IMG_0143

2009 оны 10 сарын 8

Монгол Бадарчин 1-р аян. 62.2 Болгар улсын Пловдив хот.

Болгарын Пловдив хотод ирээд удаагүй байна. Эндээс Туркийн виз авч, цааш Ирак орох төлөвлөгөөтэй.

Буудалдаа танилцсан Америк охин, Авсрали залуугийн хамт хотоор хэсч, нутгийн амьдралтай танилцаж, бүрэнхий болох үед цэцэрлэгт хүрээлэнд нь зочилж, сандал дээр буу халан сууж байтал хаанаас ч юм “халзан толгойт”-ууд гараад ирлээ.

MB4 nom poster

(Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, фейсбүүкт нэгдээрэй.  facebook : Цаг Хугацаагаар)

Skinhead буюу халзан толгойт-ын соёл Дэлхийн хоёр дугаар дайны дараа Англид бий болсон бөгөөд, тус улсын ажилчин ангийн залуусын дунд моод болон дэлгэрсэн гэдэг.

Анх эхлэхдээ панкууд, хип хопууд шиг дуу хөгжим, хувцасны загвараар ялгарахыг хүсэгчдийн бүлэг байсан бол, хувьсаж явсаар цагаан арьст хүмүүсийн “нацист” буюу хүн дүрстийн өөр төрлийг үзэн ядах хөдөлгөөн болон хувирсан байна.

Буруу эргэсэн хас тэмдэг зүүсэн, цагаан футболк, нэгэн төрлийн куртка, мөрөвч, жинсэн эсвэл десант өмд, урдаа төмөр оруулгатай цэргийн загварын гуталтай залуус олноороо байвал Скинхэд-ууд мөн байна.

Ердөө бол, эд нараас холуур байх нь зүгээр.

Хийх ажилгүй, боловсролгүй, сархад, мабо хэтрүүлэн хэрэглэдэг, цагаан биш хүмүүсийг үзэн яддаг, цагаануудыг бусадтай явалдах, холилдохыг эсэргүйцдэг, еврей, хар болон өөр төрлийн хүн дүрст рүү дайрч давшилдаг, ижил хүйстнийг устгах хэрэгтэй гэж итгэдэг, Гитлерийг тахин шүтдэг хүмүүстэй цэцэрлэгт хүрээлэнд, бүрэнхийд таарсан нь таагүй байлаа.

Дурсамж….

Хол замд гарахаасаа өмнө хөгжмийн продюсер хийж байхдаа, хоёр дугаар цомог оо Москвад хэвлүүлж, бас Москва хотын шөнийн амьдралын талаар “клуб21” нэвтрүүлэг хийхээр тэнд очсон байсан санагдана. Нэгэн өдөр метроны буудлын дотор, камер төхөөрөмжөө барин хамт явах хүнээ хүлээгээд ганцаараа зогсож байтал, цахилгаан шатаар “скинхэд” гараад ирлээ. Жоохон ёоёо-той хүмүүс гэдгийг мэдэх тул хараагүй дүр үзүүлээд байж байтал, баахан юм барьсан Монгол залууг тэд анзаараад, хоёр нь шууд хүрээд ирэв.

Олон үндэстний улсад цагаан оросоос бусдыг үзэн ядах “нацист” үзэл тус улсын бүрэн бүтэн байдал, дотоодын амар амгалан байдалд ямар аюултай болохыг эдгээр залуус даан ч мэдэхгүй.

Гитлерийн Германыг ялж, өөрсдийн эрх чөлөөгөө хамгаалах гэж Дэлийн II дайны үед хорин сая гаруй Зөвлөлтийн иргэд амь насаа алдсан. Тэдгээрийн хэд нь орос хүн байсныг мэдэхгүй. Эдгээр залуусын өвөө эмээ, орос хүмүүсийг бөөнөөр устгасан дайсныг шүтнэ гэдэг лав ухамсартай хүний үйлдэл биш.

Дээрэлхүү, хараалын үг хэллэгээ над руу чиглүүлж, элдэв янзын юм ярих үед дуугуй, ойлгохгүй байгаа юм шиг царайлж, нүд рүү нь харж зогслоо.

-I don’t speak Russian. Би оросоор ярьдаггүй гэж хэлэх үед жижиг нь бага зэрэг англи хэл хичээлдээ үзсэн бололтой, тарган том биетэй нөгөө залуудаа орчуулж өглөө.

“Панты” гэж нэрлэдэг орос хэлний шоронгийн ярианы зорилго бол нөгөө хүнээ үгээр буулгаж авахад оршдог. Тэр үг хэллэг надад үйлчлэхгүй болохыг хоёр ойлголоо.

Лаг юм яриад, надаас мөнгө шаналгах гэж оролдсон зүйл ямар ч утгагүй байсныг мэдээд

-Чи англиар ярьдаг уу? гэж том нь жижгээсээ асуухад –бага зэрэг гэж оросоор хариулж байгаа нь надад бүрэн ойлгогдож байв. –Чи үүнээс мөнгө байна уу? гэж асуугаадах гэж жижигт хэлэх үед, тэрээр над руу харан, бантсан өрөвдөлтэй харцаар

-Ду

Ю

Ммм

Хэв

Ммм

Тэн рубль? гэж арван жилийн хүүхэд англи хэлний шалгалтаа өгөх гэж сандарч буй царайтай хэлэх үед

-Ноу. (үгүй) гэж англиар хэнэгчгүй хариулж орхилоо.

Анх ирээд, орос хэлээр “панты”-гаа над руу шахаж, бааварлаад байсан залуус англиар өөрсдийгөө илэрхийлэхдээ усанд норсон муур шиг харагдаж, бас аравхан рубль гуйж байсан нь хэтэрхий өрөвдөлтэй санагдаж байв.

Надаас юм олж долоохгүйгээ мэдээд, найзууд руугаа буцахдаа нөгөө хэдэн хараалын үгээ үлдээгээд явлаа. Юу яриад байгааг нь ойлгохгүй царайлсаар өнгөрч билээ. (poker face)

Ду ю хэв тэн рубль гэж англиар ярих гэж хичээж байгаа халзан үстэй орос залуугийн царайг харж байхдаа, инээх шахсан ч тэссэн.

Эргээд…

Энэ удаа байдал эвгүй байв.

Монгол залуу Америк цагаан охинтой бас цуг яваа залуу нь ижил хүйстэн.

Би хувьдаа ижил хүйстнүүдийг нэг их сайшаадаггүй, гэхдээ эсэргүйцдэггүй. Намайг оролдохгүй, элдэв сонин үзлийг юм мэдэхгүй жирийн залууст зааж, тархийг нь угаахгүй, өөрсдийнхөө мөрөөр явж байвал асуудалгүй.

Буудалд танилцсан Авсрали цагаан залуу гомо гэдгийг алхаа, хөдөлгөөн, ярианы хэв маягаас нь би анх танилцахдаа шууд мэдсэн, өөрөө ч дараа нь хэлсэн. Харин цэцэрлэгт хүрээлэнд таарсан халзангууд түүнийг одоохондоо мэдээгүй байв.

Австраль залуу дуугаа хураагаад нэг л сонин болсон нь анзаарагдав.

Халзангуудын цэрэг нь эхлээд дуугарах байх гэтэл, босс нь цагаан хөөрхөн охин тэвэрч суусан над руу хараад

-Чи хаанах юм? гэж слав гаралтай Болгар хэлээрээ дээрэнгүй хэллээ.

-МОНГОЛ!

Угаасаа зодолдох нь тодорхой болоод байсан тул, Монгол гэдгээ тод бардам хэлж орхилоо. Хамт яваа бүсгүйн өмнө бас нүүрээ алдахгүй.

Европын ихэнх оронд хүмүүс хүүхдүүдээ айлгахдаа –Монгол ирлээ шүү гэдэг гэсэн. Бид- мангаа ирлээ гэж айлгадаг шиг.

Нөгөө халзан толгойтой, хүйтэн харцтай залуу над руу харж инээмсэглээд – Хоох нээрээ юу? Би анх Монголтой таарч байна. Бид Монголоос гаралтай гэдэг шүү дээ гээд яриа элэгсэг дотно болоод ирлээ.

Болгар хүмүүс хэдийгээр слав, европ төрхтэй ч Монголын хээр талын Нүүдэлчдийн үр сад олон байдаг гэсэн. Эрт дээр үед Нүүдэлчин Болгар овог аймгууд энд нүүж ирэн, сууршсан гэж ном сударт нь байдаг юм байх.

Найз охиноо тэрээр дуудаж – хараа! Анх удаа Монгол хүнтэй таарч байна гэж бахархан хэллээ. Бидний харилцаа сайжирсан болохоор боломжийг ашиглаад –Хамт зургаа даруулах уу? гээд хажуудаа суулгаад зураг дарж орхилоо.

Дэлхийн төрөл бүрийн хүн дүрст хүмүүстэй уулзаж, зургаа даруулж, хадгалахыг хичээж байгаа бөгөөд халзан толгойттой авхуулсан анхны зурагтай болсондоо бас баяртай байв.

Пивээр дайлуулж хэсэг буу халж байгаад, бид буудал руугаа буцав.

-Чи айсан уу? гэж австрали залуугаас асуухад, түүний ярианы чадвар дөнгөж орж эхэлж байв.

Ямар аз болж би Монгол юм бэ…

Цагаануудаа бусадтай холилдохоос сэргийлж тэмцдэг, зальжин евречүүдийг үзэн яддаг, цагаачдыг хөөн гаргах хүсэлтэй цагаан хүмүүс нацистууд болж буйг ойлгож байна. Тэдэнд өөрсдийн шалтгаан байгаа байх.

Харин манайхан фашист болж тоглоод байдгийг би ерөөсөө ойлгодоггүй юм. Аялж байхад олон улсын хэвлэл мэдээллээр Монголын нацистууд гэх нэвтрүүлэг гарч, дэлхийн доог тохуу болж байна.

Цагаан биш, Монгол царайтай, Еврейчүүд болон бусад төрлийн хүмүүстэй холилдоогүй Монголчуудын зарим нь, Дэлхийн хоёр дугаар дайнд байлдаад ялж байсан Фашист Германыг шүтэж, өөр чиг эргэсэн, өөр утга санаатай хас тэмдэг, фашист далбаа, нацист хувцас өмсөж хэрэглээд байгааг гадных нь огт ойлгохгүй байна.

Нацист, Фашист гэж хэн болох ямар үзэл баримтлалтай, дүр төрхтэй хүмүүс байдаг талаар манай хүмүүст ойлгуулж өгөөсэй гэж бодож энэхүү тэмдэглэлийг үлдээлээ.

Бид хүнийг дуурайхааргүй эртний, том Үндэстэн шүү дээ.

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.