IMG_0612

2008 оны 7 сарын 26

МБ1, 44 Мали улсын баруун хязгаарын Кита суурин.

Нэг хоног хүлээсэн галт тэрэг шөнө дунд буудал дээр ирж зогслоо.

Галт тэрэг хүлээсэн нутгийн хүмүүс яаран дотогш тэмүүлэх үед, үүргэвчээ үүрэн дунд нь орж, дайрлаа.

Тасалбарт суудал заагаагүй болохоор ингэж, түрүүлж орохгүй бол суудалгүй шөнөжингөө босоогоор явж магад.

Хөгжимтэй унших сайхан

постер

фейсбүүк: Амай “Гайхамшигт Ертөнц”

Амай  “Амьдрал Сайхан шүү”

Амай “Сайн Сууж Байна уу”

Амай “Дэлхийн Нэг Өдөр”

Амай “Цаг Хугацаагаар”

(Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, фейсбүүкт нэгдээрэй https://www.facebook.com/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%A6%D0%B0%D0%B3-%D0%A5%D1%83%D0%B3%D0%B0%D1%86%D0%B0%D0%B0%D0%B3%D0%B0%D0%B0%D1%80-776618865757206/ )

IMG_0614

Нутгийн хүнд гарууд намайг хараандаа авсан байгааг  галт тэрэгний буудал дээр харцаар нь мэдсэн  болохоор, болгоомжтой байхгүй бол болохгүй үе ирлээ.

Хулгайчийн харц андашгүй.

Дотогш орж байх хооронд нэг залуу чихэлдэж байгаа дүр эсгээд миний өмдний карманд гараа хийх шиг боллоо.

Аялаад удсан хашир хүн гэдэг чинь, хэзээ хаана, юугаа хийхээ мэднэ дээ.

IMG_0615

Галт тэрэгний гол хавьцаа нэгэн өрөөнд сул суудал олдохоор том цүнхээ дээш тавиурт тавьж, нуруугаа явж байгаа чиглэл рүү харуулаад суулаа.

Намайг “агнаж” эхэлсэн нутгийн залуусын нэг нь араас орж ирэн, цонхны хажууд над руу муухай харан суув.

Найман хүн өөд өөдөөсөө харан явдаг дээр үеийн европын галт тэрэг буудлаас хөдөлхөд, миний дотор түгшүүр эзэлсэн байлаа.

Алс холын Африк тивийн баруун хойд бүсийн, Мали гэх иргэний дайны өмнөх үеийн шинж тэмдэгтэй, цэргийн хатуу дэглэмтэй ч, хууль үйлчлэхгүй шахуу болсон улсад, Монгол залуу гав ганцаараа, галт тэрэгний купенд, дайсагнасан нутгийн залуугийн өөдөөс харж, сонор сэрэмжтэй үүр цайлгах боллоо.

Монголын Зэвсэгт Хүчин гэсэн бичигтэй, дайны хар сүлдний зургатай тэмдгийг Сьерра Леон гэх улсад алба хашиж буй манай зэвсэгт хүчнийхэн цүнхэнд тогтоож өгсөн болохоор айх юм алга гэж өөрийгөө зоригжууллаа.

Энэ нутгийн хөдөөний залуусыг бодвол Дэлхийн олон улсыг туулсан, үүнээс аймаар дайнтай улсуудын, галын бүсүүдийг даван гарсан, туршлагатай аялагч, судлаач болохоор өөдөөс харж суугаа зэвүүн харцтай залуу, хажуугийн өрөөнд хүлээн суугаа дөрвөн найзыг нь барна л гэдэгт бүрэн итгэлтэй байв.

Шууд дайрах зүрх нь хүрэхгүй, элдэв янзаар өдөж эхлэх үед, ямар аз болж энэ купенд надаас өөр нэг л хүн суух сул суудал байсан юм бэ гэж бодов…

Хоёр гараа хураагаад, юу ч болоогүй юм шиг нүдээ жимийлээ.

Хол зам туулна, амарч авахгүй бол, маргааш Монгол улстай ямар ч харилцаагүй, үл таних дараагийн нэгэн шинэ улсын хил нэвтрэнэ.

Залуу гэнт огцом босч, хажуу өрөө рүү найзууд руугаа орлоо. Тун удалгүй шилтэй пиво барьж орж ирээд, нүдэн дээр задалж, хагас хүртэл нь уугаад ширүүн гээчийн ширээн дээр тавив.

-Ээ хөөрхий, зүрхээ чангалах гэж юм уудаг манай аймхай бацаануудтай адил юм байна гэж санаа амарлаа.

Би дуугуй, хоёр гараа хумьсан, хагас унтсан хэвээр.

Олон жил замд яваа энэ галт тэрэг цонхгүй, зарим гэрлүүд нь байхгүй, бас бага тусгалын лампууд нь бүүдгэр өнгөөр эргэн тойрныг арай гэж гэрэлтүүлж байв.

IMG_0628

Хөлөө тэнийлгэх зуураа нөхцөл байдлыг харъя гэж бодон өрөөнөөс гарч, 00-ийн зүг явах гэснээ, жижиг цүнхээ юмыг яаж мэдэх үү биедээ авъя гээд эргэж орж иртэд…

Намайг өдсөн ч, яаж харьцахаа мэдэхгүй байсан нутгийн залуу, миний араас “Вуду” гэх нутгийн бөөгийн ёсны зүйлс шидэж, сонин авиа бүхий юм хэлж байгаатай таарлаа.

Харанхуй шахуу өрөөний шалан дээр суун, яс, чулууны төлрийн зүйл шидэн нэг юм хэлж байна.

Би түүнийг нь тоохгүй цүнхээ аваад, найзууд нь сууж байгаа өрөөний эсрэг талын 00-ийн зүг явлаа.

Удалгүй эргэж ирэхэд,

Нөгөө залуус өрөөнийхөө харалдаа гарсан, над руу харан зогсож байна.

Өрөөндөө орж ирэхэд, нутгийн бөөгийн ёс мэддэг гэдгээ хажуугийн хүмүүст харуулан, тэдний зүрхийг нь авчихсан, ганц шил пивонд халдаг, туулайн зүрхтэй залуу муухай харцаар угтлаа.

Баруун талд суугаа нутгийн бүсгүй энэ өрөөнд, бидний хооронд ямар үйл явдал болоод байгааг ойлгон, айсан байгаа нь  мэдрэгдлээ.

Мали улсын баруун зүг рүү, шөнө дунд явж буй галт тэргэнд цэрэг, цагдаа байгааг харсангүй.

Би тэгээд эдгээр залуус…

Намайг өмөөрөх, хамгаалах хүн байх нь юу л бол.

Энэ бүс нутагт иргэний дайн болох гээд, хүмүүс айж түгшсэн дүрвэхэд бэлэн болсон байдал мэдрэгдэж байна.

Аян замын зургийн цуглуулгатай цүнх, бичиг баримтаа алдаж болохгүй тул тулалдах хэрэг гарах юм бол, амьд гарахын төлөө хазаж, тасдахад бэлэн би юуны түрүүнд өрөөнөөс гарч, эдгээр залуусыг ар талдаа гаргахгүй тулд үзнэ, бүүр болохгүй бол саяны 00-д, хамгаалт авч, үүр цайхыг хүлээнэ гэж бодлоо.

Шууд дайрч, давшлахгүй байгаа нь сайн хэрэг.

Залуу дүрдээ орон нутгийн “Вуду” гэх бөөгийн хэллэгийн үйлүүдийг над руу чиглүүлж, улам идэвхтэй хийгээд байхлээр нь гэв гэнэт уур хүрч.

-Дэлхийн өнө эртний соёл иргэншлийн, бөө уламжлалын хамгаалтад байдаг хүүг яана гэнэ үү?

Гэж дотор инээд хүрээд…

Уушигаа гүнзгий тэлүүлж байгаад доод өнгөөр, эргэн тойрныг цуураттал хархираадаж орхилоо.

Юу болоод байгааг ер ойлгохоо байсан баруун талын бүсгүй цочиж, угз хийнэ, өрөөнөөс гаран зугтлаа, зүүн талд суусан хоёр бас араас нь сандралдаж гарав. Залуугийн хажууд суусан гурвын нэг нь бас огцом босч, өрөөнөөс гарах гэж хаалга мөргөнө зугтлаа.

Агуу Монголын хээр талд, аадар борооны өмнөх үүл хурж,

Цахилгаан цахиж, Тэнгэр цохиж байна гэдгийг оюун санаандаа төсөөлөөд хөөмийдсөн маань эндхийн хүмүүсийн зүрхийг зогсоох шахав.

Тохиолдол уу, үгүй юу

Бүү мэд…

Яг энэ үед цонхгүй өөрөөний гаднаас

Харанхуй шөнө дунд

уутан хог нисч орж ирээд, залуугийн толгойн дээр тогтчихлоо.

Тэрээр гараараа хогоо буулгаад, миний нүүр лүү эгц харж чадахааргүй сүнсэн зайлсан шинжтэй болов. Амьдралдаа ийм юм сонсоогүй болохоор аргагүй биз.

Хэн ч хөдлөх чадваргүй болтол хөөмийдөж дуусгаад гүнзгий амьсгаа авахад,

Галт тэргэнд нам гүм болов.

Айх зүйлгүй, амар амгалан явж болохоо мэдрээд, дээд тавиураас цүнхээ буулгаж, сандал дээр дэрлэж хэвттэл, нэг мэдэхэд унтсан байв.

Олон өдөр, сар, жил хоолтой хоолгүй, нойртой нойргүй хол замыг туулсаар байгаа болохоор

Нүдээ аньсан л бол унтчихдаг болж…

IMG_0620

-Миста Миста? Гэж хэн нэг нь хэлэх шиг, бас зүүн мөрөнд зөөлөн хүрч, сэрээж байх шиг санагдав.

-Юу билээ? Би хаана байна аа? гэж гайхан нүдээ нээтэл, өчигдрийн дайсагнаад, өдөөд байсан залуу, маш эелдэгээр

– Каес хотод ирчихлээ, бүх хүмүүс буучихлаа гэж надад эелдэг хэлээд, явж одлоо.

IMG_0621

Шөнө жоохон эвгүй бас аюултай байсныг эс тооцвол, сайн амарч авлаа.

Галт тэрэгнээс бууж, хамгийн дулаахан харцтай санагдсан нутгийн мотоцикл таксинд сууж хилийн тосгоны зүг хөдөллөө.

IMG_0623

Холын аяллын хором бүрт, өөрийн соёл иргэншлийн аугаа өв соёлын хүч чадал цар хүрээг мэдэрсээр байна. Өвөг дээдсийн минь дуудлагыг надад суулгаж өгсөн, миний хөөмийн багш Одсүрэн гуай Танд баярлалаа.

Аян зам үрэлжилсээр…

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.