2016 оны 1 сарын 27

810 жилийн түүхт Монгол Үндэстний, тусгаар Монгол улсын, баруун нутаг Увс аймгийн Давст сум.

_MG_7749

Сэрлээ.

Харанхуй, бас маш хүйтэн байна.

Хамрын үзүүр хүртэл мөс.

Толгойгоо хөнжилдөө хийгээд, агаараа хурдан амьсгалж, дулаацуулаад, үргэлжлүүлэн зүүдэндээ орж байтал

-Одоо босохгүй бол болохгүй шүү гэж өвгөдийн (дотор) хоолой тушаан хэлэх шиг болоход

Огцом сэрлээ.MB4 nom poster

(Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, фейсбүүкт нэгдээрэй.  facebook : Цаг Хугацаагаар)

Мөсөн дунд байгаа юм шиг мэдрэмж.

-Хөлдлөө хөлдлөө хөлдлөө…

Гараа сунгаад гэрлээ асаалаа.

Амнаас уур савсаж байна.

Тооно, унь, хана, галын зуух, ширээ, тогоо гээд миний “Илгээлтийн Эзэн” төслийн ажилд шаардлагатай амин зүйлс.

Энэ удаагийн, гэр орон минь байна.

Би Монголдоо, гэхдээ алс хөдөө байна.

_MG_7743

Хүн дүрстийн өнө эртний Нүүдэлчдийн залгамж, Хүннү (Хүн) удмын, 810 жилийн түүхт, Их Эзэн Хааны бүтээсэн, Нүүдэлчин овог аймаг, ураг угсаа, ястаны(стан) Ургийн Холбооны ИХ МОНГОЛ ҮНДЭСТНИЙ, Тусгаар Монгол Улсын, баруун нутгийн Увс нуурын хойморт, ОХУ-ын, Урианхай аймгийн хилээс 10 км-т байрлах Увс аймгийн Давст сумын төв, Засаг даргын тамгын газрын нутаг дэвсгэрт барьсан, таван ханат Монгол гэртээ өвлийн хахир хүйтний шөнө дунд гав ганцаараа сэрлээ.

-Дахиад ганцаараа.

Замд гараад арван жил гаруй болж.

Хүн төрөлхтний янз бүрийн амьдралыг туулсаар байна, дараагийнх нь энэ байна. Монголын алс хязгаар нутагт өвөг дээдсийнхээ амьдралаар амьдарч, хүйтнийг даван туулахаар хичээж байна.

-Хүв хүйтэнд орноосоо босно гэдэг …

Хүйтний эхний дохиогоор сэрсэн ч, хөнжлөө нөмрөөд эргээд унтсны гайгаар гэр одоо ийм хүйтэн болсон байна. Яаралтай дулаацахгүй бол хөлдлөө. Намайг, өвлийн ес эхэлсэн байхад, гэрт гал түлж ганцаар амьдарч чадна гэхэд эргэлзэж, бүтэхгүй гэж байсан хүмүүст хэлэхэд:

-Бууж өгнө гэж байхгүй.

-Нэг, хоёрын, гурваа гээд босч, гудсан доороо ивж, дулаанд хадгалсан өмд, цамцаа гаргаж өмсөөд, тэмээний ноосон оймс, Монгол гутлаа углаад, үстэй дээлээ  нөмрөөд, бүсээ бүсэлж, баганаа тойрч хэд алхаж, эрчтэй хөдөлж байж, дөнгөж нэг дулаацлаа.

Хооо…

Зуухныхаа тагийг онгойлготол нүүрс сайн асалгүй унтарсан байв.

Түлээний мод дөхүүлж өгнө гэсэн ах амжаагүй бололтой. Харин би унтахдаа байгаа түлээгээ зууханд хийчихсэн чинь нүүрс дутуу асаад унтарсан байна.

Ороо хурааж, дулаанаа хадгалаад гарлаа.

Гэрт амьдрах сайхан тал нь гурав алхаад л гадаа тэнгэрийн дор.

Тоолж барашгүй оддын дор гарах бүрдээ баярладаг ч, энэ удаа хөлдөхгүйн тулд түлээ мод цуглуулах хэрэгтэй байв.

Гадаа хурааж тавьсан мод миний зууханд багтахгүй, өөрийн жижиг сүхээрээ хагалах гэхээрээ хэтэрхий том. Ойр хавиар элдэв мод, түлээ байж магад гээд гэрийн ард очтол, хажууханд байрлах соёлын төвийн байрны хойд үүд онгойж, хэн нэг нь орж байх шиг харагдлаа. Төрийн мэдлийн байр болохоор гар чийдэнгээ бариад очлоо.

-Сайн байна уу? гэхэд галын өрөө дотроос сумын галч гарч ирээд, намайг шөнө дунд юу хийж явааг асуулаа. -Миний гал унтарчихаж, яг хөлдөх шахлаа гэхэд – Харин тийм, өнөөдөр -48 болж байна. Манай гэрийн яндангийн утаа дээшээ хөөрч чадахгүй хана дагаад бууж байна. Бид хоёр яаран ирж, байрны галалгааг нэмж байна. Тэгэхгүй бол паар хөлдөөд задарвал арга хэмжээ зохиох боломжгүй болно. Тэнд хагалсан мод байгаа аваад гэртээ ор, хүйтэн байна гэлээ.

Монголдоо байх сайхан шүү гэж бодлоо.

Түлэх модоо авч гэртээ орж ирэхэд, тог гэрэлтэй, хээ угалзтай ч тэс хүйтэн орчин хүлээж байв.

Гадааг бодвол арай гайгүй.

Сүхээрээ түлээгээн жижиглэж эхлэхдээ, манайхаар зочилсон ах –Гэртээ мод хагалдаггүй юм шүү гэж анхааруулж байсан санаанд орлоо.

Гэхдээ яг одоо бол хамгийн гол нь дотор дулаанаа сэргээх. Өвлийн хахир хүйтэнд, Монгол гэрт, ганцаараа амьдралаа авч явах гэж анх удаа тэмцэж байгаа нь энэ.

Унтарсан нүүрсэн дээр цаасан хайрцагны хэсгүүд байршуулж, модоо хооронд нь агаар гүйхээр тавиад галаа асаах гэж хэд хэд оролдлоо.

Бүх юм хүйтэн, түлээ мод, шатах цаас нь хүртэл хүйтэн.

Хөлдлөө…

Гал манаж байгаа хүн хэт тухалж унтаж болохгүйг яс махандаа шингэтэл ойлголоо.

Дахиж ингэхгүй ээ.

Нэг мод аваад, жижиг жижиг үртэс болгож, асах гэж ядаж буй эхний дөл дээр тавихад гэрийн дулаанд амь орж, сэтгэлд гэрэлтэй болох шиг санагдлаа.

Гал дүрэлзэж эхлэх үед том модуудаа хийгээд тагийг нь хаалаа. Гал асаад, нүүрсээ асаагаад, хажуух ханаа дулаацуулахад нилээд хугацаа орох тул, гэрийн баганыг нар зүв тойрон алхаж, дуулаацаж гарав.

Монгол гэрт амьдарч эхэлсэн цагаас өдөр шөнийг ялгахгүй, галын хүчтэй учраа олох гэж шөнө дунд боссон нь анхных биш.

Миний гэрт тогоор ажилдаг ус, хоол буцалгагч байсан ч, заавал галаа асааж, түүн дээр хар цайгаа чанаж ууна гэж зориод галдаа анхаарч, үлээж, хүчилтөрөгчөөр тэтгэж байв. Хэсэг хугацааны дараа мод үнс болж, нүүрс дүрэлзэж эхлэх үед арай гэж эссэн уснаасаа жижиг саванд хийж, таглаад гал дээр тавилаа. Ус маш түргэн буцлав. Усаа галаас холдуулж, хатаасан нохойн хошуу хэдийг, хоёр ёотон, цайны зарим нэг ургамал хийгээд тагийг нь таглаж 20 минут хүлээлээ. Хандаллаа.

Бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг нохойн хошуун ханд хол зам туулж буй надад маш хэрэгтэй гэж өвөг дээдэс өвлүүлэн хэлссэн байдаг.

Гэрт дулаан ороод, сайхан болоод эхлэв.

Цаг хэд болж байгааг мэдэхгүй, гэхдээ тэр хамаагүй.

Би өнө эртний өөр цаг үеийн, соёл иргэншлийн орчинд амьдарч байна.

Дэлхийн хотуудад байнга мэдэрдэг Стресс гэх юм алга болчихлоо.

Нойргүйдэл гэсэн асуудал бас үгүй боллоо.

Анир чимээгүй…

Зэс аягандаа Монгол “хар цай”-гаа хийгээд, үүдээ нээж гадагш гарлаа.

Гадаа ямар гоё байна аа!!!

Огторгуйн дор.

Шөнийн Тэнгэр ийм аугаа байдаг гэдэгийг мэдэхгүй, харж байгаагүй хүн Дэлхийд олон байгаа.

Бид үнэхээр азтай хүмүүс.

Усыг гал дээр буцалгаж, хандалсан нохойн хошууны улаандуу өнгөтэй чихэрлэг байгалийн цайны амтыг ээ. Жаргал жаргал.

Огторгуйн дор, хүйтнийг огт тоохгүй тэнгэр ширтэж зогсох  энэ жаргалт мөчөө хотод амьдрахдаа санана даа гэж бодогдож байв.

Цэлмэг тэнгэрийн наагуур цагаан манан татсан мэт.

Агаарт буй хөнгөн устөрөгчид хөлдөж, мөсөн талсттай манан үүсгэсэн байна. Дундуур нь явахлээр нүүр час хийгээд.

Сэнгэнэсэн хүйтэн, цэвэр агаар уушиг сэтлэх гэж буй мэт.

-Ямар сайхан юм бэ

Оддын дор

Огторгүйн анирт.

Өдөр бүр шахуу гадаа хэсэг хугацаанд зогсдог болсон шалтгаан нь 80 метр квадрат хэмжээг халаах хүчин чадалтай зуух 8 ханатай гэрт бол яг болж байсан, харин миний таван ханатай гэрт халуун нь ихдээд байв. Зуух бүрэн халаад эхэлбэл гэрт байхын аргагүй болно, тэгээд л огторгуйг шөнө бүр ширтэж байгаад унтана.

Улс бүр өөр өөрийн цаг, өдөр, цаг агаар, амьдралын хэв маягтай бөгөөд Монголын хөдөөний өвлийнх нэг ийм.

Амьдралдаа туулж байгаа хамгийн хүйтэн шөнө өө хамгийн халуун өдрөө саналаа.

Үүрийн тавд босч, цөл рүү Хойд Африкийн Эртний Египтүүдийн бүтээлийг үзэхээр явж байсан даг. Өдрийн арван хоёр цагаас өмнө эргэж ирэхгүй бол +70-д шарагдаж үхэх аюултай цөл. Шөнө дунд +49 болдог нутаг. Яаай.

Харин энэ удаа хүйтний хязгаарыг давах гэж байна.

Амьдарсан бас туулсан 88 улсын нэг

Эх орондоо.

Байгалийн бүх гоо үзэсгэлэн бүрэлдсэн,

Хүн дүрстийн хамгийн өнө эртний соёл иргэншлийн нутаг.

Хадны зураг энэ цаг үед хадгалагдан ирсэн археологийн музей нутаг,

Их нүүдэлчдийн Хүн гүрний үр садын нутаг.

Их Эзэн Хааны бүтээсэн Монгол ҮНДЭСТЭНий нэгэн мөчир салаа, Дөрвөд ястны (стан) Эх нутаг.

Давст сум бол

Ардын засаглалт Тусгаар Монгол улсынхаа төлөө амь биеэ зориулсан

Юмжаагийн Цэдэнбал даргын төрсөн нутаг.

Миний Аавын нутаг.

Үлгэрийн гэмээр нутаг.

Улаанбаатар хотод төрж, ЗСБНХУ-д бага ангидаа хүмүүжиж, Монголдоо хамгийн сайн гэх дунд болон, Их суургуулийг гүйцээж, Дэлхийн 86 улсыг туулсан, амьдарсан Монгол залуу, Аавынхаа нутгийн анир чимээгүй, Увс нуурын байгалийн гоо үзэсгэлэн, сэнгэнсэн цэвэр агаарт, нутгийн ардын дунд, Монголын өвлийг Монгол гэрт ганцаараа давах гэж хичээж байгаа нь энэ.

Жирийн Монгол амьдрал руугаа орж үзэж байна.

Дасан зохицох амаргүй ч, гайхамшигтай гоё байна.

Амар амгалан.

Ганц хүн айл болохгүй, ганц мол гал болохгүй гэдэг үгийг энд ирж байж анх ухаарч байна.

Үүрээс авахуулаад шөнө дунд ч гэсэн ахуйн асуудалтай зууралдаж байна. Хотын амьдралд төсөөлөгдхөөргүй их ажилтай юм байна. Гэрээ дулаацуулах, усаа хөлдөөхгүй, гал утаа алдахгүй гэж өдөр бүр үзнэ. Хажуугаар нь ажлаа амжуулна.

Зарим хүмүүс төрсөн цагаасаа, зарим нь амьдралын хичээлийн туршид Монгол гэрийн амьдралд суралцаж байдаг бол миний хувьд, шууд учрыг нь олохгүй бол болохгүй нь.

Сурах хугацаа байхгүй.

Өвөг дээдсийн нутагт амьдарч үзэх, илгээлтийн эзэн төслийг сэргээх, хөдөө сумын амьдралыг судлах, Монгол гэрт өвөлжиж үзэх, Дэлхий дахь хамгийн хүйтэн цаг агаарыг өөрийн биеээр мэдрэх гээд олон ажлууд төлөвлөсөн байна.

Байгалийн болон олон улсын харилцааны тавгүй үед гэр бүл дотны хүмүүсээ Монгол гэрт хүлээн авч, галаа алдахгүй амьдрах, үндсэн Монгол чадвараа алдахгүй байх нь энэ удаагийн ажлын гол зорилт. Давж гарах олон даваануудын нэг.

Илгээлтийн Эзэн гэх төслийн тухай ахмад хүмүүсийн дурсамжуудыг сонсох, хамгийн хөгжилтэй байдаг сан. Хотын залуус, эсвэл өндөр боловсрол, туршлага эзэмшсэн залуус хөдөө орон нутаг руу, соёл хөгжлийн үрийг түгээх гэж очино, тэгээд л бөөн адал явдал бэрхшээл туулна.

Хамгийн гол нь жил хоёр жил гаруй хөдөө амьдарсан залуус биеэ даагаад, байгальд амьдрах чадвартай болоод ирдэг гэж байсан. Ихэнх нь шинэ нутагтаа гэр бүл болон үлдсэн.

Хотын залуус заавал илгээлтээр, эсвэл сайн дурын ажилтнаар хаа нэг хөдөө явах үүрэгтэй байсан цаг үе. Улс орныхоо хөгжилд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж, улсаа хөгжүүлж байсан үе.

Өнөөгийн Налайх, Эрдэнэт, Дархан, Сайншанд гээд манай томоохон хот суурингуудын залуусын олонхи нь Илгээлтийн эздийн хүүхдүүд. Тухайн үеийн Монголчууд тавхан жилд амьдрах хотоо барьж тохижуулаад, боловсролын, нийгмийн, соёлын олон арга хэмжээнүүдээр хань ижил, гэр бүлээ олж суурьшаад, Улаанбаатараас өөр, Монгол хотын соёлыг хөгжүүлж чадаж байсан. Илгээлтийн эздийн өвөрмөц хотууд.

Цус сайн холилддог болохоор илгээлтийн эздийн хотоос Монголын хамгийн гоо үзэсгэлэн бүсгүйчүүд төрөн гардаг гэдэг шүү дээ..

Илгээлтийн Эзэн төслийг сэргээвэл, хотын болон орон нутгийн залууст шинэ амьдрал үзүүлж, биеэ даах чадварыг нь бэхжүүлэх учир, бидний энэ цаг үед маш хэрэгтэй гэж бодон, энд судалгаа хийж байна.

Шууд хотын амьдралаас хөдөө рүү нүүж орж ирэх бол амаргүй ч, гэр бүлтэйгээ амар амгалан, эрүүл агаарт амьдармаар байгаа бол сум их тохиромжтой юм байна. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг нь боломжийн болж. Ганц асуудал нь сумд ажлын байр олно, бий болгоно гэдэг амаргүй.

Судалгаагаа үргэлжлүүлж байна.

Огторгугаар аялж байгаад эргэж гэртээ орж ирэхэд дулаан, сэтгэл амар мэдрэмжийг авлаа. Халуун цайтай байна гэдэг ажилаа амжуулсан гэсэн үг.

Энгийн амьдрал гэдэг ямар сайхан юм бэ.

Хотын хэт их эд хогшлын бүсээс энгийн амьдралын бүс рүү шилжихэд, жижиг зүйлээс таашаал авч, амьдралын хором бүрийг мэдэрч, амьдралыг харах өнцөг өөрчлөгддөг болохыг өөрийн биеэрээ мэдэрч байна.

Санаа зовох зүйлийн тоогоороо хөдөө хамаагүй амар амгалан байна.

Хүмүүс нь ч тайван.

Цайгаа уусан, Тэнгэр оддыг харсан, хүйтнийг давсан одоо унтаж болно.

Хөдөөний амьдралынхаа нэг шөнийг бичлээ. Маргааш нь -52, хөрсөн дээр -60 болсон. Бэлэн байсан болохоор асуудалгүй давсан. Малчид тодорхой тооны малыг өвлийн энэ хүйтний өдрүүдэд алдсан. Дизель түлштэй зарим машинууд хээр зогссон. Энэ бол Монголын хөдөөний жирийн нэг өвөл. Хуучин цагт үүнээс хүйтэн байсан гэж ахмадууд хэлж байна.

Монгол хүн бүр Монгол гэртээ хүйтнийг даван туулах туршлага, чадвартай байх ёстой гэдгийг энэ өдрүүд надад ойлгууллаа. Хэрэгтэй хэрэггүй юм цээжилж, сурч байхаар, юуны түрүүнд Монгол гэрт гурван өдөр амьдарч үз, сур гэж зөвлөе.

Хүйтнийг давах чадвартай байна гэдэг маш чухал.

_MG_7755

1 person has left a comment

#1

Таний номийг уншаад их олон зүйл ойлгож ухаарсан. Танай сайтад сэтгэгдэл бичихэд их төвөгтэй юм аа. Сайтаа орчин үеийн шинэлэг болгоорой. Монголийнхоо аялалаар бас сайхан ном хийгээрэй. Шууд хотын амьдралаас хөдөө рүү нүүж орж ирэх бол амаргүй ч, гэр бүлтэйгээ амар амгалан, эрүүл агаарт амьдармаар байгаа бол сум их тохиромжтой юм байна. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг нь боломжийн болж. Ганц асуудал нь сумд ажлын байр олно, бий болгоно гэдэг амаргүй. Би ч бас хөдөө очиж амьдарна.

Амармөрөн wrote on 2017/01/21 - 17:49
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.