Heroin 1

1999 оны хавар…

Жижүүрийн эмч: -Энэ хүү өвдөөд хэд хонож байна?

Сувилагч эмэгтэй: -Өвдөлтөөсөө болоод гурав дахь шөнө унтсангүй.

Жижүүрийн эмч: -Өвчнийг нь намдаахгүй бол болохгүй байхаа!

Сувилагч эмэгтэй: -За эмчээ.

Ийм яриа 12 цагийн үед сэхээний тасгийн гадна сонсогдлоо.

Эмч нар миний тухай ярьж байгааг би ойлгож байв.

Сүүлийн гурван шөнийн турш хагалгааны дараах өвчнөөсөө болоод унтаж чадахгүй, байнгын өвдөлттэй чимээгүй ёолон хэвтэхдээ, өвчнийг намдааж өгөх ид шидийн хүч байдаг ч болоосой гэж залбирна.

Өнгөрсөн шөнө хажуугийн орон дээр хэвтэж байсан ах хагалгааны дараах хүндрэлийн улмаас амьсгал хураасан болохоор би бас үхлээс айж түгшинэ.

-Хэрвээ би ингээд үхвэл, энэ хорвоод юу үлдээсэн бэ?

-Юу үзэж, бүтээсэн бэ?

-Аав Ээжийгээ яаж баярлуулсан бэ?

Хүйтэнд халуун хоол идээд араас нь хүйтэн юм уувал түгжрэлд бас үхэлд хүргэдэг болохыг ахмадын үгээс сонсож байсан, харин одоо нүдээр харж ухаарлаа.

Хэсэг хугацааны дараа эмч тасагт орж ирээд намайг хэвтээ байрлалаас түшээд суулгахыг сувилагч нараасаа хүсэв. Би юу болж байгааг ойлгосонгүй.

Намайг суулгаад цамцыг дээш татлаа.

Эмч -Миний дүү чиний өвчин хүнд, өвдөлтөөс болоод чи унтаж чадахгүй байна. Зүрх чинь даахгүй байж магад. Одоо чиний нугасны завсраар өвчин намдаагч тарина. Тэгээд нэг хэсэгтээ сайн амраад ав гэж эгчийн хоолойгоор хэлээд, нурууны нугасыг тэмтэрч байгаад үен дундуур зүүгээ хийв.

Нэг л эвгүй мэдрэмж.

Эмч тариагаа дуусгаад намайг хэвтүүлэх үед өвчин бага багаар арилж байгаа нь мэдрэгдэж, эрүүл байх үе эргэж ирэх шиг боллоо. Өмнө нь димедрол болон хэд хэдэн төрлийн өвчин намдаагч тарьж байсан ч үүн шиг тайвшруулж амрыг мэдрүүлээгүй юм.

-Энэ юу гэдэг өвчин намдаагч вэ гэж эмчээс асуутал

-Морфин гэж хариуллаа.

Дээрээс тусгай зөвшөөрөл авч байж энэ тариаг тарьж байгаа гэдгийг тэдний ярианаас ойлгоно.

Баруун цээжин дахь маш том хагалгааны оёдлын завсраар гарсан 2 гуурс гучин минут тутамд уушиганд хуримтлагдсан шингэнийг сорж байсан бөгөөд түүнийг мэдрэхээ больж эхлэх шиг санагдлаа.

Байнга  дуугардаг аппаратын чимээг ч сонсохгүй болов.

Баруун цээжний оёог хөндөхгүй гээд гараа ямар ч хөдөлгөөнгүй хэд хонуулснаа сая л анзаарлаа. Тохойгоо дээш болгоод жоохон хөдөлгөв.

Аймаар чилсэн байна.

Хөдлөх ямар гоё юм бэ.

Амьд байна гэдэг чинь ямар сайхан юм бэ.

Нүд эрээлжилж, согтсон мэт санагдлаа.

Нүдээ аниад нээтэл нарны туяа өрөөний таазнаас доошоо зөөлөн бууж байна. Ганцхан хоромд шөнө өнгөрснийг бодоод гайхав. 1 секунд ч хүрэхгүй хугацаанд үүр цайжээ.

Өвдөлтөд шаналж байсан өмнөх шөнүүдийг бодвол сайхан амарсан, хүч тэнхээ орсон мэт санагдана.

Цонхоор үлээж буй хаврын сэрүүн салхины үнэр мэдрэгдэж, шувуудын жиргээ хөгжим шиг сонсогдож, бүх өнгө тодорч харагдлаа.

Сувилагч өглөөний үзлэгт орж ирээд бие ямар байгааг асуухад. -Зүгээр, анх удаа унтсан юм шиг санагдаж байна гэж өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байтал өвчин эргэн ирж байгаа нь мэдрэгдлээ.

Нарны өнгөт цацрагууд эмнэлгийн өрөөний цонхоор орохдоо үлгэрийн гэмээр гялалзаж, өвөрмөц дүрстэй болж бүжиглэж байна. Гараараа хүрч болмоор ч юм шиг.

Өвчингүй байх ямар сайхан юм бэ гэж бодон хэвтэж байтал цээжин дээр байгаа гуурсыг хавиргатай холбосон оёо бага багаар час хийнэ өвдөж эхэллээ.

Тухайн өдөржин шөнөжин өвдсөн болохоор маргааш нь мэс заслын эмчдээ хандана -Эмчээ, тэр морфин гэдгийг дахиад тариад өгнө үү? Өвчин намжихаар нэг амарч болох юм.

-Миний дүү тэр эмийг нэг л удаа тарьж болно. Чи гурван өдөр унтаагүй болохоор ийм хүчтэй тариагаар өвчнийг чинь намжааж, унтуулж амраасан юм. Хэрвээ тэр тариаг чамд дахиад нэгийг тарих юм бол чи донтоно. Тэгээд гэрээсээ зурагтаа хүртэл зөөж авчраад, тариагаар солих гээд гуйж гарна. Тийм явдлууд манайд олон болдог. Аюултай тул болохгүй! гэлээ.

Би багаасаа ахмадын үг сонсож, тэдний анхааруулгыг яг дагаад сурсан болохоор эмчийн хэлсэн үгийг шууд ойлгон дахиад энэ тариаг бодохгүй, гуйхгүй, өвчнийг тэсвэр тэвчээрээр давсан юм.

20 жилийн дараа

2019 он 2 сарын 11

Ардчилсан Капиталист Монгол Улс. Утаанбаатар хот.

Монгол Бадарчин төслийн хамгийн гол зорилго бол хөгжлийн нууцыг Дэлхийгээс олж, Эх орондоо авчрах билээ.

Олон улс үндэстний, өөр өөр соёл, ёс заншил, шашин шүтлэгтэй хүмүүсийн дунд олон жил амьдрахдаа бидэнд хэрэгтэй гэсэн болгоныг судалж, тэмдэглэл хөтлөөд, нутаг руугаа илгээж, XXI зууны эхэн үед Дэлхий ямар байсныг цуврал номуудад хэвлэж, мянган жилийн дараах хойч үедээ өвлүүллээ.

Даяаршиж буй хүмүүн төрөлхтний юу нь бидэнд аюултай болохыг бас газар дээр нь судалж, урьдчилан сэргийлэх арга замыг хайж, хүмүүсээ хамгаалсаар.

Өөрийн судрууддаа энэ цаг үеийн “Хамгийн аюултай донтуулагч” гэдэг цуврал тэмдэглэл нээж, хойч үедээ үлдээж эхэлсэн бөгөөд “Цаг Хугацаагаар” V-р боть номдоо “Алкоголь” буюу ургамлыг исэлдүүлж (муудахаж) гаргаж авдаг этилийн спиртийн аюулын тухай өгүүлсэн. Түүний тусламжтай хэрхэн улс орныг мөхөөж, газар нутгийг нь эзэлж, хүн ардыг нь хүйс тэмтэрсэн түүхийг дурдсан.

Монголчуудын идээний дээж, аарцны шим “Архи” гэдэг нэрийг водканы сав баглаан дээрээ ашиглан, олон нийтийг төөрөгдүүлж, донтуулсан тухай ч тайлбарласан.

Бас табак навчаар хийдэг сигарет гэх тамхины донтуулах болон хорлох үйлчилгээний талаар өгүүлсэн.

Энэ удаа дараагийн нэг аюулын талаар бичиж үлдээхээр шийдлээ. Үүнийг бид мэдэж байвал ирээдүйд нүүрлэх аюулаас өөрсдийгөө болон үр хүүхэд, дотнын хүмүүсээ хамгаалах болно оо.

Урьдчилан мэдсэн, ойлгосон байна гэдэг чинь ХАМГААЛАГДСАН гэсэн үг шүү дээ.

Хероин

Өнөөгийн хүмүүн төрөлхтний хамгийн аюултай донтуулагчийн жагсаалтад хоёрт орсон Хероин бол тодорхой төрлийн Мак (Намуу цэцэг) цэцгийн дэлбээн дээр хуримтлагддаг опиум гэдэг бодисоос гаргаж авдаг нэн аюултай мансууруулагч, донтуулагч бодис гэж бүгд анхааруулсан байна.

Цагаан нунтаг хэлбэртэй энэ бодисыг татаж эсвэл устай найруулаад судсаар тарьж хэрэглэдэг юм гэнэ.

Нэг л мэдэхэд өдрийн 2-3 удаа хэрэглэхгүй бол бие нь тасарч байгаа юм шиг өвчтэй болдог химийн аргаар гаргаж авсан аюултай МАНСУУРУУЛАГЧ ДОНТУУЛАГЧ БОДИС.

Анхнаасаа оролдоод хэрэггүй зүйл!

Гэхдээ аюулыг нь заавал мэдсэн байх шаардлагатай.

Мансууруулах бодисыг би анх мэдэрсэн түүхээрээ тэмдэглэлээ эхлүүлсэн нь эрүүл мэндийн салбарт энэ бодис өргөн хэрэглэгддэг болохыг ойлгуулахыг зорьсон юм.

Юм бүхэн олон талтай!

Нойрны эм, тайвшруулах эм, стресс-ийн эм, депресс-ийн эмүүд бүгд дотроо мансууруулагч, донтуулагч бодистой байдаг гэдгийг бас мэдэж байхад илүүдэхгүй.

Нэг үзээд дахиж мартдаггүй, илүүг хүсдэг тийм аюултай донтуулагчийг гаднын мафи гэх гэмт хэргийн бүлэглэлүүд дэлхийн шилдэг эмч, сэтгэл зүйч, химичдийн тусламжтай нууц лабораторид бүтээж олон нийтэд түгээдэг байна. Хэрэглэгчийг богино хугацаанд донтуулж мөнгийг нь сорох гэж зохиогддог болохоор маш хүчтэй үйлчилгээтэй аж.

Гол хэрэглэгчид нь мэдлэг боловсрол тааруу, ядуу хүмүүс бас юу ч мэдэхгүй залуус.

Европын Дани улсад болсон үйл явдал намайг өөрчилж, амьдралын төрөл бүрийн өнгүүдийг анзаарч байхыг ойлгуулсан юм. Мансууруулах бодисонд донтсон хүнийг гэмт хэрэгтэн гэж үзэхгүй, өвчтөн гэж халамжилдаг европын хүмүүнлэг нийгэмд маш олон зүйл бидний ойлгодгоос өөр байв. Нээрээ л бусдад хохирол учруулаагүй донтогчийг яагаад алуурчин, хүчирхийлэгч, хулгайчтай адил шийтгэх ёстой гэж? Тухайн үед мансууруулах бодис гэж юу байдгийг мэддэггүй байсан ч ямар аюултай зүйл болохыг Дани улсын тусламжийн төвийн донтож өвдсөн хүмүүсийн харцнаас мэдэрсэн юм. Тэгээд мансууруулах бодис гэж зүйлээс айж, судлах хэрэгтэйг ойлгосон.

Аяллын үед янз бүрийн орчны янз бүрийн хүмүүсийн дунд амьдарч явсан болохоор төрөл бүрийн мансууруулах бодис надад санал болгох тохиолдол олон байсан.

-Би мансууруулах бодист хүрч болохгүй, манай шашинд хориотой юм гэж шахаанаас мултардаг байв. Уудаггүй залуу ерээд оныг яаж давсан тэр аргаа хэрэглэв.

Өнөөгийн хүмүүн төрөлхтний хамгийн хүчтэй улс гэх АНУ-д опиум-ын гамшиг болж байна гэдгийг мэдээгээр сонсоод, үүний талаар мэддэг зүйлээ манайханд хүргэх хэрэгтэй гээд үүнийг бичиж байна.

Ялангуяа амьдрал руу дөнгөж орж байгаа дүү нар ахынхаа тэмдэглэлийг анхааралтай уншиж, ойлгож, өөрсдийгөө сэрэмжлүүлнэ гэж найдаж байна. Бас найз нөхдөдөө хэлж хамгаалаарай.

Нэг алдаанаас болж насан туршдаа зовно гэдэг харамсалтай шүү дээ.

Хоёр зуу гаруй жил ноёлсон Манж гүрний иргэд Английн наймаачдын дэлгэрүүлж байсан опиум мансууруулагчид донтож, аж амьдралаа алдаж байв. Манжийн засаг нь опиумыг хориглосноос болж Английн зэвсэгт хүчинтэй дайтаад ялагджээ. Уг дайнд хамаг хүчээ барснаас болж Манж гүрэн мөхжээ.

Ерээд онд ЗХУ задрахад хероины тахал Зөвлөлтийн залуу үеийн тодорхой бүлгийг атгасныг санаж байна. Гудамжаар мансуурсан тасарсан хүмүүс хөглөрч, орц булангуудад хэрэглэсэн зүү шприц харагддаг байлаа. Зөвлөлт Афганистаны хоорондын арван жилийн дайнаас ирсэн олон цэргүүд энэ тахлыг нутагтаа авчирчээ.

Хероин гэдэг бодис бүтээдэг опиум-ын хамгийн том нийлүүлэгч нь Афганистан улс юм.

Олон жилийн улс хоорондын болон овог хоорондын дайнд цөхөрсөн Афганистан улсын засгийг 1996 онд Талибууд эзэлж, хүн ардыг нь доройтуулж байсан Мак (Намуу) цэцгийн тариалан, хэрэглээг бүрэн хоригложээ. Гэтэл 2002 онд АНУ болон холбоотны хүчнийхэн Талибуудыг унагаж, Афганистаныг эзлээд опиумын тариалангийн хоригийг болиулжээ. Юунаас болж цөлөрхөг шороотой Афганыг эзлэх гэж том гүрнүүд дайтаад байдгийг би сүүлд л ойлгосон юм.

Дэлхийн хамгийн том эдийн засаг бол эрүүл мэндийн салбар.

Амьдралын төвшин өндөр гэх АНУ-ыг харахад, нийгмийн хамгийн том асуудал нь оюуны стресс, депресс, ганцаардал юм шигээ. Тиймээс гурван зуун сая хүнтэй улсад өвчнөөс ангижруулдаг, тайвшруулдаг, унтуулдаг эмийн хэрэглээ бол маш том бизнес.

Өндөр үнэтэй тогтмол хэрэглэхийг шаарддаг тайвшруулах эмэнд хориотой бодис тодорхой хэмжээгээр агуулагддаг байна. АНУ-д мак цэцэг тарихыг хуулиар хориглосон байдаг болохоор олон тэрбумын ашигтай эмийн түүхий эд болсон опиумыг Афганистанд тарихыг өөгшүүлж байна.

Тарьж, татаж, эсвэл үнэрлэж хэрэглэдэг Хероин гэх мансууруулагч бодисыг нэг удаа үзсэн хүн амьдралаа алдах зам руу шууд ордог болохоор улс бүр үүний аюулаас иргэдээ хамгаалж, залуучуудаа урьдчилан сэргийлэхийг зорьдог гэнэ. Хэн нэг нь өвчилбөл хажуу хүмүүсээ донтуулж, халдаадаг болохоор зарим улсад цаазын ял оноох хуультай ажээ.

Опиум ургамлаас гаргаж авдаг энэ бодис нь маш хүчтэй мансууруулж донтуулдаг бөгөөд хүний бие эрүүл мэндийг хохироохоос гадна, зүүгээр дамжих өвчин тараагч болдог байна (ДОХ).

Хий зүйл харах, орон зайгаа алдах, сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх зэрэг олон сөрөг үр дагавар ажиглагддаг энэ мабоны донгоос гарах арга бараг үгүй бололтой.

Опиойд бодисонд донтсон хүн өөрийн хүчээр гарч дийлдэггүй болохоор энэ мабог хэрэглэдэг хүнтэй таарвал, тухайн хүнийг авархын тулд хуулийн байгууллага эсвэл нийгмийн хүмүүнлэгийн албанд хандахыг зөвлөе.

Ямарваа нэгэн зүйлд донтсон хүн, хүссэн зүйлээ хүссэн үедээ олж чаддаггүй болохоор, эргэн тойрны өөр хүмүүст худал хэлж донтуулан, улмаар тэднийг бас нийлүүлэгч болгохыг зорьдог.

Нэг л орвол гарах бараг боломжгүй шахуу энэ аюулт зүйлээс болгоомжилж, сониуч зангаасаа болж хэрэглэхгүй, байхыг захья.

Хүүхэн хараа нь томордог шинж тэмдэгтэй тул хүүхэд залуучууд, хайртай дотнын хүмүүсийнхээ нүдийг анхаарч байгаарай! Бие дээр шалтгаангүй судас тарианы ул мөр байвал анзаараарай.

Морфиноос гаргаж авсан хероин гэх бодис нь өнөөгийн хар зах дээр хамгийн аюултай мансууруулагч, донтуулагч болоод байгаа болохоор би энэ сэдвийг сөхөж үүний тухай юу олж мэдсэнээ хүргэж, ард буй түмнээ сэрэмжлүүлэхээр шийдлээ.

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.