2016 оны 5-р сарын 29

Монгол Бадарчин 5-р аянд гарахын өмнө. Улаанбаатар хот

13320368_10153606425143202_2608769344971315131_o

2005 оноос 2010 оны хооронд гэртээ харьж буцалгүй, Ази, Европ, Араб, Африкийн 69 улсад Монгол хүний мөр гаргаж,тусгаар улсынхаа далбааг мандуулаад, Тэдгээр улс соёл иргэншлүүдийг судалж, Монголдоо төдийгүй, Нүүдэлчин соёл иргэншилд байгаагүй хол бөгөөд хэцүү замыг туулж ирсэн залуу судлаач өөрийн ч мэдэлгүй маш их ядарсан бас өвдсөн байлаа.

Африкт ослоос гэмтэж, малери тусан арай гэж амьд гарч, олон удаа хоолны хордлого, шингэн, чийг алдалт, өвдөлт, сэтгэлийн хямралыг энэ хугацаанд давж чадлаа.

Монголдоо ирээд удалгүй бие муудсан шалтгаан нь бөөр хүнд өвчлөх аюултай байна гэсэн онош байв

Нэг хэсэгтээ замаа үргэлжлүүлэхээ хойшлуулж, хоолны дэглэм, амьдралын тогтвортой хэмнэлд дасан байх шаардлагатай болов.

Монголдоо түр байх хугацаандаа эхний хоёр боть болох “Гайхамшигт Ертөнц”, ”Амьдрал Сайхан шүү” номоо гаргаж амжлаа.

Жилийн дараа хүч тэнхээгээ сэлбээд эргээд замд гарч, шинэ ертөнцийн төв, Америкийн Нэгдсэн Улсыг бүхэлд нь туулж үзэх, судлах, зураг архив авах, нөхцөл байдлыг ажиглахаар замд гарч, эрүүл мэндийн хяналтаас холдож болохгүй болсон тул, энэ удаа хагас жилийн дараа дахин Монголдоо ирлээ.

Манайд сайн гэх эмч нар намайг үзэж, гарч болох сөрөг үр дагаврыг анхааруулж, эмчилгээ хийж, дэглэм дахин сахиулав.

Хайрсан хуурсан юм болохгүй, газ сироптой ундаа уухгүй, халуун ногоо элдэв амтлагч хэрэглэхгүй.

Хүнд юм үүрэхгүй, ачаалал авахгүй, ядрахгүй.

Би зүтгэж байгаад “Сайн сууж байна уу” номоо гаргаж амжлаа.

2013 оны өвөл Зүүн Өмнөд Азийн улс орнуудын аялал жуулчлалыг судалж ирэх даалгавар авсан тул –35 аас +49 рүү нисч билээ.

Бас л хагас жил гаруй халуун бөгчим улсуудыг, хүнд үүргэвч, унтлагын уут, зургийн аппараттай туулж, энэ удаа Дундад улс, Хонг Конг, Макао, Вьетнам, Камбодж, Лаос, Тайланд, Малайзыг даваад, Сингапур арал хүртэл гүрийж чадсан билээ.

Тэгээд л Монголдоо, хяналтанд.

Хүн гэдэг амьтаны боломжийн хязгаар гэж байдаг ажээ.

Харин би хязгаараа аль хэдийнээ эвдээд, амжилтын шинэ оройг тодорхойлчихсон байгаа гэж бодож байна.

Нүүдэлчин гаралтай залуу Дэлхийг бараг туучсан байна.

Зугаалж яваагүй, түүхэн маш чухал баримт, судалгаа, ажиглалт дүгнэлтийг авчраад байна. Дараагийн үеийнхэнд түүхэн баримт үлдээж байна.

Гэхдээ ямар үнээр?

Намайг үзсэн олон эмч нарын үгээс нэг зүйл давтагдаж байлаа.

-Эхнэр ав.Эрүүл мэндээ бод. Дэлхий судалгаагаа зогсоо.

Эрэгтэй хүн удаан ганцаар байх биед муу юм гэнэ.

Өдөр шөнөгүй сууж, олон мянган мэдээ материал, зураг дундаас ялгаж салгаж, загварт оруулаад, “Дэлхийн Нэг Өдөр” гэх 4-р номоо гаргаж авлаа.

Жирийн малчин залуу ч гэсэн миний номуудыг үзээд Дэлхий гэж ямар байдаг, хүмүүс хаана хэрхэн амьдардаг, ямар мөнгөн тэмдэгтүүд ямар ханш, загвартай. Мөргөлийн сүм хийдүүд гэж ямар загвартай байх, хот соёл иргэншлүүдийн барилга байгууламж, хөшөө дурсгал. Хоол хүнсний олон төрөл, зам байгалийн өвөрмөц төрхүүд, тээврийн хэрэгслүүд, танилцсан сайн хүмүүсийн дүрүүд гээд өмнө хаана ч харж байгаагүй тийм өвөрмөц бүтээлийг Монголчууддаа зориуллаа.

Гэхдээ хайж, олохыг зорьж буй ажилд үр дүн хэрэгтэй тул Монгол дахь ажлуудаа зохицуулаад, үргэлжлүүлэн замд гарч Хойд болон Төв Америкийг хагас жилд туулаад, 86 дахь улс Канадаас гэртээ хүрлээ.

Эхний аяллаас авахуулаад өнөөг болтол намайг тайван суулгадаггүй, нуруу хавийн зовиур энэ удаа арай их өвдөх боллоо.

Олон жилийн тэмцлийн үр дүн.

Байнгын зовиур гэдэг биед төдийгүй сэтгэлд их шаналгаатай.

Бие муудаж, өвдөж эхлэх үед замаа үргэлжлүүлэх тухай бараг бодохоо байлаа. Энгийн тайван амьдралыг сонгодог юм бил үү гэж шийдэж, хотод амьдрах уу? хөдөө гарах уу? гэж бодож төлөвлөж эхлэв.

Хөдөөний өвөлжилт, амьдралын судалгаа хийж, илгээлтийн эзэн төслөө эхлүүлээд хотод ирэхдээ нэлээд сульдсан байв, эмнэлэгт шинжлүүлтэл өөрчлөлттэй гарч, хөдөө гэрт амьдрахдаа туршлгагүйтэн даарч, биеэ муутгасан байна гэдэг онош сонслоо.

Дахиад тариа, эмнэлгийн ор, дэглэм.

Энэ удаа намайг бөөрний нарийн шинжилгээ хийлгэхийг эмч зөвлөлөө.

Солонгос, Япон, Синга, Урьд тийм нарийн шинжилгээ хийдэг гэнэ.

Соён гэгээрүүлэгч ТВ-ийн захирал Ш. Хишигсүрэн дээр орж, цай ууж, юм ярьж суухдаа, замд гарчихаад ирэх бодолтой байгаагаа хэлэхэд.

-Юу? Гадаад явж яах юм. Манай ТВ-ээр эрүүл мэндийн цуврал хичээл явуулдаг, “Хасу Манал” эмнэлгийн захирал Нарантөгс эмчид би одоо яриад цаг авчихъя. Монгол ардын эмнэлгийг барууныхтай сайн хослуулдаг эмч байгаа юм. Гадны эмчилгээнд явахаасаа өмнө эхлээд энэ эмчид үзүүлээдэх гэлээ.

Утасны дугаарыг нь аваад, гэрээсээ залгаад өөрийгөө хэлэхэд, аль хэдийнээ мэдсэн хүлээж байв. Цаг болзоод ажил дээр нь очлоо.

Үйлдвэрээс урагшаа, арьс ширний үйлдвэрийн хавьд, хашаан дотор хэдэн давхар байшин байна. Үүдээр нь ороход их цэвэрхэн юм. Дээш гархад эмчийн өрөө цоожтой байсан тул өмнөх буйдан дээр хүлээлээ.

Удалгүй Нарантөгс гэдэг цагаан халат, эмчийн малгайтай, таргандуу, нүд нь их ядарсан эмч инээмсэглэн үзлэгийн өрөөнөөс гарч ирээд, намайг ирсэн байгаад баяртай байгаагаа хэллээ.

Эмчийн өрөө рүү ороход зүүн ханаараа Буддын шашны мөргөлийн эд зүйлс, хийморьт адууны зураг, сийлбэр, Нараа эмчийн өөрийн ариун итгэл бишрэлтэй холбоотой эд зүйлс өрөөстэй байна.

Багш, Эмч, Шашинтан хүмүүсийн үйлийг ямагт тэтгэж байх хэрэгтэй тул өрөөний мөргөлийн өмнө нь мөнгөн дэвсгэрт дээш нь харуулж тавьлаа.

Эмч маш анхааралтай миний нүдрүү харж, ярьж байна.

Ширээнийхээ ард суугаад судсыг чинь барья гэлээ.

Нүдээ аниад миний амьдралын цохилтыг сонсож байгаад

-Ойлгомжтой гэлээ

-Юу ойлгомжтой?

Хуруун дээрээ өдрийн сайныг тоолж бодоод, ирэх бямба гарагт тэдэн цагаас ирээрэй. Сайн шил водка, сүү, арц авчираарай гээд зарим зүйлийг бичиж, миний эмнэлгийн шинжилгээ, үзлэгийн дэвтрийг авч үлдэв.

Сонин шүү. Хүний судасны хэмнэл, хүч, давтамжийг нь судас барьж уншаад, хаана ямар эрхтэн муу байгааг тогтоож болдог.

Уулзахаар болзсон өдөр очиход, намайг хүлээсэн сууж байна.

Энэ эмчтэй уулзах гэсэн хүмүүст цаг, зав олддоггүй гэж дуулсан, харин намайг ирэхэд ажлаа зохицуулаад байна уу?

Өрөөнийхөө хаалгыг хааж цоожилоод, миний судсыг дахин барьж сонсоод, -Дээгүүрээ нүцэглээд энд суу гэж заалаа.

Хүж, арц асаагаад, сүүг задалж аяганд хийж тавиад, шил водкаг задалж, мөнгөн аяганд хийж, дээрээс нь зарим төрлийн ургамлыг цацаад, сэтгэлээсээ тарни уншиж эхэллээ.

Ямар төрлийн засал, яаж хийх гэж байгаа тухай ойлготгүй орсон болохоор, нүдээ аньж, эмчийн тарний хүчийг өөртөө шингээв.

Хүн гэдэг амьтны итгэл бишрэлийн хүч аугаа хүч.

Эмч аягатай сархадаас амандаа хийгээд, гал асаагаад миний цээж тус газар үлээж, гал миний урьд дүрэлзэж, биед хүрсэн галын элч намайг сонин, бас гоё болгож орхилоо.

Дэлхийг үзнэ гэдэг бол маш олон зүйлийг үзэж туулаад, залхаад, нэг талаар уйдддаг болчихдог юм. Яг тийм үе дээ би явж байгаа болохоор өөрийгөө сэргээж, эрүүл мэнддээ анхаарахгүй бол болохгүй гэдгийг эхний галын дохионы үед хаанаас ч юм ухаарлаа.

Гал намайг сэргээгээд, эрч хүч өгөөд, амьдралын чухлыг сануулав.

Дараагийн хоёр галт засал надад маш сайн үйлчлэл өглөө.

Уншлага дуусч, шилэнд үлдсэн жоохон сархадыг Сонгино Хайрханд өргөөрэй гэж захилаа.

-Энэ ямар учиртай үйл вэ?

-Чи их олон газраар явж, төрөл бүрийн ус, төрөл бүрийн сайн, муу хүчний нөлөөнд автсан байгаа. Тэрийг чинь салгаж байгаа юм гэж эмч хэллээ.

Өнөөдрөөс эхлээд тодорхой дэс дараалалтай энэ эм тангуудыг буцалгаж, хандалж, хөдөлмөр гаргаж, итгэж, сүсэглэж ууна шүү гээд цаасан дээр хэдэн төрлийн тан бичиж өгөөд, эмчилгээний өрөө рүү дагуулаад орлоо.

Тал бүрдээ хөшигтэй, дөрвөн ор хөндлөн байршуулсан байна. Ширээнүүдэд Өрнө болон Дорны төрөл бүрийн эмчилгээний төхөөрөмжүүд байна.

Намайг хариуцах эмчид даатгаж өгөөд, дуусахаар эргээд уулзана шүү гэж хэлээд Нарантөгс эмч явлаа.

Энэ эмнэлэгт хэвтэх хугацаандаа өдөр бүр төрөл бүрийн эмчилгээнүүд хийлгэх бөгөөд, эхнийх нь нурууны массаж юм байна.

Цамцаа тайлаад, тухалж хэвтлээ.

Сайхан массаж хийлгэх юм бодсон чинь

Сувилагч охин орж ирээд, олон жил хүнд цүнх үүрч явсан нурууны, чангарсан гол булчингуудыг хооронд нь тараах, задлах, сунгах арга хэмжээ эрчтэй авч эхэллээ.

Хоёр гараараа орны хөлийг чанга атгаад, золтой л чанга хашгирчихсангүй.

Нүдний гүнд нулимас цэлэгнэж, онигоо болох шахав.

Хөдөөнөөс ирээд удаагүй, сувилагч охины гарт жинэхэнэ хүч байна.

Эрүүл мэндэд тулгарсан бас нэг асуудал нь нурууны нугас үүргэвчтэй удаан явснаас болж бага зэрэг хазаасан тул түүнийг тэгшилж байгаа эхний ажил нь энэ гэнэ.

Массаж дуусахад, цахилгаанаар цохидог төхөөрөмж нуруунд холбож, тогонд залгалаа. Тэгээд нугас тэнийлгэдэг зориултын орон дээр хэвтүүлж бүслээд, налуулж тодорхой хугацааг зарцууллаа.

Эмнэлгийнхээ өрөөндөө орж, тангаа буцалгаж, хуваарийн дагуу уулаа.

Дөнгөж 2-р эмнэлэгт арваад хоносон болохоор дахиад долоо хоног энд байх аргагүй санагдаж, гэрээр эмчлүүлэхээр шийдэв.

Тан ууж эхлэх үед бие их тавгүй болж, өвчлөөд эхэллээ. Маргааш нь эмчээсээ асуухад –Эхэндээ тэгдэг юм. Эм тана нь цусны мууг нь ялгаруулдаг юм гэв.

Дараа дараагийн эмчилгээний өдрүүдэд Нараа эмч надад онцгой анхаарал тавьж, зарим өдрүүдэд урагшаа гэдийлгэж суулгаж байгаад, нурууны зарим хэсгээс зүү хатгаж,  хар өнгийн цус шахаж гаргаж байв.

Нурууны булчин шөрмөсийг тараах массаж өвдөхөө болиод, таалагдаж эхлэв.

-Эмэгтэй хүн байгалийн онцлогоороо муу цусаа гаргачихдаг, харин эрэгтэй хүнд тэр зүйлүүд нь биений элдэв газар цуглаад, өвчин ороогоод байдаг юм. Тэрийг нь бид одоо гаргаж авч байна гэж тэрээр надад тайлбарлалаа.

Ардын эмчлэх ухаан гэж сонин шүү.

Ийм маягаар хэдэн өдрийг эрчимтэй өнгөрөөж, хануулах өдөр ирлээ.

Хануулна гэж яг яадаг тухай ойлголтгүй байсан тул нэг өдөр тангаа ууж дуусгаад, товлосон өдөр анхны тусламжийн өрөөнд орж, хэлсний дагуу гутал, оймсоо тайлав. Эмч өмдийг дээш шуугаад, хоёр хөлний өсгийнөөс дээхэн байрлах судас руу бүдүүн зүү хийгээд, цус поош гойжуулж эхэллээ.

Эмч миний нүд рүү харж, биеийн байдлыг ажаад, жоохон эрээлжлэх үед зогсоолоо.

Сандал дээр суулгаж, халуун цай өгөөд. –Чамд уулгасан тана биений сайн, муу цусыг хэд хоногийн турш ялгасан, түүнээс нь сая гаргаж авлаа. Бага зэрэг авлаа. Харж байгаад дараа бас авч магадгүй.

Би хэсэг сууж, бохир болсон хэсгээ цэвэрлээд, оймсоо өмсөж, гутлаа углалаа. Нэг л сул болсон юм шиг.

Сувилагч хажууд надад анхаарч, бие ямар байгааг байнга асууж байв.

Гол эмчилгээ дуусаад гэртээ хэд хоног амарлаа.

Тариа, элдэв төрлийн эм, эмчилгээгүй байх ямар сайхан юм бээ гэж бодож байхдаа, сүүлийн хэдэн жил намайг тайван суулгахгүй, байнга зовиурлаж, миний ааш араншинд хүртэл нөлөөлөөд байсан өвчин үгүй болсныг мэдэрлээ.

Ид шид үү?

1,2,3-р эмнэлэг болон хувийн эмнэлгүүдэд барууны эмчилгээг хамгийн сайнаар хийлгэсэн ч өвчин арилахгүй байсан. Харин ардын уламжлалт эмнэлэгээр долоохон хоног дагнаад, хамгийн зовиуртай байсан өвчин маань алга болсон байна.

Хоёр бөөр тус газар дарахлаар бага зэрэг хөндвөрлөдөг, дотроосоо тайван суухын аргагүй зовоодог байсан өвчин үгүй болсонд итгэмээргүй.

Ямар сонин юм бэ?

Яг юу болов оо?

Өвчингүй бол жаргал гэдэг дээ, түүнийг л мэдэрч эхэллээ.

Өвчин зовиургүй болсон үедээ хоолондоо сайжирч, бас эрч хүчтэй болсон байв.

Нараа эмчид эмчлүүлснээс хойш удалгүй Сүхбаатарын талбай дээр номын баяр болж, хоёр өдрийн туршид би өглөөнөөс орой болтол гүрийж, зогсоогоороо номоо танилцуулсан юм.

Намайг гүргэр гэдгийг мэддэг болсон Нараа эмч тус өдрүүдэд над дээр ирж миний судас барьж, биеийн байдлыг лавлаж, бүх юм сайн байгааг шалгаад, буцаад явж байв. Ийм сайн эмч гэхээс өөр үг олдохгүй юм.

Дэлхийн хэмжээний тэмдэглэл, судалгаа явуулах нь миний эрэл хайгуулын гол зорилго. Хол замд өвдөх, осолд орох, шаналах гээд олон бэрхшээлүүд байдаг бөгөөд хүний нутагт эрүүл мэнд сульдвал хамгийн хэцүү нь юм.

Эрүүл биеийн эрч хүчийг дахин мэдэрсэн тэр мөчөөс, дуусгаагүй замаа, туулаагүй улсаа гүйцээх бэлтгэлдээ орж, нэг их удалгүй эцэс төгөсгөлгүй хол замдаа дахин гарлаа.

Намайг эмчилж, энэ хол замыг үргэлжлүүлэх эрүүл мэнд, эрч хүч өгч байгаа Монголын бүх эмч, сувилагч нартаа, тэр тусмаа Хасу Манал эмнэлгийн Нарантөгс эмчид, энэ эмчтэй танилцуулж өгсөн Соён Гэгээрүүлэгч ТВ-ийн захирал Ш.Хишигсүрэнд өөрийн болон гэр бүлийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Барууны эмнэлэг үр дагаварыг сайн эмчилдэг, харин Монголын уламжлалт эмнэлэг үүсэл гарлыг нь олж тогтоогоод тэгээд эмчилдэг гэж хэлсэн Нараа эмчийн үгэнд ухаарах зүйл олон байна.

Бид барууны эмнэлгийг хэтэрхий шүтээд, өөрийн, уламжлалт аугаа ухаанаа тоохгүй байна гэж үү?

Нараа эмч шиг Монголын шилдэг ардын уламжлалт эмч нарыг нэгтгэж, Дэлхийд байхгүй Монгол уламжлалт эмчилгээний төвийг байгуулбал, ямар олон хүнийг мэс засал, тариагүй өвчин, шаналалаас ангижруулж, аз жаргал бэлэглэж болох бол оо? гэж бодож байна.

Бас, эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжүүлбэл, их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг олон улсаас босгож болохыг бас тунгаана уу.

Элдэв тариа, химийн бодисгүй ардын аргаар эмчлэгдсэн хүмүүс байвал өөрийн жишээнүүдээ бичиж хуваалцаарай.

Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)

#1

sain baina uu? Bgsh ih hodolmor zvtgel gargaj baigaad bayarlalaa. aylald ni amjilt hvsie

siilegmaa wrote on 2017/01/27 - 13:31
#2

sain baina uu? Mash ih hodolmor zvtgel gargaj baigaad bayarlalaa. aylald ni amjilt hvsie.

siilegmaa wrote on 2017/01/27 - 13:33
#3

Bie tani edgesend bayartai bainaa, ternees gadna exner xezee awah gej bn we? Hurdan awahgvi bol hetsvvdex ni bna da.. xuviinhaa, setgel zvrxniher asuudliig niitleleeree bidentei huvaaltsahgvi yumuu?

Amirlan wrote on 2017/01/27 - 16:35
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.