Davst 6 (32)

2015 оны 4 сарын 9

MB4. 86.3 Канад улс. Эдмонтон хот

Ямар үзэсгэлэнтэй нутгийг эзэгнэн, аж төрдөг үндэстэн бэ БИД! гэдгийг л, энэ холын аян зам надад хангалттай сайн ойлгууллаа…

Долоон сарын хугацаанд төв болон хойд Америкийн 12 улсыг бүхэлд нь тууллаа.

Өмнөд Америкийг бол энэ удаад амжихгүйн.

Mongolia, Huvsgul lake (37)

Өнөөдөр та бүхэнтэй ярилцмаар, чухал зүйл байна.

Монголын төрийг тохинуулж, хууль тогтоодог байгууллагад тулгараад байгаа асуудлуудын дундаас нэгийг шийдэж чадвал, хямралаас гарахад маш том түлхэц болно гэж нэгэн зүйлийг олж харсан учир, олон жил бодож, тунгаасан нэгэн саналаа дэвшүүлмээр байна.

Тэмдэглэлийг минь бүрэн уншаагүй бол намайг “улс төржиж байна” гэж битгий эндүүрээрэй.

Монгол залуугийн л бодол шүү…

Бид, яаралтай учраа олохгүй бол дэлхийн “Төв” шилжих гэж буй түүхэн энэ цаг үед, хэн нэгний өгөөш болж магадгүй санагдаад байна.

Хэд хэдэн улсад, яг манайхтай адил үйл явдлууд өрнөсөөр, тэсэрч байгааг олон улсын мэдээнээс бүгдээрээ л харж байгаа байх.

Хоорондоо ойлголцож чадахгүй байгаа улсуудын иргэд нь төр, хууль, олон нийтийн эрх ашгийг үл тоож, зарим нь гадны нөлөөгөөр хоорондоо дайсагнаж, иргэний дайнд автах явдал ч болсоор байна.

Ашиг хайгчид, Тусгаар Улс орнуудын, иргэдийн дунд, олон нийтийн мэдээллийн хэрэгслэл ашиглана, тодорхой хугацаанд тархи угаалга явуулж, яваандаа  яс хаяж, дотоодын хямрал, дайнд оруулж байна.

Хэвийн хэмнэлээ алдсан тус улсуудыг, иргэд, эд хөрөнгө, байгалийн баялаг, газар нутагтай нь хамт, богинохон хугацаанд эдийн засгийн боолчлолд оруулж байна.

Түүх бол ирээдүйг зөгнөгч…

IMG_5525

809 жилийн өмнө бий болж, энэ цаг хүртэл оршин тогтнож байгаа, нүүдэлчин овог аймгууд, ураг нэгтгэн бүтээсэн үзэсгэлэнт Монгол улсын иргэн, Монгол үндэстэн залуу “Эх орныхоо сайн сайхан, хөгжил цэцэглэл, гэрэлт ирээдүйг хайж, түүнд хүргэх арга замыг олох гэж тэмцэх, гэртээ авчирах нь Үүрэг гэж итгэдэг билээ.

Өвөө эмээдээ, аав ээждээ, хань амраг, үр сад, ах дүү, найз нөхөд, дотны хүмүүстээ санаа зовохгүй, амар тайван амьдаръя гэвэл улсаа сайхан л болгох хэрэгтэй гэдгийг бүгд л мэдэж байгаа

Хэрхэн? (How?) гэдэг асуулт л байна.

Mongolia, Umnugovi aimag (66)

Ахмад үе маань ямар улсыг Ах нарт өгсөнийг бид бүгд санаж байгаа.

Ах нар бидэнд юу өвлүүлэн үлдээх болоо гэдэгт санаа зовж буйгаа нуумааргүй байна.

Цаг хугацааны хуулиар юм бүхэн ээлжтэй байдаг бөгөөд байдал энэ чигээрээ, хяналгүй байх юм бол Миний үе дараагийн үедээ юу өвлүүлэн өгөх болоо? гэж бодохоос, бүр харамсалтай санагдаж байна.

“Хэт удаан” буюу 25 жил гаруй үргэлжилж байгаа нийгмийн хэв маягийн өөрчлөлт, шилжилтийн үйл явц, Жирийн Монгол иргэдийн аж амьдрал, улс орны маань тусгаар тогтнолын нөхцөл байдал, байгаль усны маань аюулгүйн орчинд ямар их сөрөг нөлөө үзүүлж буйг бид нүдээрээ харж, амьдрал дээрээ мэдэрч байгаа тул энэ асуудлыг шийдэхэд ойртуулах, өөрийн саналаа дэвшүүлмээр байна.

Mongolia, Uvurkhangai aimag, Kharkhorin (49)

Санал нэг: Нийгмийн Ахлах Мэргэжилтнүүдийн нам байгуулъя!

Дэлхийн улс орны, түүхэн шилжилтийн үед илэрдэг улс төр, нийгмийн сөрөг шинж тэмдэгүүд, манай Их Хурал, Төр Засагт одоо болтол арилаагүй байна.

Гэтэл цаг нь аль хэдийнээ болсон байдаг.

Цөөн хүн амтай улсад демократик (ардчилсан) гэх нийгмийн зохион байгуулалтыг, сонгуулийн олон намын тогтолцоотой хамт нэвтрүүлбэл “боловсон хүчний хомсдол” бий болгодгийг түүх бидэнд ухаарууллаа.

Олон намын тогтолцоо, цөөхөн биднийг хувааж байна, бас намын засаглалын шилжилтийн үеүдэд төр, ард түмний өмч, хяналтгүй алга болж, устаж байгааг харлаа.

Өнгөрсөн, шилжилтийн хугацаанд хэд хэдэн сонгуулийг харж, хэн нь хэн бэ? Хэн юу хийсэн бэ? Хэн нь юу гэж ярьсан бэ? гэдгийг бүгд мэддэг болсон.

Дахиад худлаа ярихыг оролдвол -ҮГҮЙ! гэж хэлж чадах шинэ үе одоо бүрэлдэн тогтносоор байна.

1992- Хуучны хайрцагнаасаа шинэ орчинд орж амжаагүй үе байсан…

1996- Монголчууд эрс шинэчлэл, үсрэнгүй хөгжил хүсэж байсан…

2000- Амьдрал тогтвортой байх нь дээр юм байна гэж ойлгосон…

2004- Бие биенээ тогтворжуулаад төр барьвал дээр юм байна гэж сурсан…

2008- Энэ үед би Монголд байгаагүй, гэхдээ Төр барьж байгаа хүмүүс, бүлгүүд, тэднийг дэмжиж буй гадны улс орон, компаниудын хооронд, хэн Монголын төрийг гартаа авах вэ гэдэг тэмцлийг хүмүүсийн цусаар хийсэн. Зохицсон.

2012- Програмыг нь яаж ч өөрчилж болдог хар машин нэвтрүүлсэнээр, хүмүүсийн сонгуулийн итгэл, идэвхийг эвдсэн.

Одоо 2016 он ???

Mongolia, Ar khangai, Terhiin white lake (22)

Үндсэн хуулиар Төр бол ард түмний сонголт.

Ардын засаглалтай манай улсын гадаад, дотоодын нийгмийн харилцааны хэв хэмжээг тогтоож, зохицуулдаг Монгол улсын дээд, нэн чухал байгууллага бол Их Хурал.

809 жилийн түүхтэй, Бүгд Найрамдах (Republic-Сонгуулийн зарчмаар, ард түмэн өөрийн удирдлагаа сонгодог) засаглалтай, нүүдэлчин гаралтай олон ястан (стан-улс) ураг нэгдэж бий болгосон, Монгол Үндэстэний, Ардчилсан Монгол улсын “Их Хурал” бол парламент гэх удирдлагатай бусад улс орны төрийн зохион байгуулалттай төстэй боловч ӨӨР.

Их хаант улсын, овог, гэр бүлийн засаглалтай “Их Хуралдай”-гаас өөр.

Davst 6 (24)

Ирэх жил бид, Монголын түүхэн маш том өөрчлөлтийн гэрчүүд болно.

Тиймээс одооноос бүгдээрээ манайх, танайх, улаан цэнхэр гэлгүй яавал дээр вэ? гэдгээ уур уцааргүй, үзэн ядалтгүй хэлэлцэж шийдвэрийг олох хэрэгтэй боллоо.

Шинээр яаж амьдарвал бид бүгдэд, Монгол хүмүүст сайхан байна аа? гэдгээ хэлэлцээд, тогтооход хэцүү биш шүү дээ.

Бид, өнөөдөр хоорондоо нээлттэй ярилцахын тулд юуны түрүүнд биднийг байнга хагаралдуулж  буй, өмнөх, том, жижиг алдаа оноотой түүхээ уучилж, заримыг нь мартах хэрэгтэй байна.

Ерээд оноос Монголд тогтсон Америк маягийн сонгуулийн системд алдаа оноо байгаа бөгөөд түүнийг шүүмжлэх бус бага багаар засаж, илүү сайн тогтолцоо болгоно, нэвтрүүлэх хэрэгтэйг ойлгоорой.

Бие биенээ муулж, шүүмжилж бус, шинэ гарц хайх дээр анхааръя.

Mongolia, Uvurkhangai aimag (2)

Өмнөх болон энэ удаагийн их хурлын гишүүдийг маш сайн анзаарвал, олонх нь бизнесмэн болон улс төрчид байгаа, харин өндөр мэргэжил, туршлагатай ахмад мэргэжилтэн, нийгмийн ажилтанууд бараг байхгүй.

Нийгмийн бодлогыг онол дээр болон амьдрал дээр мэддэг хүмүүсийг улсын дээд бодлого боловсруулах албад үүсэл гарал, намын харьяалал үл харгалзан, сонгон томилж, ажиллуулах арга замыг олох хэрэгтэй байгаа.

Зөв, шударга тогтолцоо 2016 оноос эхэлж, эерэг өөрчлөлтийг бидний амьдралд авчираасай гэж би мөрөөдөж байна.

Их хурал бол хэн нэгний өмч, компаний хөрөнгө, бүлгийн эрх ашгийн талбар биш гэдгийг бид дахин сэргээж, санах хэрэгтэй.

Их хурлын гишүүн гэдэг бол цол хэргэм биш гэдгийг зарим хүмүүс бас ухаарч, сэрэсэй.

Яг энэ цаг үед бидний амьдралд тулгараад байгаа асуудлуудтай тулж ажиллах чадвартай, мэдлэг, туршлагатай 12 хүнийг 2016 оны Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлье гэж санал болгоё.

Яагаад 12 гэж үү?

Монгол улсын сонгуулийн шинэчилсэн хуулиар…

Их хурлын 76 гишүүний 12 нь намын жагсаалтаараа их хурлын танхимд суух эрхтэй болгосон.

Өмнөх сонгуулийн бүтцийг бодвол арай дээрдсэн мэт байсан боловч, улс төр, нийгэм, олон нийтийн харилцааны ямарч мэдлэг, туршлагагүй хүмүүс намын нэрээр төрд гарч, тогтвортой хэмнэлийг эвдэх цонх байгааг олж анзаарсан юм.

Одоогийн мөрдөж буй хуулиндаа том хэмжээний өөрчлөлтийг үүсгэлгүй, нийгмийн олон салбарын төлөөлөгчдийг их хуралд оруулах нь миний саналын гол зорилго билээ.

Mongolia, Uvurkhangai aimag, Kharkhorin (12)

Жишээлбэл:

Нийгмийн Ахлах Мэргэжилтний намын нэг дүгээр гишүүн…

Эхний гишүүнээ Монгол улсын ирээдүйн аюулгүй байдлыг хамгаалдаг цэцэрлэг гэх нийгмийн том албанд даатгамаар байна. “Цэцэрлэг” гэхлээр сургуулийн өмнөх боловсролын тогтолцооны, нэг байр гэж дутуу хардаг хүмүүс байдаг. Нэг их боловсрол шаардлагагүй мэргэжил юм шиг боддог.

Айл бүрийн хувьд хамгийн чухал нандигнан хайрлаж хамгаалж, хамаг бүхнээ зориулдаг хүн бол бага насны хүүхэд байдаг.

Нийгмийн хамгийн чухал гэж хэлж болох, ирээдүйгээ даатгадаг Цэцэрлэгээ хамгийн аюулгүй, цэвэр, сайн хоолтой, мэргэжлийн хүмүүстэй, ямарваа нэгэн сөрөг нөлөөгүй орчинтой болгох хэрэгтэй байгаа.

Цэцэрлэг гэдэг газар бол улс, үндэстэн өөрийн иргэнээ багаас нь хамгаалж, бэлдэж, боловсруулж, Иргэнээ болгох эхний суурийг нь, дуу хөгжим, үлгэр домог, хичээл сургаал, нийгмийн хэв журмын хамт суулгадаг Маш Чухал газар шүү дээ.

Нийгмийн олон хүмүүсийн дотроос, энэ мэргэжилтнийг УИХ-д хүн томилж, үнэн үгийг нь сонсож, цаг тухайд нь арга хэмжээ авч байх хэрэгтэй гэдэгийг сүүлийн хэдэн жилд, эцэг эхчүүд маань сайн ухаарсан болов уу.

Хүүхдийн эрхийг хамгаалж, хууль гаргадаг эзэнгүй, ар гэртээ санаа зовохгүй ажлаа сайн хийдэг цэцэрлэгийн багшгүй, хүүхдүүдийн хоолны мөнгийг даргын тансаг хэрэглээнд алдахгүй, хамгаалдаг баатаргүй, ирээдүй иргэдийн эрүүл мэндэд санаа зовдог ахмад төлөөлөгчгүй Их Хуралтай Монгол улсын түүхэн цаг үе хурдан өндөрлөөсөө.

Хэрхэн тэр хүнээ сонгож, томилох вэ?

Цэцэрлэг бүр хамгийн чадварлаг, ухаалаг, зөв гэсэн НЭГ төлөөлөгчөө сонгоод, дүүргийн, аймаг сумдын, бусад төлөөлөгчтэй хамт зөвлөл байгуулна. Тэрхүү зөвлөл сонгосон нэг гишүүнээ “Нийгмийн Ахлах Мэргэжилтэн”-ий намаас нэр дэвшүүлж, Монгол улсын их хуралд томилно.

Цэцэрлэг, хүүхдийн эрүүл мэнд, амьдрах, тоглох нөхцөл байдлыг судалж тайлангаа төлөөлөгчөөрөө дамжуулан их хуралд хүргэж, Монголын ирээдүй болсон бяцхан үр сад маань амар тайван өсөж, торниж байгаа тухай ард түмний өмнө их хурлаас тайлагнадаг болно.

Их Хурлын Нэг гишүүнээр дамжуулж, Улсынхаа, бүх хүүхдийг хамгаалах, халамжлах байгууллагын ажилтан, хариуцсан хүмүүстэй холбоотой, том мергэжлийн алба байгуулагдана.

Цөөхөн хүн амтай, эдийн засаг сул улсын, цөөн албан хаагчтай салбар Яамд, мэргэжлийн байгуулга түшиг тулгуур болно.

Зөвлөнө, хэрэгжүүлнэ, цаг хугацаа хожино.

Нийгмийн Ахлах Мэргэжилтний намын хоёр дугаар гишүүн…

Арван жилийн сургалтын програм, зааж буй багш нарын арга барил, энэ цаг үеийн бодит байдал зөрөлдөж, гүйцэхгүй байгаа, шинээр нэвтрүүлмээр зүйл ч олон, нэгдсэн журмаар асуудлыг шийдэхийн тулд, дунд боловсролын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд, нэг төлөөлөгчөө их хуралд бас томилох хэрэгтэй байна.

Нийгмийн Ахлах Мэргэжилтний намын гурав дугаар гишүүн…

Монгол улс илүү хөгжихөд ямар нарийн мэргэжилтэн дутмаг байна, тав арван жилийн дараа ямар мэргэжилтнүүд хэрэг болох вэ? гээд зөндөө олон асуудлуудыг боддог, шийддэг, их хуралд өөрийн төлөөлөгчтэй, дээд боловсролын холбооны ажил үгүйлэгдэж байна.

Нийгмийн Ахлах Мэргэжилтний дөрөв дүгээр гишүүн…

Соц үед Монгол улс судалгаа шинжилгээний багуудыг сайн бэлдэх, мэдлэгээ уламжлах арга барилыг сайн хийж байсан боловч энэ цаг үед тэрхүү залгамж бодлого, санхүүжилтийг хамгаалаагүйгээс суларсан, зарим нь зогссон байгаа.

Тиймээс шинжлэх ухааны академи, Монгол улсын хөгжлийн бодлого боловсруулах ажилд түлхүү оролцдог тул өөрийн нэг ахмад мэргэжилтнээ бас Монгол Үндэстний Их Хуралд томилоосой гэж бодож байна.

Нийгмийн Ахлах Мэргэжилтний намын тав дугаар гишүүн…

Үндэсний болон олон улсын спортын салбарынхан нэгдэж биеийн тамирын салбарыг төлөөлж их хуралд төлөөлөгчөө суулгаасай гэж бас бодож байна.

Менделевийн томъёо, Ромын их гүрний түүхийн хичээлүүдээс илүү Монголын залуучуудад, иргэдэд спорт илүү чухал байна.

Маш сайн биеийн тамирын багш, тамирчин бэлдэх нь үндэстний бахархал, эв нэгдэлд ямар чухал болохыг 2008 оны долоон сарын нэгний дараах, олимпийн Алт харуулсан.

Үндэсний болон олон улс гэсэн хоёр танхимтай. Тус танхимууд нь тус бүрдээ биеийн тамир хөгжлийн бодлогыг улсын хэмжээнд гүйцэтгэх боломжтой болно.

Монгол улс бол АНУ, ОХУ, Дундад улс шиг том улс биш бөгөөд богино хугацаанд маш зөв зохион байгуулагдаж чадвал, ямар хурдацтай хөгжиж чадахаа мэддэг болсон үндэстэн шүү.

Нийгмийн Ахлах Мэргэжилтний намын зургаа дугаар гишүүн…

Эрүүл мэндийн салбарын ахлах мэргэжилтэн улсын их хуралд зайлшгүй суух хэрэгтэй цаг үе байна. Хүний эрүүл мэнд бизнес бүрэн болоогүй байна. Тиймээс бүх эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд тус бүрдээ нэг нэг төлөөлөгч илгээж,  Эрүүл мэндийн албаны дээд зөвлөл нь нэг төлөөлөгчөө УИХ-д томилж. Тэр хүн нь УИХ болон засгийн газар, ерөнхийлөгчийн шийдвэр ард иргэдийн эрүүл амьдралд хэрхэн нөлөөлж буйг анхаарч, үгээ хэлж, сайнаар нөлөөлөх боломжтой болно.

Нийгмийн Ахлах Мэргэжилтний намын долоо дугаар гишүүн…

Соёл урлагийн холбооноос, түүх соёл, ёс заншилаа нэг нэгэнгүй мэддэг гишүүнийг УИХ-д томилж, Монгол улсын шинэ хуулиудад үндэстний эрх ашиг, үнэт зүйлд халдаж байгааг, ямарваа нэгэн шийдвэр иргэдийн, Монгол гэх итгэлд сөрөг нөлөөлж байгааг давхар хянаж, Монголоо авч үлдэх үүргээ тогтмол биелүүлээсэй итгэж байна.

Нам улс төрийн хүчний үйл ажиллагаагаас үл хамаарана ажилаа тогтвортой хийдэг, Нийгэм судлаач, Дээд боловсролын салбарын, туршлагатай, хамгийн нэр хүндтэй төлөөлөгчид ИХ-д үгүйлэгдэж байна.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (4)

Энэ мэтчилэн…

Монгол Үндэстний хоол хүнсийг хангадаг Малчид, Тариаланчид бас саналаа хураагаад нэр дэвшигчээ дэвшүүлж болно. Үйлдвэрчиний эвлэлийн нэг төлөөлөгч бол УИХ дахь том дуу хоолой байж чадна. Хэвлэл мэдээллийн, аж үйлдвэрийн, ахмадын, хуульчдын гээд нийгэмд тодорхой тооны төлөөлөлтэй, улсын хөгжилд сайнаар нөлөөлөх хүмүүс, өөрийн танхимаа байгуулж, төлөөлөгчөө их хуралд суулгаж болдог шинэ тогтолцоог энэ захиагаараа санал болгож байна.

Их хурлын гишүүн гэхээр л гадаадаар ярьж олон төрлийн их сургуулийг төгссөн, мөнгө хөрөнгөтэй, алдар нэртэй байх ёстой гэж би бодохгүй байна. Салбар, ажилаа л сайн мэддэг, Монгол үндэстэн гэх гэр бүлээ хайрладаг, авч явахад шаардлагатай мэдлэг боловсролтой хүмүүс л дор дороо ажлаа сайн хийвэл болоо.

“Нийгмийн Ахлах Мэргэжилтэн” намын нэг гишүүний ард, мэргэжлийн хүмүүсийн баг,салбарын бүх ажилтан байж, улсын ажилд туслах болно.

Санаандгүй явж байгаад УИХ-д орно гэсэн ойлголт, боломж дахин гарахгүй.

Жирийн малчин, тариачин, багш, эмч, цагдаа, барилгачин хүн, өөрийн санал бодол, хөгжилд тулгараад байгаа асуудлуудаа шийдэх санаагаа өөрийн холбооны хуралд хэлэлцүүлж, их хуралд дэвшүүлж болдог болно.

Төр, эзэнтэй болж эхлэнэ…

Монгол улсын их хурлын гишүүн гэдэг бол дэлхийн хамгийн эртний нүүдлийн соёл иргэншилийн залгамж, 809 жил үргэлжилж байгаа түүхтэй, Монгол улсаа цааш хөгжүүлэх үүрэг хүлээсэн 3 сая хүний сонгогдсон 76 нь байх ёстой .

Хэнийг сонгоно, тэгэж л амьдарна.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (19)

Энэ цаг үед, ИХ-ын нэг гишүүн 3 туслахтай, зөвлөхтэй байхад асуудал болж байгаа.

Нийгмийн намын гишүүд, тус бүрдээ мэргэжлийн олон мянган судлаач, зөвлөхтэй байна.  Улсын төсөв зарцуулалгүй, нийгмийн гол салбаруудаа, замбраагүй өөрчлөлтөөс хамгаалж, хөгжүүлэх боломжтой болно.

Өнөөгийн байдалд, мэргэжил чадвартай, туршлагатай хүмүүс төрийн ажилд орохын тулд заавал аль нэг нам буюу бүлэг хүмүүсийн талд орж замаа засах хэрэгтэй байна.  Их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулахгүй бол болохгүй болж.

Төрийн буюу бидний амьдралын асуудлуудыг шийдэх ёстой олон тооны төрийн албан хаагч нар ажил дээрээ, халаасандаа хийх ашигаа бодож, сонгуульд, албан тушаалдаа ороход зарцуулсан мөнгөө төлөх гэж улсын, маш үнэ цэнэтэй ажлын цаг хугацааг хэрэггүй зарцуулж байгаа явдал ч байна.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (7)

Хэрвээ улс төрийн тохиролцоо хийх түвшинд хүрлээ гэж бодоход, тус 12 гишүүнийг заавал иргэдийн сонгуульд оруулахгүй, бүх намууд хүлээн зөвшөөрөөд, нийгмийн ахлах мэргэжилтний намын 12 нэрсийн жагсаалтаар шууд томилдог болбол бүр амар болно.

Ийм нам үнэхээр байгуулагдаж, нийгмийн хамгйин чухал албуудын төлөөлөгч нар, нэрээ дэвүүлсэн тохиолдолд, энэ хүмүүстэй өрсөлдөнө гээд зогсох сэтгэлгүй, тэнэг хүмүүс байх л байх. Гэхдээ хар машиныг тохируулчихгүй л бол Монгол хүн бүр Нийгмийн ахлах мэргэжилний намд саналаа өгч, дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Нийгмийн хамгийн чухал салбарын, 12 ахлах мэхгэжилтнийг УИХ-д дэвшүүлбэл, Бусад намуудад нэрсийн жагсаалтаар, үсэрч ордог хялбар арга үгүй болно, Нэр дэвшигчид, гишүүд заавал сонгогчдынхоо өмнө нүдийг нь харж, тайлагнадаг, худлаа ярьсан, ярьж байгаа бол түүхэнд баримт үлдээж, ичдэг болно.

Нийгмийн зохицуулах хууль гаргаж, мөрдүүлэх гэж байгаа үүрэгтэй төрийн чухал албаны хүмүүс нь олноороо хуулиа дураараа зөрчиж байгаа байдлыг харсаар өссөн шинэ үеийг би их өрөвддөг.

Шилжилтийн замбараагүй байдал хурдан дуусаж, эх орондоо амар тайван ажиллаж амьдарч, өөрийн дуртай ажлаа хийгээж суух юм сан гэдэг л миний мөрөөдөл байна.

Mongolia, Zavkhan aimag, Sant Margaz sum (40)

Энэхүү тэмдэглэлийг уншсан хүн намайг Их Хуралд нэр дэвших гэж байна гэж андуурч магад.

Их хурлын гишүүн гэж ямар хүн байх ёстой тухай бодолоо дор бичлээ.

Ийм л хүмүүс УИХ-д сонгогдоод байвал, Монгол хүн бүр өөр өөрийн ажил амьдралаа асуудалгүй хийгээд, улс төржиж хуваалцаж талцахгүй, байгаль дэлхий, аав ээж, хайрт ханиа магтан дуулаад, амар тайван сууж байх болов уу.

Монгол улсын их хурлын гишүүн нь Монгол хүн байх хуультай

Эх оронч байх тангарагтай

Соёл ёс заншилаа дээдэлдэг байх ухамсартай

Улсынхаа сайн сайханд зориулах мэдлэг боловсролтой

Өөрийн салбараа хамгийн сайн мэддэг байх шалгууртай

Олон жил нийгэмтэй ажилласан туршлагатай

Ар гэр, аж амьдралаа шийдсэн байх хариуцлагатай

Хуулиа дээдлэх үүрэгтэй

Амьдралын сайн муу, алдаа оноог ухаарч, давж чадсан ахмад насны, мэргэжлтэн хүмүүсийг их хуралд сонгож байвал зөв юм байна гэж эдүүгээ хүртэл, дэлхийн улс орны түүх соёл, аж амьдралтай нь танилцаад ойлголоо.

Нас залуу бас гэр бүл зохиож амжаагүй гэдгээр, Би ИХ гишүүн болох шаардлагад тэнцэхгүй болой…

Amai Darkhan Selenge (24)

Залуу хүмүүст, төр засгийн бодлого боловсруулах, гүйцэтгэх албаны удирдлагад томилохоор, туршлага боловсрол дутдагаас гадна нийгэмтэй холбоотой шийдвэр гаргахдаа, үр дагаврыг нь дутуу тооцож, яардаг. Ахмадуудад үгээ хэлж зүрхлэхгүй уддаг. Гаргасан шийдвэрүүд нь бусадтайгаа нэгэн хэмнэлээр явах боломжгүй, нийгмийн эмзэг бүлгүүдийг чирэгдүүлэх аюултай байдгийг харлаа.

Олон намт тогтолцоо бус, нийгмийн бүх мэргэжлийн салбарын холбоод томилсон, тэргүүлэх мэргэжилтэн, ахмад хүмүүс Их Хурлын Танхимд цуглаж, Монгол орноо хэрхэн илүү сайхан болгох вэ? гэж бодож , хэлэлцэж, зөвшилцөж, улсаа хөгжүүлэнэ суух өдөр мөдөхөн ирж байгаа гэж итгэж байна.

Дэлхийн 86 улс орны бүтэц зохион байгуулалт, улс төр, нийгмийн байдал, шашин шүтлэг, алдаа оноог нь 9 жил гаруй судалж яваа Монгол хүнтэйгээ санал бодлоо хуваалцаасай гэж би Та бүхнээс хүсэж байна.

Сэтгэгдлээ бичээрэй.

Horaayy..there are 4 comment(s) for me so far ;)

#1

Эргэлт хийх цагийн хүрд одоо толинд бууж байна. Бэлэн

LG Sound wrote on 2015/04/11 - 11:44
#2

Baigalias sereh tsag irsniig hun bolgon uuree uuriinheeree mederch baigaa bolov uu Minii huvid bol huuhdiin asuudal uneheer chuhal nomer neg,Sanal neg baina

Munkhbayar wrote on 2015/04/13 - 07:27
#3

Миний бодлоор Монголтой хамгийн төстэй улс Зимбабе. Асар их байгалийн баялагтай хэрнээ ядуу буурай амьдардаг. Хамаг баялаг нь гадагшаа урсгалтай. Өнөөдөр Монголд яг л дээрх улсын замаар яваад байх шиг. Бидэнд үндэсний нийтлэг эрх ашиг гэж байна уу? Намын, бүлэглэлийн, хувийн гэсэн эрх ашиг давамгай байх шиг. Сайхан цаг ирнэ гээд суувал өнгөрсөн 25 жил мэт явц бүр даамжирна. Тиймээс ялангуяа залуус бид идэвхтэй байж дуу хоолойгоо нэгтгэх нь чухал байна. Нийтлэлд гарсан санааг дэмжиж байна.

Зочин wrote on 2015/04/13 - 19:15
#4

Nomiig ni unshsan. Odoo udur bur orj unshij bnaa. Unshij ehleegui bj comment bichiy hj bodloo. Amai chi uneheer mundag.her bargiin hunees garahaargui zorig tevcheer. Bitgii shantraarai. Africa-n ornuudaar yvj bhad tohioldson zuils dahij bitgii tohioldoosoi. Amisgaa daran unshij duusgasan. Amjilt husey.

Zoloo wrote on 2015/04/14 - 11:59
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.