IMG_8248

2013 оны 2 сарын 20

МБ3, 72 Камбодж улсын Кампот хот

Мотоциклын арын суудлаас яаран бууж, зочид буудлынхаа цайны газрын баарны өмнө зогсоод, юу авч уухаа яаран бодлоо.
Лангуун дээрхи олон төрлийн сархадын дундаас аль болох өндөр градустай, сав нь дүүрэн эсвэл задлаагүй тийм ундаа юу байгааг харж байгаад, цагаан өнгийн Бакарди гэх 40 хэмийн сархадтай шилийг сонгож, үйлчлэгч залууг дуудаж, тэрхүү сархадаас зуун грамм захив.
Нэг дор ингэж уух гэж байгаа юм байх даа гэсэн гайхсан харцтай камбож залуугийн нүдэн дээр шууд гударч орхиод, дээш өрөө рүүгээ яаран алхлаа.

постер

фейсбүүк: Амай “Гайхамшигт Ертөнц”

Амай  “Амьдрал Сайхан шүү”

Амай “Сайн Сууж Байна уу”

Амай “Дэлхийн Нэг Өдөр”

Амай “Цаг Хугацаагаар”

(Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, фейсбүүкт нэгдээрэй

facebook : Цаг Хугацаагаар)

72 дахь улс, Камбоджийн Кампот хотод түр байрлаж, эндээс холгүй орших Бокор гэх дархан цаазат уул руу мотоциктой явж байгаад осолдсны дараа ийнхүү эхний арга хэмжээ авав.

IMG_8123
Аялал жуулчлалд зориулан зассан уулын засмал замын чанар үнэхээр сайн байсан болохоор өөрийгөө мэргэжлийн мотоциклчин гэж эндүүрэн, хурдаа хэтрүүлж, гар болон хөлний тормозны хуваарилтыг буруу тохируулж, бас зам дээрх эргэлтийн тэмдгийг анзаараагүйгээс осолд орлоо.
Бас хоёр гараараа жолоогоо барих ёстой байтал, нэг гараараа зургийн апаратаар зураг дарж явсан нь бас л ослын шалтгаан.

IMG_8133
Маш хариуцлгагүй байдлаас болж өөрийн амь нас болон гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдалд аюул учрууллаа.
Мотоцыкл авсан хүн гурван удаа баярладаг гэсэн, тэр онигоо өнөөдөр боллоо.
Мотоцыклтойгоо хүчтэй осолдож, биенийхээ зүүн хэсэг, өвдөг, хөлөө уулын чулуурхаг шороонд зүлгэж, толгойгоо хаданд цохисон тул бие тэр чигээр өвчинд автсан байв.
Аз болж хүний үг сонсож, хамгаалалтын малгайгаа байнга өмсдөг тулдаа л одоо амьд байна.
Биений арьсан дундуур чигжсэн олон төрлийн гадны биет, чулууны хэлтэрхийнүүдийг шархнуудын хамт цэвэрлэнэ гэдэг амаргүй.
Хамт явсан найзууд надад санаа зовон өрөөнд орж ирэхэд,
-Та нар байж байгаараа, би гялс усанд орж шархнуудаа цэвэрлээдэхье, хашгирч магад шүү гэв.
Энэ буудлын хүйтэн усыг гойжуулаад, бага зэрэг эмээж орлоо.
Хүйтэн усны эхний дуслууд шархнуудад хүрэх мөчөөс бие нилэнхүйдээ өвчинд шатаж гарав…
Тэс тэс… гэж өөртөө хэллээ.
Чингис Хааны Монгол гэдгээр шинэ танилууд намайг мэддэг, би ч бас бардам түүхээ олонтой ярьсан болохоор ийм жоохон юманд ганц ч авиа гаргаж болохгүй байв.
Уулын замын огцом эргэлтэд жолоогоо алдаж байхдаа маш богино хугацаанд шийдвэр гаргаж, уулын уруу унаж байснаас, чулуурхаг бэлд онхолдсон нь дээр гээд жолоогоо хүчтэй баруун зүг дархад, би зүүн талаараа газар хүчтэй унаж, чулуутай гадаргуйгаар гулсаж бэртэв.
Нилээд хурдтай явсан мотоцикл жолоогүй болоход 85 кг бие маань цааснаас хөнгөн болдгийг өнөөдөр мэдэрлээ.
Араас ирж явсан найзуудын хувьд миний осол богинохон үйл явдал шиг санагдсан байх.
Харин миний оюун санаанд тэрхүү сүүлийн үе мөч удаан үргэлжлэх кино мэт харагдсаар.
Онхолдохдоо өвчний хүчтэй мэдрэмж авсан ч, толгойгоо аюулгүй, камер гэмтэлгүй байгаасаа гэж тэр богино хугацаанд бодсон…
Шороон дээгүүр гулсаж байгаад, Пөк гэж дугаран зогсох чимээ.
Толгой ямар нэгэн юманд цохисон ч Тэнгэрийн ивээлээр гайгүй өнгөрсөн.
Босч ирэх үед найзууд араас ирэн,
Зүгээр үү зүгээр үү? гэж сандарцгаасан байв.

IMG_8134
Хамгаалтын малгайгаа тайлаад харахад цуурсан, дахин хэрэглэх аргагүй болж, харин миний зургийн апарат?
Толгой гайгүй, харин камер маань эвдэрсэн байх юм бол зургуудаа нэг хэсэгтээ үргэлжлүүлэн авч чадахгүй болно гэж сандраад шалгатал, камер үүрсэн талынхаа эсрэг хэсгээр осолдсон болохоор гайгүй байв.
Ослын дараа миний оюун санаанд нэг л зүйл давтагдаад л байна.
Усны дуслууд арьсны гадаргуу нь хуулагдсан шархнууд руу шингэн орсоор.
Биеэр гал дүрэлзэж, түлэгдэж байгаа мэт
ЯАААААААЙ гэж хашгирмаар байсан ч.
Манай өрөөнд сууж байгаа, Бельги, Франц найзуудын өмнө нүүрээ алдахгүй гээд шүдээ чанга зууж байгаад, арьсны завсраар болон, шархны гүнд нэвчсэн чулуу, шорооны ширхэгүүдийг нэг бүрчлэн зүлгэж гарлаа.
Хамгийн түрүүний цохилтыг авсан мөрнөөсөө доош нэг бүрчлэн угааж байхад
Пөк гэсэн чимээ санаанаас огт гардаггүй.
Давтагдаад л
Пөк
Пөк
Пөк
Мотоциклын хамгаалтан малгайны гадаргуйн хуванцар болон толгойг хамгаалсан зооловч хоёрын хооронд дахь хөндийн чимээ.
Ямар аз болж Малгайтай байв аа.
Тэгээгүйсэн бол шарх төдий хохиролтой байхгүй сэн.
Монгол эр хүн тул уйлж, нулимас тусааж болохгүй шүү! Гэж өөртөө байнга хэлдэг болохоор, энэ удаа ч гэсэн дусал нулимас дусаахгүй гэж гүрийлээ.
Өвчин мэдэрсэн бие өөрийн эрхгүй нулимсаа дусаах гээд …
Уснаас гарч ирэхэд бидний дунд явсан сувилагч мэргэжилтэй Франц аялагч бүсгүй ослын үеийн анхны тусламжийн эмийн савтайгаа өрөөөнд хүлээж байв.

_MG_8139
Зүүн мөрний шарх нь ясандаа тулаагүй ч арьсны гурван давхрага шалбарсан, зүүн гарын тохой зүлгэгдээд, зүүн өвдөг шалбарсан, хөлний хуруунуудыг мах нь салсан байдалтай хаагдана.
Энэ бол юу ч биш. Үүнээс аймаар байж болох байсан.
Ямар аз болж малгайтай байв аа.
Орон дээрээ суухад сувилагч шархнуудыг цэвэрлэж, идээлэхээс хамгаалах бодис түрхээд, тайвшруулах эм өглөө.
Одоо яах уу?
Энэ удаагийн, зүүн өмнөд Азийн аж амьдралыг судлах аяндаа гарахдаа “Монгол Даатгал” компанитай хамтарч ажиллана гэж тохирч, гэрээнд гарын үсэг зуран гарсан боловч, замд гарсны дараа тус компани нь хамтарч ажиллах боломжгүй гэсэн хариу илгээж, харь нутагт намайг эрүүл мэндийн анхан шатны ямарч хамгаалалт, тусламж, халамжгүй орхисон юм.
Холын бөгөөд удаан зам туулж байгаа хүнд харь нутагт эрүүл мэндийн аюулгүй байдал хангана гэдэг маш хэцүү бөгөөд асуудалтай. Өртөг ч өндөр.
Ямар гээчийн аз гэхээрээ осолд орох үед сувилагч бүсгүй хажууд байж таарав аа гэж бодлоо.
Яаж ч байсан ослын анхан шатны тусламж авав.
Одоо идгээнэ гэдэг амаргүй.
Чийглэг агаартай нутагт шарх эдгэх гэж маш их уддаг.
Сэрүүн, хуурай агаартай Монголоос тэс өөр.
Замд танилцаж нөхөрлөсөн гадаад найзууд маань аян замынхаа өөр өөрийн мөрөө хөөж, би гэдэг гэмтсэн Монгол залуу буудлынхаа өрөөндөө шархаа идгээхээр ганцаар үлдлээ.
Интернет орно, Зурагт үзнэ, хоолоо захиалж иднэ, цонхоор мод харж өдрүүдийг өнгөрнө.

IMG_1545
Шөнө нойр хүрэхгүй, өвдөнө бас ганцаардана.
Боломжоороо нааш цааш алхана.
Тэгээл хэвтэнэ.
Дахиад ганцаардана.
Ямарваа нэгэн муу юм болох гэж буйг зарим хүмүүс зөн совингоороо мэдэрдэг.
Энэ ослын дохио ч гэсэн өмнө нь сануулаад байсныг би одоо л олж харлаа.
Өдөр бүр юм бодож хэвтэхээс өөр хийх юмгүй хэцүү үе үргэлжилсээр, гурав дах өдрөөс бие өвдөж, чилээрхэж, ядарч эхэллээ.
Сүүлд эмчид үзүүлэхэд -Ослын дараа зарим хүмүүс шоконд ороод, өвчин, шаналал мэдэрхээ түр хугацаагаар больдог юм гэж тайлбарласан юм.
Амьдралын ухааныг хайхаар олон жил Дэлхийн өнцөг булан бүрийн өөр өөр байгалийн орчин, цаг агаар, хоол хүнсэн дунд явж буй надад мэдрэгдээд байдаг нуруу бөөрний өвчин энэ өдрүүд хүртэл алга болсныг сая нэг анзаарлаа.

IMG_1611
Хүний бие мах бодь гэдэг үнэхээр сонин.
Өрөөнийхөө сэнсийг хамгийн их дээр нь тавиад шархнуудаа хатаах гэж хичээсээр, эхнээсээ гайгүй болж, сүүлийн шарх аних үед цүнхээ багалж, замд гарах бэлтгэлээ базааж эхэллээ.
Аяллын үед өдөр бүр зардал мөнгө гардаг тул бага зэргийн өвчнийг тэсээд замаа үргэлжлүүлэх болов.

IMG_8259
Юуны түрүүнд мотоциклоо засварын газар өгч, эвдэрсэн эд ангиудыг солиулж, холын замд гарахаасаа өмнө, осол болсон газарлуугаа явж, тэрхүү замыг дуустал нь туулах нь хэрэгтэй байв.
Ослын дараа үлдсэн сэтгэлийн айдасаа дарах гэж.

IMG_8266

Цуурч гэмтсэн баруун гараа хөдөлгөөнгүй боогоод, өвчин намдаагч давхарлаж ууж байж, арай гэж уулын оройд нь хүрэв.
Камбож улсын баруун өмнөд нутгийн байгалийн гоо үзэсгэлэнг биширч байхдаа, энд хэсэг хугацаанд сэтгэл санаагаа амрааж, холын аяны алжаалаа ч тайлж амжсан аа ойлголоо.
Өнгөрсөн замаа, хийсэн алдаагаа сайн ухаарч, дахин давтахгүй байх ёстойгоо бодлоо.

IMG_8276
Дэлхийг судалж, Монголчууддаа хүргэх зам үргэлжилсээр…

1 person has left a comment

#1

Би ингэж тэсэж чадах болов уу? Маш хүнд нөхцөлд аялалаа үргэлжлүүлжээ !!! Ямар их тэвчээр вэ…

Гэрэл6 wrote on 2016/09/18 - 17:53
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.