Түм түжигнэсэн Тайланд орноор аялсан минь. (Эцгийн тэмдэглэл)
өмнөх хэсэг нь энэ хаяг дээр
http://www.amai.mn/archives/17389

Jambalsuren Thailand (1)

Бид өглөөгүүр Тайландын хил нэвтэрлээ. Хилийн шалгалт, нүд харах дуран авай гээд арай өөр болов. Гааль гэж бараг байдаггүй бололтой. Хүмүүс нь албаны шинжтэй, соёлтэй хүмүүс байлаа. Өчигдөр үдэш мөрний эргийн шуугиантай амралт, шөнө дундын гэрэл, дуу, хөгжим дуулдаж байсан хилиин боомтынхан ажил хэргийн шинжтэй, бүх хүмүүс энд ажил үйлчилгээ эрхэлж зай завсаргүй хөдөлмөрлөсөн хүмүүс болж хувирав.
Jambalsuren Thailand (2)

Jambalsuren Thailand (3)

Jambalsuren Thailand (4)

Jambalsuren Thailand (5)

Jambalsuren Thailand (6)

Юуны өмнө хоол хүнс, үйлчилгээний үнэ ер нь доошлоод явчихав. Хүмүүсийн царай зүс ч өнгөтэй, ер нь энд амьдрал нь сайн гэсэн сэтгэгдэл төрлөө. Явж буй машин унаа нь хүртэл өнгөтэй, орчин үеийн шинжтэй болсон байв. Харин боомтоос Чанграй хот хүртэл 4 цаг аялах автобус маань манай хуучны социалист үеиин паз автобус шиг байсанд бид гайхаж, хөгжилдөж, зочдод түүхээ харуулж байна гэж ярьцгаасан юм. Харин өнгөлж будаж арчилсан, цэвэр байдал, дуу чимээгүй нь аятайхан байлаа. Эндэхийн хүмүүс нь ариг гамтай, тордох тослохдоо сайн хүмүүс гэдгийг харууллаа.

Jambalsuren Thailand (7)

Jambalsuren Thailand (8)

Jambalsuren Thailand (9)

Jambalsuren Thailand (10)

Jambalsuren Thailand (11)

Jambalsuren Thailand (12)

Олон орны залуустай бүхий л хэлээр ярилцаж, мэдээлэл чадамгай цуглуулдаг хүү маань дараагийн автобус хүлээх 3 цагийн дотор шинэ төлөвлөгөө боловсруулав. Такси хөлслөн 30 минут давхив. Эзэн хаан, хатны асар том хөрөг гудамжны эхэнд байрлуулжээ. Хаант улсад анхлан хөл тавьж байгаагаа мэдэрлээ Чанграй хотын нэгэн үзэсгэлэнт хэсэгт бид ирэв. Цаашлан жаахан яваад үлгэрийн гэмээр орд харш, сүм дугантай газар биднийг авчрав. 3 давхар хирийн өндөртэй асар том цагаан байшинг бид харлаа. Нэр нь ч Цагаан ордон гэдэг ажээ. Эртний уран барилга, сүмийн соёлоор барьсан энэ барилга биднийг алмайруулав. Олон газар явсан хүү маань ч их сонирхон харж, тойрч, олон арван зураг дарахыг хараад ер нь л ер бусын газар ирснээ ойлголоо. Цагаан гантиг шиг (тэгэхдээ арай биш боловуу, өөр л материал байсан байх) гялалзсан өнгөтэй, Зүүн Азийн уран барилгын хамгийн төгс хэлбэрээр барьж, хана, дээвэр, дугануудад ер бусын нарийн хээ урласан байлаа. Би өөрийн эрхгүй удаан ажиглалаа. Барилгыг яаж ингэж барьдагийг төсөөлөхийн аргагүй байв. Сүүлийн үед баригдсан энэ барилга диваажинг төсөөлөн барьсан ажээ. Жуулчин болон нутгийнхан энд ирж диваажинд байгаагаар сэтгэлээ ариусгадаг, нэг ёсны ариун дархан газар нь ажээ. Монгол хаадын бүтээсэн ертөнцийн гайхамшиг Таж Махалыг эрхгүй санагдуулж байлаа. Уран гоё барилга олон л байдаг. Гэтэл энэ нь онцгой өвөрмөц байв. Там дүрсэлсэн хар сүм энэ хотод бас байдгийг хүү хэлж, хурдан үзэх үү гэв. Дараагийн автобусны цаг дөхсөн, холын аянд ядарсан, бас аян замын ерөөлийг бодож, тамын газар нь очихгүйгээр шийдэж, дараагийн хотоо зорьсон юм.

Jambalsuren Thailand (13)

Jambalsuren Thailand (14)

Jambalsuren Thailand (15)

Jambalsuren Thailand (16)

Jambalsuren Thailand (17)

Jambalsuren Thailand (18)

Jambalsuren Thailand (19)

Jambalsuren Thailand (20)

Jambalsuren Thailand (21)

Jambalsuren Thailand (22)

Тайландын хойд зүгийн томоохон хот Чангмайд ирцгээв. Их өндөргүй боловч томоороо Улаанбаатараас дутахгүй хот байлаа. Урьдах уламжлалаар жуулчдын бүсэд нь бид очиж байрлав. Учир нь ийм бүсүүд нь тусгай хамгаалалттай, аюул риск байдаггүй. Энэ асуудлыг хариуцсан жуулчны цагдаагийн бүхэл бүтэн алба энд ажилладаг. Бас гадныханд зориулсан худалдаа, үйлчилгээ элбэг дэлбэг байх юм. Жуулчных гээд зочид буудлын үнэ нь тэнгэрт хадаад байдаггүй. Хоол унд нь олон зуун төрөлтэй, бас хэн дуртай нь аманд орсон үнэ хэлээд байдаггүй. Олон зуун мянган үйлчилгээний цэгүүд нь мэдээж өрсөлдөөнтэй. Хэн цэвэр орчинд нүдэнд нь харуулж бэлтгэсэн хоолыг боломжийн үнээр зарна, тэрний гүйлгээ нь сайн байх аж. Ер нь төр, засгийн үнийн нэгдсэн зохицуулалт байдаг юм шиг санагдсан. Аль болох олон хүнд сайн л үйлчилж байвал орлого нь арвин байдгыг тэд тун сайн мэддэг улс юм билээ. Орж ирсэн цөөн жуулчнаасаа аль болох их мөнгө салгах гээд улайрчих юм бол тийш нь хэн холоос зорьж очих билээ.

Jambalsuren Thailand (23)

Jambalsuren Thailand (24)

Jambalsuren Thailand (25)

Jambalsuren Thailand (26)

Jambalsuren Thailand (27)

Өргөн олон түмний чөлөөт худалдааг үнэнхүү дэмждэг орон нь Тайланд, бас Лаос мөн аж. Оройн 7цагаас эхлэн 12 цаг хүртэл том гудамжуудаа чөлөөлөн хувийнхаа худалдаа хийцгээх юм. Тэнд их төлөв үндэсний үйдвэрлэлийн гар урлал, хувцас, гоёл чимэглэлийн бараа л байх ажээ. Хотын шөнийн төв зах гэж түм бужигнасан дуу шуугиантай газар гадныхан очихдоо дуртай аж.

Jambalsuren Thailand (38)

Jambalsuren Thailand (39)

Jambalsuren Thailand (40)

Jambalsuren Thailand (41)Лаост хаа нэгтээ харж байсан эрэгтэй эмэгтэй нь ялгагдахгүй залуус энд олон ажээ. Нэгэн рестораныг рекламддаг бололтой хориод ийм залуус оройжин бүхэл бүтэн шоу зохион байгуулж, дуулж бүжиглэж байв.

Jambalsuren Thailand (42)Гадныхантай зургаа даруулах гэж дуудаж, чангаах нь харахад сонин ч дасаагүй болоод тэрүү бидэнд нэг л онцгүй байв. Чангмай хот түүх соёлын дурсгалт зүйлээ нандигнан өвлөсөн газар ажээ.

IMG_1820

IMG_1821

Олон зуун жилийн түүхтэй хотын хэрэм нь хотын амин зүрх төв нь ажээ.

Jambalsuren Thailand (45)

Яг төв хэсэгтээ эртний сүм байх агаад орчин үеийн маягаар сэргээн засварлаж Бурхан шашны зураг, баримлууд нь бүхэлд нь алтадсан мэт гялалзана. Тэнд жирийн иргэд, хуримлагчид, зочин гийчид дүүрэн байх агаад музей болон хийдийн үйлчилгээ хосолсон газар байв. Сүмийн ойролцоо 600 гаруй жилийн өмнө бүтээгдсэн асар том цамхаг байх агаад тэр хотдоо хамгийн өндөр барилга бөгөөд эртний Азийн уран барилгын стилиэр баригдсан байна. Дөрвөлжин цамхагын оройг нь ерийн уулын орой маягаар хийсэн нь сонирхол татна. Дотроо чухам юу байгаа нь мэдэгдэхгүй байлаа. Магадгүй асар том бунхан юм байна гэж бодогдлоо. Уран барилгын энэ гайхамшигт бүтээл нь аялагчид, ялангуяа гадаадынхны заавал үздэг нэгэн обьект болсон бөгөөд эргэн тойрон үйлчилгээ, хоолны ба худалдааны газрууд арвин байлаа.
Jambalsuren Thailand (28)

Jambalsuren Thailand (29)

Jambalsuren Thailand (30)

Jambalsuren Thailand (31)

Jambalsuren Thailand (32)

Jambalsuren Thailand (33)

Jambalsuren Thailand (34)

Jambalsuren Thailand (35)

Jambalsuren Thailand (36)

Jambalsuren Thailand (37)

Хаана л бол хаана үйлчилгээ ийм хөгжсөн хот тийм ч олон биш бизээ. Хөл хөдөлгөөн ихтэй энэ хотод хоёр хоноод ер нь амрах зорилгоор уулын тосгоныг зорьсон юм. Лаост 9 хоногийн дотор маньдаа л хэтийдсэн их зам туулцгаасныг хэлэхүү, амарцгаая гэсэн үг тун сайхан дуулдаж байлаа.

Jambalsuren Thailand (43)

Jambalsuren Thailand (44)

Чангмай хотоос микро автобусаар 6 цаг явж байж Пай тосгонд ирэв.

Jambalsuren Thailand (46)

Уул газар тул нилээн дээшлэн өгсөх юм. Зам гэж тун сайн мөртлөө яагаад ч юм хоёр тийшээ байнга огцом огцом эргэх замаар хурдтай давхисныг хэлэх үү, газар дээрээ л гишгэхийг мөрөөдсөн хүмүүс тосгонд бууцгаав. Би хаанахын тосгонд буув гэж үнэхээр гайхлаа. Дугуйтай, мотоциклтой, бас машин, микрогоор зорчигчид, эргэн тойрны худалдаа үйлчилгээний газар цагаан арьстнаар дүүрсэн байлаа. Би өөрийн эрхгүй: хаанахын тосгонд бид буучихав гэж асууж бусдыгаа инээлгэв. Нутгийнхан нь үйлчилгээний ажил эрхэлж байлаа. Ийм олон мянган жуулчныг яаж ингэж ганц тосгон л цуглуулж чадаж байна? Хаа газар л байдаг 2 хүний жижиг 2 модон байшинд бид хуваагдаж оров. Дүүш, эйр кондишн, агаарын сэнс, далдуу модоор хийсэн тун тохилог ор, ширээ сандал гээд дутуу юмгүй. Бас интернетэд найдвартай холбогдож байсанд бид их баярлав. Арав гаруй ийм жижиг байшинг Hat гэж нэрлэх бөгөөд нэг айлын өмч аж. Яг л үйлчлэгч ч юм шиг, эзэн нь ч юм шиг бүсгүй биднийг шаардлагатай бүхий л зүйлээр хангах аж. Бидний хүссэн хоол хийж өгнө, бас борцтой шөлөө хөлс дуслуулан уух бололцоог тэр л бидэнд олгож байв. Нутгийн жимсээр биднийг дайлна. Ер нь ааш зан сайтай, соёлтой харилцаатай, хөнгөн шуурхай, анхаарал халамжтай байсанд бид их баярлацгаасан юм. Тосгоны сургуулийг би ажиглан харахад тэр хавьдаа л хамгийн том, тохитой, цэвэрхэн байртай аж. Биеийн тамирын маш том талбайтай, хүүхдүүд чөлөөтэй амарч гүйлдэх нь энэ улсад сургуулиуддаа нилээн анхаарал тавьдаг юм байна. Манайх шиг сургуулийн байрыг дэрлүүлээд зочид буудал, дэлгүүр, гуанз, орон сууцны барилгыг наагаад барьчихдаггүй юм билээ. Хажуу замуудын хөдөлгөөнийг хязгаарласан байх ажээ. Тосгон гэдэг нэрээр нь би нэг сумын төв аятай гэж бодсон чинь багахан аймгийн төв шиг л санагдав. Олон зуу хүрэх байх, гуанз мухлаг байх аж. Орчин үеийн үйлчилгээтэй, Тайландыг сүлжсэн Америк стилийн Seven-Eleven дэлгүүр ч байна. Олон зуун хүнд зэрэг үйлчлэхээр хоолны газарт тайз засч, орон орны хүмүүс өөрийн үндэсний дуу хуураа дуулж хөгжимдөж, оройн турш хөгжилдөх юм. Хүү Золбаяр ч дутсангүй хөөмий урлагаа танилцуулж хөөмийдсөн нь хүмүүсийн гайхлыг татсан номеруудын нэг болов. Бид ч уянгат аялгуугаа чагнаж сэтгэл өндөр байлаа. Тэр оройны бидний идсэн уусан хоол яагаад ч юм амттай байв. Олон арван угаалга, цэвэрлэгээний газар, иллэг массажийн олон газар оройн болгон битүү хүнтэй байна. Бид ч юу гэж дутахав, Тай массажны ид шидийг үзэж явлаа. Үнэ нь ч хямд. Бүтэн цагийн массаж гэхэд манайхаар 10 мянган төгрөг байгаа нь хямд гэсэн үг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар буй, 2 хүний тохилог байрууд нь хоногт 15 мянга гэхэд бас л боломжийн хэрэг юм. Тэндхийн зарчим бол олсон ганц нэг жуулчнаа “зулгааж саагаад” явуулах биш, байнгын олон хүн ирүүлэхийг сэтгэлээрээ хичээх тул үнийн бодлогоо ч уян хатнаар зохицуулж, үйлчилгээний чанартаа л их анхаардаг юм байна. Ийм аятайхан нөхцөл байдалд хэдий саятан биш ч гэлээ, мөнгөө харамлаад байх сэтгэл төрдөггүй, яагаад гэвэл бүх юмны үнэ манайхаас бага байхад нарийлаад ч яах юм гэсэн байдалд ордог юм билээ. Ажиглаад байхад аялагчид, жуулчдын дийлэнх нь мөнгөө барж ядсан хүмүүс биш, харин үзэж харах, танин мэдэх, амрах гэсэн л хүмүүс байдаг нь харагдаж байлаа. Харамч биш, тэгсэн мөртлөө их мөнгөтэй (бидний бодоход), бас өглөгч үрэлгэн биш, нарийн тооцоотой гэдэг нь ч харагдаж байлаа. Буцаалт бутархай мөнгөө ер нь л ихэнх нь тоолоод хармаалдаг юм билээ. Хүний газар, олон орны хүмүүсийн дунд явж байгаа хүн нэрээ, улс орныхоо нэр төрийг өндөр өргөж явах үүрэг хариуцлага өндөрждөг юм. Биеэ авч явах байдал, соёл, харилцаа гээд өөртөө тавих шаардлагаа ч дээшлүүлэхийг өөрийн эрхгүй хичээж явлаа. “Нэрэлхээд нэрээ иддэггүй “ гэх маягийн үг зөв биш гэж бодогддог. Бид бол агуу их түүх, уламжлалтай, дэлхийн түүхийг яруу тодоор бичилцэж ирсэн, одоо ч олон улсын дунд сайн нэрээ бататгаж яваа улс болохоор бид гадаадад ч, дотоодод ч нэр төр, ёс горимын шилдэг чанараа хадгалж явахыг хичээх нь бидний үүрэг юм. Лаост, бас Тайландад жирийн хүмүүс, ялангуяа залуучууд тамхи бага хэрэглэдэг нь ажиглагдаж байлаа. Бүхий л хүмүүс хөдөлмөрлөж амьдралаа дээшлүүлэх гэсэн нэгэн үзүүрт сэтгэлд хөтлөгдөж байна уу гэсэн бодол төрлөө. Энэ сарын хугацаанд гудамжинд согтоод уначихсан, зодоон цохион хийж буй, орилж хашгирч буй тийм зүйл ер тааралдаагүйг би онцлон анхаарсан юм. Канадын 17 орчим настай хоёр охин биеэ даан аялаж байх юм. Лаост таарч, усан онгоцоор 2 хоног цуг аялаж, бас Тайландын Чангма хотод дахин таарсан тэр хүүхдүүдэд Золбаяр: “Та хоёр намайг яагаад дагаад байгаа юм вэ?” гэж асууж инээлдэж байлаа. Зоригтойдоо явж байна гэхээс Лаос, Тайландад аюулгүй гэсэн итгэлийг эцэг, эх нь лавтай авсантай холбоотой байсан бизээ. Гар хөлгүй ч юмуу, тахир дутуу 3-4 хүн л алга тосон гуйлга гуйж байх тааралдсаныг эс тооцвол бүх л хүмүүс ажил, амьдрал гэж л зүтгэсэн хүмүүс гэж ойлгогдож байлаа. Ажил үйлчилгээгээ үнэхээр сэтгэлээрээ хандаж хийж байсан нь надад тун сайхан сэтгэгдэл үлдээв. Тайван, аюулгүй, үйлчилгээ харьцангуй хямд, хүмүүс нь элэгсэг найрсаг, ажил үйлчилгээндээ үнэнч байх нь гадаадын жуулчдыг татах Тайландчуудын нэг увдис юм гэж бодогдлоо.

Jambalsuren Thailand (47)

Jambalsuren Thailand (48)

Jambalsuren Thailand (49)

Jambalsuren Thailand (50)

Jambalsuren Thailand (51)

Jambalsuren Thailand (52)

Jambalsuren Thailand (53)

Jambalsuren Thailand (54)

Jambalsuren Thailand (55)

Jambalsuren Thailand (56)

Jambalsuren Thailand (57)

Jambalsuren Thailand (58)

Пай тосгоноос зааны тосгон руу бид очив. Тэр тосгоны залуу ниссан жийп машинаараа 30 гаруй минут давхиж, биднийг авчрав. Тосгоноос, тосгонд бас л сайхан хар зам тавьжээ. Зоопаркид уйтгарлан байдаг зааныг үзэж байсан болохоос урт насалдаг, тайван амгалангийн билэгдэл болсон энэ агуу сайхан амьтантай уулзан танилцаж байсангүй билээ. Өөрийг нь хайрлан бишрэх сэтгэлээр харж хандаж байсан биднийг тэрээр сайн ойлгож эрхлэж байсан нь санаанаас гарахааргүй үлджээ. Бид заан унаж зугаагаа гаргахыг бодсонгүй, харин үдийн хоолыг нь дааж, хажууд буй лангуунаас дуртай хоол-модыг худалдан авч өгснийг тэр их л амтархан идэж байлаа. Бид заан услах, усанд оруулах ажлыг нь “ивээн тэтгэв”. Ханатлаа ус ууж, бас усанд шумбасан тэрээр хамраараа бидэнд эрхэлж байснаа анхны газар луугаа биднийг дагуулан яаран алхав. Зааны эзний ярьснаар анхны газраа очиж зочдоор хоол-модоо авахуулж идэх гэж яарч буй нь тэр ажээ. Бид ч түүний хүслийг биелүүлсэн юм. Өдөрт гэхэд л заантай “найзлахаар” олон арван жуулчид, зочид гийчид ирдэг ажээ. Хөдөөгийнхөн амьдралаа дээшлүүлэхэд ийм төрлийн үйлчилгээ мэдээж нэмэр болдог юм байна. Манай Богд хаантан заантай байсан гэж ярьж бичдэгээс үзэхэд гэгээнтэн маань танин мэдэхүйн өвөрмөц мэдрэмжтэй нэгэн байсны нотолгоо юм.

Jambalsuren Thailand (62)

Jambalsuren Thailand (63)

Jambalsuren Thailand (64)

Jambalsuren Thailand (65)

Jambalsuren Thailand (66)

Jambalsuren Thailand (67)

Jambalsuren Thailand (68)

Jambalsuren Thailand (69)

Jambalsuren Thailand (70)

Jambalsuren Thailand (71)

Jambalsuren Thailand (72)

Jambalsuren Thailand (73)

Jambalsuren Thailand (74)

Jambalsuren Thailand (75)

Jambalsuren Thailand (76)

Пай тосгон Бирмийн хилд тун ойрхон байв. Хүү тийш нь орох бололцоо судалсан боловч виз авах хот нь хол, гадаадынханд тийм ч нээлттэй биш, бас тэгээд аав, ээжийгээ ядрахаас болгоомжилж, хөлгийн жолоог Тайландын төв нутгийн зүг рүү чиглүүлэв. Эргэж Чангма хотдоо нэг хонож, түм бужигнасан шөнийн гудамжаар нь зугаалаад, маргааш нь Бангкок чиглэлийн гоёмсог автобусанд сууцгаав.

Jambalsuren Thailand (77)

Jambalsuren Thailand (78)

Тус улсын төв хэсэг руу явж байх үед цагдаагийн пост дээр бидний автобусыг зогсоолоо. Арав гаруй цагдаатай, нилээн тохитой цэг байв. Бүрэн зэвсэглэсэн, сүрлэг формтой аж. 3 залуу орж ирж бүх зорчигчдын баримт бичиг шалгав. Биднийг бол тэгэс ингэсхийгээд өнгөрөөв. Харин 7-8 нутгийн залуусыг буулгаж, нэг бүрчлэн нэгжиж байгаа нь сонин харагдаж байв. 3-4 ийг нь аваад хоцров. Автобус хөдлөн 2 цаг гаруй яваад дахин түрүүчийн маягаар шалгав. Дэглэм чангатай орон юм байна гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байлаа. Энэ шалгалт нь орон нутгаас төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хязгаарладаг байх. Түүнчлэн Тайланд тэр бүсдээ л том орон учраас зэргэлдээ орнуудаас нэвтрэн орох гэсэн хууль бус цагаачдын хөдөлгөөнөөс ч болгоомжилсон алхам юм билээ. Байнга шалгуулах юм боловуу гэсэн харин дахиад ийм шалгалт бүү хэл, цагдаа цэргийн дүрэмт хувцастай хүн ч үзэгдэх нь цөөрсөн нь бидний таагүй байдлыг арилгаж, бүр дэндүү гэмээр тайван амгалан аяллаа үргэлжлүүлэх бололцоо олгов. Урьдчилан төлөвлөсөн байснаар бид Тайландын хуучин нийслэл Сухотай хотод ирэв. Би энэ хотыг Сүх хот гэж нэрлэв. Энэ бол хуучин нийслэл нь бөгөөд гучаад мин явах газар шинэ Сухотай хот байх. Автобусны зогсоолын яг хажууд буй тун тохилог зочид буудалд 1 хоног сайхан амарч хонов. Интернет холбоо, үйлчилгээ ер нь тааламжтай байлаа. Оройн автобусаар аяллаа үргэлжлүүлэх тул өдөртөө эртний хоттой танилцахаар шийдэв. Аяллаа тав тухтай хийхийн тулд такси хөлслөн хөдөлтөл эртний хотын хашааны харалдаа зочид буудлаас бараг л таван алхмын зайтай байсан юмсанж. Гэвч нэгэнт тохирсон юм чинь таксигаараа хоттой танилцав. Эртний Зүүн өмнөт Азийн стилийн олон гоёмсог орд харшууд байлаа. Эртний Анкорын соёлын нөлөөний нэг хэсэг нь энэ ажээ. Барилгын гоёл чимэглэл, ур хийц үнэхээрийн гайхамшигтай энэ барилгууд бас л 12-13-р зууны үед баригдсан. Он цагийн эрхэнд элэгдэж хуучирсан нь ажиглагдахаас, эвдэж сүйрсэн юмгүй байсан нь гүн сэтгэгдэл төрүүллээ. Хотын хамгаалалт, сэргээн босголт, орчны тохижилт, хотыг тойруулан аялал жуулчлал зохион байгуулж байгаа нь тун сайхан сэтгэгдэл төрүүллээ. Жирийн иргэд нь ч энэ ариун дагшин газраа ирж амарч зугаалж байгаа нь ч сайхан санагдлаа.

Jambalsuren Thailand (79)

Jambalsuren Thailand (80)

Jambalsuren Thailand (82)

Jambalsuren Thailand (83)

Jambalsuren Thailand (84)

Jambalsuren Thailand (85)

Jambalsuren Thailand (86)

Jambalsuren Thailand (87)

Jambalsuren Thailand (88)

Jambalsuren Thailand (89)

Jambalsuren Thailand (90)

Бид Зүүн өмнөд Азийн их хотын зүг хөдлөв. Шөнөжин яваад өглөөгүүр Бангкокт орж ирэв. Төлөвлөсөн ёсоор нийслэлийг буцах замдаа тухтай үзэхээр болж, өөр автобус хөлөглөн аялал жуулчлалын Паттая хотод ирцгээв. Мөн л жуулчдын байрладаг раионд бууцгаав. Энэ нь далайнхаа хөвөөнд, үйлчилгээний цэгүүд төвлөрсөн, тусгай цагдаа хамгаалалтай, аюулгүй орчин байдаг аж. Хот нь тэдний ойлголтоор жижигхэн, гэтэл хэрэг дээрээ маш сайн төлөвлөлттэй баригдсан, манай нийслэлээс том хот байв. Анхны үдэш хоттой танилцах зорилгоор хамгийн өндөр барилга эрцгээв. 36 давхар Хилтон зочид буудал “шалгарав”. Үйлчилгээ нь нээлттэй. 26 давхартаа том усан бассейнтэй, 36 давхартаа байгаа хоолны газраа (манай Скай лонж шиг) чөлөөтэй, мэдээж гадаадынханд үйлчилдэг, үнэ хөлс нь ч тэнгэрт хадсан биш байх юм. Тэнд бид амарч, ирсэн хотынхаа шөнийн гэрэл гэгээг дээрээс харж, бас виски шимэн суухад эрт урьдын хол ойрын олон зүйл бодогдож, сонин мэдрэмж төрж байлаа. Бидний даруухан зочид буудал бол тохилог, гудамж нь дүүрэн хоолны газар. Өдөр ч, орой ч үйлчилгээ цаг хязгааргүй. Хувийнхан, ялангуяа тэргэнцэр дээр хоол хийж зардаг хүмүүс хэдэн зуугаараа. 3 дугуйтай мотоцикл дээрээ тээх хийчихсэн, дээр нь Абсолют, Шотланд виски, пиво зараад, хажууд нь загас мах шараад, жижиг ширээ, сандал засчихсан жижигхэн нүүдлийн “ресторанууд ч” олон байх юм. Монгол хүний сэтгэлээр эхлээд “эвэртэй туулай” үзсэн мэт сонирхсноо ч нуугаад яахав. Бодсон чинь Америкт харсан сонин зүйлээ гэнэт саналаа. Бид нэгэн том цэцэрлэгт хүрээлэнд шөнө зүлгэн дээр хэдэн мянгаараа сууж, том дэлгэц дээр кино үзэж билээ. Хүмүүс гал галаараа, найз нөхдөөрөө хоол унд, виски, шампанск вино гарган ууцгааж тэрүүхэндээ найрлаад, кино үзэх нь тэр. Хаанаас ямар цагдаа ирж юу гэх бол гэсэн тийм зүйл ч байсангүй. Бас Чикагогын гол задгай концертын их танхимд джаз хөгжмийн дэлхийд алдартай хамтлагын концерт үзэж билээ. Сандлын арын зүлгэн дээр суусан олон мянган хүн гэр бүл, найз нөхдөөрөө мөн л ууж суух нь тэр. Үзэх, чагнахын хажуугаар чөлөөтэй амарч байгаа нь тэр ажээ. Цагдаа нар холуурхан тэднийг хамгаалах үүргээ гүйцэтгэхээс дөхөж ирж, үзэгчдэд үг хэлэх нь ч харагдсангүй. Үзвэрийн газар, олон нийтийн газар “уух нь” бүү хэл газраас ирсэн би гэдэг хүн тэр үед бас л шоконд орж байж билээ. Хүн ер нь байнга гайхсаар, шинэ мэдрэмжтэй байнга тулгарч байх амьтан юм шив дээ. Мотоцикл дээр зассан баялаг сонголттой, хөдөлгөөнтэй “ресторан” инээд хүрмээр байсан ч Тайландын ард түмний бизнесийн эрх чөлөөний нэгэн билэг тэмдэг шиг харагдаж байлаа. Гудамжнаас юм авч идэж болохгүй гэсэн замын туршидд олон удаа хордлого авсан хүүгийн “хатуу хоригтой” байсан болохоор би жаахан хараад л өнгөрч билээ. Дэлгүүр захууд нь гол төлөв үндэсний болон гар урлалын зүйл, хувцас хунар, аялалд хэрэгтэй зүйл л зарна. Яагаад ч юм бичиг хэрэглэлийн дэлгүүр юмуу, DVD CD авчих дэлгүүр энэ олон хоногт тааралдахгүй байсанд гайхаж байлаа. Гадаадынхны мөнгийг элдэв зүйлд үрэлгүй, зөвхөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд л “даруухнаар”чиглүүлэх бодлого явж байна уу л гэмээр байлаа. Хүү Золбаяр удаан бодсоны эцэст боловуу, хоёр дахь өдрөө эндхийн шөнийн амьдралтай танилцуулсан юм. Бүтэн гудамжны хөдөлгөөнийг хааснаар бүхэлдээ шөнийн цэнгээний газар болох аж. Шөнийн 12 хавьд эхэлсэн тэр арга хэмжээнд бид 02 хүртэл л байсан юм. Гудамжны хоёр талын олон байшингууд өөр өөрийн өнгө аястай шөнийн клуб байсан юмсанж. Олон янзын хөгжим, дуу бүжиг тэр хавиа л доргиож байлаа. Бокс зодоон, стриптиз, эрэгтэй эмэгтэй нь ялгагдахгүй залуусын шоу бүжиг гээд эрээн бараан амьдралын бараг бүх л үзүүлбэр байх аж. Тэр гудамж бүрэн хамгаалалтанд байлаа. Тэнд Тайланд, Австрали, Малайз, Орос цагдаагийн формтой олон улсын “жуулчны цагдаа” нар бэлэн байдалд ажиллаж байв. Бас ч гэж хөгжилтэй, гадаадын аялагч жуулчлагч нартай зураг татуулж нөхөрсөг нь аргагүй байх юм. Сүүлчийн зочин ядарч, унтмаар санагдах хүртэл л ресторан, клубууд нь ажилладаг бололтой. Залуучуудын хүмүүжлийн асуудалд байнга санаа зовж явдаг багш хүний хувьд Тайландын шөнийн амьдрал нэг биш байлаа. Өөр үндэстэн ард түмнүүдийн амьдралын бараг л хэв шинж болсон үзэгдлийг шүүмжлээд ч яах билээ. Далайн эргийн гудамж дагаад манайхнаар “шөнийн эрвээхэйнүүд” хангалттай дүүрэн. Эрэгтэй “эрвээхэй ч “ олон байх аж. Олон мянган гадаадын жуулчид дотор ижил бодолтой хүмүүс ч мөн л олон гэдэг нь ч ойлгомжтой. Хаант засагтай, хатуу хуультай, чанга дуугарахад л олонхи хүндэтгэн дагадаг энэ оронд дээрхи асуудал бараг л ерийн үзэгдэл болсоны учрыг би ойлгоогүй юм… Урт аян, Паттаягийн пижигнээнд ядарсан аав ээжийгээ амраах шийдвэрийг хүү гаргалаа.

Jambalsuren Thailand (91)

Jambalsuren Thailand (94)

Jambalsuren Thailand (95)

Jambalsuren Thailand (96)

Jambalsuren Thailand (97)
_MG_6744

Jambalsuren Thailand (98)

Jambalsuren Thailand (99)

Jambalsuren Thailand (100)

Jambalsuren Thailand (101)

Jambalsuren Thailand (102)

Jambalsuren Thailand (103)

Jambalsuren Thailand (104)

Jambalsuren Thailand (105)

Jambalsuren Thailand (106)

Jambalsuren Thailand (107)

Усан онгоцоор цаг гаруй явж очих аралд биднийг аваачив. Далайн сэрүүн цэвэр агаар, хэд хэдэн наран шарлагын газартай бас л хөлийн газар байв. Оройхон ч гэсэн наран шарлагын газар очив. Далайн ус дулаан аятай байлаа. Хүн ихтэй байдаг бололтой үйлчлэгч нар нь ч сүрхий байв. Хоёрхон цаг болно, орой болж байгааг учирласан ч ор сандлын бүтэн өдрийн хөлс авав. Арлынхан бүгд л үйлчилгээний ажил эрхлэх ажээ. Жинхэнэ хөдөөний мөртлөө тохилог буудалд байрлав. Эзэн үйлчлэгч аль нь ч байж болох залуус тун аятайхан зантай хүмүүс байв. Сүүлдээ хүүтэй найз нөхөр болж, Монголын талаар хөөрөлдөж, бас дайлж, шөнө дөл болцгоов. Далайн жижиг арал дээр хонож өнжсөн нь намтар түүхэнд минь бичигдэхээр сонин тохиол байлаа. Маргааш өглөө нь тэд өөрсдийн мэдлийн нь бололтой шарлагын газар өөрсдийн унаагаар хүргэж өгөв. Бид тэнд сэлүүхэн, цөөн хүнтэй тул цэвэрхэн орчинд үд хүртэл амарцгаав. Энэтхэгийн далайн салбар – Тайландын хоолойд том жижиг усан онгоц олноор зорчиж байсан нь тун сонин харагдаж байлаа. Үдээс хойш хамгийн том наран шарлагын газар очсонд бүр ч олон хүнтэй байв. Дулаан бүлээн ус, нарны туяа хослон хоёрхон хоногийн дотор би гэдэг хүн бор дээр бүр ч хар бор болов. Тэндээс нэг л хэсэгтээ холдмооргүй байсан ч төлөвлөгөө ёсоор бид орой нь Паттаяд буцан ирж, маргааш их хот Бангкокын зүг хөдлөхөөр боллоо. Агаар, усанд нэвт цохиулсан бид ч тун сайхан унтацгаав.

Jambalsuren Thailand (108)

Jambalsuren Thailand (109)

Jambalsuren Thailand (110)

Jambalsuren Thailand (111)

Jambalsuren Thailand (117)

_MG_7231

_MG_7252

_MG_7253

_MG_7352

Jambalsuren Thailand (112)

Jambalsuren Thailand (113)

Jambalsuren Thailand (114)

Jambalsuren Thailand (115)

Jambalsuren Thailand (116)

Jambalsuren Thailand (117)

Маргааш нь үд хавьд бид их хот Бангкокт буулаа. Асар том хот юм. Тэндхийн зарим автобусанд суухад онгоцонд яваа юм шиг автобус тохитойг хэлэх үү, нэг мэдэхэд бид төвийн бүсэд орж ирсэн байлаа. Тайландын хилээр орж, том хотуудаар явах үедээ энэ бол Хаант улс гэдгийг бидэнд сайтар ойлгуулж байв. Гудамж болгон эзэн хааны гоёмсог, том хэмжээний хөрөг байрлуулсан байлаа. Ер нь бараг бүх газар хөрөг нь байх юм. Бүр хатны, гүнжийн томоохон хөрөг зураг олон тоотой байлаа. Олонхи эзэн хаандаа хүндэтгэлтэй ханддаг нь ойлгомжтой байв. Хөрөг зурганд нь мөргөж, залбирч байгаа хүмүүс ч олон тааралдав. Эртний өвөрмөц түүх, соёлтой энэ орон орчин цагт бас л хүчирхэг, соёлтой орон болж чадсан болохоор хааны гэр бүлийнхнийг хүндэтгэх нь ч аргагүй биз. Хааны хуучин ордон нь олон арван барилгатай гоёмсог цайз байв. Гэтэл хааны гэр бүлийнхэн одоо олон сайхан орд харшид суудаг аж. Жолооч нэгэн гоёмсог байшинг зааж хааны 8 дахь ордон гэж хэлж байлаа. Хуучин ордууд нь музей болжээ. Төрийн ордон, хааны ордон бол тэр улсын тусгаар тогтнол, зориг хийморийн баталгаа үзүүлэлт мөн юм байна гэж ойлгогдож байлаа.

Тус улсын Ерөнхий сайд (хаанд, хатанд биш) гүнжид ажлаа танилцуулахдаа шалан дээр хэвтэн залбиран байгаа зураг интернетэд цацагдсан нь фото эвлүүлэг биш бол “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэх эрхэм зарчим тэнд л байна уу гэж бодогдлоо. Манайд төрөө дээдлэх, төр засгийн тэргүүн нараа, УИХ-ын гишүүд нараа хүндэтгэх, үйл ажиллагааг нь дэмжих, тойрон нягтрах талаар дээр дороо нэгийг бодож, төр, ард түмний эв нэгдэл, холбоог бэхжүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй юм билээ.

Хэт өндөр шилэн барилгатай шинэ хороолол ч байх. Бас хуучны өнгө төрхөө хадгалсан, жижиг цонхтой, сайтар торлож хамгаалалт хийсэн хороололууд ч байх юм. Бид өмнөөс хойт цэг хүртэл нь автобусны цонхоор, дараа нь метроны цонхоор сайтар харж авлаа. Метроны олон шугамтай, 3 давхар байшингийн оройгоор мэт тавьсан замаар хурдлах бөгөөд дуу чимээ аядуу, соёлжилт, тохижилт сайтай сайхан метро байв. Дараа нь Хааны ордон музейгээс холгүй жуулчдын хороолол хүртэл таксигаар явсан бөгөөд тоолуурын заалт нь санаанд оромгүй бага байлаа. Зочид буудал нь илүү тохилог ч үнэ нь суга өсдөггүй юм байна. Хүний хэрэгцээт үйлчилгээ бүрэн байлаа. Үйлчлэгч залуус нь ч уриалгахан тусч хүүхдүүд байсан нь санаанд үлджээ. Тайландыг сүлжсэн урьдын танил “Seven Eleven” дэлгүүр яг хажууханд байсныг хэлэхүү. Үнэ тогтвортой, баталгаатай, сонголттой Америк сүлжээний дэлгүүр бөгөөд бид явсан газар бүхэндээ түүнтэй “найзалж” байсан юм. (Бангкок 2013.04.30.)

Jambalsuren Thailand (118)

Jambalsuren Thailand (119)

Jambalsuren Thailand (120)

Jambalsuren Thailand (121)

Jambalsuren Thailand (122)

Хоёр дахь өдрөө бид эзэн хааны ордон музей үзэхээр очсон боловч 15цагт хаадаг ажээ. Хүү маш хурдан төлөвлөгөө зохиов. Бангкок хотын дундуур урсдаг алдарт Чао Прая мөрөнг завиар гаталж, тус хотын түүх соёлын алдартай дурсгал болох Wat Arun (Бат Ариун) сүм хийдийн цогцолбор үзэв. 70 м өндөр энэ гоёмсог сүрлэг байшингийн шат нь маш эгц байсан тул бид нилээн сандарч гарав. Янз бүрийн өнгөт чулуу, шил шаазангаар хээлсэн гоёмсог том цогцолбор байсан нь бас л харсан үзсэний дунд рекорд тогтоов. 60 м-н өндрөөс 4 зүг, найман зохисыг ажиглан харах боломжтой ажээ. Ертөнцийн томоохон хотуудын нэг Бангкокын дүр төрх үндсэндээ харагдаж байлаа. Тайланд үндэсний хувцсаар гоёсон залуустай зургаа татуулцгаав. Энэ сүрлэг цогцолбороос холдох тутам тэр хавьдаа тэнгэрт тулсан гэмээр энэ барилга үдшийн гэрэлд улам ч сайхнаар харагдаж байлаа. Том хотын мөнгөн эмжээр гэгддэг үзэсгэлэнт Чао Прая мөрнөөр усан онгоцоор хотын төв хэсэгт очсон юм. Сарны гэрэлд мөрний ус гялталзан туяарч, олон орны зочид шөнийн их хотын үзэмжийг гайхан шагширч, хотын шинэ хэсгийн шил толь болсон барилгуудыг сонирхон харж байлаа. Шөнийн Бангкок үнэхээр үзэсгэлэнтэй сайхнаар сэтгэлд үлджээ. Бангкок хотын аяллын оргил цэг нь Эзэн хааны ордон музейг маргааш үзсэн явдал юм. Гайхамшигтай цогцолбор байв. Эрдэнийн элдэв чулуу, металиар өнгө будаг алаглуулан сийлж урласан олон ордон, цамхаг алсаас гялалзан харагдаж байлаа. Орох хаалганы дэргэдэх өрөөнд ордны хамгаалалтын 10 гаруй цэрэг байлдааны бүрэн зэвсэглэлтэй ээлж солилцож байгааг харахад Кремлийн ордны харуул солигддог мөч адил санагдлаа. Гол гол байранд ёслолын хувцас өмссөн залуус зогсож байв. Ярихгүй, хөдлөхгүй ч гийчидтэй зургаа татуулах нь тэдний зочломтгой шинжийг харуулж байлаа. Ордон музейг үзэхэд нэг хүн манайхаар 25000 төгрөгөөр билет авах ажв Ордны эрдэнэсийн сан хөмрөг, зэвсэг, одон медалийн 2 давхар музейг бид нилээн удаан сонирхов. Бүхнийг эртнээс нандигнан хадгалсан байв. Одоогийн хаан энэ ордонд амьдарч байгаад музей болгон үлдээгээд өөр ордонд орсон ажээ. Өмнөх үеийн хаадынхаа дурсгалыг мөнхжүүлж хүндэтгэлтэй хандаж буй нь мэдээжээр хүн чанарын эрхэм шинж мөний зэрэгцээ, түүх соёлын өвөө музей болгон, олны хүртээл, хойч үедээ уламжлан үлдээж, бас улсдаа их хэмжээний орлого оруулдаг обьект болгосон нь ухаалаг төрийн зүтгэлтний үйлс юм даа гэж би бодсон юм. Эзэн хааны мөргөл үйлддэг сүм нь үнэхээр агуу дүр төрхтэй байсныг онцлон тэмдэглэх нь миний үүрэг юм. Өмнөх сүм дугануудыг бишрэн харж байсан хүний хувьд энэ сүм хамгийн том, хамгийн шилдэг, хамгийн олон гоёмсог бурхантай нь байлаа. Орж мөргөл хийхийг зөвшөөрдөг боловч үгээр дүрслэж чадмааргүй энэ гайхамшгийг фото хальсанд үлдээхийг хориглож байлаа. Гаднаас төв том цонхоор зураг авахыг харин хөөж туугаад байдаггүй юм байна. Энэ гоёмсог сүмийн гадна тал нь урлагын гайхамшигтай бүтээл мөн байв. Олон туслах сүмүүд нь шашны уран барилгын дээжис гэж хэлэхээр тун сайхан цогцолбор ажээ. Хажууханд нь хааны ордны 4 давхар томоохон барилга байсан нь мэдээж олны сонирхлыг татлаа. Хэзээ нэгэн цагт энэ орны эзэн хаан амьдарч байсан байшингийн дэргэд зочид бүгдээрээ л зураг татуулж байлаа. Хүү Золбаяр надад: Ааваа та бичлэг хийх, зураг авахад бүх анхаарлаа чиглүүлээд байх юм. Энэ ажлаа та нэг хэсэг орхиод ордон музей, уран барилгын сайхныг мэдэрч, бодож, үзэж хараарай гэсэн нь яах аргагүй зөв байлаа. Хааны ордон музейг бид 4 цагын турш үзсэн байв. Энэ бас л миний рекортд амжилт болов. Эртний соёлын энэ гайхамшгийг бид ихэд сонирхсон бөгөөд ордон музейг орхин гарсан хамгийн сүүлчийн зочид нь бид байлаа. Цаг бол алт. Дараагийн үзвэр лүү бид яарав. Хааны ордноос 25 минут хиртэй зайнд Бангкокын түүх соёлын гайхалтай нэгэн дурсгал байх бөгөөд энэ нь унтаж байгаа Будда бурханы аврага том баримал юм. Яг л бүхэлд нь алтаар хийсэн юм шиг гялалзаж байв. Мөн элдэв төрлийн эрдэнийн чулууг суулгаж өгчээ. Тайван амгалангийн билэгдэл болсон энэ хөшөө 1785 онд баригдаж эхэлсэн аж. Лаос, Тайландад унтаж байгаа Буддагийн хөшөө баримлууд олон тааралдаж байсан бөгөөд энэ нь хамгийн том нь, манай Мэгжиджанрайсаг бурхнаас ч урт байлаа. Энэ орнуудад Будда бурхныг дээдлэн шүтэх явдал ер нь хувааргүй ноёрхож байдаг юм байна. Эрж сураглаад яваагүй ч гэсэн нүдэнд л лав бусад шашны барилга сүмүүд өртөөгүй болохоор Лао, Тайчууд уламжлалт Буддын шашиндаа чин үнэнч хүмүүс юм байна гэсэн бодол төрж байлаа. Тайландын нийслэлд өнгөрүүлсэн 4 хоног нүд ирмэхийн зуур мэт л өнгөрлөө. Зүүн өмнөт Азийн түүх соёлын томоохон төв Бангкок бидэнд сайхан сэтгэгдэл үлдээв. Хүүгийн дараа дараагийн их үйлсийг бодон түүнийг чөлөөлөх, “ирсэн зочин буцдаг” жишгээр бид ч нутгийн зүг хөлгийн жолоо залах болов. Бидэнтэй танилцсан сүүлчийн хүн болох таксийн жолооч маань монгол удам судартай хүн гэдгээ бахархан тайлбарлаж байв. Монголын тухай мэдээлэлтэй хүн аж. Тайландын Ерөнхий сайдын манайд хийсэн айлчлалыг сайн мэдэж байсан төдийгүй Монгол улсын үндэсний үйлдвэрлэл маш хурдан өсөж, ер нь удахгүй бар орон болох гэж байгаа гэж ойлгодгоо хэлж байв. Бид Монголд ирэхийг урихад “тун хол газар, санхүүгийн бололцоо гарахгүй биз” гэж үнэнээ хэлэв. Бид түүнд Монгол төгрөг дурсгал болгон өгч, илүү сайн сайхан, баян чинээлэг болохыг ерөөхөд тэр бүр ч баярлан хөөрч байлаа. Бангкокын аэрэпорт том гэдэг нь ойлгогдож байв. Тэнд бүх зүйл ном ёсоор хурдан түргэн амжиж байлаа. Нэг их шалгаад сориод байдаггүй юм байна. Бангкокд худалдаж авсан камерийн үнийн 7 хувийг иммиграшн дээр бодоод буцаагаад өгөх юм. Хүнд суртал, хүнийг гүйлгэх, гуйлгах гээч юм бүр алгаа. Албархуу мөртлөө аятайхан зантай, боловсон Тайландчууд биднийг “үдэж өгөв”. Түм түжигнэсэн, бум бужигнасан гүрэн Тайланд дахин уулзатлаа баяртай. ( Гонконг.2013.05.01.)

Jambalsuren Thailand (123)

Jambalsuren Thailand (124)

Jambalsuren Thailand (125)

Jambalsuren Thailand (126)

Jambalsuren Thailand (127)

Jambalsuren Thailand (128)

Jambalsuren Thailand (129)

Jambalsuren Thailand (130)

Jambalsuren Thailand (131)

Jambalsuren Thailand (132)

Jambalsuren Thailand (133)

Jambalsuren Thailand (134)

Jambalsuren Thailand (135)

Jambalsuren Thailand (136)

Jambalsuren Thailand (137)

Jambalsuren Thailand (138)

Jambalsuren Thailand (139)

Jambalsuren Thailand (140)

Jambalsuren Thailand (141)

Jambalsuren Thailand (142)

Jambalsuren Thailand (143)

Jambalsuren Thailand (144)

Jambalsuren Thailand (145)


Jambalsuren Thailand (73)Jambalsuren Thailand (74)Jambalsuren Thailand (75)Jambalsuren Thailand (76)

Horaayy..there are 6 comment(s) for me so far ;)

#1

Энэхүү тэмдэглэлийн өмнөх хэсэг
http://www.amai.mn/archives/17389

amai wrote on 2013/07/27 - 01:41
#2

saihan dursamjtai aylal bolje bayar hurgie,bayrlalaa.shine gazar oron uzmeer sanagdaj bna.tailandin ezen haan busad orni haaduudin dund hurungu chineegeere ehen havid barag 1,2-t baih ordog tuhai unshij baisnaa sanalaa.

Buya wrote on 2013/07/27 - 14:52
#3

hi<mash saihan bichjee. Uuruu ochoogui ochson met setgegdel turluu.
Tanai ger buld az jargal husie.

Bayarlalaa

secu wrote on 2013/07/29 - 14:51
#4

Tanii bichsen temdegleliig unshihad ih sonirholtoi buguud nariulga saitai bailaa. Bayarlalaa.

jana wrote on 2013/07/29 - 15:50
#5

undur baishinguudtai tengeriin hayagaar gerel tussan baidaltai 128-r zurag goe zurag bna.

Buya wrote on 2013/07/30 - 12:25
#6

AGUU YUMOO SAIHAN TAILBAR BICHIJ SAIHAN ZURAGNUUD BNA. HAMT AYALSAN MET L BOLLOO BAYARLALAA TANID.JAMBAL GUAI.!

DUUCHIN DEMBERELDORJ wrote on 2013/09/13 - 14:28
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.