Aav

Сайн байна уу? миний энэ тэмдэглэл ”Монгол Бадарчин” цувралын  2 дахь бүлэг болох “Амьдрал Сайхан шүү” номд орж байгаа тул түүнийг авч уншаад блогийн зургуудтай хослуулж, миний аяллыг илүү сайн мэдрээрэй! Баярлалаа.

123

2009 оны 1 сарын 1

Монгол бадарчин 1-р аян. 49.3 дахь төр.

Испанийн вант(манайхаар Хаант) улсын эртний Сэвиа хот

Өнөөдөр шинэ оны эхний өдөр тул түр амарч аваад хязгааргүй аян замдаа гарна.

Автобусандаа суухын өмнө шинэ соргог мэдээлэл юу байгааг үзэхээр интернэт орохдоо, Аавынхаа бичсэн захиаг олж харлаа. Миний аяллын явцад Монгол улс, Африк тивийн харилцааны талаар мэдээлэл хомс байгаа болохоор ааваасаа тусламж хүсч байсан юм.

www.amai.mn

Шинэ оны анхны тэмдэглэлдээ аавын бичсэн захиаг тавьж байгаадаа маш их баяртай байна.

Монголын залуу үе хэдийгээр мэдээллийн эринд амьдарч, юм үзэж нүд тайлсан гэж өөрсдийгөө бодож байгаа ч, ахмад үеийн туршлага сургамжийг хүлээж авч чадахгүй бол өмнөх алдаагаа дахин давтаж, сайхан амьдралын хүсэл мөрөөдөл маань, зөвхөн мөрөөдөл хэвээрээ үлдэнэ.

Хоёр жил гаруй туулсан Африк тивийг арваад хоногийн өмнө нэгэнт орхисон. Тайлангаа үргэлжлүүлэхэд хэрэгтэй зарим нэг мэдээллийг олж өгөхийг ааваасаа гуйсан юм. Харамсалтай нь Монгол улс, Африк тивийн хоорондын харилцаа бага байгаа нь доорх захианаас харагдаж байна.

Бид мэдээллийн тусламжтайгаар  дэлхийг Монгол руу ойртуулах хэрэгтэй байна.

Миний аавын бичсэн энэхүү захиа нь жаахан албан ёсны болсон мэт надад санагдлаа, хамгийн гол нь Африк тивийн тайлангаа бичихэд хэрэгтэй мэдээлэл явуулж байгаа учраас ийм хэлбэртэй болсон нь аргагүй байх.

Хэрвээ та гэр бүлээсээ хол байгаа бол, зөвхөн утсаар ярих бус, захиагаар санаж бодож буй зүйлээ бичиж, захиасаа үлдээж байвал маш чухал гэдгийг би зөвлөмөөр байна.

Ядарч, зүдэрсэн, ганцаардсан үедээ захиа унших тун сайхан байдаг.

Хайртай хүүдээ эх орноос нь төрсөн гэрээс чинь мэнд дэвшүүлж, ер бусын аялалдаа амжилт гаргахыг хүсье. Цаг хугацаа улиран урагшилж, хүүгээ алсын замд үдэж байсан тэр өдрөөс хойш 3 жил өнгөрчээ.

Хүүхдүүдээсээ хол байгаа ээж, бид хоёрт энэхүү жилүүд хэчнээн урт хугацаа байсныг төсөөлөөрэй.

Нөгөө талаар хоног хугацаа өнгөрөх тутам хүүгийн минь эргэж ирэх тэр баярт мөч ойртож байна хэмээн бид хоёр сэтгэлээ тайтгаруулан бодож хүлээдэг юм. Хэчнээн бэрхшээл саадыг даван туулж явааг чинь бодох тоолондоо их аяллын явцад мэдээжээр тохиолдох түмэн бэрхшээлийг миний хүү улам бүр нимгэлж явна гэж боддог билээ.

Эрхийг сурахаар бэрхийг сур гэсэн мэргэн ардын минь ухаант үгийг цаг ямагт санаж, эх орноороо бахархаж, цаг үргэлж сэтгэлдээ тээж, ард түмнийхээ амьдрал хөгжлийн асуудлыг өдөр тутам бодож сэтгэж, хүн ардтайгаа тасралтгүй ярилцаж явааг чинь чиний блогийн мэдээллээс авч аав нь тун их баярладаг шүү.

Өвөө, эмээгээ ямагт асуун сураглаж, харж хандаж, аав, ээжийгээ санаа сэтгэлээр үргэлж дэмжиж, ачит багш, сургуульдаа ямагт ач санаж, найз нөхөд, дэмжигчидтэйгээ байнгын холбоотой байж, ирээдүйн тухай ямагт ярилцаж байгааг чинь мэдээд ийм ухаантай хүүгээрээ бахархдаг шүү!

Миний хүү аяллынхаа маш онцлог бүхий, аюул осол бүхий, бас найрсаг ард түмэнтэй агуу их Африк тивийг туулан давлаа.

Миний хүүгийн аяллын гол зорилго бол эх орноо гадаад ертөнцөд таниулах сурталчлах, гадаад ертөнц, олон улсын харилцааг судлах явдал билээ. Ганц Египетэд ЭСЯ-тай энэ асар том тивийг туулахдаа Африкийн бараг бүх улс оронд төрийнхөө далбааг мандуулж, Монгол хэмээх нэрийг дуурсгаж, олон зуун мянган хүнтэй танилцаж, ард түмний ойлголцлын гүүр болж чадсан гэж аав нь бодож байна.

Хүүгийнхээ бичсэн олон зуун нийтлэлээс энэ тив зөвхөн хар арьстан биш олон үндэстний, олон соёлын уулзвар, хар, цагааны нийлбэр болсныг, түүнчлэн хязгааргүй элсэн цөл, ган халуун, бараг л тогоонд буй мэт ойлгодог энэ тив асар их ойн баялагтай, хаана ч үзээгүй аадар ширүүн бороо ордог, байгалийн үзэсгэлэнт газар олонтой ер бусын тив гэдгийг улам лавшруулан ойлголоо.

Жуулчлалын гайхамшигт хотууд бүхий Египет, Марокко, Өмнөд Африкийн хөгжил цэцэглэлийн нууц, дайн тулаан, эргэлт бослого бүхий олон бүс нутгийн онцлогийг чи сайн ажиглаж, Монгол эх орондоо хэрэгтэй туршлага сургамжийг уйгагүй олж харж, бичсэн гэж бодож байна.

Гадаад паспортын тухай, визний тухай, Африк тивтэй харилцаагаа өргөжүүлэх боломжийн тухай, өргөмжит консулуудын ажлын тухай, гадаадад амьдарч буй монголчуудын амьдрал, тэдний эрхийг хамгаалах, олон улсын байгууллагуудад манайх хэрхэн оролцдог тухай зэрэг олон улсын харилцаатай холбоотой, чиний мэргэжилтэй холбоотой өгүүллүүд чинь их сайн болжээ. Чухамдаа ийм нарийн асуудлуудыг тун сайн хөндөж бичих нь дараа дараагийн судалгаанд чинь их хэрэгтэй гэдгийг хэлье.

Түүхээс үзвэл Монголчууд ХIII зууны үед Ази, Европын хэмжээнд дэлхийн дэг журмыг тогтоож, олон улсын харилцаа хэмээх их барилгын дээвэр дээр нь сууж, энэ харилцааг голлон тодорхойлж байлаа. Гэтэл XVIII-XIX зууны үед сулран доройтож, тусгаар тогтнолоо алдаж, бусдын эрхшээлд орсон бол XX зуунд үндэсний эрх чөлөөгөө олж, нийгэм эдийн засаг, соёлын дэвшилд хүрсэн төдийгүй гадаад харилцаагаа эмхлэн төвхнүүлж, дэлхийн хэмжээний үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцох болсон юм.

Монголын ард түмэн, Монгол төрийн гадаад бодлогын хүчирхэг дуу хоолой, дэмжлэгийг хүлээсэн бүс нутаг бол чухамдаа Африк юм. Египет, Судан, Марокко, Тунисын тусгаар тогтнолыг манай улс хамгийн түрүүнд дэмжин, хүлээн зөвшөөрч байв. 1955 онд болсон эрх чөлөөг эрмэлзэгч Африк, Азийн 29 орны төлөөлөгчид оролцсон Бандунгийн бага хурлын үзэл санааг Монгол улс бусдаас түрүүлэн дэмжиж байлаа. 1956 онд гадаадын цэргийн түрэмгийлэлд өртөж байсан Египетийн ард түмнийг манай улс дэмжиж 1957 онд энэ улстай тусгай хэлэлцээр байгуулж байв. Энэ үед манай засгийн газар Алжир, Тунис, Суданы тусгаар тогтнолыг дэмжиж, 1957-1960 онд Гиней, Гана, Камерун, Того, Сомали, Киншаса нийслэлтэй Конго, Ниамой нийслэлтэй Нигери, Мальгаш, Дагомея, Дээд Вольт, Кот Девуа, Чад, Төв Африк, Браззавиль нийслэлтэй Конго, Габон, Лагос нийслэлтэй Нигери улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч  бие биеэ хүндэтгэсэн бодлого явуулж байжээ.

Сайн сэтгэлийн үзүүрт тос гэгчээр Африкийн орнууд ч үндэсний эрх чөлөөний тэмцлийг нь дэмжих Монголын ард түмний үйлсийг өндөр үнэлж, 1957 онд Каирт болсон Ази, Африкийн орнуудын эв санааны нэгдлийн бага хурал “БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд даруй элсүүлэх ёстой” гэсэн уриа, шаардлага гаргаж байсан юм. Ази, Африкийн орнуудын эв санааны нэгдлийн Зөвлөлийн шийдвэрээр Ази, Африкийн бүх орны дэвшилтэт хүчин 1959 оны 7 сарын 11-ний өдрийг БНМАУ-ын НҮБ-ын гишүүн байх эрхийг дэмжих олон улсын өдөр болгон тэмдэглэхээр уриалга гарган тэмдэглэж байв.

Хоёр зууны турш гадаадын эрхшээлд байж, колоничлолын бодлогын золиос болж байсан Монгол улс эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан Африкийн ард түмний тэмцлийг тууштай дэмжиж байв. БНМАУ-ын удирдлага Ази, Африкийн ард түмний эв санааны нэгдлийн байгууллагын зөвлөлийн 11 (1974), 12, 13-р (1981) чуулганд баяр хүргэн амжилт хүсэж, Африкийн нэгдлийн байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын Ассамблейн 10 (1973), 16 (1979), 17-р (1980) чуулганд баярын илгээлт явуулж тэмцэл, үйл ажиллагааг нь дэмжиж буйгаа илэрхийлж байв.

БНМАУ-ын төрийн тэргүүн Ю.Цэдэнбал 1974 онд Африк дахь апартейд, колоничлолыг эсэргүүцэх Засгийн газрын бус байгууллагуудын олон улсын бага хуралд оролцогчдод хандан эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, 1978 онд арьсны үзэл, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх дэлхий дахины бага хуралд оролцогчдод баярын илгээлт явуулж, 1978 онд империализм, харгислалын эсрэг Араб, Африкийн улс түмний тэмцэлтэй эв санааны нэгдлээ илэрхийлэх олон улсын бага хуралд, 1979 онд Ази, Африкийн зохиолчдын 6-р их хуралд, 1981 онд Өмнөд Африкийн эсрэг хориг арга хэмжээ авах асуудлаар болж буй олон улсын бага хуралд илгээлт явуулж, Африкийн ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийг цаг ямагт дэмжиж ирсэн, цаашид дэмжинэ гэдгээ илэрхийлж байв.

Монголын Засгийн газар 1972 онд Ази, Африкийн орны эмэгтэйчүүдийн 2-р бага хурлыг, 1979 онд Ази, Африкийн зохиолчдын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулан хуралдуулсан нь Африк ба Монголын харилцааны хөгжилд их тустай үйл явдал болсон юм.

Монголын нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал Африкийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэртэй төлөөлөгч, Бүгд Найрамдах Гиней улсын Ерөнхийлөгч Секу Туретэй 1960 онд Москвад биечлэн уулзаж, Мали улсын ерөнхийлөгч Модиба Кейт (1964 онд), Бүгд Найрамдах Мозамбик улсын Ерөнхийлөгч Самора Машел (1978 онд) нарын манай оронд хийх айлчлалыг зохион байгуулсан нь хоёр талын болон Африк, Монголын харилцааны хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм.

Социалист, капиталист хоёр системийн хооронд хүйтэн дайны бодлого хэрэгжиж, сөргөлдөн тэмцэлдэж байх тэр үед Гуравдагч ертөнцийн гэгддэг орнууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө хүнд ширүүн тэмцэл хийж байв. Энэ үед Монгол улс аварга том хоёр коммунист гүрний дунд хавчуулагдан оршдог жижиг орны хувьд социалист системийн хүрээнд өөрийн эрхгүй харьяалагддаг байсан юм. Гэвч Монгол нь феодализм, колоничлолоос салж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг зорин тэмцэж байсны хувьд Ази, Африкийн гуравдагч ертөнцийн орнуудтай хувь заяа нийтлэг байлаа.

Монгол оронд 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялах үед Монголыг дэмжигч ганц орон нь Зөвлөлт Орос улс байв. Энэ орон социализм, коммунизм гэдэг чиг баримжааг хатуу сонгов. Яг энэ чиг шугам нь Монголд аль ч талаараа тэр үед тохирохгүй байжээ. Капиталист гол орнууд тэр үед хөгжил дэвшил, бодлого, үйлдэл, хандлагаараа одоогийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах аргагүй байв. Капиталист Хятад Монголын тусгаар тогтнолыг яагаад ч эвлэрэн хүлээхгүй байв. Америк дэндүү хол байлаа. Энэ улс аварга Орос, Хятад орныг давж Монголыг сонирхох нь бага байв.. Япон тэр үед дайнч түрэмгий гүрний тоонд багтаж байв. Англи, Франц зэрэг Европын гол орнууд колоничлогч орнууд байв. Герман Дэлхийн 1 болон 2-р дайны гол эх уурхай гэж тэр цагт дэлхий нийтээрээ үзэж байв. Тэр үеийн Монголчууд дайнч, колоничлогч тэр орнуудын замаар биш, бас шууд социализм, коммунизмын замаар биш, олон улсын улс төрийн утга зохиолд “Капиталист бус зам” гэж нэрлэгдсэн, хэн ч замнаагүй тодорхой бус тэр замаар замнах түүхэн тавилантай байжээ.

Коммунист үзэл суртал хөгжлийн энэ өвөрмөц замыг хөгжиж буй орнуудын дунд хүчтэй сурталчилж, энэ замын үлгэр загвар нь Монгол орон гэж үзэж байлаа. Урьд нь капиталист, империалист, фашист, милитарист гэж дуудагдаж байсан орнууд өнөөгийн ардчилал, зах зээлийн ертөнцийн үлгэр загвар орнууд болоод байгаа болохоор “Капиталист бус зам” гэдэг нэр томьёог хэрэглэх нь одоо инээдтэй боловч Монголын өвөрмөц нөхцөлд, тухайлбал энэ замаар хөгжсөн жилүүдэд улс төрийн тусгаар тогтнолоо хамгаалан бэхжүүлж, шинэ эдийн засгийн салбаруудыг хөгжүүлж, нийгэм хүмүүнлэгийн салбарт үсрэлт эргэлт хийж, гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж чадсан нь олон улсын анхаарал сонирхлыг зохих хэмжээгээр татаж чадаж байсан.

Капиталист бус зам, социализм гэгч нэрийн дор хөгжсөн 1924-1984 онд тусгаар тогтнолоо баталгаажуулж, хил хязгаараа тогтоож, НҮБ-ын гишүүн болж, 1987 он гэхэд 100 оронтой дипломат харилцаатай болоод байв. 1985 оны үед аж үйлдвэрийн бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт дэлхийн дунджаас 3 дахин давж байлаа. Энэ үед жилд 1 иргэнд тооцвол 1766 кг нүүрс, 117 кг мах, 10 кг хонины ноос, 139 кг сүү, 366 кг улаан буудай, 60 кг төмс ноогдож байв. Тэгвэл дэлхийн хэмжээгээр 590 кг нүүрс, 30 кг мах, 0,6 кг ноос, 64 кг төмс, 107 кг улаан буудай, 104 кг сүү ноогдож байв.(National Economy of the Mongolia for 65 years – UB, 1986, p.3) 1925 онд 651,7 мянган хүн амтай байсан бол хүн амын амьдрал дээшилж, эрүүлжсэний дүнд 1986 онд 1,9 сая болж хүн амын тоо бараг 3 дахин өсөв.

1924 онд малын тоо 13,7 сая байсан бол 1985 онд 22,4 сая болов. Газар тариалангийн бүтээгдэхүүн 1940-1985 онд 241,4 дахин өсжээ. Энэ хугацаанд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 50 дахин, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 272 дахин, барилга угсралтын ажлын хэмжээ 211 дахин, бүх төрлийн тээврийн ачааны эргэлт 582 дахин өсжээ. 1985 онд 318 үйлдвэр ажиллаж байв. Аж үйлдвэр, барилга, тээвэр, холбооны салбарууд үндэсний нийт бүтээгдэхүүний 66%-г бүтээдэг болоод байв.

Эрүүлийг хамгаалах, соёл, боловсролын салбарт  ахиц олов.10000 хүнд 24 их эмч, 111 эмнэлгийн ор ноогдох болсон нь тэр үедээ дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт юм. Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгасан Азийн анхны орон болов. Бүх иргэдийн дөрөвний нэг нь суралцдаг, сургалтыг үнэ төлбөргүй болгосон нь том амжилт байлаа. Хүүхэд сургуулиас завсардах явдлыг арилгав. Дэлхийн болон ялангуяа Европын соёл Монголд дэлгэрэв. Монголчуудын ололт амжилт гуравдагч ертөнцийн орнууд, ялангуяа Африкийн ард түмнийг “гижигдэн” татаж байсан нь үнэн бөгөөд үүгээрээ монголчууд бахархах л учиртай юм.

Гуравдагч ертөнцийн олон орон, тухайлбал Этиоп, Ангол, Алжир, Бенин, Конго, Мозамбик, Мадагаскар, Гиней зэрэг орнууд манай улсын хөгжлийн туршлагад анхаарч, капиталист бус замаар хөгжихийг тунхаглаж, энэ үйлсдээ тодорхой ахиц олж байсан юм. Нэг үгээр хэлбэл Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө, хөгжил дэвшлийн төлөө хийсэн тууштай тэмцэл нь Африкийн зарим орнуудад тодорхой хэмжээгээр нөлөөлж, зоригжуулж байсан гэж хэлж болно.

Монголын засгийн эрх барьж байсан МАХН Африк тивийн үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч, эрх баригч болон бусад нам хөдөлгөөнтэй нягт холбоо харилцаатай байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тус намын 15-р их хуралд (1966): Марокко, Өмнөд Африк, Гиней, Малийн төлөөлөгчид; 16-р их хуралд (1971): Ангол, Марокко; 17-р их хуралд (1976): Марокко, Өмнөд Африк, Ангол, Алжир,Гиней, Конго; 18-р их хуралд (1981): Ангол, Конго, Мадагаскар, Мозамбик, Этиоп; 19-р их хуралд (1986): Марокко, Өмнөд Африк, Алжир, Ангол, Бенин, Конго, Мадагаскар, Мозамбик, Этиоп, Танзани, Баруун Африкийн ард түмний төлөөлөгчид оролцож манай улсын хөгжлийг өндөр үнэлж, Монголын туршлагаар хөгжих эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж байсан нь сонирхолтой юм. Тавь, жар, далаад онуудад манай төр, засаг Африк чиглэсэн нилээн хүчтэй гэмээр бодлого явуулж байсан нь манай улсын гадаад нэр хүнд өсөх, Ази, Африкийн олон орны дэмжлэг авахад тус нэмэр болж байв.

Африкийн түүх, хөгжил онцлогтой хирнээ манай орны нөхцөлтэй ч ижил төстэй зүйл бий учраас сургамжтай байж болох. Урьд хоцрогдмол байсан орнууд яаж хөгжих вэ? Дэлхийн том гүрнүүдтэй яаж харилцах вэ? Жижиг дунд орнууд олон улсын тавцан дээр үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулан зохицуулах нь зөв бэ? Яаж газрын баялгийнхаа жинхэнэ эзэн нь болох вэ? Хэрхэн үндэсний хэл соёл, түүх, өвөрмөц онцлогоо авч үлдэх вэ? гэсэн олон нийтлэг асуудал бидэнд байдаг билээ.

Монгол улс дэлхийн хамгийн том, тэргүүний хөгжилтэй аварга гүрнүүдтэй харилцах талд гол анхаарал тавьж байгаа нь буруу биш боловч, ингэлээ гээд бид одоохондоо аварга улс болоод юмуу, агуу сэргэлтэд хүрч чадахгүй л байна. Ийм ч учраас гадаад, дотоод бодлогодоо Монгол бол Монгол гэдгээ марталгүй маш сайн ухаалаг хэрсүү бодлого барих, бүс нутгийн онцлогоо харгалзах, ижил төстэй, ижил асуудалтай, өөрөөр хэлбэл ижил зиндааны улсуудтай үйл ажиллагаагаа уялдуулах, бие биесээ дэмжих бодлого ч манайд илүүц биш юм.

Ная, ерээд онд Африк руу чиглэсэн манай төрийн бодлого олон шалтгаанаар хумигдсан гэж хэлж болох юм. Харин ерээд оны сүүлчээс Монгол улс Африк тивд энх тайвныг сахин хамгаалах үйлсэд идэвхтэй оролцох болсныг тэмдэглэх хэрэгтэй. Ялангуяа Либери, Сьерра Леонд Монголчуудын явуулж буй үйл ажиллагаа, тэдний амьдралтай миний хүү ард түмнээ илүү тодорхой танилцуулсан гэж би бодож байна.

Африк тивийг шинэ маягаар ойлгох, судлах, харилцаагаа өргөтгөх талаарх чиний бодол санааг аав нь дэмжиж байдаг шүү. Монгол, Африкийн харилцааны талаарх чиний тэмдэглэлүүд бол энэ салбартаа бол нээлт юм. Энэ харилцаа судлалын эхийг чи тавьж байна гэж би бодож байна. Чиний аяллын явцад Монголын гадаад харилцааны бас том чиглэл болох Африк чиглэсэн судалгааны бүтээлүүдийг би олоогүй, зөвхөн түүхийн зарим асуудлыг тодруулах оролдлого хийснээ хүүдээ бичлээ.

Дэлхий тойрох аяллын явцыг чинь хамгийн анхааралтай харж, бараг л “хамт аялж” байгаа хүний хувьд хүүгийнхээ сэтгэлгээний цар хүрээ ямар хурдан өсөж байгааг ажиглалаа.

Маш олон талаар бодож, олон чиглэл салбарт санаа бодлоо олон мянган залуучуудтай солилцож байгааг хараад аав нь бахархаж байна. Ард түмэн, үе тэнгийхнийхээ ийм өргөн дэмжлэг авч байгаа болохоор хүүгийн минь ажил үйлс бүтэж, зорилго доо хүрнэ гэж итгэж байна.

Нийгэм, улс төр, ажил амьдрал, гадаад харилцааны болон оюун санааны ямар ч асуудлаар бодол санаагаа илэрхийлэх, хэлэлцэх эрх чөлөөгөө эдлэх чинь зөв гэж би бодож байна. Олон улсын харилцааг судлах, гадаад оронд эх орноо таниулан сурталчлах, гэгээрүүлэх энэ тун хэрэгтэй үйлсдээ амжилт гаргахыг хүсье.

Өөрийнхөөрөө л асуудалд, хандах гэдэг, бас хөөрхөн зөрүүд занг чинь аав нь жаахан тоормос тавих гэж боддог байснаа санаж байна. Тэр зан чинь ер бусын зоримог, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тэвчээр хатуужилтай байж чаддаг, их хөдөлмөрч чанар болон хөгжсөнийг одоо нэгэнт харж байгаа болохоор цаашид яах нь дээр вэ? гэдэгт эргэлзэхээ больж, хүүгийнхээ үйлсийг зорилгодоо хүрэх хүртэл нь дэмжих шийдвэр төгс байдалд орсноо хэлье.

Миний болгоомжлол эргэлзээг чиний их үйлс, ухаалаг алхмууд, шинэ сэтгэлгээ чинь тайлчихлаа.

Хүүгээ үнсье.

Horaayy..there are 18 comment(s) for me so far ;)

#1

hamgiin ehnii unshigch bolj baigaad bayartai bna. aaviin chin zahiag unshilgui setgegdel uldeechihlee. odoo unshinaa. amjilt husey

GF wrote on 2009/01/05 - 22:20
#2

aan bas (Amai Fanclub) baidaguu? baihgui bol mongold baidag naiz nartaa zahij heleed fanclub baiguulah yum bol olond iluu hureh baih gesenshuu yum bodloo. ter tal deer ajillah yum bol humuus chamaig tanidag bolj chinii humuust heleh geed baigaa yumiig olon olon humuus medej medreh baih gej bodoj bna.

GF wrote on 2009/01/05 - 22:28
#3

It’s wonderful life deer George languunii ard baij baisnaa ask dad – he knows gesen poster harchihaad aavruugaa guidegdee…

ASK DAD – HE KNOWS …>>> hichneen tom bolson ch gesen aav chini chinii hamgiin sain zovlogch tuslagch chini baih bolno shuu… chamd az jargal sain saihniig husye… gesnees neeren chinii KD bulang hamt hotloj boloh uu?

LesTAT wrote on 2009/01/05 - 22:36
#4
SE wrote on 2009/01/05 - 23:24
#5

sain uu amai
shine onii mend
aaviin chin zahiag unshaad eh ornooroo baharhah setgel turluu
unshij bhad dotor arzaagaad l kkk

mongol ohin wrote on 2009/01/06 - 03:15
#6

sainuu amai sain yavj baina uu Chinii uragshlah zam tani dardan baij vilsiin sain n chinii toloo baih boltugai.Aviin chin zahiag unshaad ih yums oilgoj avlaa.Jambalsvren bagshaar baharhaj baidag tanai aav sain bagsh shvv… amjilt hvse Amai

BATAANAA wrote on 2009/01/06 - 11:32
#7

jambalsuren guai tand bayarlala.manai uls sotsializmin ued ch gesen afrik tivtei holbootoi olon bodlogo yavulj baisnig oilgoloo.
ta tsegtstei oilgomjtoi saihan bichjee.bagsh hun bolohor tsaanaa uur yumaa.

buya wrote on 2009/01/06 - 14:00
#8

mongol hun bur zurhendee bodoj l yawah zuiliin neg bna daa! tand bayarlala! huugiinhee ulaan fan ni yum biz dee! hehe! amaidaa amjilt huseye daaa! yawsan nohoi yas zuuna! mgl doo heregtei zuil olj irjil taaraa! mgl chuud bid bugd bish ch ihenh ni ter odriig honog tooolon huleen suuna!

taiwnaa wrote on 2009/01/07 - 07:05
#9

Za Mongolchuudaa, dayarshina dayarshine geed africtai neg ih sulbeldej guigeed yahav, SOTS -iin ued orosiig duuriaj l afrikiin ulsuudiigdemjij baisan shuu dee, ternees bish haruud gej yamar humuus bolohiig haruudtai gazar baisan humuus heleed ogno doo. Ted bol afriktaa l baisan deer ulsuud. Er ni bol omnod afrikiin ulsiig chin sarmagchinguud hogjuuleegui yum shuu dee, Europiin tsagaan aristanuud uls shig uls bolgosn yum shuu dee.

mongol wrote on 2009/01/08 - 23:48
#10

sanaa.
bi neg sanaag heleh gesiin. humsiin ogson handibiin talaar.
ayalal chin baga bolobch tus bolog gej setgeleesee ooriinhoo bolomjiin hemjeeger humuus mongo ogch baigaa baih ter humuusiin ner ogson on sar mongonii hemjeeg ni neg bulan gargaad bichej baibal yasan yum be?
handib tuslmaj gehleer manaihan negel ih yum ogch baibal boldog gej bodood baih shig bna. ih bagadaa gol ni bish setgeleesee hen gedeg hun ogch baigaa ni chuhal chamd hen tuslaj baigaad busad humuust helj baih ni chuhal yumuu gej bodogdoj bna. ayalaj baigaad hund 50 bain uu 100$ gesen ih tus dem bolondoo.
ih ogoh ni chuhal bish olonii huch olomgui dalai gej.

hohtolbo wrote on 2009/01/09 - 18:41
#11

Aav tani ih saihan dulguun medlegtei hun baidgiin bnalee…manaid hicheel ordog bsan…neg udaa ym asuuh geed uruund ni orohod ih tiim urialgahan handaj bsan …dajgui hun bnadaa gej bodoj bsan shuu..Aylald tani amjilt husiy……baharhmaar ymaa

muugii wrote on 2009/01/09 - 23:41
#12

aaviin zahidal chamd todiigui nadad ch bas zondoo ih medleg ogch bna.

bolovsroltoi mundag hun bololtoi.

auylgui bas eruul baigaarai bas amjilt husie

zolbinbb wrote on 2009/01/10 - 09:47
#13

Iim saikhan aavtaigaaraa huu ni baharhaj iim saikhan huuteigeeree aav ni baharhaj iim saikhan mongolchuudtaigaaraa eh oron mini baharhaj yavag! Amjilt shuu amai! Tsag möch minut burees taashaal mederch yavaa gej bodoj bna. Az jargal husey!

Zaya wrote on 2009/01/12 - 06:27
#14

hi amai aav.n chini zahiag unshlaa sainhan gaihaltai heleh ugoldohgui bna….. aava sanj bna shuu??????? amjil husiii chi shuuu amai

tuvshin wrote on 2009/01/14 - 01:20
#15

Amjilt husie! Amai , ayalalaasaa olj absan erhem ih arbin turshlaguud chini ireeduin mongoliin huuhed zaluust ih heregtei uils baih bolno. bie setgelee zoriulan yabaa ih uilsd chini AMJILT husie! Hoh tenger chamaig, bidnii mongoliig ibeeh boltugai!

shinee wrote on 2009/01/20 - 21:28
#16

Saihan setgegdel torloo ene buhniig unshaad. Manahan ch bas chamaig sain demjij uramiin ugeer tetgej baidag yum bna, tednii 1 bolon chinii ene hen negnii hiigeegui TOM zorilgo, husel eremzeld chin Amjilt husey! Chinii ene yavdaliig onoogiin bid unshaad todiigui, tsaashid delhiig toiron ayalsan hemeen Mongol hunii tuuh bolon uldeesei gej husey. aha Africt tuulsan 3 hund odoriin chin oguuleliig unshaad Chamaig gantsaarai bish gedegiig chin oilgoson. Burhan chamaig tsaashid eveej baih bolno gedegt itgej baina. Hanideviin bulan gej baidaguu?busdad elchilj bloh dansnii dugaar ch yumuu? ikhee biag ch gesen saihan hoolloh mongo haayaadaa dansand chin hiij bmaar sanagdlaa. AMjilt husey!!!

Chinzo wrote on 2009/04/04 - 09:08
#17

Hi yunii umnu chamaar uneheer baharhaj bgaagaa ilerhiilehiig husej bna.Ayalaliin chini talaar gargaj bgaagaa tsuuhun hevlelees temdegleliig chini unshij bna.Hugjmiin shine ursgal geed FM radiogoor guideg bh uyes chini chamaig medne Tsaashid ajil hergiin huvid hamtran ajillahiig husej bna Daraa iluu sain hariltsaj ayalaliin chini talaar sonsogch olond hurgej ajillah talaar yariltsana gedegt itgeltei bna Mash tom amjiltiig husiye

bilgee wrote on 2009/07/23 - 01:53
#18

Minii sanaliin talaar bodood uzeerei gej husiye biligsaixan_107@yahoo.com hayagaar sanalaa helbel bayarlana shuu plz Dahin amjilt

bilgee wrote on 2009/07/23 - 01:57
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.