ХОЙД ТУЙЛЫН ТУЯА (АВРОРА)

_MG_7331

2014 оны 4 сарын 10

Монгол Бадарчин 4-р аян. 86 дахь улс Канадын Эдмонтон хот

Монгол Бадарчин төслийнхөө дөрөв дүгээр замд гараад долоон сар гаруйн хугацаанд хойд болон төв Америкийн 12 улсын хил хязгаарыг туулж, 86 дахь улс Канадын Эдмонтон хотод төрсөн дүү Баярхүү, Төөмөө  хоёрынхоо гэр бүлд ирэн, холын алжаалаа тайлж, хэсэг зуур амрангаа сүүлийн аяллаас олж мэдсэн зүйлс, тав дугаар номдоо оруулах тэмдэгллүүдээ бодож сууна.

Дүү Баярхүү, бэр Төөмөө хоёр ажилдаа явсан хойгуур Пенни нохойг нь салхинд гаргахаас өөр санаа зовох зүйлгүй хэсэгхэн хугацаанд амрах үнэхээр сайхан юм. Удахгүй эргээд замд гарна гэхээс айсаар. Ялангуя олон жил үргэлжилж байгаа хязгаар нь үгүй аянд ихэд ядарсныг хэлэх үү.mongol badarchin books

Зардал өндөртэй аялалд, буусан буудалдаа амарч өнжнө гэж бараг байх биш. Өдөр шөнөгүй явна. Ус, хоол унд, цагийн зөрүүний өөрчлөлт, цаг агаарын хэм, улирлын шилжилтээс гадна, амь насанд аюултай байж болох нутгаар явсны дараах ядаргаа нь намайг нэг хэсэг гэрээсээ гарч, шинэ юм ч үзэх хүсэлгүй болгожээ.

Энэ өдөр дүү бэр хоёр ажилаасаа гэртээ ирэн, амархаар өрөөндөө орж, харин Пенни надад хань болоод зочны өрөөнд зурагт үзэж байв. Цаг орой болсон байсан ч Пенни гэв гэнэт –гаръя, гаръя, гаръяаа, хурдлаарай! гэж дохио зангаагаар намайг дуудаж, жижиг сүүл нь гэгэлзээд эхэллээ.

Түрүүхэн гаргасан юм сан, за яахав гэж бодоод дургуйхан бослоо.

Бид хоёрын хэн нь хэнийгээ салхилуулдаг билээ.

2015 оны нэг сард 38 хэмийн халуунтай Панам улсаас хасах 20 орчмын зэврүүн хүйтэн, хойд Америкийн Канадад ирсэн надад, цаг агаарын хэмийн өөрчлөлтөд богино хугацаанд дасан зохицох амаргүй байна. Гарах бүрдээ даарна гэж бодохоос эмээнэ.

Цэвэр агаар надад чухал ч, гэрийн гишүүн Пенни бие засах хэрэгтэй гэж өөрийгөө дайчлан, хамгийн дулаан хувцас, ороолт малгайгаа өмсөн оосорт нь чирэгдэнэ гарлаа.

Итгэмээргүй юм, хэдхэн хоногийн өмнө хөлсөндөө баригдан, амьсгалж чадахгүй халууцан сууж байсан сан.

Дасал болсон замаараа алхаад, байраа тойрч нохойгоо бие засуулаад, гэртээ хурдан орж, халуун хөнжилдөө шурган орох бодолтой байв.

Гадаа гараад, нохойны оосорт татагдан алхаж эхэлтэл, нэг л сонин санагдаад, газар дээрх цас, эргэн тойрон өөр харагдаад байв.

Өндийж дээш тэнгэр лүү хараад, өөрийн эрхгүй хашгирлаа.

_MG_7328

Хооооооо!

Нээрээ юу?

Ингээл миний мөрөөдөл биелж байна гэж үү?  Гэсэн бодлоор ангайн нэг хэсэг зогслоо.

Тэнгэрт ногоон өнгийн гол урд зүгээс хойш урсаж байв.

Багадаа анх энэ үзэгдлийг хүүхэлдэйн кинон дээр үзээд, арайч ийм гоё зүйл байдаггүй байх гэж боддог байж билээ. Цагаан баавгайн бамбарууштай хүүхэлдэй. Дараа нь хэвлэл мэдээлэл, интернэт хөгжөөд, хойд туйлын туяаг харуулсан төрөл бүрийн видео бичлэг, фотонууд хангалттай болсон тул өөрөө үзсэн юм шиг санагддаг байв.  Тэр цагаас хойш гуч гаруй жил хойд туйлын туяаг амьдаар харах юм сан гэж мөрөөдөж, хэзээ нэгэн цагт үзнэ дээ гэсэн зорилго тавьсан байсан болохоор Канадад ирээд хойд нутаг руу явах төлөвлөгөө боловсруулсан юм.

_MG_7334

Энэ үзэгдлийг товчхондоо тайлбарлахад: Наран дээр химийн бодисуудын хүчтэй тэсрэлт болох үед долгион нь огторгуйд цацагдаж, 2 хоногт манай гарагт хүрнэ. Дэлхийн хойд болон умард туйлуудад агаар мандал арай нимгэн байдаг тул тэнд “нарны салхи” агаар мандалтай урвалд орж энэхүү туяаг ялгаруулна. Хүчилтөрөгч их байх тусмаа ногоон өнгө, нитроген гэх хий их байх тусмаа өөр өөр өнгүүд ялгарна. Хойд туйлын туяа гэдэг бол Дэлхий ээж нарны хүчтэй цацрагаас өөрийгөө болон биднийг хамгаалж байгаа үзэгдэл. Биед хортой гэх боловч амьдралдаа нэг ч болов үзэх нь гайхамшигтай.  Энэ нутгийн хуучны овог аймгууд энэхүү туяаг өвөг дээдсийн сүнс гэж үзэх явдал байсан гэсэн.

Орчин цагт сансар судлал хөгжсөн болохоор интернэтийн сангаас, хаана хэдийд энэ үзэгдэл давтагдах тухай тодорхой мэдээлэл авч болдог болжээ.  Бас илүү ихийг мэдэх хүсэлтэй бол мэдээ мэдээлэл видео ч элбэг.

Хөх Тэнгэрт Монголчууд түүхэнд юу гэж байсан талаар сонсож байсангүй. Орчлон ертөнцийн гайхамшигтай үзэгдлийг Монголчууддаа тайлбарла гэвэл. Ногоон өнгийн босоо урсгалтай гол шөнийн тэнгэрт зөөлөн урсан, замхарч байна. Гайхамшигтай үзэсгэлэнтэй, агуу том.

_MG_7335

Ямар гоё юм бээ…

Зурагт, интернэт, бичлэгээр бус бодитоор харна гэдэг…

Тэнгэр дүүрэн…

Дараагийн нэг мөрөөдөл маань биеллээ…

Даарна даа гэж бодон биеэ чангалсан би гэдэг хүн, гэв гэнэт халууцаж, яах ёстойгоо шуурхай бодлоо. Пеннигээ дагуулан, яаран эргэж гэртээ орж ирээд, -Гадаа Аврора байна, цонхоор хараарай! Гэж хашгираад, зургийн апаратаа шүүрэн буцаж гарлаа. Дүү нар бас энд удсан ч хүн төрөлхтний мөрөөдөл болсон зүйлийг хараагүй байж.

Энэ мөчийг бүрэн дүүрэн мэдрэх маш чухал санагдлаа. Нэгэн өдөр, тойрон суусан олон хүүхдүүдэд Дэлхий Ертөнцийн нэгэн гайхамшиг болох энэхүү үзэгдлийг хэрхэн тайлбарлаж ярьж өгөхөө бодов.

Миний амьдралын мөрөөдлүүдийн нэг яг энэ мөчид биеллээ. Ямар гоё юм бээ гэж бодон, өмнө харагдаж буй дүрсийг аппаратандаа буулгаж аваад, тэгээд тэнгэрт урсаж буй ногоон өнгийн гол шиг туяаг харж, хүйтнийг ч мэдрэхгүй удаан зогслоо.

Ямар гайхамшигтай юм бээ…

Канадад ирсэн хамгийн гол зорилтуудын нэг нь энэхүү байгалын гоц үзэгдлийг үзээд, юу мэдэрч буйгаа тэмдэглэн үлдээх байсан бөгөөд, энэ хотоос хойш, дор хаяж 500 км явж байж харагдах байх гэж санаж байтал, нохойгоо салхилуулах гэж өдөр бүр гардаг олон давтамжуудынхаа нэг дээр, гэрийнхээ хаяагаас үзчихлээ.

Пеннид баярлалаа гэж хэллээ. Хүний хэл мэддэг байсан бол миний амьдралд ямар сайхан бэлэг барьсныг хэлэх байлаа.

Шөнө орондоо ороод, нүдээ аниад, анх бөгөөд магадгүй сүүлийн удаа үзсэн хойд туйлын туяаг дахин төсөөлж, мартахгүй байхаар цээжиллээ…

Явсан хүнээс үг сонс 2

Published by amai

AMAIzing world...

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *