2014 оны 11 сарын 03

Монгол Бадарчин 4-р аян. 77 дахь улс Мексикийн Холбооны улсын зүүн урд хэсэг, Сан Кристобаль хот.

San Juan Chamula Mongol Badarchin (1)

XXI зууны эхэн үеийн дэлхийн амьдралыг судалж, мэдэрч хойч үедээ үлдээх 9 жилийн зам үргэлжилсээр хойд Америк тивийн Мексик улсын зүүн урд хэсэг болох Сан Кристобаль хотод ирээд хэд хонолоо. 12 цагийн зөрүүтэй, цаг агаарын эрс өөр бүс нутагт ирээд удаагүй байгаа тул нойроо зохицуулахаас гадна цаг агаарын өөрчлөлтөө тогтворжуулахад анхаарахгүй бол нилээд ядарснаа сая л нэг мэдэрч эхэллээ.

MB4 nom poster

(Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, фейсбүүкт нэгдээрэй.  facebook : Цаг Хугацаагаар)

Өдөр бүр шахуу шинэ улс, хот суурин, хүмүүс тэгээд өөр өөр цаг агаар. Хэд хоногийн өмнө үүлэн дээгүүр оршдог тосгоны чийгтэй сэрүүн агаараас, Хойд Америк тивийн баруун урьд бүсийн Номхон далайн халуун эрэг, Төв Мексикийн ширэнгэн ойн бүс, тэгээд одоо өндөрлөг газрын зэврүүн хүйтэн агаар.

Латин гаралтай цагаан хүмүүсийн удирддаг Мексикийн Холбооны Улсын, зүүн өмнөд бүсийн энэ хотоос холгүй орших,  бидний Индианчууд гэж анх нэрлэж заншсан нутгийн уугуул хүмүүсийн нэгэн тосгонд, өв соёлын арга хэмжээ болно гэж франц зурагчнаас сонсоод хамт үзэхээр шийдлээ.

АНУ-ын соёлын бодлогыг дагадаг дэлхийн улсууд Хэлловин гэх баяраар буг чөтгөр, мангас сүнс, кино оддын дүрд орон хувцаслаад, наргиж баярлаж, стрессээ тайлахыг боддог. Харин энэ бүс нутагт уг өдрүүдэд, нутгийн хүмүүс цуглаж, талийгчдаа өгүүлэн, сайныг нь дурсан өнгөрөөдөг ёс болгон тэмдэглэдэг ажээ.

Хэловин арван сарын гучин нэгэнд, харин талийгчдаа дуурсах өдөр түүнээс хойш гурван хоногийн дараа юм байна. Нутгийн уугуул омгуудын баяр мөн ч, барууны Грегорийн цаг тоолол, календарт зохицуулан ингэж тэмдэглэдэг болсон гэнэ.

Аялагчдын буудалд танилцсан Шарлота гэх франц зурагчин бүсгүй бид хоёр тэр тосгон руу явдаг автобусны үйлчилгээний газар, өглөөний зарласан цагт нь очоод, хүнгүй шахуу микронд суулаа. Замын хоёр талаар, нэг давхар шавран байшинг хооронд нь зайгүй барьсан, Латин Америкийн аймгийн суурингаас гарч, тариалангийн талбай, уул толгод, тосгонуудыг өнгөрөөгөөд нэгэн Христийн сүмийг хүрээлсэн тосгоны гадаа буулаа.

San Juan Chamula Mongol Badarchin (5)

Нутгийн хүмүүс над руу гайхсаар, би хүмүүс рүү гайхсаар…

Цагаан өнгийн, ногоон хээ зурагтай Католик Христийн сүмийн гадаа ирэхэд, нутгийн уугуул царайтай хүмүүс үндэснийхээ хувцасаа өмсөн гангарсан байна.

Эрт дээр цагт өөрийн хүчирхэг улс орон, соёл иргэншлээ энэ бүсэд түгээж байсан, Нүүдэлчин бидний салаа мөчир, Мая омгийн хүмүүс яагаад ялагдсан, яагаад устсан, одоо тэднийг үр хойчийг юу хүлээж байгааг ойлгохыг хичээх нь энэ удаагийн ажлын гол зорилгуудын нэг байлаа.

Европын өмнөд бүсийн христийн сүмийн загвартай байшингийн орой дээр тогтоосон хонхыг дуугаргадаг олсыг сүмийн өмнөх талбай дээр гаргаж тавьсан байна. Нутгийн хүмүүс хамтын хүчээр тэр олсыг татаж, Христын шашны хонхны дууг тосгонд хүргэж байна.

Испани загварын католик сүмүүдийн хоймор нь нар мандах зүг харсан байдаг тул, чулуугаар шалласан сүмийн өмнөх талбай баруун зүг харж байгаа байх гэж төсөөлөв.

San Juan Chamula Mongol Badarchin (4)

Хүмүүсийн ариун баярын үед зураг дарахыг сайшаадаггүй гэж анхааруулж байсан ч, надтай зургаа даруулъя гэсэн нутгийн хүмүүс байхад татгалзах юмгүй шүү дээ. Хамт зургаа татууллаа. Монгол дээл гуталтай залуу, хүн бүрийн анхаарлыг татаж байв.

Эрчүүд нь цагаан даавуугаар толгойгоо боосон, хонины нэхийтэй төстэй хантааз өмссөн, цагаан цамц, цагаан богино өмд, ширэн сандаальтай, харин эмэгтэйчүүд нь хар ямааны арьстай төстэй зүйлээр банзал оёсон байна.  Зарим нь Монгол төрхтэй. Зочин гийчинтэй эелдэг үндэстэн юм шиг анхны сэтгэгдэл үлдлээ.

San Juan Chamula Mongol Badarchin (3)Нас барагсдаа санан дурсах өдөр гэдэг баярыг нутгийн хүмүүстэй хамт тэмдэглэн өнгөрөөх, үйл ажиллагааг үзэх боломж надад тохиолоо. Сүм дотор ороход Латин Европын Христийн шашны Испаний Католик урсгалын өргөө, архитектур, интерьер байна. Хойморт нь загалмайлагдсан Иисүсийн дүр. Эргэн тойронд шилэн хаалтан дотор энэ шашны гэгэээнтнүүдийн ариун дүрүүд.

Загалмайн дор хэсэг хүмүүс мөргөл үйлдэж байна, харин баруун хананы нэгэн гэгээнтний шилэн хаалтын өмнө, эмгэн охин бас хэдэн хүн ард нь сууж байна. Шилэн хаалтын наагуур тойрог хэлбэрээр элдэв юмс, лаа тавьсан, өвс шатааж утаа гаргаж байна. Эмгэн бөө мөргөлийн үйл хийж байгаа бололтой. Хэн нэг нь амьд тахиа бариад ирлээ. Эмгэн азарган тахианы толгойг нь тастлаа. Толгойгүй бие нь хэсэг хөдөлж багаад зогсов. Эмгэн уншлагаа үргэлжлүүлсээр цусыг нь аяганд юүлээд үйлээ үргэлжлүүлэн хийж байна.

Манайд Тенгеризм, Шаманизм, Буддизм, Ламаизм холилдсон харин энд нутгийн бөө мөргөл католицизм холилдсон юм шиг байна.

Христийн сүмд амь таслах хамгийн хориотой зүйл байдаг санагдана.

Хажуухан суух өөр хэсэг хүмүүс лүү дөхөж суутал нутгийн сархадаар дайллаа.

Завилж суугаад нутгийн зан үйл хийж буй хүний хүчийг мэдэрч эхлэхдээ, талийгаач цэрэг өвөөгөөн эхлээд саналаа. Тэтгэвэрт гарсан ч гэлээ, унтахаасаа өмнө Төрийн шугамын радиогоо асаана. Өглөө Төрийн дуулал эгшиглэх үед аль хэдийнээ өөрийгөө цэгцэлсэн, толины өмнө зогсож байдаг Монгол цэрэг хүн байсан.

Өвөөгийн маань инээмсэглэл.

Хол замд гарахдаа хамгийн сүүлд дүрслэн үлдээсэн тэр мөч нүдний өмнүүр харагдаж, Өвөөгийнхөө амьд сэрүүнийг саналаа. Аавын аав, Норов өвөөгийн амьд сэрүүн үеийн инээмсэглэл ч бас харагдлаа. Миний амьдралын гол суурийг тавьж өгсөн Билиг эмээ маань нүдний өмнүүр орж ирлээ. Надтай ярьж байна. Тайван зөөлөн ярьж байна. Би ямар ч буруу зүйл хийсэн огт уурлахгүй, юу зөв болохыг ойлгуулж хэлж байна. Маш их анхаарч байна. Талийгаачид бүгд бас дурсагдаж байна.

Энэ олон жилийн байнгын эрэл хайгуулын замд, өөрөө өөртөөгөй байж, талийгчдаа санан дуурсах өдөр гараагүйг сая л нэг ойлголоо.

Залбирлаа.

Хайртай дотны хүмүүсийг эрүүл саруул байлгаасай гэж мөргөлөө.

Эзэн Хаан биднийг Тэнгэр шүтэж, Бөөд мөргөж, Дэлхийн олон шашинтай байж болохыг зөвшөөрсөн. Бүх шашин хүний сайн сайхны төлөө байдаг гэдгийг мартаж болохгүй.

Маяа омгийн эртний бөөгийн ёс үйлдэгдэж буй Католикийн сүмд, Тэнгэр шүтээнтэй Монгол залуу өөрийнхөөрөө залбирч байв.

Монгол хүн бүр дэлхийгээр аялахдаа бүх шашинд нээлттэй, судлаач байх хэрэгтэй. Христийн, Лалын, Буддын гээд үндсэн шашингуудын өргөөгөөр заавал зочилж, усыг нь уувал ёсыг нь дагаад мөргөөд явах нь зөв. Сүм хийд гэдэг бол ямар ч сүсэгтэн сэтгэлээ ариусгаад ордог, бишрэлээ асаадаг өвөрмөц ариун газар тул.

Миний хол хэцүү замд намайг ивээсэн гол зүйл бол олон үндэстнүүдийн итгэл бишрэлийг нь хүндэлж, шүтэж, дээдэлж явснаас гэж би бодож байна.Тухайн нутгийн бурхад ивээгээд л явна. Гадны шашны ямар урсгалын юу нь бидэнд сайн, харин юуг нь бид зөвшөөрч болохгүйгээ одоо мэддэг болсон байх цаг үе.

San Juan Chamula Mongol Badarchin (6)

Гэгээ тасрахаас өмнө энэ тосгоны зураг дарж, маяачуудын талаар ажиглалт судалгаагаа аль болох хийгээд явахгүй бол болохгүй, Энэ аймаг руу орж ирж байхад зам дээр Холбооны улсын зэвсэгт хүчин хамгаалалт, хяналт тогтоосон байсан. Байдал эвгүй байгаа гэж хүмүүс хэлж байсан. Нутгийн омгууд, колоничлолын засгийн газраа эсэргүйцэж, зэвсэгт тэмцэл хийсэн гэж сонссон.

Сүмээс гараад  холгүй орших оршуулгын газрыг нь чиглэлээ.

Монгол Хүн бол Хүннүчүүдийн үр сад, Хүннүүчүүд бол Их Нүүдэлчдийн залгамж.

Нүүдэлчин хүн шарил дээгүүр явахгүй.

Суурин соёлын урьд хөрш 600 гаруй жил барьсан хананыхаа завсар талийгчдаа оршуулж, шарил дээгүүр явдаггүй Хүн Нүүдэлчдээс өөрсдийгөө хамгаалж байсан гэдэг.

Олон зуун мянган хүний шарил тэнд байгаа гэж боддог болохоор одоог болтол хятадын хэрэм дээр гишгэж зүрхлээгүй.

Харин энэ удаа, миний хийж буй ажил бол, Дэлхийг судлах тул Нүүдэлчдийн гол ёс зөрчиж, тосгоны шарилын газрын дундах замаар явж, нутгийн хүмүүсийг ажиглаж, анзаарсан зүйлсээ дараагийн аялагч, судлаачдад бичиж үлдээхээр шийдээд байна.

San Juan Chamula Mongol Badarchin (7)

Христийн хуучин сүмийн барилгын балгасыг тойроод олон тооны талийгчдын булшууд байна. Хоорондоо холгүй байрлах тэдгээр зайнуудад хүмүүс булш тойрч зогсон дуу дуулж, зарим нэг нь уйлж байна.

Хүмүүс шарилын газраа цэцгийн навч, ургамал, бут авчираад чимсэн байлаа.

Боломжтой хүмүүс нь өөр хот суурингаас сайн дурын уран бүтээлчдийг уриад, мөнгө төлөөд хөгжим тоглуулж байна. Эргэн тойронд хорь гучаад хамтлаг, уран бүтээлчид байгаа юм шиг дуу шуугиан, чимээтэй байна.

Эрчүүд нь хар өнгийн ямааны нөмрөг бас өмссөн байна.

Бидний зарим шиг гадаадын ковбой малгайг тэргүүндээ залж.

Бүс нь бас ковбой загвартай.

Гэр бүл дотны хүмүүстэйгэ эргэн тойрны зүлгэн дээр амралт,уулзалтаа зохиож, дуу дуулж, хөгжим хуурдаж, сархадаа хүртэн, сэтгэлийн амрыг мэдэрч байна.

San Juan Chamula Mongol Badarchin (8)

San Juan Chamula Mongol Badarchin (9)

San Juan Chamula Mongol Badarchin (10)

San Juan Chamula Mongol Badarchin (11)

Тосгоны нэгэн айл бид хоёрыг гэртээ урьлаа.

Үүдээр нь ороход том загалмайн өмнө зургаан ширхэг ус, ногоо, сүү бололтой шингэн, гамбир, улаандуу өнгийн шингэнтэй аяганууд байна.

Талийгч тус бүрдээ өргөсөн, хоолны дээж нь байх гэж би бодлоо.

San Juan Chamula Mongol Badarchin (13)

San Juan Chamula Mongol Badarchin (14)

San Juan Chamula Mongol Badarchin (15)

San Juan Chamula Mongol Badarchin (16)

Эргээд, гадаа бусадтай хамт суулаа. Гэрийн үүдний хавьд хамгийн ахмад нь, эмэгтэйчүүд нь баруун гар талдаа, харин эрчүүд нь ахмадын зүүн гар талд суугаад, намайг зүүн захад суулгаж, ундаа жимсээр дайллаа. Ахмад нь бусаддаа ямар нэгэн зүйл хэллээ.

Юу ч ойлгохгүй болохоор өөр үндэстний дараагийн нэг айлын амьдралыг Монгол нүдээр харах гэж хичээлээ. Нутгийн омгийн хүмүүс ах захаа их хүндэлдэг юм байна. Эмэгтэйчүүд нь харц тулахгүй зөөлөн их даруу юм. Хүүхдүүд нь ахмад хүний хэлснээр.

San Juan Chamula Mongol Badarchin (20)

San Juan Chamula Mongol Badarchin (17)

San Juan Chamula Mongol Badarchin (18)

San Juan Chamula Mongol Badarchin (19)

San Juan Chamula Mongol Badarchin (21)

San Juan Chamula Mongol Badarchin (22)

San Juan Chamula Mongol Badarchin (23)

Дээд давхарт хоол бэлэн болсон байна гэж урилаа. Хоёр давхрын өргөн том тавцан дээр ширээ засч хүн бүрт тэнцүү хоол тавьлаа. Нутгийн хэлийг мэдэхгүй болохоор нутгийн уугуул хүмүүсийн хоорондын харилцааг анхааралтай ажиглаж, их дулаан гэр бүлсэг хүмүүс санагдлаа. Байцаа, шарсан тахианы нэг хэсэг, тэгээд нутгийн соус. Хол замд удаан ганцаар явахлээр хоолноос гарчих тохиолдол олон болдог, харин энэ удаа олон хүнтэй хоол хувааж идсэн болохоор амттай байлаа.

Энэ гэр бүл энэ тосгоны аюулгүйн албыг хариуцдаг гэж нэг нь орчуулж өглөө. Бидний ярианд орохгүй эргэн тойрондоо хамаг анхаарлаа хандуулсан ах дүү хоёр байнга байв. Арга хэмжээ аюулгүй зохион байгуулах нь уугуул омгийн өөрийн эрх засагтай сумданд хамгийн чухал л даа.

San Juan Chamula Mongol Badarchin (24)

San Juan Chamula Mongol Badarchin (25)

San Juan Chamula Mongol Badarchin (26)

Айлаас явахаасаа өмнө түлээний хэдэн мод асуухад, үүрдэг уяатай түлээ өглөө. Би түүнийг нь үүрээд төв суурин орно гэж бодлоо. Манай буудлын халаалтын систем нь зөвхөн зуух, түүнийгээ түлж байж дотроо халаана. Бусад хүмүүс галд нэг их ач холбогдол өгөхгүй байна. Галтай орчинд амьдраагүй хүмүүс элч дулаан, гэрэл гэгээг нь мэдрэхгүй. Монгол хүний хувьд галын элч, маш чухал, тиймээс би гал манах хэрэгтэй.

Бид хоёр тус айлын хүмүүс талархал илэрхийлээд, микроны буудал руу алхлаа. Сүүлийн унаанаас хоцорвол энд хонох хэрэг гарна.

San Juan Chamula Mongol Badarchin (27)

Тосгоны гол арга хэмжээнүүд болж өнгөрсөн байна, хөгжимчид буцаж, хүмүүс гэр гэртээ харьсан бололтой. Төв зам руу ойртож ирэх үед нутгийн хүмүүс гар утсаараа хамттай зураг авхуулахыг хүслээ. Монгол хувцастай явахад байнга ингэдэг юм.

San Juan Chamula Mongol Badarchin (28)

Европ царайтай гурван бүсгүй бас ирж, намайг хаанаас ирснийг асуулаа, Монгол гэж мэдээд, нэг нь Монголд амьдарсан тухайгаа хэллээ.

77 дахь улсаа туулаад явж байна гэхэд тэд нэг л итгэхгүй байв.

San Juan Chamula Mongol Badarchin (29)

Автобусандаа суугаад, хөдлөх үедээ сүмд мэдэрсэн мэдрэмжийг эргэн саналаа.

Жилд нэг өдөр өвөг дээдэс, талийгчдаа дуу хөгжимтэй сайнаар санан дурсдаг энэ соёл үнэхээр сонин байна. Илүү сайн судлах хэрэгтэй юм байна.

Хэн ямар шашинтай, үндэстэй байхаас үл хамааран энэ өдрийг тэмдэглдэг болох ямар чухал юм бэ гэж бодлоо. Жилд нэг удаа ч болов бүх гэр бүл, найз нөхдөөрөө цуглан сууж, ертөнцийн мөнх бусыг үзсэн талийгчдаа сайнаар дурсаж, дурсамжаа сэргээж, захиасыг нь санах, цааш өвлүүлэх боломжтой болно.

Ийм өдөр бидэнд байдаггүй шүү дээ?

Үргэлжлэл бий.

San Juan Chamula Mongol Badarchin (30)

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.