WP_20141209_007

2014 оны 12 сарын 10
Монгол Бадарчин 4-р аян, 79 дахь улс, Төв Америкийн Белиз-ын Кай Колкер (Caye Caulker) арал дээр.
Төв Америкийн Белиз улсын Кай Колкер гэх Дэлхийд цуутай Карибийн тэнгэсийн арал дээр 7 хоноод, эргээд замдаа гарах мөч ирэв.
Цүнхээ баглаад, буудлынхаа үүдэнд гарлаа.
Хөх тэнгэр, хязгааргүй тэнгис.
Гадаа нар халаад, бөгчим байна. Аяллын хугацаанд олон удаа өөр өөр цаг агаарын хооронд үсрэлт хийдэг болохоор өвлийн хүйтэнд бэлдсэн байсан Монгол хүний бие зуны айгам халуун нутгийг туулсаар байна.
Энэ халуун бүсийг туулаад, дараа нь өвлийн яхир хүйтэн бүс рүү эргээд орно.
Манай буудалд буусан жуулчид, болон нутгийн залуус далайн эрэгт усанд сэлэхээр явцгаажээ.MB4 nom poster

(Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, нэгдээрэй facebook : Цаг Хугацаагаар)

Буудлынхаа төлбөрийг төлж, талархал илэрхийлээд, уртаашаа 8 км, өргөөшөө 1.5 км өргөнтэй, тропик байгалтай Карибын тэнгисийн Кай Колкер арал дээрхи сүүлийн мөчөө гүнзгий амьсгалж мэдэрлээ.

Аль нэг хөдөөний суманд байгаа юм шиг.
Одоо өмнө зүг явахын тулд Гуатемал улсаар дайрна, дараа нь Сальвадор, Хондурас, Никарагуа гэдэг илүү сонин, адал явдалтай бас аюултай даваанууд хүлээж байгаа. Зарим улсад иргэний дайн шиг нөхцөлтэй байгаа гэсэн.

WP_20141209_010

Тунгалаг хөх өнгөтэй тэнгэсийн эрэг дээрх усан зогсоолд, унаагаан хүлээж хэсэг зогслоо. Дан жуулчид. Ийм жижигхэн газар хэрнээ ийм олон жуулчдыг татдаг. Өвөрмөц бүс байна шүү.

WP_20141209_013

Хэдхэн хоногийн өмнө Кубын арал дээр, одоо Карибын тэнгэсийн жижиг арал дээр амьдарч үзлээ. Нэг нь испани латинаар, нөгөөх нь англиар ярьдаг улсууд.

WP_20141209_011
Улам бүр холдож буй арлыг, ойртон дөхөж буй Хойд Америк тивийг харж суухдаа өмнө туулсан олон нутгуудтай харьцууллаа. Яагаад ч юм Африк тивийн баруун эрэг хавиар байгаа юм шиг санагдаад байна. Цаг агаар, эргэн тойрны хүмүүс, байгалийн бүтэц.
Белиз улсад Англи, Африк, Латин, уугуул Маягийн удмынхан хамтран оршин сууцгааж байна.
Анх энэ хотод буугаад төв гудмаар нь алхахдаа Афрочууд зонхилж байгаа санагдсан.
Английн хатан вангийн нөлөөтэй, англи хэлээр ярьдаг “шинэ ертөнцийн” дараагийн энэ улсад нутгийн уугуулууд бараг анзаарагдсангүй.
Эдийн засгаа бас хөлөн дээр нь зогсоож амжаагүй улс байна гэж санагдлаа.
Колоничлолоос өмнө оршиж байсан Маяа-чуудын соёл иргэншлийн үед энд сая гаруй хүн амьдардаг байсан гэнэ. Одоо Белизчуудын хүн ам нь ердөө 370 000 гаруй. Олонх нь дүрвэгсэд буюу Европ, латин, африкчууд. Нутгийн иргэд нь цөөнх. Маяагийн тэр отм соёл иргэншил яасан юм бол оо?
Арлаас холгүй орших “Их Цэнхэр нүх” гэх нэртэй ЮНЕСКО-гийн хамгаалтад буй байгалийн өвөрмөц зүйлийг энэ удаа үзье гэж зорьсонгүй. Энэ удаа тус улсын аялал жуулчлалын урсгалыг нь сонирхлоо. Дараа дотны хүндээ тэр дэлхийг гайхшруулсан сонин үзэгдлийг үзүүлнэ ээ.

Huh nuh
Байгалийн тэр өвөрмөц нүхийг нүдээрээ үзэхээр ирсэн жуулчид нийт зочдын олонх байна. Бас карибийн тэнгэст сэлэх гэсэн, арал дээр биеэ шарж дулаацах гэсэн жуулчдын хөл өвөл ч тасардаггүй газар байлаа.
Белиз улсын нийслэл Бельмопан нь тэнгэсийн эрэг дээр байрладаг, шинэхэн түүхтэй жижигхэн суурин гэж хэлж болно. Англи колони байсан болохоор амьдралын загварын нь бас адил.

WP_20141202_048

Завь эрэг дээр ирж, долоо хоногийн өмнө, арал руу хөдөлсөн тэр л газартаа эргээд буулаа.
“Эх газар сайхан шүү”. Монгол хүн болоод ч тэр үү, далай уснаас холдохлээр санаа амар болох юм.
Хот, машин тэрэг гэж ийм их чимээтэй байдаг бил үү гэж сэтгэлд бодогдохоор нам гүм арал дээр амьдарсан байна.
Одоо цагт интернэтийг зөв хэрэглэвэл Дэлхийн мэдээллийн сангаас хүссэн зүйлээ төвөггүй олчихдог болсон бөгөөд гар утасныхаа GPS-ийг ашиглаад, дараагийн улс Гуатемалын элчин сайдын яам энэ хотын хаа байрлаж буйг тодорхойлоод, тэр зүг алхлаа.
-Ажил тарахаас нь өмнө визээ авчихвал өнөөдөртөө 80 дахь улс Гуатемала руу ороё гэж бодов.

WP_20141209_024
Белиз улсын нийслэлийн гудмаар алхаж явахдаа, энэ улсын онцлогийг мэдэхийг хичээлээ.

WP_20141209_022

Төв гудамж дахь барилгуудыг анзаарахад, Африк тивд Английн колони байсан улсуудын хотын загвар санагдуулам. Франц, Испани, Португальчуудын колони байсан улсууд өөр өөрийн гэсэн өвөрмөц төрхтэй.
Манай альч хотод Зөвлөлт Холбооны улсын нөлөө илт харагддагтай адил.
370 000 гаруй хүн амтай улсад нийслэлийнх нь амьдрал намуухан. Бөгчим халуун агаараас болж хүмүүсийн байдал нозоорсон, хаа явсан газраа хөгжим тоглож, бүжиглэх дуртай хүмүүс шиг байна.
Монголд ид гурван ес тачигнаж байхад, энд халуунаас бачуурмаар.

WP_20141209_029
Африкаас Боолчлогдон ирсэн хүмүүсийн олонхи нь өөрийн төрсөн нутаг, үүсэл гарал, хэл соёлоо мэддээггүй болохоор Африкийг гэж ерөнхий нэрээр өөрсдийгөө тодорхолдог бололтой. Тэд хэдэн зуун жил зовсны эцэст эрх чөлөө тусгаар тогтнолоо олж, уламжлалт урлаг соёлоо хадгалж, шинэ эх орондоо хөгжүүлэхийг хичээж байгаа нь энэ шинэ ертөнцийн өвөрмөц чанар. Нутгийн хүмүүсийн ярьж буй англи хэлийг сонсохнээ Африкийн Либерийн Крёол англи хэлтэй төстэй.

WP_20141209_036
Дараагийн 80 дахь улс Гуатемалын ЭСЯ-ны үүдээр нэвтэрч, баримт хүлээн авах цонх руу паспорт, өөрийн нэрийн хуудас болсон “Дэлхийн Нэг Өдөр” номын хамт шургууллаа.
Хэт удаан алс замд явахад гадаадаар ярихаасаа залхдаг үе байдаг юм. Хүний нутагт удаан амьдарсан Монгол хүмүүс үүнийг сайн мэднэ. Үг авиа, хэллэг бүх юм өөр. Хоол унд, цаг агаар, шашин шүтлэг, амьдралын үнэт зүйлс нь бас өөр. Тийм амьдралд удаан байхад маш их тэсвэр тэвчээр шаардагддаг юм.
Гэхдээ монгол хүн бууж өгдөггүй шүү дээ.
Олон жил үргэлжилж байгаа аян замын туршдаа, дуугуй бясалгал буюу юу ч ярихгүй, эргэн тойрноо ажиглаж, өөрийгөө сонсож явах дасгалыг хэд хэдэн удаа хийсний нэг нь энэ үе байлаа. Надтай юм ярих гэсэн хүүхэнд цаасан дээр -Ярихгүй, Монголын жуулчин, Панам хүртэл аялна гэж англиар бичээд өглөө. Хүүхэн бичиг баримтыг цааш өрөө рүү авч ороод удалгүй, төлбөр нэхлээ. Заавал ногооноор төлнө гэнэ.
Ойр орчим мөнгө солиулах газар байгааг нутгийн хүнээс бичгээр асуухад, хоёр булангийн цаана хятад дэлгүүр байгаа, тэнд солиулж болно гэв. Америкаас гараад дан испани хэлтний нутгуудаар явж байгаад, англи хэлний бүсэд орох сонин юм. Латин хэлээр ярьдаг олон улсын дунд ганцаараа англиар ярьдаг байх төвөгтэй болов уу…
Цайны цаг болохоос өмнө төлбөрөө төлөөд визээ авах хүсэлтэй байсан тул нөгөө дэлгүүр лүү хурдан очлоо. Урьд зүгийн царайтай хүн байна. Ханзу (хятад) хэлээр намайг хаанаас ирснийг асуухад хэлгүй гэж дохилоо.  Доллар солих хэрэгтэй гэхэд намайг энд ирсэн шалтгааныг аль хэдийнээ мэдэж байв. Дэлхийн олон улсад гадны мөнгө солих хэрэгтэй бол хятад цайны газар эсвэл дэлгүүрт нь солиулдаг.
Элчин сайдын яаманд эргээд ирэхэд, цайндаа гээд хаасан байлаа. Хүлээж байгаад мөнгийг нь төлөөд визээ дарууллаа. Гуатемал улс нь Сальвадор, Хондурас, Уругвай улсуудтай нэг визний бүсэд оршдог гэж сонссон. Энэ визээр бусад улсуудыг туулж болох уу? гэж бичгээр асуухад, асуудалгүй гэж тайлбарлав.
Уртаашаа, өргөөшөө 300х100 километрийн хэмжээтэй улсад юм бүхэн ойр санагддаг тул хилээр гарахаасаа өмнө энэ улсад байгаа Маяачуудын хуучны туурийг нь үзье гэж шийдлээ.

WP_20141209_056
Европчууд хойд болон өмнөд Америкийг эзлэхдээ, Африк тивийг колончилсон туршлагаа хэрэглэсэн мэт. Нэг овог аймгийг хооронд нь хэд хувааж, өөр өөр улсууд авсны нэг жишээ энд байна. Түүхэн явцад бүрэлдэн тогтсон ураг холбоо, овог аймгуудыг салгаж, бусад аймгуудтай хольсон нь одоогийн Африкийн иргэний дайн болон дотоодын хямрал болж буй гол шалтгаан гэж анзаарсан. Харин Америк тивийн улсуудыг ажиглаад байхад нутгийн уугуулуудад ямар ч боломж олгоогүй. Дэлхийн цагаачид эзлэн сууршсан.

WP_20141209_066Автобусын төв буудлаас Алтун Ху гэх Маягийн археологийн газар хүрэх унаа байгааг асуухад, хажууханд нь өнгөрөх автобус цагийн дараа хөдлөнө гэв. Тасалбарыг нь аваад хажуу сандал дээр сууж байтал арал дээр танилцсан Ирак гаралтай Шведийн иргэн бүсгүйтэй таарлаа. –Би ярихгүй, бясалгалд орсон, цаасаар л харьцандаа гэхэд, гайхсангүй. Над шиг дотооддоо гүн нэвтэрч, асуудлуудаа тунгаан бодох бясалгал хийж, үг гаргахаа болих дасгалыг дэлхийд хийдэг хүн олон байдаг. Тусгай сүм дуганууд ч бий.

Иран хүмүүс Их Монголын түүхээс улбаалан бидэнд сөрөг ханддагийг би мэдэрсэн, харин Иракчууд яадаг юм бол оо? гэж бодов.
АНУ-ын хуучны нийтийн автобусууд энэ улсын дотоодын тээвэрлэлтийг хариуцаж байна. Америк кинон дээр гардаг хүүхдийн тээвэр гэсэн бичигтэй шар автобусны адил. Ойрын замд юу юм гэхээс хол замд бол ийм унаа хатуу юм байна. Бас хуучны төмөр машин болохоор маш хүчтэй мотор энэ хүнд төмрийг зөөж байна. Түлш их иддэг байх.
Дэлхийн нийтийн тээврийн дундаж ханш нь 100 км 10-аас 15 ногоон орчим гээд төсөөлвөл, замд гарахад үнэ өртөг тооцоолоход хялбар.

WP_20141209_067

Автобусанд суухдаа очих газрынхаа нэрийг үзүүлэхэд, – Санаа зовох хэрэггүй, сануулая гэж жолооч англиар хэллээ. Хэл яриаг нь ойлгодог байх ямар амар вэ.

WP_20141209_069

Дахиад үл таних газар луу.
Африкийн урлаг, карибын өнгө авсан тийм хөгжим чанга яригчаар эгшиглээд, хөгжилтэй байв. Замын дагуу орших олон суурингуудад хүмүүс, сууж буусаар. Жолооч унаагаа зогсоож- Энэ замаар яваад байвал хүрнэ гэж, баруун зүг чиглэсэн тосгон дундах засмал зам руу заалаа.
Үүргэвчээ үүрч тэр зүг рүү алхаж гарав.

WP_20141209_074Алтан Ху гэж манай хэлээр бичсэн юм шиг нэртэй самбар зам дээр.

Аялал надад юу заасан бэ гэвэл, хүрэх газар луугаа аль болох мацаад байх хэрэгтэй. Эрт очих тусмаа удаан үзнэ. Хажуугаар өнгөрөх ганц хоёр машины нэг нь зогсож намайг хаа хүрч буйг гадарлаж байсан болохоор дөхүүлье гэв. Бага зэрэг яваад нөгөө машин өөр чиг эргээд, намайг цаашаа яваад байхыг зөвлөв.
Нутгийн хүмүүсийн амьдралыг ажихад яг баруун Африк
Алхаад удаагүй байтал дараагийн машин намайг дайж, түүхэн үзвэр байдаг газар хүргэлээ. Үүдэндээ том зогсоолтой, жижиг худалдааны цэгүүд, түүхэн газар нэвтэрч буйг сануулсан хууль цааз, дүрэм журамтай самбар, үүд.
-Манайх хаасан, маргааш өглөө ирж үзээрэй гэхэд, ярьдаггүй залуу- Маш холоос ирлээ, энд буудаллах газар байхгүй, гялс ороод үзье гэж бичиг үсгээр найраад нэвтэрлээ.

WP_20141209_075
-Эртний Маяачууд яагаад үгүй болсон юм бол оо? гэсэн асуулт надад байнга бодогддог. Тэр аугаа соёл иргэншлийнх нь сүр хүчний ул мөр энэ бүс нутагт олноороо. Яаж энэ пирамид гэх чулуу, хадан байгууламжуудыг тэр үед барьсан байна? Юуны тулд? Яг юунд итгэж, ямар зохион байгуулалттай амьдарч байсан хүмүүс юм бол оо? Маягийн тоолол?
Белизийн түүхэн малтмалууд Мексикийн хэд хэдэн сууринд харсан байгууламжуудтай төстэй санагдлаа. Мөргөлийн газар, бас спорт болов уу гэмээр үзмэрийн газар.
Хойд Африкийн Пирамидуудаас өөр бүтэцтэй байна.
Кристофор Колумбыг бид баатар, шинэ америк тивийг нээгч гэж ойлгодог, харин энд өөрөөр тайлбарлаж байна. Кристофор Колумб бол дээрэмчин, хөлсний хүн байсан гэнэ. Тэрээр энэ нутагт ирэхдээ, араасаа олон тооны шуналтангуудыг дагуулж, тэд нутгийн байгалийн болон хүмүүсийн баялгийг дээрэмдэж, тоноод, ханиад болон олон төрлийн өвчнийг омгийнхонд халдааж, архи согтууруулах ундаанд донтуулж, христийн шашинд оруулж газар шороог нь дээрэмдээд, иргэдийг нь хүйс тэмтэрсэн гэдэг юм байна.
Дэлхий хавтгай, далай нь хязгаартаа хүрэхээр ертөнцийн гүн рүү урсдаг гэж итгэж, мухар сүсэглэж явсан хүн төрөлхтний тухайн цаг үед ямар их айдас, түгшүүртэйгээр шинэ, үл мэдэх зам руу тухайн үеийн далайчдын сор болсон Кристофор Колумб өөрийн баг аа дагуулан тэмүүлж байсан бол оо? гэж надад бодогддог.
Ширээний булан шиг, Хавтгай дэлхийн далайн хязгаарт хүрсэн л бол доошоо унана гэхээр аймар шүү 

WP_20141209_077Хойд болон Өмнөд Америк тивүүдэд оршин амьдарч байгаа хүмүүс нүүдэлчин гаралтай, бидний салаа мөчир гэж олонтоо сонсож байсан.

Нутгийн хүмүүсийн дунд ороод суухал нээх ялгарахгүй байна.

WP_20141209_083

Маяачуудын сүмийн хажууд 79 дахь улсдаа далбаагаа мандуулж, хүн төрөлхний хамгийн эртний Нүүдэлчдийн түүхэн дахь хамгийн хол замаа тамаглаад, эргэж хот орж, тэндээс хил хүрэхээр шийдэв.
Төв зам хүртэл хоёр унаанд дайгдаж хүрээд, тэндээс автобусаар хотод буухад харанхуй болсон байв. Шөнийн цагаар Белиз улсаас Гуатемалын зүг тээвэр явдаггүй, хилийн ойрын хотод буугаад, цааш хилээр гарч болно гэж нэг хүний зөвлөсний дагуу автобусанд сууж, явсаар нэг суурингийн захад ирлээ. Жолооч харанхуй замыг заагаад, – Хил тийшээ байгаа гэв.
Бүх хүмүүс гэр гэррүүгээ хариад, харин би сургуулийн гадаа бололтой газар өөр нэг хүнтэй хамт үлдэв.
Жолоочийн заасны дагуу хэдэн гэрэл асч буй зүг рүү засмал замаа дагаж алхаж эхлэхэд, хамт автобусаар ирсэн хүн бас зайдуу алхаж гарлаа.
Хэн юм бол оо?
Юмыг яаж мэдэх үү гээд, зогсоод, цаасан дээр хаанаас ирсэнийг асуулаа.
Хондурас, одоо Америк руу явж байна гэж испаниар хариулав.
Өмнөд болон Төв Америкийн олон тооны цагаач дүрвэгсэд Мексик улсын хойд бүсэд олноороо очиж, амьдралаа дээшлүүлж, гэр бүлээ тэжээхийн тулд АНУ-ын хил гарахыг завддаг гэсэн. Цааш гарах ганц боломжийг ч болов алдахгүй гэж л. Тэр хүмүүсийн нэг байна даа гэж бодлоо. Харцанд нь аюул үгүй, жирийн нэг тариаланч хүн байна гэж харагдсан тул санаа амар болов.
Дэлхийн хамгийн аюултай бүсүүдийн нэгд яваагаа мартаж болохгүй.
Ганцаараа алхах эвгүй байтал хоёулаа болсон сайн хэрэг.
Харь улсын алс хязгаар нутагт, шөнийн цагаар ганцаараа яваа Монгол залуудаа зам нийлэх хүн илгээсэн Тэнгэртээ баярлаа гэж бодон, ширэнгэн ойн гүний засмал замаар алхаж байтал -Би одоо ийшээ явлаа, тэр толгойг давчихвал Гуатемалд хүрсэн гэсэн үг. Хамт явбал явъя гэж цуг явсан хүн санал болгоод замаасаа хазайлаа.
-Баярлалаа, баярлалаа. Би хил дээр тамга даруулна гэж үзүүлэхэд, тэрээр ширэнгэн ойн гүн рүү орж алга болов. Хөөрхий гэр бүл, үр хүүхдээ тэжээх гэж энэ цаг үеийн хамгийн аюултай нүүдлийг хийж байгаа хүн байна даа гэж бодов. Эсвэл ганцаар яваа жуулчинг дээрэмдэх сэдэлтэй хүн ч байж болох.
Харь нутагт болгоомжтой л байх хэрэгтэй.
Дахиад ганцаараа харанхуй шөнө хүнгүй хоосон замаар алхаж байна. гар чийдэн ч байдаггүй, энэ удаагийн аялалдаа сайн бэлдээгүй байна шүү.

WP_20141210_003

Алхсаар хэсэг гэрэлтэй, машины зогсоолтой, хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр ирлээ. За, болбол өнөөдөртөө хил гарчихъя гээд хилийн шалган дээр очтол хэн ч байдаггүй, цаад өрөөнүүдэд хоорондоо юм ярьж байсан хүмүүс хаалга тогшиж буйг харсан ч огт тоохгүй, цааш цааш гэж дохив.

WP_20141210_001

За яахав, үүр цайтал энд хүлээхээс гээд, цүнхэн дахь хамгийн дулаан хувцасаа давхарлаж өмсөөд, модны хажуух саравчин дотор байрлах ширээн дээр цүнхээ дэрлээд хэвтэв.
Миний хийж буй ажлууд шууд үр дүнгээ өгөхгүй байгаа болохоор, өөрийгөө зөвтгөж, буруутгаж, цагийг өнгөрөөх арга хайгаад байж байтал хэсэг бүлэг хүн хотын зүгээс надтай адил алхаж ирлээ. Ашгүйдээ ганцаараа байхгүй нь гэж бодож байтал, тэр хүмүүс намайг анзаарах ч үгүй хилийн нэвтрэх цэгийн хашааг давуулаад үүргэвч, боосон зүйлсээ шидлээ. Байранд байгаа хилийнхэн эсвэл цагдаа нар нь гарч ирэх болов уу гэж хартал яасан ч гүй. Нөгөө таван хүн юу ч болоогүй, гэрийнхээ хашаа давж байгаа юм шиг хилийн нөгөө талд гараад явлаа.
Өөр хаана ийм хилийн цэг харж байсан аа сандаггүй.
Түрүүний хүн надаас салж ойн харанхуйд явах шаардлагагүй, ингээд л гараад явж болох байсан байж шүү дээ гэж бодлоо.
Удалгүй нэг машин хилийн шалганы үүдэнд ирж, дотор байгаа хүмүүсийг дуудаад байгаа бололтой, хэн ч гарч ирсэнгүй. Машинаас өөр нэг хүн гарч ирээд хилийн хашааг бас даваад явчихав. Нөгөө улсын хил дээр нь яадаг бол оо?
Монгол улсын хил гэж ямар хатуу байдаг билээ дээ. Тийм зүйл энд алга.
Хамгаалалтынхан нь өөрсдөө байшиндаа нуугдсан байна.
Дэлхийн хамгийн эвгүй бүс нутгуудын нэгт яваа гэдгээ би лаваар мэдрэв.
Гадаа унтах гэхээр чийгтэй хүйтэн санагдаад, даараад чадсангүй. Хил гараад замд таарсан эхний буудалдаа ороод нойроо нөхөж авна даа гэж зүүрмэглээд сууж байтал, дараагийн хэсэг бүлэг хүн хилийн гурван метрийн өндөр төмөр хашлагыг төвөггүй даваад цааш явлаа.
Хүйтнээс гадна эргэн тойронд цугласан хэрээтэй төстэй дуу чимээтэй шувуун сүрэг амар амгалаг үзүүлэхээргүй үүр цайтал чангаар хашигчиж байв.
Суухын аргагүй болгож байгаа олон тооны шувуудыг явуулж чадахгүйгээс хойш, би өөрөө явахаас гээд, байцаагчийн суудаг өрөөнүүдийн бариулыг эргүүлж байтал, онгорхой нэг өрөө байж таарлаа.

WP_20141210_004

Хэн ч ашигладаггүй өрөө байхаар нь ороод, хаалгаа битүү хаагаад, дээлээ нөмөрч дулаацаад, бага зэрэг унтаж авахыг хичээлээ. Суугаагаараа байсан ч гадааг бодвол дулаан.
Ширээ дэрлээд зүүрмэглэж байтал хажуугаар хүмүүс яваад байх шиг санагдаад. Сэртэл аль хэдийнээ үүр цайчихсан, хүмүүсийн амьдрал ид цэцэглэж байв.
Үүргэвчээ цэгцлээд, хиль гааль гарах бэлтгэлээ хийлээ.
Өнгөрсөн шөнийн “чөлөөт хил” ажлын цагаар дэглэмжиж, олон улсын стандартад орсон байв. Намайг оруулаагүй байшингийн дотор орчин үеийн хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулж байна.
Сонин юм.
Паспортоо өгч, виз болон орсон тамгаа заагаад, хаа тамга даруулахаа үзүүллээ. Цүнхэнд юу буйгаа рентген машинаар шалгуулж, цааш гарлаа.
79 дахь улс Белиз-ээс 80 дахь улс Гуатемалад ирлээ.
Сайн байна уу?

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.