Оросуудын онигоо:

Нэгэн орос эр явж байгаад Монгол Баатартай таарч гэнэ ээ.

Монгол хэлээр ‘’вперёд’’ гэдэг үгийг хэрхэн хэлдгийг асуутал,

Монгол Баатар –Урагшаа гэж хэлж өгч.

Орос эр назад (буцах ухрах) гэдэг үгийг Монголоор яаж хэлдгийг асуутал,

Бардам Монгол Баатар (Багатур-Богатыр) –Манайд тийм үг байхгүй гэж.

-Хэрвээ гэрлүүгээн харих бол яах вэ? гэж илүү тодорхой асуутал,

Манай эр – Бид морио эргүүлээд тэгээд Урагшаа гэжээ…

amai mongol (2)

2016 оны 12 сарын

5 дугаар аян, 86 дахь улс. Хойд Америк тивийн, Канадын конфедерац улсын баруун өмнөд эрэг. Хоёр сая хагас гаруй хүнтэй Ванкувер гэх далайн эргийн усан боомт хот…

Би хаана байна аа?

Дахиад л нөгөө асуулт.

Нүдээ бага зэрэг нээтэл айлын зочны өрөөнд байна. Хажууханд Даш найз маань нам гүм унтаж байна. Гал тогооны тавилга, видео студийн төхөөрөмж, компьютер эргэн тойронд харагдана.

Аан,

Бид Диди найзындаа ирсэн байна.

Нээрээн бид энд хүрч чадлаа гэж үү?

Өнгөрсөн өдрүүдэд юу болоод өнгөрөв өө…

Ямар эрсдэлтэй, хол зам байв аа…

MB4 nom poster

(Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, фейсбүүкт нэгдээрэй.  facebook : Цаг Хугацаагаар)

“Монгол хүн ухрана гэж байхгүй” гэдэг үг ямар зоригтой бас аюултай юм бэ.

Бөмбөг унаж буй хот, иргэний дайнууд, байгалийн аюулт үзэгдлүүд, хорон муу санаат хүмүүс гээд юу эсийг энэ уриан дор туулж үзэв ээ. Гэтэл дараагийн нэг давааг арай гэж давсан байна.

Хол замыг туулах улам бүр хэцүү болж байгаа нь мэдрэгдээд байна.

Эрийг нас, уулыг цас.

“Говь” компаний хамт олон намайг хол замдаа гарч буйг мэдээд, Буянт Ухаа явах замд тосч, бэлэглэсэн ноолууран ДУЛУУТ-андаа (унтлагын дулаан уут) хэсэг хэвтэхдээ ямар ч хүч тамиргүй болсон оо мэдэрлээ.

Өдөр үү? шөнө үү? Цаг хэд болж байгааг бүү мэд.

Хэвтээд л баймаар…

Хэдхэн цагийн дараа арга хэмжээнд оролцож, өөрийн аян замын тухай, туулж үзсэн Дэлхийн тухай хувийн бодлоо Ванкуверийн Монгол залууст танилцуулах үүрэгтэй. Бас Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Монголчуудын талаар судалгаагаа үргэлжлүүлж, Ванкуверийн Монголчуудын бодлыг нь сонсох хэрэгтэй.

Гэтэл хөдөлж ч чадахгүй байдаг.

Ийм их ядрана гэж байх уу?

Яг товолсон газраа ухарч буцалгүй, бууж өгөлгүй, андуудынхаа өмнө нүүрээ унагаж, нэрээ хугалж,  хугацаанаасаа хоцролгүй ирж чадсандаа үнэхээр их бардам байна.

Би чадсан шүү л гэж бодож байна.

Нүдээ аних бүрд, цасан шуурганаар, мөсөнд дарагдсан замаар, өндөр уулын өөд бүрэн бус техниктэй арай хийн мацаж байгаа мөчүүд харагдаад, сэтгэл нэг л тавгүй.

Хий шарваад, уулын уруу унасан бол яана гэсэн бодлууд ч эргэлдэнэ.

Гэхдээ хүрнэ гэсэн газраа ирсэн болохоор айх юмгүй.

Давааны цаана даваа, эрэл хайгуулын 11 жилийн хол зам дуусаагүй л байна…

Орчин цагийн хүн төрөлхтний Дэлхийг туулсан хүний сэтгэл санаа ямар байдаг бол оо гэдгийг төсөөлдөг хүн байдаг болов уу?

Дэлхийн 7 тэрбум хүний цөөн хэд нь л мэдэрч чадах тэрхүү өвөрмөц хувь заяа, цаг хугацаагаар аялагчийн амьдралаар 11 жил амьдарч байгаа Хамгийн эртний соёл иргэншлийн, Нүүдэлчдийн удмын, Их Эзэн Чингис Хааны Үр Сад, Монгол Үндэстний ХҮН-ий хувьд амьдралыг, цаг хугацааг, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөөр.

Байгалийн зөн совингоос бусад нь бараг өөр боллоо.

Гуравхан сарын өмнө нарлаг Монголынхоо хээр талд морьтой давхиж явсан хүн, 12 цагийн зөрүүтэй, өөр тивийн харь нутагт, өвөл нь бороо, манан тасардаггүй, олон үндэстэн оршдог Канад улсын Ванкувер хотод ирсэн байна.

Өдөр бүр, долоо хоног, сар, жил бүр байршил амьдрах орчиноо солино.

Хүмүүс ч солигдоно.

Миний хувьд өдөр шөнө, өвөл зун, сар гараг, үнэ ханш, амт шим, хаяг хэлүүдийг тоохоо болиод нилээд удаж байгаа бөгөөд үзэж судалъя гэсэн зүйлийнхээ жагсаалтыг бараг олонхыг нь өөрийн 37 насандаа гүйцээгээд байна. Гэвч шинэ жагсаалтууд ар араасаа нэмэгдсээр.

Дэлхийн жирийн амьдралаар амьдарч байгаа хүмүүсийн олонхийн мөрөөдөл болсон “Дэлхийг тойрон аялагч” амьдралаар амьдрахдаа өөрийн олон зүйлийг бас золиосолсон.

Хамаагүй олон ертөнцүүдийг богино хугацаанд мэдэрч, олон зүйл үзэж ухаарч байгаа болохоор элдэв юмнаас уйдах, шинэ юманд сонирхолгүй болох, өөр орчинд дасан зохицох чадвараа алдах, эрүүл мэнд гээд олон асуудлууд дараалан гарсаар байна.

Харин сүүлийн энэ зам намайг дахин сэрээж, шинэ бодол санаа, шинэ амьдралын эрч хүчийг нэмжээ.

Аялал угаасаа тэгдэг.

Хүнийг дахин цэнэглэдэг.

Эрч хүрч өгдөг.

Аян зам нь хүнд хэцүү байх тусмаа л хувь хүний тэсвэр тэвчээр, өөрийгөө дайчлах тэр эр зоригийг сэргээж, өөртөө итгэх итгэлийг өргөдөг болохоор аялал бидэнд маш тустай билээ. Нэг л газраа суугаад байвал юм бүхэн уйтгартай, утгагүй болно шүү дээ.

Жилд нэг удаа ч болов хол ойр гэлгүй заавал аялж байх хэрэгтэй шүү.

Хайртай хүмүүстэйгээ аялдаг гэр бүлүүд илүү бат бөх байдаг юм шиг ээ.

Хамтын амьдралын өдөр тутмын давтамжаас залхах, бухимдах явдал ямар ч гэр бүлд болдог. Тэр үед л хамт замд гарах хэрэгтэй. Хосууд аяллын хэцүүг туулахдаа, бие биенээ илүү ойлгож, хамтын хүчийг мэдэрч, адал явдал, шинэ амжилтуудаар харилцаагаа бэхжүүлдэг.

Найзууд бас хамт аялбал, бие биенээ илүү сайн ойлгож эхэлдэг.

Энэ мэтчилэн элдэв юм бодон хэвтэж байтал, Диди найз маань өрөөнд орж ирэн гэрлээ асааж, уулзалтын газарлуу явах ёстойг санууллаа. Ямар хол, хүнд замыг туулсаныг үүрээр гэрт нь орж ирэх үед тэрээр мэдсэн болохоор, яаруулалгүй бага зэрэг унтуулахаар шийдсэн гэв.

4 хоногийн өмнө…

Канадын Эдмонтон хот. 1200 км-ийн тэртээ.

15102139_10154032096453202_862424380_o

Дэлхийн өнцөг булан бүрт хүрч, Монгол хүний нүдээр ертөнцийг таньж мэдэх, тэмдэглэж үлдээх тав дугаар аяндаа гараад УБ, Бээжин, Сиатл хотуудаар дамжиж, Канадын Эдмонтонд ирээд удаагүй байхад 19 жилийн нөхөрлөлийн түүхтэй Даш анд маань араас ирлээ.

Өөрийн бизнесийн салбартаа тэргүүлж яваа, Монголын шинэ үеийн төлөөлөл болсон сайн найз маань энэ удаа Канад, Америк улсуудыг судлах замдаа гараад, Канад улсын зүүн эргээс над дээр ирж, харин би эндээс баруун эргийн Ванкувер хүртэл хүргэж өгнө гэж бид тохирсон байсан юм.

Жил бүр Монголдоо очиход намайг Андын түвшинд хүлээн авч, сайн нөхөрлөлийг нотолсон Монгол Эр хүн юм. Аягны хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шүү дээ.

Энд амьдардаг манай бага дүү Баярхүүгийнд бид хоёр хэд хоног зочилж, сайн амарч, нутгийн амьдралтай танилцаад, Эдмонтон хотоос Банф, тэгээд цааш Ванкувер хотууд руу нийтийн тээврээр явна гэж төлөвллөө.

Грей Хаунд гэх АНУ-гаас гаралтай нийтийн тээврийн сүлжээ нь энд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд, Дэлхийн нэгдүгээр улс гэхэд тийм ч сайн биш юм.

Замд гарахын өмнөх өдөр Дашийн хуурай дүүгийн найз болох РРР нь энэ хотод машинаа орхисон, түүнийг нь авч явж болно гэж дамжуулахад, бид хоёр өөрийн унаатай болсондоо ихэд баярлаж талархаж байв.

Замын төлөвлөгөөгөө ч шинээр зурж эхэллээ.

Замд гарах намрын сайхан нартай өдөр хотын нөгөө хэсгээс тэрхүү машиныг нь авахаар дүү, найзтайгааа хамт очиход, айлын гадаах зогсоол дээр тоос шороо, шавхаанд дарагдаад удсан, Хонда Сивик гэх жижиг оврын хуучны саарал машин байна. Дотор нь цул тоос. Нилээд удаж дээ. Уг машиныг гэрийнхээ гадаа авчирч, цаг гаруй гадар доторгүй зүлгэж, тоосыг нь сорж, шавхааг нь цэвэрлээд, цүнх ачаагаан арын суудал дээр овооллоо. Ачаанд нь эзнийх нь зүйлс.

Бид хоёр хоюулаа хамгийн сайн андаа хорвоогийн жамаар алдсан болохоор, тэр цагаас хойш бие биетэйгээ илүү их дотно сайн андууд болж, Тангараг өгч, хатуу хэцүүг хамт туулсаар байгаа билээ.

Залуу насны энэ цаг үеэ өндөр бүтээлтэй, хөгжил баясал, аялал, адал явдалтай мөчүүдийг хамт илүү үр дүнтэй өнгөрөөнө гэж бие биендээ амалсан хүмүүс.

Аз жаргалаа хуваалцаж байж, тэр нь таашаал өгнө гэсэн Гүн ухаанд бас хүрсэн хүн.

Сайн найз.

Анд.

Дэлхийн олон улс үндэстнүүдэд Монголчууд бидэн шиг анд нөхөрлөл гэдэг үнэт зүйлээ хадгалж үлдсэн хүмүүс ховор байна. Ихэнх улсад иргэдээ хүүхэд наснаас нь бие даасан, өөрийнхөөрөө, өөрийгөө л гэсэн хүмүүжилд суулгасан байдаг болохоор “Би, Миний орон зай” гэсэн онол тэднийг ганцаардмал болгожээ.

Мэдээллийг атгасан хүн, бүлэг, улс үндэстэн ноёрхох учиртай болсон цаг үед энэ маш аюултай. Удирдахад хялбар.

Энэ аялал бид хоёрын анхных биш бөгөөд өмнө нь Монгол нутгаараа, бас Тайын вант улсын КоФанган гэх аралаар хамт аялаад, ганзага нийлсэн хоёр болохоор, бүх зүйл сайн болно гэдэгт итгэлтэй, гайхамшигтай үйл явдал, адал явдал, дурсамж болох мөчүүдэд бэлэн, хүлээсэн байв.

Энэ аялалд гарахыг 2 жил ярьж, амандаа давтаж, ерөөж байв.

Хүний нутагт өөрийн унаатай болсон хоёр залуу хөөрөөд, Виталий гэх Латви найзын ярьж байсан өвөрмөц замыг сонгохоор шийдлээ. Газрын зураг дээр Эдмонтоноос баруун зүг Жаспер гэх дархан цаазат газрын сууринд очиж нэг хоноод, тэндээс урьд зүг рүү Банф гэх нэр сураг нь л Олон улсад сонсогдоод байдаг аялал жуулчлалын хот, сурагаар Шанду (Xanadu) орж нэг хоноод, Баасан гарагийн орой гэхэд Ванкуверт хүрэхээр шийдэв. Тэнд амьдарч буй Диди найзтайгаа холбогдож, 4 хоногийн дараа Бямба гарагт Монгол залуустай уулзалт зохиох хөтөлбөр ч гаргалаа.

Хол замд явахаас өмнө заавал хоол идэх ёстой гээд нагац эгч Цэцгээ маань сайхан амттай борцтой гурилтай шөл хийж өглөө. Бага дүү маань долоо хоног шахуу идэх хүнсний нөөцийг орос дэлгүүрээс бэлдэж өгсөн болохоор, замдаа өлсөх тухайд санаа зоволтгүй байв.

Замын түргэн хоолноос залхаад, ганцаардлаасаа болж битгэрч, юм идэж чадахгүй болох тохиолдол энэ хол аян замын туршид олон тохиолдоно. Одоо ч гэсэн замд гараа л бол элдэв янзын юм идэхээ байна.

Тогоон дээр хийсэн, гурилтай сүүлтэй шөлний амтнаас илүү өег сайхан амттай хоол Дэлхийд үгүй. Манай махны амтыг ээ. Бидэнд байдаг шиг амттай, эрүүл сайхан хоолтой улс бас л ховор шүү.

Гэрийнхнээ үнсээд машиндаа суух үед цасан ширхэгүүд будран орж эхлэв.

-          Та нар харж байна уу? сонин байгаа биз? Замд гарах болон ирэх бүрд Тэнгэрийн хур тундас бууж хол замыг минь ивээдэг юм гэж би баярлан хэллээ.

Өвлийн улиралд эрт харанхуй болдог тул гэгээ тасархаас өмнө замд гаръя гээд хоюулаа яаран унаандаа сууж, бүсээ бүсэлж, бие биенрүүгээ харж дуугуй инээмсэглээд түлхүүрээ зөөлөн түлхлээ.

15133992_10154032096343202_1296031392_o

Хотоос гарах хурдны замын тэмдэг, чиглэлийг дагасаар Канадын Альберта мужийн төв Эдмонтон хотоос гарч, хөдөө хээрийн хурдны замын чанарын сайхныг мэдэрч, хуульд заасан 100 км-ээс нь хэтрэхгүй дараагийн өртөө рүүгээ чиглэлээ.

Amai (2)

86 улсад аялаад ойлгосон зүйл бол Улс орны хөгжлийг замаар нь харж болно. Зам бол тухайн үндэстний нийгмийн амин судас. Тэр нь бөглөрсөн улс үндэстэн бухимдалтай, бас хямралтай.

Энэ улс бол одоогийн байдлаар миний туулсан 86 улсаас эхний байранд нь байна.

Амьдралаараа ч гэсэн тэргүүлж байна.

Хээрийн замд давхиж байтал будрах цас ширүүсч, цасан шуурга болж эхлэв.

Amai (5)

Сайн замтай газар санаа зовох зүйлгүй байх гэж бодов.

Замын хоёр талаар цас цэвэрлэх машинууд тогтмол зөрж, иргэддээ цаг тухайд нь үйлчлэх гэдгийг үзүүлж байна. Канад улсын ажлын хариуцлага гэдэг ухамсрыг үлгэрчлэн дууриах хэрэгтэй санагддаг юм. Канад Америкт амьдарсан Монгол залуус ч гэсэн ажлын хариуцлага маш өндөр болсон байдаг.

Энэ улсын Альберта муж нь цас хайлуулахдаа давс элдэв янзын химийн бодис цацдаггүйн шалтгаан нь, тэрхүү гадны нөлөө нь нутгийн байгаль орчинд сөрөгөөр үйлчилнэ гэж үздэг явдал юм.

Ухамсартай байгаа биз?

Холыг харж байна. Их хэмжээний давс, химийн бодис эргэн тойрны гол, нуур цөөрөмд орвол сайнгүй.

Манайх химийн бодисыг бол бүрэн хориглох хэрэгтэй санагдаж байна.

Монголын байгальд тэр нь үлдэж, бидэнд болон хойч үед хор болно.

Хамгийн орчин үеийг байгалийн онгон байдалтай хослуулж чадсан Дэлхийн цөөхөн улсын нэг.

Үзэсгэлэнт Канад байна.

Манай наяад он шиг амар амгалан, бас хотын гудамжаар нь үнэг чоно, буга, хэрэм, туулай, шувууун сүрэг амьдарч байгаа харагдана.

Өвөрмөц улс.

Замын нэг дүгээр эгнээгээр явж байсан бид хоёрын араас нилээд урт цуваа үүсч, зарим нь гүйцэж түрүүлж эхлэв. Зам дээр заасан тэмдгээс арав орчим нэгжээр илүү хурдан явж болохыг хажуугаар өнгөрөх машинуудаас анзаарлаа.

Гадаадад явахдаа дүрэм журмыг нь дагаад явах Бидэнд өлзийтэй.

Асуудалд орвол ямар их төвөг, түгшээ, төлбөр болно гэж санан аа?

Бид хоёрын машин 80 аас дээшилбэл бага зэрэг чичирч байв.

Хонда машин алдартай шалтгаан нь Мотор нь гэсэн. Мотоцикл үйлдвэрлэдэг байсан компани томроод машины зах зээлд өөрийгөө илэрхийлсэн зүйл нь энэ машины мотор.

Хоёр жилийн өмнө яг энэ төрлийн машин өвөл унаж байсан болохоор танилцах шаардлаггагүй.

Сайн машин.

Өөрөөсөө том ачааг арай ядан, гэхдээ мятрашгүй зөөж чаддаг жижиг авсаархан мотор гэж би тодорхойлно.

Энэ төрлийн машиныг анх жолоо сурч байгаа хүмүүст зөвлөнө.

Анх сурахад мотор, хүч чадал гэдэг зүйлийг энэ машин дээр мэдрэнэ.

Шуурга улам ширүүсч, хажуугаар өнгөрөх ачааны том тэргүүдийн дугуйны цас машиныг бүрэн булж, зарим үед зам харагдахгүй шахуу хүнд нөхцөлд орж эхэллээ.

Хайран угаасан машин гэж бодов.

Замаар асгасан жижиг чулуунуудтай шороо урьд машины дугуйнд шидэгдэж, шил хагалах аюултай үед гараараа шилэн дээрээ дотроос нь тулж хамгаалж байв.

Цонх арчигч цас шавхааг цэвэрлэж барахааргүй болж эхлэх үед, хэд хэдэн удаа замаа харахгүй хазайлаа. Байдал амаргүй болж эхэлсэн тул хурдаа сааруулахаар тормоз дээр бага зэрэг гишгэх үед унаа жолоогоо алдаж, арай гэж мушгиж буцаан хэвэнд нь оруулав.

Дотоодын цэргийн авто сургуулийн багш байсан Нямбуу талийгч өвөөгийн маань өвлүүлсэн зөн совин байх.

Сая юу болов оо? гэж сандрах үед ходоодны тэр хэсэгт нэг юм маш хүчтэй чангарлаа.

Зүрх ч савлах шиг.

Ямар аз болж жолоогоо хоёр гараараа атгаж явбаа гэж бодлоо.

Нүдний өмнүүр олон жилийн өмнөх үйл явдал жирилзэв.

Ийм хүнд үед дандаа нүдний өмнүүр өнгөрдөг.

Аав Ээж, Өвөө, Эмээгээн дагуулаад нисэхийн зүг жолоо барьж байв.

Их халуун, бөгчим өдөр.

Зуу гаргаад давхиж эхэлтэл гэв гэнэт баруун урд дугуй тэсэрч, машины жолоо нэг тал руу маш хүчтэй эргэлээ. Аз болж хоёр гараараа хариуцлагатай барьж явсан болохоор арайхийн замын хажууруу гарч зогссон билээ.

Ямар аз болж хоёр гараараа барьж явбаа гэж амандаа бувтнаж хэсэг зүлгэн дээр суусан аа санаж байна. Тэр цагаас хойш машин гэх таамаглашгүй техник барихдаа дандаа хоёр гараараа тэнцүүлдэг болсон. Ялангуяа хэн нэгнийг машиндаа тээвэрлэж байгаа үед замаас хараа салгах ёс үгүй.

Гэр бүлийнхээ 3 үеийг тээж явсан тэр өдрийн сургамж миний амьдралыг дахиж нэг аварлаа.

Манай хөдөө шиг хаа хүссэн газраа машинаа зогсоож болдоггүй хуультай улсын хурдны зам дээр хаяа таардаг машины зогсоол руу дохиогоо өгөөд, орж зогсох үед нилээн шаравлаа.

Бага зэрэг сандарсан байсан болохоор бууж, хөлний чилээгээн гаргаж машинаа тойрлоо.

Доошоо нэг шагайлаа.

Дөрвөн дугуйгаа өшиглөж хийн байдлыг үзэхдээ урьд дугуйнууд хээгүй шахуу зуны дугуй байгааг анзаарлаа.

Өөөөө яана…

Зуны бас хээгүй шахуу дугуйтай цасан шуурганаар явж буйгаа дөнгөж сая л мэдлээ.

Канадын Альберта мужийн намрын сүүлийн өдрүүд.

Энэ хүртэл асуудалгүй явсан нь хүчээ зөв тохируулсанд оршиж байгаа байх.

Монголд үүнээс аймаар цаг агаарт, үүнээс муу замаар, үүнээс муу машинтай яваад хүрэх газраа хүрээд байдаг болохоор нээх сандарсангүй.

Харин дараагийн өртөө хүртлээ яаж ийм машиныг барьж явна аа гэж төвөгшлөө.

Ямар олон удаа найз маань намайг хаа нэгтээ амар хүргэхийн тулд хичээж байв аа? Одоо өөрийнхөө ээлжинд намба алдаж болохгүй гэдэг зүйлээ л санах хэрэгтэй гэж бодов.

Нийтийн тээврээр явах бодолтой байсан хоёр, унаатай болсондоо хөөрөөд, машиныхаа гадна дотрыг цэвэрлэж байхдаа дугуй, моторын тос, дугуй сольдог багаж болон бусад зүйлийг шалгаагүйгээ сая л ойлголоо.

Залуус хөөрөхөөрөө эвгүй шүү J.

Ан гөрөөнд явж буй залуус заавал ахмад насны хүн авч явдагийг сая нэг саналаа.

Машин зогсдог газруудад нийтийн бие засах газарууд байршуулсан нь зөв байна.

Amai (4)

Тэр газрууд нь цэвэрхэн байна. Эргэн тойронд нь ч цэвэр. Канадууд улс орон, байгаль орчиноо хайрлан хүндэлдэг Нэгдэлтэн улс байна.

Биднээс өмнө ирээд зогссон ачааны тэрэгиний жолооч дээр очоод, өндөр даваанууд байгааг эсэхийг асуухад, ойр нэг л даваа буйг олж мэдлээ.

Amai (3)

Мотороо шалга гэсэн шар гэрэл урьд дэлгэц дээр ассан байгааг бас дөнгөж анзаарлаа.

Зам зуур байх нэгэн жижиг суурингийн шатахуун түгээх дээр хүрээд, урьд хамраа сөхөөд, тос хэмжигч төмрийг цэвэрлэж оруулаад, тосны төвшингээ харахад маш бага байв.

Amai (1)

Бархираад байсан нь тосгүйгийнх байж гэж бодлоо. Улс бүр өөр өөрийн загвар хэлбэр, нэр, хэмжигдхүүнтэй техникийн бүтээгдэхүүн хэрэглэдаг тул дэлгүүрийн хүнээс нь ямар тос байгааг асуув. Худалдагч хүүхэн гарч ирээд миний машины тосны таган дээрх дугаарыг хараад орлоо. Энэ улсын машины тосны таган дээр ямар тос хийхийг бичээд тавьсан байна. Энэ улс нэг стандарттай байх. Маш зөв байна гэж бодлоо.Тосоо авч мотортоо хийгээд, хэмжигчээр шалгахад болсон байв.

Эргээд хол замдаа гарлаа.

Холын адал явдалт зам дөнгөж эхэлж байна.

Хонда Сивик гэдэг бол уралдааны машинд суусан юм шиг намхан тэрэг.

Харин хажуугаар дандаа Жийп, Ачааны тэргүүд.

Найзын цамцан дээр томоос том Ferrari  лого байсан болохоор, бид хоёр машинаа тэгээд нэрэлчихлээ.

Дугуй зуных гэдгийг мэдсэн үеээс хойш хурдаа багасгаад 60 тай явахад тухайн замд нэг их содон харагдахгүй байв. Ачааны тэргүүд л хурдаа огт сааруулахгүй давхисаар. Асуудал болвол тэд зогсох ямарч аргагүй. Гэхдээ олон жил машин барьсан хүмүүс мэдэж байгаа шүү дээ. Замд осол хийсэн ганц л ачааны тэрэг харсныг бодохлээр энэ улсад машин барих чадвар үнэхээр өндөр байна. 100-гаас 140- ийн хурдаар явах энүүхэнд. Бараг тогтмол.

Техниктээ сайн итгэж, хөлөг морио магтаж явах нь өлзийтэй болохоор бид хоёр ёсоо дагаж явав.

Хажуугаар өнгөрөх ачааны тэргүүдийн чулуунаас шилээ хамгаалж, цасан шавхайнд харагдахгүй болсон шилээ цэвэрлэх явцдаа шугам нь харагдахгүй цасан зам дээр чигээ алдахгүй явна гэдэг шөнийн цагаар, шуурганаар тун амаргүй байлаа.

Тос хийж хөдлөөд удаагүй байтал дэлгэцэнд дахиад нэг гэрэл асчихлаа.

Ямар учиртай тэмдэг болохыг ойлгосонгүй.

-Юу? Дахиад гэрэл үү? Яасан юм бол оо? Өртөө хүртэл гайгүй байгаа даа? гэсэн бодлууд толгойноос гарахаа байлаа. Буруу тос хийчихсэн юм болов уу ч гэж бодлоо. Нэгэнт замд гарсан болохоор хүрэх цэг рүүгээн гүрийх л хэрэгтэй.

Огцом эргэлт, гэрлийн дохио ховор, сайн чанарын хурдны замаар явсаар Жаспер гэх дархан цаазат газрын шалган нэвтрүүлэх дээр ирлээ.

Энэ зам дархан цаазат газрын нутгаар өнгөрч байгаа болохоор, зарим нэг анхааруулга, дүрэм журам үйлчилнэ. Тэрэлж орох зам дээр шалган нэвтрүүлэх байна. Зураг бичлэг хийнэ, татвар авна, жолоочтой харилцаж байдлыг нь хянана гээд төсөөлөөрэй.

Оройн цагаар ажилладаггүй бололтой. Хүн байсангүй. Аяллаа бид үргэлжлүүллээ.

Яваад удаагүй байтал эргэн тойрны байгаль өөрчлөгдөж эхлэв.

Өндөр шовх оргилтой, хад, тайга ой хосолсон тэнгэр тулсан уулнуудын эхний хэсгийг мэдэрч, нэгэн нуурын эргийн хажууханд зогсож байгалийн анир чимээгүйг хүртэв.

Нутгийн иргэд цаг агаар, цаг хугацаа, төлөвлөлт гэдэг дээрээ маш их ач холбогдол өгч, иймэрхүү цаг агаарын онцгой үйл явдлын үеээр хол замд гардаггүй болохоор зам дээр унаа бараг байхгүй. Бид хоёр гэдэг хүн цаг агаарын мэдээ ч харалгүй, хөөрөөд гарсан болно.

Сарны гэрэл дор шовх, цагаан өнгөөр будагдаж эхэлсэн оройтой, тайга ойтой уулсын дундуур нэвтрэх үед үлгэрийн оронд ирсэн юм шиг л мэдрэмж хүртэж эхэллээ. Хойд туйлын сэнгэнсэн цэвэр агаар.

Өнөөдөр орж эхэлсэн өвлийн цасан шуурга эргэн тойрныг цав цагаан өнгөөр будсан, тэр нь сарны гэрэлд ойж харагдах тэр зураг, гоо үзэсгэлэн, мөч.

Бид хоёр замаас гарч зогслоо. Нэг талд талд ой. Шигүү ой. Нөгөө талд сарны туяа туссан нуурын хөвөөн. Машинаас гарахдаа -Би энд байна шүү, холуур байгаарай гэдгийн нутгийн араатнуудад сануулаад, хашигирч орхилоо. Энэ ойн хөвчөөс юу ч гараад ирж болох юм.

2 жилийн өмнө энэ замаар Ванкувер луу явж байсан болохоор, өөрийн унаатай болсон үедээ энэ замыг анддаа үзүүлэх нь чухал гэж бодсон юм.

Өмнө удаа энд явж байхдаа замын хажууд зэрлэг аргалийн сүрэг бэлчиж байхыг хараад гайхсан. Хүмүүсийг тоох ч үгүй. Жаспер бол үнэхээр байгалийн гоо үзэсгэлэнгийн цогц мөн байлаа.

Монгол хүн энд ирвэл алмайрна. Сайхан нутаг.

Уулын дундах замаар GPS-ээ дагаж явсаар Жаспер өртөөнд ирлээ.

Amai (6)

Төв болон хоёр дугаар гудамжаа дагаад барьсан цөөн тооны дэлгүүр үйлчилгээний газруудтай, манайхаар бол сумын төв шиг галт тэрэгний өртөөн дээр ирлээ. Аялал жуулчлалыг хамтын хүчээрээ дэлгэрүүлж, эдийн засаг, нийгмийн асуудлаа шидэж чадсан өртөө, суурин.

Гар утсан дээрээ суулгасан газарзүйн байршлын апп, боломжийн буудлын өрөө захиалгыг wifi ийн хажууд гүйцэтгэж, Мотель гэхээр буудлын өрөө авлаа. Өдийд жуулчны урсгал буурдаг үе гээд ихэнх газар хаалга аа барьсан байна.

Нийтийн саун, бассентэй,(Нийтийн бассейн хэрэглээд, дараа нь заавал биеэ угаах хэрэгтэйг санаж явах) өглөөний цайтай, өрөөндөө хоёр ор, ширээ, зурагт, тачигнадаг хөргөгч, жижиг вантай шүршүүр, суултуур, том толь, ариун цэврийн хэрэглэлүүд. Хоёр ширээний хооронд цаг, сэрүүлэг, fm радио, хөгжим тоглуулагч төхөөрөмж, тэгээд гэрэл. Байдаг л жирийн буудал. Нутгийхаар 80 орчим ногоон, өнөөгийн манайхаар 120 мянга төг.

Нилээд ширүүн өдөр байсан болохоор, орондоо орж, fb-гээ шалгаад тэгээд унтлаа. Харин найз маань Монгол дахь ажлын цаг эхэлсэн болохоор ухаалаг утасаар ажилаа хийж, онлайн хурлаа зохион байгуулж байв.

Amai (17)

Өглөө сэрэхэд найзын ор засаастай, гадагш гарсан бололтой байв. Нэтрүү ороод сүлжээнд байгааг үзэхэд алга байв. Цүнхээ баглаж, машиндаа суугаад, өрөөг нь хүлээлгэн өглөө.Суурингийн хоёр гудмын зах хүртэл нь тойроод Дашийг олсонгүй. Буудал руу буцаад явсан юм болов уу гээд буцаж байхдаа түүнтэй таарлаа.

15871392_10211244318681154_356342321_n

Өчигдөр жолоо барьж явсан болохоор намайг унтаж амраг гээд хоттой танилцахаар ганцаар гарсан гэнэ. Жоохон өртөөнд Дэлхийн янз бүрийн үндэстний жуулчид ирж, уул руу алхаж, цанаар гулгаж, эсвэл хотын худалдааны төвүүдээр стресээ тайлж худалдаа хийдэг юм байна гэнэ.

Amai (16)

Бүх төрлийн буудлууд, хоолны газар, хувцас, соёл дурсгалын дэлгүүрүүд…

Цааш зам хэр байгааг асуухаар Жаспер суурингийн жуулчны төв рүү ороход, тохижилт сайтай, үйлчилгээ, мэдээллийн олон төрлийн сувгуудтай газар байна.

Манай сумын айлууд нэгдээд ийм аялал жуулчлалын төвүүд байгуулвал ямар олон ажлын байр, бүтээн байгуулалт, хөрөнгө ашиг олох болоо. Заавал хүүхдүүдээ хот их газар, гадаад руу “цөлөхгүй”, ам бүл элэг бүтэн эх нутагтаа амар амгалан амьдралаа үргэлжлүүлнэ шүү дээ.

Amai (19)

Дотогш ороход өөдөөс соёлтой мэндчилж, яаж туслах вэ? гэж эелдэг хэлсэн эхний хүн дээр очоод замын нөхцөл байдлыг асуулаа.

-Ванкувер хотод зогсолтгүй бороо орсон болохоор Жаспер суурингаас  тийш чиглэсэн зам цасанд дарагдсан, цэвэрлэж байна. Том тэргүүд л явах боломжтой. Жаспераас Банф ордог зам бас өчигдрийн гэнэтийн цасан шуурганаар дарагдсан, цэвэрлэгээний ажил ид явагдаж байна. Өглөөнөөс хойш тээврийн хэрэгслүүд олноор замаас гарсан гэсэн мэдээ авч, манай үйлчилгээний чирдэг машинууд бүгд тийшээ хөдөлсөн. Маргааш замыг бүхэлд нь хааж, тэсэлгээ хийж аюлгүйн үүднээс цасыг нь буулгана. Гэлээ.

Маргааш энэ зам хаагдахыг ойлгосон би -Манай жижиг машин явах болов уу?

Аль машин? гэж цонхоор хараад, манай Ферариг чадахгүй байх гэж шууд оношиллоо.

Газрын зураг гаргаж ирээд, энд бас тэнд хоёр удаа 2000 м өндөр давааг давна. Бид та нарт хориглох эрх байхгүй, гэхдээ буцаж Эдмонтон ороод урьд хурдны замаар явсан нь дээр дээ гэж зөвлөе гэв.

1 зам. Машинаа энд орхиод нийтийн тээврээр замаа үргэлжлүүлэх.

2 зам. Өндөр уулсын дундуур өнгөрөх, цас мөсөнд дарагдсан байж болох  Банфын зам.

3 зам. Цас цэвэрлэгээ эд явж байгаа Ванкуверийн зам

4 зам. Эргээд Эдмонтоноор урьд замыг сонгох.

Хоёр гэрэл нь ассан, цасан дундуур явах амаргүй ч орхиж болохгүй. Хүнээс авсан бол байсан газар нь хүлээлгэн өгөх нэг бол байгаа газар нь хүргэж өгөх ёстой.

Буцаж Эдмонтон орвол 600 м нам газар өчигдөр шөнийн цас өнөөдөр хайлж, өдийд мөс болно. Явахад хамаагүй төвөгтэй байна. Бас Эдмонтон хүрэх үед бага хурдаар болгоомжилж явах бид хоёр ядарч, тулдсан байх тул, тэнд хонож нэг өдөр алдана. Тийм цаг бололцоо бидэнд байхгүй.

Шууд Ванкувер явдаг замыг 2 жилийн өмнө Ганаа ахаар хүргүүлж байхдаа мэдсэн болохоор, нэг их төвөгтэй бишийг нь мэднэ. Гэхдээ өнгөрсөн шөнө орсон цасан шуурга баруун бүс рүүгээн илүү их байгаа. Жилийн хагаст бороо манан, цасан шуургатай байдаг бүс нутаг шүү дээ.

Харин шууд Банф ордог замаар Дэлхийд ховор байгалийн гоо үзэсгэлэнг үзнэ гэж хэд хэдэн хүнээс сонссон болохоор анхаарал татаж байлаа. Даан ч байгаа техник, бас цасан шуурга.

Яах вэ?

“Дассан газрын даавуу зөөлөн” гэдэг шиг Эдмонтон руугаа буцъя даа гэж бодлоо.

Найзын эхнэр, хүүхэд нь надтай явааг мэдэж байгаа болохоор, санаа амар байгаа. Би ч гэсэн найзыгаа хариуцаж яваа болохоор аюулгүй байдлыг хамгийн түрүүнд хангах шаардлагатай.

Суурингаас гарч, Эдмонтоны зүг явах гол замын хажуух зогсоол дээр огцом зогслоо.

Бодлоо…

Буцаж болохгүй, нэг өдөр алдана, бас маш хол замын эхэнд ядрана.

-Монгол хүн юу билээ? Бууж өгнө, ухрана гэж байхгүй тэ? гэхэд Анд маань бас хөөрч,

- Тийм ээ, ухрана гэж байхгүй! гэж дэмжээд, намайг хөөрөгчихлөө.

Машинаа унтраагаагүй байсан болохоор, араанд нь хийгээд, огцом бүтэн эргэж, Банф явах замруу чиглэлээ. Найз утсаа асааж, GPS-эндээ хүрэх цэгээ оруулж, бид хоёр үл мэдэх тэр зам руу орлоо.

Ийм машинтай уулын дундах замаар явах санаа анхнаасаа “солиотой” байсан юм.

Цасан шуурганаар ч , дараа нь ч гэсэн эвгүй.

Хэрвээ буцах болбол найзынхаа өмнө нүүрээ алдана.

Нөгөөтэйгүүр шал дэмий энд ирж, зардал чирэгдэл, цаг хугацаа алдсан болно.

Цаг хугацаа бол ялангуяа замд яваа хүнд маш чухал, бас их үнэ зардалтай шүү дээ.

Нүүдэлчдийн түүхэн дахь хамгийн хол замыг туулж чадсан, хамгийн мэрэгжсэн замч хүн хамгийн сайн найздаа юмыг нь бүрэн үзүүлж чадахгүй бол онигоо шүү дээ гэж өөрийнхөө шийдвэрийг зөвтгөх олон шалтгаануудаа бодох зуур, Банф ордог замын уулзвар дээр ирлээ.

Хоёр талаараа цасанд дарагдаж, үзэсгэлэнт цагаан баримал болсон ойн харуулуудын дундуур, шөнө орж, өдөр хайлаад, эргэж хөлдөж амжаагүй цасархаг хоёр эгнээ замаар явлаа.

Найз  маань зураг бичлэгтээ анхаарч, харин би замаа хэрхэн гүйцээх тухай бодож байв.

Улаанбаатар хот маань 1300м өндөрт оршдог болохоор 2000 метрийн өндрийг замаараа туулна гэдэг нэг их өндөр хол санагдахгй байв, гэхдээ 600 метрээс 2000 м руу өгсөж, дараа нь далайн эргийн Ванкувер хотруу бууна гэдэг эвгүй.

Бас цасны хүйтэн дөнгөж ноёрхсон бүсээс, тэнгэр багандсан уулсыг туулж, далайн эргийн чийглэг, тогтмол бороотой бүсэд очно гэдэг дахиад л тив алгассан цаг агаарын урсгалыг туулах хэрэг гарна.

Цагаан арьст хүмүүсийн амьдардаг бүсээс Ази хүмүүсийн бүсэд ирнэ гэдэг бас л сонин.

Өмнө Жаспер болон Банфын дархан цаазат газруудыг туулж байсан болохоор энэ удаа нэг их гайхширсангүй, харин найз маань үзэж буйдаа итгэхгүй байхаар өвөрмөц байгалийн гоо үзэсгэлэнг мэдэрч, зураг видео хийж байв.

15909587_10211244320441198_2108366333_n

Хэтэрхий олон зүйл үзсэн хүн юмнаас уйдаж, сонин биш болох тэр цаг дээрээ яваа миний хувьд найзын баярлаж буй тэр мэдрэмж намайг бас баясгаж, цэнэглэж байв.

Дэлхийн хамгийн олон жийптэй бүсэд жижиг машинд чихэлдэн суусан хоёр Монгол.

Amai (7)

Хэсэг явахад ард хоёр гурван машины цуваа үүснэ, зогсоол руу эргэж тэднийг өнгөрөөж тэгээд замаа үргэжлүүлнэ.

15841654_10211244336161591_1518787874_n

Хоёр том уулын дундуур урсах голын харалдаа нэгэн зогсоол дээр зогсож, найз маань уул усандаа өргөл барья гээд, машинд байсан цагаа идээ, ааруулаа бид хоёр гартаа атгаж, дөрвөн зүгт өргөлөө. Аялж буй улсынхаа байгаль дэлхийдээ өргөл өгч, залбирч байх ёстой гэх Аав, Ээж, Өвөг дээдсийнхээ захиасыг дагалаа..

Аян зам өлзийтэй сайхан байг, байгал дэлхий өршөөж хайрла… гэж амандаа уншлаа.

Эргээд машиндаа сууж аянаа үргэлжлүүллээ.

Amai (10)

Хол замд хэрүүл хараал, хов жив, хорон муу үг, утга санаа хэлж бүр огт болохгүй. Зөвхөн ерөөл магтаал, сайхан үгс.

-Эргэн тойрны байгалийн гоо үзэсгэлэнг ээ.

Аугаа бүтээлчийн зургийн үзэсгэлэн дотор нь япон машинтайгаа аялж байгаа мэт.

Энэ сайхан байгаль дундуур жолоо барин, явна гэдэг ямар том жаргал вэ.

Amai (9)

Шуурганы сургаар энэ замын хөдөлгөөн ч бас намжсан байна.

Канад улсад анзаарсан бас нэг зүйл бол жолооны ард яваа үедээ дуут дохион чимээ бараг сонсохгүй. Иргэдийн амьдрал тайван, хүмүүс соёлтой байгаагийн шинж.

Дөнгөж өвлийн дээлээ нөмөрсөн Дэлхийд алдартай Жасперийн Дархан цаазат газрын байгалийн гоо үзэсгэлэнг дүрсэлж хэлэхийн аргагүй. Үзэж байж л итгэнэ.

15152529_10210755898190947_1757330620_o

Нөгөө өндөр даваа нь хаа байгаа бол оо? гэж санаа зовон,уулын хажуугаар зассан, цасанд дарагдсан замаар үргэлжлүүлэн явж байтал нэг давааны цаанаас зам огцом дээш чиглэв.

-За, нөгөө өндөр даваа нь энэ байна.

-Сандарч болохгүй.

Хэрвээ замын голд хүчээ алдаж, дугуй зууралдахаа болих юм бол.

Арагшаа, уулын ёроол хол.

Хоёр гараараа байдгаараа жолоог чанга атгаж, зам дээрх машиныхаа хүчээ мэдэрч, хөлөөрөө хаазаа бага багаар нэмлээ.

Моторын хүч хэрхэн чангарч байгаа нь дуулдахын хэрээр өмнө харагдаж буй хоёр гэрэл санааг минь зовоож эхлэв.

үргэлжлэл бий…

Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)

#1

Ayan zam ni olziitei baih boltugai ta 2-iin maani.
Shimten unshij duusgalaa :)

Deegii wrote on 2017/01/04 - 21:32
#2

Сайн явцгааж байна уу? үргэлжлэл нь хэзээ орох вэ хүлээгээд л байна. Алтан шар зам нь өлзийтэй байга ээ :)

tselmeg wrote on 2017/01/10 - 19:18
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.