(Нэгдүгээр хэсэг нь “Монгол Бадарчин” 2 дугаар боть “Амьдрал Сайхан Шүү” номд байгаа. facebook: Амьдрал Сайхан шүү” )

IMG_2817

2006 оны 1 сарын 12

Монгол Бадарчин 1-р аян. 17 дахь улс.Африк тивийн Арабын Бүгд Найрамдах Египет улсын зүүн өмнөд эрэг, Хургада наран шарлагын хот.

Египет улсын Хургада гэх Улаан тэнгэсийн эргийн сууринд нутгийн нийтийн тээврээр ирж, ачааны тэргээр Кени улс хүртэл аялж буй гурван аялагчтай дахин уулзаж, цаашдын замаа дөрвүүлээ туулах боллоо.

Ямар аз болж ийм сайхан гурван хүнтэй таарч, аяллаа унаанд санаа зовохгүй өнгөрөөх боломжтой болов оо гэж баярламаар байсан ч, Судан улсын хил дээрх шалгалтад миний паспорт дээрх Таба гэх Израиль улс руу гарч ордог хилийн цэгийн тамга баригдвал яана аа гэсэн айдас байсаар.

Хэрвээ жуулчин хүний паспортонд Израиль улсад зорчсон тамга, тэмдэг байх юм бол тухайн хүнийг хэн байхаас үл хамааран, Дэлхийн Лалын шашинт ихэнх улс өөрийн газар нутагтаа нэвтрүүлэхээс татгалздаг юм. Энэ нь Израль улсыг бүрдүүлдэг, Еврей шашинт хүмүүс үгүй болсон цагт аз жаргал ирнэ гэж Арабын болон Лалын шашинт хүмүүс итгэдэгт оршдог юм байна.

постер

фейсбүүк: Амай “Гайхамшигт Ертөнц”

Амай  “Амьдрал Сайхан шүү”

Амай “Сайн Сууж Байна уу”

Амай “Дэлхийн Нэг Өдөр”

Амай “Цаг Хугацаагаар”

(Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, нэгдээрэй facebook : Цаг Хугацаагаар)

Юмыг дандаа сайн талаас нь бодож бай гэх өвөг дээдсийн маань сургаалиа дагаж, болохгүй бүтэхгүй гэдэг үг хэллэгийг өөрийн ярианаасаа хаслаа. Гадаад хэлээр ч гэсэн харилцахдаа эдгээр үгнүүдийг орлуулж эхлэв.

Болж л таараа.

Найман сар гаруй оролдоод бүтэхгүй байсан виз маань гэв гэнэт бүтсэн явдал, Египет, Судан, Этиоп, Кени зэрэг улсуудыг туулах, хамгийн орчин үеийн аяллын, ачааны хөлөгтэй болсон явдал, Бельги, Герман, Австрали улсуудтай илүү дотно танилцах боломжууд гарсан нь ихийг хэлж байна. Бүх юм сайн болно.

DSC02499Дидиер гэх бельги аялагч -Урьд зүг ойрхон орших кайт сёрфинг-тэй далайн эргийн буудалд нэг хоноод, цааш явъя гэв.

“Кайт сёрфинг” гэдэг нь шүхрээр салхинд зүүгдэж, далайн гадаргуугаар шөвгөр зориулалтын хавтан дээр гулгах нэгэн төрлийн биеийн тамир юм.

Дараагийн гурван улсыг туулах унаатай болсон би, яарах сандрах зүйлгүй, жуулчдыг дагалаа. Барууныхны нүдээр аялал жуулчлалыг харж эхэллээ.

Хургадагаас холгүй, аяллын тэрэгтэй хүмүүст зориулсан далайн эргийн амралтын газар байна. Машины бохирыг зориултын гуурсаар сорж аваад, цэвэр ус дүүргэж, тогонд холбоод өгч байна. Ийм газар унаатайгаа буухад ямар үнэтэй болохыг асуусангүй.

Диди гийн кайт сёрфинг гэдэг спортыг нь сонирхож зогслоо. Далайд аятайхан сэлж чаддаггүй хүн энэ спортыг сонирхох хэрэггүй, бас аюлтай юм билээ. Зарим үед далайн салхи шүхрийг нь хэт дээш өргөж, эргэж буух үедээ усны гадаргүйг биеээрээ хүчтэй цохих аюул байгааг бусад хүмүүсийн туршлагаас харлаа. Надад санал болгоход болив. Хол замд гарсан хүн болгоомжтой байх нь өлзийтэй.

Эрэг дээр, жуулчдад зориулсан морь унуулах үйлчилгээнээс харин татгалзаж чадсангүй. Сайхан шүү. Нутгийн моринд мордтол биеээрээ өндөр боловч хэтэрхий номхон санагдлаа. Хашаанд ямагт байдаг болохоор өөр юм байна. Гэхдээ явдал бол сайхан юм аа. Энэ нь араб морь гэдэг нь байх даа.

DSC00195

Далайн эргийн сандал дээр урьд зүг явах усан онгоц хүлээж өнгөсөн найман сараа бодож суув.

Египет улсад ирээд цааш явж чадахгүй гацахдаа, аялал жуулчлалын салбарт нь олон төрлийн ажил төрөл хийж сурлаа. Арабуудын соёл, ёс заншил, хүмүүсийн амьдралын үнэт зүйлийг харлаа, бага зэрэг араб хэлтэй, лалын шашинтай бас арабуудын сэтгэл санааг анхан шатанд ойлгодог боллоо. Египет улсад би үнэхээр их талархаж байна. Ямар их зүйлсийг надад ойлгуулав аа. Ямар сайхан улс байв аа.

DSC00204

Оройгоор далайн эргийн бедуин буюу нутгийн нүүдэлчдийн амралтаа өнгөрөөдөг майхан саравчинд, Улаан тэнгэсийн наран мандах зүг рүү харж, цай ууж, хооллож, нутгийн усан тамхи буюу Шиша татаж, үдшийн сайхан өдрийг шинэ танилуудтайгаа өнгөрөөлөө.

Баруун европ хүмүүстэй танилцаж эхэлсэн цагаас хойш анзаарагдаж байгаа зүйл нь их журамтай, ёс дэгтэй, тууштай хүмүүс юм. Буруу зүйл хийвэл уучлалт хүснэ, буруу зүйл хийгээгүй байсан ч уучлалт хүснэ.

Гадна дүр төрхөөрөө манай хойд хөршүүдтэй төстэй ч, сэтгэл дотроо тэр бүр нээдэггүй мэт санагдлаа.

-Маргааш өглөө замд гарна. Суданы хил дээрээс буцаавал яана аа…

Үүрээр сэрж, хол замынхаа бэлтгэлээ хийж, зөвшөөрөл авч машинд нь Амай Дэлхийг тойрч байна гэсэн өөрийн лого бүхий наалтаа нааж, орой дээр Тусгаар Монгол улсынхаа далбаагаа мандууллаа.

DSC00206

-Монголчууд сонин хүмүүс юм аа, их эх оронч гэж… гэж манай хэд асууж байв.

SNC10896

Замд гараад удалгүй цагдаагийн замын шалгантай таарлаа. Египет улс 1958 оноос цэргийн онцгой байдалтай байгаа гэж хэлж болно. Зэр зэвсэгтэй цагдаа, цэрэг хаа сайгүй харагдана. Монголын цагдаа зэвсэггүй явдаг, Монгол цэрэг хотод онцгой үйл ажиллагаа явуулдаггүй гэж хүмүүст ярихлээр – Ямар гоё юм бэ гэдэг.

DSC00216

Энэ улсын замын жирийн нэг шалган дээр гэхэд, хоё талд жижиг харуулын байр, төмөр бамбайтай цагдаа нар, бамбайны нүхээр автомат бууны хошуу цухуйлгаж, жолооч руу чиглэсэн байдалтай угтана. Хоёр талаас. Паспорт дахь визний хугацаа дууссан байгааг анзаарахгүй хэрнээ бичиг баримт заавал үзэж, шалгана.

IMG_2873

Энэ цаг үед Монгол царайтай хүн аялахад амар гэж хэлж болно. Асуудалд ороод, бусдыг зовоогоод байдаг үндэстэн биш болохоор, зүгээр өнгөрөөнө.

Хоорондоо холгүй орших хэд хэдэн шалганыг давахдаа, анзаарсан зүйл гэвэл шалгалт хийж буй хүмүүсийн дунд жирийн хувцастай, гэхдээ автомат буу барьсан хүмүүс бас байна.

IMG_2846

Египетийн орон нутгийн замууд маш сайн зассан, нэг л улиралтай болохоор эвдрэх нь бага байх. Замын хажуугаар, Нил мөрнийг дагаад тариалангийн талбай, нутгийн хүмүүсийн гэр орон амьдрал харагдаж байна. Египетийн хойд бүсэд амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг бодвол урьд нутагт амьдрал арай ядуу бололтой.

Замдаа нэгэн тосгоны дунд зогсож, амьдралтай нь танилцъя гэж бодлоо. Ахмад бололтой хүн бидэнд цай бариад ирлээ. Сайн явж байна уу, хаа хүрч байгаа гэхэд өөрийн мэдэх араб хэлээрээ төвөггүй тайлбарлалаа. Хол зам туулж яваа хүмүүсийг цайгаар угтдаг ёс энд бас байдаг юм байна.

Amai sudan (3)

Манай хөдөөд аяллын зориулттай ийм хоёр хөлөг хүрээд ирвэл, нутгийн хүүхэд багачууд, хүмүүс бүгд цуглана даа. Энд бас адил. Бүгд машинуудыг тойрон харж, бидэнтэй танилцахыг хичээж гарав. Зарим нэг нь худалдах зориулттай элдэв сувенирууд бас бариад ирлээ.

Цайг нь ууж, ганц хоёр зураг татуулаад замаа үргэлжлүүллээ. Ганц үүргэвчтэй болохоор, нутгийн хүмүүст дурсгах зүйл байсангүй.

Засмал замаа Сахарын цөлийн элс шорооноос хамгаалж, хоёр талаар нь шигүү мод тарьжээ.

IMG_2871Нил мөрөн нь энэ бүс нутгийн усны гол эх үүсвэр тул хот суурингууд нь усаа дагаад, төв замын харалдаа байршсан байна.

IMG_2882

Элсэн чихрийн бут, нарийн ногоо голцуу тариалж байгаа харагдана. Дал гаруй сая хүн амтай улсаа өлсөөхгүйн тулд гаднаас гурилыг импортлохдоо, засгийн газар нь үнийн ихэнхийг нь төлөөд, иргэддээ хямд өртөгөөр хүргэдэг аж. Гурилын үнэ  өсвөл энэ улсад байдал маш хүндрэнэ. Өөрсдөө буудай тариалах газар болон боломж хомс.

Нил мөрөнийг дагаж урьд зүг явсаар Люксор гэх аялал жуулчлалын төв газар хүрлээ. Эртний Египетүүдийн барьж байгуулаад, хойч үедээ үлдээсэн сүрлэг барилгуудын нэг Люксорын сүмийн өмнө машинаа зогсоохоод, нутгийн аялал жуулчлалын цагдаа гэсэн бичигтэй машин ирж, автомат буугаар зэвсэглэсэн цагдаа нар биднийг хамгаалж зогслоо. Аюулгүй газар ирсэн болохоор эндээ хонохоор шийдэв.

DSC02551

Amai sudan (1)

8 сарын өмнө анх ирээд, Египетийн ихэнх түүхэн болон аялал жуулчлалын газруудыг туулсан болохоор энэ хотыг муугүй судалсан байлаа.

Мартин гэх герман аялагчийн төрсөн өдөр болж таараад, хотын төвийн тансаг ресторанд тэмдэглэхээр морин тэрэг хөлсөллөө.

SNC10917

8 сар гаруй зочид буудал хисч, тансаг хоол идэж өнгөрөөсөн болохоор гудамжны, нүдэн дээр хийдэг хоол илүү санагддаг болсон байв.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйлүүдийн нэг бол хоолны соёл, амт, чанар билээ. Өөрийн хоолны соёлоо англи, франц, араб хоолтой хослуулан хөгжүүлсэн болохоор Египтед өлсөнө гэж байхгүй, харин хоолны ариун цэвэр гэдэг дээр асуудал олон. Араас нь болбол зуу татах зүгээр. Халуун газар хоолны хордлого авах  их хялбар.

Анх ирээд удаагүй байхдаа нэг зүйлийг хараад гайхсанаа мартдаггүй. Гудамжны талх барьдаг дэлгүүрүүд шинэхэн болсон гамбируудаа гудамжны, явган хүний замын хашлага дээр хатаах гээд өрөөд тавьсан байсан. Зөвхөн эхний хот юм болов уу гэтэл хаа сайгүй.

SNC10924

Мартины төрсөн өдрийг тэмдэглэж, гараад ойр хавийн жуулчны худалдааны төвтэй танилцахаар шийдлээ. Бэлэг дурсгалын дэлгүүрүүдтэй жуулчны гудмаар явж байгаад, манай хоёр мөнгөн эдлэлийн дэлгүүр лүү бэлэг дурсгал авахаар орлоо.

Лангууны ард буй хоёр араб юмныхаа жинхэнэ үнэ, жуулчдад санал болгох үнээ хэлэлцэж байгаа нь сонсогдож, би тэсэлгүй – Сайн байцгаана уу? Би арабаар ярина, үүний үнийг хэт өсгөхгүй хурдан зарчих тэгэх үү? гэж хэллээ. Монгол хэл дэлхийн хамгийн хэцүү хэлүүдийн нэг болохоор, бидэнд гадаад хэл сурах маш амар байдаг. Энд амьдарсан 8 сарын хугацаанд араб хэлний акцент, хараалын үгсийг нь хүртэл сурчихсан болохоор миний амнаас гарч буй үгс, ном зохиол, дамжаа сургалтынх биш, нутгийн хүмүүсийн наймааны хэл байв.

Хоёр худалдагчийн нэг нь гайхсан, сандарсан байдалтай босоод, яаран гарлаа. Яасан юм бол оо гэж бодож байтал удалгүй – Найзуудаа, энд арабаар цэвэр ярьдаг Ази хүн байна шүү, болгоомжтой яриарай гэж гудамж дүүрэн хашгирах шиг боллоо.

Гайхах юм байсангүй. Люксор хотын наймаачид бие биентэйгээ харилцаа холбоотой ажлаа явуулдаг юм байна. Нэг нь бүтээгдэхүүнийхээ үнээ буулгавал бусдынхаа хөдөлмөрийг үгүй хийнэ гэсэн зарчимтай юм шиг санагдлаа. Нийт газруудын үнэ адил, доош буухгүй. Хойд бүсүүдэд янзан бүрийн нутгийн наймаачин зах дээр цугласан байдаг болохоор хоорондоо нэгдэж чаддаггүй байх, харин энэ нутагт бие биентэйгээ тохирсон байна. Зөв байна.

Хэдийгээр лалын шашинд хүнийг хуурах, дамлах хориотой ч наймааны урлаг гэдэг зүйлд өөр хүчин зүйл нөлөөлдөг бололтой.

Манай хүмүүс, бодож байсан үнээс гайгүй үнээр бэлэг сэлтээ цуглуулаад гарах үедээ, араб хүн юу гэж хашгирсныг надаас асууж, болсон явдлыг хэлэхэд тэд гайхлаа бас инээлдлээ.

IMG_2923

Шөнө машиндаа ороод унтах гэхэд, хажууд зогссон цагдаагийн машин дахь албан хаагчид чанга чанга яриад амраасангүй, гэхдээ хамгаалалттай, аюулгүй хонолоо. Намайг энэ улсад байх хугацаанд хэд хэдэн террорист халдлага, тэсрэлтүүд олон нийтийн газар болсон. Миний ордог байсан кафенд тэсрэх бодистой хүн орж ирээд бүх зочидтой хамт тэсэрсэн гэсэн. Тэр үед тус суурингаас яваад 3 хоносон байсан. Миний амьдарсан Шарм Эль Шейх хотод гэхэд хэдэн жилийн өмнө Моторок клубын гадаа машин тэсэрч, өөр нэг буудлын хүлээн авах руу ачааны машин ороод байшинг газартай тэгшилсэн гэдэг.

Энэ бүх зүйл аялал жуулчлалд бараг нөлөөгүй. Хямд үнэ, сайхан байгаль, эртний соёл.

Нутгийн аюулгүйн алба хамгаалалт шалгалтаа нэмээд л байдаг, тэсрэлт халдлага болсоор.

Өглөөгүүр бид машинаа асаагаад урьд зүгийн Асван хот руу хөдөллөө.

Зам дээрхи зэвсэгт цэрэг, цагдаагийн шалгалт, Нил мөрнөөр хөвөх загасчны болон жуулчны усан онгоцууд, газар тариалан худалдаа эрхэлсэн нутгийн хүмүүс, маш сайн засмал зам.

Асван гэх дараагийн аялал жуулчлалын хотод ирээд нэг хонож байж урьд зүг рүү явах усанд онгоцонд суух болсон тул хоттой танилцаж, амарч авахаар шийдлээ. Египет улсад гацсан 8 сарын хугацаанд бараг бүх хотуудаар нь туулсан ч Асваныг урьд зүг рүү явахдаа үзнэ гэж төлөвлөсөн маань яг онолоо.

DSC00258

Зураг дарах хориотой Асваны усны далангийн зургийг түүхэн баримт болгоод нууцаар дарж, хадгалж орхилоо.

DSC02581

Бидэнтэй адил ачааны тэргээр аялж байгаа өөр аялагчидтай бас таарлаа. Тэд бас маргааш усан онгоцоор уррьд зүг хөдлөх гэнэ.

Манай хэд, Нил мөрөн дээр нутгийн завиар зугаалж цаг өнгөрөөе гэв. Бид завь хөлсөлж, Асван хотыг Нил мөрөнгийн зүгээс харлаа. “Нилийн хүү” гэх нэртэй моторгүй хоёр сэлүүрт, далбаат завийг нутгийн хоёр сэргэлэн залуу залуурдаж байна.

Бидэнд үйлчилж, хэсэг цаг хөдөлмөрөө зарцуулаад, гэр бүлдээ мөнгө аваад харих хүсэлтэй хоёр залуу их хичээж байна. Аялал жуулчлалын ачаар эдгээр залуус ажил хайж, харь нутгийг зорихгүй гэр бүлтэйгээ амар тайван амьдарч байна даа гэж аялал жуулчлалын салбарын ач тусыг бодлоо.

Дэлхийн аялал жуулчлалын гол судаснуудын нэг болох Шарм Эль Шейх хотод хагас жил амьдарч, ажиллаж, судалж, дэлхийн улс үндэстнүүдийн иргэд амралт чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг тухай ойлголттой болсон юм.

Энд олон улсын жуулчид олноороо байна. Египет улс хүлээн авдаг жуулчдын тоогоороо Дэлхийд эхний гуравт ордог тухай сонсож байсан. Аялал жуулчлал далан сая гаруй хүнийг тэжээхэд бараг л гол үүрэг гүйцэтгэж байна шүү дээ.

Асван хотын өдөр тутмын амьдрал тайван, анир чимээгүй.

DSC02672

Үдэш болж, эрэг дээр таарсан бусад ачааны тэргүүдийн хамт хотоос зайдуй газар очиж хоногллоо. Голцуу барууныхан.

DSC00253

Өглөө эрт босч, ажил эхлэхийг дөхүүлээд бид хотын тасалбар түгээх газар дугаарлаж зогслоо. Жуулчны компаниуд билет суудлаа урьчилан захиалсан болохоор төвөггүй ороод авлаа. Цуг аялж яваа Австралийн иргэн Стив усан онгоцны өрөөг өөр хүнтэй хувааж авав, тасалбар нь хэтэрхий үнэтэй байсан болохоор би усан онгоцны тавцан дээр явах тасалбар авлаа.

SNC10962

Хаана багтана тэндээ сууна, бас унтана. Зөвхөн би ч биш, өрөө олдоогүй олон жуулчин бас гадаа усан онгоцны тавцан дээр надтай хамт хонох болов.

Машины эзэд ачааны усан онгоцоор араас явах тул, Диди Мартин хоёр машиныхаа төлбөрийг хийв. Машин ачуулах ямар үнэтэй байсныг сонирхсонгүй. Яаж ч байсан үнэтэй байгаа.

Африк тив рүү гүн орохын тулд, Судан гэх лалын шашинт, хатуу дэглэмтэй, элсэн цөлөөр хучигдсан байгалтай, арабууд болон африк хүмүүсийн хоорон дахь олон жилийн иргэний дайнтай байгаа улсыг туулах хэрэгтэй байна.

Бит тасалбараа аваад усан онгоцны боомтод ирэв, Стивтэй хамт бусад жуулчдыг даган хилийн шалган руу дугаарлав. Стив Египетээс гарах тамгаа дуруулаад, миний ээлж болов. Суданы виз хүлээж энэ улсад 8 сар байхдаа хоёр удаа хугацаа хэтрүүлсэн юм. Эхний удаа Израиль улс руу гарч, визээ аваад эргэж орж ирсэн, энэ удаа бас хугацаа хэтрүүлсэн.

Байцагч дээр очоод, маш эелдэг нутгийн хэлээр мэндчилж ойр зуурын юм ярихад, байцаагч баярлаж – аан чи арабаар ярьдаг юм уу?

-Тийм, бага зэрэг (швая швая), Монголоос яваа, дэлхийг тойрох гэж хичээж байна, Египет сайхан улс, Пирамидыг ээ гээл ярьж гарлаа.  Америк, Япон, Герман, Турк, Сири, Йордан, Израиль, Египетийн хоёр ч виз байсныг хараад сайн шалгахгүй гарах тамга дарчихлаа. Манайх шиг тийм хатуу хилийн дүрэм баримталдаг улс биш. Хэрвээ хугацаа хэтрүүлснийг мэдсэн бол торгуулийн мөнгө гээд хоёр зуун ногооныг кармандаа бэлдсэн байсан болохоор бөөн аз.

Хол замд яваа хүнд өдөр бүр зардал гардаг болохоор байгаа төсөв өө гамтай хэрэглэх учиртай.

Олон сар хөдөлж чадахгүй Египет улсад байсан хүн гарах тамга даруулаад, шинэ замдаа гарч байгаадаа их баярлалаа. Одоо Суданы хилийг давбал урагшаа зам хязгааргүй, Африкийн соёл иргэншил хүлээж байна.

-Египетийн сайхан сэтгэлт ард түмэн амар амгалан сууж байгаарай гэж ерөөлөө.

Үүргэвчээ үүрээд усан онгоцон дээр гарахад, араас хэн нэг нь дуудаад байна гэсэн айдас толгойд эргээд байв.

DSC02683

Усан онгоцонд суух гэж буй нутгийн хүмүүс том том хэмжээтэй ачаануудыг зөөж эхэллээ. Манай ерээд он шиг. Судан улсын юмны үнэ Египет улсаас арай их бололтой. Хүмүүсийн зөөж буй бараан дотор өндөг, ногоо, жимс байна.

DSC02686

Усан онгоц хөдлөх дуу өгч, эргээс хөдөллөө.

Ямар гоё юм бэ. 8 сар гаруй гацлаа шүү дээ.

Хэзээ нэг өдөр өөрийн замаа үргэлжлүүлж, Африк тивийн гүн рүү нэвтрэн дээ гэж өдөр шөнөгүй мөрөөдөж, хүлээж, зүүдэлж, адал явдлыг эрэлхийлсэн мөч маань дахиад ирлээ.

Араб, Европ, Африк, Монгол хүртэл нэг усан онгоцонд хамт суугаад Суданы зүг явж байдаг. Эргэн тойрны хүмүүсийг ажвал хэдэн япончууд бас байна.

Египет хүнтэй буу халж, бусад жуулчидтай танилцаж, юм ярьж байгаад шөнө болголоо. Нил мөрөн, хоёр талаар ногоон ургамал, цаагуур нь Дэлхийн хамгийн том цөл Сахара цөл. Тэнгэрт тоолж барашгүй одод, сансар огторгүй.

Шөнө усан онгоцны тавцан дээр, олон сая оддын дор Египет, Судан гэх өнө эртний соёл иргэншлүүдийн нутгийн хилийг усан онгоцон дээр туулж байдаг. Итгэмээргүй ч юм шиг.

Олон сар халуун цөлд амьдарсан болохоор, шөнийн сэрүүн салхи сайхан байсан ч, намайг маш их даарууллаа. Нил мөрний тогтоц нуурын голд, шөнөдөө сэрүүхэн юм байна.

Бүрэнхий болоход усан онгоцны тавцан дээр буй сүсэгтэн хүмүүс Аллах бурхандаа мөргөв. Усан онгоцонд байгаа хүмүүсээс хэн нь лалын шашинтай, хэн нь биш гэдгийг ялгахад амар. Араб хүн гэхээр заавал Лалын шашинтай байх албагүй.

DSC00276

Лалын шашинтангууд өдөрт таван удаа сэтгэлээ ариутгаж, бурхандаа залбирна. Мөргөх бүрийн өмнө хөл гар, ам хамараа цэвэрлэнэ. Согтууруулах ундаа уухгүй.

Өглөөгүүр сэртэл бүгд завины баруун талд нэг юм руу харж, юм ярьж байгаа анзаарагдлаа. Босоод сайн хартал аялал жуулчлалын ном, сэтгүүлд байнга гардаг Абу Симбел гэх Эртний Египетүүдийн сүмийн хажуугаар бид өнгөрч байв.

Асван хотоос маш хол явж байж хүрдэг сүм нь энэ зам дээр байгаа нь яасан сайн хэрэг вэ гэж бодлоо. Зураг дараад авлаа.

DSC00282

Энэхүү өнө эртний байгууламж нь өмнө нь өөр газар байрлаж байсан гэдэг. Египетийн засгийн газар Зөвлөлтийн тусламжтай усан цахилгаан станц барих ажилаа эхлүүлхэд, Абу Симпел барилга усан доор орох аюул байсан тул, энэхүү сүмийг ширхэг бүрээр нь энэ өндөрлөгт зөөж, эргүүлэн барьсан гэдэг.

Дэлхийн хамгийн урт гол болох Нил мөрний усыг нь Асваны усан хэрэм боосноор энд нуур бий болжээ. Нуби-чууд гэдэг эртний омгийхны амьдарч байсан нутаг тэр чигээрээ усан дор орсон гэдэг.

Египет, Судан улсууд нэг байж байгаад, хоорондоо хуваагдахдаа газраар хилэлдэг бүсдээ их хэмжээний газрын мин гэх тэсрэх бөмбөгүүдийг хоёр талаасаа байршуулсан гэнэ. Нэг улс задрахдаа хоорондох хилээ ингэж  бэхэлж байгаа нь бие биенээ ихэд гомдоосных байхдаа гэж бодлоо. Энэ бүсийг туулах гэвэл заавал энэ усан онгоцоор л явна.

Тэрхүү минжүүлсэн бүс нь хойд зүгээс Африк тивийн урагш тэлсээр байгаа араб угсаатныг хязгаарлаж байна уу, эсвэл урьд зүгээс европ руу чигэлсэн цагаачдын хөдөлгөөнийг хааж байна уу? мэдэхгүй, түүх үүнд хариулах байх.

8 сар гаруй, 19 дахь улс Суданд хөл тавих тухай бодож, мөрөөдөж байсан миний хувьд баяр, айдас хоёр нэгэн зэрэг сэтгэлийг минь хөдөлгөсөн хэвээр.

Усан онгоц эрэг рүү зөөлөн дөхөх үед Миний паспорт дээр байгаа Таба гэсэн латин бичигтэй тамгыг Суданы хилийн байцагчид битгий хараасай гэж залбирч эхэллээ. Энэ тамганаас болж Египетэд 8 сар гаруй гацаж, амьдарсан даа.

Санаандгүй нийлсэн европын жуулчидтай хөл нийлүүлж, олны дунд төөрөхөөр шийдлээ. Хэрвээ ганцаараа хил дээр очих юм бол бусдаас өөр паспортыг нэг бүрчлэн шалгаж, но-г олоод цааш нэвтрүүлэхгүй байж магад.

Усан онгоц эрэг дээр зангуйгаа буулгаж, зогсох үед бүх хүмүүс үүд рүү шавж, усан онгоцны үйлчлэгч хүн бүрт анкет өглөө.

Судан улсын газарт хүрлээ дээ.

Sudand (1)

Аав ээжийн нэр гээд элдэв асуулттай анкетыг нь бөглөөд, өмнөх хүмүүсээ дагаад, үүдэнд хаалт болж зогсох хилийнхэнд цаасаа өглөө. Тагнуулынх бололтой харцтай жирийн хувцастай хүмүүс давхар виз шалгаж байна.
Бөглөөд өгсөн хуудсыг байцаагч үзээд, базаад хажуугийн хогийн саванд хаялаа, маш олон хүнийг тэр бүрчлэн шалгах боломжгүй байсан байж болно, гэхдээ хогийн саванд хаях юм бол эхнээсээ сүртэй анкет бөглүүлэх хэрэг юу байна аа ? гэж бодлоо.

Усан онгоцонд Японы хоёр жуулчинтай таарав. Тэдний паспорт дэлхийн улс орнуудын магадгүй 90 гаруй хувьд нь ямар ч визгүй зочилох эрхтэй байдаг тул санаа зовох юмгүй байна лээ.

Израиль улсыг газраар туулаагүй бол шүү дээ.

Усан онгоц дээр нилээд удсаны эцэст 17 дахь улсдаа буулаа. Манай нөгөө хоёр найз ачааны усан онгоцоор, хоёр машинаа ачиж ирж байгаа болохоор Стив бид хоёр юу хийх тухайгаа ярилцлаа.  Яаж ч байсан бусад жуулчдыг дагаж шалган нэвтрэх рүү алхлаа.
Миний зүрх маш хүчтэй цохилж байв. Хэрвээ шалган дээр миний паспортийг нээгээд Израиль улсад зочилсныг, Египетийн хилийн тамгаар мэдэх юм бол баривчилдаггүй юмаа гэхэд буцаагаад Эгипетрүү явуулах нь ойлгомжтой.
Бууж өгч, сандарч, айж огт болохгүй шүү гэж өөртөө хэлэв.

Судан улс нь Африк тивийн хамгийн том улс бөгөөд манай нутгаас сая гаруй км. квадратаар том юм. Сүүлийн олон жил энэ улс иргэний дайны галд байгаа. Олон улсын байгуулагын хүмүүс, сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй, бүх төрлийн саад тавьсаар.
Баруун Суданд геноцид буюу арабууд африкчуудаа хүйс тэмтрэх цэвэрлэгээ хийсэн гэх хэргээр олон улсын хүний эрхийн байгууллагууд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа ч үр дүнгүй.

Хүлээн авах том өрөөнд жуулчдыг суулгаад, нэг нэгээр нь дуудаж, зарим юмыг шалгаж эхэллээ. Миний паспорт бусад паспортоос ялгарч байсан нь хуучны коммунист орнуудынхтай адил, хавтас нь улаан өнгөтэй байв .

Хуучны загвартай костюм өмссөн суданы хоёр албаны хүн, жижиг өрөөнд сууж, хүн бүрийг өмнөө дуудаж, янз бүрийн асуулт асууж байгаа харагдана.

Өмнөх хүмүүс ямар ч асуудалгүй нэвтрэх тамгуудаа даруулаад орж байгаа харагдана. Одоохондоо хэнийг ч барьж, шалгаж, буцаагаагүй байна.

Намайг дуудах үед хөл чичирсэн гэж хэлэхгүй ч нэлээд сандарлаа.

Тайван, тайван. Бүх юм болно… гээд гүнзгий амьсгаа авлаа.

Олон удаа хил нэвтэрч, хал суусан аялагч тул энэ удаа орохдоо маш чөлөөтэйгээр –Кулю Тамам ? (Сайн байна уу ?) гэж Египетийн араб хэлээр хэллээ. Энта калм Арабий ? (Арабаар ярьдаг юм уу ?) Швая швая ! (бага зэрэг) гэж хэлээд өөртөө итгэлтэйгээр инээмсэглэлээ.

Нутгийнх нь хэлээр ярьсанд тэд баярлаж миний паспортны гаднах нүүрнээс – Монголиа ? Колако? гэлээ. Их Эзэн Хааны ач Хүлэг Хаан арабын нутгуудаар нэрээ цуурайтуулсан нь энэ. Таарсан араб болон лалын шашинтай хүн бүр шахуу энэ нэрийг дурьдана.

Хичээлд нь эсвэл шашны сургаалд нь заадаг бололтой.

Би юу хэлэхээ мэдэхгүй байсан тул, толгойгоо бага зэрэг савлаа.
Паспортын эхний хуудсыг нээгээд миний овог нэрийг дэвтэр дээрээ бичиж эхлэв. Нөгөө залуу нь надаас элдэв асуулт асуусаар.

Хоёр дахь иргэний дайн нь хорь гаруй жил үргэлжлээд, дөнгөж гал зогсоогоод байгаа энэ цаг үед аюулгүй байдал гээд олон асуудалтай байдаг биз гэж бодлоо.

Паспорт шалгаж буй хүний анхаарлыг сатааруулж татах нь чухал байв.
Байцаагч бүх тэмдэглэлүүдээ дуусгаад, миний паспортыг нэг бүрчлэн шалгаж эхэллээ. Лалын орнуудад зочилж байгаа үед –Израильд байсан уу ? гэж асуулт тавих нь элбэг. Энэ удаад надаас асуух юм бол би худлаа хэлж чадахгүй гэдгээ мэдэж байв.
Аз болж асуусангүй.

Миний паспортын хоёр хуудас дээр Таба гэсэн Эгипет, Израилийн хилийн боомтын тамга байгаа. Хоёр удаа Израилд зочилж байсныг мэдэх юм бол визанд төлсөн 100 ногоон, унаа тээвэрт зарсан 200 ногоон салхинд хийсч, 8 сар гаруй хүлээж хэд хэдэн удаа визанд орж байсан тэр их ажил, зардал юу ч үгүй болно.

Тиймээс, юм бүхэн бүтнэ гэж л итгэх хэрэгтэй.

-Юу хийдэг вэ? гэсэн асуултанд уран бүтээлч гэлээ.
-Юун дээр тоглодог юм ?
-Амаараа хөгжим хийдэг гэлээ.

Өдөр бүр таних танихгүй хүмүүсийг шалгадаг, байцаагчид Монголоос яваа хүнтэй таарсандаа ихэд сонирхож байв. Мэдээж, асуусан юм чинь бага зэрэг амаараа битбокс тоглож үзүүллээ.
Миний паспортын хамгийн аюултай хуудас сөхөгдхөөс өмнөхөн аман ая сонссон доо тэд гайхаж, баярлаад паспорт дээртамга дараад буцааж өгөв.

Барууны жуулчдын дундуур ороод бичиг баримтаа өгсөн нь их аз байлаа. Намайг ганцаараа аялж байгаа гэдгийг мэдэхгүй бусад жуулчдын хамт яваа гэж бодсон байх.

Хэдийгээр би аяллынхаа шинэ улс бүрт хөл тавиад маш баярладаг байсан бол Судан улсын хил дээр ирээд хоёр цаг гаруй зарцуулсны дараа, хилийн байшингаас гарч байж л нэг санаа амарч, том амьсгал авлаа. Саадгүй дараагийн давааг давсандаа гүнээ баярлалаа.

Нүдний өмнүүр Африк тив нээгдсэн юм шиг санагдаж эхлэв.

Шинэ улс бүрт орохдоо нэг пиво задалж уудаг уламжлал маань энд үйлчилэхгүй нь. Судан нь лалын шашны хатуу жаяг дагадаг улс тул согу борлуулах, хэрэглэх хориотой.

-За за, тэр Пиво энэ тэр өнгөрсөн, яаж ч байсан Африкруу орох зам нээлттэй боллоо гэж бодлоо.
Цонхоор хартал, боомт дээр манай хоёр ачааны машинуудтайгаа ирж, бууж байна.
Тэд ачаагаа буулгаж, хилээр гарна гэж нилээд удах байсан тул бид хоёр ойрын суурин дээр очиж, буудал авахаар шийдэв.

Боомтоор гарах үед нутгийн ченжүүд мөнгө солиулахаар ирж, миний мөнгийг сольсон залуу надад илүү мөнгө өгсөн байсан тул, надад өгөх ёстой мөнгийг л үлдээгээд, илүүг нь эргүүлээд өглөө.

Тэрээр гайхаж хоцров.

Нутгийн унаагаар ойрын суурин хүртэл явахаар болж, жолоочтой үнэ тохиролцоод, бусад жуулчдын хамт суулаа.

Sudand (2)

Бид явсаар, цахилгаангүй, харанхуй, жижиг сум шиг хилийн сууринд ирэв. Ил захын нэг буланд өөхтэй хонины мах шарж байгаа харагдлаа. Суданчууд малчин нүүдэлчин хүмүүс болохоор мах шарж идэх соёлтой юм байна гэж бодлоо. Өөх алгалсан, хонины шарсан мах талхтай мөн ч сайхаан оров. Ногоогоор хоололдог улсад удаан байхлээр махаа санах юм гэж бодов.

Хилийн сумын төвд онц хийх зүйлгүй. Айл бүр өөрийн орчиндоо уянгалаг хөгжим эгшиглүүлж байна. Юу гэж нэртэй урлаг болохыг нутгийн хүнээс асуухад Нуби-чуудын хөгжим гэв. Арабууд энэ нутагт ирэхээс өмнө амьдарч байсан Нубичуудын хөгжмийг олж сонсохыг зөвлөж байна.Үнхээр эгшиглэнт гоё хөгжим.

Стив бид хоёр хоолоо идээд, сумын буудлын нэгэн өрөө хөлсөж аваад орлоо. Сүрлэн дээвэртэй, шавар ханатай, шороон шалан дээр хоёр модон ортой өрөө.

Өөрийн орон дээрээ хэвтээд –Юу болоод өнгөрөв өө? гэж өнгөрсөн замаа, Египет улсад амьдарсан амьдралаа, цааш явах замаа бодлоо. Сэтгэл нэг л амар амгалан.

Sudand (3)

Хашгимаар ч юм шиг…

Харин, үүнээс цааш ямар хүнд хэцүү замыг туулах тухай төсөөлөлгүй байсан болохоор, ялалт байгуулсан Баатар шиг л өөрийгөө бодон хэвтэж байгаад, унтав.

Үргэлжлэл бий…

энэ тэмдэглэлтэй холбоотой зургийн цуглуулга үзэх хүсэлтэй бол

http://www.amai.mn/archives/category/diary/egypt

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.