DSCN8922

2006 оны 1 сарын 20

Монгол Бадарчин 1-р аян. 9 дахь төр.

Бүгд Найрамдах Итали улсын Венец хотод.

Бүгд найрамдах Итали улсын зүүн хойд эргийн Венец хотод ирээд нэг хонолоо. Залуу аялагчдад зориулсан Хостел гэх хямд өртөгтэй дараагийн нэгэн буудлын өрөөндөө, хоёр давхар орон дээр сэрээд, Итали улсад ирээд үзэж буй хоёр дахь хотын талаар юу мэддэг тухайгаа бодож хэвтлээ.DSCN8904

Манай эрний эхэн үед, таван зуу гаруй жил энэ бүсэд ноёрхсон Ромын Их гүрнийг “зэрлэгүүд” гэж нутгийнхан дууддаг Хүнчүд хойд зүгээс нь сүйрүүлж эхэлжээ. Ром гүрний удирдлага дор байсан Венет гэх омгийнхон МЭ 421 онд өөрсдийгөө хамгаалах гэж их газраас эдгээр арлуудад суурьшиж, Венец хотыг босгожээ. Адриатын тэнгисийн усан намаг дээр чулуун суурин тавихаар доош шигдэх тул хөвөх чанартай модоор суурь хийж, дээр нь барилга барьж хотоо босгожээ. Венец нь Дэлхийн цорын ганц аралан хот юм гэнэ. Нийт 118 арал, 400 гаруй гүүрнээс бүрдсэн энэ хот ЮНЕСКО-гийн хүмүүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн байна.

200 000 гаруй хүн амтай ч, жилдээ 20 сая жуулчин хүлээн авдаг энэ газрыг үзэх нь Монголдоо аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулж буй миний хувьд маш чухал ажил юм.

DSCN8955

Эзэн Хааны ач, Их Монголын Юань гүрнийг байгуулсан Хубилай Хаанд хүчин зүтгэж байсан Марко Поло нь тухайн үеийн тусгаар Бүгд Найрамдах Венец улсаас гаралтай байжээ. Кристийн аргын тооллын 1254-1324 оны хооронд амьдарч байсан Марко Поло гэх худалдаачны удмын аялагч, 1271 оноос 1295 оны хооронд Юань гүрэн хүртэл аялаад ирсэн тэмдэгтээрээ “Марко Пологийн аялал” гэдэг ном гаргажээ. Уг бүтээл нь Дэлхий олон улсын хэлээр орчуулагдан гарсан, эдүгээ хүртэл хүмүүн төрөлхтний оюуны танин мэдэхүйн өв гэж тооцогдсон хэвээр.

images

Марко Поло нь нутагтаа ирээд Венец, Геной хоёр улсын хоорондын дайнд оролцож байгаад баригдаж, шоронд сууж байхдаа хамт хоригдсон хүндээ аяллынхаа түүхээ өгүүлж, тэр хүн нь энэ номыг бичсэн гэсэн таамаг ч бас бий.

Их Үндэстний Юань гүрэнд Марко Поло зочилж байсан нь үнэн болохыг нотолсон хэд хэдэн баримт уншиж байсан.

Цэцэн Мэргэн Хубилай Хаанд олон жил зүтгээд гэртээ харихдаа, Монголчууд эдийн засгийн харилцааны дэвшилтэд арга зохиосон болохыг иргэддээ үзүүлэх гэж Их гүрний хэрэглэж байсан цаасан мөнгийг нутагтаа авчирчээ.

Хүмүүсийн итгэл бишрэл, хандив мөнгөөр баяжсан Поп хамбад захирагддаг Ватикан төвтэй Кристийн шашны Католик урсгал Европын олон оронд ноёрхлоо тогтоож, их хэмжээний сүр хүч, мөнгө нөлөөтэй болсон байв. Гэтэл нэгэн залуу хаа нэгэн гадаадад аялж ирээд -Хүмүүсээ! эдийн засгийн харилцаагаа зохицуулахад алт мөнгө, үнэт эрдэнэс, солилцоо-бартер огт хэрэггүй, төрөөс баталгаа гаргаж, цаасан дээр хэвлэсэн ХАНШ-инд олон нийтээрээ итгэж, ашиглаж болно! гээд Монголоос авч ирсэн цаасан мөнгөө үзүүлжээ.

Mongol badarchin_482

(Зургийг Монгол БАдарчин төслийн “Дэлхийн Нэг Өдөр” номоос)

Олон зуун жил хуримтлуулсан алт эрдэнэс нь үнэ цэнгүй болох аюултай үзэл санааг Марко Поло дэвшүүлж байсан болохоор, тухайн улсын төрөөс хүчтэй Католик шашинт засаг нь Марко Полог шүүхээр оруулж, -Чи худал хэлж, хүмүүсийг мунхруулж байна, цаас хэзээ ч алтны үнэтэй байхгүй! гээд Монголын Их гүрэнд олон жил зүтгээд авсан цалинг нь олны нүдэн дээр шатааж орхижээ.

Тухайн үеийн хүмүүн төрөлхтөн худалдаа наймаагаа солилцооны хэлбэрт дөнгөж хүргээд байсан болохоор төрдөө итгэх итгэлээр ханш зохиож, цаасан мөнгө хэвлэн арилжаа хийж болно гэдэгт хүмүүс итгэхгүй байх нь мэдээж. Мухар сүсэг, харанхуй байдал дэлгэрсэн Европын соёл иргэншил эдийн засгийн харилцааны шинэ хэлбэрийг ойлгох болоогүй байсан цаг.

Итали улс нь 19-р зуунаас л цаасан мөнгөнд шилжсэн байдаг.

Өнөөгийн Дэлхийн эдийн засгийн харилцааны гол хэрэглүүр нь цаасан мөнгө байсан хэвээр.

Манай өвөг дээдсийн хүмүүн төрөлхтөнд бэлэглэсэн бүтээл.

“Марко Поло-гийн аялал” гэдэг номыг Монгол хүн бүр уншиж, гаднын хүний нүдээр түүхээ харж, өөрсдийгөө хөндлөнгөөс дүгнээрэй.

Италид ирээд нэгэн сонин зүйл сонслоо. Марко Поло Европт ирэхдээ спагети-г Юуан гүрнээс авчирсан гэж байна. Европчууд гоймонгоо одоо болтол Нүүдэлчдийн хоол буюу NOODLE (Нүүдл) гэж нэрлэсээр. Бас зайрмаг хийх аргыг Нүүдэлчдээс сурч нутагтаа дэлгэрүүлсэн гэж байна.

aaaa

Дэлхийн хоёр дугаар дайны үед Фашист герман олзлогдсон еврейчүүдийг Польш улсын хотын нэг дүүрэгт олноор нь хашаад, бага багаар хоморголон устгаж байжээ. Тухай дүүргийг Гетто гэж нэрлэж байсан. Харин тэр нэр нь Венец хотод амьдарч байсан Еврейчүүдийн дүүргийн нэрээс гаралтай болохыг мэдлээ.

Венец хот жил бүр хоёр см ус руу шигдэж байгаа болохоор ойрын хугацаанд живж, хүн амьдрах аргагүй болно гэж судлаачид үзэж байна. Миний Дэлхий судлалын энэхүү номыг ирээдүйн хэн нэг унших юм бол Венец хотын түүхэн зургуудыг нь харж, амьдралынх нь тухай тэмдэглэлээс минь ойлгох нь дээ.

Mongol Badarchin Italy (1)

Хувцсаа өмсөж, нүүр гараа угаагаад, ороо заслаа. Монгол хүн замд гарахдаа буйраа заавал цэвэрлээд явдаг ёс байдаг тул. Энэ нь юмаа орхисон, мартсан эсэхийг шалгахад их хэрэгтэй юм билээ.

Дээр үеийн гурван давхар улаан тоосгон буудлаасаа гарахад манантай, бүүдгэр бас өмхий үнэртэй тэнгисийн эрэг угтлаа. Арлан хот бохироо хаашаа цутгадаг бол оо?

Өчигдөр шөнө энэ хотод ирээд, төв арал дээр хямд буудал олоогүй болохоор захын нэгэн арал руу усан онгоцоор ирээд хостел-д буув. Европын Хойд, Баруун, Өмнөд бүсүүдэд амьдралын өртөг үнэхээр их юм. Нутгийн залуус яаж амьдралаа авч явдаг юм бол оо?

Дараагийн нэг хоттой танилцах ажилдаа гарахдаа аян замаасаа ядарч буйгаа мэдэрч байв. Хаа нэгэн газар түр амарч үзэж харсан юмаа тунгаах сан. Гэрээсээ гараад хоёр сар хагас болжээ.

Mongol Badarchin Italy (2)

Венец арлыг өөрийн нүдээрээ харж, юу мэдэрч буйгаа бичиж үлдээхээр хостел буудлынхаа гаднаас нийтийн тээвэрт ашигладаг дунд оврын усан завинд суугаад хөвлөө. Нутгийн нийтийн тээврийн доторх зургийг дарж, манай автобусанд байна гэж төсөөлөв.

DSCN8903

Бие бие рүү зайгүй шахуу барьсан, манай дөчин мянгатын барилгууд шиг намхан, будаг шавар нь холцорсон Венец хотын арал дээр буугаад, яагаад Дэлхийн хамгийн гоё хотуудын тоонд ордог болохыг гайхлаа.

DSCN8938

Барилга байшин барьсан жижиг арлуудыг холбосон гүүрнүүд, нарийн гудмуудаар явсаар төв талбай дээр ирлээ.

DSCN8933

Цаг агаар бүүдгэр, бороо бага зэрэг бударч байсан болохоор Сан Марко төв талбай дээр жуулчин цөөн байна. Сан Марко-гийн сүм, Сан Марко-гийн харуулын байшинг барьсан арга барил, загварыг нь хараад биширлээ. 2000 жилийн тэртээ суурин, хотын соёлд шилжсэн улсын хот ийм загварлаг байх нь аргагүй биз ээ.

DSCN8921

Сан Марко-гийн талбай дээр манай Гандан шиг хаа сайгүй тагтаа ниснэ. Хэдийгээр тагтааг хооллох хориотой гэсэн тэмдэг байсан ч, уутанд савласан будаа зарж буй хүн, тагтаа хооллож буй олон жуулчныг хараад хууль нь нэг их хатуу биш юм болов уу гэж бодогдлоо.

DSCN8928

Венец арал дээр буугаад хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол жуулчдын тоо. Хаа сайгүй зургийн аппарат барьсан олон үндэстний хүмүүс. Үзвэр үйлчилгээний дараалал гэж хэдэн удаан хүлээхээр. Аз болж аялал жуулчлалын улирал биш болохоор ачаалал бага байгаа гэнэ. Гэхдээ л.

DSCN8930

Аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ тоонд хязгаарлалт хийж, чанарт анхаарах хэрэгтэй юм байна гэж энэ хотыг хараад бодлоо. Нутгийн уугуул иргэд яаж гэртээ аж төрдөг юм бол доо? Хүүхэдтэйгээ гэрийнхээ гадаа тааваараа тоглож ч болохгүй, хаа сайгүй жуулчид.

Улаанбаатар хотын хаа сайгүй жуулчид холхиж, хөршүүд бас гадныхан болохоос сэргийлэх хэрэгтэй юм байна.

Талбай дээр нутгийн цагдаатай зураг даруулахдаа англи хэлийг нь шалгахад сайн мэдэхгүйн. Гэхдээ их эелдэг харилцаатай, биеэ авч явж байгаа нь эрхэмсэг, дүрэмт хувцас нь ч цэгцтэй санагдлаа. Цагдаа нь иошэдээ дарамталдаг улс биш бололтой.

Mongol Badarchin Italy (12)

Хаа сайгүй хурааж өрсөн намхан ширээ шиг зүйлийг усны төвшин нэмэгдэх бүрд гудамжаар байршуулж, жуулчид болон нутгийн иргэддээ явах зам гаргадаг гэнэ. Байнга усанд автдаг, усан дээр байдаг хот гэж нэг иймэрхүү. Зам дээр өрсөн чулуун шалны завсраар нүхнүүд гаргаж, усны түвшин нэмэгдэх үед тэр нүхээр ус орж ирдэг гэнэ.

DSCN8966

Дараагийн удаа гэр бүл дотнын хүнтэйгээ ирээд илүү сайн судалъя гээд Сан Марко-гийн талбай дээр хэдэн зураг дарж, барилгын архитектуртай танилцаад цааш алхлаа.

Хоорондоо зайгүй шахуу барьсан барилгуудын хооронд алхаж байхдаа эрт дээр үед нутгийн хүмүүс хэрхэн аж төрж байсныг төсөөлөх гэж хичээлээ. Дээр үеийн хот, нийслэлүүд Улаанбаатар шиг хот төлөвлөлт байгаагүй болохоор нэг айлын тавцан нөгөө айлын тавцантай шүргэлцэх нь хэвийн үзэгдэл болохыг Европын олон хотод зочлоод ойлголоо. Зарим гудамжаар нэг хүн өнгөрөхөд нарийн.

Mongol Badarchin Italy (15)

Манайхаар бол дүүргийн дотоод замтай зүйрлэж болох олон тооны усан суваг энэ хотыг сүлбэжээ. Хүмүүс завийг такси болгон ашиглаж байна. Цагдаа, эмнэлэг, хот тохижуулах алба дандаа зави ашиглаж байна.

Миний үзсэн анхны машин, дугуй, мотоцыкл үгүй  хот.

Хотоор үргэлжлүүлэн алхсаар Гранд Канал гэдэг хотыг хоёр хуваадаг гол суваг дээр нь хүрч, гүүрэн дээр зогсож байгаад зураг дарлаа. Манайхаар Энх Тайвны өргөн чөлөө. Гагцхүү машинууд биш завинууд хоёр тийш холхино.

Mongol Badarchin Italy (18)

Өнгөрсөн үед энэ хот, улс хүчирхэг далайн гүрэн байсан гэдэг. Өдөрт нэг том усан онгоц гаргах чадвартай үйлдвэрлэлийг хөлөн дээр нь босгосон болохоор далай дээр ноёрхож, олон улсын худалдааны судсыг барьжээ. Гранд Каналын хоёр талд баригдсан тансаг загвартай хуучны харшууд энэ улс их баян байсныг илчилнэ.

Mongol Badarchin Italy (27)

Хот болгоны гудмаар явахдаа тухайн улсын хэл дээр бичсэн самбарын зургуудыг цуглуулж байгаа билээ. Энэ улсын хэл нь Итали гэж байгаа ч Италичууд Ромын гүрний үр сад, Латин хэлний аялгуугаар ярьдаг хүмүүс болохоор Латин үсгийг ашиглаж байна.

Mongol Badarchin Italy (21)

Европын хотууд нэг ороход нэг евро төлдөг, орчин үеийн, цэвэрхэн бие засах газруудыг хаа сайгүй байршуулсан болохоор гудамжнууд нь цэвэр байна.

Гудамжаар алхаж байгаад дундад зууны үеийн хувцас өмссөн нэгэн залуутай таарлаа. Тамхи зуусан түүний энгэр дээрх пайзаар мэргэжлийн хүн гэж ойлгохоор. Аялал жуулчлал хөгжсөн улсуудад ийм үндэсний хувцастай баатрууд жуулчидтай зургаа даруулж мөнгө авна. Аялал жуулчлалын яамны тусгай сургалт хөтөлбөрт хамрагдаж байж олон улсын зочидтой ажиллах эрхтэй болно. Москвагийн Улаан талбай дээр Ленин багш, Сталин, Пётр ван, Парис хотод Наполеон, Италид Цезарь, Ромын цэрэг, дундад зууны вантай зургаа даруулах боломжтой.

Mongol Badarchin Italy (22)

Энэ хүнийг хараад надад нэгэн санаа төрлөө. Манайд бас хүмүүс хэн нэгний дүрд хувирч, жуулчидтай зургаа даруулж, ажил орлоготой байж болно. Гэхдээ хууль эрх зүйн зохицуулалт хийж, Үндэстний ёс зүйтэй холбоотой асуудал дээр маш нарийн бодлого явуулахгүй бол болохгүй юм байна. Ялангуя Монгол хүн бүрийн өвөг дээдэс Их Эзэн Хаан болон бусад Хаадын дүрийг аялал жуулчлал мөнгө олоход ашиглаж болохгүй гэдгийг хатуу зааж өгөх хэрэгтэй. Гаднын, захын нэг хүн манай Эзэн хаантай зургаа даруулна гэдэг чинь байж болохгүй зүйл шүү дээ. Бас энэ залуу шиг аялал жуулчлалд улсаа төлөөлж байж ёс зүйгүй байвал яана?

Уржигдар Венец хүрэх замдаа нэгэн Итали хүнтэй танилцаж, гэр бүлд нь зочилж хонохдоо амьдралыг нь анзаарсан. Бидэнтэй адил, зарим талаараа илүү гэр бүлсэг угсаатан юм шиг санагдсан. Миний зочилсон айл гурван давхар байртай, нэг давхарт нь эмээ өвөө, хоёр давхарт нь аав ээж, гурван давхарт нь үр хүүхэд нь амьдарч, бие биенээ халамжилдаг соёл иргэншил шиг харагдсан. Орой бүх гэр бүлээрээ цуглаад хамт хооллож байгаа нь Хойд болон Баруун европын хүмүүсээс тэс өөр.

Таван шарын байшингуудын хажуугаар явж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр хуучны гудамжаар алхаж байгаад нэгэн жалган дээгүүр барьсан гүүр анхаарлыг татлаа. Шинэ улс оронд ирээд тухайн хүмүүсийн бахархал болсон зүйл нь юу болохыг хурдан мэдмээр байвал аялал жуулчлалын бэлэг дурсгалын дэлгүүрт нь ороод үүдэн дээр нь өлгөсөн Открытка гэдэг ил захидлын зургуудыг нь хараад авах хэрэгтэй. Тэнд бүх сонирхолтой газрууд нь бий. Энэ гүүрний зургийг би өмнө харж байсан ч яг ямар учиртай болохыг мэдэхгүй зургийг нь дарлаа.

Mongol Badarchin Italy (25)

Миний үе болон ахмад үе маань Европын соёлын нөлөөнд өссөн болохоор Гондола гэдэг Венецийн завийг олонх нь мэднэ. Барууны романтик кинонууд дээр ийм завь хөлөглөсөн хосууд гардаг.

Гондола нь 11 метрийн урттай, 1.4 метрийн өргөнтэй 6 хүн тээвэрлэх боломжтой Венецийн завь гэж тайлбар дээр байна. Такси шар өнгөтэй байдаг шиг Гондола-нууд бүгд маш гоё хээ угалзтай хар лакан бүрхүүлтэй байна. Дараа тухтай ирэхдээ сууж аялж үзнэ ээ. Ганцаараа яваа болохоор юу ч сонин биш болоод байна.

Mongol Badarchin Italy (26)

-Хайртай хүнтэйгээ хамт байсан бол энэ завийг нь хөлөглөөд Гранд Канал сувгаар нь сэлж өнгөрөх сөн гэсэн гунигт бодол толгойд эргэлдлээ. Бодвол барууны соёлын нөлөө надад шингэсэн нь энэ байх. Уул нь би Монгол хүний хувьд морь унаад хязгааргүй хээр талаар хайртай хүнтэйгээ давхиж, хэн ч үгүй онгон байгальд, үзэсгэлэнт нуурын хаянд хамтдаа суух юм сан гэж мөрөөдөх ёстой биз дээ.

Нарийн гудамжнуудаар нь алхаж нутгийн хүмүүс хэрхэн аж төрдөг болохыг судалж байгаад маск хийж зардаг нутгийн хүний дэлгүүрт орлоо. -Сайн байна уу? Би Монголоос Дэлхийг тойрч яваа юм аа гэдгийг италиар эзэнд нь хэлсэн болохоор худалдаанд буй маскуудын зургийг дарахыг зөвшөөрлөө. Хятад гэсэн бол дургүйцэх байх. Учир нь Венец хотын төвөөр хаа сайгүй зарж байгаа карнавалын хулхи маскуудыг хятадууд хямдаар хийж, авчирч зарж байна гэж эзэн дургуйхан надад хэллээ. Жинхэнэ маск мянган евро ч давна харин гадаа худалдаанд буй маск 3-5 евро.

Mongol Badarchin Italy (31)

Венецэд гар урлал маш хөгжсөн байдгийг эргэн торны олон дэлгүүрүүдээс ойлголоо. Зөвхөн утас нэхдэг, шил цутгадаг, хоолоор үйлчилдэг арлууд байдаг гэхээр үнэхээр сонин. Энэ удаа хальт өнгөрөхдөө анзаарсан болон мэдсэн зүйлсээ орууллаа, дараа илүү олон арлыг нь үзнэ ээ.

Mongol Badarchin Italy (34)

Венец арал дээр ирсэн галт тэргэндээ сууж, усан суваг дээгүүр барьсан төмөр замаар их газар руугаа эргэж хүрээд, цааш Ром хот руу чиглэсэн зам дээр унаанд дайгдахаар гараа өргөж зогслоо.

DSCN8998

Зам дээр цаг гаруй зогсоход ганц ч машин анхаараагүй болохоор галт тэргэнд сууж, шууд Ром хүрэхээр шийдэв.

Уул нь замын унаанд дайдаж нутгийн хүмүүстэй нь илүү дотно танилцаж, ажиглахад зүгээр байдаг юм.

Заа яахав.

1 person has left a comment

#1

Чиний аялаад ирсэн, туулаад, даваад ирсэн намтар түүхийг чинь уншаад сэтгэлээрээ мэдэрлээ. Гайхалтай гэхээс өөр хэлэх үг алаг даа дүү минь Өвгөн геологич Адууч овогт Дамдины Жанчив

Damdin Janchiv wrote on 2020/01/18 - 20:02
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.