Грегорийн тооллын 2014 оны 6 сарын 28

Бүгд Найрамдах засаглалт, Ардчилсан капиталист Монгол Улсын Завхан аймгийн Сант Маргаз сум.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (1)

Нүдээ нээхэд, Монгол гэрийн тооны хээ угалз өглөөг чимлээ.

Ямар гоё юм бэ…

Эх орондоо байна.

Аюулгүй байна….

Эргэн тойрноо анзаартал хөдөөний айл бололтой.

-Би хаана байна вэ?

Найман жил амьдралын утга учрыг Дэлхий дахинаа хайсаар Монгол нутагтаа ирсэн байна.

Mongolia, Uvs aimag, Davst sum, Tsahir mountain (23) (Medium)

Аавын маань нутаг Увс аймгийн Даяар Алдарт Давст сумд Илгээлтийн эзнээр очиж, зун цагийн фото архивыг бэлдэж, сумынхаа аж амьдралтай танилцаад, аялал жуулчлалын багтаамж, даацыг тооцоолж, аавын бичиж байгаа “Давст сумын алтан шастир” номд хэрэгтэй зарим материалыг нь цуглууллаа.

Миний аавын өвөг дээдсийн нутаг гэж ямар үзэсгэлэнтэй юм бэ.

Mongolia, Uvs aimag, Davst sum, Tsahir mountain (6) (Medium)

Миний нутаг Увс нуурын хоймор гэж ямар үлгэрийн юм бэ.

Увс нуурын хойморт, хязгааргүй хээр талд гэр бариулаад, үүдээ нээж амар амгалан агаар амьсгалж унтана. Өглөө нар мандахын алдад нууран дээр нүүж ирсэн мянга мянган шувууд өөр өөрийн өнгө, хэлээр найрал хөгжим тоглоно. Босмооргүй сонсоод л баймаар.

Davst 2 (4)

Davst 2 (2)

Тэгээд босож, нууранд сэлчхээд, саахалт айл Ойдов ахынд өглөөний цайгаа уугаад, өдрийн ажлаа төлөвлөөд тэгээд орой болтол хязгааргүй хээр талын уул толгод, ой модон дундуур зургийн архив цуглуулахаар замд гарна. Ирээдүйн хүмүүст Монгол нутаг ямар байсныг хадгалж үлдээнэ.

Mongolia, Uvs aimag, Davst sum, Tsahir mountain (21) (Medium)

Дэлхийг үзсэн хирнээ аавынхаа нутагт ийм орой ирсэн байдаг.

Цэдэнбал өвөөгийн нутагт гэдгээр Монголчууд мэднэ.

Mongolia, Uvs aimag, Ulaangom Hyargas lake (1)

Судалгааны ажлаа дуусгаад Улаангом орж Ганболд ахындаа өртөөлөөд, маргааш нь үзэсгэлэнт Хяргас нуур хүргүүлж, тэнд нуурын хаяанд нь хоносон.

Mongolia, Uvs aimag, Ulaangom Hyargas lake (31)

Тэгээд өчигдөр Өндөрхангай сумд замын унаагаар дайгдаад хүрсэн ч таатай сайхан хүлээн аваагүй болохоор эргээд замд гарсан. Сумын нэг айл надад унаа олж өгөөд, түүгээр шөнөжин яваад Завхан аймгийн хойд бүсийн Сант Маргаз гэдэг сумд ирсэн. Үүрээр зочид буудал нь хаалттай байсан болохоор хүргэж өгсөн залуу намайг гэртээ урьж, би энд хоносноо сая саналаа.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (2)

Хол замыг туулж яваа намайг амраана гээд сэрэхийг хүлээгээд хажууханд сууж байгаа эцэг хүү хоёр харагдана.

Хүү нь чив чимээгүй намайг ажиглана.

Олон жил замд яваа болохоор өглөө сэрнэ, босно гэдэг амаргүй болжээ. Шөнөжингөө шороон замаар давхисан болохоор хамаг бие хүндвэр.

Гэхдээ замаа үргэлжлүүлэхгүй бол болохгүй.

Босож юмаа баглаад, гадаа наранд суниагаад, нүүр гараа угаагаад орж иртэл хүү нь ор дэвсгэрийг засаад,  цай аяглаад хүлээж байлаа.

Хүүгээ маш сайн хүмүүжүүлжээ. Жинхэнэ Монгол хүү. Зочин ирсэн, ядарсан, өлссөн гэдгийг өөрийн чин сэтгэлээрээ ойлгоод, зочлоод байна. Хөдөөний ийм чих зөөлөн, ах зах, ёс заншлаа мэддэг, аавын үгнээс гардаггүй хүмүүжилтэй хүүхдүүд улам цөөрөөд байгаа цаг үе шүү. Зөв хүмүүжсэн ийм хүүхдүүдийг л том болохоор нь туслахаараа, хажуудаа авах хэрэгтэй.

Сэтгэлд амар, ажил хэрэгт ч сайн.

Гал дээр хайрсан боорцог дээр шинэхэн өрөм тавиад амандаа хийлээ. Дэлхийн өөр хаана ч байдаггүй гоё амт. Цэвэр байгальд бэлчсэн малын сүү. Нүүдэлчдийн өдөр тутмын хэрэглээ. Зарим улсуудад аж үйлдвэрлэл хөгжөөд, хүмүүс жинхэнэ сүүний амт гэж ямар байдгийг мартсан байна лээ.

Эх орондоо аялах ямар сайхан юм бээ…

Цайгаа тайван ууж суухтаа харь нутагт өлсөж цангаж явснаа саналаа. Зарим газар хоолыг нь идэхийн аргагүй байж билээ. Далайн жоомыг элдэв төрлөөр нь идсэн дээ. Өөр арга байгаагүй.

Өнөөдөр миний төрсөн өдөр гэдгийг саналаа.

Хэд хүрч байгаа билээ?

Хорин тавтай эр зориг, эрч хүч ханхалсан залуу бадарчин (эдийн хоосон чанарыг огоорсон, амьдралын утга учрыг олохыг хүссэн хүн бадар буюу аяганаас бусад бүх зүйлээс татгалзаж, алс хязгаараас ухааныг олохоор явдаг зам) болж аян замдаа гарч байж билээ.

Төрсөн өдрүүдээ Египет, Өмнөд Африк, Сьерра Леоне, Монтенегрод тэмдэглэж байсан харин өнөөдөр Монголын хөдөө өнгөрөөх гэж байна.

Дахиад ганцаараа…

Гал дээр чанасан цайгаа зэс аягандаа хийлгүүлж, бага багаар шимж суухдаа өөртөө ямар бэлэг барихаа бодлоо.

XXI зууны эхэн үед Монгол нутгаар аялсан залуу юу үзэж харсан, ямар санагдсан тухайгаа хойч үедээ бичиж үлдээхээр шийдлээ. Зуун жилийн дараа үүнийг уншвал гоё шүү дээ.

Бас хамгийн гоё фото аяллын зургийг цуглуулгыг хийж, Монгол Бадарчин номдоо оруулна.

Манайхан аялал гэхээр дандаа л гадаад явах тухай бодоод байдаг. Гэтэл Дэлхийн аялал жуулчлалын диваажинд бид амьдардаг гэдгийг мэддэг хүн цөөн.

Бусад улс оронд ямар байдгийг үзээгүй болохоор гадаад гадаад гээд байдаг байх. Тэр гадаадыг үзсэн, амьдарсан хүний хувьд хэлье. -Монгол бол хамгийн гоё нь. Дэлхийн аялал жуулчлалын диваажин.

Хэвлэл мэдээллийнхэн байнга гадаадыг сурталчилсаар байгаад бид өөрсдийгөө хэн бэ гэдгээ мартжээ. Ямар эртний соёл иргэншил гэж санана аа.

Африк, Америкийн нутгийн уугуул омгууд бас ингэж гаднын соёлыг хамаагүй нэвтрүүлснээс болж хэл, соёлоо мартаж, амьдралын хэв маягийг нь илэрхийлдэг үндэсний хувцаснаасаа холдож, онцлогоо гээснээс болж уусаад алга болсон байсан.

Бид үзэсгэлэнтэй нутагт амьдарч буйгаа мэдэхгүй байна. Үүнийг би өөрийн тэмдэглэл, зургаараа Та бүхэнд ойлгуулахыг хичээж байна аа.

Цайгаа ууж, өрөмтэй боорцогноос сайн цохиж аваад, намайг хүлээн авсанд талархлаа.

Бадарчин хүн болохоор бэлэглэх юм байсангүй. Дүүд чихэр ч болов өгмөөр байсан ч ёс алдлаа.

Сумын засаг даргынд хүргэж өгөхийг хүсэхэд, хүү нь дагуулж явах болов.

Үүргэвчээ үүрээд гэрийн үүд рүү дөхсөн өө, гэнэт саналаа.

Ёс ёмбогор бол …

… … … … ёсыг мартсан байв. (Ёсыг бичих хориотой тул хоосон орхилоо. Ямар ёс алдах шахсаныг мэдэхгүй байвал олоорой. Ахмадуудаасаа асуугаарай. Санаж яваарай. Аав ээж, эмээ өвөө, өвөг дээдсийн ёсчлон мөрдөж ирсэн ёсыг хүндэлдэггүй, дагадаггүй, сонсдогүй хүмүүсийг хүмүүжилгүй гэж бид, Монголчууд дууддаг шүү дээ.)

Хүүг  дагаж засаг даргынд ороход өөр зочид бас ирсэн байна.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (4)

Ийм өглөө.

Орон нутгийн сумын дарга гэдэг амаргүй алба шүү. Ажлын цаг гэж байхгүй 24 цаг сумын амьдралд оролцож, зочин гийчин хүлээн авч, цайлна, дайлна, ажил амьдралд нь оролцоно. Сумын засаг даргын эхнэрийн тэвчээрийг үнэхээр хүндэлмээр.

Хүү түрүүлж гүйж орохдоо миний нэрийг хэлсэн болохоор намайг зочны өрөөнд орж ирэхэд тэд хүлээж байв. Засаг дарга нь намайг шууд таньсангүй, харин зочдын нэг нь мэдээд

-Өө Монгол Бадарчин, Амай байна шүү дээ гэлээ.

-Сайн байцгаана уу? Би Амай байна. Монгол нутгаар судалгаа хийж зургийн сан бүрдүүлж байгаа юм. Танай сумын аялал жуулчлалын сор болсон зүйлс, уламжлалт соёлоо хадгалж үлдсэн хүмүүс, хамгийн сайхан сархадтай айлуудыг зааж өгч тусална уу гэлээ.

Намайг зүгээр аялагч биш, Олон улсын харилцааны судлаач, 70 гаруй улсыг 10 жил туулж судалсаар Завхан аймгийн энэ сумд ирснийг сонсоод бүгд гайхаж одлоо.  Эндээс цааш замаа үргэлжлүүлж, өөр тив рүү явах тухай ч хэллээ.

Бадарчин хүнтэй таарсан, бадарчин хүн зочилсон гээд нэг нь маш их бэлэгшээв.

Ширээний хойморт суугаа хүн Завхан аймгийн Сант Маргаз сумын засаг дарга Энхманлай гэж өөрийгөө танилцуулаад -Ганц хоёр ажил амжуулаад дараа нь ажилд чинь тусалъя гэлээ. Шинэчилсэн УАЗ69-т бид суугаад, амьдралын маань хамгийн гоё өдрүүдийн нэг үргэлжиллээ.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (6)

Завхан нутаг баруун хойд хэсгээрээ цөлөрхөг, нам өвс, бургастай юм байна даа гэж бодоод явж байтал нэг толгой даваад говийн элсэн манхнууд харагдаад эхэллээ.

-Хоо ямар гоё юм бэ? Гэж өөрийн эрхгүй хэлэв.

-Манай үүгээр  таван элсэн нурууны хоёр дахь нь өнгөрдөг юм. Ар Хангайд Элсэн тасархай гэж бас нэг нуруу байгаа гэж засаг дарга хэллээ..

Элсэн манхнуудын наана нь тогтоц нуур бараадаад айл зуншлагаандаа буусан байна. Түүн дээр хүрлээ. Засаг даргын машин ирсэн болохоор сонин хачин дуулах гээд уяач хүүхдүүд морьтойгоо давхиад ирэв. Дөрвөн наснаасаа морь унаж, уралддаг нүүдэлчин хүүхдүүдийг үнэхээр хүндэлмээр.

Нутгийн алдарт уяач ХХХ- гэж надад танилцуулсан, Монгол ах -Амай манай гэрт ирлээ гээд баярлаад бэлэгшээлээ.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (8)

-Би Дэлхийн хамгийн том зургийн цуглуулга хийж байгаа юм. Таны зургийг дарж болох уу гэхэд ах зөвшөөрч, хувцсаа малгайтайгаа бэлдүүлж гадаа адууны хажууд хэдэн зураг дарууллаа. XXI зууны эхэн үед энэ нутагт Нүүдэлчдийн Монгол Хүн гэж ийм хүн амьдарч байсан гээд архивтаа хадгаллаа.

Цай амсаад гарах гэтэл өвөө -Миний дүү байж бай. Манай гэрт Бадарчин хүн ирсэн байна. Энэ бол маш том бэлэгдэл гээд авдар дотроосоо чихэр, боорцог амттаныг атга атгаар аваад, аян замдаа хэрэглээрэй гээд мөнгөтэй хамт өгөв.

Эртний соёлыг мэддэг, боловсролтой хүмүүс л Бадарчин гэдэг нь нийтийн тусын тулд өөрийн амьдрал, хүсэл, шуналаа орхидог хүнд хэцүү амьдралын замыг туулж, ойлгосон зүйлсээ хүмүүст хүргэдэг соён гэгээрүүлэгч  гэдгийг мэддэг. Харин юм уншдаггүй, аман яриа хов живээр хооллодог хүмүүс Бадарчин гэдэг нь мөнгөгүй гуйлгачин гэж ойлгодог.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (9)

Засаг Дарга бид аян замаа үргэлжлүүлээд, элсэн манхан руу улам бүр дөхөхөд, хаяанд нь урсах голын наад талд холгүй буусан ганц гэрт хүрлээ. Бидэнтэй хамт явсан өвөөгийн гэр нь гэнэ ээ.

-Эмгэнтэйгээ хамт ач охины асрагч нь хийж байна гэж өвөө инээж хэллээ.

Гурван настай миний дүү шиг жоохон зулзага гэрийн хойморт эмээ өвөөгөө зараад, хайртай ач байхын жаргалыг эдэлж байлаа. “Энэ хүүхэд ямар аз жаргалтай өсөж байна аа. Эмээ Өвөө дээрээ, НҮҮДЭЛЧДИЙН Монгол гэрт, байгалийн гоо үзэсгэлэнд, Дэлхийн хамгийн аюулгүй улсын алс хязгаарт” гэж бодов.

Гэрт нь танихгүй зочин ирээд баруун талд суусныг хараад ихэд сонирхсон ч ойртож зүрхэлсэнгүй. Эрэгтэй Монгол хүүхэд байсан бол өөрийн газар нутгаа тамгалаад аль хэдийнээ ирээд намайг хэн болохыг мэдсэн байх сан даа.

Хөдөөний тослог сүүгээр чанасан цайг ууж, амтат боорцгийг нь идэж байхдаа элсэн манхнуудыг үүдээрээ хараад байгаль дэлхий ямар үзэсгэлэнтэй байж болохыг биширлээ.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (12)

Өвөө хамрын тамхиа гаргаж ирээд ёсоллоо. Монголчуудын өнөө цагийн хэрэглээнд байгаа хамрын тамхинуудын зургийг цуглуулж байгаа  болохоор фото архивандаа хадгалав. Тамхилахад, гадаадаас орж ирдэг “Сниф” гэдэг тамхи байна.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (11)

Хөдөө амьдрахын сайхан нь цаг хугацаанд баригдахгүй, тааваараа цайгаа уугаад, ертөнцийн сонин сайхныг ахмад хүнтэй хэлэлцэж болно. Монголын өв соёлтой холбоотой юу байгааг асуухад, өвөө авдраа ухаад эмээлний мөнгөн чимэглэлээ гаргаж ирж үзүүллээ. Би шинэ хотын иргэн болохоор нүүдэлчдийнхээ соёлын зүйлийг бага мэднэ. Үүнээсээ маш их ичдэг болохоор нөхөж судалсаар байна. Зургийг нь авч хадгаллаа.

Хоймортоо Буддагийн цутгамал залсан, арслантай авдартай, хуучны соц үеийн чемодантай хөдөөний жирийн нэг айл байна. Анх гэр бүл болохдоо энэ чемоданд бүх юмаа аваад гэрээсээ өрх тусгаарлаж байсан гэж ярих байхдаа.

Монгол гэрийн үүдээр зуны дунд сарын нов ногоон зүлэг, гол, элсэн манхнууд, хөх тэнгэр харагдана.

Монголдоо байх ямар сайхан юм бэ.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (10)

Засаг даргаас элсэн манхны орой дээр яаж хүрч болохыг асуугаад, тийш явах болов. Цайнаас амсаад машиндаа суулаа. Талын дундуур урсах жижиг голыг гатлахаар эрэгт дээр нь хүрэх үед нөгөө талд алаг унагаа дагуулсан гүү зогсож байна.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (15)

Төрөөд удаагүй байгаа унага биднийг хараад айсан бололтой байв. Анх удаа машин харж байгаа байх хөөлхий. Гол гараад ирэх үед гүү унагаа дагуулаад биднээс холдлоо. Сүргээсээ хол хоёулхнаа юу хийж байгаа юм бол доо.

Машинаараа толгодын өөд яваад удалгүй элсэнд шигдээд зогслоо.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (18)

Манай хэд доор хүлээх болж, би дээшээ гэлдэрлээ.

Арай гэж орой дээр нь хүрч эргэн тойрноо хараад ангайлаа.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (22)

Ямар үзэсгэлэнтэй нутаг юм бэ.

-Суурин соёл иргэншил хийж бүтээснээрээ бахархдаг, Нүүдэлчин соёл иргэншил байгалиа хамгаалж үлдээснээрээ бахархдаг гэдэг үг толгойд орж ирэхээр нь тэмдэглэж авлаа.

Ногоон шар хөх өнгүүдийн хоршил.

Яарах юмгүй байсан болохоор завилж сууж байгаад хөөмийллөө.

Ертөнцийн тайлагдашгүйд -Би энд ирсэн байна гэдгээ мэдэгдлээ.

Эмгэн өвгөн хоёрынд эргэн ирэхэд гал дээр хийсэн борцтой гурилтай шөлөөр дайллаа. Амтыг нь өөр юутай ч харьцуулшгүй. Хүний нутагт энэ хоолоо л хамгийн их санаж байсан даа.

Хоол идэж дуусахад шимийн юмнаас халааж, шар тос хийгээд дайллаа.

Үүнээс сайхан сархад гэж юу байхав. Халаад л эхэллээ.

Хоолоо идэж, бага зэрэг амарч аваад ажилдаа орлоо. Эмгэн өвгөн хоёр амьдралаа уламжлалт хэлбэрээр нь авч яваа нь надад таалагдсан болохоор фото зургийг нь авч сандаа хадгалж болох зөвшөөрөл авлаа. Хөгшид гангарааны дээлээ өмс, өвөө улсын сайн малчин гэдэг тэмдгээ зүүлээ. Биднийг өлсгөхгүй авч яваа буянтан байна гэж бодов.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (25)

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (26)

Жирийн Монгол хүмүүс гэдэг зургийн цуглуулгадаа авсан зурганд, тарагны сахлаа долоож сураагүй балчир охины зураг хамгийн тод харагдана.

Өнөөгийн хөдөө орон нутагт нийтлэг харагддаг зүйл бол эмээ өвөө дээрээ өсч байгаа ач, зээ нар. Залуучуудын ихэнх нь хот, их газар бараадсан болохоор хязгааргүй хээр тал маань эзэнгүй болох вий.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (24)

Бид судалгааны ажлаа үргэлжлүүлэхээр босох үед Өвгөн шуудаатай борцоо ухаад атга дүүрэн борц аян замдаа идээрэй гээд өглөө. Бага байхад Бадарчин хүн ирвэл ихэд бэлэгшээж, идээний сайнаар дайлдаг байсан дурсамжаа өвөө ярилаа.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (28)

Бид тал газрыг туулж байтал байгалийн давс шууж байгаа нутгийн хүмүүстэй таарлаа. Байгалийн давстай жижиг нуураас давсыг шүүж овоолоод хатсаных нь дараа шуудайлж байна. Давсыг нь амсаж үзлээ. Нутгийн хүмүүс энэ давсаа бөөний үнээр хот болон давс хэрэгтэй газар нийлүүлж амьжиргаагаа залгуулдаг гэлээ.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (31)

Засаг дарга бид хоёр явсаар малын ноос хяргаж байгаа айлын гадаа ирлээ. Гэрийн эзэн гэр бүлтэйгээ хамт завгүй байсан ч зочин ирсэн болохоор ажлаа орхиод гэрт орлоо.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (32)

-Амайг таньж байна уу? дэлхийг тойрч судлаад одоо Монголоо судалж байгаа юм. Өнөө өглөө манай сумд ирсэн. Нутгийнхаа сайхныг үзүүлж байна. Манай нутгийн хамгийн сайн шимийн архитай айлыг зааж өг гэхээр нь танайд хүрээд ирлээ. Зочинд амсуулах юм байна уу? гэхэд гэрийн эзэн данхтай шим гаргаж ирээд халаалаа. Өөрөө өөртөө хийдэггүй ёстой болохоор засаг дарга гэрийн эзэнд аягалж өгөөд, тэрээр дээжийг нь амсаж сэргээгээд хүндэт зочиндоо гээд надаа өглөө.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (37)

Шар тостой шимийн архийг нүдээ аньж байгаад хүртлээ. –Шимийн юм уухдаа нүдээ аньж байхгүй бол сохордог шүү гэж өвөө маань захиж байсан санаанд орлоо.

-За, ямар байна? Гэж гэрийн эзэн асуухад,

-Зүгээрээ, сайхан л юм байна. Гэхдээ хамгийн шилдэг нь гэж хэлэхгүй ээ гэж үнэнээ хэллээ.

-Дүү хүү архи мэддэг юм байна. Алив цаанаасаа шавар торхтой шим гаргаад аль гэж хүүдээ хэлэхэд, авдрын араас бор шавран торх гаргаж ирээд, халаагаад өглөө.

Монголын нүүдэлчдийн нутагт явахдаа хамгийн сайн сархадтай нутгийг олохыг зорилгоо болгосон болохоор торхтой сархдыг ёс дагаад хүртлээ.

Сонсгол гэв гэнэт сонин болж, хараа замхраад, ямар сонин юм бээ гэж бодов.

-Танай мал хаана бэлчдэг вэ? үзэж болох уу? гэхэд, цуг дагуулж яваад үзүүлэх болов.

Эд ажилтай байхад нь гэрийн эзнийг дагуулж явах болсондоо эгчээс санаа зовж байсан ч чухал ажил үүрэг гүйцэтгэж явааг ойлгоно байх гэж найдлаа.

Бид гурав машинаа асаагаад холгүй орших өвөрмөц хэлбэртэй, манай Тэрэлжтэй төстэй газар ирэхэд, шимийн архи яагаад ийм өвөрмөц байсныг эргэн тойронд ургасан цэцэг ногоог хараад ойлголоо.

1924 онд АПУ байгуулагдсан. Буудай, төмсийг исэлдүүлэх аргаар гаргаж авсан этилийн спиртийг устай хольж бүтээдэг Водкаг Монголд үйлдвэрлэж худалдаалахдаа Архи гэж буруу орчуулснаас болж зөндөө олон хүн энэ сархаданд хордож, эрүүл мэндээ хохироож, сэтгэл санаагаа гэмтээсэн байдаг. Одоог болтол хүмүүс водкаг архи гэж эндүүрэн хэрэглэсээр байгаа.

Нүүдэлчид Архийг идээний дээд гэдэг. Хүндэт зочин, хүндтэй хүмүүстээ өргөн барьдаг тансаг зэргийн сархад, харин түүнийг Водка гаар орлуулж, донтуулах нь гаднын бодлого байсан гэдгийг бид одоо л ойлгож байна.

Цэцэг алагласан хязгааргүй хээр талд бэлчсэн малын сүүг исэлдүүлж, аарцнаас нь шимийг нь гаргаж авч, шар тос хийж халаагаад, мөнгөн аяганд хийж ерөөл хэлэн хүртдэг сархдыг архи гэнэ. Цэцэгт байдаг тоосонцрууд малын сүүнд абйгаа болохоор, түүнийг нь тусгай нэрэх аргаар гаргаж аваад хадгална. Архийг халаах үед мансууруулах, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг тоосонцрууд урвалж орж, шар тосонд уусаад, хүртсэн хүний бие тосыг удаан шингээж, тэр хэрээр согтох мансууруулах үйлчилгээ нь уддаг байна.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (44)

Ямар үзэсгэлэнтэй нутаг вэ. Монголын 330 сумын нэг нь л гэхэд ийм гоё.

Сумын талаар урьдчилан судалгаа хийгээгүй байсан болохоор үзэж харж байгаа бүхэн шинэлэг гоё байлаа.

Эртний үлэг гүрвэлийн үед ирсэн юм шиг мэдрэмж эргэн тойрны уул толгодыг хараад бодогдлоо.

Өнө эрт дээр үед энд галт уул байсан бололтой, тэгээд тэр лава нь хөрөөд ийм өвөрмөц уулс болжээ.

Нэг уулын орой дээр нь гарч, шимийн архиа хүртээд, хөөмийлөхөд өмнө дуугарч байгаагүй өвөрмөц авиа гарлаа. Нутгийн архины хүч байх.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (51)

-Тээр тэнд байгаа хос уулыг Сант Маргаз гэдэг юм гэж засаг дарга холгүй орших өвөрмөц хэлбэртэй хос уулыг үзүүллээ.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (53)

Монголд ийм нутаг байдаг тухай ойлголтгүй байсан болохоор гайхсан жуулчин шиг бүх зургийг дарлаа.

Ингээд бид судалгааны ажлаа үргэлжлүүллээ. Нүүдэлчин ахыг гэрт нь хүргэж өгөөд цааш хөдлөв.

Энхманлай дарга нутгийн уугуул болохоор түүх соёлтой холбоотой зүйлсийг тайлбарлаж, нэгэн хадны хажууд зогслоо. Хэрвээ энд явж байгаад усгүйтвэл энэ чулууг холдуулаад ус гаргаж болно гээд нэгэн чулууг холдуултал нээрээ дор нь тогтсон ус байлаа. Ийм юм үзэж байгаагүй болохоор сонин байв. Гэхдээ тэр уснаас ууж зүрхэлсэнгүй. Дотор нь зөндөө олон шавьжны авгалдай харагдлаа.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (55)

-Бид хоёрын аялал дуусаагүй байна, орой нуурын хажууд хоно шүү гэлээ.

Замд явж байгаад нэгэн бургасны хажууд зогсоход ах доороос нь сонгино гаргаж ирлээ.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (57)

-Орой борцтой шөл хийхэд сонгино хэрэгтэй гэв. Төрөлх нутгийнхаа төө бүрийг мэддэг хүн гэж ийм байдаг гэж бодлоо.

Бид явсаар үзэсгэлэнт нуурын хойморт хүрлээ.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (58)

-Ямар үзэсгэлэнтэй газар вээ гэж уулга алдлаа.

-Үүнийг Баяннуур гэдэг юм. Хөвсгөлийн дараа ордог гүн уст нуур. Загастай гэж ах тайлбарлалаа.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (59)

Бид хоёр нуурын зүүн хэсэгт ногоон зүлэгтэй газар бууж майхнаа босгоод хоолоо хийж эхэллээ.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (61)

Нуурын урьд хэсэгт Элсэн манхнууд нууртай залгаа байгаа нь маш өвөрмөц санагдав. Африк тивийн Намиб улсад бас үүнтэй адил Элсэн манхнууд далай руу шууд тулсан байсан санаанд орлоо.

Хээрээр хоол хийгээд сурсан хүнтэй аялна гэдэг амар шүү гэж бодлоо.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (62)

Ах  газан плитк дээр борцоо устай хийж буцалгаад, төмс, гоймон араас нь хийж болголоо. Өлссөн байсныг хэлэх үү хээрийн хоол бэлэн болохыг тэсэн ядан хүлээв. Борцтой шөлөө аягалаад араас нь сонгиноо жижиг хэрчиж хийгээд надад өгөхөд амаа олохгүй идлээ.

-Хээрийн хоол гэж ямар гоё амттай юм бээ гэж нуурын гадаргуу харж суухдаа бодлоо.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (63)

Хоолоо дуусгаад саваа чөлөөлж, өвөө эмээгийн өгсөн сүүгээр цай чанаж уулаа.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (64)

Ах маргааш нь ажилтай гээд түрүүлж унтаж, харин би шимийн юмаа халааж хүртээд, амьдралынхаа хамгийн гоё өдрүүдийн нэгийг яаж тэмдэглэсэн тухай бодлоо.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (65)

1 person has left a comment

#1

Сант Маргац сумын хүмүүс их зочилтгой сайхан хүмүүс байна лээ.

ninjee wrote on 2018/11/13 - 22:29
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.