DSC062502007 оны 8 сарын 9

Монгол Бадарчин 1-р аян. 28 дахь улс ӨАБНУ-ын Йоханесбург хотын ойр…

ӨАБНУ-ын Йоханнесбург гэх Африк тивд хөгжлөөрөө толгой цохидог, харин гэмт хэргээрээ дэлхийн эхэнд жагсдаг хотод ирээд сар гаруй боллоо.

Нэгэн айлын хажуу өрөөг хоёр зуун ногооноор түрээсэлж, түр амьдарч байна. Баруун Африкийг туулах бэлтгэлээ хийж, бас бага зэрэг амраад авлаа.

Эндээс цааш, бүр хэцүү зам хүлээж байна. Иргэний дайнтай байгаа улс олныг туулна.

Нэгэн өдөр байрны эзэн болох Женифер гэх англи гаралтай хүүхэн хоёр хүүхдээ аваад, хөдөө амьдардаг найзруугаа явж, хүүхдүүдээ тоглуулна, хамт явахыг хүсвэл болно шүү гэлээ.

MB4 nom poster

(Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, фейсбүүкт нэгдээрэй.  facebook : Цаг Хугацаагаар)

Энэ улсын амьдралыг нь судлах хүсэлтэй миний хувьд шинэ бүхэн сонин.

Хурдны замаар олон сая хүнтэй нүсэр том хотоос гарч, хээрийн шороон замруу салж, явсаар тал газар, жижиг байшинг хүрээлсэн төмөр хашааны гадна ирэв.

Хөдөө хээр газар, гэр хорооллын зургаан хашааны дайны талбайг төмөр тороор давхар хашиж, өндөр хүчдэл гүйлгэсэн байна. Хоёр хашааны хооронд хонь, бас хоёр согоо бэлчиж байна.

ӨАБНУ-ын олонх байшин ийм төрлийн тор, тог, цахилгаан хаалга, зэвсгээр хамгаалагдсан байгааг өмнө олон харсан. Дурбан гэх хотын төвийн олон давхар орон сууцанд амьдардаг найзындаа орох гэж долоон хамгаалалтын хаалгыг нээх шаардлагатай болж байсан. Эргэн тойрны нөхцөл байдал тийм аюултай.

Энд төрсөн нутгийн хүмүүсийн хувьд бол байдаг л зүйл байх.

Удирдлагаар ажилладаг төмөр торон хашлага нээгдэж, бид хамгаалалтын хоёр хашааны голд нь нэвтэрлээ, Ард үлдсэн хаалга хаагдаж, өмнө буй дараагийн төмөр торон хаалга нээгдэж биднийг орууллаа.

Хилийн бүсэд нэвтэрч байгаа юм шиг.

Гэрийн эзэн тосч, данхар том гурван нохой холоос хуцан гүйж ирлээ.

Дөч орчим насны, европ царайтай эхнэр нөхөр хоёр, хүү, бага охинтойгоо энд амьдардаг юм байна.

Найзууд хоорондоо мэнд зөрж, дагуулж ирсэн Монгол залууг танилцуулахад, -Анх удаа жинхэнэ Монгол хүнтэй таарлаа гэж билэгшээлээ. Дэлхийд өмөрмөц үндэстэн болохоор хаа ч явсан, хүмүүс Монгол хүнийг хүндлээд байдаг юм. Гадаад явсан Монголчууд мэдэж байгаа байхаа.

Гэрийн гаднах саравчинд, суухыг урилаа.

DSC06222

Ханаараа дүүрэн зэрлэг амьтадын ангийн толгой тогтоосон байна. Байшингийн хаалга цонхыг зузаан төмөр сараалжаар хамгаалж. Гэрээ тойруулаад жижигхэн ширэнгэн ой тарьж, цөөрөм барьж, байраа модоор халхалж. Маш цэвэр, цэгц, хөдөлмөрч айл байна.

Мөс үйлдвэрлэдэг жижиг компанитай юм байна.

Эхнэр нь биднийг амтат гоё хоолоор дайллаа. Зочин гийчин хүлээж аваад сурсан айлын эзэгтэй, гэр бүл гэж сайхан шүү.

-Гаднаас орж ирэхэд, хоёр хашааны хоорондын зайнд хонь, согоо бэлчиж байгааг харлаа. Тэр ямар учиртай вэ? гэж гэрийн эзнээс асуухад- Аан, тэр үү? Манай энд амьдрах амаргүй, эргэн тойрны дээрэмчид, алуурчид, ядуус манайх руу нэвтэрч хулгай дээрэм хийхийг байнга оролддог юм. Торон хашаанууд хоёулаа өндөр хүчдэлд холбоотой байгаа. Хооронд нь өргөн хэмжээний зайтай болохоор, зэрлэг ургамал хэт ургаад дунд нь нуугдсан хулгайч харагдахгүй болдог юм, тиймээс хэдэн амьтад энд бэлчээж, үзэгдэх орчингоо бас цэвэрлэдэг юм гэв. Сонин л арга санагдлаа.

DSC06151

-Энэ тор хэдэн вольт цохих уу? гай болоод өөрсдөө цохиулбал яах уу? гэж асуутал

- 3000 вольт орчим байх ёстой, нэг удаа унтраахаа мартаж, засвар хийх гэж байгаад цохиулаад, түүнээс хойш өөрөө айдаг болсон.

- Хулгайч дээрэмчид үүнд цохиулбал ажлаасаа гарах байхдаа?

-Яалаа гэж, тэд цагийн дараа ажилдаа дахин орно. Энэ хавьд амьдардаг цагаан айлууд хоорондоо байнга холбоотой байдаг. Хэн нэгний дохиолол дуугарвал эргэн тойрны бүх хөршүүд зэвсэглэж, туслахаар ирнэ. Энэ улс нэг хүнд ноогдох зэвсгээрээ Дэлхийд дээгүүр ордог шүү дээ.

Гэрээ танилцуулж эхлэхэд анзаарагдсан зүйл нь том өрөө, унтлагын өрөө хоёрын хооронд зузаан төмрөн хаалт тогтоосон байна, унтахдаа түүнийгээ хааж цоожилдог бололтой. Барилгын арматураас зузаан төмөр хаалт.

-Нэг удаа манайд дээрэмчин орж, энэ хаалга хүртэл нэвтэрч чадсан даа гэж хэнэг ч үгүй хэлэхийг сонсоод гайхлаа. Ямар аймаар юм бэ. Гэр бүл рүү ийм ойр нэвтэрсэн байна шүү дээ.

-Йоханнесбург хотын дээрэмчид таарвал шууд бууддаг юм шүү! Тиймээс өгөх юм аа шууд өгсөн нь дээр гэж Малави улсад байсан найз маань хэлж байсан санаанд орлоо. -Яагаад шууд бууддаг? гэж түүнээс асуухад – Цагаанууд бас дээрэмдүүлэхээсээ айгаад буутай явдаг юм. Хүн дээрэмдэх гэж байгаад буудуулах тэнэг дээрэмчин байхгүй шүү дээ гэж хариулж билээ.

-Эргэн тойронд цагаан хүмүүсийг үзэн ядсан, өш хонзон санасан, дээрэмдэж, алахыг хүссэн нутгийн африк гаралтай хүмүүс олноороо байгаа. Бид хүүхдүүдээ сургуульд явуулаагүй, гэртээ сургадаг юм гээд хичээлийн өрөөг бас сонирхуулав.

Нэг танидаг хүний хүүгийн яриа санаанд орлоо. –Би ээжтэйгээ машинд явж байгаад уулзвар дээр зогстол, буутай дээрэмчид цонх хагалаад, ээж бид хоёрт буу тулгаад машинаас хүчээр гаргасан, хурдан буугаагүй бол тэд намайг авч явах байсан. Нүүрэндээ буу тулгуулах аймаар юм билээ гэж аравхан настай хүү хэлж билээ. Тэр мөчөөс хойш хүүгийн амьдрал хэр өөрчлөгдсөн бол оо?

Ийм улсад удаан амьдарвал параной буюу сэтгэлийн айдастай болно. Машинд суухдаа хаалганы цоожоо шалгана, унтахын өмнө цонхны цаана хүн байгаа мэт санагдана, хажуудаа заавал хамгаалах хэрэгсэлтэй унтана, шөнө машинтай явахдаа улаан гэрэл дээр зогсохгүй өнгөрнө гэх мэт тоочоод барахгүй олон төрлийн сонин зуршлууд надад бий болсон байлаа.

Манай нэг танил Йоханнесбургийн эмнэлэгт хүргэгдээд нүдэндээ итгээгүй гэсэн. -Энэ хот гэмт хэргийн золиос болж буй хүний тоогоороо дайнтай байгаа Иракийн дараа ордог гэснийг нүдээрээ харлаа. Эмнэлэгт хэвтэх зайгүй, хаа сайгүй буудуулж, дээрэмдүүлж шархадсан хүмүүс байна гэж билээ.

Йоханнесбург хотын ихэнх албан газрууд гэгээтэйд ажилчдаа гэрт нь хариулахыг хичээдэг гэсэн. Энд ирээд хамгийн сонин санагдсан зүйл гэвэл Йоханнесбург хотын цагдаагийн төв газар “Энэ газрыг Арслан хувийн хамгаалтын алба хамгаалж байгаа” гэсэн самбар байлаа. Цагдаагийн төв газар нь хувийн хамгааллтын албаар хамгаалуулж байна гээд төсөөлдөө?

Манайд л ийм битгий болоосой.

DSC06223

Гэрийн эзэн цаад өрөөнөөсөө хоёр ширхэг ангийн буу гаргаж ирээд үзүүллээ. Энэ улсад зэвсэггүй хүн гэж байхгүй юм шиг ээ. Энд амьдардаг  хятад айлаар зочилсон чинь жижиг оврын бүрэн автомат буу үүдний хажуу шургууллагандаа хадгалж буйг харсан.

-Монголын хөдөө хээр, төөрвөл эсвэл ядарвал, хамгийн ойр харагдах нүүдэлчин айлд очиход цай хоолоор төвөггүй дайлна. Хоноод явахыг ч санал болгоно. Айлууд гадуураа ямарч цахилгаан тор байхгүй, Манай цагдаа хүртэл зэвсэггүй байдаг тийм амар амгалан улс гэхэд тэд гайхаж орхилоо.

-Ямар сайхан юм бэ. Огт танихгүй айлд зочилж, цай уугаад замаа үргэлжлүүлнэ гэдэг сонин юм.

Гэгээ тасрахаас өмнө манай хэд хүүхдүүдээ тоглуулж дуусгаад, эргээд замд гарах боллоо.

Өндөр хүчдэлийн тогонд холбоотой төмөр хаалга ард хаагдах үед, Байгаль агаарт боловч, эрх чөлөөгүй, айдаст дасан зохицоод амьдарч буй гэр бүлийг, хүүхдүүдийг нь бас өрөвдөн бодлоо.

Дэлхийн янз бүрийн хүмүүсийн янзан бүрийн амьдрал ийм л байх ажээ.

DSC06256

Түүх:

Товчхондоо, Европын улсууд хүчирхэгжиж эхэлсэн XV, XVI зууны үед Португал, Испани, Франц, Голанд, Англичууд далайн усан замыг нээж, эзлэн түрэмгийлэх ажлаа Ази, Африк, Хойд болон Өмнөд Америкт, Авсралид хэрэгжүүлж, тухайн улсын хүмүүсийг нь хүйс тэмтэрч, боолчилж, газрыг нь эзэлж, баялгийг нь цөлмөж байж.

ӨАБНУ-ын энэ нутагт олон тооны улс үндэстэн байсныг Голландууд эхэлж, дараа нь Британчууд үргэлжлүүлэн устгаж, иргэдийг нь боолчилж, нэгдсэн колони улс болгон тунхагласан байна.

Өөр өөр арьстай, үүсэлтэй хүмүүс хоорондоо хавьтах, гэр бүл болохыг хориглосон “Апартэид” хууль 1948 оноос 1991 он хүртэл албан ёсоор хэрэгжиж, автобусанд, наран шарлагын газар, хотын төв, цэцэрлэгт хүрээлэн гээд хаа сайгүй хар цагаанаараа ялгаварлан амьдрахыг хуульчилж, анхааруулах тэмдгээр хориглож байж.

Хотын төв гудамжуудаар нь хар хүн явахыг хориглож, тэд өөрийн төрсөн нутагтаа хажуугийн туслах гудамжаар ажил амьдралаа зохицуулж байсан нь саяхан.

Цагаан хүн бүхнээс давуу эрхтэй гэдэг үзэл, утга санааг анхны түрэмгийлэгчдээс хойш бодлого болгон хэдэн зуун жил мөрдсөн байдаг.

Монголд гадныхан ирж суучихаад, тэгээд Монгол хүн оруулахгүй газар, явуулахгүй нутаг, хийж болохгүй зүйлс гээд бидэнд хууль гарган, зөрчснийг нь шийтгээд эхэлбэл ямар вэ? тийм л үйл явдал энд болж.

Гадныханд эзлэгдэх ийм л аймаар.

Колончлолын үед ажиллах хүч болон ирсэн Энэтхэгүүд бас тавин сая хүн амын хоёр хувийг эзэлнэ.

1991 онд Апартеидын хууль хүчингүй болж, 1994 онд ардчилсан сонгуулиар эрх чөлөөний төлөөх тэмцэгч Африкийн Тимбу омогоос гаралтай Нельсон Мандела буюу нутгийн хүмүүсийн нэрэлдэг Мадибу-г (Эцэг) ерөнхийлөгчөөр сонгож, төрийн эрхийг африк хүмүүс олон зуун жилийн дараа эргүүлэн гартаа авсан юм.

БНМАУ ӨАБНУ-ын африкчуудыг гадуурхан дээрэлхэх бодлогыг эсэргүүцэж, 1994 оны эрх чөлөөгөө олонгуут дипломат харилцаа тогтоосон байдаг.

Нельсон Манделаг 18 жил шоронд хорьж, гэр бүл өвөг дээдсийг нь дарангуйлж, нутаг усыг нь эзэлсэн гадны түрэмгийлэгчдийг тэрээр уучилж, нэгдмэл ӨАБНУ байгуулах нь зөв гэсэн шийдвэр гаргасан нь үнэхээр зөв байсан байх.

Залуу насандаа тусгаар тогтнолын тэмцэлд оролцож байгаад, цагаануудад баригдан олон жил шоронд дарлуулж, дээрэлхүүлж, амьдралын сайхан мөчүүдээ шоронгийн жижиг өрөөнд өнгөрүүлсэн хүн ийм энэрэнгүй байх гэж.

Хэрвээ энэ аугаа хүн өнгөрснөө уучлах ухаан гаргаж, ард иргэддээ эвтэй найрамдалтай амьдрахыг ухуулж сурталчилаагүй бол энэ улс одоо цагийн хамгийн аюултай иргэний дайнд орох байсан нь тодорхой. Ялангуяа хар цагаан арьст хүмүүсийн хооронд цусан өшөө авалт хамгийн хурц хэлбэрээр явагдаж, бас нутгийн омгуудын хоорондын тэмцэл ч хурцдах байсан болов уу.

1994 оны демократик гэх сонгуулиас хойш энэ улс хөгжлийн шинэ замаа сонгоод, Африк тивдээ тэргүүлсэн байраа алдаагүй байгаа ч, ядуурал, боловсролгүй байдал, гэмт хэргийн нөхцөл хэзээ сайжрах нь одоохондоо харагдахгүй байна.

Хүн амын аравхан хувийг эзэлж байгаа европ гаралтай хүмүүсийн амьдрал энэ улсад амаргүй байгаа ч, энд төрж өсөөд хэдэн үе амьдарсан хүмүүс хаашаа явах билээ. Зохицоод л амьдархаас өөр аргагүй юм.

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.