Amai Banff (3)

2016 оны 12 сарын 16

5 дугаар аян, 86 дахь улс. Хойд Америк тивийн, Канадын конфедерац улсын Альберта мужийн Жаспер дархан цаазат газар.

үргэлжлэл:

Өөд өгсөөд удаагүй байтал -Нутгийн хоёр индиан зогсож байна гэж Даш хэллээ.

Төвлөрөөд, дуу ч гаргах боломжгүй болсон би найзын хэлсэн зүйлийг бодлоо.

-Нутгийн хоёр индиан замын хажууд юу хийж байсан юм бол оо? -Ямар хувцастай байсан бол оо? Энэ улсын эвгүй зам дээр нутгийн индиантай таарна гэдэг их билэгдэлтэй дээ гэсэн бодлууд эргэлдэж байв.MB4 nom poster

(Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, фейсбүүкт нэгдээрэй.  facebook : Цаг Хугацаагаар)

Төмөр хөлөг маань уулын өөд мацсаар.

-Сайн хөлөг, Сайн хөлөг.

Бид хоёр аль болох ардаа машингүй явахыг хичээсэн бөгөөд уулын өөд мацаж эхлэх үед хойно машин байгаагүй. Харин дээш өгсөх замын гол хавьд хүрэх үед гурван ширхэг хар өнгийн, шинэ загварын Ниссан пикап машинууд арын толинд гарч ирэн, ухрах замыг хааж, гүйцээд ирлээ.

Би ч бас бантсан хүн яана гэдэг билээ дээ, хүчээ нэмж л орхилоо.

Гурван жилийн өмнөх өвөл бид хоёр салхинд гарч яваад, Гүнтийн давааны голд мөс болсон зам дээр дугуй зуурахгүй зогсоод, удирдлагагүй ухарч байсан гашуун туршлага бий. Альфард машин өөрөө хүнд тэрэг болохоор зууралтаа алдаад хойшоо байгалийн хуулиар гулсаж билээ. Би жолоо барьж байсан болохоор ард зогсож байгаа машинуудыг мөргөхгүй гээд жолоогоо эргүүлж, замын хажуугийн жалга руу араар нь унагасан. Тэр үетэй харьцуулахад одоо хажуу руу гэх юмгүй, зөвхөн доош.

Энэ удаа би найзынхаа өмнө айж сандрахгүй гэж шийдсэн байв.

Монгол хүн бууж өгнө гэж байхгүй гээд л зүтгэсэн болохоор нэг л мэдэхэд уулын оройн замд хүрч, унаа тэгшрэх үед гүнзгий амьсгаа авч, эргэн тойрны байгалийн гоо үзэсгэлэнг анзаарлаа.

Тэнгэрээс ертөнцийг ажиж буй мэт үзэсгэлэнт зураглал харагдлаа.

-Ямар хүмүүс байна? Ямар хувцастай байна?

-Хэн?

-Нутгийн хоёр индиан

- Аан бишээ, яг уулын өөд мацаж эхэлсэн тэр хэсэг дээр хоёр том хэрээ сууж байсан юм. Сайны тэмдэг, сахиусуудын унаа шүү дээ.

-Аан. Нутгийн индиан гэхээр чинь энэ нутгийн омгийн хүмүүсийг хэлсэн гэж бодлоо шт. Ямар хувцастай байгаа бол оо? Бидэн шиг бас “Эрээн”-жсэн, байх аа гээд л өгсөх замын турш хэлсэн зүйлийг чинь бодлоошт..

Ха ха ха

Бид хоёр аялах бүрдээ нэг онигоотой болдог. Энэ удаагийн онигоо бол “Нутгийн 2 индиан”. Индианууд амьдардаг нутагт энэ үгийг хамаагүй хэрэглэж болохгүй юм байна шүүJ

Давааны орой дээр нь гараад явж байтал хажуу талд жуулчны төв харагдлаа. Юу юм болоо гэж ангайж байгаад өнгөрөөчихлөө. Тэнд шилэн тавцан дээр зогсож байгалийн гоо үзэсгэлэнг биширч, зургаа авахуулдаг газар гэдгийг сүүлд л сонссон юм.

Яаж зогсох вэ дээ. Замаа үргэлжлүүлэв.

Хэсэг явж байтал зам огцом доошилж эхэллээ.

Уулын хормойгоор зассан замын зарим эргэлт нь жолоодлогоо алдвал эвгүй.

Нэг хэсэг дээр зам бүр огцом болж, машин мөсөн дээр хэсэг хугацаанд удирдлагагүй шахуу доош гулсаж эхлэв.

Юу ч дугарах чадваргүй болж, амьсгаагаа бариад, хаазан дээр зөөлөн гишгэж жолоогоо бага багаар гартаа орууллаа.

Хальтиргаатай зам дээр огцом тормоз дарж огт болохгүй!

Урьд дугуйгаа бага багаар эргүүлж байж, зүг чигээ зөв барьсаар уулын намд буулаа. Чих битүүрэх үед хамраа чимхэж нийлээ.

Уулын доод хаянд нь буугаад, дээш харахад зүрх эвгүй болох шиг.

-Дашаа! сая юу болоод өнгөрөв өө? Газрын зураг дээр зам огцом эргэж байгааг хараагүй юу? Хэлэхгүй яагаав? гэтэл

-Хараагүй, газрын зураг хараад ч яадаг юм, хүрэх газраа хүрэх юм чинь гэж хээгүй хариуллаа.

Гүнзгий амьсгаа аваад, дараагийн даваа ямар байгаа болоо гэж сандрав.

Amai Banff (2)

Гэнэт уулын өөд, гэнэт уулын уруу явж буй тэр мөч удаашруулсан кино шиг бичигдсэн байгаа нь сонин. Буух нь бүр эвгүй.

Энэ талаас уул руу өгсөх амаргүй бас хүч алдуулах огцом эргэлтүүдтэй юм байна. Энэ талаас ийм машинтай гарах гэж оролдсон бол юу болох байсныг хэлж мэдэхгүй.

Ойрын зогсоол дээр зогсож, дараагийн даваа үүнээс арай гайгүй байгаасай гэж залбирлаа. Үдэш болж, нар жаргаж эхлэх үед хайлсан шавар мөс болох тул дараагийн өндөр давааг яаралтай давах хэрэгтэй гээд замаа үргэлжлүүлэв.

Хоёр өндөр давааны хооронд орсон болохоор эргээд явна гэж байхгүй.Замын хаа сайгүй цас нуралтаас болгоомжил гэсэн тэмдэг, замын хаалтууд.

Ямар сүрлэг байгаль вэ, яаж ийм сайн зам барьсан байна аа.

Монгол шиг хаа хамаагүй хээр, замаас гарч зогсоод, зураг дарж, цайгаа ууж болдог газар өндөр хөгжилтэй гэх улсуудад бараг байхгүй. Хурдны зам хөгжих тусмаа бидний өнөөгийн энэ эрх чөлөө үгүй болно.

Газрын зураг дээр цайны газартай жижиг өртөө байхлээр нь баярлаад, сайхан цай ууж сууя гэтэл тэр нь хаалтай байв.

Amai Banff (1)

Өндөр уулсын хаяагаар дэрлэсэн замаар явсаар хурдны дөрвөн эгнээ зам руу ороод ирлээ. Ямар ч цас шавхаагүй өчигдрийн, намрын зам.

Нэг л мэдэхэд эрсдэл өндөртэй уулын замыг дуусгасан байсанд итгэсэнгүй. Нөгөө өндөр давааг нь ч анзаарсангүй. Мэдээллийн төвийн хүн нэг хэцүү давааг хоёр болгоод хэлнэ гэж байхгүй баймаар. Бид хоёр сандарч явахдаа анзаараагүй юм болов уу?

Хурдны зам ямар сайхан юм бэ.

Банф орохоосоо өмнө хүмүүсийн яриад байдаг Луиз нуур гэдэг газрыг нь сонирхохоор GPS суулгалаа. Яст мэлхийнүүд явдаг нэгдүгээр эгнээгээр гэлдэрсээр, удалгүй төв замаас гарч, уулын өөд өгсдөг цаст зам руу дахиад орлоо. Газрын зураг дээр зам өгсөж буйг өнгөөр илэрхийлдэг болоосой гэж бодлоо. Тэр нуур нь уулын орой дээр байдаг гэж дуулж байсан болохоор дахиад огцом зам битгий таараасай гэж айж байв.

Тосгон, суурин өнгөрч Европын уулархаг бүсэд харагддаг хаадын харш гэмээр ордны үүдэнд зогслоо. Анх аялалд гардаг байхдаа очих газрынхаа тухай урьдчилж судлаад, юу үзэх ээ мэдчихдэг байсан, харин одоо ямарваа нэг сонирхолтой газрын тухай мэдээллийг хайхгүй, шууд очоод юу мэдрэх тухайгаа анхаардаг болсон. Номонд эсвэл хэн нэг нь юу гэж хэлсэн нь миний анхны мэдрэмжинд нөлөөлдөг болохоор .

Европын Австри, Швецари, эсвэл Германы өмнөд бүсэд ирчихэв үү гэмээр өвөрмөц газар байна.

-Үнэхээр гоё байвал яадаг юм, энд хоноод явъя гэж ярилцав.

Буудлын өрөөний үнэ 240 ногоон. Дэлгүүрт нь ажиллаж буй хүүхнээс, орой үдэш энд ямар нэг соёлын арга хэмжээ болдог үү? гэж асуухад, энд юу ч байхгүй, харин Банф бол орох, үзэх газар олонтой гэв. Бид хоёр, өнөөдөр Банфад хоноод, маргааш өдрийн цайгаа энд ирж ууя гээд 50 км-ын тэртээх Банф руу хөдөллөө.

Аялж буй хүмүүст сануулахад, буудлын төлбөр тооцоог урьдчилаад, эсвэл газартаа хүрсэн үедээ интернэтээр хийвэл 10-аас 20% ийн хөнгөлөлт эдлэнэ шүү.

Энэ цаг үед Expedia.com-оос буудлаа захиалах нь зочид буудлын хүлээн авахаас хамаагүй хямд.

Харанхуй болж, бид хоёр нилээд ядарсан шинжтэй Банф гэсэн гарчигтай зам руу эргэлээ. Дархан цаазат газраар явж байгаа болохоор зэрлэг амьтад зам дээр битгий гараасай гэж бодов. Уулын дундах замаар явсаар Банф руу орж ирэх мөчид, шинэ жил, зул сарын гоёлоо өмссөн гудамжууд үлгэрийн оронд ирсэн юм шиг санагдууллаа.

Замын хоёр талаар зочид буудал, дэлгүүр үйлчилгээний газрууд төвлөрсөн, олон тооны жуулчид гудамжаар нь хольхисон, аялал жуулчлалын Дэлхийн сор болсон газар хүрсэндээ бид хоёр баяртай байв.

2 жил гаруй найзтайгаа ярьж байсан мөрөөдөл маань биеллээ.

Банф бол заавал үзэх ёстой газар мөн байна.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнт нутгуудын нэг, Жаспер, Банф гэх дархан цаазат газруудын байгаль, огцом өөд өгсөж эхлэх үеийн тэр мэдрэмж, “нутгийн индианууд”, толинд араас түшиж, тулж явах гурван Ниссан пикап, хальт хажуугаар нь өнгөрсөн шилэн тавцантай үзвэрийн газар, доош чөлөөтэй гулгаж эхэлсэн машин, үзэсгэлэнт Банф тосгон гээд ярих зүйл зөндөө боллоо.

Бид хоёр үл мэдэх замаас айж, буцаж, хурдны замаар явж энд ирсэн бол юу ч үзэхгүй байлаа, харин зориг гаргаж дархан цаазат газрын замыг сонгосноор, амьдралдаа мартахгүй адал явдал, байгалийн гоо үзэсгэлэнг хамт мэдэрч, Монголчууддаа хүргэх боломжтой боллоо.

-Монгол хүн ухрана гэж байхгүй тийм ээ?

- Тийм, ухрана гэж байхгүй…

Үргэлжлэл бий…

Amai (32)

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.