1 vokzal

2005 оны 12 сарын 4
Монгол бадарчин нэгдүгээр аян. 5 дахь улс Данийн Вант улс.ын нийслэл  Копенхаген хот.

Замд гарах цаг боллоо.
Данийн алдарт кино, хөгжмийн уран бүтээлч ҮҮҮ (нэрийг нь мартсан болно) эхнэр хоёрын урилгаар хоёр хоног өртөөлөөд, дараагийн замдаа гарах бэлтгэл хийлээ. Цүнхээ баглаж, гарахаасаа өмнө ҮҮҮ-д цаасан дээр Амстердам гэсэн бичиг хийж өгөхийг гуйлаа. Хэрвээ төв вокзал дээр очоод автобусандаа сууж амжихгүй бол, эсвэл суудал үгүй бол, замын унаагаар дайгдаж, Амстердам орж үзье. Европ харьцангүй аюулгүй юм чинь гараа өргөж зам дөхөж суръя ч гэж бодлоо.MB4 nom poster

Манай хоёр вокзал дээр намайг буулгаж, гэрлүүгээ эргэж явлаа.

namaig gargaj ugch bain


Би дөрвөн хоногийн өмнө, тав дахь улсын Копенхаген нийслэлийн энэ буудал дээр ирж байсан аа саналаа. Одоо эргээд замд гарах гэж байна.
Цэвэр цэмцгэр, нэгэн төрлийн барилга байшинтай Скандинав бүсийн орнуудын хот суурин нь хоорондоо бараг адил тул, анх Европын орнуудын бүсэд орж ирэх үеийн сэтгэл хөдлөл үгүй болсон байв.
Автобусны буудал дээр ирэх үед, Амстердам орох миний унаа аль хэдийнээ хүмүүсээ хүлээн аваад бэлэн болжээ. Жолооч нь ачааны доод хэсгээ хаах гэж байх үетэй таарсан болохоор үүргэвчээ хийж амжлаа. Жолоочийн араас дотогш орж, ямар үнэтэй болохыг асуугаад мөнгөө гаргатал, надад байгаа мөнгө хангалттай биш байв. Улс болгоны ханш өөр өөр болохоор, яг хэдэн ”ханш” надад бэлнээр байгааг мэдэх хэцүү. Байгаа мөнгөөрөө юу авч хүрэхийг, өөр өртөгтэй улсуудад төсөөлөх бас амаргүй байна. Нэгэн газар орж өглөөний цай уутал үнэ нь манайхаас арав дахин үнэтэй байх жишээтэй. Такси, буудлын үнийн тухай ярилтгүй үнэтэй.
Яаж энэ хүмүүс өөрсдөө ингэж амьдардаг байна аа? Ажилтай нь гайгүй цалин авдаг байх л даа, гэхдээ л юм бүхэн хэт үнэтэй газар гэдэг төрсөн цагаасаа дарамттай.
Байнгын яарсан, тэмцсэн, зогсож болдоггүй амьдралтай улсууд, Эрх чөлөөт улсаас өөр юм.
Виза картаараа тооцоо хийж болох уу гэхэд жолооч – Болохгүй, вокзал дотор бэлэн мөнгөний төхөөрөмж байгаа, ороод аваад гараад ир, хүлээж байя гэлээ.
Хойд Европын орнууд цахилгаан банкны тооцооны үйлчилгээ хаа сайгүй нэвтрүүлсэн болохоор аялахад амар юм байна даа гэж бодож байтал, дахиад бэлэн мөнгө, улс хоорондын мөнгөний зөрүүг бодож эхлэх нь.
Би дотогш яаран гүйлээ. Хамгийн ойрын банкны төхөөрөмж дээр очиж, өөрийн Монгол виза картаа хийж, нууц дугаараа оруултал

DSCN2119


- Уучлаарай, таны карт асуудалтай байна, хурааж авлаа. Ажлын өдөр банкин дээрээс уулзаж асуудлаа шийднэ үү гэсэн жижиг хуудас гараад ирэх нь тэр.
Гэв гэнэт, гав ганцаараа, танихгүй, хэлийг нь мэдэхгүй улсад, харанхуй болсон үед, ямар ч мөнгөний эх үүсвэр үгүй болсноо бодоод бага зэрэг сандарлаа.
Монгол Бадарчин замд гарснаас хойш, ямар ч асуудалгүй, хөгжилтэй, шинэ шинэ мэдлэг мэдээлэлтэй аялж байсан чинь гэв гэнэт ийм юм болдог гээд хажуух сандал дээр суув.
Яавал дээр вээ?
Ямар ч хамгаалалт, халамжгүй, алс холын нутагт гэж өөрийгөө бодож байтал, улс хооронд явдаг автобусны тээшэнд үүргэвчээ үлдээснээ саналаа.
Байж болох хамгийн хурдаар вокзалаас гаран гүйж байхдаа, автобус битгий хөдөлсөн байгаасаа гэж залбирав. Өндөр хөгжилтэй улсуудын хөгжлийн гол нууцуудын нэг нь цагаа барих билээ.
Зогсоолоосоо хөдлөөд, уулзвараар эргэж байгаа содон цагаан өнгөтэй автобусаа таньж, араас нь хамаг хүчээ дайчлан хүрлээ. Хаалганы шилийг балбаж байгаад автобусыг зогсоож, дотроос цүнхээ авах хэрэгтэй гэлээ.
Маргааш амралтын өдөр болохоор энэ хотод дахин хэд хонохоос өөр арга байсангүй.
Картаа орхиод явах юм бол над шиг нүүдлийн хүнд Монголоос карт илгээмжээр авна гэдэг бүтэхгүй шүү дээ.
Вокзал доторх цахилгаан банкны төхөөрөмжийн хажуух сандал дээр сууж, гүнзгий амьсгалав.
Одоо яах уу?
Дэлхийг тойрно гэж гарчихаад, иймхэн асуудлаар гэр лүүгээ яримааргүй байдаг.
Эргэж найзындаа очоод асуудлаа тайлбарлаад, тэндээ хоноод маргааш бүх юмаа шийдэж болох байсан ч миний бодолд өөр зүйл эргэлдэж байв.
Миний аялал эхэлсэн цагаасаа ямар ч асуудалгүй, бэрхшээлгүй, зүгээр нэг шинэ хот суурин үзсэн шигээ л үргэлжилж байсан бол, одоо жинхэнэ асуудал тулгарлаа, яаж шийдэж болохыг олно доо гэж бодлоо.
Сонирхолтой аялал одоо л эхэлж байна.
Инээд ч хүрэх шиг, яана аа ч гэж айх шиг
Тийм сонин мэдрэмжийг анх мэдэрлээ.
Олон хүн хольхисон галт тэрэгний буудал дээр би ганцаараа асуудалд ороогүйг эргэн тойрны олон төрлийн хүмүүсийг анзаарч хараад ойлголоо.

DSCN2124

Хажууханд суусан нэгэн хөөрхөн охин нилээн уурласан бололтой юм үглээд байна. Танилцтал, охин галт тэрэгнээсээ хоцорчихсон, яаж дараагийнхыг нэг цаг хүлээнэ ээ гэж харамсан байв.
Битгий санаа зов – Амьдрал сайхан шүү дээ гэж түүнд хэлээд, өөрийн нөхцөл байдлаа тайлбарлалаа. Европын хамгийн өндөр өртөгтэй улсуудын нэгийн нийслэлд, мөнгөгүй, картгүй, вокзал дээр харанхуй болсон үед суугаа ганц Монгол залуу, ямарч асуудал байхгүй шүү дээ, бүхнийг шийдэж л таараа гэсэн юм яриад байгаа нь түүнд, нэг цаг унаанаасаа хоцрох бол юу ч биш юм байна гэдгийг ойлгууллаа.
Бид хоёр буу халж суутал нэг л мэдэхэд миний танилцсан анхны Дани хөөрхөн бүсгүй явах боллоо. Хажуугийн цайны газраас нэг хотдог надад авчирч өгөөд –Өлсвөл идээрэй гэв. Энэ үндэстний охидын дунд сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна гэж бодлоо.
Ингээд эргэж сандал дээрээ сууж, юу хийхээ мэдэхгүй эргэн тойрноо нэг сайн ажиглаж эхэллээ.
Аялж байхдаа огт анзаараагүй зүйл тодорч эхлэв. Өндөр хөгжилтэй улс, гоё цэвэр хот, сайхан амьдралтай хүмүүс гэсэн ойлголттой байсан Данийн сүүдэр тал болох элдэв янзын хүмүүс нүдэнд харагдав.
Жирийн үед яагаад ч юм огт анзаардаггүй архичид, донтогчид, сэтгэхүйн хямралтай хүмүүс энд цугладаг юм байж.

DSCN2127
Сахал үс нь ургасан, загваргүй хувцас өмссөн,зовлон үзсэн боловч сайн хүн хэвээрээ гэхээр харцтай цагаан арьст нутгийн бололтой хүн хажууд суулаа.
Сайн байна уу? гэж хоёулаа мэнд солилцоод, намайг хаанаас ирсэн болохыг асуулаа. Монголоос яваа, дэлхийг тойрохыг хүсч байна гэхэд тэрээр нэг их гайхахгүй, -аан гээд л өнгөрлөө.
2005 оны Монголын түүхэнд Дэлхийг тойрсон хүн байхгүй тул энэ ажил маш чухал бөгөөд нэр цуутай юм. Харин өндөр хөгжилтэй орнуудын анхны аялагч судлаачид нь зуун жилийн өмнө зам гаргасан болохоор, энэ цаг үеийн жирийн залуус нь визний асуудалгүй дэлхийгээр чөлөөтэй аялж байдаг билээ.
Тэрээр надтай яриа өдөх гээл янз бүрийн сэдэв хайж эхэллээ.
Огт танихгүй хүнтэй зүгээр буу халж, Дани хүмүүсийн тухай мэдмээр болов.
Бас юу л байна цаг байна.
Бид хоёр яриагаа өрнүүлээд эхэлтэл, тэр хавийн “өвгөнтийнх” гэмээр өөр нэг хүн нийллээ. Ганцаараа сууж байхад хэн ч ойртоогүй, харин энэ хүнтэй хамт байвал бусад нь нийлэх юм байна гэж бодлоо.
Түрдэг тэргэн дээр явдаг хүн хоёр гараараа дугуйгаа түрсээр урд хүрээд ирлээ. Дотор халааснаасаа шөлний халбага гаргаж ирээд, дээр нь элсэн чихэр шиг юм тавиад, балны гаднах гэрийг соруул болгон амандаа хийлээ.
Энэ хүн юу хийгээд байгаа юм бол оо? Мансууруулах бодисоо ингээд олон нийтийн газар хэрэглэхээр асуудалгүй юм байхдаа. Хажууд нь зогсож байгаад хэлмэгдчихвийдээ гэсэн бодлууд орж ирлээ.
Хажууд суугаа хүнээсээ –Энэ хүн юу хийгээд байна аа? гэж асуув.
Аан, энэ үү? Химийн гаралтай бодис (нэрийг нь санахгүй байна) юм. Энэ хүн хөөрхий донтчихсон юм. Үүнгүйгээр байж чадахгүй. Удаан амьдрахгүй болохоор, хүнд хоргүй ингээд л өөрийн жаргалаар амьдарч байгаа юм гэв.
-Манай улсад ийм зүйл хориотой. Олон нийтийн газар ингээд хэрэглэж болж байгаа юм уу?
- Манай Дани улсад, хувь хүн бусдад хор хөнөөл учруулахгүй л бол хүссэн юмаа хийж болно. Манай засаг донтогч хүмүүсээ заавал хуулиар шийтгэнэ, хорино гээд байдаггүй юм. Аль болох ойлгож дэмжихийг хичээдэг. Мансуурах донтон хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж харахгүй, харин өвчтөн гэж хардагт бүх учир байгаа юм. Өөрийгөө дийлэхгүй, амьдралыг мэдэхгүй, нэг юманд хошуураад, түүнийгээ л амьдрал гэж итгэсэн хүнийг муу хүн, буруу хүн энэ тэр гэж зэмлэвэл болохгүй шүү дээ. Өрөвдөөд, эргэж амьдралдаа ороход нь туслах нь иргэний нийгмийн хүн чанар гэж тэрээр тайлбарлав.
Осол аваарын дараах өвдөлтөөс болж морфин гэх тариуртай мансууруулагч бодисонд донтсон хүмүүс Монголд байдаг гэж сонсож байсан. Байнгын зовиур дунд амьдрана гэдэг амаргүй байдаг бизээ.
Мансууруулах бодисонд донтсон хүмүүс водканд донтсон хүмүүсийн адил гаднах төрх, ариун цэвэр, хувцас хунартаа анхааралгүй, гадуур дотуур хонох болдог тул олон давхар дулаан хувцастай. Тэгээд боломжтой, тухтай газар таарвал нөгөө юмаа олж хэрэглэх ганц л зорилготой болдог гэнэ.

DSCN2146
-Чи Кристиани гэдэг газар мэдэх үү?
-Үгүй
-Маш сонин дүүрэг юм. Энэ хотын бүх хүнд гарууд тэнд цугладаг юм.Чамайг дагуулж явж үзүүлэх үү?
-Ийм орой болох юм уу?
-Байнга нээлттэй байдаг юм.
Дөнгөж танилцсан энэ хүнийг анх харсан хүн магадгүй айх, эмээх байсан болов уу. Харин би тухайн хүний харцаас уйтгар гуниг олж харсан болохоор тэрийг нь тайлж өгье гэж бодлоо.
Галт тэрэгний буудлаас (вокзал) гарч, хотын төвийн гудмууд, талбайгаар өнгөрлөө. Шөнийн Копенхаген хот үзэсгэлэнтэй бас аюулгүй.
Нэгэн талбай дээр Америкийн индиан хувцастай, Латин Америкийн царайтай хоёр залуу хөгжим, чанга яригч, олон төрлийн хөгжмийн зэмсгүүд ашиглан бүрэл бүтэн тоглолт хийж байв. Урдаа өөрсдийн бичүүлсэн CD-гээ борлуулахаар тавьжээ.
Олон хүнтэй газар бол өдөртөө овоо мөнгө босгодог байх, гэхдээ л хүний нутагт ингэж амьдрана гэдэг ямар хэцүү бол оо гэж бодов. Ерээд оноос хойш Монголын түүхэн дахь анхны шахуу гадаад улс руу дүрвэх нүүдэл эхэлсэн. Гэр бүлээ тэжээх мөнгө олох гэж зарим нь явсан. Байгаа орчиндоо хөлөө олохоо больж, гадаад л гарвал Монголоос дээр гэсэн тархи угаалгад автсан хүмүүс бас дүрвэсэн…
Наад зах нь бичиг үсэгтэй, цаад зах нь Монгол Төрийн шагналтай хүмүүс гадны хүмүүсийн аяга тавга угааж, үйлчлэхээр явсан.
Зарим нэг Монголчууд ингээд хаа нэгтээ зогсож л байгаа байх. Үнэхээр харамсалтай.

DSCN2135
Бид хоёр явсаар, нэгэн дүүрэгт ирлээ. Бусад гудмуудыг бодвол эндхийн барилгуудын ханан дээр төрөл бүрийн графити (хана дээрх зураг) байна.
Графити урлагийг Монголд дэлгэрүүлэх ажилд хувь нэмрээ оруулж байсан хүний хувьд энэ урлагийн олон төрлийг мэднэ. Сонин, өөрийн гэсэн хэлбэртэй бичиг, үгнээс өгсүүлээд хүний царайг төрөл бүрээр зурна.
Энд бас сонин зураг байна.
Нээх сайхан байгалийн зураг байсан бол ямар амар тайван байх сан бол оо.
Энд ирж үзмээр санагдсан шалтгаан нь Дани улсын нийслэл Копенхаген хотын төвийн нэг дүүргийг Цагдаагүй бүс болгон зарлажээ.
Кристиани гэх нэртэй энэ дүүргийг дэлхий дахинаа бас мэддэг гэнэ.
Энэ газрын гол санаа нь төр иргэдээ заавал цагдаа, цэргээр барих бус, иргэдийн тусгай ийм орчин бий болгоод, онцгой дуудлагын үед л нэвтрэх аман тохироо хийсэн юм байна.
Хотын бусад дүүргүүдийг аюулгүй болгохын тулд нэг хэсэгт байж болох олон зүйлийг зөвшөөрч, тэр бүх шөнийн амьдралыг энд төвлөрүүлжээ.
Энэ дүүрэг рүү орсон цагаас янз бүрийн хүмүүс харагдаж эхлэв.
Миний үзэж буй анхны цагдаагүй бүс.
Энд цагаа өнгөрөөдөг хүмүүс хоорондоо тохиролцоод, бие биенээ үүсэл гарал, арьсны өнгө, төрхөөр ялгаварлахгүй, эвтэй найртай амьдаръя гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн юм шиг сэтгэгдэл шууд төрж байлаа.
Найз нөхөдтэйгээ баярлаад сууж байхад хаа нэгтээ цэрэг цагдаагийн үйл ажиллагааг харахыг хүмүүс нэг их хүсдэггүй шүү дээ.
Сонин л газар юм.
Ихэнх нь мансуурлын донтонгууд.

DSCN2139Бүх төрлийн мансууруулагч бодис хэрэглэж болдог хэрэгсэл, сигарет,снуз, навчин тамхи зэрэг зүйлүүдийг лангуун дээрээ өрсөн дэлгүүрүүд байна.
Эндээс хүмүүс мансууруулагч авдаг юм уу гэхэд –Үгүй, тэрийг цаагуур байгаа хүмүүсээс асууж, лавлаж олно. Энэ албан ёсны дэлгүүр болохоор болохгүй.
Үүргэвчтэй Монгол царайтай залуу, нутгийн нэг хүнд гарыг дагачихсан, шөнийн Копенгагены нэгэн өвөрмөц, тасархай дүүрэгт алхаж байв.
Элдэв сархадын, мансууруулагч тариан болон эмийн донтогчид үүгээр олон хөлхөлдөнө.
Донтсон хүний харц шал өөр. Гуйсан царайчилсан. Айсан. Түгшсэн.

DSCN2144
Том оо том чулуун дээр сэлэм зоосон байгаатаа таарлаа.
- Сонгогдсон хүн л энэ сэлмийг гаргаж чадна гэдэг бололтой.
Хөшөө юм уу, жинхэнэ юм уу бүү мэд. Гэхдээ чулуун дээрх хэсэг зүлгэгдсэн байдлыг анзаарвал, зөндөө олон хүн үүнийг сугалах гэж оролдсон бололтой. 
Янз бүрийн газар “Хүнд эм бүү хэрэглэ!” гэсэн бичгүүд байна.
Англи хэлний Drug гэдэг үг Монгол хэлэнд эрүүлийг хамгаалдаг Эм гэж орчуулагддаг ч, өнөөгийн англи хэлэнд Мансууруулах бодьсийг бас нэрлэдэг юм. Зарим газар химийн гаралтай зүйлд бүү гар хүр гэсэн анхааруулга байна.
Шинэ танил надад эдгээр зүйлүүдийг тайлбарлаж, ойлгуулахыг хичээж байв.
Хар тамхи гэдэг нь байгалийн ургамал, харин мансууруулагч бодис (мабо) бол химийн урвалынх. Анх дайны зориулалттай гаргаж авсан боловч, хүнд үзүүлж буй нөлөө, донтуулалтаараа маш ашигтай бизнес гэдгийг ойлгосон тул одоо их хэмжээний мөнгө эргэлддэг олон улсын бизнес болсон. Энэ бизнесийн хамгийн гол зорилго бол аль болох хурдан хүнийг донтуулж, хамаг мөнгийг нь салгаж авах явдал аж.
Дэлхийн хэмжээний том мөнгөний машин болохоор байнга шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд, өрсөлдөөн өнтөртэй гардаг бололтой.
Хүний бие ямарваа нэгэн зүйлд дасан зохицомтхой болохоор, анх хэрэглэсэн мансууруулагч дараагийн удаа сул мэдрэгдэж, хүн тунгийг нь нэмэх, эсвэл илүү хүчтэй, үнэтэй мансууруулагч авах болдог гэнэ.
Химийн гаралтай ихэнх мансуурулах бодисууд хараа, сонсгол, мэдрэмжинд хүчтэй үйлчилгээ үзүүлдэг тул нэг хэрэглэсэн хүн дахиж хүсдэг юм байна. Бас энэхүү drug гэх бодисууд хүний биеийн тэнцвэртэй харилцааг үгүй хийдэг бололтой.
Зарим төрлийн мабо-г нэг л удаа хэрэглэж үзэх юм бол дахиад хэзээ ч салж чадахгүй, өвчин шаналал, донд автсан, ганцаардлын, бас аймшигт амьдралыг туулах юм байна.
Гэр орны мөнгөө өгөөд, араас нь амиа, өөрийн гэсэн бардам зангаа, биеэ ч өгөхөд бэлэн болдог аймшигтай бөгөөд аюултай зүйлийн талаар би өнөөдөр анх мэдэж авсандаа баяртай байлаа.
-Чи одоо хайчих гэж байгаа?
-Буцаад галт тэргийнхээ буудал дээр очиж, өглөө банк нээгдэхийг хүлээхээс.
-Буудал шөнө болоод хаачихна. Би чамайг хаана хонуулахыг зохицуулж өгөе, гэхдээ эхлээд би гэрээрээ орох хэрэгтэй байна гэв. Надад татгалзах зүйл байсангүй. Дани улсын хүнтэй танилцаад, ойлголцоно гэдэг чинь сайхан шүү дээ.

DSCN2154Бид хоёр метро гэх газар доорх галт тэргний буудалд ирлээ. Үүдэнд билет шалгагч, хамгаалалтын хашлага, орж гарч буй хүнээ тоолдог төрөөхөмж ч алга.
Манай хүн үүдэнд байрлах жижиг төхөөрөмжинд 2 тасалбар уншуулаад, бид хоёр цахилгаан шатаар доош буув.
Цэвэрхэн, орчин үеийн загвартай, галт тэрэг ирээд зогсох үед зорчигчидоо заалнаасаа гаргаж, метроны дотогш нэвтрүүлдэг шилэн хаалгатай, дараагийн болон хамгийн ойр байгаа метронуудын хуваарийг үзүүлсэн, хэдэн минутын дараа буудал дээр ирж зогсох тухай мэдээлэлтэй ТВ дэлгэцүүд.
Метро ирж, дотогш орох үед цагдаа нар үүд болгоны хажууд харуул хийж байна.
-Яагаад ийм олон цагдаа байгаа? гэж ойр зогссон цагдаагаас англиар асуухад,
-Одоо хөл бөмбөгийн тэмцээн тарах гэж байгаа юм. Тэгээд хөл бөмбөгийн фанатуудыг асуудал гаргуулахгүйн тулд хамгаалж байгаа юм.

DSCN2152
Таны дүрэмт хувцасны цагдаагийн тэмдгийн зургийг дарж болох уу гээд, зургийн сандаа хадгаллаа. Энэ улсын сулд нь бололтой.
Европ хэлбэрийн давхарласан гурван арслантай тойргийн дээр Христийн шашинт улсын Вангийн титэм.
Энэ тэмдгийг хараад, Дани улс өөрийн алтан урагтай, тэр нь Төрийн толгойд байдаг юм баболов уу гэж бодлоо.
Дэлхийн улс орнуудын тухай аяллын сонирхолтой ном олох нь амаргүй байна. Ихэнх нь гадаад англи хэл дээр. Дөнгөж дадлага хийж, англи хэлээ хөгжүүлж байгаа надад санаа бодлоо илэрхийлэх, мэдээ мэдээлэл олоход амаргүй байна. Скандинавын 4 дахь улсад хүмүүс нь нийтээрээ шахуу англи хэлийг сайн эзэмшжээ. Залуус нь бүгд цэвэр ярьж байна.
Метроноос буугаад, шинэ танил намайг цагдаагийн газар дагуулаад орлоо.
-Би энэ цагдаатай уулзаад, чиний амрах газрыг чинь зохицуулъя, чамаас юм асуувал Yes гээрээ гэв. Юу болоод байгааг ойлгохгүй дагаад орлоо. Шинэ танил цагдаатай нэг юмны талаар чухалчлан ярилцаж, цагдаа над дээр ирээд картгүй болцон юм уу? Тийм. Май үүнийг аваад яв, энэ цааснууд дээр чамайг өртөөлөх газруудын хаяг байгаа гэв.
Манайхаар бол нийгмийн халамжийн байр гэх байх.
Гэр оронгүй эсвэл асуудалтай байгаа хүмүүс тэнд хоноглож болдог юм байна.
Копенхаген хотын өнцөг булан бүрт байрлах газруудын хамгийн ойрыг сонгох боллоо. Шинэ танил намайг гэртээ урьж, -манайхаар ороод гар гэлээ. Би энэ хүнийг гэр оронгүй тэнэмэл хүн байх гэж бодож байтал, орон сууцны байранд, тохилог сайхан аж төрдөг юм байна.

DSCN2159
Ширээн дээрхи компьютерээр технологтой танил, араар нь өрсөн номуудаар сэтгэгч, хан налуулсан даралтат хөгжмөөр нь уярагч, ханын зуухан дээрх Будда багшийн жижиг дүрсээр Буддист гэж бодлоо.
Та ганцаараа амьдардаг юм уу?
-Тийм.
-Яагаад? Эхнэр хүүхэд?
-Би тэднийгээ, аав ээжээ бас орхиод явсан юм.
-Яагаад?
-Тэднийгээ хохироочих вий, гэмтээчих вий гэдгээс айгаад, бусдаас тусдаа ганцаараа амьдардаг юм гэж өрөвдөлтэй харцаар над руу харж хэллээ.
Яг юу яриад байгааг ойлгохгүй гайхан асуусаар байв.
-Би мабо-д ороод, амьдрал бүх юмаа алдсан, дотны хүмүүсээ гомдоож, тэдэнд аюул учруулж эхэлсэн. Тэгээд би мабо-ноос гарах эмчилгээ хийлгээд дууссан, одоо дахиж сэдрэн гэхээс айгаад сархад ууж ч чадахгүй байна. Гэр бүлээ санаж байна, даан ч хэтэрхий их гомдоосон болохоор ичиж байна. Би чамд нэг зөвлөгөө өгье. Чи хэзээ ч мабо-г битгий хэрэглээрэй гэлээ.
Нэг үзчихвэл, үйлчилгээ нь дууссаны дараа амьдрал, байгаль, бүх юм харанхуй сүүдэр нөмөрсөн юм шиг гунигтай болдог. Дахиж хэрэглэж байж бүх юм сайхан болж байна гэсэн хийсвэр төсөөлөл өгдөг. Нэгийг үзээд нөгөөхийг үзэхийг хүсдэг тийм бодисийг Дэлхийн хамгийн шилдэг химичид, анатомич болон сэтгэл зүйчид бизнесийн зорилгоор бүтээдэг гэхээр донтох нь аргагүй байх даа.
Мабо болгон өөр өөр нөлөөг үзүүлж, нэг л мэдэхэд “би өөрийгөө удирдаж чадна” гэсэн итгэлтэй хүмүүс орчихсон байдаг аж.
Ертөнцийг хүлээн авдаг 9 мэдэрхүйг богино хугацаанд маш өндөрт хүргээд, их хэмжээний хүч зарсан бие насан туршдаа донтсон гөлөг шиг болдог аюултай зүйлийн талаар олон мэдээ мэдээлэл цуглуулах хэрэгтэй юм байна гэж бодлоо.
Ганцаардлын амьдралдаа гундаж, хүний дунд орохын тулд олон хүнтэй газраар явж, хүмүүстэй танилцдаг байх. Мабо-ны донтолтоос болж, сэтгэцийн тахир дутуугийн группт орж, ажил хийхгүй, тэтгэмжээрээ амьдардаг гэнэ.
Скандинавын орнуудын төр, нийгмийн бүтэц нь социалист чиг хандлагатай бололтой. 30-40 % татвар гэвэл зарим хүмүүс уурлах байх, харин эдгээр улсууд өндөр татвараараа нийгмийн бүх салбаруудаа санаа зоволтгүй болгожээ.
Цэцэрлэг, сургууль, соёл боловсролын газрууд, хот дүүргүүдийн гудамж, зам, олон нийтийн газар, нийтийн тээвэр зэрэг асуудлуудаа зөв шийдэж, боломжгүй болон тахир дутуу хүмүүс, донтогчдоо улс орны хэмжээнд асран халамжилсан нь илт харагдаж байна.
Нийгмийн бүтэц, зохион байгуулалтаа зөв хийж, улс орноо хөгжүүлэн, амар тайван амьдарч буй иргэдтэй нутаг бол Финланд, Швед, Дани улсууд мөн гэж би итгэж байна.
Шинэ танил намайг дагуулан, нийгмийн халамжийн газарт оруулж өгөөд, салах ёс гүйцэтгэн өөрийн амьдралын гүн рүүгээ явлаа.

Ямар аюултай зүйлд орсон хүн бэ гэж өрөвдөн харсаар хоцорлоо.

DSCN2162
Сайхан харцаар инээмсэглэсэн нэгэн эгч надад буй зүүлтний нэг хуудсыг нь тасалбар шиг авлаа. Нэг ширхэг болгон нь нэг газар хонох бичиг гэдгийг сая ойлголоо.
Монголоос яваа? Өлссөн байлгүйдээ гээд олон хүн цугласан гал тогоондоо урилаа. Том өрөөнд 10-20 хүнийг хооллох тохилог ширээ сандал.
Эгч, залуу хоёр энэ асрамжийн газрыг ажиллуулдаг бололтой.

DSCN2163
Гэрийн гал тогооны амттай кари соустай тахианы махан будаатай хуурга.
Өглөө болтол энд унтаж амрахаар болов.

DSCN2165


Хоёр давхраар өрсөн орнуудын сул дээр нь цүнхээ тавиад, бие засах өрөөнд нь орлоо. Суултуурын хажууд тусгайлан бэлдсэн саванд шинэ, хэрэглээгүй зүүнүүд, нөгөө талд эмнэлгийн зориулалттай хогийн сав байх ажээ.
Би өөрийгөө хаана ирчихвээ гэж бодлоо. Үзээгүйгээ үзэж эхлэх нь энэ.
Амьдралын өнгөө алдсан ахмад болон залуу хүмүүс энд цугласан шалтгаан нь хүн бүрийх өөр. Сархад болон мабо-д донтогчид, гэр оронгүйчүүд, бас эхнэрийн зүгээс үзүүлж буй хүчирхийлэл дарамтаас зугатаад энд нуугдаж байгаа эр хүн ч байна.
Нийгмийн хүнд хэцүүг туулж буй хүмүүсээ сэтгэл зүрхээсээ ингэж сайн халамжилдаг улс үндэстэн Даничууд мөн юм байна.
-Танай бие засах өрөөнд шинэ тариуруудыг хэрэглэ гээд тавьсан байх юм, энэ ямар учиртай вэ? гэж би сониучирхан асуулаа.
-Хүний амьдрал сайнтай муутай. Алдаж онох хорвоод хэн ч байсан хальтираад унахад чичилж, доош хийх бус дэмжээд зовлон шанлалыг нь нимгэлэх хэрэгтэй. Эдгээр хүмүүс янз бүрийн шалтгаанаар тариурт мабод орсон. Зарим нь гарч чадахгүй, нөгөө хэсэг нь гарч болохгүй тийм байдлыг туулж байгаа. Хэрвээ бидэн шиг нийгмийн байгууллагууд эдгээр хүмүүст анхаарахгүй бол болохгүй шүү дээ.
Бид донтогчдод тухтай унтах ор, хоолыг нь хангаж өгдөг юм.
Зарим үед мабог нь бага хэмжээгээр өгнө, тэгэхгүй бол эд нарын бие нь хүсээд, донтогчид бусдад аюултай болдог юм. Сайн мууг нь мэдэхгүй, гудамжнаас гэмт хэргийн гаралтай төрөл бүрийн мабо хэрэглэх аюултай. Энд донтогчид шинэ тариураар өөрсдийгөө донг дарж байх нь ДОХ болон бусад төрлийн өвчин тархахаас хамгаална, бас хотын иргэдэд аюулгүй.
Өөр өөр улс үндэстэн, соёл иргэншлүүдийн сэтгэл, сэтгэлгээ тэс өөр байх юм.
Өмнө огт мэддэггүй байсан, ямар аюултай зүйлийн талаар юм олж мэдэв ээ.
Яг одоо л хэрэглэхгүй бол болохгүй нь гэсэн чичирсэн гартай гал тэрэгний буудлын тахир дутуу хүн, гэр бүлтэйгээ ойр байхаас айдаг шинэ танил хүн, энэ хорвоод юу ч сонин биш гэсэн харцтай, зомби явалттай эргэн тойрны хүмүүсийг хараад МАБО гэж ямар аюултай зүйл болохыг баттай ойлголоо.
Өнөөдрөөс, миний адал явдал эхэлсэн юм шиг санагдаад, жинхэнэ адал явдалт номын маань нэг тэмдэглэл энэ мөн дөө гэж бодон унтлаа.
Үргэлжлэл бий.

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.