2009 оны 2-р сарын 24-ний өдөр. Швейцарь улс, Женев хот. 08:28 мин
Европод орж ирсэн мөчөөс миний тэмдэглэлийг тогтмол уншиж, намайг даган дэлхийгээр аялж байгаа бодит хүмүүстэй учирч эхэллээ. Тэмдэглэл бичиж байгаа надтай уулзахад сонин байгаатай адил миний коммент дээр саналаа бичдэг хүмүүстэй учрах нь надад бас сонирхолтой байна.
Би аяллынхаа явцад өдөр тутмын ахуйн асуудлаасаа гарах гэж хамаг цаг заваа зардаг тул тэр бүр хүмүүсийн сэтгэгдэлд хариулж чаддаггүй билээ. Гэхдээ шинэ ирсэн бичлэгүүдийг байнга уншиж, намайг дэмжигч нар яг юу бодож байгаа нь сонирхолтой байдаг юм.
Хамгийн сүүлд миний анхаарлыг татсан нэгэн уншигчийн санал нь, намайг нэг өдрийн тэмдэглэлээ бүхлээр нь бичихийг хүссэн тул, өнөөдөр Амайгийн нэг өдөр гэдэг тэмдэглэлээ бичихээр шийдлээ.
Өглөө Сэлэнгээ, Одсүх хоёрынд сэрлээ. Өнгөрсөн шөнө 3-4 цаг хүртэл буу халж, дээрээс нь кино үзсэн тул ядарсан байлаа.
Өнөөдөр Битүүний өдөр. 17 дугаар жарны Хулгана жилийн сүүлчийн өдөр. Маргааш Үхэр жил гарна.
Энэ жил ямар жил байваа?
Монгол байхын ач холбогдлыг ойлгуулсан, сонирхолтой бөгөөд хүнд жил байлаа. Аргын тооллоор Шинэ жилийг ОН ГАРАХ гэдэг бол билгийн тооллоор Жил гарлаа гэж бид тоолдог билээ. Аялж байх явцдаа бид бусдаас ямар өөр юм бэ! гэдгийг маш сайн ойлголоо. Бусадтай харьцуулж байж л өөрийнхөө онцлогийг ойлгож болдог юм байна.
Босоод Сэлэнгээгийн ажлыг сонирхохоор шийдлээ.
Хагас нойртой байсан ч аяллын дахин нэгэн өдөр намайг хүлээж байлаа.
Гурвуулаа гаднаас трамвайд сууж хотын төв рүү хөдөллөө.
Трамвайд анзаарагдсан зүйл бол нийтдээ 6-7 жижиг камер байрлуулсан байсан бөгөөд камерын хараанд өртөхгүй ганц ч булан байсангүй.
Англичууд дээр үед «BIG BROTHER» гэдэг ном бичиж байсан бөгөөд түүндээ Зөвлөлт Холбоот Улсад КОММУНИЗМ их хөгжөөд хүмүүсээ хянахын тулд хаа сайгүй камер тавьсан тухай гардаг. Гэтэл нөгөө хүний эрх чөлөө хувийн нууц энээ тэрээ гэж ярьж, Коммунистуудыг шүүмжилж байсан хүмүүс өнөөдөр өөрсдийгөө ингэтлээ хянадаг болсноо анзаарсан болов уу? BIG BROTHER гэж нэг гэрт хэдэн залуусыг оруулаад, өдөр шөнөгүй камераар хянадаг нэвтрүүлэг бас байдаг.
Хотын төв рүү явж байхдаа – Энэ улс, энэ хот миний аялж байсан газруудаас юугаараа ялгаатайг олохыг хичээлээ. Хотын гудамжууд, тээвэр, барилга байшингаараа бусад Европын хотуудаас ялгагдах зүйл үгүй санагдлаа. Гагцхүү гудамжинд өлгөсөн Швейцарь туг, тэгээд хаа сайгүй байгаа Цагны дэлгүүрүүдээр энэ улсыг бусдаас ялгаж болохоор санагдлаа.
Удаан аялахад улс үндэстнүүдийг хараад шууд л ялгаж салгадаг болж байгаагаа анзаарлаа. Хүмүүсийн уруулын хөдөлгөөн, барилга байшин, сүм хийд гээд хаана байгаагаа мэдэхэд амар билээ. Гэхдээ Европын том хотуудын нийтлэг шинж нь хүмүүс нь чимээгүй, бие биенээ хүндэлж байгаа гээд аль болох үл анзаарагдахаар байхыг хичээдэг. Энэ метронд ч гэсэн ялгаагүй байлаа.
Жижигхэн гүүрээр гараад хоёр хоногийн өмнө буусан Төмөр замын буудлаас холгүйхэн бууж нэгэн байр луу орлоо. Швейцарь улсад анзаарагдсан нэг сонин зүйл нь гэрлийн товчлуур байсан юм. Би өөр аль ч улсад гэрлийн асаагуур болон товчлуурууд ийм хэлбэртэй байхыг хараагүй юм.
Байрны хоёр давхарт (Нутгийнхаар нэг давхар. Учир нь энд эхний давхрыг 0 /тэг/ гэж тооцоод дараагийн давхраас 1 гэж тоолж эхэлдэг юм) Женевийн хөгжим хэл соёлын дээд сургууль гэсэн хаягаар дотогш орлоо. Сэлэнгээ өөрийнхөө ажлын өрөөг танилцуулсан бөгөөд, бага сага Монголчууд орж гарч байлаа.
Анхандаа тус сургуулийн яг юу хийдгийг ойлгохгүй байсан ч, сүүлд хөгжим дууны тусламжтай гадаад хэл сурах арга голчилж ордгийг мэдлээ. Энэ бол миний мэддэг гадаад хэл сурах хамгийн сайн аргуудын нэг юм. Би өөрөө ч англи хэлийг анх дууны үгээр эхэлж сурч байсан. Гэтэл энд гадаад хэлийг дуу хөгжим, үг заах замаар сургаж болох технологийг нь боловсруулчихсан байдаг.
Гайхамшигтай.
Энэ сургуульд нийт долоон монгол оюутан суралцдаг гэсэн. Тэд хэл сурах энэ аргыг сайн судлаад Монголдоо нэвтрүүлбэл, нөгөө олон ном, даалгавар гэсэн дарамтгүйгээр гадаад хэлийг залуус сурч болох юм байна. Хүн хүссэн хүсээгүй дуу амандаа аялж явдаг тул, энэ маягаар дууны үгийг нь заахад, тухайн дууг аялж явах зуураа үгээ яс цээжилж, өгүүлбэрийн бүтцийн тухай ойлголттой болж болох юм. Би Харилцаанд сурч байхад ч гэсэн дууны тусламжтай Япон хэлийг зааж байсан. Харин энд хэрэглэж байгаа тэр арга барил, туршлагыг Монголд ашиглах юм бол !!!
Сэлэнгээтэй анх утсаар танилцаж байхдаа Женевт байгаа Монголчуудтай уулзалт зохиох хусэлтэй байгаагаа хэлсэн юм. Тэрээр Ардын жүжигчин Зангад гуайн охин, ёочин гэдгийг нь сонсоод баяртай байсан юм. Тэрээр энд ирээд сургуулийнхаа захирал болон энд байдаг Монголчуудын хамт «Монголын Худалдаа, Соёл Урлагийн Солилцооны Нийгэмлэг» байгуулсан гэсэн бөгөөд удалгуй тус дээд сургуулийн захирал, уг нийгэмлэгийн тэргүүлэгчтэй уулзуулахаар боллоо.
Ноён Robert Hisland Hiestand нь тус дээд сургуулийн захирал, Монгол Швейцарь улсын нийгэмлэгийн тэргүүн. Өрөөнд нь ороход надад маш дотно санагдлаа. Ханаараа дүүрэн ном сэтгүүлүүд байсны 90 хувь нь Монголын түүх соёлтой холбоотой байлаа.
Энэ хүн Монголын талаарх мэдлэг ихтэй байх ёстой.
Монголд хайртай хүн байна даа гэсэн бодол төрлөө.
Урьдчилж мэдэгдээгүй байсан тул ажилд нь төвөг болмооргүй байлаа.
Монгол залуу ганцаараа дэлхийг тойрох гэж зүтгэж байгаад Монгол хүн шиг баярлаж, амжилт хүсэж байсан тэр харц надад маш дотно санагдаж билээ. Зарим Монголчууд намайг ойлгож чадахгүй байхад хүний хүн ингэж сайхан хандаж байдаг.
Тус төв дээр байхдаа уг Монгол Швейцарийн нийгэмлэгийн хийсэн ажлын дундаас МОНГОЛЫН МОРИН ХУУРЫН ЧУУЛГА-ыг Швейцарь улсад урьж тоглуулсан явдалд би хувиасаа баярлаж байлаа. 27 хүний бүрэлдэхүүнтэй тийм том чуулгыг өөрсдийн зардлаар авчирч, НҮБ-ын ерөнхий ассамблейн танхимд тоглуулсан нь үнэхээр бахархууштай явдал юм.
Ийнхүү яриагаа дуусгаад Сэлэнгээ намайг дагуулж ЖЕНЕВ дахь НҮБ-ын нарийн бичгийн газрын төв байр луу цуг явахыг хүслээ. Энэ хотод дэлхийн олон улсын хэмжээний олон байгууллага байрладаг бөгөөд НҮБ-ын Нью Йоркийн дараа ордог хоёр дахь чухал байрыг үзэх нь надад маш чухал байсан юм.
Трамвайд суугаад үүдэнд нь буулаа, эргэн тойрон Улаан загалмайн байр, Дэлхийн худалдааны байр гээд олон улсын байгууллагууд харагдлаа. Энэ гудамжаар олон улсын болон дипломат дугаартай машинууд дүүрэн байлаа.
НҮБ-ын байр луу орох үед нэрс асуусан бөгөөд, Сэлэнгээ энд ажилладаг нэгэн Монгол эгчийн нэрийг хэлж, цаасан дээр нэвтрэх үнэмлэхийг хоромхон зуур бидэнд хэвлэж өглөө. Энэ байрны хамгаалалт, камер төхөөрөмжүүдийг юун түрүүнд олж харлаа. Гэхдээ шалгалтаараа АНУ-ын элчин сайдын яамтай харьцуулахын аргагүй шүү.
Энэ байр луу ороод юуны түрүүнд НҮБ-ын ерөнхий ассамблейн хурал болдог заал руу чиглэлээ. Олон улсын мэдээллийн хэрэгслээр гардаг энэ танхимд орж зургаа даруулснаар ЖЕНЕВ-т хөл тавьсан шүү гэдгээ баталлаа.
Ийнхүү бид дотогш орж НҮБ-ын Европын Эдийн Засгийн комиссын ажилтан М.Оюунжаргал эгчтэй танилцлаа. Уг НҮБ-ын төвд нэлээд хэдэн Монгол хүн ажилладаг гэсэн бөгөөд, миний хувьд тус газрын тухай мэдээлэл хэрэгтэй байгааг хэллээ. Оюунжаргал эгч миний саналыг хүлээн авч, Монголын залуучуудад энэ газрын талаарх мэдээллийг сүүлд бичиж явуулахаар тохиролцлоо.
Кафе орж цай уунгаа бид Монголд болж буй байдлын талаар ярилцах зуур би монгол хэлний дадлага хийж авлаа. Орой Монгол Швейцарь төв дээр Монголчуудтай уулзалт хийхээр төлөвлөсөн байсан тул гацахгүй ярих нь чухал байсан юм.
Уулзсаныхаа дараа уг байранд байдаг Монголоос бэлгэлсэн мөнгөн аягыг сонирхлоо.
НҮБ-ын байрнаас гараад улс орнуудын тугийг сонирхоод үүдэн дээр нь байгаа, нэг хөлгүй сандалны доор зургаа даруулаад буцаад сургууль руугаа явлаа.
Манайхан болсон хойно нэлээд хоцорч сургуулийн зааланд цуглалаа.
Миний дэлхийг тойрч буй аяллын тухай хүн бүр адил асуулт асууж байсан тул, нэгмөсөн бүгдийг нь цуглуулж байгаад ярилцахаар шийдлээ. Ихэнх нь бүсгүйчүүд цугласан харагдлаа.
Би лекцээ монголынхоо тухай яриагаар эхэлсэн бөгөөд – Бид яагаад Эх Орондоо хайртай байх ёстой вэ! гэдэг дээр өөрийнхөө саналыг хэллээ. Цааш нь аяллынхаа талаар ярьж,
Хэзээ нэгэн цагт бүгдээрээ Эх Орондоо харьцгаана шүү гэж уриаллаа.
Манай залуус хоорондоо ярилцаж байгаад миний аяллыг дэмжиж, боломжоороо дэмжлэг гардууллаа. Би анхнаасаа энэ талаар тохиролцоогүй байсан ч, миний аялалд жоохон ч болов тусалъя гэж уриаллаа.
Уулзалт тараад битүүлэхээр Сараагийнд зочлов.
Сүүлийн үед хэзээ бууз идлээ дээ!
Ямар гоё юм бэ! Өег гэж.
Тэднийхээс гараад Женевт байгаа Монголчуудын хүндэлж явдаг ахмад хүн Батчулуун гуайнд зочиллоо. Ийм олон Монголчуудыг нэг өдөр харах сонин байдаг юм байна.
Хамгийн гол нь ярьж буй бүх зүйлийг бүтнээр нь ойлгоод байна гэхээр.
Битүүлж дуусаад гэр лүүгээ харих бодолтой байсан ч Амай гэж Паартычин ирсэн юм чинь эндхийн клубыг танилцуулна гээд бүгдээрээ WHITE and SILVER гэдэг клуб руу орлоо.
Ийнхүү үүрийн 4 цаг хүртэл зад бүжиглэлээ. Сүүлд санаж байгаа зүйл гэвэл сайн ДЖ, хөөрхөн охид тэгээд маш өндөр өртөг. Харин манай залуус намайг аяны хүн гээд төлбөр хийхээс чөлөөллөө.
Гэртээ такси барьж харьсан бөгөөд 3 км орчим нь манайхаар 25000 төг байлаа. Энэ улсын юмны өртөг гэж маш үнэтэй шүү!
Ийнхүү гэрээсээ гарснаас хойш анх удаа Цагаан сарын битүүнийг Монголчуудтай үдэж үзлээ.
Женев дахь Монголчууддаа маш их баярлалаа.
Товчхондоо иймэрхүү.
Энэ өдрийн онцлог гэвэл гэрээсээ гарснаас хойш анх удаа Цагаан сарын битүүнийг Монголчуудтай тэмдэглэсэн. НҮБ-ын байранд зочилсон. Женев дэх Монголчуудтай уулзалт зохион байгуулсан, …. гээд яриад байвал дуусахааргүй. Гэхдээ л маш сонирхолтой өдөр болсон.
Кирилл үсэг рүү хөрвүүлсэн Намухай
March 4, 2009
| 2,760 Үзсэн 










































Horaayy..there are 10 comment(s) for me so far ;)
битүүнээс эхлээд шинийн нэгэн гартал бүжиглэсэн юм биз дээ жил жингээ бүжиглэх юм байна л даа
Erhem duu Amai.
Sar shiniin mend hurgei.
Urt nasalj udaan jargaarai.
Europiig hezee orhij aguu ih Azid hezee ireh be?
Hamag amitan amar amgalan baih boltugai.
Hamag amitan sansriin hurdiig getelj burhnii hutgiig oloh boltugai.
uneheer sonirholtoi buguud saihan udriig unguruuljee.baga noir avch dee.chi ih turanxai haragdaj bn.bainga ayalj yavdag udaan hugatsaani sain amralt avch chaddaggui bolohoor ter bizee.neg dor olon mongolchuudtaiga uulzsand umnuus chin bayrlaj bnaa.
zarim neg setgegdel ustagchihdag yum uu? gui yu? ger haraad torson setgedel bichsen chin baihgui bna. yum bichih gesen durgui hurchihlee.
sain uu Amai sain yavjiina uu, chinii aylaliig bainga unshdag bolovch odoo l comment bichij bna. saikhan bituurchee…chinii umnuus Geneva dahi Mongolchuuddaa dahin bayarlalaa gej helmeer bna. Chamaig demjdeg hundeldeg mash olon humuus bdag shuu uram zorigtoi eruul saruul sain yavj eh orondoo ireed ene aylaliinhaa tuhai nom beldej hevluuleerei gej husie…AMJILT.
Amai amjilt husii… neg yum asuuh gesiimaa. ALi9 ornii Bakalavriin surgalt ni chanartai bolood hyamd baidag ve??? Er ni tegeed bas gaigui Amjirgaanii urtugtei gehiimuudaaa??? hehe Shiniin negend naana muruu gargaj chadsan uu??? Mongoloo ch ih l sanaj bgaa bhdaa.
САЙН УУ АМАЙ САЙН ЯВЖ БАЙНА УУ. ЧИНИЙ АЯЛАЛЫГ ЭХЭЛСЭН ЦАГААС НЬ ЭХЛЭЖ ЦУГТАА ЯВЖ БАЙГАА ЮМ ШИГ ..САНАГДДАГ БОЛСОН БАЙНА ШҮҮ . САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
Ah da amjilt husyeee!!!
Erhem duudee talarhaj bas baharhaj baidag shuu.
Naiz Jagaagiin chini eej.
Erhem duudee talarhaj bas baharhaj baidag shuu.
Naiz Jagaagiin chini eej.