1233967_10153440602868202_7169594546927138057_n

http://bpo.gov.mn/news/speech/1604080001/detail

АМАЙ: БИ ТӨРИЙН ДУУЛАЛ ЭГШИГЛЭХЭЭС ӨМНӨ БҮХ ХУВЦСАА ӨМСӨӨД ЁСОЛЖ ЗОГСДОГ ӨВӨӨГӨӨ ХАРЖ ӨССӨН ХҮН

“Монгол бадарчин” маань илгээлтийн эзэн болжээ. Одоогоос зургаан жилийн өмнө дэлхийг таван жилийн хугацаатай тойроод ирэхэд нь “Эх орны манаа сонин” онцлон түүнийг зочнороо урьж байлаа. Ингэхэд тэрбээр өнгөрсөн зургаан жилийн хугацаанд өөрийн аяллын сонирхолтой дурсамжийг өгүүлсэн дөрвөн цуврал номыг уншигчдын хүртээл болгож, дэлхийн зарим улс орнуудаар үргэлжлүүлэн аялжээ.  Харин одоо Увс аймгийн Давст суманд илгээлтийн эзний ёсоор амьдарч буй юм байна. Ингээд Амай нэрээрээ олны танил болсон Ж.Золбаяртай хийсэн ярилцлагаа сонирхуулъя.

-2010 оны хавар тантай уулзаж байснаа санаж байна. Тэгэхэд та үсээ нэлээд ургуулаад, бас болоогүй сураар зангидчихсан нь ихэд содон харагдаж билээ. Одоо ч Сүхбаатарын талбайн зүүн талын сандал дээр бодлогошрон сууж асан дүр төрхийг чинь тодхон санаж байна?
-Тийм үү. Үсээ сураар боох нь монгол хэв маяг л даа. Одоо харин үсээ тайрчихсан. Дэлхийгээр аялаад ирсний дараа хэвлэлээс нэг хэсэгтээ л салаагүй. Тэр үед тантай уулзаж л дээ.
-Уншигчид таныг дэлхийг тойроод ирсэн Монгол хүү гэдгээр тань эчнээ танина. Харин таны Золбаяр нэрээр төдийлөн сайн мэдэхгүй байж магадгүй юм?
-Магадгүй тийм байх. Намайг Ж.Золбаяр гэдэг. Амай гэдэг нь хоёр үгийн товчлол. Монголдоо кикбоксыг дэлгэрүүлэх зорилго агуулж улмаар электро хөгжмийг одоогоос 16 жилийн өмнө нэвтрүүлсэн. Улмаар 2005 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр “Монгол бадарчин” төсөл, хөтөлбөрийг эхлүүлээд, өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн 86 улсад Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулсан байна. Өөрийгөө бадарчин гэсэн нь Монгол соёлын нэг илэрхийлэл байсаар ирсэн учир ийнхүү нэрийдсэн. Товч танилцуулахад ийм л залуу.
-Таны өвөө, эмээ Хилийн цэрэгт ажиллаж байсан буурлууд гэж сонслоо?
-Тийм ээ. Тиймээс ч би Хилийн цэрэгтэй өөрийгөө байнга хамт юм шиг боддог. Багаасаа хагас цэрэгжсэн байдалтай өссөн хүн. Тэр нь энэ аяллыг туулах гол хөшүүрэг болсон. Ямар ч аялагчийн гол анхаарах зүйл нь хувийн зохион байгуулалт байдаг. Магадгүй би уран бүтээлч хүн байсан бол тэр хол газрыг туулж чадах байсан эсэхдээ одоо эргэлздэг. Манай аав сэхээтэн хүн. Ээжийн маань талынхан тэр чигтээ цэргийн улс. Өвөө маань харин ясны хилчин хүн. Миний өвөө “ганган” Нямбуу гэж Архангай аймгийн Өлзийт сумын харьяат хүн байлаа. Аав маань харин Увс аймгийн Давст сумын уугуул. Өвөө минь Хязгаарын цэрэгт ажиллахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцдаг байсан юм гэсэн. Манай өвөөгөөс машин техникийг хэрхэн арчилж тордохыг сурсан олон хүн байдаг гэнэ билээ. Машины дууг сонсоод л ямар эд анги нь болохгүй байгааг андахгүй хэлдэг байсан юм гэсэн. Харин эмээ минь өвөөг дагаад хил дээр олон жил амьдарсан хүн. Эмээ маань ирэх жил нас сүүдэр 80 хүрнэ.
-Одоо харин та илгээлтийн эзэн болжээ?
-Увс аймгийн Давст суманд амьдраад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрч байна. Цагаан сарын сүүлчээр хотод ирсэн. Тун удахгүй буцна. Орон нутгийн хөгжлийн асуудлыг хэрхэн хандуулж, залуусын орон нутагт ажиллаж, амьдрах хүсэл сонирхлыг өрнүүлэхэд чиглүүлэн судалгаа хийж байна. Амжилттай болвол хөдөө орон нутгийн бүх салбарт илгээлтийн эзэд очиж ажиллах аяныг сэргээхийн төлөө эрмэлзэж байгаа. Монгол гэрт энэ өвөл -52 градусын хүйтэнд амьдарч үзлээ. Миний бие дахин халаалттай байранд амьдарч чадахгүйгээ энэ хугацаанд ойлгож авсан. Хурдхан шиг буцаж гэртээ очъё гэж бодож байна. Ер нь паартай байшин гэрт байгаа мэт халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаддаггүй шүү дээ. “Хөдөө нутаг өөрийг чинь ингэтлээ татахын сайхан нь өөр юунд оршиж байна вэ?” гэж асуувал хязгааргүй эрх чөлөө нь гэж би хариулна. Суурин газар ялангуяа томоохон хотуудад амьдрах эрх чөлөө олон зүйлээр хязгаарлагддаг. Яг үнэндээ шоргоолжны үүр шиг л орчин шүү дээ. Яахав, хаа газрын хүмүүсийн амьдралын хэв маяг өөр л дөө. Зарим хүмүүс хад чулуу ухаад гэр орон болгон амьдарч байхад уулын аюултай бэлд байшин бариад амьдрах нь ч бий. Харин Монгол хүнд таван ханатай гэрээ хүссэн газартаа барин, дуртай цагтаа нүүдэллээд амьдрах эрх чөлөө бий. Энэ нь ямар их аз завшаан хийгээд зол жаргал гэж санана.
-Монголынхоо 300 гаруй сумдаас Давстыг сонгосны учир юу вэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн, хотын унаган хүүхэд л дээ. Эхлээд судалгааны журмаар сумд очсон бол одоо харин сууршихаар шийдээд нүүж байна. Нөгөө талаас сумдыг хөгжүүлэхгүй бол хот суурин луу шигдсэн, бөөгнөрсөн хэв маяг нэг хэсэгтээ зогсохгүй. Тиймээс ч залуусыг хөдөө орон нутагт ажиллаж, амьдраасай гэж уриалан өөрөөсөө эхлүүлж байгаа юм.
Давст сум манай аавын төрсөн нутаг. Миний аавын нутаг ус миний төрсөн газар шорооноос ялгаа юу байхав. Давст сум Бүгд найрамдах Автономит Тува улстай хиллэдэг. Энд амьдрахдаа Алтайн бүс нутгийн мэдээллийг цуглуулан боловсруулж байна. Олон улсын харилцааны мэргэжилтэй хүний хувьд хил дээр, хамгийн захын суманд амьдрахын ач тус юу вэ гэдгийг гаргаж ирэхийг хичээж байна. Сумыг судлахаас гадна бүтцийн өөрчлөлт болоод ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг эрж хайж байгаа. Сумд ажлын байртай, орлогын эх үүсвэртэй болчих л юм бол хот суурин газар зорих шаардлага алга болно. Сумын амьдрал үнэхээр сайхан. Бүр гайхамшигтай гоё гээч. Мөн тус сумыг сонгосон өөр нэг шалтгаан бий. Монгол Улсын тусгаар тогтнол, хил хязгаарын аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Ю.Цэдэнбал. Есдүгээр сарын 17-ны өдөр хилчид баяраа тэмдэглэдэг. Энэ өдөр Ю.Цэдэнбал гуайн төрсөн өдөр бас тохиодог шүү дээ. Энэ жил түүний 100 жилийн ой тохиож байгаа учир төрсөн суманд нь ойг сайхан тэмдэглэн өнгөрүүлэхээр зорьж буй. Хилийн цэргийн удам учраас хилийн суманд ийнхүү амьдрахын хажуугаар хилчдийн амьдрал, ажил үйлстэй давхар танилцах боломж бас олдож байгаа.
-Суманд амьдрахын нэг онцлог нь түгжрэл, стресс багатайн дээр цаг зав их гардаг. Та сумд юу амжуулж байна вэ?
-Хөдөө амьдарч байгаа хүмүүс нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хот газар таны хэлснээр түгжрэл, орон зайн хувьд хол учир зав зай маш бага гардаг. Харин суманд өөрийгөө хөгжүүлэх маш их боломж бий. Тэр бүх боломжийг ашиглахыг хичээж байна.
-Та ингэхэд ганцаараа амьдарч байна уу?
-Одоохондоо ганцаараа.
-Ганцаараа гэрт амьдарна гэдэг амаргүй биш үү?
-Хэцүү үе бий. Ид хүйтэн тачигнах цагаар өвөлжсөн болохоор амаргүй байсан. Гэхдээ гал түлж гэр дүүгтэл халах нь цаанаа л сайхан шүү. Гал дээр чанасан цай илүү амттай байдаг. Ер нь “тогооны хүн”-ий асуудлаа шийдэх гээд л үзээд байна. /Инээв.сур/
-“Тогооны хүн” гол нь сум руу дагаж явах болов уу?
-Хилчдийг дагаад бүсгүйчүүд та нар тэр хязгаар нутагт ажиллаж, амьдардаг л биз дээ. Болохгүй нь юу байхав.
-Та дэлхийгээр тойрон аялж ирчихээд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нэлээд нам гүмхэн байх шиг боллоо?
-Үгүй ээ. Ахиад 10 гаруй улсаар аялсан. Аяллын сонин сайхнаа хуваалцсан дөрвөн цуврал ном гаргалаа. Одоо тав дахь бүтээл дээрээ ажиллаж байна. Ер нь одоо болтол амарч тухалж үзээгүй л байна.
-Хэр удаан хөдөө амьдрах төлөвлөгөөтэй байна вэ?
-Одоогоор хугацаагаа нарийн төлөвлөөгүй байна. Зүгээр л хөдөөгийн суманд амьдрах үнэхээр сайхан юм. Миний хувьд заавал хот суурин газар гэхгүйгээр хүссэн газартаа амьдрахыг хүсдэг. Магадгүй гадаад улс орон ч байж болох. Гэхдээ тэр бүх сонголтуудаас хөдөө орон нутагт амьдрах хүсэл намайг илүү их эзэмдсэн.
-Та түрүүн яриан дундаа, “Би хараахан тангараг өргөөгүй байна” гэж хэлнэ билээ. Энэ юун тухай ярьсан бэ?
-Хүн амьдралдаа ямар нэг тангарагийг өргөнө гэдэг нь насан туршийн амлалтаа өгч байгаа хэрэг. Тангараг өргөсөн төрийн албан хаагч болох уу, цэргийн албанд зүтгэх үү гэх зэргээр янз бүрийн юм бодож л байна. Тангараг өргөсөн л бол миний амьдрал өөрчлөгдөх ёстой. Одоохондоо би тангараг өргөөгүй энгийн иргэн л дээ. Тангараг өргөнө гэдэг ер нь иргэний зориг юм. Хүссэн хүсээгүй тангараг өргөх өдөр ирнэ. Гэхдээ хэзээ гэдгийг нь мэдэхгүй.
-Ингэхэд та эр цэргийн албаны тухай залуу хүний хувьд ямар бодол тээж явдаг вэ?
-Аав, ээжийн өврөөс гарч амьдралд хөл тавихын өмнө нэг жил бие даан цэргийн албыг хаах нь зүйтэй байлгүй яахав. Тэр тусмаа хил дээр алба хааж байгаа нь амьдралд олдох олон боломжийн эхлэл. Цэргийн алба хаах нэг жилийг амьдралаа бодож төлөвлөх, мөрөөдлөө цэгнэх хугацаа гэж боддог. Хэн нэгэн хол газар цөлөгдчихлөө, яана гэж бодож магадгүй юм. Харин ч хил дээр өнгөрүүлэх нэг жилийн хугацааг өөрийгөө олох, нээх, таних бясалгалын хугацаа гэж бодон өнгөрүүлэх хэрэгтэй юм болов уу.
-Хилийн суманд амьдрахад хязгаар нутгийн үнэ цэнэ илүүтэй мэдэрэгдэж магадгүй юм шүү.
-Тэгэлгүй яахав. Гэхдээ би нэг зүйлийг илүүтэй анзаарсан. Хилчид, ард иргэдийн харилцаа холбоог улам бүр ойртуулах хэрэгтэй байна. Урлаг уран сайхан, спорт, эрүүл мэнд гээд олон салбарт энэ ажлыг идэвхжүүлэх шаардлагатай юм болов уу. Орон нутгийн ард иргэд, байгууллага болоод хилчид хоорондын харилцаа илүү нягтрах хэрэгтэй нь анзаарагдсан. Мөн хил хамгаалалтад нохойг илүү олноор ашиглах шаардлагатай гэж боддог. Монгол банхарыг үржүүлэх тусгай албатай болж, хилийн харуул бүр дээр хуваарилбал үүргээ сайн гүйцэтгэх нь дамжиггүй. Иргэн хүний хувьд энэ мэт бодол бий.
-Одоо хоёулаа ярилцлагаа дэлхийн 86 улсад аялсан сонин сайхнаар үргэлжлүүлвэл ямар вэ?
-Дэлхийг нийтдээ тав тойрсонтой тэнцэхүйц газар нутгийг энэ хугацаанд туулсан. Өнгөрсөн оны тавдугаар сард төв болон хойд Америкийн улсуудаар аялаад эх нутагтаа эргэж ирлээ. Харин түүнээс хойш юу хийж бүтээж байгаагаа дээр та бүхэнтэй товч хуваалцлаа.
-Та арван жилийн өмнө дэлхийг тойрохоор зориглоход нөхцөл байдал одоогийнхоос өөр байлаа шүү дээ. Таны зорилго ер нь яг юу байсан юм бэ?
-Тухайн оронтой холбоотой судалгаа, шинэлэг мэдээлэл үнэхээр ховор байлаа. Ялангуяа Африк тивийн тухай мэдээлэл тун бага. Хар царайтай хүмүүс л амьдардаг гэж боддог байлаа шүү дээ. Гэтэл тэр 54 үндэстний дотор ямар угсаатан багтдаг, ямар соёлтой гээд нарийн онцлогийг нь мэддэггүй байж. Тиймээс ч XXI зууны эхэн үед дэлхий ямар байсан бэ гэдгийг харуулсан Монгол архив бүтээхийг зорьсон. Дэлхийн улс орнуудын амьдарч буй хот суурингийн байдал, хүмүүсийн царай зүс, хэрэглэж буй мөнгөн тэмдэгт, мөргөж буй сүм хийд зэргээр шинэ цаг үед хэрэгтэй шинэлэг мэдээлэл олныг цуглуулахыг эрмэлзсэн. Аяллын маань өөр нэг зорилго нь энэ дэлхийн 200 гаруй улс орноос Монгол маань үнэхээрийн өвөрмөц онцлогтой улс орон юм байна гэдгийг ойлгосон явдал байлаа.
-Онцлогтой улс гэдгийн цаана мэдээж олон хүчин зүйл багтах учиртай. Харин үүнээс та онцолвол чухам юуг дурдах бол. Тухайлбал, монголчууд юугаараа дэлхийд гайхагдаж, анхаарлыг нь татаж чадаж байна вэ?
-Бид тэнгэр шүтээнтэй хүмүүс. Гэхдээ бид бөө мөргөлийг шашин гэж андуурдаг. Буддын гүн ухаан Алтай хааны үеэс хойш монголчуудын дунд шашин гэгдэж ирсэн сөрөг тал бий. Нүүдэлчин талаас нь харахад монголчууд бидний соёл уламжлал, сэтгэлгээ гээд бүхий зүйл өөр юм байна гэдгийг өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийсэн судалгаа маань харууллаа. Манжаас хойш монголчууд гурван ч шашны урсгалаар тархиа угаалгасан байна. Бид мэдээллийн аюулгүй байдал, үндэсний эрх ашиг ерөөсөө та бидний түгээж буй мэдээлэл дээр тулгуурлаж байна гэдгийг анхаарах цаг болсон.
-Мэдээллийн аюулгүй байдлын асуудал үнэхээр чухал. Та өөрийн ажиглалтад суурилан юу гэж дүгнэв?
-Том гүрнүүд жижиг улсыг соёлын довтолгооноор уусгах бодлогыг барьж байна. Улмаар соёлын довтолгооноос шашны, тэндээсээ газар нутгийн довтолгоонд оруулан устгах хэв маяг түгээмэл ажиглагдсан. Тиймээс залуу хүний хувьд үндэсний гэх зүйлсээ маш сайн бодолцож, хайрлаж хамгаалж байх ёстойг ойлгосон юм. АНУ-ын индианчууд болон Австрали тивийн уугуул омгууд, Африкийн олон омгийн эмгэнэлтэй хувь заяа бидэнд нэгийг хэлээд байдаг юм.
-Дэлхийн улс гүрэн бүр манайх шиг тайван амгалан биш шүү дээ. Таныг аялж явахад ч нөхцөл байдал зарим газарт тогтворгүй байсан тухай бичсэн байна билээ.
-Дэлхийн хамгийн аюултай гэгдэх 10-аад газрын хар жагсаалт надад байсан. Израйль болоод Африкийн 10-аад улс дайн дажинтай байхад нь явсан. Сири 2006 онд ямар сайхан улс байсан гэж санана. Миний аяллын хамгийн сайхан орон аль улс байв гэвэл би Сири гэж хариулах байна. Үнэн шүү. Одоо ч би тэгж хариулна. Энэ сайхан улсыг юу өнөөдөр ийм харамсмаар байдалд хүргэчихэв гээд дүн шинжилгээ хийхэд Сири улс мэдээллийн дотоод аюулгүй байдлаа хамгаалж чадаагүй. Ер нь улс орон бүр надад сургамж болж байсан. Ухаандаа бидэнд юуг хийж болох, болохгүйг таниулж байлаа. Египет улсын хувьд 70 гаруй сая хүн ам бүхий маш хүчирхэг армитай орон. Фэйсбүүкийг зохисгүй хэрэглэснээс болж өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал доройтсон, хүн ард нь гуйланчлалын байдалд шилжсэн дүр зурагтай байна. Ер нь мэдээллийн аюулгүй байдлын асуудал дээр сайтар анхаарах хэрэгтэй цаг үед бид амьдарч байна. Сүүлийн үед цэргийн хувцастай хүмүүс хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд байруулах нь их болж. Энэ нь буруу гэж хувьдаа үздэг. Ялангуяа төрийн тусгай алба хашдаг хүн төрийн өмнөөс үг хэлж, үйлдлээрээ бүхнийг илэрхийлж байдаг гэж ойлгодог.
-Та өөрийнхөө номонд дэлхийн олон орноор явахдаа шашин гэдэг зүйлийн удирдлага алдагдсанаар ямар их хор хөнөөл учирч байгаа тухай онцлосон байна билээ?
-Үнэхээр шашин удирдлагаа алдах юм бол сүйрэл дагуулдаг. Шашинг өөр зорилгоор буруу чиглэлд ашиглаж эхлэх юм бол дотоодын аюулгүй байдал, үндэсний бат бэх байдал зэрэгт сөрөг нөлөө үзүүлдэг. Шашин хоорондын мөргөлдөөнөөс хамаарч сүүлийн үед дэлхий дахинаа олон сөрөг асуудлууд гарч байна. Шашны дайн өнөөдөр ч үргэлжилсээр. Шашин гэх нэрийн цаана номлол бий. Энэ номлолыг хэн, хэрхэн ашиглаж буйд хамаг учир оршдог юм болов уу. Шашинд хоёр тал бий. Би дэлхийн улсуудаар явахдаа ямар ч шашны бай хамаагүй сүм хийдээр нь орж мөргөдөг байлаа. Өөрийн энерги, эрч хүчээ сэргээхийн тулд тухайн шашны зан үйлийг дагаж аян замаа даатгаад гардаг байсан. Энэ нь нэгдүгээрт, тухайн улсын зон олны хүндлэлийг хүлээнэ. Хоёрдугаарт, сүм хийдэд хүн муу санаж ордоггүй, зөвхөн ариусал тээдэг газар учраас сайхан байдаг.
-Ганцаараа аялахад хамгийн хэцүү нь юу вэ?
-Ганцаардал. Эх хэлээрээ ярихгүй, монгол хүнтэй хамт байхгүй байна гэдэг тэр чигтээ ганцаардал байдаг юм билээ.
-Тив дамнан олон улс орноор явахад Монголын тухай бодол, эх орны үнэ цэнэ сэтгэлд ёстой нэг зураглагдан буудаг байх даа.
-Дэлхийн улс орнуудтай Монголыг харьцуулахад үнэхээр ямар ч өрсөлдөөнгүйгээр хамгийн сайхан улс гэж би хэлнэ. Америк, Францтай харьцуулах ч юм биш. Яагаад? Бид хамгийн цэвэр агаараар амьсгалж байна. Энэ нь ч судалгааны үндэстэй. Дэлхий дээр хүчилтөрөгч үйлдвэрлэж буй гурван төрлийн том ой байна. Африкийн Конго, Өмнөд Америкийн Амазонийн болон Сибирийн ой юм. Сибирийн ой Монголыг газарзүйн байрлалын хувьд өдөр, шөнөгүй цэвэр агаараар үлээж байдаг. Олон хүн Монголын агаар нь сайхан гэж танд ч хэлж байсан байх. Би ч өөрөө ингэж мэдэрч байсан. Эх орондоо ирээд ингэж санагдаж байна даа гэж анх бодсон ч удалгүй агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээндээ учир оршиж буйг ойлгосон юм. Бас тэнгэр нь үнэхээр сайхан хөх өнгөтэй гэж олон хүн ярьдаг. Энэ нь ч хүчилтөрөгчтэй холбоотой. Байгалийн гоо үзэсгэлэнгээрээ бид дэлхийд тэргүүлнэ. Говь цөл, ой тайга, гол горхийг нэгэн дор хаанаас харах юм бэ. Энэ цогц тогтоц дэлхий дээр ховор. Монгол Улс дэлхийн хамгийн том гүрэн улсыг байгуулснаас гадна дипломат ёсыг дэлгэрүүлсэн. Өнөөдрийн хүн төрөлхтний хэрэглэж буй цаасан мөнгийг Хубилай хааны үед нэвтрүүлсэн гэдгээрээ монголчууд үнэ цэнэтэй. Ер нь дэлхийн улсуудаар аялж байхад Африк тивийнхэн манай улсын тухай төдийлөн ойлголт сул байгаа нь анзаарагддаг. Харин бусад орны ард иргэдийн дунд бидний өвөг дээдэс өөрийн ул мөрөө тамгалан үлдээж чадсан. Ялангуяа Америкийн улсуудаар дээлтэйгээ аялж явахад Монгол хүнтэй таарах нь азтай тохиолдол гэж хүлээж авах нь олонтаа байсан. Монгол Улсыг дэлхий нийт таньж эхэлжээ. Би аялагч хүний хувьд ойрын 10 жилд аялал жуулчлалын салбар манай улсад хөгжинө гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Монгол Улсад уул уурхай, аялал жуулчлал хөгжих бүрэн ирээдүй бий. Газарзүйн байрлалын хувьд тэрбум хүнтэй урд хөрш, олон сая хүнтэй зах зээл хойд талд минь байна. Мөн Монгол Улс хилийн маргаангүй улс. НҮБ-д бүртгэлтэй 200 гаруй улс гүрэн дундаас хоёр хөрштэйгөө хилийн маргаангүй, ард иргэд нь айх айдасгүй улс дэлхий дээр цөөн. Эдгээр 200 гаруй улсаас 80 гаруйгаар орж үзсэн хүний хувьд төлөөлөл болгон ярихад нийгмийн бүтэц, зохион байгуулалтаа хамгийн зөв шийдсэн улс цөөхөн байдаг юм билээ. Улс гүрэн ямар ч асуудалтай байсан хилийн алба нь улс төрөөс ангид байх ёстой. Хилийн аюулгүй байдал алдагдсанаар улс эх орны эрх ашиг, дотоодын аюулгүй байдал хийгээд тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх талтай. Тиймээс шилжилтийн, тогтворгүй цаг үед ажил үүргээ салбар салбартаа бид сайн хийх хэрэгтэй. Гэхдээ бид барууны соёлын нөлөөнөөс хальж ертөнцийг харах хэрэгтэй юм болов уу. Энэ соёл, шашны элдэв нөлөө нь амьдралын хэв маягийг өөрчлөх гэсэн оролдлого юм. Бид өөрсдийн монгол сэтгэлгээнд чухам юу чухал бишийг ялгах цаг нь болсон. Өөрийн үнэт зүйл, амьдралын хэв маягаа алдчих юм бол бид хэн ч биш. Харин ч бид нүүдлийн соёлоо авч үлдэх нь зөв юм. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ бид тэргүүлэгчид. Бусад орны хүмүүс танай хүн ам бага байна гэхээр нь би эсэргүүцдэг. Газар нутагтаа хүн ам нь яг таарсан харин танай хүн ам хэтэрчихээд байгаа юм биш үү гэж хариулдаг.
-Магадгүй энэ үзлээс үүдэн та илгээлтийн эзэн болжээ гэж ойлголоо.
-Нүүдлийн соёл иргэншил нь амьдралын хэв маяг гэхээсээ илүүтэйгээр хоол хүнс, хувцас хэрэглэл гээд бүхий л зүйлтэй холбоотойгоор маш нарийн зохицсон байдаг. Манайхан малчид гэж буруу ярьж ойлгодог.Нүүдлийн соёл иргэншил нь ердөө тэдэнд хамааралтай мэтээр хүлээж авдаг. Дэлхий нийт нэг гэсэн ойлголтыг хувьдаа эрс эсэргүүцдэг. Учир нь энэ олон үндэстэн өөрийн соёл иргэншил, уламжлал, зан үйлээрээ ялгарч байх учиртай. Аливаад өөрийн бодолтой хандахгүй бол бусад улсын харамсалтай, эмгэнэлтэй түүхийг бид давтах вий гэсэн болгоомжлол надад оршдог.
-Гадаадын улс орныг зорих гэж байгаа хэн нэгэнд хандаж та юуг чухалчлан зөвлөх вэ?
-Зөвхөн би биш дараа дараагийн залуус маань аялахдаа олон соёлыг өөртөө шингээн авчрах байх гэдэгт итгэдэг. Африкт үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч залуустай уулзаж байлаа. Тэдний эрүүл мэнд, хоол хүнсний асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй юм билээ. Халуун оронд бидний өдөр тутам иддэг бууз, хуушуур харин ч сөрөг нөлөө үзүүлдэг. Би Сьерра-Леонд монголчууд дээр очоод борцтой будаатай цай уугаад хамаг чадлаа алдсан удаатай. Долоо хоногийн турш ямар ч тэнхэлгүй болж улмаар дусал залгуулан байж босч ирсэн. Тэр халуун газар халуун чанарын хоол иднэ гэдэг бодууштай зүйл юм билээ.
-Гадаад улс орныг дээдлэх, зорих хандлага монголчуудад их. Тэгвэл та энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?
-Бидний монголчууд хамгийн жаргалтай ард түмэн гэж би бардам хэлэх байна. Аялая гэвэл хуучин их гүрнээс том хэмжээний уужим сайхан, үзэсгэлэн төгөлдөр эх орон минь байна. Монгол Улсад цагдаа нь зэвсэггүй ажилладаг гэдгээрээ дээгүүрт жагсана шүү. Манай улс харьцангуй тайван. Нийгмийн бодлогын алдаанаас үүдэж зарим нэг бухимдал байна. Гэхдээ ноцтой биш. Тухайлбал, би Увс аймгийн Давст суманд хил дээр амьдарч байгаа хүн. Гэхдээ надад айх айдас алга. Санаа зовох зүйл үгүй. АНУ-ыг бид дээдэлж мөрөөдлийн улс гэж тодорхойлж байхад ард иргэд нь айдастай, түгшүүртэй байдаг. Бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол хүнс нь эрүүл, аюулгүй. Харин нийгмийн бага зэрэг тулгамдсан асуудлаа зөв шийдээд явах хэрэгтэй юм болов уу. Миний хувьд багаасаа ЗХУ, АНУ-д ажиллаж, амьдарч байсан болохоор эдгээр улсуудын амьдралын хэв маяг, соёлыг тодорхой хэмжээгээр танин мэдэж, шүүн тунгаах хэмжээнд хүрсэн. Гэтэл бүх хүн ийм биш болохоор янз бүр хүлээж авах юм даа. Дэлхийн диваажин нь Монгол, гэхдээ яаж хөгжүүлэх вэ гэдэг нь бидний асуудал юм.
-Хилчиддээ сонирхолтой байх нэг асуултыг тавимаар байна. Дэлхийн 90-ээд улсаар зорчиход хил гаалиар нэвтрэх нь дамжиггүй. Тиймээс улс орнуудын хилийн шалганаар хэрхэн нэвтэрч байв. Сонин хачин явдал ч тохиолдож байсан болов уу?
-Тухайн улсын хил хөрш орнуудтайгаа ямар харилцаа холбоотой болохыг илтгэн харуулах толь юм билээ. Нэг улсад нэвтрэхийн тулд эргэн тойрон тав, зургаан хилээр шалгуулах шаардлага ч гарч байсан. Хил зааг нь харилцан тодорхой бус болсон газар ч бий. Аль ч улсын хилчдийн хэрэглэж буй хувцас хэрэглэл, зэр зэвсгээр нь аль талыг баримтлагч болохыг харж болдог. Манай цэрэг армийн хувцас хэрэглэлд Зөвлөлтийн нөлөөлөл шингэж үлдсэн байдаг. Харин сүүлийн үед Америкийн нөлөө шингээд байх шиг. Иргэн хүний хувьд цэрэг армийнхан маань монгол үндэсний хэв шинж бүхий хувцастай байвал зүгээр юм болов уу гэж боддог. Тухайн улсын нүүр царай болж байгаа болоод ч тэр үү зарим орны хилчид маш ширүүн дориун төрхтэй шалгалтаа явуулдаг. Яалт ч үгүй манай хойд хөрш маш ширүүн хил гаалийн шалгалттай гэдгээрээ зартай. Яг л гэмт этгээдтэй харьцаж байгаа мэт аашилдаг. Гэтэл та манай улсад зочилж буй зочин гэж угтах газар ч бий. Хэт их уур уцаартай биш, хэт наалинхай биш харин тодорхой дүрэм журмын хүрээнд нэвтрүүлэх нь зөв юм болов уу. Мэдээж харилцааны соёлын асуудал чухал. Зарим улс орны байцаагчид эелдэг зөөлөн харилцаж байгаад гэнэдүүлнэ. Израйлын хилийн шалган үнэхээр эвгүй. Энэ улсын шалганы системээс олон орон суралцдаг юм билээ. Эхний шалгагч нэг асуулт, дараагийнх нь нэг асуулт гэсэн шугамаар гэнэдүүлдэг. Ар талын шалгагч асуултанд хэрхэн хариулж буй байдал цаашлаад гарын хөдөлгөөн зэргээр анализ хийж байдаг. Танай өвөөгийн нэр хэн бэ, танай байшингийн өнгө гэх мэтээр ямар ч хамаагүй асуулт асуух зарчмаар манай улсад ямар зорилгоор ирсэн бэ зэрэг эвгүй асуултаа дундуур нь чихдэг. Ямар нэгэн сөрөг зорилго агуулж ирсэн бол эдгээр асуултад бүдрэх нь бий. Манай хилийн шалганы соёлын асуудалд ахиц гаргах хэрэгтэй юм байна гэж энд тэнд явахдаа мэдэрсэн. Ер нь хатуу асуултад юм үзэж доль суусан бэлтгэлтэй этгээд энүүхэнд хариулчихна. Харин зөөлөн аргаар тонших нь хамгийн зөв юм болов уу.
-Хилээр гарахад хөгжилтэй явдал тохиолдож байв уу?
-Зааны ясан эрэг улсын хилээр гарах гэж байлаа. Хойд бүсийн аймгууд нь иргэний дайн дэгдээж, Засгийн газрынхаа армийг хөөн зайлуулсан байсан юм. Нигери улс руу орохын тулд армийн болоод босогчдын бүсийг давж гарах хэрэгтэй болсон. Босогчдын байгаа хилийн постон дээр ирээд тамга даруулахыг хүсэв. Ажилчид  нь байхгүй, гагцхүү босогчид л эзэгнээд байлаа. Миний паспорт маш олон газрын тамга даруулсаар зай багатай болсон тул би энэ хэсэгт тамга даруулмаар байна гэлээ. Ширээ онгойлготол 20,30 тамга хураачихсан байв. Гэхдээ тэр босогчид нь нутгийн иргэд, малчид шүү дээ. Аль тамгыг хаана нь дардагийг мэдэхгүй улс. Би тамга даруулахыг хүссэнд хариуд нь мөнгө нэхсэн. Мөнгө өгөхгүй бол тамгагүй цааш яв гэсэн. Миний хувьд тамга даруулах нь аяллын зорилго төдийгүй нотлох баримт байв.
Гаванна улс руу орохоор ойгоор явж байтал нэг мэдэхэд л өөр улсын хил рүү орчихсон байсан. Буцаад ойгоор явтал ахиад өөр улсын хил рүү орчих жишээтэй. Ийм хилтэй улс орон олон бий. Манай хил бол хоёр талаасаа хатуу чанга хамгаалалттай, торон саад, хилийн баганаар хүрээлэгдсэн байдаг шүү дээ. Белиз улсаас Гватемал руу нэвтрэхээр очтол ажил тарах үе таарч хил дээр нь хэн ч байдаггүй. Манайхаар хилийн нэг пост тэр чигтээ эзэнгүй байсан гэсэн үг. Тамгаа даруулах гээд хил дээр хоносон. Тэгэхэд хүмүүс цүнхээ хашлага давуулж чулуудчихаад хил гарчих жишээтэй. Дэлхийн энд тэндхийн улсуудаар зорчиж байхад хамгийн хяналт шалгалт өндөр нь манай хөрш хоёр орны хилийн шалган юм билээ.
-Бидэнтэй цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
-Би өөрийгөө эх оронч иргэн гэнэ. Учир нь хүнд эх орноос өөр үнэт зүйл байхгүй. Төрийн дуулал эгшиглэхээс өмнө бүх хувцсаа өмсч аль хэдийнэ бэлэн болчихсон ёсолж зогсдог өвөөгөө харж өссөн болохоор арга ч үгүй биз. Ингээд хилчиддээ эх орноо эрхэмлэн хамгаалах үйлсэд нь амжилт хүсье.

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.