IMG_7204

2015 оны 03 сарын 31

86.3 Канад улсын Эдмонтон хот


Канадын Эдмонтон хотод өнөөдөр цас нь хайлж, хаврын эхэн өдрүүдийг сануулахуйц хөх тэнгэртэй, сэрүүн агаартай, дулаан өдөр байна.

“Монгол Бадарчин 4″ ажлаа амжуулахаар Монголоосоо гараад хагас жил гаруй хугацаанд нийт 12 улс үндэстэний нутгаар бадарчилж, судалж, зурган архив цуглуулан, эдүүгээ 86 дахь улс Канадын баруун эргээс зүүн рүү чиглэн, хоёр дахь хоттой нь танилцаж байна.
IMG_6988

Гэртээ хариад уулзалт, ярилцлагууддаа хуваалцах сонин хачин, өвөрмөц, сурууштай, сургамжтай олон зүйл олж мэдлээ.

Хуваалцана аа…


9 жил гаруй үргэлжилж байгаа “Монгол Бадарчин” ажлын маань 4 дэх хэсэг төгсгөлрүүгээ чиглэж байх шиг.

Зарим хүмүүс – Ямар дуусдаггүй аялал вэ? гэж боддог байж магад.

Тэгвэл энэ аялал бол хийх гэж буй ажилдаа зориулсан материал, туршлага цуглуулсан, их ажлын эхний хэсэг гэвэл бүр гайхах байх даа.


Монгол хүн сансарт нисэж, Дэлхийн оюун ухаан, түүх, хүч тамир, соёл урлагийн салбарыг байлдан дагуулж, дэлхийн бүх уулсын өндөрлөгт гарч, хойд болон өмнөд туйлд мөрөө үлдээж, Тусгаар Монгол Улсынхаа далбаагаа мандуулж, болж байхад, яагаад жирийн Эрх чөлөөт, Тусгаар Монгол улсын иргэн, жирийн залуу дэлхийн аль ч улс руу төвөггүй аялаад, үзээд, судлаад, суралцаад, амараад, амьдраад, үндэстэнээ танилцуулаад, хамгийн хол хязгаар нутгуудад нь мөрөө гаргаж, Эрх Чөлөөнийхөө далбаагаа мандуулаад гэртээ хариж болохгүй гэж? гэсэн бодол маань намайг улам хол зам руу зүтгэхэд хүргэсээр байна.


Бид яагаад өөрсдийн, хүчирхэг мэдээллийн хэрэгслийг бий болгож, түүндээ хамгийн сайн мэрэгжилтнүүдээ оролцуулаад, түүнийхээ тусламжтай дэлхий ертөнцийн бодит өнгийг тал бүрээс нь харж болохгүй гэж? гэсэн бодол…

Бодит дэлхийтэй өөрийн биеэр танилцаж эхлэх үед бий болж байсан, Одоо ч итгэж байгаа…

Зурагт, гадаадуудын хэвлэл мэдээллээр үзүүлж буйгаас тэс өөр.


2005 оны 11 сарын 4-нд Улаанбаатар хотоос гарч байхдаа -Хөгжил гэж юу вэ? гэдэг асуултынхаа хариултыг олж байж гэртээ харина гэсэн бодолтой байсан. Гэрээсээ гарахдаа, харимаар санагдуулахуйц бүх үнэт зүйлсээсээ татгалзсан.

Олно гэдэгтээ итгэлтэй гарсан.

Энэ бол нэг их хэцүү, олоход төвөгтэй нууц биш гэдгийг өмнө аялсан хэдэн улсад анзаарсан байсан тул.

Дундад улсын Бээжин, Украйн улсын Львов, Япон улсын Осака, Токио, АНУ-ын Чикаго хотуудыг үзээд заримд нь амьдарсан болохоор.

Анх Зөвлөлт Холбоот улсын зүүн хязгаарын Эрхүү гэх Слав гаралтай Орос хүмүүсийн хотод гэр бүлээрээ 4 жил хагас амьдрахдаа, Дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд нэр цуугаа үлдээж, анх сансарт иргэнээ нисгэж чадсан олон үндэстний холбооны улс, хөгжлийнхөө дээд цэг дээрээс унаж байхыг харсан цагаас хойш, нийгэм, улс, хөгжил гэж юу вэ гэдэг асуултуудын хариулалтыг олох хүсэл, сонирхолтой болсон.


Хөндлөнгөөс Монголоо харж эхлэх боломжтой болсон цагаас хойш, өөрслийнхөө хийдэг “том алдаануудын нэг” -ийг олж харсан.

Монгол Соёл гэдэг нь Монголчууд биднийг нэгтгэж, ойлголцуулахад зориулагдан,  уламжлагдана ирсэн Дээдэлдэг Үнэт эрдэнэ маань шүү дээ.

Тэгээд …

Дөрвөн жил хагас үргэлжилсэн “Монгол Бадарчин 1″ эхний зам…

Ази, Европ, Африкийн 69 улс…

Энэ цаг хүртэл, нийт 4 удаа замд гарч, 86 улсын аж амьдралын тухай ойлголттой болж, харьцуулан дүгнэх, алдаа оноог нь анзаарч, Та бүхэнтэй сэтгэгдлээ хуваалцах боломжтой боллоо.

Энэ цэг хүртэл надад итгэж, дэжиж ирсэн Гэр бүл, ах дүү хамаатан садан, найз нөхөд, дэмжигчиддээ баярлалаа

31 ANGOLA Luanda2008-2-11

3000 гаруй өдрийн гадаад дахь амьдрал…

Тэмцэл… Тэмцэл… Ганцаардал…

Бясалгал, Ухаарал, Төөрөгдөл…

Судалгаа, Ажиглалт, Дасан зохицолт…

IMG_6013

Миний нүдний өмнүүр ой хээр, тал нутаг, гол нуур, хүрхрээ, уул толгод, цөл, арал гээд байгалийн онц гоо үзэсгэлэнт үзэгдлүүд өдөр шөнөгүй өнгөрсөөр…

Улс үндэстэнүүдийн соёл, ёс заншлыг илэрхийлэх хөшөө дурсгалууд, хот суурингууд, гудамж талбайнууд, гэр бүл, аж амьдралуудын фото архивуудыг Монголдоо авч очиж, ном гарган хүмүүст танилцуулах нь ямар чухал болохыг ойлгож, энэ цаг үе дахь амьдралыг архивжуулж байна…


Ямарваа нэгэн улс үндэстэн нэгдэж, бие биенээ хайрлаж, бие биенээ хүндэлж, “хамтын хүчээр улсаа хөгжүүлье” гэсэн уриаг олон нийтээрээ хүлээн зөвшөөрсөн бол тэр улс, үндэстэн маш богино хугацаанд хөл дээрээ зогсдог юм байна.


Гадны хэн нэгний хэлсэн үгээр бус, өөрсдийн ур ухаан, эх оронч сэтгэлээр босгосон нийгмийн үнэт зүйлийн ҮНДСЭН ХУУЛЬ гэдэг зүйлийг өндөр хөгжилтэй улс орнууд, иргэддээ нэг нэгэнгүй тайлбарлаж, ойлгуулсан байна.

Хамтдаа даган мөрдөж, уг бичгийн халдашгүй байдлыг хамгаалж байна.

Нийгэм хүсдэг гол зүйл бол шударга ёс.

Амар тайван нийгэм зохицон оршин тогтноход энэ зүйл маш чухал юм байна.

Энэ чухал зүйлээ хамгаалж чадаагүй улс үндэстэнгүүд, нийгэм, улс төрийн хямралд автаж, зарим улс үндэстнүүд нь иргэний дайнд орж, олон жил нухлуулж байна.

60 MONTENEGRO2009-5-18

Амьдралын хичээлээс суралцахгүй, түүхэн сургаалийг дагахгүй бол болохгүй…

Хэдхэн хоногийн дараа замд гарч, Канад улсын зүүн бүсийн, Атлантын далайн эргийн хот суурингуудтай танилцаад, төлөвлөсөн хэдэн ажлаа амжуулаад, нийслэлд нь Монголын Засгийн газраас надад даалгасан Төрийн далбаагаа 86 дахь улсдаа мандуулна.

Тэгээд л АНУ-ын Нью Йорк, Солонгосын Сөүл-ээр дайран гэрийн зүг…


Нутагт маань хавар болоод бас сайхан байгаа даа.

Нүүдэллэж явж байгаад эргээд, хэвийн, суурин амьдралд орно гэдэг ч амаргүй даваа болно гэдгийг өмнө 2-3 удаа мэдэрсэн тул, энэ удаа арай бэлтгэлтэй байх болов уу.

Монголоороо яримаар санагдаад байдаг…

Энэ хол замыг туулахын тулд “Яваад л бай” гэдэг “Тарни”-тай боллоо.

Халуун ч бай, хүйтэн ч бай Яваад бай

Амар ч бай, хэцүү ч бай Яваад бай

Олуулаа ч бай, ганцаараа ч бай Яваад бай

Өөрийнхөө төлөө биш Гэр Бүл, Эх Орныхоо төлөө болохоор

ЯВААД БАЙ…

45 MALI Dogon2008-7-23

Хэзээ нэгэн цагт хийж буй ажил маань бүрэн өгөөжөө өгнө гэдэгт эргэлзэхээ больсон тул явсаар л байна.


Мянга мянган байгаль

Мянга мянган өдөр

Мянга мянган хүмүүстэй уулзаж учрахдаа Амьдрал гэж юу юм бэ?…

Яах гэж амьдарч байгаа юм бэ?…

Аз жаргал гэж юу вэ?…

Зовлон гэж юу вэ?…

Цаг хугацаа гэж юу вэ?…

Бид Монголчууд энэ дэлхийд хэн бэ?

Яавал бидний гайхамшигтай соёл иргэншил маань энэ цаг үеийн өөрчлөлтийн давалгаанд тэсэж, хойч үедээ өвлөгдөн үлдэх вэ?

Би хэн бэ? гэх зэрэг асуултуудын хариултыг хайж олох, ойлгож мэдрэх, бусадтайгаа хуваалцаж, хэлэлцэх нь соёлын төөрөгдөлд, гадны соёлын дарамтанд орсон Монголын түүхэн энэ цаг үед маш чухал байгаа гэж итгэсээр байна.

Энэ хол замыг туулж, олон арав, зуун хот суурин, улс үндэстэнгүүдийн амьдралтай танилцаж, ажиглаж, судалж, нэвтэрч, мэдэрч, суралцаж, ойлгож, хэлэлцэж, ойлгуулж, сургаж, тунгааж, бодож, харьцуулсан нэгэн бодлоо Та бүхэнтэй цуврал болгон хуваалцмаар санагдлаа… (Үргэлжлэл бий)

Horaayy..there are 2 comment(s) for me so far ;)

#1

Эх орны Цастай,салхитай, дул аахан өдрийн мэнд хүргэе. Бодол,эргэцүүлэл,шинэ санаа,итгэлийн тэмдэглэлийг уншаад сууж байна.Тань шиг олон аялагч МОНГОЛД … итгэл хөвөрсөөр !!!

Gerel6 wrote on 2015/04/03 - 01:25
#2
Gerel6 wrote on 2015/04/03 - 01:28
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.