Mongolia-Huvsgul-lake-372

Цаг хугацаагаар… (нэг дүгээр хэсэг)

2017 оны 6 сарын 12

Монгол Бадарчин 5-р аянаас ирээд. Улаанбаатар шинэ нийслэл.

Зуны сайхан өдрүүд ирсэн байгааг цонхоор харна.

Гадаа халуун нар дүүгээд, Улаанбаатар хотод их бөгчим байна.

Замд гарах бүрд, эсвэл хол газраас ирэх бүрд ордог хур бороо минь энэ удаа яагаад шиврэхгүй байна аа? гэж Тэнгэр Бурханаасаа асууна.

Дэлхий, Хүн төрөлхтний амьдралыг Монгол залуугийн нүдээр ажиглан судлаж, Монгол улсаа үсрэнгүй хөгжүүлэх арга замыг хайсан, олон жилийн аянаасаа Эх орондоо ирээд сар гаруй болсон ч, эмнэлгийн өрөө, орон дээр ихэнх хугацааг өнгөрөөлөө.

Өдөр бүр эм, тариа, дусал гээд амаргүй л байна.

Гэхдээ тэсч байна…

Монгол эр хүн бууж өгдөггүй шүү дээ.Amai Mongol (11)


Монгол Үндэстэн болон түүнээс өмнөх Хүн угсааны түүхэнд хамгийн хол зам туулж, мөрөө гаргаж, Тусгаар Монгол улсынхаа далбаагаа мандуулаад ирсэн залуугаа эмчилж, хөлөн дээр нь эргүүлэн босгох гэж гурван эмнэлгийн эмч, сувилагч нар өдөр шөнөгүй тэмцлээ. Зарим шөнө тэд сандарч, нойргүй хоножээ.

Эх орондоо ирээд, хот суурингаас хол, хөдөө нутагт явж байтал, бие муудаж, эмнэлгийн тусламж авах боломжгүй нөхцөл байдалтай учирлаа. Тайван байхыг хичээж, машины сандлыг засч хэвтээд, сандарч, бачуурах сэтгэлээ тайтгаруулахын тулд туулсан амьдралаа, ойлгосон зүйлсээ эргэцүүлэн бодож хэвтлээ, –Ингээд л болоо гэж үү? гэж өөрөөсөө асуух мөч байлаа.

Сүнс минь биенээс, хорвоогоос холдох гэж буй мэт тэр мэдрэмжийг амьдралынхаа богино хугацаанд дахин нэг удаа мэдэрч байна.

Амьдрал үнэхээр богино шүү.

Монголдоо, анир чимээгүй сая сая оддын дор, гэр бүлийнхэнтэйгээ байсан ч сэтгэл дотроо маш их ганцаардаж буйгаа тэр шөнө л хүлээн зөвшөөрлөө.

Эд хогшил, хөрөнгө мөнгө, ажлын амжилт юу ч байгаад, хэцүү үед ханилаж халамжлах, хайрлах сэтгэлтэй хань үгүй бол бүх зүйл утгагүй гэдгийг дахин ухаарлаа.

Маргааш нь яаралтай хот руу хүргүүлж явахдаа, замд таарсан сумын эмнэлэг, түргэн тусламжуудаар цаг тухайд нь үйлчилгээ хийлгэн байж, арай гэж хоёр өдрийн дотор хотын эмнэлэг, аюулгүй газар хүрлээ.

Сэтгэлээр унахгүй гэж гүрийсээр, одоо л нэг босч, хүмүүстэй ярьж, хоолондоо эргэн орж эхэлж байна.

Амьдрах үнэхээр сайхан шүү!

Орчлон хорвоогийн нууцууд, амьдралын утга учрыг эрэн даяанчилж, аюул бэрхшээл дагуулсан, бадарчин хүний ганцаардлын хэцүү амьдралыг туулахдаа ихэд алжаасан бололтой.

Бие сэтгэл бэтгэрэх, өвдөх, шархлах бүрдээ өөрийгөө тордож, Монгол цэргийн удмын Монгол эр хүн ямар байх ёстой тэр эрэлхэг зан чанаруудыг хадгалсаар, ажилаа амжилттай гүйцээж чадлаа.

Хүн төрөлхтний 86 улсыг, соёл, ёс заншил, шашин шүтлэг, байгалийн баялаг, хүн ардынх нь сэтгэлгээний онцлогийн хамт судалж, Дэлхийн Хүмүүст Монгол хүний тэсвэр тэвчээр, мятрашгүй зан чанарыг харуулах гэж хичээлээ. Хайсан зүйлсээ ч олсоор.

Тэнгэрээс далайн гүн рүү, -52-оос +60-руу, цөлөөс, ширэнгэн ой руу, тайван газраас дайн дажин руу, хүн шавсан хотоос зэлүүд сум руу…

Өөр өөр байгаль, цаг агаар, өндөр нам, хүн, соёлын газруудыг цагийн зөрүүний хамт тогтмол туулах нь амаргүй даваа, хүнд шалгалт байжээ гэдгийг одоо бодож сууна.

Гэр бүлээ санах, Эх орноо өгүйлэх, нутгийнхаа агаарыг хүсэх, хоол ундгүй өлсөж цангах, гадна хонох, буу зэвсэг тулгуулах, бөмбөг унах тэр өдрүүд одоо ард хоцорч, жирийн амьдралаа эхлэх цаг болжээ гэдгийг саяхны дохио надад ухааруулах гэсэн юм болов уу.

Монгол хүн бууж өгдөггүй гэсэн зарчим л энэ удаан хугацаанд, олон тооны бэрхшээлийг туулж, Эх орондоо эсэн мэнд ирэхэд дэм боллоо.

Бодит байдлаас ангид, байнгын бясалгалд байсан би одооноос л энгийн амьдрал, жирийн зүйлүүдийг анзаарч эхэлж байна.

Гэртээ ирээд, бүхнийг бодитоор харсан чинь зөндөө юм өөрчлөгдөнө, олон үйл явдлууд миний байхгүйд болоод өнгөрчээ.

Яг л цаг хугацаагаар аялаад ирсэн мэт санагдсаар…

Бие арай гайгүй болсон тул маргаашнаас гэртээ гарах юм шиг байна. Тэгээд амьдралаа босгож эхэлнэ дээ.

Юунаас эхлэх тухайгаа бодсоор л…

Гэр орон, хань ижил, үр хүүхэд, унаа хөлөг, ажил төрөл, санхүүгийн эх үүсвэр гээд юм бүхнээ эхнээс нь эхлүүлэх болохоор амаргүй л байх болов уу.

Миний үеийнхэн аль хэдийнээ гэр орон, гэр бүлээ байгуулаад, үр хүүхдээ өсгөж амжуулсан байхад би гэдэг хүн есөн үед дуурсах гавьяа байгуулна гэж зүтгэсээр, одоо л нэг хувийн амьдралдаа анхаарах нь дээ.

Бадарчин байх хугацаандаа гэр бүлээ байгуулах гэж оролдож байсан ч, бие нь эх орондоо боловч, сэтгэл зүрх нь өөр газар, өөр цаг үед байгаа бол юу ч хийх гээд бүтдэггүй юм билээ.

Олон жил үргэлжилсэн хол замын дундуур гэртээ хэд хэдэн удаа ирж байсан ч, бодит амьдралд орохгүй, өөрийн зорьсон зүйлүүдээ хот хөдөөгөөр хайж, судлаж гүйцээгээд, тэгээд л гадагшаа замдаа гарч байлаа.

Миний хүү одоо болно оо, тэртээ тэргүү чиний хэмжээний замыг туулж чадсан хүн Монголд байтугай Дэлхийд ховор гэж Аав Ээж зөвлөж байсан ч, хайсан зүйлсээ олоогүй хүн замаа үргэлжлүүлэхээс өөр аргагүй байв.

Жирийн хүний амьдралаас татгалзаж, бадарчин болохдоо амьдралыг өөрөөр харж, хүмүүсийн бодит зан чанарыг мэдэрдэг болно гэж төсөөлөөгүй юм.

Одоо, амьдралынхаа дараагийн нэг даваа руу алхах нь…

fb: амай “Цаг хугацаагаар” ном

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.