thumb-CS

Каучсёрфинг (Couchsurfing)

2009 оны 8 сарын 17.

Монгол Бадарчин 1-р аян. 60 дахь улс-Болгарын нийслэл София хот дахь Монголын элчин сайдын яаманд. Албан ёсны өртөө.

Нойр хүрдэггүй, чухал зүйлийг аялах хүсэлтэй байгаа залууст танилцуулахаар шөнө дунд бослоо. Хол аялалд явах гэж байгаа хүмүүст энэ мэдээ хэрэг болох болов уу.

Монгол Үндэстний найман зуу гаруй жилийн түүхэнд төдийгүй, анхны төрт улс байгуулсан хоёр мянга хоёр зуун жилийн түүхэнд хамгийн хол нутгуудад мөрөө гаргаж, далбаагаа мандуулсаар яваа нүүдэлчдийн удмын залуугийн зөвлөгөө олон хүнд хөтөч байх болно гэж итгэсээр байна. Явсан хүнээс үг сонс гэдэг шүү дээ.

Миний араас явах дараагийн бадарчингууд өөр өөрийн сонирхол, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, мөрөөдлийнхөө замд гарна.  Дэлхийн улс үндэстнүүдийн шилдэг хоолны жор, дуу хөгжим, эм тан, соёл урлагийн нууцуудыг олж, эх орондоо авчирахаар, өөр өөрийн Тэнгэрийн салхийг дагаж, тив дэлхийн хязгаар нутгуудад хүрэх нь мэдээж.

Couchsurfing.com гэх вэб хуудсыг Та бүхэнд өнөөдөр танилцуулж, гишүүнээр элсэхийг зөвлөж байна.

Энэ веб хуудсыг би мэддэггүй байхдаа, аяллын олон бэрхшээлийг төвөг ихтэй туулсан гэж хэлж болно. Шинээр нэвтэрч буй улсдаа хүлээн авч, дагуулж явах танилгүй, түүх соёл, ёс заншлыг товч тайлбарлаад өгөх хүнгүй, байрлах газар, тухтай орчингүй байв.

Харин үүнийг мэдсэнээр бүх юм өөрчлөгдсөн.

Аялал маань урьдынхаас илүү аятайхан болж, үр дүн өгөөж нь нэмэгдсэн билээ.

Аялах дуртай, мөрөөдөлтэй, гадаад дотоод найз нөхөдтэй болох хүсэлтэй хүн бүрийн мэдэх ёстой хаяг бол www.Couchsurfing.com

Couchsurfing гэдэг нь буйдандах гээд шууд орчуулж болно.

Өөрөөр хэлбэл аялагчид бие биенээ гэртээ урин, буйдан дээрээ түр өртөөлүүлж, амьдардаг хот суурингаа танилцуулж, гадаад, дотоодын олон найзтай болдог аялагчдын сүлжээ, бүлэг юм.

Анх ийм аялагчдын сүлжээ байдаг тухай сонсоод гайхаж билээ. Гадаадын таньж мэдэхгүй хүнийг гэртээ уриад байлгана, эсвэл танихгүй хүнтэй интернэтээр танилцаад, гэрт нь зочилно гэдэг бүтэхгүй, эвгүй, бас аюултай ч юм шиг санагдаж байв

Гадаад улс орноор аялах ямар хэцүү байдгийг ойлгосон хэсэг залуус ийм сүлжээг интернэтэд бий болгож, энэ нь өнөө цагийн Дэлхийн аялагчдын гол харилцаа холбооны бүлэг нь болжээ.

IMG_4071

Анх туршиж үзсэн нь:

Африк тивийн Сиерра Леон дахь манай энхийг сахиулагчид дээр түр амарч байхдаа, арваад улсын дараах Европ тив рүү орох зам, байрлах газар, юу үзэх тухайгаа төлөвлөж, CS гэх энэ бүлгийн тухай анх сонсоод, судалж үзэв.

Бүртгүүлэхдээ юу анхаарах, ямар мэдээ мэдээлэл оруулах, найздаа хүсэлтээ хэрхэн илгээх гээд тус бүлэгт буй төрөл бүрийн аялагчдын бодол сэтгэгдлүүдээс уншиж, учрыг нь олж авлаа.

Тухайн үед хол санагдаж байсан Португал, Испани, Мавритани зэрэг улсуудад амьдарч буй энэ хуудсанд бүртгэлтэй гишүүд рүү намайг өртөөлж, тус хоттой танилцуулж, туслахыг хүссэн захиа илгээлээ.

Монгол залуу дэлхийг тойрохдоо хамгийн аюултай газруудыг ганцаараа, айдасгүй давж буйд гайхсан хүмүүс намайг гэртээ урьж, аяллын талаар, Монгол орны тухай түүх, сонин сайхныг сонсох хүсэлтэйгээ надад илэрхийллээ.

Залуу хүн биеэ дааж аялах амаргүй. Харин энэ бүлэгт нэгдсэнээр шинэ найз нөхөдтэй болж, өөр өөр улс орны соёлын талаар нутгийн хүнээс нь сонсож, буудал болон бусад зардлаа бас хэмнэх болсон юм.

Хүлээн авч буй хүн заавал тансаг амьдралтай байх албагүй, хүний нутагт хол зам туулж яваа зочиндоо тусалъя гэсэн сэтгэлтэй байхад л болно.

Анх Мавритани улсад нэгэн залуу намайг хүлээн авах болж, тэрээр нэг өрөөнийхөө түлхүүрийг надад өгөв. CS нь ямар ч төлбөргүй байдаг ч тэр залуугийн өрөөнд нь байх, хандивын хайрцагт боломжоороо дэмжлэг үзүүлээрэй гэдгийг сануулсан байв. CS-ийн дүрмэнд ийм зүйл байх ёсгүй гэж хатуу заасан байсан юм.

Дараагийн CS-г Испанийн өмнө эрэгт нэгэн Аргентин залуугийнд өнгөрөөсөн бөгөөд зам зуураа яаруу байсан тул нэг л хонохоор боллоо. Тэрээр том өрөөндөө буйдан засан намайг хүлээн авч, оройн хоолоор дайлж, миний хувцасыг угаалгын машинд хийж өөриймсөг хандлаа. Дандаа аялагч нарын бүлэг болохоор бие биенийхээ зовлонг сайн мэддэг нь ойлгогдлоо.

Бид хоёр орой болтол буу халж өнгөрөөхөд, CS гэдэг нь зөвхөн үнэгүй байр олох бус Дэлхийн янз бүрийн үндэстний өөр өөр сонирхолтой найзуудтай болох боломжийг нээж өгдгийг ойлголоо. Өглөө унтаж байхад тэрээр ажилдаа явахдаа, цаасан дээр –Замдаа гарах болвол түлхүүрийг шууданд хийгээрээ гэж захиа үлдээсэн байлаа.

Дараагийн өртөөнд, Испанийн өөр нэг хотод сурдаг царайлаг Польш охин Франц оюутнуудын хамт намайг урьж гэрийнхээ том өрөөнд буйдан дээрээ байрлуулж, хичээлийнхээ заваар хотын сайхантай танилцуулав. Бас нэг үдэш пивоны баяр хийж төрөл бүрийн пивонуудын амтыг таниуллаа. Тэрээр хичээлдээ гарах үедээ намайг хотоор явж байгаад, гэрт нь хүн ирэх үед буцаж ирэхийг хүслээ. Хүлээн авагчид янз бүр байж болно, зарим нь итгэнэ, зарим нь үгүй.

Энэ мэтчилэн CS-г дараагийнхаа аялах улсын очих ёстой хотуудад буй залуустай холбогдсоор явлаа. Байнга CS хэрэглээгүй бөгөөд тухайн улсын аж амьдралтай танилцах, эсвэл ганцаараа баймааргүй үед CS-г ашиглаж байлаа.

IMG_0976

Сербийн нэг залуу эмээ, ээж, найз охинтойгоо амьдарч байсан бөгөөд, хамт байх хугацаандаа гэр бүлдээ байгаа юм шиг дотны орчинд хэсэг байлгасан.

Энэ сайт руу бүртгүүлж орохдоо өөрийн profile буюу тодорхойлолтоо маш сонирхолтойгоор бичих нь чухал, учир нь танай гэрт өртөөлөх гэж буй хүн ямар айлд зочилох гэж буйгаа урьдчилан мэдэх ёстой тул. Хэт хувийн мэдээ мэдээллээ хамаагүй оруулж болохгүйг анхаараарай. Бусад хүмүүс хэрхэн бөглөсөн байгааг урьдчилан сайн судлах нь зөв. Таны тодорхойлтоос хэн болохыг тань уншиж, зургуудыг үзэж байж танилцах эсэхээ найз нөхөд шийддэг юм.

Хэрвээ хаа нэгэн газар өртөөлөх хүсэлтэй байгаа бол очих гэж буй айлынхаа мэдээлэл, зочилсон бусад аялагчийн сэтгэгдлийг уншихад тун зүгээр.

IMG_0980

Зураг:

Өөрийн танилцуулгандаа маш өвөрмөц, хүний анхаарлыг татаж болохуйц аяллын зургуудаа тавих хэрэгтэй. CS гэдэг нь танилцах сайт биш тул элдэв sexy, өдөөсөн зургууд тавих нь зохимжгүй шүү!

Аялагч хүн танайд буухдаа, эсвэл Та айлд өртөөлж байгаа үед элдэв янзын өдөлт байлгахыг хүсэхгүй шүү дээ. Энэ бол цэвэр аялагч нарын бүлэг гэдгийг сайн санаарай.

Монгол хүн тул байгалийнхаа онцлог сайхныг үзүүлсэн зургууд байвал маш зохимжтой. Нүүдэлчин бидэнд энгийн юм шиг санагддаг зүйлүүд гадныханд бол маш өвөрмөц ертөнц билээ.

Найз:

CS-д анх бүртгүүлж байгаа бол  хэн нэгэнд уригдахад маш удаан хугацаа хэрэгтэй болно. Тиймээс аялж байхдаа танилцсан хүмүүс, аялдаг найз нөхөдтэй бол CS дээр өөртөө сайхан сэтгэгдэл бичүүлж болно. Чамайг огт танихгүй хүн энэ бичлэгээс анхны сэтгэгдэлээ олно гэж бодоорой.

Ирсэн зочингоо хүндлээгүй, сайн хандаагүй байвал тухайн хүн явсныхаа дараа сэтгэгдэл дээр Муу хүн! гээд бичиж орхивол, тэгээд дараа дараагийн найз, өртөө олоход төвөгтэй болно. Тиймээс тун хариуцлагатай байх нь чухал. Зочилсон айлаа хүндэлж, гэр орных нь ажилд нь бололцоогоорой тусалж, сайхан сэтгэлийг нь хариулж гарын хоолоор дайлах, эсвэл гадуур гарахдаа уух юм авч өгөх нь сайн чанар шүү.

Миний судалгааны тухайд эртнээс төлөвлөх боломж хомс, цагийн аясад тохирч хөтөлбөр байнга өөрчлөгддөг, харилцаа холбоо тэр бүр сайнгүй байсан болохоор нийт гуч гаруй айл, хүмүүсийнд өртөөлж, тэдний дэмжлэг авсан билээ.

Гэр:

CS-ийн сонирхолтой тал нь аялах боломжгүй бол гэртээ аялагч хүлээн авч, гадны соёлын эхний мэдээллүүд, тэгээд ирээдүйд аялах улсуудаа судалж болох юм. Би дэлхийг тойрохоосоо өмнө гадны найз нөхдийг гэртээ урьж, аяны цүнх ямар байх, айлд зочилохдоо юу анхаарах, аялахдаа юу юу хэрэглэдэг тухай анхны мэдэгдэхүүнүүдийг тэднээс олж авч байсан юм.

CS гэдэг бол холын зочин гэртээ байрлуулж түүх соёл, аяллын талаар нь судлах, дэлхийн өнцөг бүрт найз нөхөдтэй болох боломжийг нээдэг гэгэээлэг сайхан орчин.

Зөвхөн бие биенээ гэртээ урих бус, хаяа гадуур хамт гарах, эсвэл үзвэр үйлчилгээ хамт үзэх аялагчдыг ч бас олж болно. Хүний нутагт ганцаараа хотоор сэлгүүцэх уйтгартай шүү дээ.

Хэрвээ гэртээ хүн урих гэж байгаа бол хэд хоног, хэдэн хүнийг нэг зэрэг хүлээн авах боломжтой. Хаана унтуулж амраах зэрэг гэр бүлдээ баримталдаг дүрмүүдээ бас бичиж болно.

Айлд:

Монголчууд бие биенийдээ зочлохдоо бага зэрэг хүндрүүлдэг тал байдаг. Тэгвэл, CS-т айлд зочлохоор болвол аль болох төвөг удахгүй байх нь чухал. Зарим хүмүүс зочноо хоолоор дайлдаг бол зарим нь зочноороо дайлуулах хүсэлтэй байдаг юм. Гэхдээ, аяганы хариуг ямагт бодож байх нь зөв.

CS -ын хайх буланд очих улс, хот гэдэг мэдээллүүдийг маш тодорхой бичихэд, гэртээ зочин хүлээн авч, танилцах хүсэлтэй хүмүүсийн нэрс гарч ирнэ. Тэдгээрийг нэг бүрчлэн үзээд, адил хөгжим сонсдог, мэргэжил сонирхолоороо адил, эсвэл байршил нь таалагдсан хүн байвал хүсэлтээ маш тодорхой бичнэ. Хүн бүр заавал хариулах албагүй бөгөөд огт хариулахгүй тохиолдол ч элбэг юм. Тийм үед дахин дахин шаналгах хэрэг байхгүй шүү дээ. Магадгүй Таны захиа, зураг, танилцуулга таалагдаагүй ч байж болох тул анхаараарай!

Аялал гэдэг бол адал явдал тул зарим үед нэгдүгээр зэргийн , далбаат завь, зочид буудал таарах тохиолдол байна, зарим үед зүгээр жижиг байрны гал тогооны өрөөний буйданд тухлах ч тохиолдол гарна. Тэр бүхэнд бэлэн байх ёстой. Гадаад хүмүүсийн амьдралтай нь танилцах хамгийн дөт арга бол энэ CS.

Би CS ашиглаж эхэлсэн цагаас дэлхийн өнцөг булан бүрт олон сайн найзуудтай болсон.

CS-ийн бас нэг давуу тал нь шинэ улс, хотод буугаад огт мэдэхгүй хүмүүс дунд баймааргүй бол энэ сайтаар дамжуулж шууд найз нөхөдтэй болж болох юм. CS-ийн гишүүд бүгд аялагчид тул бусдыг ойлгох, туслах тал дээр хамаагүй дээр байдаг. Шинэ хотын CS-т байрлаагүй байсан ч тус газрын CS-ын клубынхантай хамт пиво ууж, бүжиглэж, ойгоор алхаж цагийг гоё өнгөрөөж болдог юм. Ихэвчлэн долоо хоног бүрийн нэг өдөр, хаа нэгэн газар уулзалт үдэшлэг зохионо.

CS бол хосуудын танилцдаг вэб биш тул ямарваа нэг зүйл болох ёстой гэж эндүүрч хэрэггүй. Гэхдээ хааяа болохыг ч үгүйсгэхгүй.

Монголчууд бид CS гэдэг вэбийг маш олон талаараа ашиглаж болох юм.

Би CS вэб хуудсын сайн талыг олж мэдсэнээс хойш миний аялалд мэдээлэл олж, шинэ хүмүүстэй танилцах бололцоо өсч, Монголчуудын хооронд сүлжээ бий болгох арга замыг олсон юм.

Дэлхийг тойрох аяллынхаа туршид гадаадад амьдарч буй олон монголчуудтай таарлаа. Санхүүгийн байдлаас болж тэр болгон аялж, юм үзэх боломж тэдэнд бага байсан юм. Тиймээс Монгол өртөө гэдэг бүлгийг CS дээр үүсгэлээ.

Монгол өртөө:

Монголчууд хаа нэгэн газар явахдаа заавал бие биенээ түшдэг билээ. Гол төлөв ахан дүүс, хамаатан садан найз нөхөд. Тэгвэл Монгол Өртөө бүлгийг бий болгосноор огт танилгүй улс орон, хот суурингуудад нэг үндэстэн бид бие биенээ түшиж, аялах боломж нээгдэх юм.

Хэрвээ энэ бүлэгт нэгдмээр байвал CS-д бүртгүүлээд өөрийн байгаа хотоо заах ёстой юм. (гэрийн хаягаа зөвхөн хүлээн зөвшөөрсөн хүндээ л өгөх хэрэгтэй) Заавал ганцаараа амьдардаг эсвэл тансаг байртай байх албагүй. Аялж буй хүний хувьд толгой хорогдох байр, нутгийн сайхан бүхнийг үзүүлэх нөхөртэй байхад л болдог шүү дээ.

CS-т бүртгүүлсэний дараа Групп гэдэг дээрээс МОНГОЛ ӨРТӨӨ гэдэгт нэгдэх хэрэгтэй.

Жишээлбэл Та Берлин хотод амьдардаг гэж бодъё. Парис юм уу Нью Йорк явмаар санагдаж. Гэтэл тухайн улс руу яваад хямд буухад өдрийн 20-с 50 евро төлнө. Харин CS дээр бүртгүүлсэн Монгол залуустай танилцаж холбогдоод харилцан бие биенээрээ айлчилбал зардал багасаж, хүний нутагт ахан дүүс, найз нөхөдтэй болох боломж нээгдэнэ.

Магадгүй зарим хүмүүс Монгол Өртөө-г бүтэхгүй гэж бодож магад, гэхдээ бүгдээрээ оролдоод үзвэл яасан юм? Бие биендээ итгээд, уриад шинэ шинэ найз нөхөдтэй болвол?

Хүний хүнээс илүү бие биенээ түших нь хамаагүй дээр шүү дээ!

Аялагчдад дүрмийг нэг бүрчлэн бичих утгагүй болов уу. CS дээр байгаа дүрмийг уншиж болно. Гагцхүү бид бие биенээ хүндэлж, очиж буй айлаа хүндрүүлэхгүй байх тал дээр хамгийн их анхаарал тавих нь чухал юм шүү. Тэгээд элдэв намба алдах, итгэл алдахаас зайлсхийх хэрэгтэй.

Хүн урих хүсэлтэй байвал гэр бүлтэйгээ амьдардаг байсан ч болно. Аав ээждээ энэ бүлгийн талаар тайлбарлаад, хүний нутагт яваа монгол хүнээ дэмжээд, том өрөөнийхөө буйдан дээр амраагаад замд нь гаргахад муу зүйл үгүй.

CS-т дандаа залуус байдаг гэж эндүүрч болохгүй аялах дуртай, эсвэл гэртээ ганцаараа байхаас уйдсан ахмад насны хүмүүс ч хоорондоо танилцаж, зочин урьж, аялдаг юм.

Бие биенээ дэмждэг, Монголчуудын аялагчдын холбоо бий болгоё гэж уриалж байна. Та туршаад үз. Аялал тань илүү сонирхолтой, хялбар бас хямд болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Бас нэгэн урилга бол фейсбүүк дээр “Монгол бадарчдын дугуйлан”  гэдэг бүлэг байгуулж, аялах хүсэлтэй байгаа залуусыг цуглуулж, заавар зөвлөгөө өгч, аян замыг нь илүү хялбар болгохыг зорьж байна.

Нэгдээрэй!

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.