчуудын удмаас Оросын хаан Борис Годунов, Феодор Годунов төрж, таван хатан хаан өсөж өндийжээ. Агуу их Пётр вангийн эх Наталья Наришкина Монгол удмын хүн байж.

Оросын вант улсыг захирах титэм авсан Пётр өөрийн суудлаа орхин тодорхой хугацаагаар Европ-д очиж усан онгоцны үйлдвэрт хараар ажил хийж, амьдарч байхдаа Европын хөгжлийн нууц, далайн зэвсэгт хүчинтэй болох аргыг олж сураад, эх орондоо ирж, хүчирхэг зэвсэгт хүчин, өндөр боловсролын тогтолцоотой орчин үеийн Оросын дүр төрхийг бүтээсэн гэдэг.Түүний байгуулсан Петербург хот одоо ч гэсэн Дэлхийн хамгийн сайхан хотуудын тоонд орсон хэвээр.

Монгол их гүрэн суулгаж өгсөн төрийн бүтцийг Николай вангийн үе хүртэл Оросууд үргэлжлүүлжээ.

1917 оны 11 сарын 7-нд Халимаг-ийн торгууд угсааны Улаан Баатар (Ленин гэдэг нь түүний нууц нэр) ардын хувьсгал хийж, олон зуун жил үргэлжилсэн вант засаглалыг хүйс тэмтрээд, капитализмын аюулаас иргэдээ хамгаалж, боолын нийгмийг Орос-т үгүй болгож, Дэлхий анхны социалист бодлоготой улсыг бүтээжээ. Улаан Баатарын (Ульянов) ардын засаглалт Орос улс өргөжин тэлсээр ЗХУ болж, бүрэлдэхүүндээ 16 бүгд найрамдах улсыг багтааж, барууны Фашизмын дайралтыг зогсоож чадсан юм. Зөвлөлт Холбооны 16 улсын 6 нь Монгол үндэстэй, бидний мах цусны ахан дүүс ард түмэн байв.

Хүмүүн төрөлхтний түүхэнд ардын засаглалын үлгэр жишээ болсон энэ улсын оршин тогтносон 69 жилийн хугацаанд Дэлхийд тэргүүлэх социалист нийгмийг байгуулж, анхны атомын цахилгаан станц, атомын шумбагч онгоцыг бүтээж, сансарт хүнээ анх нисгэсэн гавьяатай юм.

Барууны хөрөнгөтний болон империализмын дайралт давшилтыг тус улс сөрсөөр 1991 онд “Хүйтэн дайн”-д ялагдан, ЗХУ задарч, ардчилсан хөрөнгөтний төрийн бодлоготой Оросын Холбооны Улс бий болсон билээ.

Өмнөдийн, Барууны болон Шинэ ертөнцийн шашин, цэрэг зэвсгийн дайралтаас биднийг хамгаалж ирсэн хойд хөршийн төр нь төвшин, түмэн олон нь амгалан байг.

Аугаа химич Менделеев, анагаах ухааны алдартан Мечников, Павлов, түүхч Кантемир (Гантөмөр), Карамзин, тууль судлаач Челюскин, Чериков, алдарт зохиолч Достоевский, Тургенев, Толстой, Державин, Языков, Довыдов, Куприн, Булгаков, Гумылёв, Оросын суут яруу найрагч Анна Ахматова, ертөнцийг донсолгогч Ленин, алдарт бүжигчин Анна Павлова, Уланова, хөгжмийн зохиолч Скрябин, зураач Шишкин, автомат буу зохиогч Калашников гээд Оросын түүхэнд нэрээ мөнхөлсөн агуу хүмүүс нүүдэлчин гаралтай монгол угсааны удамтай байжээ.

аялал ном

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.