2006 оны 3 сарын 8

Монгол бадарчин 1-р аян. 17 дахь төр.

АБНЕУ-ын Гиза дүүрэг.

Mongol Badarchin Egypt (56)

Далан зургаан сая хүн амтай, буурай капиталист эдийн засагтай Африк тивийн Зүүн Хойд бүсийн Египет улсын нийслэл Кайр хотод ирэхэд арабын болон европын соёл иргэншил холилдсон, өвөрмөц ертөнц, өөр цаг үед байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна.

20060310-DSCN1637

Төрийг нь Хосни Мубарак гэх дайнд оролцож байсан цэргийн өндөр цолтой хүн удирддаг юм гэнэ.

Mongol Badarchin Egypt (11)

Улс төрийн бүтэц нь цэргийн онц дэглэм.

20060310-DSCN1633

Орон нутгийн зам дээр цэрэг цагдаа нар зорчин өнгөрч буй хүмүүсийг хил, гааль шиг нэг бүрчлэн шалгаж, зарим газруудад үнэрч нохойтой нэгжлэг хийж байна. Террорист халдлага, жуулчид руу чиглэсэн алан хядах үйл ажиллагаа тогтмол болдог болохоор ингэж хамгаалдаг юм гэж нутгийн хүмүүс тайлбарлаж байна.

DSC00216

Зам болгон дээр байрласан хоёр метрийн өндөр, сум нэвтэрдэггүй төмөр хаалтын орой хэсгийн нүхээр, АК-47 бууны хошуу цухуйна. Миний туулсан 18 улсаас Турк, Сири, Иорданы вант улс, Израиль, Палестин-нд байдал ерөнхийдөө иймэрхүү, түгшүүртэй санагдлаа.

Mongol Badarchin Egypt (2)

Израиль улсаас энд орж ирээд Египет улсын нэрийн учрыг анх оллоо. Арабын Бүгд Найрамдах Египет улс (Arab Republic of Egypt). Эртний судар, ханан дээрх дүрсүүдэд байдаг Египет төрхтэй хүмүүс энд бараг алга. Сири, Йордан, Палестины нутагт харсан Араб төрхтэй хүмүүн дүрст энэ улсын үндсэн төрөл нь болжээ.

Хүн амын олонх болсон Арабууд нь нутгийн нүүдэлчидтэйгээ сөргөлдөж, зэвсэгт мөргөлдөөн олон болдог гэсэн. Бедуин гэх уугуул нүүдэлчид нутагтаа хэцүү аж төрдөг бололтой.

Хоол хүнс хямд байгаа нь газар тариалан, хүнсний үйлдвэрлэл хөгжсөнтэй холбоотой байх. Монголоос гарахад амттай хуушуур ардчиллын 150 төгрөг байсан. Харин энэ улсад тэр үнээр хоолонд орж болж байна. Египтүүд далайн болон гурилан бүтээгдэхүүнийг түлхүү идэж байна. Дотооддоо буудай тариалах үр шимтэй газар хомс болохоор гаднаас худалдаж авсан гурилын үнийн ихэнх хувийг улс даагаад, ард түмэндээ бага үнээр нийлүүлдэг гэнэ. Гол хүнснийхээ үнэ болон борлуулалтыг улс өөрөө хариуцдаг нь зөв санагдлаа.

Mongol Badarchin Egypt (47)

Өнөөдөр маш чухал өдөр.

Энэ улсад ирсэн хамгийн гол зорилго бол Пирамид үзэх ажил.

Хүмүүн төрөлхтний өнө эртний түүхэн дурсамж, даяар алдарт аугаа Фараонуудын (Хаан) Пирамидыг үзэхээр Египет улсын нийслэл Каир хотын газрын гүнээр явдаг метро гэх галт тэргэнд сууж, 20 гаруй сая хүмүүнтэй их хотыг орхин Гиза дүүрэг рүү хөдөллөө.

Метро нь орчин үеийн  их тохилог юм. Харин чиглэл нь Япон, Англи шиг эсрэг урсгалтай байгаа нь сонин. Өөрөөр хэлбэл галт тэрэг зүүн талаас биш баруун талаас ирж байна. Сүүлд асуухад уг метрог япончууд барьсан учир чиглэлийг нь ингэж зөрүүлсэн гэнэ. Бид ирээдүйд метро барих бол газар дээр баримталдаг замын хөдөлгөөний дүрмийг дагах хэрэгтэй юм байна шүү.

Энэ улсын тээврийн үнэ маш хямд санагдлаа. Нэг литр түлш нь нэг литр уснаас хямд учраас тэр байх. Гэхдээ орлого сайн хийдэггүй тул нийтийн тээврийн машин техникээ шинэчлэлгүй удсан байна.

Газрын гүнд байсан метро хотоос гармагцаа газар дээрх цахилгаан галт тэрэг боллоо.

Дэлхийд аялал жуулчлалаараа эхний гуравт орж байгаа улсын хамгийн гол үзвэр болох Пирамид байрладаг Гиза дүүргийн галт тэрэгний буудал тохилог сайхан санагдав.

Mongol Badarchin Egypt (4)

Тэмээгээр хязгааргүй элсэн цөлийг давж Пирамид-д хүрч байгаа төсөөлөл надад байнга харагддаг. Жуулчид аялал жуулчлалын цэгээс тэмээ хөлслөн авдаг бол би тэмээ үржүүлгийн газар нь очиж, нөхцөл байдалтай нь танилцахаар шийдлээ.

Шавхай хогон дунд хоорондоо зайгүй шахуу барьсан хоёр гурван давхар шавар барилгуудтай нутгийн хороололд тэмээ үржүүлгийн газрууд байна. Үнэр танар гэж аймшигтай. Агааргүй, эрх чөлөөтэй бэлчих талбайгүй, хүмүүсийн хороолол дунд байнга хашигдаж, жуулчдад үйлчлэн эзэндээ орлого оруулдаг Камел гэх тэмээнүүдийг нь хараад өрөвдлөө.

-Манай энэ Камел-уудыг хардаа эртний амьтад гэж нутгийн залуу надад гайхуулан ярьж, үнээ өсгөхийг хичээх үед намайг хаанаас ирснийг, манайд ямар их тэмээ байдгийг мэддэг ч болоосой гэж бодов. Дэлхийд хамгийн их тэмээтэй улсын иргэн шүү дээ би.

Багаасаа наймааны ухаанд суралцсан, бас “жунгаа”-тай хилэлдэг улсад төрж өссөн болохоор үнэ тохироод нэг тэмээг гайгүй үнээр хөлсөлж авлаа. Нутгийн тэмээ манайх шиг хоёр бөхтэй биш болохоор эмээлийг нь нэг бөхнийх нь ард тохоод мордов.

Гиза-гийн пирамидуудыг орон сууцны хорооллоос тусгаарлан, маш том газар нутгийг торон хашилтаар хүрээлсэн байна. Хөтөч залууг даган хаалтын дагуу нэлээд хол явлаа. Хотоос гарахын алдад хашлагын нэг хэсэг нь онгорхой эвдэрхий байсан тул түүгээр бид хоёр нэвтрэв. Жуулчид хорин ногоон төлж төв хаалгаар ордог байхад бид ингэж туулайчилж болж байгаа юм болов уу даа гэж эмээлээ. Тэр завсраар тэмээтэй өөр хүмүүс бас жуулчдаа дагуулан нууцаар орно.

Элсэн майхны зүг гэлдэрч байтал эхний Пирамидын орой цухуйхад үлгэрийн адал явдалтай кинонд байгаа мэт мэдрэмж төрж, араб аялгуу чихэнд сонсогдлоо. Өнө эрт дээр үед нутгийн нүүдэлчид агуу Пирамидуудыг анх хараад яаж алмайрч байсан болоо гэж бодогдоно.

Долгиолсон зөөлөн алхаатай тэмээгээр явсаар Пирамидуудын харалдаа зогсож зургаа даруулав. Хамгаалалтын цагдаа ирж хөтөч залуутай нутгийн араб хэлээр нэг юм яриад “багшиш” гэх хахуулиа авч халааслаад биднийг цааш нэвтрүүлэв.

Пирамидын өмнө ирээд төлбөрөө төлж, тэмээтэй хөтчөө явуулаад эртний хүмүүсийн бүтээлийг судлах ажилдаа орлоо.  Эргэн тойронд олон улсын жуулчид бөөнөөрөө холхино, фото зургаа даруулна.

Нутгийн наймаачид элдэв зүйл зарах гэж шаналгаж, гуйлгачид мөнгө нэхнэ.

Пирамид

Цөлийн хадыг метр хагасын хэмжээтэй, олон тооны дөрвөлжин блок болгож авчраад тэнгэрт тултал өржээ. Гурван том, олон жижиг пирамид хэлбэртэй байгууламжууд эргэн тойронд харагдана. Фараонууд дараагийн амьдралдаа зориулж ийм том бунхануудыг олон сая боолын хүчээр барьсан гэнэ.

Тоосго бүр нь 5-10 тонн гэж бодохоор эрт дээр үед буюу 4500 жилийн тэртээ эдгээрийг яаж зөөж өрсөн нь сонин.

“Ра” буюу нар шүтдэг эртний хүмүүсийн Нил мөрний баруун эрэгт барьсан тэгш дөрвөн өнцөгт пирамидууд нь оддын байрлалтай адил байгаа нь гайхмаар.

Нийт гурван зуугаад том жижиг пирамидууд энэ нутагт одоогийн байдлаар олдоод байгаа гэнэ.

пирамид

Харь гаригийнхан эдгээрийг барьсан гэдэг таамаг явдаг ч баримт алга.

3800 гаруй жилийн хугацаанд эдгээр байгууламжууд хүн төрөлхтний гараар бүтсэн хамгийн өндөр бүтээлүүд байсан. Хамгийн өндөр нь 146.7 метр сүндэрлэсэн ч цаг хугацаа, хүмүүсийн сүйтгэлээс болоод эдүгээ 137.5 метр болсон гэнэ. МЭ-ний зарим захирагчид эртний Пирамидын тоосгыг ашиглан барилга, сүм хийд барьснаас болж эдүгээ төгс хэлбэрээ алджээ.

Пирамидын яг голд шарил хадгалах өрөө байдаг гэсэн тул судлаачийн хувьд нэмэлт төлбөр төлөөд дотогш нэвтэрлээ. Аварга том тоосгонуудын хооронд нарийн хонгил гаргасан байна. Бусад жуулчидтай чихэлдэн байж дээш доош мөлхсөөр Пирамидын голд орших нэгэн өрөөнд хүрлээ.

Олон мянган тонн чулууны доор байрлах 2х3 хэмжээтэй өрөөний голд чулуугаар хийсэн авс харагдлаа.

Нөгөө ертөнцийн амьдралдаа хэрэглэг гээд нас барсан фараоны авсанд нь алт эрдэнэс, баялгийг нь бас хийдэг байсан гэсэн. Доторх мумми-г (зандаршуулсан шарил) болон олдворыг төв музей рүү зөөсөн гэсэн тул хоосон байна.

Өрөөний төвд сууж нүдээ аниад, хархираа хөөмийлж хэрхэн цуурайтаж буйг сонслоо. Өрөөнд орж ирсэн жуулчид миний хийж буй зүйлд ихэд гайхаж, харин би ертөнцийн тайлагдашгүйд өөрийгөө ирснийг мэдрүүллээ.

Дэлхийн хамгийн том бунхан дотор орох нь шарил дээгүүр явдаггүй Тэнгэр шүтээнтэй, нүүдэлчин гаралтай монгол хүнд цээртэй боловч судлаач хүний хувьд өөр арга байсангүй.  Ингэж байж тэмдэглэлээ үлдээнэ шүү дээ.

Энд ирэх дараагийн монголчуудад захихад -Дотогш ороод хэрэггүй шүү, сонин юм байхгүй гэж хэлмээр байна.

Пирамидын гүнээс гарч, нарт хорвоогийн сайхныг мэдрэхдээ ямар цаг үед байгаагаа эргэн тойрноо хараад ойлголоо. Ийм олон жуулчид нэг газар цугласныг өмнө харж байсангүй. Олон мянган жилийн өмнө бүтээгдсэн зүйл өнөө цагт энэ нутагт амьдарч буй хүмүүсийг тэжээж байна.

Хамгаалалтын цагдаагийн нүдийг хариулж байгаад хэдэн блок дээшээ гарах гэж оролдлоо. Энд ирсэн жуулчин бүр орой дээр нь гарах гэж бас оролддог байх. Харамсалтай нь хориотой.

усан онгоц

Пирамидын хажуугийн музейд 43 метрийн урттай эртний аварга том модон усан онгоц байна. 4500 жилийн тэртээ бүтээсэн уг усан онгоцыг 1954 онд Пирамидын бэлээс олж угсраад үзүүлэнд тавьжээ. Фараон нас барсныхаа дараах амьдралдаа хэрэглэх гэж хадгалсан гэнэ.

Египет улсын сурталчилгаанд байнга харагддаг Сфинкс гэх Фараон толгойтой арслангийн биетэй хөшөөн дээр ирэхэд хэмжээ нь төсөөлж байснаас жижиг байлаа. 73 метрийн урттай, 20 метрийн өндөртэй нар мандах зүг харсан уг хөшөө Пирамидуудыг хамгаалах гэж баригдсан юм байна.

сфинкс

Эртний египетчүүд хүмүүний дүрсийг ханан дээр зурахдаа дандаа хажуу тийш харуулдаг байж. Учир нь өөдөөс харуулж зурвал тухайн дүрс амьсгалж чадахаа болино гэж итгэж байжээ.

Энэ нутгийн өнө эртний хүмүүс юунд итгэж, яах гэж эдгээр байгууламжийг барьсан болохыг өнөө цагийн судлаачид ханан дээрх бичээснүүдээр ойлгохыг хичээсээр. Эртний египетчүүдийн хэл соёл нь устсан болохоор дүрс хэлбэртэй бичгийн олдворыг орчин цагийн хэлээр тайлбарлах гэж оролдож байна.

Египет улсын тухай интернэт гэх мэдээллийн сангаас уншихад, энэ улс аялал жуулчлалын маш зөв бодлого хэрэгжүүлж дал гаруй сая хүн амтай хүчирхэг улсаа тэтгэж явдаг юм байна. Улсын орлогын чухал эх үүсвэр болохоор жуулчны хамгаалалт, аюулгүй байдлыг хангах тал дээр олон улсын мэргэжилтнүүдийг оролцуулдаг гэнэ. Түүх соёл, эртний олдвороо хайрлан хамгаалж, аялал жуулчлалын урсгалыг татан, улсынхаа эдийн засгийг авч яваа улсуудыг хараад атаархаж байна.

Монгол Бадарчин төслийнхөө 17 дахь улсын түүх соёл, аялал жуулчлалыг судлах ажлаа үргэлжлүүлж, Дэлхийн долоон гайхамшгийн нэг болсон пирамидтай танилцаад эргээд Каир хот руу хөдөллөө.

Багын мөрөөдлөө биелүүлж аугаа пирамидыг өөрийн нүдээр харсан сайхан өдөр байв. Яах гэж тэр дээр үед ийм аугаа байгууламж барьсан юм бол оо гэдэг бодол толгойноос гарахгүй үлдлээ.

Одоо Маячуудын пирамидыг бас үзнэ ээ…

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.