Ko Phangan 1 (1)

2013 оны 5 сарын 3.
Тай-ын вант улсын нийслэл Бангкок хотын олон улсын нисэх онгоцны буудал.
Аав, Ээж маань надтай хамт 30 өдрийн, хэцүү боловч адал явдлаар дүүрэн аялалд хамт явж, 2 улс, олон хот суурингийн хүмүүсийн ертөнцтэй танилцаж, амьдралд ховор заягдах, адал явдалт “Амай травел” аяллын сүүлийн мөч ирлээ.
Дэлхийн хүн амын 99% энэ насандаа үзээгүй, Дэлхий ертөнцийг туулаад, судлаад, туршаад ирсэн хүн болохоор Аав, Ээжийнхээ ачийг хариулж, өөрийн ертөнцдөө гайхамшигтай аялуулсан минь энэ байлаа.
Тансаг буудал, тусгай үйлчилгээ авах нь гол биш, чадах чинээгээрээ нутаг бүрийн гоо үзэсгэлэн, соёлын дээжийг үзүүлэхийг хичээлээ.
Дэлхийн аялал, жуулчлалын салбарын шилдэг хөтөч, аянчин, мэргэжилтэнгүүд цуглаад, дуу бүжиг, хөгжим спортын тэмцээнүүдийн адил хэн нь хамгийн шилдэг аялал жуулчны мэргэжилтэн бэ гэдэг өрсөлдөөн хийвэл би шилдэг өрсөлдөгчдийн нэг байна гэдэгт эргэлзээгүй билээ.
(Би Монголдоо төдийгүй Дэлхийд аялал жуулчлалыг сайн мэддэг мэргэжилтэн болсон болохоор, “Амай Травел” гэдэг компани байгуулж, шинэ сонирхолтой аяллын багцуудыг санал болгох бодолтой байна. Фейсвүүк-ийн энэ хуудсанд нэгдээрэй.)

постер

фейсбүүк: Амай “Гайхамшигт Ертөнц”

Амай  “Амьдрал Сайхан шүү”

Амай “Сайн Сууж Байна уу”

Амай “Дэлхийн Нэг Өдөр”

Амай “Цаг Хугацаагаар”

(тэмдэглэлийг хөгжимтэй унших сайхан)

Өөдөөс харан зогсож байгаа аав ээжийнхээ өмнө ядраагүй, эрүүл саруул байна гэдгээ харуулах нь чухал байв.

Ko Phangan 1 (2)
Ямар хэцүү бөгөөд сэтгэлд шаналалтай замыг өдөр бүр шахуу, олон жилийн турш туулсан болохыг анх удаа биеээрээ мэдэцгээсэн Аав, Ээж хоёр юу гэж хэлэхээ мэдэхгүй байв. Гэртээ хариад амар гэж хэлж болохгүй, Монгол Төрийн Ерөнхий сайдын өгсөн үүрэгтэй болохоор.
Ээж намайг илэх бүрдээ их өрөвддөг харцтай.
Хөөрхий миний муу хүү ядарч байгаа даа гээл. Харин аав аль болох чангалж, эрчээ алдуулахгүй байлгахыг зорьж байв.
Өвдөж шаналах, ядрах, халууцах, даарах бол өдөр тутмын бэрхшээл, харин хамгийн хэцүү нь ганцаардал.
Эр хүний ганцаардал, Монгол хүний ганцаардал, Хүмүүн төрлийн ганцаардал.
Ази Африк, Европ, Америкийг туулсны дараах хол замд их ядарсан, бэдэрсэн энэ үед гэрийнхэн ирсэн нь нэг хэсэг газрыг өөдрөг туулахад хэрэг болсон юм.
Цаашаа явж чадахааргүй, дийлэхээргүй, дасан зохицох боломжгүй шахуу болсон цаг үед.
Гурав дугаар аян маш хүнд нөхцөлд эхэлсэн.
Хэд хэдэн хэцүү даваануудыг сэтгэлийн хүчээр туулах шаардлагатай болсон. Замд гарахын өмнө дотны найзаа аварч чадалгүй алдаж, хүйтэн өвлийн Монголоос, халууны туйл Зүүн Өмнөд Азийн улсуудад буугаад, өдөр шөнөгүй улс, хотууд, байгалийн өөр өөр бүсүүдийг туулссаар байна.
Амьсгалах агааргүй гэмээр халуун бөгчим нутгийн цаг агаар намайг хамгийн ихээр туйлдуулж байна. Ямар аз болж ийм халуун улсад төрөөгүй юм бээ.
Олон жил ганцаараа явсан болохоор хоол хоолойгоор орохоо ч больж.
Уйгагүй хөдөлмөрийн үр дүн хэзээ нэгэн өдөр гарна гэсэн итгэл найдвар л намайг холын хол, биеээ дайчлан явахад дэм болж байна.
Аав, Ээжийгээ онгоцонд нэвтрэх хүртэл харж зогсохдоо
-Хурдан ажлаа дуусгаад гэртээ харих юм сан гэсэн бодол төрлөө.
Ахмад насны хүмүүсийг гадаадад дагуулж аялна гэдэг тийм амар ажил биш болохыг энэ хөтөлбөр надад ойлгуулав. Гэхдээ эх орон, гэр орноосоо холддоггүй ахмад хүмүүсийн хувьд ийм аялал нь “амьдрах зөн совин”-гоо сэргээх, эрүүл мэндийн тустай юм байна гэдгийг ядарсан ч, гэрэлтэж буй Аав, Ээжийн харцаас харж байна.
Яаж ч байсан, хүүгийн хувьд Аав, Ээждээ шинэ еотөнц, газар үзүүлэх мөрөөдлөө биелүүлж чадсандаа баяртай үлдлээ.

Jambalsuren Thailand (14)
Зам үргэлжилсээр…
Отгоо гэж дүү залуу анх надтай танилцаж, Монгол Бадарчин төсөлд сэтгэлээсээ тусалж байсан болохоор би өөрийн шавиа болгож, үзсэн харснаа, мэдсэн ойлгосноо дамжуулж, зааж байгаа юм. Энэ удаагийн аялалд Аав, Ээжийн хамт над дээр миний урилгаар ирж, аялаад, одоо цааш хамт, Тай улсын урд бүсийн овог аймаг, газар нутагтай танилцах юм.
Дашаа найз маань бас нөгөөдөр Тайын вант улсад надтай нийлж, аяллын хэсэг замыг хамт туулна гэж тохиролцсон юм. Онгоц нь буух Фукет хот нь нийслэлээсээ баруун урд 840 км хол тул Отгоог дагуулаад, нисэхийн хажуух галт тэрэгний буудлаас вокзал хүртэл яваад, тэндээс Тайландын өмнө зүг рүү хөдлөх галт тэрэг, эсвэл автобус олно гэж бодов.

Ko Phangan 1 (3)
Нисэх буудал хүртэл олуулаа, бас ачаа ихтэй байсан тул таксидсан, харин одоо хоёулхнаа галт тэргээр хүрсэн нь олон сая хүнтэй энэ хотод хурдан бөгөөд хямд юм.

Ko Phangan 1 (4)
Хуучны загварын, хямд үнэтэй галт тэргэнд голдуу Тайын жирийн иргэд байна.

Ko Phangan 1 (5)
Улс үндэстэн бүрийн жирийн хүмүүсийн аж амьдрал, хоорондын харилцааны өнгийг ажиглаж, хүрэх газрынхаа тухай бодож суутал, Европын загварын бөмбөгөр хэлбэртэй гал тэрэгний Хуа Ламфонг гэх төв буудал дээр нь ирлээ.

Ko Phangan 1 (11)

Ko Phangan 1 (6)

Заалны хойморт өлгөөтэй Тайын одоогийн вангийн зураг руу харуулан байршуулсан эгнээ сандлууд, залны хоёр талаар давхар үйлчилгээний газрууд, Тай улсын үзэсгэлэнт газруудын фото зургийн цуглуулга, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид.

Ko Phangan 1 (7)
Бид хоёр үүргэвчтэйгээ жуулчны лавлахаас, автобусны болон галт тэрэгний тасалбар хаанаас авч болохыг англи хэлээр лавлалаа. Аялал жуулчлалалын салбарын ажилтан англи хэлний шалгалтаа 60 хувьд өглөө.

Ko Phangan 1 (8)

Үнэ лавлаж байгаад, Хоёр давхрын нэгэн газар Фукет хотруу хөдлөх тасалбар худалдан авч, гурван цаг хүлээгээд автобусандаа суух болов.
Жуулчдад үйлчилдэг газар, хүлээж буй хүмүүсийнхээ тусын тулд, интернэт wifi тавьчихгүй яасан юм бол гэж бодоод, гэр лүүгээ илгээх ил захидлаа бичлээ.

Ko Phangan 1 (12)
Хийх юм байхгүй цагаа хүлээж суухдаа орч гарч буй хүмүүсийг ажиглав.
20-30 хувь нь шахуу гадны жуулчид.
Нутгийн хүмүүс Тай үдэснийхээ хувцасыг бараг өмсдөггүй бололтой.
Гэнэт нэгэн хүн чанга яригчаар юм хэлэх шиг боллоо. Тэгээд хөгжим эгшиглэхэд зааланд суусан Тай хүн бүр зогсов. Зарим жуулчид юу болж буйг ойлгохгүй сууж, зарим нь усыг нь уугаад ёсыг нь дагалаа. Бид зочид болохоор нутгийн хүмүүсийг хүндлэх үүрэгтэй учир босоод зогсов.

Ko Phangan 1 (9)

Ko Phangan 1 (10)
Гаднаас орж ирэхэд галт тэрэгний буудлын хойморт байрлах Тайын вангийн зурагны урьд лам нарт зориулсан суудлууд зассан байв. Өмнөх хот суурингийн буудлуудад бас хоймортоо Вангийн зураг, урьд нь лам нарын суудал зассан байсан юм. Харин энэ удаа Тайын төрийн дуулал эгшиглэх үед лам нар нь босохгүй суудаг болохыг анзаарлаа.
Манай Эзэн Хаант улс маань энэ цаг үе хүртэл оршсон бол ямар байхсан бол оо.
Хүлээсэн цаг маань болж, бид хоёр бусад жуулчдыг даган гарлаа. Сайхан тоноглосон, хоёр давхар жуулчны автобус руу очтол, цаана нь дахиад нэг автобус жуулчидаа нэгэн зэрэг хүлээн авч байв.

Ko Phangan 1 (13)

Тасалбараа зохицуулагчид үзүүлтэл урьд талын автуусанд суу гээд цээжинд нэг өнгийн наалт наалаа. Бодвол тэр наалтаар хүмүүсээ ялгадаг бололтой.
Автобусны хоёр давхарын, урд зам руу харсан хоёр суудалд хэн ч суугаагүй байхлээр, бид хоёр сууж, бүсээ бүсэллээ. Гоё хөгжим сонсож, шөнөжингөө зам харж явна гэдэг үнэхээр азтай санагдав.

Ko Phangan 1 (14)

Ko Phangan 1 (15)
Зарим жуулчид урд суухаас айдаг.
Маш сайн зассан хурдны замын дагуу ганц хоёр цайны газар зогслоо.

Ko Phangan 1 (16)
Үүрийн 5 цагийн үед, 9 цаг автобусаар явсны дараа нэгэн зогсоол дээр зогсож, бүх жуулчид автобуснаас буух үед бид хоёр зорьсон газартаа ирсэн гэж бодлоо.
Хав харанхуйд автобуснаас буугаад хартал хот биш, ганц жижиг байшинтай буудал байв.

Ko Phangan 1 (17)
Бусад жуулчид санаа зовохгүй хажуугийн сандлууд дээр суухаар нь энд бид автобусаа солих юм байна даа гэж бодлоо.
Хэсэг сууж байгаад, нээрээ юу билээ асууж үзье гэж дотогш орж, тасалбар зардаг хүнээс нь ямар газар буучихаад байгаагаа асуутал бид хоёрын явах зүгийн Баруун урьд биш, зүүн урагшаа чиглэсэн замын, Ко Тао, Ко Фанган, Ко Самуй арлууд руу явдаг усан онгоцны буудал дээр бид хоёр ирсэн байжээ.
Тайын нийслэлийн төв буудал дээр үйл ажиллагаа явуулдаг албан ёсны байгууллага бидний мөнгийг луйвардаж буруу тасалбар өгч, эсвэл тасалбар шалгадаг ажилчин биднийг буруу автобусанд суулгаж ээ.
Шинэ зам зохиох хэрэгтэй болсон тул автобус хүлээж, энд цаг алдсанаас, Ко Фанган гэх арал дээр амьдардаг Орос найз дээрээ очоод, Улаанбаатараас хоёр дахь өдрөө ирж яваа Дашаа найзаа тэр арал дээр хүрээд ир гэж дуудах боллоо.
Бид хоёр Ко Фанган дээр бууж хэд хоноод, тэгээд цааш тасалбараа ашиглаад Фукет явж болох уу гэж тээврийн ажилтнаас асуухад,- болно болно гэхдээ нэмж мөнгө төлөх хэрэгтэй гэв.
Буруу автобусаар явснаас болж цаг хугацаа, зуугаад ногооноо алдчихаад байхад, дахиад мөнгө өг гэхэд гайхсан ч, усан онгоц мөдхөн ирээд хүмүүсээ аваад явах тул, нэмэлт мөнгийг нь бас төллөө.
Нэг ирээд, дахиж харагдахгүй гадны жуулчдыг залилдаг, эд зүйлс, цүнхийг нь хулгайлдаг сүлжээ Вьетнам болон Тайландад ихээр тархсаны нэг жишээ энэ үйл явдал болохыг сүүлд ойлгосон юм.

Ko Phangan 1 (21)

(гэмгүй царайтай луйварчин)
Холын замд ийм тохиолдлууд олонтай болдог тул, уурлаж бухимдалгүй, бүх юм Тэнгэрийн ивээлээр болдгоороо болж байна гэж хэлээд, эвлэрэх ёстой юм.
Юу ч хийж чадахгүй бол, уурлаж бухимдаад яах билээ?
Бид хоёр лангуунаас бэлэн хоол авч, буцалсан усаар дэвтээж идээд, усан онгоц ирэхийг хүлээж суулаа.
Тэнгэсийн хязгаараас улаан туяа цацарч, эргэн тойрны бүх зүйл өөр өнгөтэй болов.

Ko Phangan 1 (18)

Хамт ирсэн бүх жуулчид, нар мандах зүг рүү мэл гайхан харж байсанаа, эргийн зүг явцгаалаа, бид хоёр бас байгалийн энэ үзэсгэлэнтэй үзэгдлийг эрэг дээрээс үзэхээр алхав.
Тэнгэрийн хаяа, тэнгэсийн гадаргуу хоёр адил, улаан туяашаар будагдаж, өмнө хэзээ ч үзэж байгаагүй нар мандалтыг би энд анх харлаа.
Ямар үзэсгэлэнтэй гоё юм бэ.
Жуулчид утас, зургийн апаратаараа мандах нарны зураг бичлэгийг хийж эхлэв.

Ko Phangan 1 (20)
Наран мандах зүгт орших сүүдэрлэг арлын зүгээс, урьд, хойд үзүүрүүд нь өргөгдсөн хэлбэртэй нутгийн загасчны завь зөөлөн дөхөж байв.

Ko Phangan 1 (19)
Зөөлөн сэлүүрдэн ирэх завь эрэг шүргэн хүрэх үед, зураг дарж, бичлэг хийж байсан жуулчид эргээд автобусны буудал руугаа буцлаа. Харин би энд, мандаж буй нарыг хараад л зогсоод баймаар санагдав. Удалгүй завь мотоороо асаагаад эргээд явлаа. Ирэхдээ чив чимээгүй харин буцахдаа моторын чанга дуутай. Жуулчдад зориулсан ийм үзүүлбэр хийвэл ямар гоё вэ гэж бодлоо. Өглөө бүрийн үүрээр автобус энд ирж, жуулчид мандах нарыг харж байгаа юм чинь зураг интернэтээр тархана шүү дээ.

Ko Phangan 1 (22)

Удалгүй жижиг оврын усан онгоц эрэг дээр зогсож, жуулчид тасалбараа үзүүлэн нэвтэрлээ. Бид хоёр цүнхээ үүрээд онгоцны доод хэсэгт суудал авлаа.

Ko Phangan 1 (23)

Ko Phangan 1 (24)

VIP буюу тусгай үнэтэй, сэрүүцүүлэгч, тусгаарлагчтай өрөө завины урьд хэсэгт байна. Онцгой үед хүн бүрт хүрэх аюулгүйн хантаазуудыг сандал бүрт тохож.

Ko Phangan 1 (26)
Дотор суумааргүй байгаа залуус усан онгоцны урьд болон хажуу талаар тухлан сууж, байгалийн гоо үзэсгэлэнг ширтэж, зарим нь дөнгөж өвлийн нутгаас ирсэн цагаан арьсаа цаг алдалгүй наранд шарж авахыг хичээж байв.

Ko Phangan 1 (27)

Ko Phangan 1 (25)

Олон жилд замд байхдаа, шинэ аялагч, мэргэжлийн аялагч, нутгийн болсон аялагчдыг үүрсэн цүнх, өмссөн хувцас, гаднах төрхөөр нь ялгадаг болсон юм.
Энд голдуу залуус цугласан байна.
Боломжийн амьдралтай Европ залуус, ертөнцийг таньж, өөрийгөө олох гэж замд гарсан гадны бадарчид, энэ бүс нутагт усыг нь уугаад ёсыг нь дагаж амьдарч байгаа гадны залуус.
Усан онгоц эхний арлын боомт дээр хүрэх үед, буух хүмүүстэй зөрөөд усан онгоцонд суух олон үндэстний жуулчид хүлээж байна.

Ko Phangan 1 (28)
Бидний ирсэн зүг рүү жуулчид хүргэж яваа усан онгоцтой зөрлөө.
Тайын вант улс нь Дэлхийн аялал жуулчлалын урсгалыг, эдийн засгийнхаа эх үүсвэр болгож чадсан улс яах аргагүй мөн байна.
Хамт ирсэн жуулчин залуусын хагас нь эрэг дээр бууж, шинэ хүмүүс завинд сууж, бид тайландын тэнгисээр явсаар, Ко Фанган арал руу дөхөж ирэв.
Сайн найз, шавь хоёртоо аяллынхаа нэгээхэн хэсгийг үзүүлээд, нутаг буцах үед нь энэ арал дээр ирж, нэг хэсэг холын замынхаа ядаргааг гаргаж, амарч авах төлөвлөгөөтэй байсан юм.
Гэтэл үйл явдал ингэж эргэж, Отгоо надтай хамт арал дээр бууж, Дашаа найз маргааш ирэх болов.
Олон жилийн өмнө Москва хотод танилцаж байсан Орос найз маань энэ арал дээр амьдарч байгаа, гоё байна, ирээрэй гээд уриад байсан болохоор, таньдаг хүнтэй арал дээр буух сайхан байв.
Удаан хугацааны аялалд бүхнийг урьдчилан тооцоолж, мэдэх аргагүй бөгөөд оюуны ухааны хувьд боломжгүй. Гэхдээ аялал яагаад хүнд сайн вэ гэвэл, аялал хүний сонор сэрэмжийг ахин асааж, амьдрах зөн совинг сэргээдэг юм.
Жилд нэг удаа заавал гадаадын хаа нэгэн газар луу, Эх орныхоо аль нэг хязгаар луу хэсэг хугацаагаар аялж байх хэрэгтэй гэж би зөвлөе.

Ko Phangan 1 (30)

Ko Phangan 1 (29)

Усан онгоцноос буух үед, нутгийн зочид буудлын ажилчид, хувийн такси үйлчилгээний хүмүүс тал бүрээс, үнэ санал болгож гарав.

fm

аралын тухай юу мэдэх билээ дээ…

Тайын Ко Фанган арал нь тайландын зүүн өмнөд тэнгист, эх газраас 60 км зайд оршдог 3 арлын голынх нь юм. 168 км кв, 10×15 км-ийн өргөн газартай, 13000 хүн амтай, Донгсала (Thongsala) боомт төвтэй, Дэлхийн аялал жуулчлалын чухал цэг юм.
Леонардо Декаприрогийн тоглосон “The Beach” киноны зохиол нь бичигдсэн газар гэдгээр хүмүүст танигдсан, энэ арал дээр “Full Moon Party” (Арван тавны сарын үдэшлэг) гэх сар бүр 5000-аас 30000 жуулчин хүлээн авдаг паари болдог, юм байна.

FUULMOON 2
1985 онд эхлүүлсэн “Fullmoon party” бүтэн сартай шөнийн үдэшлэг нь эдүүгээ Дэлхийн эхний гуравт ордог, сар бүр олон мянган хүн цуглуулдаг том паари, бүжгийн арга хэмжээ болжээ.
Дэлхийн өнцөг булан бүрийн Электро урсгалын Транс, Дийп Хауз, Психоделик, Регге, Ар Энд Би хөгжимд дуртай залуус, сар бүрийн арван тавны сартай шөнө энэ арал дээр цуглаж, далайн эргийн элсэн дээр үүр цайтал ууж, идэж, бүжиглэж амралтаа өнгөрөөдөг юм байна.

FUULMOON3
Тайланд улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь хуулийн хатуу шийтгэлтэй байдаг бөгөөд зарим төрлийн мабо-той (химийн аргаар гаргаж авсан мансууруулах бодис) баригдвал цаазын ял ч сонсож болох юм.
Манайхан энэ арлыг болон Зүүн Өмнөд Азийн, аялал жуулчлал хэт хөгжсөн улсуудыг зорьж, дэлхийн соёлын өвтэй танилцах гэж байгаа бол маш болгоомжтой, хөрөнгө мөнгө, эд зүйлсээ гайхуулахгүй, анхаарал татахгүй аяллахыг анхааруулъя.

Олон төрлийн аялагчдын дунд явдаг хүний хувьд, улс оронд болж буй үйл явдлын талаар олон зүйл сонсдог юм. Цагдаа нар бичиг баримт, шалгалт хийх нэрийн дор карманд хориотой бодис хийж, гүтгээд мөнгө шаналгасан тохиолдол олныг сонсож байна. Дээрэм, өрөөний хулгай, автобусны ачаанд хийсэн цүнхээ алдах тохиолдол хүртэл болж байна.

fm
Үдэшлэгт оролцохдоо хэтрүүлэхгүй байх, ууж буй зүйлд хэн нэг нь элдэв юм хийхгүй байх тал дээр болгоомжилж, найз нөхдөөсөө холдохгүй, эд зүйлсээ хянамгай байхыг анхааруулж байна. Ялангуя олон мянган халсан хүмүүсийн дунд орсон, халуурсан хүн ухаан мэдрэлээ алдах тохиолдол олон шүү.

FUULMOON

Эргээд…

Ko Phangan 1 (31)
Яарах юмгүй тул ойрын дэлгүүрээс ундаа авч, сэрүүцүүлэгчинд нь халуунаа дарж аваад, тэгээд Зүүн Өмнөд Азийн бүгчим халуун гудамж руу дахин гарлаа.
Замын хоёр талаар, давхар барилгууд.
Бүх хүмүүс ямар нэгэн аж ахуй эрхэлж байна.

Ko Phangan 1 (33)

Бэлэг дурсгалын дэлгүүрийн үүдэнд ихэвчлэн байдаг, энэ улс, бүс нутгийн үзэсгэлэнт газруудын зурагтай ил захидлын булан дээр очоод, Энэ арлын хамгийн гоё гэх зүйлүүд нь юу вэ гэдгийг богино хугацаанд мэдээд авлаа. Аялж байхад энэ арга нь, судалгааны ажлыг их хөнгөвчилдөг юм.
Зарим том том зочид буудлуудын хүлээн авах дээрээс тус хотын газрын зургийг үнэгүй авч болдог юм шүү.
Мотоцикл түрээслэх үйлчилгээнүүд хэд хэд байна.
Аялж байхдаа олон орны аялагчидтай таарч, үзсэн улс орнуудын тухай ярилцах үед Тайын вант улсад мотоцикл түрээслэх үйлчилгээг хэрэглэж хэрэггүй гэж зөвлөдөг юм. Учир нь мотоцикл түрээслэж буй хүн өөрийн паспортоо барьцаанд үлдээдэг. Тэгээд унааг нь өгөх өдөр хаанаас ч юм будгийг нь хэн нэг нь гэмтээчихсэн байдаг. Тэгээд техникийг гэмтээсэн гээд хүссэн мөнгөө нэхнэ. Хэрвээ энэ асуудалд зууралдвал, усан онгоц, унаа, магадгүй өндөр үнэтэй онгоцны тийзээ үхүүлж, маш их хэмжээний төлбөр, ажил алдалт болох тул ихэнх жуулчид хэлсэн тоог нь төлөөд явдаг гэсэн шүү.
Энэ улсад ирэх үедээ энэ анхааруулгыг санаарай.

Ko Phangan 1 (34)

“Бүтэн сартайн үдэшлэг”, “Хагас сартайн үдэшлэг” гэх энэ арлын Дэлхийн бренд болсон шоуны зарлалууд гудамжинд хаа сайгүй өлгөж. Энэ үдэшлэг party-нд оролцох гэж 15 -ны сартай үед олон хүн цугладаг гэсэн.

Ko Phangan 1 (36)

Ko Phangan 1 (35)7/ 11 гэдэг дэлгүүр лүү орох гэтэл, үүдэнд үхсэн том харх,тоохгүй хэвтэх банхар таарав. Олон улсын том сүлжээний дэлгүүрийн үүдэнд халдвар тараах аюултай амьтан үхсэн хэвтэж байхад хэн ч тоохгүй байна гэхээр сонин л юм.

Ko Phangan 1 (32)
Гудамжаар нь алхаж, энэ арал дээрх сумын хүмүүс Дэлхийн жуулчдад юу санал болгож буйг сонирхож яваад, дотроо олон үйлчлүүлэгч цуглуулсан гудамжны цайны газар таарав.
Шууд гал дээр хийж өгдөг хоол хамгийн амттай хоол гэдгийг энэ холын зам надад ойлгуулсан.
Арал дээрх аялал жуулчны үйлчилгээнүүдийн танилцуулга харж байгаад, ямар шуу буудалд буухаа бодов.
Монгол Бадарчин төсөл уул нь Дэлхийн хэмжээнийх ч, төсөв нь нэг хүнийх тул, хоёр хүнд гамнах хэрэгтэй байв.
Шинэ бүс нутаг, шинэ хоол амталж идсэний дараа, нутгийн хүмүүсийн уудаг пивээр даруулав. Отгоод ч үүнийг заав. Хол замд өөр өөр төрлийн хоол тогтмол идэх хэрэг гардаг бөгөөд, ихэнх цайны газрууд ариун цэврийн наад захын шаардлага хангаагүй байдаг юм. Хордож өвдөх тохиолдол олон.
Тиймээс мэдэхгүй хоолны араас нь хатуу зүйл хүрт.

Ko Phangan 1 (39)
Орос найз намайг арал дээр буусныг мэдээгүй байгаа болохоор, би байгаа газарт нь хэрхэн хүрэх тухай хажууд байрлах арлын газрын зургаар тооцоолоод, замын унаанд дайгдахаар шийдлээ.
Усан боомт дахь суурингийн зах руу алхаж, энэ сумын хүмүүсийн амьдралыг сонирхоод, өдөр бүр заавал хийх ёстой биеийн тамирын алхалтаа 15 кг-ын цүнхтэйгээ хийлээ.

Ko Phangan 1 (51)
Суурин дуусч, ширэнгэн ойн голоор татсан засмал замын хажуу хэсгээр бид хоёр алхаж гарлаа. Хойноо ачаатай пикап төрлийн жийп зогсох үед, жолоочид нь хүрэх газраа хэлээд ачаан дээр нь суулаа.

Ko Phangan 1 (40)
Машины ачаан дээр, Тэнгэрийн, эргэн тойрны байгалийн гоо үзэсгэлэнг мэдрээд, салхи татуулаад явах бол аяллын хамгийн гоё зүйлүүдийн нэг.
Отгоо надтай хамт ачааны буланд нь тухлан сууж, хажуугаар өнгөрөх аралын ширэнгэн ой гэх байгалийн үзэсгэлэнт бүтцийг ширтэн, миний номдоо бичээд байдаг аяллын бас нэг төрөл Автостоп гэх зүйлийн сайхныг мэдэрлээ.
Бид хоёр явсаар арлын хойд эрэгт хүрч буулаа. Өртөөлөх газраа олох гэж эргийн дагуух цөөн хүн хүлээн авдаг аялал жуулчлалын зочид буудлууд, кемпуудыг нэг бүрчлэн сонирхож алхав.

Ko Phangan 1 (43)
Хамгийн гол нь боломжийн үнэтэй, цонхоор болон үүдээр харахад далай харагдаж байх ёстой гэсэн шалгуураар шинжлээ.
Эхнээс нь авахуулаад дуустал нь бүх буудлуудыг харж, сэдалж авах нь, Монголын сумын аялал жуулчлал хөгжүүлэх төсөл боловсруулахад хэрэгтэй юм.
Янз бүрийн сонголттой, үйлчилгээтэй, олон янзын хэл, хоолтой жуулчны буудлууд байна. Зарим сул өрөө нь эргээс хаа хол, бас эргэн тойрондоо ямар ч амралтын газар гэх зүйлгүй. Зүгээр л унтах байр байна.
Замаараа найзынхаа байгаа газрыг асуугаад, олоод очлоо. Намайг хараагүй удсан, бас хэзээ ирэх нь тодорхойгүй байсан болохоор дахин уулзсандаа хоёулаа баяртай байв.

Ko Phangan 1 (42)

Хэсэг буу халж байгаад, манай хүн намайг гэртээ урилаа.
Өмнөхөн сонгосон буудлын, тэнгис рүү харсан өрөөнийхөө мөнгөө төлөөд, цүнхээ оруулж тавиад, Отгоог буудалдаа үлдээгээд, найзынд зочлохоор явлаа.
Москва хотынхоо байраа хүнд түрээслээд, энд жижиг байр түрээслэн найз охинтойгоо амьдарч байна. Том хотын машины бөглөрөө, чимээ, уур уцаартай хүмүүсгүй, нам гүм энэ амьдрал бас л гэж сайхан юм байна шүү.
Өнгөрсөн олон жилүүдийн амьдралаа ярилцаж суусаар орой болж. Ганцааранг нь үлдээсэн Отгоод санаа зовоод, буудалдаа эргэн ирлээ.
Хоёр ортой, дотроо шүршүүр, суултууртай өрөөний үнэ нь манайхаас арай хямд.

Ko Phangan 1 (55)
Оройны хоолоо идээд, унтаж амрахаар хэвтэв.

Ko Phangan 1 (53)
Маргааш найз маань ирнэ.
Өглөө сэрээд нөгөө л асуултаа өөрөөсөө асуулаа.
Би хаана байна аа?
Үүдээ нээж хараад, өчигдөр энэ өрөөг олох гэж их алхсаны үр дүн сайхан байна шүү гэж бодлоо.

Ko Phangan 1 (44)
Миний нүдний өмнө далайн эрэг, пальм мод, шөнө далай харж суусан цайны газар.
Корал гэх далайн ургамлын хатуужсан биетээс бүрдсэн тэнгэсийн эрэгийн ус руу орж сэлэх амаргүй, бас аюултай байв. Хурц эрмэгүүд хөл зүсчих гээд.
Гэхдээ л бүлээн бөгөөд давстай усанд сэлэх үнэхээр сайхан шүү.
Удалгүй бид хоёр өрөөгөө цоожлоод, усан боомт руу гарлаа. Зам дээр гараа өргөөд алхаж байтал давхар суудалтай мотоцикл унасан 40-50 орчим насны хосууд нэг зүгт яваа юм чинь дөхүүлээд өгье гэв.

Ko Phangan 1 (45)Зам зуур, модонд гинжлэгдсэн заан ганцаараа зогсож буйг хараад өрөвдлөө.
Жуулчдыг зөөж, зугаацуулах гэж өдөржин ингэж зогсоно.
Сууринд хүрээд, юуны түрүүнд хувцас авахаар шийдлээ. Байнга аялдаг хүнд ачаа их биш бөгөөд, нүүх үедээ хувцас, хунараа гээж, мартах үе олон.
Надад таарах хувцас олдохгүй нилээд явлаа.
Европын жуулчид ихэвчлэн том биетэй байдаг болохоор том хувцас байх ёстой гэж бодож байтал, эсрэгээрээ ховор байв.
Өөртөө таарах ганц хоёр хувцас аваад, ойрын үсчинд орж, үсээ хусуулахаар шийдлээ. Аав, Ээжтэйгээ аялж байхдаа хусуулах гэтэл гэрийнхэн хэрэггүй, муухай харагдана гэсээр байгаад болиулсан юм. Харин одоо үсээ хусуулаад толгойгоо амраая гэж бодлоо. Энэ бөгчим халуун бүсэд аялж байгаа хүн үсээ хусуулчих нь зүгээр юм байнлээ шүү.

Ko Phangan 1 (47)
Үнэ ханшийг ойлгохоо больсон болохоор, их багыг нь мэдэхгүй хэлсэн мөнгийг нь өгөөд, хариултаа авлаа. Хүний нутагт үсээ засуулсан болохоор, уут гуйж байгаад газар унасан үсээ шүүрдэж уутанд хийгээд, гал олдвол шатаая гэж бодов. Үсчин хүүхэн миний үйлдэлд гайхаж, – Ингэж болохгүй, цагдаа дуудлаа гэж сүрдүүлж эхлэв. Өөрийн хусуулсан үсээ уутанд хийж авч явна гэсний төлөө цагдаа дуудна гэдэг чинь ямар сонин хүн бэ гэж бодлоо. Улс үндэстний хүмүүс бүгд хоорондоо өөр тул, өөр өөр зүйлд дургуйцдаг юм. –Энэ миний үс, би авч явах ёстой гэдгийг англи хэлээр хэдхэн тоо болон сайн байна уу гэдэг үг л мэддэг Тайын сумын төвийн хүнд тайлбарлах амаргүй байв.
Бид хоёр эргээд өөрийн буудал руугаа явахаар суурингаас гарч, гараа өргөж алхаж байгаад дахиад пикап жийпний ард салхи татуулан явлаа.

Ko Phangan 1 (50)
Буудалдаа амарч байгаад, энд эргэж ирэн, их газраас ирэх усан онгоц тосч, найзыгаа боомт дээр хүлээж байя гэж бодсон юм.
Ирж очих хугацаа, зайгаа мэдэж байсан болохоор өрөөндөө, Зүүн Өмнөд Азийн халуунаас нуугдаж байгаад цаг дөхөх үед замд гарч, боомт руу унаа, дамжин байж дахин хүрлээ.
Усан онгоцны боомтод иртэл, эхний усан онгоц ирсэн, хүмүүс нь буугаад эхэлсэн байв. Найзыгаа хүлээж, адил харагдсан хүн бүр лүү ширтсэн ч энэ усан онгоцонд байсангүй, дараагийн, буюу сүүлийн усан онгоцоор ирэх юм байна гээд бас хүлээлээ.

Ko Phangan 1 (54)
Ирсэн жуулчдын дунд найз маань бас байсангүй.
Гайхаж одлоо.
Найз маань яасан юм бол оо?
Хэсэг бодлоо. Нэг бол энэ арал руу хүрэх аргаа олоогүй, эсвэл хамгийн түрүүнд ирээд энэ хавиар бид хоёрыг хайж байгаа.
Үд болж, боомт хавиар бид хоёроос өөр хүн үлдсэнгүй.
Мессежээр хаягаа явуулчих гэж Отгоод захиж байсан болохоор хамгийн сүүлийн илгээмжийг үзтэл, бидний байрлаж буй буудлын болон сурингийн нэрийг давхар илгээсэн байж.
Такси барин хойд эрэг руугаа эргэж давхихдаа, Дашаа ирсэн байгаасаа гэж хүсч байв.
Найз маань цөөхөн хоногоор надтай аялж үзэх гэж ирсэн болохоор өдөр бүр, цаг тутам нь чухал юм.
Үргэлжлэл бий…

th

1 person has left a comment

#1

Сайн байна уу? Хөгжим сонсонгоо тэмдэглэлийг уншихад цуг аялж байгаа юм шиг мэдрэмж төрж байна …! Таны гаргасан жимээр олон монгол залуус аялалын сайханыг мэдэрхийг хүсдэг болсон,өөрийнхөө болон зорилгын төлөө шийдэмгий аялалыг хийж байгаа нь нэмэгдсэн … Энэ бичлэгийг үзээд Хөдөөгөөр явж байхад “нэг санаа төрсөн сэргэлээ, Маш сайн зохион байгуулалтайгаар зуны цагт хөдөө хээр талд хөгжимийн наадам явуулвал…Малчин залуус урлагаар цэнэг авбал илүү зорилготой,эрч хүчтэй болно ” залуу хөгшин гэлтгүй л урлагаар дутагдаж байгаа мэдрэгдсэн.Наадмын үер Бүжиг зохиогдоход сумынхан маргаашийн их ажлаа умартан хөлсөө гартал сайхан бүжиглэхийн хүслэн …Маргааш нь ярж байхын сонсоход бүгд л сэтгэл хангалуун амьдрал,ажлын эрч хүчнүүд харагдаж байсан!

Гэрэл 6 wrote on 2016/08/18 - 13:35
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.