2016 оны 6 сарын 16

Монгол Бадарчин 86.2. Монгол улс. Архангай аймаг, Өлзийт сум.

20160616_105417

Хөх тэнгэрийн дор, Орхон голын хөвөөн дээр, ширдгэн ногоон зүлгэн дээр барьсан, таван ханат Монгол гэртээ сэрээд эргэн тойрноо харлаа. Гэрийн тооно, багана, хана, зуух, ор, ширээ, сав суулга.

Хол зам туулж буй хүнд өөр юу хэрэгтэй билээ дээ.

MB4 nom poster

(Монгол Бадарчин номуудыг уншаарай)Ulziit sum 126

Амар амгалан, анир чимээгүйд
Хэвтээд л баймаар.

Ямар сайхан нам гүм байна аа.

Хөдөөний сайхан агаар тооноор нэвтрээд

Жинхэнэ жаргал.

Зуны сайхан налгар өдрүүдэд эх орондоо, ийм сайхан байгальд Монгол гэрт сэрэхээс илүү жаргал гэж юу байхав.

Ulziit sum 124

Гэрийн үдээр гадагш харахад, цэв цэлмэг хөх тэнгэр, ногоон зүлгэн талын цаана домогт Орхон гол зүүн талаар хойд зүг урсаж байна.

Би Дэлхий ээжийн судасны хаяанд байна.

Эргэн тойронд адуу мал бэлчиж, шувуун жиргээ сонсогдоно.
Зүйрмэглээд, хэвтээд л баймаар.

Ulziit sum 61
Энх тайван оршиж буй Эх орондоо,

Төр улсын дайсан, шашны тэрс үзэлтэнгүй,

Бичиг баримт, виз гэж санаа зовохгүй,

Гадаадаар ярих шаардлагагүй
Минут секунд гэж мэдэхгүй, яарч сандрах зүйлгүй,
Дуу шуугиан анхаарал сарниулахгүй,

Амтат гоё, эрүүл хоолтой,

Байгалийн өвөрмөц тогтоцтой,
Өвөг дээдсийнхээ нутагт

Монголоороо амьдрах ямар сайхан юм бэ…

Шөнө гэрээсээ гарч, зүлгэн дээр сууж, огторгүйн олон оддын дор бясалгах үнэхээр их жаргал болохоор хаяа үүр цайлгачихна
Гэрийнхээ хойморт сууж, хэдэн цагаар ч хөөмийлнө.

Гал түлж суухдаа өөрийн амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүйг бодох хугацаатай байна.

Хотод, эсвэл гадаадад байхдаа ингэж амьдрахыг хамгийн их хүсдэг байж билээ.  Харь нутагт эх орноо санаж буй Монголчууд намайг сайн ойлгоно.

Саахалт айлын хүүхдүүд ирж байгаа бололтой сонсогдлоо.
Цай, өрөм, ааруул, боорцог барьж ирж байгаа байх.
Өглөөний сүүгээр чанасан цай, тослог сайхан өрмийг ааруул дээр тавиад идэхэд ч амттай даа. Дэлхийд ховор байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Өдөртөө өлсөхгүй, бас цул амин дэм.
Сүүтэй цайнд өрөм, боорцог хийж идэхэд ер бусын амттай гэж.
Монголын хөдөөний амьдрал үнэхээр сайхан шүү.

Ulziit sum 136

11 жил үргэлжилж буй хол замын дараагийн нэг судлах, ажиглах орчин бол энэ. Өвөөгийн минь нутаг Архангай аймгийн Өөлд ястны Өлзийт сум.

Ulziit sum 60

Дурсамжаас:

Багадаа, би гэр бүлтэйгээ аялахдаа, анх морь унаж, морьноос унаж, хөдөө хээр тоглож, нүүдэлчдийн амьдралаар амьдарч үзсэн газар бол миний Нямбуу өвөөгийн төрсөн нутаг Архангай аймгийн Өлзийт сум.

Өвөө маань хүүхдүүдээ дагуулаад нутагтаа ирэхдээ маш их баярладаг байсан. Засмал зам байхгүй, бөөн адал явдал болж, арай гэж хотоос ирнэ. Тэгээд, зэрлэг байгаль дахь бага насны гоё дурсамжууд эхэлнэ.
Монголоо алдахгүй байх амьдралын ухааныг суралцана.
Хотод төрж өссөн би хөдөө явах дуртай болсон шалтгаан нь зуны амралтаар хөдөөний хүүхдүүдтэй өдөржин гадаа тоглож, морь унаж, хонь хариулж, байгальд эрх чөлөө аз жаргалыг мэдэрдэг байсан явдал юм. Анхаарал болгоомж ямагт шаарддаг, барилга байшин, хашаа хаалттай, хотын амьдарлаас тэс өөр .
Цэрэг өвөө гэж ач нар нь дууддаг Нямбуу өвөө маань сайн аав, хайртай өвөө, хүлээсэн үүрэгтээ үнэнч Монгол цэрэг, машин техникийн дууг нь чагнаад, онош тавьж чаддаг, цэргийн онц механикч, бас маш хөдөлмөрч, нямбай сайн Монгол эр хүн байсан.

Тэтгэвэрт гарсан ч гэсэн насан эцэс хүртлээ Төрдөө үнэнч цэрэг хэвээрээ үлдсэн. Насан туршдаа, өглөө бүр шугамын радиогоор Төрийн дуулал эгшиглэх үед хувцсаа аль хэдийнээ өмссөн, дуудлагад бэлэн цэрэг зогсож байдаг сан.
Талийгаач Өвөө маань Монгол хүн бууж өгөхгүй, чармайгаад үзээд л байх хэрэгтэй гэдгийг надад ойлгуулсан, хувийн зохион байгуулалт, дэг журам, цэргийн ёс зүйг бас ойлгуулсан.
Хилийн цэрэг, цагдаад байсан хүмүүс Ганган Нямбуу гэдгээр өвөөг минь сайн мэднэ. Яагаад ганган гэхээр цэргийн техникийн жолооч явахдаа, машины кабинд болон моторт нь тос ч, тоос ч үзэгдэхгүй цэвэр цэмцгэр байсан болохоор тэгж нэрлэсэн гэдэг юм.

Ulziit sum 4
Хол замд гарахаасаа өмнө амжиж, Өлзийт суманд миний ажиллаж буй цаг үе нь УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаатай таарсан болохоор, бүх хүмүүс улс төржөөд, намаараа хуваагдсан, хамтарч ажиллах амаргүй байна.

Өлзийт сумын Засаг даргын газрын хамт олон болон хамаатнууд Орхон голын хөвөөн дээр 5 ханат гэр барьж, хоол ундыг бас зохицууллаа.

Хөдөө орон нутгийн амьдралыг судалж, сайхан амьдарч, хөгжихөд нь саад болж буй нөхцөл, зүйлүүдийг олж тогтоох, үйлдвэрлэл, ажлын байр гаргах боломжийг хайх, сумыг Дэлхийд таниулах фото зургийн цуглуулга хийх, интернет танилцуулга бэлдэх нь миний зүтгэж буй илгээлтийн эзэн ажлын гол зорилго юм.

Өнгөрсөн жилийн зун, бас өвөл нь Аавын нутаг Увс аймгийн Давст сумд ажилласан, одоо Өвөөгийн нутгийг судалж байна. Дараа нь Ээжийн Ээж Эмээгийнхээ нутаг болох Төв аймгийн Өнжүүл сумд бас ажиллах бодолтой байна.

Ulziit sum 18

Өглөөний цайгаа уугаад, аяллын замыг цаг тухайд нь мэдээлж байгаа “Амай Аялал” гэх фейсбүүк хуудсандаа зориулж видео бичлэгээ хийгээд, тэгээд машинаа асааж сумын төв рүү хөдөллөө.

Нутгийн ах болон байгаль хамгаалагчтай хамт орон нутгийн нөхцөл байдлын судалгаандаа гарна. Түүхэн ач холбогдолтой эртний дурсгалт цогцолбор, байгалийн өвөрмөц бүтээлүүдийн тухай мэдээ мэдээлэл, зураг цуглуулж, цаг тухайд нь интернэтэд байршуулсаар байна.

“Өөлдийн Өлзийт сум Амайгийн дурангаар” гэдэг фото альбомыг сонирхож үзээрэй гэж уриалмаар байна.

Монголын 330 сумын нэг нь л гэхэд ийм үзэсгэлэнтэй….

Ulziit sum 142

Үргэлжлэл бий

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.