73. Laos. Vientiane (34)

Бат овогт Цэен-Норовын Жамбалсүрэн.

20013 оны 4 сарын 8. Лаос улсын нийслэл Вентьян.

Урьд цагийн уламжлалт сайхан харилцаатай Лаос орон биднийг найрсаг угтлаа. Гадаадын олон сая хүн жилд хүлээн авдагтай холбоотой байх хил, гаалийнхан хариуцлагатай хирнээ ямар ч саадгүй, шалгалт онгичилт гэж ер байхгүй, бараг л Хөвсгөлийн нисэх дээр бид бууж буй мэт л санагдлаа. Төв нисэх гэхэд даруухан юм.

Монголын Элчин сайдын яамныхан биднийг тосч, зочид буудалд хүргэж өглөө. Нутаг орноо санасан, монгол хүний мөрөөдөл болсон байдаг бололтой тоссон хүмүүсийн найрсаг дотно, илэн далангүй, бараг л ах дүү нартайгаа уулзаж байгаа юм шиг элэгсэг байдал нь алс холын нислэг хийсэн, шинэ оронд ирж буй бидний сэтгэлийг их хөдөлгөсөн юм.

Элчин сайдын гэр бүлийхэн оройн хоолонд биднийг урив. Үндэснийхээ хоолыг алсын Лаос оронд иднэ гэж урьд нь бодож байсангүй.

73. Laos. Vientiane (99)

Консулынхан гэртээ бас урив. Консулын эцэг нь болох, би урьд нь дуулж байсан, Монголын гадаад бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан топ дипломатч, Лаост элчин байсан эрхэм хүн Ю.Сандаг гуайтай уулзан хөөрөлдсөн нь бидэнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм. Хүүгийн минь номуудыг аль хэдийн уншчихсан, түүний аялалд томоохон ач холбогдол өгч байсанд би их баярласан.

73. Laos. Vientiane (96)

“Монголчууд хийгээгүй том үйлсийг чи бүтээсэн. Монголдоо чи ганц шүү. Биеэ их бодож яваарай” гэж захин, эхнэртэйгээ хоёул миний хүүгийн аяллыг дэмжиж гар цайлгаж байсан энэ их хүн манай гэр бүлийн амьдралын түүхэнд том үсгээр бичигдэх хүн гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.

Консулын гэр бүлтэй хамт Вьентьяны залуусын хөл хөдөлгөөнтэй, дуу шуутай шөнийн төвд хамт үдшийг өнгөрөөсөн минь Лаос орны тухай өмнөх бодол сэтгэлийг шууд л өөрчилснийг би хүлээх нь зөв бизээ.

73. Laos. Vientiane (101)

Үг дуу цөөтэй ч өндөр боловсролтой, суугаа орноо төгс мэддэг, дээд зэргийн соёлтой элчингийн удирдлага, залуус тун сайхан сэтгэгдэл төрүүллээ. Урьд өмнийн элчингийнхэн хэмээх нилээн хямсгар ярвагардуу, дээгүүр зантай, ихэмсэг, бас хүнд сурталтай хүмүүсийн үе нэгэнт улиран өнггөрчээ гэсэн итгэл надад баттай төрсөн юм.

73. Laos. Vientiane (86)

Лаос Улс нь 7 сая гаруй хүнтэй, нийслэлдээ 200-300 мянган хүн л амьдардаг юм байна. Хотруу чиглэх хөдөлгөөндөө тодорхой хязгаарлалт хийдэг, ингэхдээ хөдөөгийнхөө нийгэм эдийн засгийн байдлыг хөгжүүлэхэд сүүлийн үед гол анхаарлаа тавьж байгаа ажээ.

Манайхаас 4 дахин олон хүнтэй улсын нийслэл юм чинь утаа суунагласан хот байх болов уу гэсэн, ер бусын цэвэр сайхан агаартай хот байлаа. Машины түгжрэлд халуун газар яанаа гэж бодож байсан чинь тийм зүйл огт байдаггүй нь ажиглагдлаа. Гаднаас хуучин муу машин оруулахыг хориглодог ажээ. Гудамжинд их төлөв өнгө будаг нь гялалзсан тэрэгнүүд л чөлөөтэй давхилдаж байлаа.

IMG_0337

Хотын тээврийн асуудлыг үндсэнд нь сайн шийдсэн байна. Бүх хүмүүс нь моторт дугуйтай, зарим нь машинтай. Зочид гийчдийн тээврийг улс биш ер нь л иргэд дааж бүрэн хариуцах юм. Ганц нэг хүнийг бол мото дугуйгаар, бас 3 дугуйтай мото тэргэнцэр, тэвштэй дээвэртэй машин, микро автобус, том автобус гээд хүн хүнд тохирсон тээврийн хэрэгслээр бүрэн, хөнгөн шуурхай үйлчилдэг нь гайхалтай байв.

73. Laos. Vientiane (72)

Лаосчууд буддын шашныг гүн хүндэтгэн шүтэж биширдэг ажээ. Хотын төвийн хамгийн гоё ганган, алтан ганжир нь гялалзсан, үзэсгэлэнтэй шинэчилсэн байшингууд нь ер нь л сүм хийдийн барилгууд байх юм. Лам нар нь настай, залуус хосолсон, ёс дэг жаягаа хатуу сахидаг нь байдал төлвөөс нь харагдаж байлаа.Жип  хөлөглөсөн лам бүү хэл гоё машинд заларсансанваартан ч харагдсангүй. Дэлгүүр хоршоо, үйлчилгээний газар ч үзэгдсэнгүй, зөвхөн дуган хийдэд л шашин номын ажлаа хийж байгаатай нь олонтой таарав. Лаосын шинийн нэгний өглөө бараг л бүх лам нар нь гудамжинд жагсан явахад тэр хавийн бүх л худалдаа үйлчилгээ эрхлэгчид тэдэнд буян хийж хоол унд, бэлэг, мөнгө өгдөг, түүнийг нь лам нар өнчин, ядуус нарт хишиг болгон тараадаг ажээ. Хувиараа ном уншин өргөл барьц авах, бизнесийн маягийн үйл ажиллагаа явуулах нь бараг л байдаггүй гэж ярилцах юм. Бурхан шашны эд өлгийн зүйлээр гайхамшигтай баян орон гэж хэлж болно. Шашин бүхэлдээ нийгэмд үйлчилдэг нь тод ажиглагдав.

73. Laos. Luang Prabang 2 (30)

Худалдаа арилжаа, зах зээл, үйлчилгээ, хувиараа хөдөлмөр бизнес эрхлэх явдал иргэн бүрийг хамарсан нь содон гайхалтай байлаа. Хотын иргэд нь толгой дараалан гэрийнхээ үүдэнд дэлгүүр хоршоо, гуанз ажиллуулдаг нь тун сонин санагдлаа. Тэргэнцэр дээрээс ганц нэгээрээ хоол унд хийх нь ерийн үзэгдэл. Гудамж тэр чигээрээ жирийн иргэдийн худалдаа үйлчилгээ.

IMG_2409

Улс төрийн хувьд хуучин уламжлал зарим талаар хадгалагдсан нь ажиглагдах боловч зах зээлийн эдийн засагт манайхаас илүү ухаалаг шилжилт хийсэн гэж хэлж болохоор байлаа. Хүн бүр л хувийн аж ахуй, худалдаа, үйлчилгээ эрхэлж, мөнгө бүтээх, амьдралаа сайжруулахын төлөө өдөржин шөнөжин ажиллана. Ийм нөхцлийг нь ч төр, засаг нь гайхалтай ухаалаг бүрдүүлж өгчээ.

IMG_0360

Баян тансаг орд харш, хаусууд, үнэтэй хээнцэр машинууд давхих нь үндэсний хөрөнгөтнүүд цөөн биш гэдгийг харуулна.

Тэд нь бас л худалдаа үйлчилгээ, зочид буудал ажиллуулж, зогсоо зайгүй л үйлдвэрлэл явуулж, мөнгө бүтээнэ. Манайд бол 1990-1993 онд хувьчлал нэрээр улс үндэстний ихэнх баялаг цөөн хүний гарт орж, баяжиж хөрөнгөжих үйл явц нэг хэсгийн хувьд гайхалтай хурдан явагдсан билээ. Харин дийлэнхи олонхи хоосон хоцорч, ядуучуудын тоо ч мөн гайхалтай өсөв. Өндийх, амьдралаа сайжруулах бололцоо ч бараг олдолгүй явсаар одоо болохоор тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжаар л амьдрахгүй бол болохгүй байдалд хүрсэн нь үнэн ажгуу. Жирийн ард иргэд нь ядахдаа худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж хомс, үйлдвэрлэл явуулах санхүүгийн үндэс байхгүй, төр, засаг минь л яаж дэмжиж, юу хийх бол, юу өгөх бол гэж харж хүлээх, бэлэнчлэх арчаагүй сэтгэлгээнд лав гүнзгий оржээ. Ядахдаа өөрт байгаа илүүдэл бараа, бүтээсэн гар үйлдвэрлэлийн зүйлээ чөлөөтэй зарж борлуулчих газар ч байхгүй, үйлчилгээнийхэн өндөр түрээсэнд дарлуулан хүлэгдсэн маягтай л болчихжээ. Жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих өнөөгийн төр, засгийн бодлого үнэхээрийн зөв зүйтэй бодлого мөн. Гэвч юуг, яаж дэмжих талаар эрс өөр шинэчлэлийн бодлого хэрэгтэй болжээ. Хүмүүсийн эдийн засгийн үйл ажиллагааны эрх чөлөөг манайд улам хөгжүүлж, чөлөөтэй болгох, нэг хэсэг хүнд биш бүх иргэдэд нээлттэй байхаар үндсэн өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна гэж Лаост өрнөж буй үйл явцыг хараад л өөрийн эрхгүй бодов. Бүр наад зах нь аль нэгэн газар татвар түрээс багатай чөлөөтэй зах худалдааны газар байвал хүмүүст хэрэгтэй юм. Зах зээлийн эдийн засгийн агуу их боломжийг жирийн хүмүүст яаж нээж өгөх вэ гэдэгт л анхаарлын голыг чиглүүлэх эрс бодлого одоо хэрэгтэй болжээ. Хорь гаруй жил ярьсан хүмүүсийн эдийн засгийн эрх чөлөөг цаашид яаж эдлэх вэ? Яаж амьдрах билээ гэсэн гүн бодолд автагдаад байгаа, одоогоор улс төрийн эрх чөлөөндөө хангалттай сурч дадсан ард түмнийхээ тэр томоохон хэсэгт эдийн засгийн эрх чөлөөг нь жинхэнээр нь олгох л нэн чухал байна даа.

IMG_0942

Үндэсний уламжлалаа гайхмаар хадгалж үлдсэн Лаосын нийслэлд нэг л зүйл олныг бодогдуулсан юм. Гадныхантай үерхэж нөхөрлөдөг нутгийн бүсгүйчүүд санаснаас олон байх аж. Монголчууд бид гадны хүнийг дагаж яваа орчуулагч бүсгүйг ч “явалдаж” байна гэж муухай сайхан харж, элдвээр өөчлөн ярьдаг бол олон сая жуулчин авдаг энэ оронд ийм байдлыг сонирхдог хүн ч бараг үгүй болсон бололтой. Нэг үгээр гадныханд дасчээ. Залуухан лаос охид бүсгүйчүүдийг сугадан зугаалж алхах харийн хижээл харчууд санаснаас олон байлаа. Эрэгтэй эмэгтэй нь ялгагдахгүй залуус ч олон болжээ. Үйлчилгээнд голдуу эмэгтэй хүн авдаг болохоор ийм байдал бий болсон гэж ярилцах юм билээ. Аялал жуулчлал нь үндэстэн ястны хил хязгаарыг эвдэн арилгадаг юм байна гэсэн бодол ч төрөв. Харин Чингисийн удмын, тэнгэрээс заяат төрсөн хэмээдэг Монголчууд маань ийм “эх захгүй” гэмээр үзэгдлийг яаж хүлээж авах нь сонин хэрэг юм. Нүд үзүүрлэн, жиг жуг хийн хүйтэн нүдээр харах болов уу? Аль эсвэл хүний эрх гэдэг талаас нь ханддаг болов уу? гэсэн бодол төрж байлаа.

Вьентьянаас Ванг Виенг хот орох 6 цагийн турш би замаа ажиглав. Тосгон суурин тасарсангүй, тасарсан газар нь том жижиг байшингууд байх агаад бүх айлууд, бараг л толгой дараалан үүдэндээ том жижиг дэлгүүр, хоолны газар, массаж, засвар, оёдлын газар, жижигхэн ч гэсэн лангуу гээд чадах л зүйлээ ажиллуулж байв. Бүх айлууд бараг л толгой дараалан өрхийн аж ахуй эрхэлж байлаа. Түүндээ л анхаарал тавьдаг бололтой, гадуур сэлгүүцэж буй хүн ч үгүй.

Нийслэл хотод гэхэд согтуу унаж туссан хүн, гуйлгачин харагдсангүй. Ярилцах нь Лаост хулгай зэлгийн гэмт хэрэг байдаггүй болсон ажээ. Айх түгших явдал иргэдийн хувьд үгүй болсонтой холбоотой байх, хүмүүс нь их тайван, элэгсэг дотно юм. Чанга орилж уурлаж байгаа хүн нэгийг ч би олж харсангүй. Хот, тосгоноор нь 10 хоног явсан намайг хүнлэг чанараа тэгж сайхан хадгалсан энэ ард түмэн гайхшруулсныг хэлэх нь зүйтэй.

IMG_0903

IMG_1405

Гудамж, хөдөөгүүр цэрэг форм, цагдаагийн дүрэмт хувцастай хүн би 7-8-ийг л харсан. Их сонирхож фото зургийг нь ч дарав. Энэ нь тэнд түгшүүр үгүй гэдгийг гадны хүмүүст илтгэн харуулах бөгөөд ийм газар оронд байгаа зочид ч тайван, сэтгэл өег байхаас аргагүй болох юм билээ.

IMG_2429

Түүхч хүний хувьд би төр, засгаа дээдлэх Лаосчуудын гайхамшигт  уламжлалыг  их хүндэтгэх сэтгэл төрөв. Нийт ард түмний олонхи итгэж босгосон төр, засгаа ард түмэн нь тойрон хүрээлж, бодлогыг нь дэмжиж байж  хамтдаа амжилтанд хүрнэ. Гэтэл манайд төр, засгийн удирдагчдаа бараг л чоно нохой, харийн хүн  мэтээр хандан харааж доромжлох нь ер нь хирээс хэтэрчээ. Иймэрхүү эх толгойгүй байдал төр, засгийн удирдлагаа Үндсэн хуулийн бус аргаар, гадаадын тагнуулын байгууллага оролцсон хуйвалдаанаар сольж, насан турш төр, улс ард түмнийхээ төлөө үнэнч зүтгэсэн эх орончийн эсрэг гүтгэлгийн балиар дайн зарласан 1984 оноос л эхэлсэн юм. Энэ их муухай байдал уламжлал болоод тогтчихвол Монголын улс төр эрүүлжинэ гэдэг хол бизээ гэх бодол аяллын явцад төрж байв.

Лаосчууд өнгөрсөн ба одоогийн удирдагчдаа их хүндэтгэдэг. Зураг хөргийг нь өлгөчихсөн байх юм. Бүр далаад оны эх оронч Фомвиханы зураг номын дэлгүүр, захаар дүүрэн байх юм. Зах зээлд ийм ширүүн татагдан орж буй орон гэхэд шинэ, хуучин төрийн зүтгэлтнүүдээ ингэж хүнлэг ёсоор хандаж байгаа нь лав л урагшлах хөдөлгөөнд нь саад болоод байдаггүй аж. Ерөнхийлөгчийн ордон гэхэд 5 давхар маш том сайхан байшин байх юм. Ерөнхий сайдын ордон гээд 6 давхар том ордон байдаг. Тэнд аппарат нь ч ажилладаг юм байна. Ажиллах, үнэнч зүтгэх нөхцөлийг нь лав л сайхан бүрдүүлж өгчээ. Гэтэл манайд хагас зуун жил шахам Монголын нам, төр, засаг, цэргийг удирдаж байсан Ю.Цэдэнбал гэдэг эрхэм хүн ганц давхар умгар байшинд 40 жил амьдарч байв. Улс орныхоо тэр үеийн хүнд нөхцөлд л тэрээр зохицон амьдарч байжээ. Тэрхүү түүхэн байрыг нь музей болгох санал санаачлага хөдөлгөөн манайд өрнөж байгаа бөгөөд энэ асуудалд шинэ цаг үеийн удирдагчид сайнаар, хүнлэг ёсоор хандаад шийдээд өгчихвөл, дараа үеийнхэн Танд мөн л ийм уужим сэтгэлээр хандах бизээ гэсэн ажил төрлийн бодол ч төрж байлаа. Аяллын урт зам нь аливааг харьцуулж эрэгцүүлэн бодох их боломжийг олгодог юм байна.

IMG_1398 IMG_1397

Нар төөнөж, халуун шатсан Лаос орны тухай урьдын төсөөлөл хурдан арилж байв. Өндөр уулсын орон аж. Битүү ногоон модоор хучигдсан, манайхны бол Хөвсгөл, Хангай, Хэнтий шиг уулсыг бүтээн байгуулалтын талбар болгож өөрчилжээ. Хуурай, халуун үеэр очиж олон мянган бээр аялсан надад байгалийн түймэр гал огт таарсангүй. Байгаль хамгаалах агуу их уламжлал энэ ард түмний зан заншлын нь хэм хэмжээ болсон аж. Агуу их газар нутгийн 7-8% нь ой модтой гэдэг манай оронд түймэр үе үе дэгдэн хуйхалдаг, бас дээрээс нь модны хулгайн бэлтгэлийг таслан зогсоож чаддаггүй нь бидний нэгэн эмгэнэл юм. Мод тарих, ногооруулах талаар манай Ерөнхийлөгчийн санаачилж буй ажил үйлсийн ач тусыг монголчууд олон үеэр дурсах бизээ. Хийх ажил ч их байна. Айл болгонд мод тарих үүрэг өгөөд, бутыг нь зээлээр өгөөд арчилж хамгаалуулах, бут бүрийн төлөө хариуцлага бий болгож, үхүүлж үрэгдүүлбэл торгууль оноодог болгоход юу нь буруу байх вэ. Бараг л тамхины тухай хуулиас ч ач тустай шийдэл болж мэдэхээр.        Далан давхарын өвөг дээдсийн булшийг битүү ой болгоход болмоор. Тэнд нойрсож буй аав, ээж 4 хүний ариун газарт би жишээлэхэд 16 мод тарихад жинхэнэ сэтгэлээрээ арчлаад ургуулчихна. Бүх монголчууд ийм сэтгэл гаргана гэдэг эргэлзэхгүй байна. Эцэг, өвгөдийн газар битүү ой мод болчихвол үр сад олон мянган хүмүүсийн сэтгэл хичнээн амар тайван байх бол. Энэ ажлыг зохион байгуулчих нөлөөтэй залуусын алтан хөшөөг нь хожим босгоход би лав цалингаа өгөхөд ч бэлэн байна. Гэтэл эцэг өвгөдийн сүр сүлд, сүнс оршиж, биднийг харж буй тэр ариун газрыг гадаадынхны мэдэлд өгсөн, тэд монголчуудыг молигодож байгаад газрыг суллан орд харш барих юм гэнэ гэсэн үг ямар муухай дуулдаж байна вэ? Өвөг дээдсийн минь сүнс Монгол уламжлалаараа тайван нойрсог. Өвөг дээдсийн газрыг онгичин сэндийлэх эрхийг хүйтэн цэвдэг сэтгэлтэй харийнханд олгох алхмыг хэн ч хийх ёсгүй. Тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй монголчуудын дургүйцлийг шатааж мэдэх иймэрхүү алхмыг эрх мэдэлтнүүд маань бүү хийлгээсэй гэж захиж байна. Тэнд мөнх тайван их ой шуугиж байгаасай билээ.

Ванг Виенг хотоос 50 км-т ирсэн зочин бүгд үздэг том агуй байдгийг Золоо олж мэдэв. Бид ч такси хөлслөн хотынх юм шиг сайхан замаар давхин тэнд очсон юм.

IMG_1610

Гадаадынхан төдийгүй Лаосчуудын очих дуртай газар байв. Өндөрлөг газар, бараг л ууланд буй хүйтэн сэрүүн нууран голд сэлэн зугаацана.

Бид уул өөд гар аргаар жаахан зассан уулын замаар авиралт хийж 300 м-ийн өндөрт агуйн аман дээр ирэв.

IMG_1962

IMG_1786

Нутагтаа жижиг агуйнууд үзэж байсан боловч ийм том гайхамшигтайг үзээгүй л байж дээ. Дэлхийд томуудын тоонд орох энэ агуйн асар том гэрийн дунд бурхны хөшөө байгуулжээ. Энэ нь их том хөшөө байлаа.

73. Laos. Vanvieng (67)

Бид нилээн доошлон 300-гаад метр яваад бурханд мөргөснөөр, цаашлахаа болгоомжлов. Золоо, Отгоо хоёр үеийн залуустайгаа бүр цаашлан харанхуй руу орж, дуу нь цуурай болон дуулдаж лав л 30 гаруй минут яваад агуйны өөр булангаас гарч ирэв. Бүх аялагчид байгалийн энэ ер бусын бүтээлийг сэтгэлээсээ бахдан биширч, уулга алдаж, ертөнцийн нэгэн гайхамшигийг харсандаа сэтгэл догдолж байлаа. Лаос оронд жуулчдыг татах нэгэн өвөрмөц газар болох энэ агуйг түшиглэн нилээн аятайхан төв байгуулж, тэр бүү хэл уулын мухар хүртэл дардан зам тавьсан нь бахархалтай, ухаалаг бодлого байв. Агуйн зүг хөврөх жуулчдын урсгал улам л нэмэгдсээр аж.

73. Laos. Luang Prabang 3 (104)

Буцах замдаа Золбаярын танилын урилгаар Испани эзэнтэй нэгэн харшид үдлэж, орчин тойронтой нь танилцав. Манайхны бодлоор хааны ордон шиг л юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалын салбарт үр дүнтэй хэрэгжүүлж байгаа юм билээ. Тэр тансаг зочид буудалд автобус дүүрэн эрхэм хүмүүс бид шиг үдлэхээр биш, бүр буудаллахаар ирсэн нь манай урьд хөршийнхөн мөн байв. Алсын Америкийн жуулчид Монголд бууж байгаа юм шиг л харагдаж байлаа. Бүс нутагтаа л Хятадын сүр хүч нөлөө ихээхэн өсч байгаа нь яалт ч үгүй бодит үнэн ажээ.

Хүү Лаосын шинэ жилийн баярыг хуучин нийслэл Луанг Прабанг хотод тэмдэглэхээр төлөвлөсөн байсан тул алсын замд гарав. Бид уулын замаар 7 цаг гаруй жижиг автобустай давхив.

73. Laos. luang Prabang 1 (20)v

Лаосын уулын зам агуу их бүтээн байгуулалт мөн байв. 40 милийн хурдтай явснаар бодоход уулын замын урт 270 км аж. Хад чулуу засаж барьсан энэ зам Богд уулын оройгоор нь тойроод явж байгаа юм шиг уулын оройг голлон хярж явах нь гайхамшигтай сонин юм.

Бодоход доогуур л тавивал ашигтай баймаар. Гэвч доогуураа ангал хавцал ихтэй байснаас болсон байж болох юм. Номхон далайн эргээс Атлантын эрэг хүртэл машинаар туулсан би Америкийн замын гайхамшгийг одоо хүртэл бодож, ярьж явдаг. Гэтэл Лаосын ер бусын уулын зам миний сэтгэлд хоногшин үлдэв. Агуу их хөдөлмөрч ард түмэн юм даа гэсэн бодол үзээгүйгээ үзсэн миний хувьд төрж байлаа. Зам дагуугаа тун бага зай ашиглан байшин амбаар тулгаад барьчихсан,  түүндээ хүмүүс нь амьдрах аж. Орон дээрээсээ гар даллан бидэнтэй мэндчилж байгаа хүмүүсийг харахад сонин өрөвдөлтэй харагдана. Айл бүрийн үүдэнд нөгөө л дэлгүүр лангуу, хоол унд гээд л залгана. Зам дээрээ гүйлдэж тоглож байгаа хүүхдүүд, бас хурдтай давхиж өнгөрөх машин гээд бодохоор нэг л хэцүү.

73. Laos. luang Prabang 1 (25)

Жолоочийн ур чадвар, хариуцлагад тун өндөр шаардлага тавьдаг аж. Байшингуудын нэг тал нь замын зах дэрлэсэн, нөгөө талд нь 6-7 м орчим модон шон дээр байшингийн сууриа тавих юм. Тэгш газар олдохгүйн зовлон, зам хөгжилд, зах зээлд ойрхон байх хүсэл хоёр ажиглагдаж байв. Мөн л үйлчилгээ… Уулын бараг оройд байрлах гадаад эзэнтэй гэсэн, тансаг гэмээр хоолны газар идсэн бугын махаар хийсэн бололтой шөлний амтыг яана. Холын замд ядарсан, бас өлссөн болохоор тэгж санагдсан байж болох юм.

Хөдөөгийн хүмүүсийн амьдрал тийм ч сайнгүй бололтой. Түлэгдэж борлосон царай, туранхай бие, бараг л хувцас өмсөөгүй. Гэхдээ бидэн шиг 4 ээлжээр пальто, пиджак өмсөх аргагүй, өөхтэй мах идэж таргалах албагүй, байнгын наранд цагаан байх аргагүй, бид ч гэсэн жижигхэн гэрт 5-6 хүн амьдраад л байдаг. Иймд хөдөөгийн Лаосчуудын амьдралыг тийм ийм гэх нь утгагүй. Гэхдээ тэдний царайнд ирээдүйдээ итгэсэн инээмсэглэл, агуу хичээнгүй чанар, тайван, элэгсэг дотно төрх ямагт харагдаж байсан нь гол зүйл билээ.

73. Laos. luang Prabang 1 (26)

Луанг Прабанг хот аялал жуулчлалын том төв гэдэг нь буунгуут л мэдэгдэж байлаа. Бидний байсан орчинд олон мянган цагаан арьстанууд байснаас тэгж бодсон юм. Зүүн өмнөд Азид хамгийн алдартай Меконг мөрний хөвөөнд байрлах бидний даруухан буудал дутуу юмгүй.

73. Laos. luang Prabang 1 (32)

Гол шалгуур нь эйр кондишн, сэнс, душ, уух халуун ус, wifi интернэт байвал л болох нь тэр. Ер нь өнөөгийн гадаадын жуулчдын олонхи нь залуучууд болжээ. 17 орчим насны хүүхдүүд ч биеэ даагаад явж байх юм. Ая тухтай байдалдаа жуулчид мөнгө хайрладаггүй. Гэхдээ “Хилтон” маягийн зочид буудалд бууж, үнэтэй тансаг хоол идэе гэх хүн бараг л үгүй юм. Олон газар яваад сурчихсан тэд хамгийн энгийнээр, аль болох зардал багатай, их юм үзэж явахыг л эрмэлздэг нь харагдаж байлаа. Настай аав, ээжийгээ хоолны янз бүрийн асуудалд оруулахаас болгоомжилж хүү маань гудамжинд хувийнхны бэлтгэсэн хоолноос биш, арай баталгаатай хоолтой газар хооллож байв. Гэтэл нөгөө “баян” жуулчид маань хаа таарсан газрын хоол унд сонгон идэж уугаад л явж байгааг далимдуулан нутгийн ардын хоол амтлая, идэе гэж хэлж, жаахан хэмнэлт гаргая гэж бодсон боловч Лаосын өдрүүдэд хүү тийм боломж өгсөнгүй.

Манайд ер нь аялал жуулчлалын салбар эхлэлийн шатандаа байна гэж бодогдсон. Агуу их бэлэн мөнгөний урсгалыг эх орондоо авчрах боломжийг манай Засгийн газар анхааран, судалж ирэх үүргийг хүүд өгч илгээсэн нь ёстой ухаалаг бодлого гэж ойлгогдов. Монголыг дөнгөж эхлэн судалж буй гадаадын жуулчдад өндөр үнэтэй зочид буудлуудаа “шахаж”, нэг таваг хоолоо 20000 төгрөгөөр үнэлдэг ресторан руу түлхэж, гадаадынханд үнээ 5 дахин нэмж хэлдэг таксинд суулгаад байвал энэ салбар яагаад ч хөгжихгүй. Аялал жуулчлалын хөгжлийг жирийн иргэд, хүний олноор л хангаж өгч чадна гэдгийг манай юм үзэж нүд тайлсан жуулчлалынхан яагаад мэдэхгүй, харгалзахгүй байна гэдэгт би гайхаж л явлаа. Харин үнэтэй онгоц хөлөглөн улс дамжиж, хамгийн үнэтэй зочид буудалд тухлаж, албаны бенз, кадиллакд залран, яам газар дамжин, тансаг хүлээн авалтанд хооллож, бас ч гэж томилолтын мөнгөнөөсөө нилээдийг хувьдаа “унагачихдаг” сайд дарга нар маань аялал жуулчлалын нарийн ширийнийг яаж мэдэхэв дээ. Харин энэ салбарын монголдоо ганц “дээд зэрэглэлийн” мэргэжилтэн болох хүүгийн минь үгийг сонсоё гэсэн тэр ухаалаг залуус л энэ салбарыг хөгжүүлж чадах болов уу гэсэн найдлага төрлөө.

73. Laos. luang Prabang 1 (35)

Миний амьдралд тохиолдож байсан хамгийн хөгжилтэй наргиантай өдрүүдийн нэгийг Лаосд өнгөрүүлэв. Шинэ жилийн баяраараа нэгнийгээ усаар цутгаж, шүршдэг эртний уламжлалтай Лаосчууд үүнийгээ хүнийг ариутгаж цэвэрлэж байна гэж үздэг ажээ. Үнэхээр ч сайн угаадаг аж. Хуурай хувцастай хүн бараг нэг ч байсангүй, машинтай, мотоциклтой явж байгаа (олон хүнтэй гудамжаар удаан явж буй) хүмүүсийг хажуунаас хувинтай, шанагатай усаар цутгаж, усан буугаар буудалцаж байв.

73. Laos. Luang Prabang 2 (46)

Задгай машинд сууж явсан “ямар ч гэмгүй” биднийг залуучууд хувинтай усаар угаав. Золбаяр, Отгонбат хоёр усан буу худалдан авав. “Тулалдаанд” бэлтгэж байгаа нь ойлгомжтой байлаа. Үдийн хоолонд явж байсан хорхойд хоргүй хижээл насны намайг хүртэл залуус усаар буудаж, шанагатай усаар ариутгав. Аянд ядарсан ч би хүн л юм болохоор усан буугаа хэд хэд цэнэглэн хөгжиж цэнгэж буй залуустай цаг үзэлцэв. Угаалгаж, угааж усан хулгана болтлоо норсон намайг манай багийнхан харж элгээ хөштөл инээлдсэн нь аргагүй биз. Би тэр өдөр ер бусын хөгжилтэй сэргэлэн байсан нь өмнөх ядаргааг бүр арилгачихлаа. Дахиад л бид инээлдэцгээв.

73. Laos. Luang Prabang 2 (51)

Отгонбат хүү гадагш гараад шинэ мэдээтэй ирлээ. Маргааш их сонирхолтой шоутай юм байна. Олон сармагчин хотын гудамжинд орж ирж тэднийг хотынхон хооллодог юм гэнэ гэв. Одоохондоо сармагчингийн сүрэгтэй таараагүй байсан болохоор сонин байлаа. Нэг талд Меконг мөрөн байдаг, хаанаас тэр олон сармагчин ирдэг юм бол гэж бодон маргааш өглөө эртлэн босож гудамж талбайд гарлаа. Гэтэл ямар ч сармагчин байсангүй. Харин олон тооны лам өглөг буяны ажилд оролцож байв. Хүү Отгонбат monk (лам) гэсэн яриаг monkey (сармагчин) гээд ойлгочихсон юм байжээ. Энэ онигоог бид аяллын туршид ярьж инээлдэцгээж билээ.

73. Laos. Luang Prabang 4 (4)

Луанг Прабанг хотын зочид хотоос цагийн зайтай орших усан хүрхрээг заавал үздэг юм байна. Бид ч тийш нь хөдөллөө. Олон хүн бужигнасан томоохон жуулчдын төв болгожээ.

Миний үзсэний дотор бас л рекорд гэхээр сүрлэг сайхан хүрхрээ байлаа. Уулын хүрхрээний сэрүүн тунгалаг ус туучин хийморио сэргээсэн, үй олон хүмүүсийн дунд байж, соёлт хүмүүс хэрхэн амарч буй, тэдэнд нутгийхан хэрхэн найрсаг сайхан үйлчилж байгаа нь аргагүй л сонин мэдрэмж төрүүллээ. Нутгийнханы амьдралд аялал жуулчлал ихээхэн сайн нөлөө үзүүлж, тэднийг мөнгөжүүлж байгаа нь нүднээ ил, ойлгомжтой байлаа.

73. Laos. Luang Prabang 3 (50)

Амьдралын төлөө үнэнч шудрагаар хөдөлмөрлөдөг ард түмэнтэй, найрсаг Лаос орныг орхин гарах мөч ирж бид Меконг мөрнөөр аялах сайхан бололцоо олдов.

Эхний өдөр 9 цаг усанд хөвж, Лаос орны өндөр сүрлэг уулс, битүү ой шугуй, мөрнийг дагасан жижиг тосгоны хүн ардын амьдралыг ажиглан тайван, унтсан, амарсан шиг л аялав. 60 гаруй хүнд зориулсан дунд гарын усан онгоц байсан бөгөөд гадаад, дотоодын 40 гаруй хүн зорчив.

73. Laos. Luang Prabang 4 (52)

Онгоц, автобусанд бид нэг л суудалд хадагдчихдаг. Элдэв донсолгоо байхгүй, цэвэр задгай агаарт, эргэн тойрныг чөлөөтэй ажиглан харж, хөлгийн жолоочийн дэргэд сууж, бүр онгоцны хамар дээр нь гарч хөдөө нутгийн байгалийг ажиглан харж явлаа.

73. Laos. Huay Xai  (85)

Усан хөлгийн аялал ер нь их тааламжтай юм байна. Уулын жижигхэн тосгонд хоноглох болов.

Бас л гадаадын зочид дүүрсэн, үйлчилгээ өрнөсөн тосгон гэхээргүй л газар санагдав. Зочид буудал нь ерөнхийдөө үнэ багатай, тун аятайхан 2 хүний өрөө нь 40000 орчим төгрөгийн үнэтэй, нөгөө л эйр кондишн, душ, телевиз, wifi бүрдсэн, хоол нь ч гэсэн боломжийн газар аж. Маргааш нь өглөө 9 цагт өөр усан онгоцонд сууж дахиад 9 цаг байгалийн сайхныг мэдрэн аялсан юм. Буфетэнд нь пиво, жимс гээд ойр зуурын хэрэгцээтэй зүйлс зарж байлаа.

73. Laos. Huay Xai  (69)

Алдарт Меконг мөрнөөр 18 цаг хөвсөн өөр аялагч манайхан дотор байдаг болов уу гэсэн аялагчийн бахархах сэтгэл төрснийг нуугаад ч яахав.

Лаос, Тайландын хил дээр орой 7 цагийн үед ирэхэд яагаад ч юм бүрэнхий болж байлаа. Шинэ орны бидэнд харагдсан анхны тосгон нь хөл хөдөлгөөнтэй газар байв. Меконгийн эрэг дээр пааридаж байгаа олон зуун хүмүүс голоор зорчиж яваа зочдод гараа өргөн мэндчилж, хашгиралдаж байсан нь бас л найрсаг хүмүүс юм гэсэн бодол төрүүлэв.

73. Laos. Huay Xai  (117)

Дахиад цаг явж хилийн боомт тосгонд ирэв. Зочид буудал үйлчилгээ нь дажгүй байв. Меконг мөрний нөгөө эрэгт байгаа тосгонд анивчих гэрэл гэгээ, хүмүүсийн дуу хуур өглөө болтол тасрахгүй байсан нь шөнийн бүхий л арга хэмжээ 12 цагт өндөрлөдөг Монголдоо дассан би гэдэг хүнд бас л сонин санагдаж байлаа. Өглөө Лаосын хил дээр очив. Нөгөө л олон зуун жуулчид ирсэн, буцсан хөл ихтэй газар байлаа.

Хилийн байцаагч залуухан (бас жирэмсэн) эмэгтэй нэг инээмсэглэн харснаа (шөнө нь ажилтай байсан юм болов уу, бас эвшээж байсан) шууд л тамга дарав. Гаалийн шалгалт гэж ч юм байдаггүй бололтой өнгөрч, Тайландын хилийн зүг завиар хөдлөв.

Хүүтэйгээ адилхан 80 орчим орныг туулаагүй ч, бас ч гэж олон орныг орхин гарч байхдаа аль сайн сайхныг нь сэтгэлдээ үлдээдэг би сайн харилцаатай явж ирсэн энэ орноос гарахдаа давтагдашгүй, мартагдашгүй сайхан дурсамжийг өвөртөлснөө мэдрэв.

73. Laos. Huay Xai  (129)

Сайхан сэтгэлтэй, ер бусын хөдөлмөрч, эелдэг соёлч Лаосчуудын эх орон дахин уулзатлаа баяртай…(Тайланд, Кох Ларн арал.2013.04.26)

Тэмдэглэлтэй холбоотой зургийн цувралыг дараах холбоос руу орж дэлгэрэнгүй үзнэ үү.

1,  http://www.amai.mn/archives/16361

2. http://www.amai.mn/archives/16563

3. http://www.amai.mn/archives/16617

4. http://www.amai.mn/archives/16620

5. http://www.amai.mn/archives/16716

6. http://www.amai.mn/archives/16826

7. http://www.amai.mn/archives/17010

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

Oorsdiinhoo aylaliin talaar, zochilson ulsiinhaa talaar engiin sonirholtoi niitlel bichij busad uls ornuudtai taniltsaj, tednii turshlagaas suraltsah bolomjiig neej ogdogt tani bayrlalaa. Aylald tani amjilt husey :)

Odbayar wrote on 2013/06/11 - 16:10
#2

hi, negel odor aav eej ger bulee avaad ingej ayalna. Ter moroodol maani tun udahgui gej itgej bn. Manai aav Amai.n ehnii 3 botiig odoo unshij duusaj bgaa gesen. Bi daraagiin botiig ni huleej suuna daa. Amjilt Amai.

zaya wrote on 2013/06/11 - 23:07
#3

Сайн байцгаана уу? Сайхан нийтлэл уншлаа.Бахархаж,ойлгож,ухаарч,инээж үзлээ!!!Хүн хэлхээс,цаас чичхээс гэдэг үг аргагүй үнэн юм.Зурагнууд дээр: Санаа авах,ялгаж салгаж ухаарах,гэх мэт зөндөө зүйлүүд байсаныг уншаад мэдэв!!! Зарим нэг мэдрэмж,бодлоо дотроо бодоод өнгөрхөөс бичиж байсангүй. энэ тархи,сэтгахүй,залхуурлыг яандаа байз…?!

Гэрэл6 wrote on 2013/06/12 - 02:03
#4

Халууцаад усаар байлдаж тоглож байна гэж бодсон юмаа гэтэл: уламжлал байсан байна шүү.ккк хөгжилтэй,бүүр ЦОГЛОГ харагдаж байна дөө.та хэдийн инээж байгаа зураг үзээд аз жаргалтай болчихлоо ганцаараа инээгээд сууж байна хэхэхэхахахаккк…таны ээж энэ үед ямар байсан бол зураг нь алга… мөн ламыг сармагчинтай андуурдаг онигоо уншиж эхлээд ИТГЭЛЭЭшдээ хахэ

Гэрэл6 wrote on 2013/06/12 - 02:25
#5

Сэтгэл сайхан байна!!! Монголын бахархал болсон сайхан хүү төрүүлж,өсгөж,хүмүүжүүлсэн ГАЙХАМШИГТАЙ түшиг,тулгууртай,хатан тэвчээртэй…Аав,Ээж хоёрт хайр,халамжийн дээдийг хүсэн ерөөе!

Гэрэл6 wrote on 2013/06/12 - 02:52
#6

Neg l saihan uran zohioliin nom unshij bgaa yum shig. Uls ornuudiin engiin amidraliin talaar oguulj bidend oirtuulj baidagt tani urgelj bayarladag. Ta bugdiin hiij bui aylal Mongoliin zaluuchuudad husel, ermelzel, sedel toruulj baigaa shuu. Baharhaj baina, eruul enhiig husey!

Solongo wrote on 2013/06/12 - 10:12
#7

Jambaa bagshdaa bolon Amai ahdaa ednii ger buliinhend az jargal husey. Bagshdaa hairtai shuu.

burenjargal wrote on 2013/06/17 - 11:18
#8

Сайн уу. Сайн явж байна уу. Би ийм блог байдаг тухай ерөөсөө сонсоогүй байж байгаад хэвлэгдэн гарсан 3 номыг чинь уншсаны дараа л орж үзэж байна. Амжилт

Soniko wrote on 2013/06/17 - 15:23
#9

Yamar ikh ineesen gej sanana Amai monk gedegiig monkey geed oilgoson gej deer helsen chin unen hogjiltei haha

Mglmunk wrote on 2013/06/19 - 15:25
#10

OТгонбат хуу унэхээр гое онигоо гаргажээ. Аялалаа гэж.

Zochin wrote on 2013/06/20 - 11:12
#11

Манай багш маш сайхан бичжээ. Танд амжилт хүсье

bayaraa wrote on 2013/06/27 - 21:20
#12

Сайн байна уу Таны бичсэн Давст нутгийн алтан шаштир номын үзээд бахархаж байна. Гэхдээ номоо хэвлүүлэхийн өмнө ТВ болон бусад сурталчилгаагаар Давст суманд төрсөн хүмүүсийг намтар түүхээ өгөхийг зарласан бол илүү олон хүний түүх босгож чадах байсан байх гэж бодож байна. Урьд өмнө таныг ийм ном гаргах гэж байгааг мэдээгүйн улмаас Давст суманд төрсөн, улсад 45 жил ажилласан. Эх орны дайны үед цэргийн оёдлын артельд нойр хоолоо хасан ажиллаж байсан, Эмийн заводод нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ба Цэдэнбал ерөнхийлөгчийн төрсөн эгч болох өөрийн эх Жавзангийн намтар түүхийг оруулж чадаагүйдээ хамарсаж байна. Таныг номоо дахин хэвлүүлэх үедээ миний эхийн намтар түүхийг оруулж өгөхийг хүсье.
Таныг хүндэтгэсэн,
ХААУ-ны Доктор, ШУТА, БОТА, ХААҮТА Ж.Цолмон
Харилцах утас: 91222788, 88186298
Е-майл: jtsoomoo@ymail.com
Таны утас олдохгүй байна.
Надад утасны дугаараа өгч, зав гаргаж хүлээн авч уулзахыг хүсье.

Доктор, ШУТА Ж.Цолмон wrote on 2016/05/15 - 19:33
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.