Монгол Бадарчин цуврал номын 2,3-р ботид орсон “НҮБ-ын хамгаалтад” цувралын 3-р хэсгийг орууллаа.

cotee

Тамга даруулбал төлбөртэй.

2008 оны 5 сарын 26

Монгол Бадарчин 1-р аян. 39 дахь улс Зааны Ясан Эрэгийн Либерийн хилийн ойролцоо.

Хажуугийн хөрш улс, зэр зэвсэг оролцсон, аймшигт дайнд нэрвэгдэх юм бол, ойр хавийн улсууд төдийгүй дэлхий дахинд ямар аюултай болохыг харуулсан олон жишээнүүдийн нэг болох Африк тивийн баруун хойд буланд оршдог Кот Девуа буюу Зааны ясан эрэг гэж орчуулагддаг энэ улсад иргэний дайны гал ид дүрэлзэж байна.

Иргэний дайны үе гэдэг нь манайх, танайх гэж ялгах аргагүй, хууль үйлчлэхээ больсон, зэрлэг аюултай цаг үе юм.

Нэг улсын иргэд хоорондоо хуваагдан, бие биенээ хүйс тэмтэрнэ.mongol badarchin books taivshir

Франц хэл сайн мэдэхгүй, нутгийн хүмүүстэй бүрэн ойлголцохгүй, интернэт ТВ-үзэх боломж хомс, алс холын, харь нутгаас бадарчилж, судалгаа хийж яваа надад, очсон газар бүрийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь олж авах боломжгүй шахуу байна. Тиймээс, яг одоо Дэлхийн хамгийн аюултай цэгт Бүгд Найрамдах засаглалтай тусгаар Монгол улсынхаа далбаатай, юу болж буйг бүрэн ойлгохгүй ганцаар бэдрэн явна.

Хамгийн хол нутгуудад мөрөө гаргаж, далбаагаа мандуулна гэсэн мөрөөдлөө, хэнээс ч, юунаас ч айхгүй биелүүлсээр 2 жил хагас болжээ.

Зааны ясан эрэг гэж манайхаар дуудах ёстой энэ улсад ганц ч  заан харсангүй, гэхдээ төрийнх нь цэрэг, цагдаа, жирийн иргэд  хүртэл зэвсэглэж, автомат  бууг жаахан хүүхдүүд бариад зогсох нь олонтоо харагдана.

Босогч гэх өөр өөр овог угсааны хүмүүс, гадны армид өмсдөг цэргийн дүрэмт хувцасыг олз омог (трафей) болгон өмссөн байна. Алтайн Монгол гаралтай, Зөвлөлтийн зохион бүтээгч Калашниковын 47-г олонхи нь барьжээ.

Удирдагчаа дагасан, Засгийн газрын зэвсэгт хүчнийхэн нийслэл болон өмнөд хязгаартаа онцгой дэглэм тогтоож, бослого гаргасан хойд бүсийн овог аймгуудыг нухчин дарахаар хичээж байгаа бололтой.

НҮБ дайн эхлэх үед дүрвэгсэд болох ахмадууд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах зориулттай бүсүүдийг бэлджээ.

Нутгийн нөхцөл байдал нэн хүнд, бас аюултай.

Энэ иргэний дайн нь Төрийн эрх мэдлийн төлөө юу? Мөнгөний төлөө юу? Эрх чөлөөний төлөө юу? Ястан хоорондын уу? эсвэл тус улсын байгалийн баялгийг дээрэмдэх гэсэн гадны улс, корпорациудынх уу? гэдгийг ойлгох гэж хичээсэн ч одоохондоо мэдэж чадсангүй. Гэхдээ сөргөлдөгч талуудаас үүдсэн айдас түгшүүр, дарамтын шинж тэмдгүүд иргэдэд ихээр мэдэгдсээр.

Хаа сайгүй дайны хөнөөлт техник, бүрэн тоноглогдсон гадны болон дотоодын цэргийн ангиуд, дүрэмт хувцастай, хувцасгүй хүмүүс нас харгалзахгүй зэвсэглэсэн байхад тайван байна гэдэг амаргүй.

Түүхийн маш хүнд цаг үедээ энэ улсын ард иргэд амьдарч байна.

Улс үндэстнүүд өөр хоорондоо харилцахад зориулагдан бүтээгдсэн, өөрийн хэл бичиг, соёл ёс заншилаа гээж, гадны хэл, гадны соёлын боолчлолд орвол ямар аюултай болохыг Африк тив надад нэг бүрчлэн ойлгуулсаар.

Гадаадын мэдээллийн Тархи угаалгын довтолгоонд орсон улс орон устах аюултай болдог юм байна.

Байгалийн баялаг, хямд ажлын хүч (боол), газар нутаг гэдэг зүйлүүд л шинэ ертөнцийн хүмүүсийн шуналын өлсгөлөнг дарж байна уу даа.

IMG_8187

Бангладешийн Энхийг сахиулагчид…

Энэ улс дотоодын иргэний дайнаа хянах боломжгүй болсон тул галын зурвас бүсүүдэд НҮБ-ын Энхийг сахиулагчдын бааз, дивизууд байршуулжээ.

IMG_8182

Хүнд техник оролцсон 700-аас дээш цэргийн бүрэлдхүүнтэй Бангладешийн энхийг сахиулагчдын хоёр ч цэргийн бааз дээр өртөөлөхдөө, тус улсын цэргүүд нь ёс суртахуун, дэг жаяг, цэргийн дүрэм журам, тушаалыг ёсчлон мөрдөж буйг хараад хүндэтгэх сэтгэл төрлөө.

Bosogchid (17)

Bosogchid (21)

Bosogchid (19)

Bosogchid (15)

Bosogchid (14)

Bosogchid (9)

Bosogchid (16)

Ногоон дээрх цагаан наран далбаатай баруун өмнөдийн Бангладешийн цэрэг хүмүүс надад чин сэтгэлээсээ хандаж, дайны бүсэд ганцаар яваа Монгол залууд чадах чинээгээрээ тусалж байна.

Найрсаг зөөлөн харилцаатай Бангладешийн энхийг сахиулагчид энэ зөрчилдөөний голд нь байгаа учраас галыг тогтоож байгаа ажээ. Сэтгэл сайтай хүмүүс болохоор нутгийхантай цай ууж, асуудлаа ойлголцож чадна.

IMG_8180

Дивизийнх нь удирдлага намайг өглөө урьж, миний хийж буй ажлын талаар сонирхож,  –Чи Монгол болохоор энэ аймшигтай иргэний дайнтай нутагт гав ганцаараа алхаж чадаж байгаа байх? гэж асуув.

IMG_8099

Дор хаяж хоёр машин, бүрэн зэвсэглэсэн цэргүүдээр хамгаалуулж туулдаг аюулт нутгаар ганц Монгол залуу далбаагаа мандуулна гээд алхаж явна гэхээр тэдэнд сонин байх нь мэдээж.

Bosogchid (12)

Зам…

IMG_8190

Bosogchid (8)

Bosogchid (3)

Өглөө аян замынхаа бэлтгэлээ хангаж, НҮБ-ын хамгаалтын бүсээс гарч хэсэг алхаж, ширэнгэн ойгоор хүрээлэгдсэн, засмал замаар баруун зүг, 40 дахь улс Либери лүү, Африк тивийн нохой гаслам халуунд алхлаа.

Бангладешийн цэргүүд намайг ганцаар цааш явна гэдэгт эргэлзэж, бас гайхаад байна.

Замын баруун талд гишгэх газаргүй хав харанхуй ой, зүүн талд НҮБ-ын 2 метрийн өндөртэй хананы дагуу, хоорондоо зайтай галын цэгүүд, бүрэн зэвсгэлсэн харуулууд.

Хил хүрэх зам, босогчдын  хяналтанд байгаа газар нутгийн нөхцөл байдлыг Энхийг сахиулагчдаас лавлаад гарсан тул, ерөнхийдөө бол би бэлэн.

Замд таарах тосгонууд л хэцүү байх болов уу.

Сонголт байхгүй болохоор өөр яах билээ…

Либери, Сиерра Леон улсуудад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч Монголчууддаа л хурдан хүрэх юм бол нэг хэсэг бие, сэтгэлээ амраагаад авна гэсэн хүсэлдээ хөтлөгдөн алхлаа.

Африкийн 20 гаруй орныг хөлөөрөө туулсан, дэлхийн хамгийн эртний нүүдэлчин угсааны хүүд, хаа нэг газрын зэвсэглэсэн залуустай учраа олж, ойлголцоход нэг их хэцүү биш.

Дайнтай байсан ч гэсэн.

Тэнгэр, Бурхандаа мөргөөд, өвөг дээдэстээ даатгаад, очсон газрынхаа усыг нь уугаад ёсыг нь дагаад явахад бидэнд асуудал огт гардаггүй шүү дээ.

Бүх юм Тэнгэрийн ивээлд…

Миний байгаа газар бол нутгийн омгууд өөр өөрийн нутгаа зэвсгээр хамгаалж, нэгдсэн төрийнхөө шийдвэрт санал нийлэхгүй, зэвсгээр эсэргүйүцэж буй хүмүүсийн нутаг.

Хүн төрөлхтний шинэ он тооллын түүхэнд, харамсалтайгаар тэмдэглэгдэж үлдэх, Ливийн иргэний аймшигт дайны гал дөнгөж дууссан ч, хажуугийн энэ улсад цог нь үсэрч, миний алхаж яваа газар бол, өнөөдрийн дэлхийн хамгийн аюултай бүс нутаг болжээ.

Халуун Африкийн наран дор, ширэнгэн ойн дундах замаар, энэ улсын иргэний дайны хамгийн алс бөгөөд эвгүй цэг рүү, том үүргэвчтэй, зургийн аппараттай алхаж байхдаа, “Надад итгэл, хүсэл, зорилго байна. Монгол хүн бууж өгөхгүй тул би чадна” гэж дотроо уншиж явна.

Либери болон Сиерра Леон дахь Монголын Энхийг сахиулагчидтай хэрхэн уулзах талаар өглөө утсаар холбогдож чадсан болохоор хүрэх газартай, амрах өртөөтэй байна гэдэг даяанчилж яваа хүний хувьд тун чухал.

Гагцхүү, яаж хүрнэ ээ гэдэг.

img_8067

Энэ замаа дагаад Либери гэх улсын хил хүрнэ.

Тэнд энхийг сахиулагч манай зэвсэгт хүчний залуус намайг угтана.

Дахиад жаахан явж чадах юм бол Цэргийн өртөө хүрч, сайн амарч авна.

Тэгээд цааш замаа үргэлжлүүлнэ.

Хоёр жил гаруй зогсолтгүй зам, танин мэдэхүйн төлөөх хэцүү тэмцлийн дараа хэсэг ч болов амар тайван, юунд ч яарахгүй унтах л, миний нүдэнд харагдаж байлаа.

Замаа дагаад алхаж байтал НҮБ-ийн цэргийн байрлал харагдахгүй болж, эхний тосгон руу ойртоход, Рупоши Бангла гэсэн самбар харагдав.

Bosogchid (2)

Замын яг хажууд байрлах тосгоны өмнүүр өнгөрөхөд, сараалжны өмнө цугласан нутгийн хүмүүс бие биенээ дуудаж, намайг сонжиж, ярилцацгааж эхлэв.

Жуулчин байтугай нутгийн иргэд ч ганцаараа ингэж алхдаггүй дайны онцгой байдлын үед би, гараараа даллаж, бонжюр буюу сайн байна уу? гэж францаар мэндчилээд өнгөрөхөд, бүгд гайхан хоцорлоо.

Жинхэнэ байгальд байна даа гэж бодож алхаж явтал араас машин ирж буй чимээ сонсогдов.

Хэн ч байж болно.

Хууль зарлиг үйлчлэхгүй болсон улсын, босогчид хяналтандаа байлгаж буй бүс нутагт, ширэнгэн ойгоор хүрээлэгдсэн газар ганцаараа яваа ч гэсэн, намайг хамгаалж буй Тэнгэр эцэг, Дэлхий ээж, Өвөг дээдсийн минь сүнс (Бурхан) байгаа гэж бүрэн итгэлтэй байгаа тул, сандарсангүй.

Жижиг оврын машин зогсохгүй хажуугаар явж, дотор нь суугаа хүмүүс нь намайг мэл гайхан өнгөрлөө.

Замын хажууд усаа уун, түр амсхийж байтал ойн булангаас цагаан өнгөтэй машин огцом гарч ирэхэд ихэд баярлаж, НҮБ-ийн цуваа байж магад, тэгвэл дайгдах гэж үзнэ ээ гэж бодов.

Гараа өргөөд зогсоход, цагаан өнгийн Тоёота Хайлюкс маркийн, дугаар дээрээ “UN” буюу НҮБ гэсэн бичигтэй машин хажуугаар хурдтайгаар өнгөрөв.

Угаасаа ийм дайн дажинтай газар НҮБ ийн тээврийн хэрэгслүүд, гадны, үл таних хүмүүсийг машиндаа зөөвөрлөхийг хориглосон хатуу дүрэм журамтайг мэдэж байсан ч найдвар намайг аварна гэдэгт эргэлзэхгүй байв.

Машин хэсэг яваад, огцом зогсоход,  араас нь хурдтай гүйж очоод

- Та нар хаа хүрэх вэ гэж асуув

- Данан

- Өө, за би Тиес хүрэх хэрэгтэй байгаа юм, Та нар намайг Данан дөхүүлчих тэх үү?

- Уул нь бид хүн тээвэрлэх хориотой л доо, чи аль улсаас яваа? энд юу хийж байгаа?

- Би Монголоос яваа гээд өөрийн туулж буй бадарчны амьдралаа товч тайлбарлахад тэд мэл гайхан, машиндаа суулгалаа. Европжуу царайтай хүүхэн машинаа жолоодож, нутгийн залуу хажууд нь, бас ард нь сууж байв.

- Чи яагаад ганцаараа явна вэ? Иргэний дайн энэ бүсэд болоод байгааг мэдэж байгаа юу? гэж хүүхэн нь үл итгэн, гайхаж асуулаа.

- Харин тийм байна.

- Энд хэр удаж байгаа вэ?

- Нэг их удаагүй

“UN” буюу НҮБ гэсэн дугаарын эхлэлтэй машин, Африк тивийн ширэнгэн ойн дундуур зассан засмал замаар давхихад, надад аюулгүй санагдаж эхэллээ.

НҮБ дугаартай байсан тулдаа тосгон, уулзвар бүр дээр таардаг босогчдын хаалтуудыг шалгалтгүй, саадгүй нэвтэрч, жолоочийн арын суудалд, гурван талаараа нутгийн хүмүүсээр хүрээлэгдсэн би, босогчдын анхаарал таталгүй, тэднийг тухтай ажиглаад явах боломж гарлаа.

Саяхан найзуудтайгаа тосгондоо хөл бөмбөг тоглож, магадгүй анхны хайрын тухай ярилцаж байсан болов уу гэхээр хүүхдүүд энд, томдсон аль нэг улсын цэрэг хувцас өмсөн, галт зэвсэг барин ахмад байлдагчидтай хамт зогсож байна.

Хүүхдэд сэтгэл зүйн болон цэргийн урьдчилсан сургуулилт хийлгүй, дүрэмт хувцас шууд өмсүүлээд, буу бариулахад тэд маш омголон, догшин болдгийг өмнө нь би анзаарч байсан юм.

Босогчид замуудыг таглаж, засгийн хүчнийхэн нэвтэрхээс сэргийлж өдөр шөнөгүй зогсохдоо, жирийн хүмүүсийг дээрэмдэж, хүчтэй нь захирдаг хууль дүрэмгүй амьдралд тэд танхайрна. Муу эр дайнд хөөрнө.

Машин барьж буй хүүхэн Нигер улсын НҮБ-ийн ажилтан, энэ бүсэд FM радио ажиллуулж, хуулийн зөвлөгөө өгдөг гэж өөрийгөө танилцууллаа, энд болж байгаа үйл явдлын талаархи  миний байр суурийг асуухад.

-Би энд дайны дарамтаас залхсан хүмүүсийг л харж байна гэв.

- Чи энд болж байгаа үйл явдлыг өөрийн харж байгаагаар бидэнд ярилцлага өгөөч? гээд дуу бичигч төхөөрөмж, микрофоноо залгалаа.

Ярилцлага болохоор, яг бодож буй зүйлсээ бүрэн хэлсэнгүй. Гэхдээ юу нь сайн байхав. Жирийн улс, бие биенээ ойлголцохгүй хоорондоо дайтаж байдаг.

Африкийн улс орнууд байгалийн асар их баялагтай болох нь анзаарагдсан. Харин ядуу, дайнтай байгаа шалтгаан нь, гадны хүчнүүд уг баялагт шунаж, тус улсыг хөгжүүлэхгүй байлгах бүх аргуудыг, зохион байгуулалттайгаар явуулж байх шиг байна. Юуны түрүүнд мэдээллийн хэрэгслийг нь атгаж, хооронд нь муудалцуулна.

Кот Девуа улсад нэвтэрсэн цагаасаа цэргийн хүчний дарамт, сүрдлэгийг мэдэрлээ. 30 км газарт долоон удаа цэрэг цагдаагийн хүмүүст шалгуулж байна. Хүмүүс нөхцөл байдлын талаар ярихаас айдаг болжээ. Үнэмлэхгүй явж байвал 2000 франк (энэ нутгийн төгрөг) цэрэг цагдаад өгч байна. Хүмүүс төрийн хүчний байгууллагын дарамтуудыг арай хийж даваад, босогчдын дарамтыг бас мэдэрч байгааг өчигдөр шөнө харсан.

Миний дэлхий тойрч байгаа тухай тэд ихэд сонирхож, харин би, энэ нэвтрүүлгийг миний аюулгүй байдлын үүднээс, хил гарсны дараа л нэвтрүүлээсэй гэж бодлоо.

Машины хөгжмөөр Нигер улсын хойд зүгийн урлагтай төстэй дуу дуугарч байгааг анзаараад, жолоо барьж буй хүүхэн Төв биш, Хойд Африкийн нүүдэлчин гаралтай хүмүүсийн удам байна гэж царайг нь хараад бодлоо. Тэндхийн хүмүүст Европжуу төрх элбэг байдаг юм.IMG_8194

Бид явсаар Данане гэдэг сууринд ирлээ.

НҮБ-ын ажилчид эндээс салж, өөр зүг явахаар болж, нийтийн тээвэр, автобус байхгүй тул мотоциклээр хил хүрэхийг надад зөвлөж, болгоомжтой байхыг захилаа.

img_8197

Нэг давхар шавар байшингуудтай, Африкийн нэгэн тосгонд жийп машинаас ганцаараа буусан, холын үүргэвчтэй Монгол залуу хүн бүрийн анхаарлыг татсан нь мэдээж. Цэргийн янз бүрийн хувцас хольж өмссөн хоёр залуу намайг дуудаж, дээрэнгүй инээмсэглэлээ. Энэ нутагт десант хувцастай л бол хэнийг ч дуудаж, шалгаж, дарамталж болдог гэдэг ойлголт жирийн хүмүүсийн оюун санаанд шингэсэн байгаа нь анзаарагдаж байлаа.

Дуудсан өрөөнд нь ороход, ширээний цаана бас л янз бүрийн улс орны цэргийн дүрэмт хувцасуудыг хольж өмссөн, дэлхийн цэрэг цагдаагийн ёслох дүрмийг мэддэггүй энэ нутгийн овгор зогсож байв.

Документ гэж хэлэхэд нь Монголын Гадаад хэргийн яам, надад даатган өгсөн албаны ногоон паспортоо гаргаж ирэхэд, тэрээр ихэд сонирхон үзэж гарлаа.

Лалын шашинтай улсууд ихэвчлэн хэрэглэдэг ногоон өнгийн паспорт тухайн хүнд сэжиг бүхий байв.

Миний мэргэжлийг асуухад, сэтгүүлч гэж хэнэг ч үгүй хариулж, Паспорт офисиаль гэж мэддэг үгээ франц аялгуунд оруулж хэлэхэд тэрээр миний цүнхийг нэгжмээр байгаагаа хуруугаараа зааж хэллээ.

Дайнтай, эсвэл дэглэмтэй улсуудад сэтгүүлч гэж хэлж болдоггүй ч энэ удаа гайгүй өнгөрлөө.

Паспорт дээр ямар улсын иргэн гэдгийг тод томруунаар бичсэн байхад Ямар улсын иргэн бэ?” гэдэг асуултыг надаас асууж байгаа нь тухайн хүний боловсрол, туршлагыг тодорхойлж байв.

Миний цүнхэнд энэ хүмүүсийн анхаарлыг татах юм байхгүй ч, сонирхолтой зүйл олох л юм бол авна, эсвэл эрхий хуруу, долоовор хуруунуудаа хавирч мөнгө нэхнэ.

Паспорт официаль ду компран? (Албаны паспорт ойлгож байна уу?) гэж яахыг нь харах гэж шулуун хэлэхэд, цүнхнээс гараа авч, шалгах үйл ажиллагаагаа дуусгалаа.

Өмнөх улсуудад, паспортын гарах тамгыг хил дээр бус, хамгийн сүүлийн тосгонд дарж байсан тул энэ тосгонд төрийн алба байхгүй ч цагдаагийнх нь газар луу очлоо.

Үүдэнд сууж байсан хоёр залуу миний бичиг баримтыг шаардаж аваад дотогш оров. Удалгүй намайг дагуулан, бичгийн машин дээр юм цохоод сууж буй дарга дээр орлоо.

Дээрэнгүй харьцаатай хүнтэй эелдэг харьцаж, нөгөө л асуултуудад хариулж, Либери луу явна. Гарах тамга даруулах хэрэгтэй гэлээ.

-Чамд тусгай бичиг байна уу? гэж дарга нь асуулаа.

-Ямар бичиг?

-Чи энд ирэхийн тулд нийслэлээс босогчдын нутгаар явах тусгай зөвшөөрөл авсан байх ёстой шүү дээ.

Миний дотор пал хийгээд л явлаа. Яана аа.

-Надад хэн ч хэлээгүй шүү дээ. Одоо тэгээд яах вэ?

-60 ногоон төлөөд, биднээс Пасс (нэвтрэх зөвшөөрөл ) авна. Тэгэхгүй бол цааш явж чадахгүй.  Замд хэд хэдэн шалган байгаа.

-Надад ямар ч тийм бичиг хэрэггүй, миний паспорт дээр албаны гээд бичсэн байгаа биз дээ… гэж аргалах гэж оролдлоо. 60 ногоон гэдэг бол миний олон жилийн аялалд маш их мөнгө.

-Тэгвэл чамд бичиг өгөхөө болилоо.

-Хил дээр гарах тамга даруулж болох уу?

-Чи юмны учир ойлгохгүй байна. Энд иргэний дайн болж, талууд түр гал зогсоогоод хэлэлцээр хийж байгаа. Энэ бол босогчдын мэдэлд байгаа нутаг тул ямар ч төрийн үйлчилгээ байхгүй. Гэхдээ паспорт дээр чинь цагдаагийн тамга дараад өгье, түүгээрээ явах гэж оролдоод үз гээд улаан тамга дарлаа.

Франц хэлтэй улсын алс нутагт бага зэрэг англиар ярьдаг, бичиг үсэгтэй хүн таарсанд баяртай байв.

-Хүүе, чи хоолны мөнгө өгөхгүй юм уу? гэхэд

-Надад мөнгө алга аа, харин печенээр дайлъя гээд, Бангладешийн цэргийн ангиас гарахад надад өгсөн 4 печений нэгийг нь цүнхнээсээ гаргаж өглөө.

Шалганаас гараад тосгоны нөгөө өнцөг хүртэл үүргэвчээ үүрээд алхлаа.

Гайхан харсан хөдөөний хүмүүсийн хурц харцны өмнүүр алхсаар тосгоны нөгөө өнцөгт, Либерийн хилийн зүг явах зам дээр цүнхээ газар тавиад дээр нь тухалж суув.

Өдөр бүр ийм халуун, бүгчим, хатаж үхмээр нутагт явахад хамгийн хэцүү байдаг усны дутагдлаа нөхөөд, эргээд алхах гэтэл хажуугийн бензин колонк дээр нэгэн жийп зогсож, дотроос нь десант хувцастай, галт буугаар бүрэн зэвсэглэсэн, рэмбо шилтэй  4 хүн бууж ирээд над руу хараад бүгд нэгэн зэрэг зогслоо.

Туранхай ч булчин шөрмөс нь чангарсан толгойлогч нь болов уу гэмээр залуу шилээ тайлж над руу ширтэв.

Африкийн тосгонд Монгол залуу хэтэрхий содон байсан биз.

Монголчууд хэн нэгний нутагт байвал эздийг нь хүндэлж, толгойгоо бага зэрэг мэхийж, мэндчилдэг дээ, яг тийм дохиог харцаа холдуулалгүй үзүүлж, би энд өөрийн ажлаар явна гэдгээ мэдрүүллээ.

Түүний хүйтэн харцыг нь ээ.

Дотор зүсээд гарсан мэт

Араатан л гэсэн үг…

Эндхийн зарим омгууд даснаа алж, иддэг гэсэн. Энэ лав нилээдийг идээд донтсон байх гэмээр амаар.

Босогчид ихэвчлэн ямар нэгэн мансууруулагч хэрэглэсэн байна.

Тухайн газраас холдох гэж цүнхээ үүрээд бензин колонкийн ойролцоох мотоциклын зогсоол дээр очтол нутгийн ганц хоёр хүн ирж, хаа хүрч яваа, хэдээр хүргэж өгөхөө санал болголоо.

Ширэнгэн ойн дундуурх зам ямар байдгийг мэддэг болохоор, залуу нь дээр гээд үнээ тохирлоо.

Олон улс, үндэстнүүдийн газар орноор байнга явж байгаа болохоор ханш гэдэг зүйлийг ойлгохоо огт болиод удаж байна.

7000 франк 30 км-т. Яриад 4000 болгов.

НҮБ-ын арми гэж ямар байдгийг энэ хүмүүс мэднэ, тийм бичигтэй машинаас бууж ирсэн, албаны гэсэн паспорттой залууд санаа зовох зүйл байхгүй гэж өөртөө итгүүлсээр байв.

Бүгчим халуун улиралд өвлийн өдөн хүрэм, ноосон малгай өмссөн хар шилтэй нутгийн залууг манай сумын нэг залуутай адил гэж бодлоо.

Барууны улсууд хандив нэрээр хуучин хувцас эдлэлээ ядуу буурай орнуудад өгдөг, хогоо хаядаг бөгөөд өвөлгүй, халуун энэ нутагт өдөн хүрэм тусламжинд илгээсэн нь нөгөөл барууныхны дэлхийг ойлгодоггүйн илрэл болов уу.

Мотоциклын ард сууж, замд гарахдаа хил хүртлэх шалгануудыг яаж давах тухай бодлоо…

IMG_8203

Золоо чи солиорсон уу? гэж миний дотоод хоолой асууж байв.

Би, иргэний дайн дуусаагүй, түр гал зогсоох гэрээ хийсэн харь улсад ганцаараа, сайн танихгүй хүний мотоциклын ард суун, Африкийн ширэнгэн ойн гүн рүү явж байна.

Золоо, чи өмнөх туршлагаа мартаа юу? Конгод байхдаа босогчдын нутгаар ганцаараа явах ямар байлаа? гэж дотоод хоолой надтай ярих гээд байв.

Удаан хугацаанд ганцаар байсан хүн, өөрөө өөрийгөө сонсдог болох юм.

Байнгын сонор сэрэмжтэй, хажуугаар өнгөрөх хүн бүрээс эмээж, амь насанд эрсдэлтэй нутгуудыг туулж байхдаа дахиж ингэж явахгүй гэж өөртөө ам өгч байсан удаа олон.

Өнөөдөр дахиад л дайнтай нутгаар явж байна. Үүнээс өөр арга зам байхгүй болохоор яах ч аргагүй. Байж болох бүх аюулыг дотроо төсөөлж, түүнд авах арга хэмжээнүүдээ бодлоо.

Хүн бүр миний дайсан байж болохоор, түгшүүртэй байдал.

Миний зүрх хүчтэй цохилж, яасан ч яахав гэсэн бодлыг өөртөө үнэмшүүлэв. Баригдвал, эсвэл асуудалд орвол ямар бэрхшээл тулгарч болох тухай төсөөлөхөөс ч айж байв.

Ялангуяа сүүлийн сууринд таарсан тэр хүйтэн харцтай залуу санаанаас огт гардаггүй. Дайн дажин хүнийг араатнаас аймаар болгоно.

Дэлхийн хэвлэл мэдээллийн шуурхай мэдээнд байгаа, аюултай улсад ганцаараа, ширэнгэн ойгоор явж буйг Аав Ээж маань мэдэх юм бол

Хажуугаар өнгөрөх ой ямар харанхуй, шигүү байж болох талаар Төв Африкийн туршлагаа бодож, хэрэв би асуудлаас зугатах хэрэг гарвал ийшээ орж, хэнд ч баригдахгүй алга болно гэж бодов.

Египет улсаас өдий хүртэл 22 улсад дарсан, фото зургийн чухал цуглуулгатай СиДи-нүүдээ цүнхнээсээ алдахаас хамгийн их айж байлаа. Ямар их эрсдэлтэй замыг туулж, хөдөлмөрлөж байж, дэлхийн зургуудыг цуглуулж байгаа билээ.

Монгол байтугай гадаад залуу, босогчдын нутгуудаар ганцаараа өнгөрсөн тухай тэмдэглэл амьдралдаа уншиж байгаагүй болохоор өөрийн хийж буй үйлдлээ насан туршдаа мартахааргүй, “солиотой зүйл гэж бодлоо.

Хэрвээ амьд гарвал шүү дээ.

IMG_8208

Ой модоор хүрээлэгдсэн, шавар шавхаатай замаар явсаар, нутгийн эхний шалган дээр ирэв. Машин техник зогсоох гэвэл чадахгүй уяагаар татсан модон хаалт, зэвсэглэсэн нутгийнхан, модны мөчрүүдийг цуглуулаад монгол гэр хэлбэртэй хийсэн орон сууц, шавраар барьсан жижиг өрөөнүүд.

Залуу мотоциклоо зогсоох үед би – Одоо яах вэ? гэж асуув.

Африкийн Зааны Ясан Эрэг улсын албан ёсны хэл нь франц хэл тул тэр надад юу гэж хэлснийг сайн ойлгосонгүй. Ямар ч байсан буугаад тэр хүмүүс рүү оч гэж байгаа бололтой.

Ойн дундах шороон замын хажууд жижигхэн сараалжинд зэвсэглэсэн хэдэн хүн хийх юмаа олж ядсан янзтай, зам ширтэн сууж байна.

Ард нь суугаа настай хүнийг эс тооцвол энэ 5 хүн үнэхээр эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр.

Төрөл бүрийн десант хувцас, рокки шилтэй залуусын нэг нь намайг дуудаад бичиг баримтаа? гэхэд, толгойлогч нь хэн болохыг мэдлээ.

Ард нь суугаа, хөдөлмөр шингэсэн харцтай өвөөг хүндлээд, түүнтэй эхэлж гар барьлаа. Сайн байна уу? Намайг Амай гэдэг, Би Монгол гэдгийг франц хэлээр хэлэв.

Бусдынхаа хажууд үнэхээр байлдагч царайтай 40 орчим насны залуу:

– Бичиг баримт, үүгээр нэвтрэх зөвшөөрөл! гэж амандаа байгаа шүдэнзний модыг хөдөлгөнгөө надад хэллээ. Харин чи 5000 франк! гэж жолоочид тушаах үед тэрээр бүр жижиг туулай шиг болсон байв.

Манай хүн түүнд учрыг хэлж, үнэ тохирч байгаа бололтой.

Яагаад ийм ойрхон нутагт 4000 франкын үнэтэй байсныг сая л ойлголоо.

Би урьд шөнө босогчдын дунд байхдаа, олон хүнтэй, зөрлөг зам дээр байсан тул тэгтлээ айгаагүй юм, харин энэ удаад ойн гүнд энэ хэдэн калашников барьсан залуустай гав ганцаараа.

Миний хувьд эдгээр хүмүүстэй, шашин, улс төр, үзэл бодлын талаар зөрөлдөөд байх ямар ч шалтгаан байгаагүй болохоор, санаа зовох зүйлгүй чөлөөтэй байхыг хичээлээ.

Нутгийнхан татвараа салгах тухайгаа л бодно.

- Чи хэн юм бэ? гэж овгор нь асуув.

- Сэтгүүлч, танай улсын тухай бас НҮБ-ийн үйл ажиллагааны тухай тэмдэглэл хөтөлж байгаа юм. Өчигдөр манай 2 машин ийшээ явсан, би амжаагүй, тиймээс өөрөө унаа аваад явж байгаа юм гэж санаанаасаа зохиож хэлээд, юу болохыг харахаас өөр арга байсангүй.

Өчигдөр Бангладешийн НҮБ-ийн 2 машин энэ зүг явсныг би өмнөхөн нь сонссон, харин босогчид энэ зам дээр өдөр бүр байдаг болохоор НҮБ-ийн машин явсныг мэдэж байгаа билээ.

НҮБ-ийхэнтэй авахуулсан зургаа үзүүлэхдээ, камераа эдэнд харуулдаг буруудав уу! гэж бодлоо.

Миний паспортыг үзэхдээ виз ямар байдгийг огт мэддэггүй нь анзаарагдав.

Африкийн ихэнх оронд цэрэг цагдаагийн маш хүчтэй шалгалт, хяналт хийдэг тул дүрэмт хувцастай л бол бичиг баримт шалгах нь ёс болсон байна. Тиймээс энэ залуу хаа нэгэн газар мал хариулж байгаад иргэний дайн эхлэх үед сурсан зангаараа миний бичиг баримтыг шалгаж байгаа юм болов уу гэж бодлоо. Аль эсвэл хил залгаа Либерийн дайнд оролцож байгаад энд ирсэн байж ч болох.

Хилийн бүсүүдийн овог аймгууд хэл угсаа нэгтэй.

Мотоциклын жолооч залуу өөр нэг хүнийг ардаа давхар суулган, авч явна гэж тохирч эхлэв. Гурван хүн энэ жижиг мотор дээр ширэнгэн ойн шороон замыг туулна гэдэг бүтэхгүй байсан болохоор би цүнхээ мотоциклаас буулгаад, тосгонд үлдэж, өөр унаагаар явна гэж түүнд хэлээ.

Энэ бүсэд хүмүүс алуулж, дайралтад өртөж, алга болж байхад, би гэдэг хүн тоох ч үгүй үлдэнэ гэж цүнхээ буулгаж байв.

Хамгийн гол нь би босогчдын анхаарлаас гарах хэрэгтэй байсан тул зориудаар ийнхүү жолоочтой маргалаа.

Дошон дээрээ намайг айлгаж байгаад хэдэн төгрөг салгах бодолтой байсан нутгийн овгорууд гайхчихав. Намайг эндээс хамгийн хурднаар зайлж явахыг хүсэж байгаа байх гэж бодож байтал, цүнхээ мотоциклоос буулгаад – Би энд хүлээж байгаад дараагийн унаагаар явна! гэнэ ээ.

Буцаж босогчид дээр ирээд, паспортоо нэхлээ.

-Чамд тусгай пасс” гэсэн бичиг байхгүй л бол явуулахгүй.

-Миний паспорт дээр танай даргын тамга байгаа шүүдээ гээд өмнөх тосгоны цагдаагийн газар даруулсан тамгыг үзүүллээ. Хэдийгээр тусгай зөвшөөрлийн бичиггүй бол нэвтрүүлэхгүй гэсэн ч өөр тамгаар аргалах гэж оролдов.

Африкт удсан тул ийм жижиг суурингуудад овгийн ахлагч, ахмад насны хүн нь ноён, дарга нь байдаг болохоор өвгөнд хандаж – Хөгжим сонсох уу? гэв.

- Ямар хөгжим?

Би эхэндээ нутгийнхтай төстэй бөмбөрийн хэмнэлээр амай”-даж үзүүлээд, дараа нь хархираадсан чинь бүгд ухаан алдах шахан гайхаж, харин өвгөн бага зэрэг цочив. Хүнээс ийм чимээ гарч байгааг амьдралдаа сонсоогүй нь мэдээж.

Ингээд паспортоо авах гэтэл залуу:

-Чи хоолны мөнгө өгчих, өлсөж байна гэж дохиж хэллээ.

Би цүнхнээсээ бангладешүүдийн өгсөн 4 печений нэгийг гаргаж, задлаад, найрсгаар бүгдийг дайллаа. Тэд надаас мөнгө салгах хүсэлтэй байсан ч печень хүртсэндээ дургүйхэн байв.

Хэрвээ би печенийг задлалгүй шууд өгсөн бол– Ийм жижиг печенээр аргалах гэж байна уу? гэж дургуйцах байсан болов уу.

Паспортоо аваад мотоциклдээ сууж замдаа гарлаа. Хойноос дуудах вий гэж айж байсан ч сүүлд үзүүлсэн хөгжим, амтат печень хоёр тэдэнд сайхан сэтгэл үлдээсэнд эргэлзээгүй.

Буцаад л хэцүү зам...

Моторын чимээ хангинаж, Африкийн ширэнгэн ойн гүнд, би 40 дахь улс руугаа давхиж байв. Тэнд Монголчууд байгаа, Монголоороо ярина, Монголынхоо нутагт гэсэн бодол намайг салхи мэт урагшаа түрнэ.

Өмнөх олон удаагийн туршлагаар унтлагынхаа уутыг доороо тавиад, буйдан дээр байгаа юм шиг зөөлөн явлаа.

Хэд хэдэн тосгоноор дайрч өнгөрөхөд, нутгийн хүмүүс үүргэвч үүрсэн над руу гайхан харсан хэвээр. Бид явсаар дараагийн шалган дээр зогслоо.

Эхний шалгалтыг давах юм бол дараагийн шалгалт гайгүй байна, учир нь өмнөх нь шалгасан юм чинь болж байгаа байх гэж босогчид бодно.

Замын хажуу дахь саравчинд, АК47 ширээн дээр налуулаад тавьсан, 14-15 насны 2 хүү сууж байна. Намайг хараад буугаа шууд чиглүүллээ. Үүрэхээс залхуурч, магазиныг нь ширээний тавцан дээр тогтоож, над руу чиглүүлэх үед, буудуулах айдас үгүй юм байна гэж бодов.

Байнга шахуу буу зэвсгийн дунд явж, калашников буу тулгуулж үзсэн хүн бацаануудаас айна гэж юу байхав.

Миний дүү нар шиг, юу ч үзээгүй жаахан хүүхдүүд байхлээр -Буугаа буулга гэж англиар, ахын тушаах хэлбэртэй хэлэхэд тэд гайхан дагав.

Документ! гэдэг үгийг эндхийн өөр өөр овог аймаг, хэл соёлын хүмүүс бүгд мэднэ. Хаа сайгүй дандаа бичиг баримтын шалгалт, ачаа тээшийн хянана.

Паспортоо өгөхөд, хүүхдүүд хаашаа зөв харуулж уншихаа ч мэдэхгүй, хуудсуудыг нь эргүүлж, зургуудыг нь харж байгаад буцаан өглөө.

Нөгөө л мөнгө гэсэн хурууны дохио.

Мөнгө байхгүй, печень байна. Гэхэд тэд зөвшөөрч, бангладешүүдийн өгсөн амттан, гурав дахь удаагаа амар тайван нэвтрэх үүдийг нээлээ.

Жаахан хүүхдүүд юм чинь өөрсдөө шийдвэр гаргах нь юу л бол, харуулын хоёр дахь цэг дээр байгаа болохоор намайг оролдоод хэрэггүй хүн байж магад шүү дээ.

Гэр бүл, үр хүүхдүүдээ тэжээх гэж ядаж байгаа нутгийн жирийн иргэд, босогчдын дарамт шахалтад  дасан зохицсон байна. Өнөөдөр ажилдаа яваад орой гэртээ ирнэ гэсэн найдлагагүй хүмүүсийн хувьд хууль үйлчлэхгүй, буутай нь хүчтэй гэсэн дүрэмтэй газар амьдрал ямар хэцүү байгааг төсөөлөх аргагүй.

Өдөр бүр…

Ийм газруудад маш чөлөөтэй, хамгийн гол нь сандарч, намба алдахгүй байх ёстойг би ойлгож байна. Чонын дунд чоно гэдэг зүйр цэцэн үгээ санаж, давтаж явах нь ээлтэй юм билээ.

Буцаад замдаа гарлаа, дараагийн зогсоол дээр нөгөө л НҮБ-ийн 2 машин, сэтгүүлч, тамга, печень...

Агааргүй мэт бүгмим баруун хойд Африкийн ширэнгэн ойн гүний замаар явсаар хил дээр нь хүрлээ.

Зэвсэглэсэн залуус модны доор хэдэн охидтой буу халж, тоглоом шоглоомоор бие биенээ хөгжөөж байна.

Намайг хараад нэг нь өрөө лүүгээ дагуулж ороод, нэвтрэх пасс бас 10000 франк төл гэв.

Сэтгүүлч, Либери луу явж байна. НҮБ гэж нөгөө л юмаа давтахад тэрээр цагаан хүн биш, дайсагнагч овог, засгийн арми биш болохоор намайг нэг их шаналгасангүй. Харин авчихмаар юм юу байгааг сонирхон, миний цүнхийг ширээн дээр тавиад нэгжинэ гэлээ.

- Би сэтгүүлч байна, энэ хүртэл юу ч төлөөгүй, чи яагаад надаас төлбөр авах гээд байгаа юм? Гарах тамгаа дар! гэж Монголын албаны ногоон пасспорт дээрхи “Official” гэдэг үгийг хуруугаараа зааж, бага зэрэг өөртөө итгэлтэй хэлэхэд.

Тэрээр цүнх хальт үзээд, болилоо.

Би энд орж ирсэн шалтгаан нь паспорт дээрээ энэ улсаас гарсан гэсэн тамга даруулах гэсэн юм гэхэд тэрээр шүүгээгээ нээгээд, цуглуулсан бололтой 20 орчим төрлийн тамгуудаас алийг нь даруулмаар байна гэв.

Энэ босогч хилийн албаны хүн биш болохоор ямар тамга, тэмдгийг хаа дарахыг мэдэхгүй.

Өөр нэгэн хүн ирж, тамгуудыг үзэж байгаад, гарах тамга оллоо. Паспортынхоо хаана нь тамга даруулахаа бодоод, тохирох хуудсаа өгтөл, өөдөөс -Тамга даруулмаар бол мөнгө өг. Мөнгө өгөхгүй бол тамгагүйгээр цаашаа яв гэв.

Тамга дараагүй ч байсан гараад явчих л юм байна. Харин миний паспорт дээр Зааны ясан эрэг улсын гарах тамга байхгүй бол ямар харамсалтай байх вэ. Номд орох зураг дутна.

Манай хүн жинхэнээсээ, намайг энэ тамгагүй бол явж чадахгүй гэж бодсон бололтой, мөнгө л өгөх юм бол тамга дарна гэж гүрийгээд, сүүлдээ өрөөнөөсөө хөөж гаргалаа.

Маш бага төсөвтэй явж байгаа болохоор хамаагүй зүйлд мөнгө зарах боломжгүй.

Би цүнхээ үүрч өрөөнөөс нь гараад жолооч залууд баярлалаа гэж 4000 франкийг нь хүмүүст харагдахгүйгээр өглөө.

Хилийн зурвасын ойролцоо хоёр босогч, паспортоо үзүүл, пасс хаа байна? гэхэд босогчдын эзэлсэн цагдаагийн газрын оффист даруулсан тамгаа үзүүлэв.

Монгол улс хэрэв хэт гоё паспорт хэвлэх юм бол хилийн хүн бүр үзэх гээд манай хүмүүсийн цагийг гарздах юм байна даа гэж бодлоо.

За за яв. Гэхдээ мөнгө өг гэв.

Би сэтгүүлч . . . . . . . . . . . . . .

Нөгөө л юмаа тайлбарлаж гарлаа. Ингээд паспортоо кармандаа хийж, хилийн гарам руу алхлаа.

Жижигхэн жалгын цаана Либери улсын америктай төстэй далбаа нь мандаж байна. Би түр зогсож Либерийн талын зураг дарж байхдаа, хил дээр таарсан залууг бодлоо. Би түүнээс тамгаа дарчих л даа! гээд л, найраад л, тэр үгүй мөнгө өгвөл дарна гэж унжаад л.

Бослого, иргэний дайны уршгаар эх толгойгоо алдана гэдэг энэ дээ. Дотоодын маргаанаас болж тусгаар хилийнхээ аюулгүй байдлаа алдсан улс.

Тэр тамгатай тамгагүй энэ улсын хилээр гараад явж байгаа бол тамга ямар хэрэгтэй юм? Хэ хэ хэ

Жирийн нэг залуу мал хариулж байтал, бослого болж, гэнэт хилийн байцаагч гэж өөрийгөө төсөөлсөн байх.

Ширээний шургуулганд нь олон тамга олоод, тамга дарж мөнгө хийнэ гэж сэтэгээ дээ.

- Ха ха, надад мөнгө өгөөгүй юм чинь тамгагүй яваад хэцүүднэ дээ! гэж бодож байгаа байх даа хөөрхий.

Улс орон ийм дээ тулна гэдэг ямар харамсалтай вэ.

Хилийн модон гүүрэн дээгүүр явж байхад зүүн талд тэсрэлтэд нурсан галт тэрэгний гүүр харагдав.

Либериа улсын талд мандах, НҮБ-ын гэсэн цэнхэр бичигтэй цагаан далбааг хараад, аюлгүй амар тайван орчин харагдаж, Дэлхийн хоёр дугаар дайны дараах хүн төрөлхтний бүтээл болох Хамгийн том Энх Тайвны зэвсэгт хүчний хамгаалт дор орох сайхан байв.

Саяын хоёр хоногт юу болоод өнгөрвөө гэж бодлоо.

Хаагуур, яаж өнгөрөв өө?

Найзууддаа юу болсныг хэлэхэд итгэхгүй дээ!

Монголоо залуу? Африкт аа? Босогчдын нутгийг даваад аа? Ганцаараа? гээд гайхах байх.

Тэр тамганы эзэн” залуу миний нүдэнд харагдаад байх юм. Хэ хэ

Холын замын энэ бүс нь миний аяллын хамгийн хэцүү хэсгүүдийн нэг гэж эндүүрнэ.

Дахиад ийм тодорхойгүй, юу ч тохиолдож болох эгзэгтэй газар бага таараасаа гэж бодно.

Нэг улсын хүмүүс хоорондоо, шашин шүтлэг, үүсэл гарал, нутаг ус, улс төрийн намын харьялал, сурсан мэдлэг, сонссон мэдээллээсээ болон хоорондоо алалцаж байгаа энэ цаг үеийн улсуудын дараагийн нэг улсыг тууллаа. Судалж, суралцлаа.

Одоо нэвтрэх гэж байгаа Либери улс нь Хүн төрөлхтний хамгийн аймшигтай иргэний дайныг үзээд, галаа түр зогсоож, энх тайвныг дахин сэргээж эхэлсэн эхний жилүүддээ байна.

Либери улсад болсон зэвсэгт бослого, эсвэл эрх чөлөөний хувьсгалын уршигаар олон мянган хүн хайртай дотны хүнээ алдаж, айдас түгшүүрийн орчлонд амьдралаа өнгөрөөсөн гэсэн.

1989- 1996 оны иргэний дайны үед төрж өссөн бүхэл бүтэн нэг үе, дараагийн иргэний дайны уршгийг 1999-2003 онд амссан болохоор 40 дахь улсын байдал ямар байгааг гадарлаж болно.

Болгоомжтой байх хэрэгтэй.

Аав Ээждээ залбирах хэрэгтэй.

Ачит хорвоод талархах хэрэгтэй.

Чанга чанга дуутай дошонгийхон араас нэг юм хашгираад байхаар,

эргэж хараад найрсаг баяртай гэж алгаараа савж, Зааны ясан эрэг гэх зочломтгой сайхан хүмүүстэй, амьдралын хэцүүг туулж буй улсын хилийн зурвасыг давж гарлаа.

Гүүр өнгөрөх үед элстэй шуудайнууд дээр бэхэлсэн, том калибрын түргэн бууны цаанаас, НҮБ-ын цэргийн энхийг сахиулагчид миний зүг онилон зогсоно.

40 дахь улсынхаа хилийн зурвасыг давах мөчид, сэтгэл уужирч, гүн амьсгалах боломж гарлаа.

Дайнтай улсын хилээр, том үүргэвч үүрсэн надаас цэргийхэн нүд салгахгүй.

Нөхцөл байдлыг маш зөв мэдэрч, гадны хүмүүстэй учраа олох том хичээлүүдийг ийнхүү сурсаар.

Гэртээ хариад, байлдаантай эсвэл иймэрхүү сэдэвтэй кино үзэх болгонд тухайн нөхцөл байдлыг жинхэнээсээ төсөөлдөг болох байхдаа.

Иргэний дайнтай Кот Девуа (Зааны ясан эрэг) улсын аюултай бүсийг айдас түгшүүртэй ч хохиролгүй давж, пулемёт бууны хошуу өөддөөс онилсон 40 дахь улс Либерийн хил дээр хүрлээ.

IMG_8210

Явсан хүнээс үг сонс 2

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

sain yavj bna uu.mongol choniin harts gedeg ug chin i taalagdsan shu.goodluck man.mongoldoo ochood olon niittei uulzalt hiih udriig chini tesen yadan huleej bna.

mongol huu wrote on 2008/09/14 - 07:04
#2

Sain uu Amai. zorigtoi uragshilsaar baina . Yvaad baigaarai. Bloomingtond Aav chin irsen jambalsuren bagsh uulzaj chinii tuhai asuusan ih baharhangui yrij baian lee.

indiana University Indiana bloomingtonoos bichiv

enkhbold Bukhchuluun wrote on 2008/09/14 - 07:52
#3

auyl ali hediin ard uldsen uchir aih zuilgu baharhaltaigaar ynshlaa.Neeree mongol choniin harts gedeg ug helleg heregtseetei gazaraa jinhene utgaaraa hereglegdsen n ene baih chuu. Amai duu chi jinhene setguulch mun shuu.Jinhene deed surguuliig n suraad yabj baigaa hun shuu.Tanhimd suusan 4 jil Amaigiin 1 jiltei tentsej chadah esehed ergelzej b.a.Yabsan gazriin sonin uil yabdliig nudend haragdtal sonrholtoi bichne gedeg tiim ch amar zuil bich.Gants urugddul bichihed l hed dahin bichij urdag ch dee.Ug oldchihloo.urgeljleliig n huleej suuya.Amjilt

A.Mtsg wrote on 2008/09/14 - 08:06
#4

Nudend haragdtal bichijee.
Zaluu mini uragshaa

ganaa wrote on 2008/09/14 - 09:42
#5

mongol choniin hartsaar ohiduud harj boloh boluu? ha ha ha

chamd hairtai ohin wrote on 2008/09/14 - 14:41
#6

yavsan gazrinha soninoos adal yavdlas zuragtai bichxer sonirholtoi bn.afrik yasan ch hetsuu osoltoi gazar ymde,sonirholtoi murtluu risk ihtei

buya wrote on 2008/09/15 - 10:31
#7

zugeerdee amai ah mine yag odoo bi chihevche zuugeed tanii trance uudiig sonoj baina ingeed tsaashine duugaa sonsoos setgel zurheeree ayalaad baindaa hoo hehe

javhaa wrote on 2008/10/13 - 20:39
#8

Sain uu Amai,
Chii temdegleliig unshij ehleed hagas jil bolj baina. Ene hugatsaand Africad yu bolj baigaag oilgohiiig mash oroldon nom ch hurtel unshan. A Long Way Gone Memoirs of a Boy Solder nomiig sayahan unshaad duusgalaa. Hun bolgon unshaarai. Yamar ih zorig chadal gargaj gantsaaraa ayalaj baigaag chin unshaad mash ih baharhaj baina.

undraa wrote on 2008/10/21 - 02:45
#9

sain yavaj bna uu chinii uushignii chin ovchin gaigui biz dee ner shigee amandaa ay aylaad sain yvaj ireerei good luck

jack wrote on 2008/10/23 - 17:20
#10

Sain bn uu? aylal amjilttai urgeljilj bn uu? tand amjiltiig xusey!!! ta chadnaa bi itgrj bn.

Tuvshin wrote on 2009/08/27 - 16:17
#11

hi zaluu mime uragsha amjilt husey

darhaa wrote on 2011/07/19 - 21:47
#12

Namaig bas humuus choniin hartstai zaluu geed bdgiin

Altantulga wrote on 2011/08/29 - 13:53
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.