IMG_6127

2017 оны 6 сарын 26.

Улаанбаатар хот.

Хоёр мянга гаруй жилийн өмнө баян танхилуун өссөн Сидхарта хун тайж гэр бүл, тухлаг орчиноо орхин ертөнцийг танин мэдэх хэцүү замд гарч, олон жил бадарчилж, өлсөж цангаж явахдаа ухаарсан зүйлсээ номлосноор, Буддизм үүсчээ. Энэхүү гүн ухаан нь Их хаадын үед Монголд дэлгэрсээр, одоо цагт шашин, зарим хүмүүст мухар сүсэг болон үлдсэн байна.

Манайхаар бол Хааны хүү тэрээр элдэв зүйлд бялхаж өссөн болохоор чухам юу эрж, бадарчны замд гарсан юм бол оо гэсэн асуулт Их сургуульд байхад надад өөрийн эрхгүй төрж байв. Эд хогшил, нэр алдар чухал бишийг ухаарсан жирийн Монгол залуу би, нэгэн хэвийн амьдралаасаа хальж, бадарчны хувь тавиланд хөтлөгдөн, амьдралын утга учрыг олохоор хол замд гарч, арван нэгэн жил ертөнцийн хязгааруудад даяанчиллаа.

MB4 nom poster


Хүн бүр, хүүхэд бүр Дэлхийг тойрохыг мөрөөддөг гэж хэлж болно. Би бас тийм мөрөөдлийг аавын маань надад бэлэглэсэн “Атлас Мира” гэх Дэлхийн газрын зурагтай номоос олж авсан. Хуудас эргүүлэх төдийд Европ, Африк, Америк руу хүрч байсныг сайн санаж байна. Харин бодит амьдрал дээр Дэлхийг туулна гэдэг хамаагүй хэцүү байжээ.

Өдөртөө Улаанбаатараас Тэрэлж, Дархан ороод ирэхэд хир ядардаг билээ дээ, тэгэхэд Дэлхийг бараг дөрөв тойрсонтэй тэнцэх газар нутгийг эрэл хайгуулын хугацаандаа тууллаа.

Зуу зуу, мянга мянган км-ийг, өдөр шөнө, халуун хүйтэн, амар амгалан, аюул түгшүүрийн нөхцөлд давлаа. Гомдлох эрхгүй…

Тэгээд, олсон, ойлгосон зүйлүүдээ “Монгол Бадарчин” цуврал номдоо бичиж, дараагийн үеийн залуусдаа замд гарах тэрхүү хүсэл мөрөөдлийг нь бадрааж, XXI зууны эхэн үед Дэлхий ямар байсан тухай тэмдэглэл, зургуудаа зуу зуу, мянган жилийн дараахь Хүн төрөлхтөнд зориулан үлдээсээр байна.

Энэ хугацаанд юуны түрүүнд өөрийгөө олох, амьдралыг ойлгох,

Монголоо таних, тэгээд Бурханыг олох замтай байжээ.

Amai Mongol (000)

Григорийн цаг тооллын 2005 оны 11 сарын 4-нд Ертөнцийг ухаарах, нууцыг олох замд гарахдаа ингэж удна гэж бодоогүй юм. Хоёрхон жилд Дэлхийг тойроод, учрыг нь олоод ирнэ дээ гэж эндүүрч байв.

Нүдэн дээр нурж унаж байсан Төрт улсынхаа байдлыг хараад, юу хийхээ мэдэхгүй, зүгээр сууж чадахгүй, заавал аугаа ажил хийж, хөгжлийн замыг олно доо гэсэн тэмүүлэл маань намайг энэ холын замд залж, XXI зууны хүн төрөлхтний амьдралыг өөрийн биеээр үзэж мэдрэх боломжийг олголоо.

Монгол Үндэстний Их Монгол улсын найман зуун жилийн ойд зориулан, манай өнө эртний түүхэнд хамгийн хол нутгуудад мөрөө гаргаж, төрийн далбаагаа мандуулж, Монгол эр хүний тэсвэр тэвчээр, ур ухааны нэгэн хязгаарыг тогтоолоо.

Монгол Бадарчин төсөлдөө, хүн төрөлхтний олон хэлээр тэмдэглэн үлдээсэн мэдлэгийн санг судлаж, өөр өөр үүсэл гарал, шашин шүтлэг, үзэл бодолтой сая сая хүмүүстэй учирч, амьдрал, бурхан, итгэл бишрэл, үнэн худлын тухай асуун хэлэлцэж, хойч үедээ тэмдэглэж үлдээх дурсамжуудаа авчирлаа.

Энэ том ажлыг дэмжсэн гадаад дотоодын олон зуун гэр бүл, албан байгууллага, хувь хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

Замд гарахдаа ойлгож, олохыг зорьсон гол зүйлүүдийн нэг бол Бурхан.

Бурхан гэж хэн бэ?

Юу вэ?

Хаана байдаг вэ?

Энэ асуултын хариултыг сонирхох болсон шалтгаан нь ийм түүхтэй:

Цэцэрлэгт байхад Норов өвөө маань бурхан болж, би анх удаа амьдралын тухай эргэцүүлж эхэллээ. Намайг дандаа эрхлүүлж, ойд дагуулж, Монголчуудын нууцуудаас зааж өгч байсан өвөө маань нас бараад, хөдөлгөөнгүй хэвтэж байсныг санаж байна. Нэгэн өдөр би бас өвгөн болоод, тэгээд хорвоог орхино доо гэдгийг ойлгоод, амьдрал хэтэрхий богино, утгагүй санагдаж, хэдэн өдөр уйлж, хүүхэд насны хямралд орж байсан удаатай.

-Аан, амьдрал гэж ийм жамтай юм байна даа гэдэг анхны ухаарлаа тэр үед авсан юмсанжээ.

Дунд сургуулийн тавдугаар ангид байхдаа ходоодны хүнд мэс засалтай Билиг эмээгээн арчилж байгаад, сүүлийн замд нь үдэхэд бас л олон бодол эргэлдсэн. Гэхдээ амьдрал мөнх бус. Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэдгийг ухаарсан байсан нас…

Багадаа Билиг эмээтэйгээ Гандан орж, завилж суусан Буддагийн хөшөөний өмнө мөргөдөг байсан би, өөрийгөө Буддист гэж бодож байв. Харин Буддизм гэдэг нь шашин биш амьдралын гүн ухаан (философи) гэдгийг дунд сургуулийнхаа хичээл дээр ойлгоод, юу шүтэх, хэрхэн шүтэх тухай өөрөөсөө асууж эхлэв.

Гэгээрээд, Будда (шинжлэх ухаанаар бол доктор, профессор) цол хүртсэн Сидхарта гэх Энэтхэгийн хун тайжийн завилж суусан дүрс, зураг нь Бурхан биш болохыг тухайн үед арай мэдээгүй, залуухан байв.

Хэдэн зуун жилийн өмнө манайд Буддизм биш түүний нэг урсгал Ламаизм гэх урсгал хүчтэй дэлгэрч, хоёр зуу гаруй жил биднийг Манжийн эрхшээлд өгч, Төвдийн нөлөө Монголчуудыг аймшигт иргэний дайнд оруулж, мухар сүсэг нь хүн амын өсөлт, улс үндэстний хөгжилд саад учруулж, гадны шашин Монгол Төрийн толгойд гармагцаа, тусгаар тогтносон улсыг Хятадын Гамингийн зурганд бөхийлгөсөн түүхийг мартаж огт болохгүй юм.

Тусгаар тогтнолыг эрхэмлэгч монголчууд ардын засаглал тогтож байж, арайхийн шашинаар дамжсан гадны нөлөөллийг зогсоож, хөгжлийн өнөөгийн шатанд бид хүрсэн гэдэг.

Монголчуудын мөргөж ирсэн, Бурхан гэх ариун утгатай зүйлийг Будда гэх нэртэй хольж, Буддизмыг Бурханы шашин мэтээр тайлбарладаг толгой эргүүлсэн ойлголтыг бид одоо болтол ялгаж салгаж, чадахгүй байгаа нь нийгмийн хямралын, оюуны төөрөгдлийн үндсэн шалтгаан нь болсоор байна.

Өнөө цагт гаднаас орж ирж байгаа шашингууд бас Бурхан гэх ариун утгатай үгийг өөрийн шашны номлол, өөр утгатай зүйлд ашиглан биднийг төөрөгдүүлж, олныг араасаа дагуулаад байгаа билээ.

Үг бол утгатай, үүссэн шалтгаантай.

Их Эзэн Хаан, өнө эртний өвөг дээдсийн үед буюу Ламаизм манайд өргөн дэлгэрэхээс өмнө Бурханд мөргөж байсан тухай түүхэн эх сурвалжууд бидэнд байдаг. Нууц товчоонд дурьдагддаг Бурхан Халдун гэдэг ууланд Монголчууд эдүүгээ мөргөсөөр байгаа шүү дээ.

Тэр үед бид Тэнгэр шүтээнтэй байсан.

Буддын гүн ухааныг шашин гэж эндүүрч, Тэнгэр шүтээнийг бөө мөргөлтэй андуурдаг болсон шинэ үеийн хүмүүс ариун Бурхантайгаа яаж холбогдох билээ.

Өвөг дээдэс маань юу шүтэж, биширч ирснийг мэдэхгүй болтлоо төөрсөн нь бидний хамгийн том асуудал гэж бодож байна. Өөрийгөө танихгүй болсон хүмүүсийн тархийг юугаар ч дүүргэж, юуг ч үнэн мэт санагдуулж болно.

Буддын тарни гэх ерөөл магтаалтай төстэй уншлагыг Монголчууд одоо болтол төвд хэлээр уншуулсаар байна. Хоёр мянга гаруй жилийн түүхтэй гэгээрлийн энэ гүн ухааныг ойлгож чадахгүй, “ум мани бад ми хум” гэх гадаад үгээр мухварлан сүсэглээр байгаа нь эмэгнэлтэй.

Манайхаас бусад улс орнууд Буддизмыг ард иргэддээ хүргэхдээ өөр өөрийнхөө төрөлх хэл, ойлгомжтой аргаар тайлбарладаг болохоор, Дэлхийн хүмүүс нь энэ аугаа гүн ухааныг дагах явдал ихэссээр байна.

Монголын алтан ургийн Алтан Хааны “Далай” гэх нэр хайрласан Төвд ламын (багш) 19 дахь үе нь өнөө цагийн Дэлхийн Буддизмыг тэргүүлж байгаа бөгөөд, энэ их ухаантан:

-Монголчуудаа буддын гүн ухаан, тарниа гадаад хэлээр бус Монголоороо ойлгож ухаараа! гэж сануулсаар байгаа билээ.

Будда нь Бурхан биш юм бол Бурхан гэж юу вэ гэсэн асуулт энэ олон жил намайг эрэл хайгуулын замд хөтөллөө.

Үнэнийг олоход бүх юм тайлагдана.

1 person has left a comment

#1

Towdiinvgun uhaaniig orchuilj delgeruulj yarih eostoi tuun dund bidnii owog deedesiinvhelsen yarisan mash iheer uldsen bgaa towdiin umani bafmihum gedgiig ch medehgui bn sh de hari heleer nom unshihad ter nom unshuulj bgaa hun oortoo yum uldeej chadahgui bhaa tanii heldegtei sanal niil bnaa tailbarlaj mongoloor yaridag himuus odoo heregtei

Lkhagva wrote on 2017/06/19 - 08:10
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.