post Категори: 73 Лаос /Laos/, Аян замын тэмдэглэл post Сэтгэгдэл (1) post2013/06/21 | 3,809 Үзсэн

IMG_0454

37 хоногийн аяллын дараа гэртээ ирээд 7 хонож байна. Нутагтаа ирээд сүүлийн 1 сарын хугацаанд юу болоод өнгөрснийг ойлгож эхэлж л байна. Аяллын үед тэмдэглэл бичих нь амаргүй ажил гэдгийг аялж байх үедээ буюу байнгын нүүдэл, хоол, буудал, үзэх зүйлс гээд явж байхдаа ойлгосон. Амай (Золоо ах) ахыг тэр Африкийн хэцүү нөхцөлд яаж цаг алдалгүй тэмдэглэлээ бичиж, блог дээрээ тавьж байсныг бодохоор, үнэхээр их хөдөлмөрлөжээ. Тэмдэглэл бичихгүй удсан шалтгаан нь миний бичсэн зүйлийг хүмүүс уншина, тийм учраас юу бичих, юу бичиж болохгүй вэ гэдгийг бодох гээд үнэндээ бичихээс халширч, айж байсан юм. Өөрийн үзэл бодлоор шүүн тунгаагаагүй, хэт тулгасан эсвэл хаа хамаагүй хэрэггүй зүйл бичвэл тэр нь хүмүүст муугаар нөлөөлөх вий дээ гэж битүүхэндээ дотроо санаа зовж байна. Золоо ах ч энэ талаар сайн анхаарч бичихийг туршлагатай аялагч, блог хөтлөгчийн зүгээс зөвлөж байлаа. Тэр нь ч зөв юм.
Онгоцны буудал дээр Золоо ахыг хараад маш их баярлав. Золоо ахтай хамт монгол хүмүүс байсан бөгөөд бодвол манай Элчингийн ах, эгч нар юм болов уу гэж бодлоо. Ямартай ч –Сайн байцгаана уу? гээд бид хоорондоо Монгол хүний ёсоор мэнд мэдэлцэв. Золоо ах өөртэй нь цуг явж байсан Монгол хүмүүсийг болон биднийг танилцууллаа.

Биднийг яг ирж байхад Лаосоос буцаж буй монголчуудтай тааралдав. Тэдгээр хүмүүсийг Элчингийн хүмүүс маань гаргаж өгч байсан. Нутагруугаа буцаж буй хүмүүсийг хараад нэг л өдөр аялал дуусаад ингээд нутаг буцах байх даа гэж хэнд ч хэлээгүй ч гэсэн дотроо бодож байв.

Золоо ах Оюунаа эгч болон миний утсанд Лаосын утасны дугаар авч, интернэтийн тохиргоог нь хийлгэв. Арай дотор орж ирэхэд харсан Unitel гээд компаний дугаар байх юм биш биз дээ, тэгвэл ч Монголд ч Unitel, Лаост ч Unitel компанийн дугаартай болоод сонин л түүх болох юм байна даа гэж бодон зогсов. Тэгтэл Unitel бус Лао Телеком компаний дугаартай болов. Ингээд бид элчингийн 2 эгчтэй цуг дурсгалын зургаа татуулав.
Онгоцны буудлаас гарахад нов ногоон ургамлууд, цэвэрхэн зам, халуун бүгчим чийгтэй агаар л одоог хүртэл нүдэнд харагдаж, сэтгэлд тод үлджээ. Элчингийн микро маягийн загвартай машинд суув. Намайг хойно суух гэтэл Золоо ах урд суугаад юм хараад, зураг дараад яв гэж зөвлөв. Би ч татгалзсангүй. Машинд суухад тун халуун байсан учир монголдоо байгаа мэт машиныхаа цонхыг онгойлгох гэтэл жолоо барьж байсан элчингийн эгч –Цонхоо онгойлгоод хэрэггүй ээ, би эйр кондишноо асаая, тэгвэл илүү сэрүүхэн, цонхоо онгойлговол бүр халуун болно. Нээрээ ч тийм юм даа.
Бид ямартай ч Золоо ахын урьдчилан олж, товлосон Оюунаа эгч, Жааяа ах хоёрыг байрлуулах буудал руу явав. Буудал руу явах замдаа би нээрээ Лаост ирчихсэн ингээд Вьентьян хотыг машины цонхоор ширтээд явж байна гэж үү хэмээн өөртөө үл итгэсэн байдлаар асуулт тавин, чимээгүй ширтэв.

Золоо ах чи зураг дарахгүй юм уу? Сонирхолтой санагдсан зүйлийнхээ зургийг дараад бай, түрүүн чиний хэлээд байсан Unitel-ийн чинь хаяг тэр байна шт гэв. Тухайн үед би зураг дарах гэхээс илүү ирсэн газартаа дасах гэж хичээж байлаа. Хүмүүсийн байгаа байдал, байшин, машин, гудамж, тэнгэр, замын хажуугаар өнгөрсөн улаан цамцтай залуу, гартаа цэнхэр өнгийн шажигнадаг тоглоом барьсан гэрийнхээ үүдэнд бололтой сууж буй хүүхэд гээд бүгдийг дотроо ажиглан, сонирхож байв. Машинд явж байхдаа бид манай Элчингийн эгч нараас энэ улсын хүн ам, газар нутаг, зам, нийслэлийн тухай гээд анхан шатны мэдээллүүдээ сонсов.

IMG_0463
Удалгүй бид “Mickey Paradise” хэмээх 2 билүү 3 давхар буудлын гадаа ирлээ. Машинаас буусан чинь элчингийн машин гудамжинд маш том камаз шиг хэмжээтэй харагдаж байсан нь гудамж, зам нь их нарийхан юм байна даа гэж ажиглагдлаа. Элчингийн эгч нартай салах ёс гүйцэтгээд маргааш уулзахаар болов. Буудал руу орон Золоо ах Оюунаа эгчийн паспортыг үлдээн, төлбөрөө төлөн аав, ээж хоёртоо өрөөг нь авав. Биднийг дээш гаран Жааяа ах, Оюунаа эгч хоёрыг өрөөнд нь оруулах гэтэл буудлын ажилтан –Буудлын үйлчлүүлэгчээс өөр хүмүүс орж болохгүй гэв. Золоо ах манай аав, ээж хоёр байгаа юм би өрөөнд нь тээшийг нь оруулж өгчихөөд ирье хэмээн тайлбарласны дараа дээш гарав.
Би үүдэнд хүмүүсийг ажиглан суунгаа Золоо ахыг хүлээлээ. Буудлын ажилчид нь хар бирюкэн өмдтэй, ногоон пудволкнуудтай, сандаал өмссөн, зарим эрчүүд нь солонгос маягийн үсээ жаахан урт ургуулсан, өндөр нь 160-170 см орчим, бор царайтай 20-30 орчим насны залуус, хүүхнүүд байв.

Хар халуунд өмд өмсөөд төвөгтэй л байдаг байх даа ч гэж бодов. Мөн энэ буудал цахилгаан шаттай байсан бөгөөд 2-3 давхар буудалд цахилгаан шатны хэрэг ч нэг их баймааргүй юм, бодвол үйлчлүүлэгчдийн ачааг зөөхөд амар гэж бодоод байрлуулсан юм болов уу? Үүдэндээ хоол иддэг ширээ, сандалаа байрлуулсан байсан бөгөөд буудлын зочид болох Европ жуулчид өдрийн цайгаа ууж байв. Би ч сандал дээр суун жижигхэн LCD зурагтаар нь гарч буй Америкийн нохой зодоон харж суулаа. Нутгийн залуус дуртай нь аргагүй хоорондоо ярилцан тэрхүү спортыг үзэж байв. Энд нохой зодоон тийм их үздэг юм байх даа? Эсвэл Лаост нохой зодоон хөгжиж байгаа юм болов уу? Үүдэнд байсан хоёр европ залуу унаа ирэх болоогүй юм шиг байна хэмээн хоорондоо ярилцан сууж байтал удалгүй буудлын ажилтан унаа чинь ирлээ хэмээн хэлж, тэр хоёр үүргэвчүүдээ үүрэн гарлаа. Ямар унаа юм бол хэмээн сонирхон хартал манайхаар бол жижиг портерийн ачаан дээр суудал засан, дээвэр хийсэн байв. Төд удалгүй Золоо ах гарч ирэн за явъя гэв.

Бид хоёр буудлаас гарлаа. Би –Бид хоёр хаана буух юм бэ? Золоо ах –Миний байрлаж буй нэг буудал байгаа, тэнд бууна гэв.

IMG_0422

Золоо ах урьдаас бүх зүйлийг төлөвлөсөн гэдгээ хэлэв. Би ч за л гэлээ. Манай буудал эндээс 2-3 гудмын цаана. Миний өмссөн пүүз, жинсэн өмд маань энэ халуун газар алхахад шууд төвөг болж байв. Удалгүй зам, уулзварыг гаран буудалдаа ирэв.

IMG_0421

Орох гэтэл Золоо ах –Гутлаа тайлж орох ёстой гэв. Нээрээ үүдэнд нь дүүрэн гуталнууд харагдав. За хэмээн гутлаа тайлж ортол айл юм уу? Буудал юм уу? гэмээр байлаа.

IMG_0419

Хаалганы дэргэд ширээн дээр камернуудаа хянадаг дэлгэц байрлуулсан байв. Мөн гэр бүлийн зургууд хаа сайгүй өлгөжээ. Манай хөдөөний айлууд хавтастай толинд гэр бүлийн зурагнуудаа тавьдагтай төстэй ч юм шиг.

73. Laos. Vientiane (23)

Бид хоёрыг ороход хүн байхгүй байсан бөгөөд хүн байна уу? хэмээн дуудтал удалгүй нэг ахимаг насны эмэгтэй гарч ирэв. Золоо ах түлхүүрээ авсаны дараа бид дээш гарав. Шатны доор мотоцикл байсан нь гадаа тавьдаггүй юм байх даа гэж бодов. Нарийхан модон шатаар дээш гарлаа. Шатны яг дэргэд өрөө маань байсан бөгөөд хуучирсан гэмээр халцарсан лаактай бор модон хаалганы цоожийг онгойлгон ортол 3 ор, сэнс, хуучирсан том модон шкабтай жирийн л нэг өрөө байв. Хаалганы цоожийг хартал баталгаатай биш, урьд нь хөшиж онгойлгож байсан болов уу гэмээр халцарсан цоожны хэсэг харагдав. Тэр цоожийг хараад Золоо ахын Африкийн тэмдэглэл дээр нь буудлын цоочнуудын тухай бичсэн хэсэг санаанд орлоо.
Би ч халууцсан, хөлөрсөн байсныг хэлэх үү Золоо ахаас усанд хаана орж болох тухай асуун, түргэхэн шиг л сэрүүцэж авхаар шүршүүр лүү явлаа. Шүршүүр, жорлон, угаалтуур нь нийтийн бөгөөд ортол эхүүн муухай үнэр ханхалж байв. Алчуур тавих тавиур, саван, ариун цэврийн цаас гээд юу ч байхгүй. Би ч нүүр гар, шүдээ угаан, дараа нь шүршүүрт орж нилээн удаан зогсов. Золоо ах санаа нь зовсон бололтой хаалга тогшин -Отгоо, Отгоо, явъя гаръя гэв. Ямартай ч хөлснөөсөө салж, хүйтэн устай шүршүүрт орон сэрүүцсэн чинь бие хөнгөрөөд л явчихав.
Бид хоёр Жааяа ах, Оюунаа эгч хоёрын буудал руу явав.

Золоо ах –Лаосын гудамжаар ингээд явж байна гэхээр итгэмээргүй байна уу? гэв. Би –Тийм. Нээрээ л өчигдөрхөн бараг нэвсийсэн цастай, сэрүүн газарт байсан хүн маргааш нь маш халуун газар ирчихсэн, өөр хүмүүс, орчины дунд алхаад явж байна гэхээр итгэмээргүй л байв. Жааяа ах, Оюунаа эгч хоёрыг дагуулан гарч бид 4 хоол идэхээр гарав. Гудамжаар нь алхаж явтал давслан шарж буй загас байсан бөгөөд Золоо ах энд хоол идье гэв. Би ийм их давс хийж шардаг л юм байна, амт нь хэр юм болдоо гэж бодов. Сонирхолтой санагдсан учир шарж буй залуугаас нь зөвшөөрөл аван тэрхүү шарсан загасны зургийг нь дарлаа.

IMG_0416
Золоо ах загас, хоол, мөн 4 өөр төрлийн жимсний хүйтэн цэвэр жүүс захиаллаа. Оюунаа эгч ширээн дээр байсан амтлагчуудыг хараад –Монголд бараг олддоггүй, үнэтэй байдаг амтлагчууд энд зүгээр л ширээн дээр нь байж байдаг юм байна гээд инээв. Хоол маань ч удалгүй ирлээ. Нөгөө давсалж шарсан загасны амт нь одоог хүртэл сэтгэлээс үл гарна.

Үнэхээр амттай…

IMG_0464
Хоолоо идсэний дараа манайхаар бол төв талбай руу нь чиглэн зам гаран алхлаа. Хоолоо идэн биендээ шатахуунаа хийчихсэн болохоор амьдрал арай өнгөтэй болоод явчихав. . Нэг Хятад хийцийн барилгатай сүмийн урд зургаа татуулж, цааш яван Лаос, Тайланд улсыг тусгаарладаг гол дээр ирлээ. Би маш том гол байх болов уу гээд хартал юу ч байсангүй.

IMG_0482

Гайхаад Золоо ахаас асуутал борооны улирал нь эхлээгүй байгаа гэсэн, эхлэхээрээ устай байдаг гэж тайлбарлав. Голын далангийн дагуу алхаж байтал гүйж буй хүмүүс, хөтлөлцөн алхаж буй хосууд, дунд сургуулийн дугуй унасан сурагчид, Beeline гэсэн логотой сандалууд, тогоо шиг хэлбэртэй төмөр хогийн савнууд нүдэнд тусав.

73. Laos. Vientiane (9)

Алхаад удаагүй байтал зүүн гартаа сэлмээ хуйндаа хийн барьсан, малгатай, баруун гараа сайн уу? хэмээн гар барих гэж буй мэт гараа өргөсөн хөшөөн дээр ирлээ. Бид нар хөшөөний дэргэд зургаа татууллаа. Золоо ах надад аппаратаа өгөн бид гурвын зургийг дараад өг гэж хүслээ. Ингээд энэ мөчөөс эхлэн гэрэл зурагчны нэг сарын курсад сууж эхэлж байгаагаа тухайн үед мэдээгүй. Хэ хэ.

IMG_0481
Золоо ахын анхны хичээл нь зураг дарахдаа “жаахан хөдөлмөрлө” гэсэн зөвлөгөө байлаа. Надад аппарат шилжин ирж би өөрийн сонирхолтой санагдсан зүйлсээ дарж эхлэв.

Манай аяллын багийн 3 гишүүн урд алхаж, би зургаа дарсаар нэг мэдэхэд ард нь хоцорчихов. Зэрэгцэн явмаар байвч ганц нэг сонирхолтой харагдсан зүйлийнхээ зургийг дарах гэсээр хоцорч явсаар л байв.

Хөшөөний дэргэд хүмүүс мөргөж, цэцэг өргөж байгаа нь нүдэнд туслаа. Хөшөөний цаана лууны хэлбэртэй усан оргилуур байсан бөгөөд тонгойн хартал ямар ч ус байхгүй, дотор нь хогнууд л үзэгдэв.

Цааш явсаар гудамж, байшингийн хаяг гээд ганц нэг зургууд дарав. Биднийг буцан алхаж явтал нэг саглагар, олон үндэстэй мод их сайхан бөгөөд содон харагдаад Жааяа ах, Оюунаа эгч бид нар зургаа татууллаа. Модны дэргэдээс холгүйхэн том том хар ууттай хогнууд хөглөрч байхыг хараад жаахан онцгүй л санагдав.

Хажууханд нь задгай талбайд жийп машинууд зарж буй наймаачид хоорондоо ярилцан зогсоно. Цааш 10-аад минут алхан замын дэргэдэх нэгэн кафений гадаах сандал, ширээн дээр нь нутгийн Beerlao хэмээх пивыг Лаост ирсэнийг тэмдэглэн ууж, хотын гудамж, хүмүүсийн амьдралыг ширтэн хоорондоо ярилцав.
Биднийг сууж байхад зам дээр хоёр мотоцикл мөргөлдөв. Урд нь явж байсан эмэгтэйн араас нэг моточиклтой залуу мөргөчихжээ. Аз болоход бэртэж гэмтсэн зүйлгүй гайгүй өнгөрөв. Мөргөсөн залууг яах бол хэмээн ажиглатал зүгээр л мотоциклоо унан цааш хөдлөчихөв. Бүсгүй хэсэг шоконд орж, зам дээр суусаар л байлаа. Удалгүй нэг бүсгүй замын хажуу руу хөтөлж авчиран суулгаж тайвшруулав.

IMG_0546

Хаанаас ч юм нэг Европ залуу гарч ирэн бүсгүйд стакантай ус өгөв. Золоо ах –Ер нь ажиглаад байхад энэ Европууд их сэтгэл сайтай хүмүүс юм мэт санагдсан. Миний хувьд ямартай ч хүн чанар гэдэг зүйлийн нэг жишээг тэрхэн үед олж харсан даа. Лаос байна уу, европ байна уу, хэн байх нь хамаагүй зүгээр л бид хүмүүс гэсэн бодол тухайн үед бодож билээ. Бүсгүй арай дээрдэн мотоциклоо унан яваад өгөв. Энэхүү ослын дараа нутгийн иргэдийг харсан чинь мотоцикл унаж байхдаа ихэнх нь хамгаалалтын дуулга өмсөөгүй явж байв.
Бид хэсэг сууцгаасны дараа нутгийн шөнийн захаар хэсэв. Шөнийн зах нь яг замын эсрэг талд бидний очсон талбай дээр. Орой сэрүү орохоор хүмүүс асараа босгон, бараануудаа ширээ, тавиур дээр эсвэл газар юм дэвсэн дээр нь өрж байлаа. Биднийг 19 цагийн үед очиход цөөхөн лангуунууд байсан бөгөөд нэг өнцөгт хүрээд буцахад лангуунууд нэмэгдсээр л.

Нутгийн хөгжим шөнийн захаар сонсогдоно. Зарим нь америкийн хит болж байгаа дуунуудыг шууд орчуулж дуулсан байсан нь барууны соёл, урлаг энд хүртэл нөлөөгөө үзүүлжээ.

IMG_0553

Зах дээр зарж буй бараанууд нь нутгийн гар урлал, модон эдлэл, бэлэн хувцаснууд гээд зарж болох төрөл бүрийн л зүйл байлаа. Захаар хэсэж байхдаа яг Лаост л ганцхан байдаг, зөвхөн эндээс л авах боломжтой тийм зүйл юу байдаг бол хэмээн бодов. Энд бол модон эдлэл, гар урлал, даавуу их сайтай юм шиг. Мөн хэрвээ Монголд ирсэн гадны жуулчид дурсгал болгоод худалдаад авчих зөвхөн Монголд байдаг тийм зүйл юу билээ хэмээн би бас бодлоо. Манайд бол ноолууран бүтээгдэхүүн, арьс шир, эсгийгээр хийсэн гар урлал болов уу.

Магадгүй би буруу бодож байж ч болох юм. Гэхдээ л нийтлэг хүмүүсийн мэддэг нь эдгээр. Намайг нутгаас гарахаас нилээд хэд хоногийн өмнө Ерөнхий сайдын “Монгол Брэнд”-ийг бий болгоё гэсэн утгатай арга хэмжээ Улаанбаатар хотод зохиож байсан санагдана. Тухайн үед нээрээ Монгол гэх брэндийн зөвхөн Монголд л хамгийн чанартай, боломжийн үнэтэй байдаг тэр бүтээгдэхүүн хэрэгтэй юм байна, байгаа бол төрөл, чанарыг нь нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг ойлгосон. Дээр дурдсан Лаосын гэх гар урлал, даавуу, модон эдлэлийн бүтээгдэхүүнээс бусад нь манай урд хөршөөс авчирдаг, эсвэл дэлхийн өөр хаанаас ч олоод авах боломжтой зүйлс л байв.

Иймэрхүү бүтээгдэхүүнийг жуулчид бол нэг их сонирхохгүй юм шиг санагдсан. Онцлог, онцгой, тухайн нутгийг илэрхийлсэн, цор ганц тухайн оронд л хамгийн сайн нь байдаг зүйлийг л жуулчид дурсгал болгон гэрлүүгээ авч явна. Шөнийн захаар явж байхад Золоо ах нэг сандаал авч өгөв. Тэр сандаалыг шууд өмсөн, пүүзээ торондоо хийн барив. Золоо ах –Эндээс юм авахдаа хэзээ ч битгий хэлсэн үнээр нь авч бай, эд нар жуулчдын үнэ гээд нэмж хэлдэг юм. Авахаар бол үнийг нь ярилцаж, буулгаж бай гэж зөвлөв.
2-3 цаг шөнийн захаар явсаны дараа бид гадаах нэгэн гуанзны тогоочоос нь асуун зөвшөөрөл авч, өөрсдийн авчирсан нутгийн хиамаа жаахан шаруулан оройн хоолоо идээд буудалруугаа явцгаав.

Золоо ах замаараа нэг буудлаар орон өрөө, үнийг нь сонирхож байхдаа буудалд буусан Европын хэдэн жуулчидтай танилцан цуг суув. Би ч цуг суумаар байсан боловч ядраад хурдан орондоо ормоор санагдаад шууд буудалруугаа явлаа.

Буудалруугаа хүнгүй шахуу гудмаар нь явж байтал торон дотор байсан хиамны үлдэгдлийн үнэрийг аван өлссөн нохой хоол гуйх биш шууд надруу дайрлаа. Би ч Монгол зангаараа зандрангуй үг хэлж хөөх гэсэн боловч нэмэр болсонгүй. Архиран дайрч байв. Удалгүй хажуу талын байшингаас нутгийн хүн гарч ирэн нохойг нутгийн хэлээр ямар нэгэн зүйл хэлж хөөв. Бодвол манайхаар жов, яв л гэж хэлсэн байх. Магадгүй миний зандрангуй хэлсэн монгол үгийг нохой ойлгоогүй байх хэ хэ.
Буудалдаа ирж өрөөндөө орон хэвттэл бүгчим байсан болохоор нэг л унтаж болдоггүй ээ. Тэгээд буудлын коридороор хэсэн, тагтан дээр гарч хэсэг суув. Гадаа үүдэнд нутгийн залуус дуулж байгаа нь сонсогдов. Гадаа нэг их удаан сууж чадсангүй. Учир нь шумуул гэж дайсан хаа сайгүй. Монголын шумуул шиг сайхан хазаад л өнгөрдөг бол яая гэхэв, хазуулаад л баймаар. Гэвч эндхийн малери гэх мэт өвчтэй шумуул нь хазчихвал тэгээд л өвдөнө. Тийм учраас шумуулны эсрэг тосыг шумуулнууд гарах үеэр байнга түрхэх хэрэгтэй.
Шатаар доош буутал нутгийн залуус зурагт үзэж байсан бөгөөд цуг суун эндхийн олон ангит киног нь үзлээ. Залуустай ч яриа өдөн юм ярих гэсэн боловч хэл нэвтрэлцсэнгүй. Ямартай ч намайг хаанаас ирсэн бэ? Хятадаас уу? гэв. Би ч Монголоос гээд, хаана байдаг тухай, нүүдэлчин, хөдөө, тал нутаг, мал, тэнгэр, 4 улирал гээд тайлбарлалаа.

73. Laos. Vientiane (24)

Хэл сайн нэвтрэлцэхгүй байсан учраас энэхүү яриа нэг их удаан үргэлжилсэнгүй. Зурагтаар гарч буй киног Лао кино юу? хэмээн би асуутал –Үгүй, Тайланд гэв. Яг л бид нар Солонгосын драм үздэг шиг юм байна даа гэж бодов. Тэр хоёр босон явж би зурагтны удирдлагыг барин суваг эргүүлэв. Удалгүй гаднаас хоёр герман охин орж ирэн хажууд суун цуг зурагт үзэв. Хоёр герман охинтой ашгүй англиар хэл нэвтрэлцэж юм ярьж цагийг өнгөрүүлж байв. Далимд нь би ч муухан герман хэлээ сэргээж, ойр зуур ярилцав. Тэгээд нутгийнхаа тухай, нүүдэлчин, мал, тэнгэр, шашин гээд л янз бүрийн л талаас нь эх орноо таниулж, сурталчилж болох зүйлсээ өөрийнхөө мэддэг хэмжээнд танилцууллаа. Бүгчим халуунд унтаж чадахгүй, дасахгүй байгаагаа ч ярив. Мөн гар утсан дээрх нутгийнхаа байгалийн зургийг үзүүлэхэд тэд пөөх хэмээн дуу алдлаа. Тэр хоёр Франкфуртад амьдардаг, сая сургуулиа төгссөн, тэгээд хэсэг хугацаагаар энэ хавийн бүс нутгаар аялж байгаа гэв. Биднийг суваг сольж байхад Маргарет Тетчер нас барсан тухай мэдээ гарсан бөгөөд түүний тухай ойр зуур ярилцав.

Дахин суваг сольтол Хятадын CCTV-гийн мэдээ гарч байв. Нэг нь шууд Хятадын хуурамч мэдээ хэмээн хэлж, сувгаа солив. Дараагийн суваг сольтол Лаосын суваг дээр караоке гарч байв. Тэд дуулах дуртай гэж, монголд караоке байдаг уу хэмээн асуув. Монголчууд дуулах дуртай гэх мэт багагүй зүйлс ярилаа. Ингээд 2-3 цаг орчим ярилцаад тэд маргааш өглөө эрт замд гарна хэмээн өрөө рүүгээ амрахаар явцгаав. Би ч унтмаар байсан ч бүгчим сэнстэй өрөө рүү орж хэвтэнэ гэж бодохоор л нойр хулжаад байв.
Ямартай ч дахин 2 цаг орчим зурагтын ард суусны эцэст нойроо сайн хүргэж аваад өрөөндөө орлоо. Энд хөнжилний хэрэггүй бололтой. Зүгээр л даавуу нөмөрнө. Бараг энэ халуунд надад даавуу ч нөмрөх шаардлагагүй байв. Сэнсний чимээг сонсон хэвтэж байхдаа Америкуудын хийсэн ковбойтой нэг кино санаанд орон бодогдож байтал нэг мэдэхэд унтчихжээ…

IMG_0492

1 person has left a comment

#1

naizda amjilt husie. hamt aylaj bga met eldew mayaggui, iluu dutuugui oilgomjtoi shn bichjee.

daka wrote on 2013/06/21 - 23:57
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.