www.amai.mn (2)

2016 оны 10 сарын 27
86. Канадын Эдмонтон хот.
Канадад ирээд удаагүй байна.
Нутгийн хүмүүс Хэловин буюу “сүнсний баяр” гэж манайхаар буруу орчуулаад байгаа баяртаа бэлдээд, сэтгэл нь хөөрсөн бололтой. Жил бүрийн 10 сарын 31 ний өдөр тэмдэглэж өнгөрөөдөг Христийн шашны баяр. Талийгаачид болон гэгээнтнүүдээ дурсдаг өдөр.
Өндөр өртөгтэй эдийн засагтай улсуудад гэр бүлүүд цагийг хамт өнгөрөөх боломж бага байдаг болохоор энэ баяраар аав ээж нар хүүхдүүддээ зориулж ямар нэгэн сонин содон үзвэр үзүүлж, дүрд орсон бусад хүүхдүүдийн дунд тоглуулж, үлгэрт орсон юм шиг мэдрэмж өгдөг уламжлалтай, харин залуус нь сонин содон дүрдээ хувирч, хөгжмийн хэмнэлд шөнийг өнгөөнө.
Хэлловин нь Шинэ дэлхийн өвөрмөц соёл болж байна.
Манай улсын түүхэнд Хэловин гэх ийм баяр арга хэмжээ байгаагүй, 90-ээд оны дунд үед анхны Хэловин гэх үдэшлэгүүдийг Улаанбаатарт тэмдэглэж эхэлснийг тод санаж байна.
Тэр үед хүссэн хувцас өмсөж, дүрдээ орж нэг өдрийг найзуудтайгаа өнгөрөөдөг гадны соёл сонин бас хөгжилтэй байж билээ.
Шинэ оны баяраар хэн нэгний дүрд ордог уламжлалыг манай ахмадууд Зөвлөлтүүдээс авч, бидэнд нутагшуулсан болохоор дүрээ хувиргаж баярлах нь тийм ч шинэ содон байгаагүй.

Харин шинээр нээгдсэн гадны мэдээллийн сувгууд, кинонуудаас АНУ-д хэрхэн тэмдэглэж буйг хараад ангайдаг байсан.
Хөгшин залуугүй, нэг өдөр, нэг үдэш, дотоод эрх чөлөөгөө тодорхой хэмжээнд мэдэрхэд буруу зүйл гэж юу байхав.
Харин ч сайн хэрэг.
23 дугаар сургуульд байхад миний үеийнхэн бүжиглэх дуртай, энэ баярыг захирлаас зөвшөөрөл авч, сургуулийнхаа заланд хөгжим, диско гэрэл бэлдээд тэмдэглэдэг байсан.

Заримдаа зориултын диског хөлсөлж аваад сургуулиараа тэмдэглэнэ.
Тухайн үеийн моод болсон хөгжмийн хэмнэлд асч унтрах гэрлийн дунд, сонин хувцастай сургууль, Их сургуулийхан нэг үеийнхэнтэйгээ өнгөрөөх сонин.
Хаа хамаагүй газар биш, таньж мэддэг хүмүүсийн дунд Хэлловин тэмдэглэж байсан болохоор эрх чөлөөтэй гоё үдэшлэгүүд болдог байсныг санаж байна.

Хоёр мянган оны үед хотын залуу үе энэ баярыг тэмдэглэдэг болж, UB palace –ын “Laserland” гэх клубт би бас Club21-ийхэнтэйгээ хамт Хэлловин арга хэмжээ, паари зохион байгуулж байлаа.
home video 2003. Pentium3

Японы нийслэл Токиод Хэловинаар нэгэн өвөө робот болчихсон хамгийн том, орчин үеийн дисконд нь залуучуудын дунд бүжигээр цөм авч буйг хараад ангайж билээ.
АНУ-ын Чикаго хотын, хуучны зөвлөлтийн цагаачдын Хэловинд орсон тэр мөчийг бас мартахын аргагүй.
Үүдэн дээр нь ирээд л өөрийгөө хаа байгаагаа мартсан даг.
Эргэн тойронд таньдаг, мэддэг үлгэрийн болон киноны баатарууд,оддын дайн киноны хар хүчний цэргүүд, гүнжүүд, шулам чөтгөрүүд, цус сорогчид, онгоцны нисгэгч залуус найз бүсгүй стюардесүүдтэйгээ, янз бүрийн хүн амьтад, мангас зомбинууд, ОМОН гэсэн хувцастай, хиймэл автомат буутай залуус, хөгжилтэй гоё орчинд, хамгийн орчин үеийн сайн чанартай гоё хөгжим дунд дураараа дургиж байсныг санаж байна. Тайзан дээр нь Белорус улсын ерөнхийлөгч Лукошенкотой яг адил хүн дижей хийгээд л. Гол даруулга нь водка.
2012 оны намар Улаанбаатарт байж таараад, манайд залуус хэрхэн тэмдэглэж буйг сонирхож, Хүүхдийн театраас Скупи гэх нохойны хувцас түр зээлж аваад, тухайн үед моод болж байсан Iloft клубт ирэхэд, үүдэнд орох зайгүй шахуу олон үлгэрийн баатрууд шавсан, дотогш орох гэж хичээж байв.

Скупи-гийн хувцастай байсан болохоор хэн ч намайг танихгүй, жинхэнэ эрх чөлөөг мэдэрч байв.

Дисконд орсон мөчөөс хүмүүс зургаа даруулъя гээд тайван байлгаагүй.
Хамгийн шилдэг дүр хувиралтын тэмцээнд ялж, шагналыг авах нь тодорхой байсан ч, өөрийгөө хэн гэдгийг мэдрүүлэхийг хүсээгүй болохоор татгалзаж, бүжгийн талбай дээр усан хулгана болтлоо бүжиглэсэн.
Энэ жилийн Хелловиныг Канадад тэмдэглэнэ.
Янз бүрийн соёл иргэншлүүдийн нөлөөнд төрж өссөн болохоор сонголт олон байна.
Ямар дүрд орохоо бодосоор сууна.

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.