2013 оны 1 сарын 8

Монгол Бадарчин 3 дугаар аян. 70.2 дахь улс. Дундад улсын Макао арал.

Улаанбаатараас нисч, Хонг Конг-д шинэ оноо гаргаад, Шинжин хотоор дайрч, хуучин Португалийн колони байсан Макао арал дээр ирээд байлаа.

Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг Монголчууд намайг урьж, боломжоороо дэмжихийг хичээдэг бөгөөд, Макаод амьдардаг Оюун гэх бүсгүй энэ удаа намайг хүлээн авч, өөрийн найз, Макаогийн уугуул ООО (нэрийг нь мартсан болно) гэх португал хүнтэй танилцууллаа.

Ахимаг насны, залуу сэтгэлгээтэй, Монголд ээлтэй ООО нь нутгийн португали хэлээр гардаг сонингийн эрхлэгч гэнэ. Хамт цай ууж, дотно яриа өрнүүлээд, хоттой танилцахаар цуг гарлаа. Зочид буудал, казинонууд олноор байрлах хиймэл арлыг Макао аралтай холбосон урт гүүрээр явж байхдаа, хамгийн өндөр барилга “Макао Тауер” ийн хажуугаар өнгөрлөө.

-Чи “банжи жамп” үсэрч үзсэн үү? гэж тэрээр асуухад

–Одоохондоо үзээгүй байна, санаа бол байгаа. Үнэтэй гэж сонссон.

MB4 nom poster

(Бидний хийж буй ажлуудыг дэмждэг бол номуудыг минь авч уншиж, фейсбүүкт нэгдээрэй.  facebook : Цаг Хугацаагаар)

IMG_6513

-Манай энд байдаг “Банжи жамп” нь Дэлхийд хамгийн өндөр нь, манай сонин тасалбарыг чинь даая, харин чи юу мэдэрсэн ээ бичээд, манай сонинд гаргаж болох уу? гэхэд татгалзах аргагүй санал байсан тул зөвшөөрлөө.

21 дүгээр зууны эхэн үед амьдарч буй Нүүдэлчин гаралтай Монгол залуу Дэлхийг үзээд юу мэдэрснээ хойч үедээ, Хүн төрөлөхтөнд үлдээхээр зориод, 7 жил явж байгаа болохоор банжи үсрэлтийг бас үзэх нь хэрэгтэй гэж бодлоо.

IMG_6517

Макао арлын аялал жуулчлалын танилцуулгад банжи үсрэлт гэсэн сурталчилгаа байсан ч нэг үсрээд зуун ногоон төлнө гэдэг хол замыг туулж яваа надад үнэтэй санагдсан юм. Харин энэ удаа сонингийн газар зардлыг нь даагаад, тэгээд миний тэмдэглэлийг Макаогийн сонинд гаргах болсон нь аз гэж санагдав.

IMG_6516Өндөр барилгын дор кафе-д сууж цай уух зуураа барилгын орой руу харж, үсэрч байгаа хүмүүсийн хашгирч буй чимээг сонсоход хөгжилтэй ч юм шиг санагдаж байв. Хөлнөөс нь уясан оосрыг хоёр талаас бас давхар бэхэлж, аюулгүйн үүднээс барилгын доор том хэмжээний хийлдэг зөөлөвч байршуулсан байна.

IMG_6515Явах цаг болж, дотоод сэтгэл юу мэдэрч буйгаа сонсож эхэллээ.

Жаран давхараас үсрэнэ…

Барилгын доор байрлах лифтэнд сууж, маш хурдтай 61 давхарт ирлээ.

IMG_6520

Үүд нээгдэх үед нисдэг таваг хэлбэртэй барилгын цонхоор Макао хот тэр чигээрээ харагдаж байв. Замаар холхих машинууд шоргоолжууд шиг жижиг харагдана.

IMG_6519

Байгууламжийн эргэн тойрныг сайн ажиж авлаа. Зарим хүмүүс банжи үсэрч, зарим нь шилний гадаа, уяагаар байшинтай холбогдож, нарийн жимээр байр тойроод алхаж байна. Ийм өндөрт ил гадаа нарийн замаар алхана гэдэг бас л гэж зориг юм аа гэж бодлоо.

Уг байгууламж хоёр давхар бөгөөд дээд давхраас, толгойгоороо доош харан унаж буй хүнийг шилний цаана хараад дотор эвгүй болж орхилоо.

Юу билээ?

Нөгөө үсрэх, адал явдал энтэр үгүй болох шахав.

Би юу хийх гэж байгаа билээ гэдгээ дахин бодлоо.

Дэлхийн хамгийн өндөр банжи, 233 метрээс чөлөөт уналт хийнэ гэдэг доор байхад боломжийн санагдаж байсан бол, яг энд иртэл нэг л бишээ. Монгол хүн ухардаггүй тул гүйцээхээс өөр аргагүй.

Дээд давхарт гарахад надаас гадна хэд хэдэн жуулчид бас үсрэлт хийхээр бэлдэж байв. Тэдний дунд жижиг биетэй япон охин хүртэл инээгээд зогсож байна.

IMG_6528

Үсэрч буй видео бичлэгээ авъя гэвэл нэмж зуун ногоон гэсэн зарыг хараад, бичлэгийнхээ мөнгийг тасалбарын хамт төллөө.

Нэгэнт үсрэх юм чинь бичлэгээ авч үлдэх нь хэрэгтэй гэж бодов.

Элдэв бичиг, гэрээ шиг зүйл дээр гарын үсэг зурууллаа. Тэр олон хуудас юмыг энд уншаад суудаг хүн байдаггүй л болов уу.

IMG_6522

Миний ээлж ирэх үед, гутлаа тайлж, зориултын гутал углаж, дээгүүрээ хар өнгийн Хакетт гэх тус газрын сурталчилгаатай футболк өмсөж, гадуураа хамгаалтын элдэв зүйл бэхлүүллээ.

IMG_6523

233 метрийн өндөр байшингийн нэг хэсэгт шилэн хаалт, хамгаалтын зүлүүдээр гарах гарцыг хашсан байна. Эрүүл мэнд муу, янз бүрийн өвчтэй хүмүүс үйлчлүүлэхийг хориглосон заавар үүдэнд байсан бөгөөд, үсрэх тавцан руу гаргахаас өмнө хэсэг зогсоолоо.

IMG_6529

Бодвол биеийн байдлыг шалгаж байгаа байх.

Сандарсан, догдолсон сэтгэл гэж ер бусын…

IMG_6524

-За, зөөлөн наашаа гарч ирээд, энэ сандал дээр суу гэж үйлчлэгч залуу эелдэг хэлэх үед, суугаад эргэн тойрноо ажлаа.

DSC_9257

Зүрх хүчтэй цохилж, нөгөө адреналин гэдэг бодисыг амталж эхлэв.

Хоёр шилбэнд зөөлөвчтэй бэхэлгээ зүүгээд, зориултын оосроор цээжний бэхэлгээтэй холбож орхилоо.

Би баруун гартаа Монгол далбаагаа тогтоож, үсэрхэд бэлэн болов.

IMG_6526

Босоорой гэх үед яагаад ч юм их яарч байв.

Урьд тавцан руу алхаарай гэх үед хоёр хөл чөдөрлөсөн байсан тул бага багаар ахилаа. Хоёр хүн миний биеийн байдал болон бусад зүйлд анхаарч, аюулгүйн дүрмийг бүрэн сахиж байв.

DSC_9261

Тавцангийн үзүүр дээр ирэх үед, нэг залуу хөлөнд оосор холбож, харин ард буй залуу нуруун дахь аюулгүйн оосрыг салгалаа.

Гараа тэнийлгээрэй, дээр байрлах камерт мэндчилээрээ гэж хэлээд, бичлэг болсны дараа таваас уруудан тоолж эхлэв.

DSC_9269Тав, дөрөв, гурав…

Банжи үсэрч байсан олон хүнтэй таарч байхад ,тэд нийтлэг нэг зүйлийг анхааруулж байсан юм. Тоолж эхлээд, дуусгалгүй түлхэдэг гэнэ. Учир нь зарим хүмүүс яг тоо нь болохлээр үсэрч чадахгүй сандардаг байх.

Дэмий зүйл хийчих вүү дээ… гэж бодож амжилгүй өөрийн эрхгүй урагшаа үсэрлээ.

DSC_9271Араасаа түлхүүлбэл онигоо шүү дээ.

Яг хөлөө түлхэх тэр мөч амаргүй байсан ч, доош чөлөөт уналтаас авах мэдрэмжийг юутай ч харьцуулашгүй сайхан. Далайн гүнд шумбаж байхдаа бас шүхрээр тэнгэрт хөөрч байхдаа үүнтэй адил жингүйдлийг мэдэрч байсан тухай саналаа.

DSC_9275

Өнгөрсөн одоо, бага нас гээд хоромхон хугацаанд зөндөө олон зүйл нүдний өмнүүр эргэлдэж, амьдралаа бүхлээр нь харах шиг боллоо.

DSC_9282

DSC_9295

Нэг л мэдэхэд оосрын урт тулсан бололтой, миний бие газраас зайдуу оосортоо татагдана эргээд дээшилж, тэгээд доош дүүжлэгдэн бууж эхэллээ.

Сая юу болоод өнгөрөв өө?

Нэг л сонин…

Давсан даваа бүр эр хүнийг өөртөө итгэлтэй, зоригтой болгодог.

Тэр их хүч, мэдрэмжийг өнөөдөр дахин хүртлээ.

Дахиад давтахад бэлэн үү гэж асуувал дуртайя.

Хийлдэг зөөлөвч дээр буух үед, хоё залуу хүлээн авч, холбоосыг салгахдаа биеийн байдлыг асуухад хөөрсөн, догдолсон байв.

Бодвол нүдний хүүхэн хараа томорсон байсан байх.

Уяа холбоосуудаасаа салж, газар дээр алхах үед нэг л эвгүй. Бие хөнгөн болсон ч юм шиг. Шинээр амьдарч эхэлсэн мэт.

Эргээд лифтэнд сууж, дээш гараад хувцасаа сольж, бичлэгээ аваад бууж ирлээ.

-За ямар байна? гэж ООО асуух үед

-Гайхамшигтай. Миний амьдралдаа мэдэрч байсан хамгийн сайхан дурсамжуудын нэгийг надад бэлэглэсэнд баярлалаа гэж талархаад, бид хоёр Макао-той танилцах замаа үргэлжлүүллээ.

Замын турш надаас үг гарахгүй, өнгөрсөн үйл явдал, өндрөөс буусан тэр мөчүүдийг дахин дахин бодож мартахгүй байхыг хичээж байв.

Монгол залуус над шиг өндрийн айдастай бол айдасаа даван туулж, банжи үсрэлтийг хийхийг би зөвлөж байна. Гагцхүү аюулгүй, найдвартай газрыг сонгохыг анхааруулж байна.

1979 оны 4 сарын 1нд Шинэ Зеландын “Клифтон Саспеншин Бридж” гэдэг гүүр дээрээс  Дэвид Кирк, Саймон Киилинг гэх хоёр хүн оосор хөлөндөө уяж, доош үсэрснээр энэхүү “Банжи жамп” төрөл бий болсон гэж үздэг юм байна. Анхны нислэг хууль бус байсан тул тэр хоёр баривчлагдаж байж. Харин уг спортын төрөл тэр цагаас хүчээ авч, одоо Дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны газрууд бий болж, өвөрмөц мэдрэмж хайгчдыг дуудсаар байна.

Туршлаггүй хувь хүмүүс, сонирхогчид олсны урт, байгууламжийн өндөр, нисэгчийн жинг буруу тооцоолж амь насаа алдах тохиолдол гарсаар байгааг мартаж болохгүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд аюулгүйн тал дээр анхаарсан байгаа гэж энэ удаа найдлаа.

Банжи үсрэлт бол Гоё шүү!

1 person has left a comment

#1

Woow, yag l tend ochood userch baigaa yum shig medremj turluu. Video hiideg ni sain yum aa.

Selengee wrote on 2014/03/07 - 23:09
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.