EX 242013.04.24, 01:43.

Тайланд улс, эртний нийслэл Сукхотай хот, Витүүн зочид буудал.

Намайг Сэсээрийн Отгонбат гэдэг. 1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Багадаа 69-р цэцэрлэгт хүмүүжиж, дунд сургуулиа Сүхбаатар дүүргийн 16-р сургуулийг, дээд боловсролоо ХААИС-ийн Байгалийн аялал жуулчлалын менежер мэргэжлийг Бакалавр зэрэгтэй төгссөн. 1990 оноос хойш гэр бүлээрээ Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт буюу хүмүүсийн нэрлэдгээр 100 айл дахь нийтийн орон сууцад амьдарч байна.

Аав маань Халх, ээж маань Буриад ястан. Дээрээ 2 эгчтэй бөгөөд айлын бага, ганц хүү нь. Миний аав насаараа Монгол улсын цагдаагийн албанд зүтгэсэн бөгөөд одоо тэтгэвэртээ гаран амьдарч буй өөрийн цаг үедээ эх орныхоо төлөө хийх зүйлээ хийчихсэн жирийн л нэг ахмад зүтгэлтэнгүүдийн нэг билээ.

2007 оны нэгэн өдөр гэртээ интернэтээр урьдын л адил элдэв сайтаар хэсэн явж байгаад www.amai.mn блог руу орчихов. Дэлхийг тойрон аялагч хэмээх нэртэй энэхүү блогоос нэг тэмдэглэлийн гарчиг нь их сонирхолтой санагдан уншив. Тэр өдрөөс эхлэн өдөр бүр зочлон шинэ болон хуучин тэмдэглэл, зургуудыг цаг алдалгүй уншиж, аажимдаа сэтгэгдэл бичин үзэл бодлоо илэрхийлэн өөрийгөө нээж эхлэв. Энэ мэтчилэн уншсаар 3 жил орчмын хугацаа өнгөрсөн бөгөөд 2010 онд Амай ах өөрийн блог дээрээ нутаг руугаа буцаж буй тухай бичсэн нь хэдийгээр нүүр тулан уулзаж танилцаагүй ч гэлээ энэхүү мэдээнд өөрийн эрхгүй баярлав. Улаанбаатар хотдоо ирэн багагүй хугацаа өнгөрсний дараа блог уншигчидтайгаа Central Tower-ийн Sky Lounge-д уулзана, уулзах хүсэлтэй хүмүүс нь сэтгэгдэл дээрх нэрээ хэлэн өөрсдийгөө танилцуулан уулзаж болно шүү гэсэн байв. Тухайн үед миний зуны амралт эхэлчихсэн завтай байсан бөгөөд очиж уулзахаар шийдлээ. Товлосон газар, цагтаа очин лифтээр дээш гарах гээд хүлээж байтал Амай ах найзын хамт лифтэнд суув. Энэ хүнийг хараад ямар өндөр биетэй, урт үстэй залуу вэ гэсэн анхны сэтгэгдэл төрж билээ. Уулзалтан дээр блогийг уншдаг 4 хүн ирсэн бөгөөд хүн бүр өөрсдийгөө танилцуулан янз бүрийн зүйлсийн тухай ярилцан цагийг өнгөрөөлөө. Уулзалт өндөрлөсний дараа Central Tower-ийн үүдэнд нэг нэгэнтэйгээ салах ёс гүйцэтгэн зогсож байхдаа би ажилд нь сайн дураараа туслах боломжтой тухайгаа илэрхийлсэн.

Анхны уулзалтаас хойш 1 сар орчмын дараа Амай ах нийгмийн ажлаа эхлүүлж байгаа бөгөөд сайн дураараа туслах хүсэлтэй хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн хэмээн тэмдэглэлдээ бичив. Үүнийг уншсаны дараа миний бие имэйл рүү нь захиа бичин туслах боломжтойгоо дахин дурьдлаа. Хариу имэйл ирсэний дараа уулзахаар болж шинэхэн тохижиж буй ажлын газрынх нь гадаа ирэн, өрөөнд нь ороход ерөнхийдөө тохижилтын ажил эхэлж байсан бөгөөд хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь ханан дээрх орон орноор аялж байхдаа цуглуулсан тасалбарууд байв.

Энэ өдрөөс эхлэн хийж буй ажлынх нь ирээдүйн үнэ цэн, үр дүнг нь харан ямар нэгэн цалин мөнгө гэлгүй хичээлийнхээ зав зайгаар ширээ сандал зөөх, жижиг сажиг хийж чадах, сурч болох бүгдийг л хийн сайн дураараа ажиллаж, Амай ахын амьдралын туршлагаас суралцаж эхлэв. Өдөр хоногууд өнгөрсөөр нэг мэдэхэд биечлэн танилцаад 3 жил, интернэт орчноос мэдэж эхэлснээ бодвол 6 жил орчмын хугацаа өнгөрчээ.

Эдгээр хугацаанд Монгол Бадарчин 3 боть номууд, номын нээлтийн ажлууд, гэрэл зургийн үзэсгэлэн гээд бусад ажлуудад гар бие оролцсон юм. Мөн Жамбалсүрэн ах буюу Амай ахын аавын гэр бүл болон ургийн зарим хүмүүстэй нь ч танилцав.

Америкийн Нэгдсэн улс руу аялахаасаа өмнө нэгэн өдөр Амай ахтай гэрт нь сууж байтал –Хэрвээ боломжтой бол хэзээ нэг өдөр чамайг аль нэг орон руу дагуулж яван, аяллын гайхамшигтай ертөнцийг мэдрүүлнээ гэв. Би –За л гэлээ. Гэхдээ дотроо төсөв мөнгө гэдэг хэцүү учраас цаг нь болоод явахаар болбол сайхан л байна гэж тухайн үед нэг их ач холбогдол өгөлгүй өнгөрөөв.

2012.12.21 буюу дэлхий сүйрнэ хэмээн цуурхаж байсан өдөр Амай ах Монгол Бадарчин 3 төслөө эхлүүлж, Өмнөд Азийн улс орнууд дахь амьдрал, аялал жуулчлалын салбаруудыг судлахаар Улаанбаатар Хонг Конгийн чиглэлд нисэж байсан юм. Тэр өдөр үдэн гаргаж байх үедээ –Хэзээ нэг өдөр ингээд аялана даа хэмээн би мөрөөдөж байв.

2013 оны 03 сарын 26-ний өдөр гадуур ажилтай явж байтал утас дуугарав. Утсаа автал –Жавхаа ах (Амай ахын төрсөн ах) нь байна, сонин сайхан юу байна даа гэх мэт зүйл ярьж байснаа –Золоо ах нь чамайг аялалд урьж байна, 4 сарын 7-нд аав, ээж хоёр Лаос руу явна, чамайг цуг хүрээд ир гэнэ. Би –Айн, сайхан л сонсогдож байна, гэхдээ төлбөр мөнгийг нь яах вэ? Бас гэрийнхэнтэйгээ очиж ярилцаад, маргааш тань руу ярья –Бид нар төлбөр мөнгийг зохицуулна асуудалгүй, за за чамайг ерөнхийдөө ok гэж ойлголоо шүү хэмээн яриа дууслаа.

Гэртээ харин энэ тухайгаа хэлтэл саналыг дэмжлээ. Миний хувьд ч дотроо ойрын жилүүдэд байтугай магадгүй насан туршид минь ийм боломж ирэх эсэх нь бодит амьдрал дээр мөрөөдөл мэт бөгөөд энэхүү санал зүүд шиг л байв.

Амай ахтай аяллын талаар Facebook-ээр ярилцав. Амай ах –Чамайг сонгосон гол шалтгаан нь:

1. Багагүй хугацаанд хамтарч ажиллаад, манай гэр бүлийн гишүүн болсон тул чамайг урьсан.

2. Чи бол жирийн л олон Монгол залуусын төлөөлөл. Чамд би өөрийн ертөнцийг үзүүлье. Чи бусад олон залууст аялахын сайхан, хүнд бэрх талыг хэн нэгний нүдээр бус өөрийн оюун санаагаар шүүн тунгааж, бодитоор харсан, мэдэрсэн зүйлээ тэмдэглэл болгон бичиж, Монголын залууст үнэтэй эд хөрөнгө цуглуулах нь гол бус, ЗАЛУУДАА тэр мөнгөөрөө аялж, юм үзэж нүд тайлах нь ямар чухал болохыг мэдрүүлэх юм.

3. Чи аялал жуулчлалын мэргэжлийг төгссөн илүү ихийг газар дээр нь сурна. гэв.

Маргааш нь Жавхаа ах руу ярьж саналыг дуртайяа хүлээж авсанаа хэлэн юу бэлдэх шаардлагатай тухайгаа лавлалаа. Тэгтэл –Бэлдээд байх зүйл нэг их байхгүй, чи зүгээр л үүргэвчээ үүрээд хувийн бэлтгэлээ базаагаад л болоо. Билетийг чинь бид нар авчихна.

Амай ахын ээж рүү нь хэд хоногийн дараа ярьтал –Халуун орны тариаг явхаасаа өмнө Халдвартын эмнэлэг дээр хийлгэх хэрэгтэй гэв. 7 хоногийн өмнө ганцаараа Халдвартын эмнэлэг дээр халуун орны тариа хийлгэх гээд очтол эмч нь -Яг ямар тариа вэ? Хаашаа явах гэж байгаа юм? –Лаос руу явна. –Лаос аа? Манайд шар чичрэнгийн эсрэг тариа байдаг, голдуу Африк руу явж байгаа хүмүүс хийлгэдэг, Лаост яг яадгийг нь сайн мэдэхгүй байна, үнийн хувьд 15000 төгрөг. Би ч за за мөн байх гээд л хийлгэн, тариа хийлгэсэн тухай бичиг авав. Тариа 10 хоногийн дараа үйлчилж эхэлнэ хэмээн сануулав.

Дараагийн аяны гол бэлтгэх ажлууд нь оо сойз, саван, ганц нэг шорт, хөнгөн куртка гэх мэт байв. Хамгийн гол авах зүйл нь аяны сайн үүргэвч болон сандаал байсан бөгөөд багагүй хугацааг ч үүнд зарцуулав. Аяны үүргэвч, сандаалаа зах, хороолол, их дэлгүүр гээд олон дэлгүүрээр явж судлав. Монголд 4-р сард ерөнхийдөө сэрүүн байсан учраас зуны улирлын хувцас хараахан гараагүй, гайгүй чанартай боломжийн үнэтэй сандаал олдоогүй учраас очоод л авахаар шийдэв. Сандаал хайж байхдаа нэг бодогдсон зүйл гэвэл яагаад заавал улирлаар хувцас нь гарах ёстой гэж, монголчууд хаашаа ч явж болох учраас ямар ч үед аль ч улирлын хувцас элбэг байх хэрэгтэй байх. Магадгүй би дутуу судалсан, мөн энэ нь бизнесийн зах зээлтэй ч холбоотой байж болох юм. Аяны үүргэвчээ их дэлгүүрийн 3-р давхараас Tatonka гэх брэндийн Вьетнамд үйлдвэрлэсэн үүргэвчийг 160000 орчим төгрөгөөр худалдаж авав. Зарим нэг аяны үүргэвч доод тал нь 300000 төгрөг болон түүнээс дээш байв. Чанартай байж болох ч над шиг бага төсөв зарцуулахыг хичээж буй хүнд чамгүй үнэтэй.

Ингээд аяны зөвхөн бэлтгэлийн төсөв маань нийтдээ ойролцоогоор 400000 (280$) орчим төгрөгт хүрэв.

Аялалд явахаасаа өмнө нэг хийх ёстой байсан зүйл нь Гандан орж мөргөх болон засал ном хийлгэх. Хэдийгээр би буддын шашинд үнэн сүсэгтэй бөгөөд шүтдэг гэж хэлэхгүй ч, манай аавын талын ургийн хэдэн үеийн хүмүүс лам хүмүүс байсан учраас дотроо хүндэтгэдэг бөгөөд мөн аавын зөвлөснөөр засал номоо хийлгэхээр очив. Төв Гандангийн ойролцоо байрлах олон хийдүүдийн нэгэнд орон зурхайч ламд үзүүлэх, засал ном хийлгэх лам, ном бүрийн уншлагын тариф, засал хийлгэхэд хэрэглэгдэх зүйлс, лам бүрт сэтгэлээсээ өгөх мөнгө гээд явсаар байгаад нэг мэдэхэд 20000-30000 төгрөг халааснаас урсчихсан байв. Аавд иймэрхүү мөнгө зарцуулчихсан байна гэж хэлтэл аав –За за яахав яахав, бурхны юм зүгээр л орхи, нэг их юм битгий бод, сүсэг гэв. Тухайн үед энэ мэтчилэн олон эмээ өвөө болон амьдралын боломжгүй хүмүүс өөрсдөөсөө ч харамладаг багагүй мөнгөө шашинд зарцуулдаг байх даа гэж бодлоо. Тэгтэл цаана нь бурхны нэрээр мөнгө олдог хэсэг хүмүүс байдаг бөгөөд үнэхээр тэр номыг тухайн хүнд зориулж уншиж байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, эсвэл бусад бизнесийн байгууллага шиг нэгдсэн стандарт гэсэн ойлголт байхгүй мэт. Нэг инээдтэй санагдсан зүйл нь хийдийн ном бичдэг хүүхэнд –Зурхайч лам ийм ном уншуулж засал хийлгэ гэсэн. –Аан за, энэ ном ийм төгрөг, тэр засал ийм төгрөг, манайд хэрэглэгдэх зүйлс нь бий тэдгээр нь тэдэн төгрөг. –Аан уншлагын мөнгө гэж хэд вэ? –Тэр бол сүсгээсээ заавал тэд гэж хэлэхгүй. –Тэгвэл 500 төгрөг гээд биччих. -500? Ийм олон ном уншуулж байж 500 төгрөг үү? За яах вэ балинтай ном уншуулж байгаа юм байна, гэхдээ их л бага мөнгө байна гэсэн маягтай зүйл хэлэв. Би дотроо гайхаад бас инээд ч хүрэх шиг. Бурхан хүний сэтгэлийг доод тал нь 500 төгрөгөөр үнэлнэ гэж хэ хэ. Эдгээр хүмүүсийн сэтгэлгээгээр бол хэрвээ хүн өөрийгөө бурханд даатгах, дараагийн төрөлдөө очихын тулд доод тал нь 500 болон түүнээс дээш төгрөгтэй байх ёстой юм байна л даа. Хүн сэтгэлээрээ бурхныг шүтдэг болохоос мөнгөөр шүтнэ гэдэг бол үнэндээ утгагүй асуудал мэт санагдав. Ерөнхийдөө шашин нь яг л эмнэлэг аптек шиг сүлжээтэй багагүй мөнгө эргэлддэг, ашиг олдог бизнес болчихжээ гэсэн бодол төрснөө ч нуух юун. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл хэрвээ Монголд амьдардаг, аялахыг хүссэн, буддын шашинд сүсэгтэй хүн өөрийн аяллын бэлтгэлдээ шашны зардал гэж 30000 төгрөг ямартай ч дунджаар төсөвлөх хэрэгтэй болж байх шиг. Гэхдээ энэ заавал тэгнэ гэсэн үг бас биш шүү!

Аяллын багийн хувьд Амай ахын аав, ээжтэй цуг 3-лаа явах бөгөөд Лаос, Тайланд улсуудаар үүргэвч үүрэн аялах байв. Тодорхой эхний маршрут нь Улаанбаатар-Бээжин-Вьентан. Үүнээс цаашхи аяллын хөтөлбөр нь Амай ахын төлөвлөснөөр… 2013 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 18 цагт Бээжин рүү нисэх байсан бөгөөд 15:30 цагт аав, эгч, хүргэн ахын хамт онгоцны буудал дээр ирэхэд нислэг цаг агаарын улмаас хойшлогдож оройн 21 цагт нисэхээр болсон байв. Нээрээ ч онгоцны буудал руу явж байхад маш их салхитай байсан юм. Гэрлүүгээ буцан 18 цагт гэр бүлийнхэндээ сайн сууцгааж байгаарай хэмээн захиж, аав маань ч сайн яваарай хэмээн хацар дээр минь үнсэн гэрээс үдэв. Жааяа (Жамбалсүрэн буюу Амай ахын аав) ахын гэрт 18 цагт уулзан, онгоцны буудал руу явав. Оюунаа (Оюунчимэг буюу Амай ахын ээж) эгч, Жааяа ах, бид гурвыг Жавхаа ах онгоцны буудал руу хүргэж өгөв. Явж байх замд салхитай, бага зэрэг цасаар шуурч хотыг нилэнхүйд нь цагаанаар бүрхэж байсан тул нислэг дахиад хойшлогдох вий дээ, мөн хувьтай хүн хур борооноор гэдэг үг ч бодогдож байв. Онгоцны буудал дээр 19 цагт очин билетээ бүртгүүлэн тээшээ шалгуулав. Гар тээш гэж өөрийн үүргэвч болон жижиг хар цүнхээ үлдээв. Гаалийн ажилтанд тээшнүүд болон биен дэх жижиг сажиг бүх зүйлсээ өгөн хэт ягаан туяаны шалгагчаар шалгууллаа. Тэгтэл та дахин үүргэвчээ шалгуулна уу хэмээн гаалийн ажилтан хэлэв. Тэгэхээр нь дахиад л шалгууллаа. Гэх мэтчилэн 2-3 удаа шалгуулсны дараа гаалийн ажилтан цүнхэнд тань нэг жижиг төмөр шиг зүйл байна, хумсны хутга юм уу гэв? –Үгүй ээ, би хумсны хутгаа тээшиндээ хийсэн, жижиг төмөр зүйл байх ёсгүй дээ –Яах аргагүй нэг нарийн төмөр шиг зүйл байна даа, та үүргэвчээ задална уу. За хэмээн би үүргэвчээ задлав. Тэгээд үүгэвчинд минь аялалд гархаас хэд хоногийн өмнө авсан жижиг цүнхний маань гоёлын маягтай төмөр нь тэгж асуудалтай харагдаж байсныг гаалийн ажилтан мэдлээ. Би ч ингэнэ гэж бодоогүй бөгөөд дараагийн гаалийн шалгалтууд дээр багагүй төвөг болох юм байна даа ч гэж дотроо бодов. 2-3 удаа шалгуулж цуг яваа хүмүүстээ төвөг удсандаа жаахан санаа зовлоо. Тухайн үед нэг ойлгосон зүйл нь жинхэнэ аяны үүргэвчүүдийн түгжээ, бусад нарийн хэсгүүд нь яагаад төмөр материалаар хийгддэггүй, хуванцар болон өөр материалаар хийгддэгийг нь л сайн ойлголоо. Тээшээ шалгуулаад гаалийн байцаагчид гадаад паспортоо шалгуулав. Байцаагч харж байснаа анх удаагаа явах гэж байгаа юм уу? гэв –Тийм.

Ингээд бид гурав гар тээшнүүд, паспорт, билетээ аван хүлээлгийн танхимд хүлээлээ. Хүлээлгийн танхим нь нэг их том биш санагдсан бөгөөд Бээжин рүү багагүй хүн нисэхээр хүлээж байв. Жааяа ах iPad-аараа, би гар утсаараа явахаасаа өмнө онгоцны буудлын үнэгүй Wifi интернэтээр мэдээлэл уншин сууж цагийг өнгөрөөж байхад Оюунаа эгч орох хаалганы дэргэд сандал дээр суун хүлээв. 20 цагт хүлээлгийн танхимд орж ирсэн бөгөөд нислэг 21 цагт байсан боловч 21:30 хүртэл хүлээсний эцэст онгоцондоо суун нислэг эхэллээ.

МИАТ-ын ОМ223 дугаар нислэгт суусан эхний сэтгэгдэл гэвэл онгоц маань нэг их том биш гэж яригддаг нь ортой санагдлаа. Нислэг нийт 2 цаг үргэлжлэх байсан бөгөөд гэгээтэйд ниссэн бол юм харж цагийг өнгөрөөе гэж бодож байсан боловч шөнө ниссэн учраас ерөнхийдөө хүлээж суух л ажил байв. Нислэгийн үед өгдөг ундаа, хоолыг идсэний дараа МИАТ-ын гаргадаг англи, монгол хэл дээрх сэтгүүлийг уншлаа. Мэдээллийн чанар дажгүй байсан ч хэзээ гарсан дугаар юм бол оо гэж сонирхон хартал 2013 оны 01-р сард хэвлэгдсэн байв. Монголын бараг хамгийн томоохон нислэгийн компани 3 сарын өмнөх мэдээлэлтэй сэтгүүлтэйгээр хүмүүст үйлчилж байгаа нь хачирхалтай. Эсвэл улиралд 1 удаа хэвлэгддэг ч байж болох юм.

Онгоц Бээжингийн Капитал олон улсын нисэх онгоцны буудалд газардах дөхөж байгаа тул Та бүхэн суудлын бүсээ бүсэлнэ үү хэмээн зарлалаа. Онгоцонд анзаараад байхад ихэнх хүмүүс онгоц хөөрөх болон буух үед нүдээ анидаг мэт харагдсан. Магадгүй энэ нь хувь хүний эрүүл мэнд, сэтгэл зүйтэй холбоотой байх.

Газардах үед онгоц жаахан савлалаа. Оюунаа эгч зарим онгоц их аятайхан юу ч мэдрэгдэхгүй буудаг, зарим нь бага зэрэг савладаг, ерөнхийдөө онгоц болон нисгэгчтэй л холбоотой гэж хэлэв.

23:30 цагт Бээжингийн Капитал олон улсын нисэх онгоцны буудлын Терминал 3 дээр газардав. Онгоцноос буугаад Терминал 2 руу яаж очих тухай нисэх онгоцны буудал дээрх Өвөр Монгол эмэгтэйгээс зөвлөгөө авав. Буудал руу орон хүмүүсийн урсгалыг дагаж явсаар хилийн шалгалтын хэсэг дээр ирлээ. Гаалийн ажилтнаас гадаадынхан гэсэн энэ хэсгээр гарах уу хэмээн асуутал хажуу талын “БНХАУ-ын иргэдийн хэсэг” гэсэн утгатай шалгалтын цэг дээр очин шалгуулж болно гэв. Тэгэхээр нь би Өвөр Монгол биш, Монгол гэж хэлтэл зүгээр хамаагүй гэж хариулсан бөгөөд тухайн заасан хэсэгт нь надтай адил өөр гадаад хүмүүс ч зогсон, шалгуулж байв. Шалгуулсаны дараа Терминал 3 доторх жижиг метронд суун гарах хаалга руу дөхөв. Чиглүүлэх самбарыг харан, ганц нэг Монгол хүнээс лавлан, Терминал 3-аас гаран Терминал 2 руу очих автобусанд суун 20 орчим минут явсаны эцэст очлоо. Терминал 2 дээр буусны дараа хаана бүртгүүлэх, аль хаалга руу очих тухайгаа лавлан мэдэв. Ямартай ч нэг юм идэе хэмээн бид 3 шийдэж Терминал 2 дээрх бараг ганц онгорхой газар болох KFC–гээс хэдэн тахианы мөч, кока коланы хамт авч идсэний дараа онгоцны буудалтай танилцав. Онгоц өдөр, шөнө гэлтгүй нисэж, бууж байхад яагаад Терминал 2 дээр KFC-гээс бусад үйлчилгээний газар нь хаалттай байгаа юм болоо гэж гайхлаа.

Интернэт орон Facebook дээрээ мэдээллээ тавия гээд Wifi руу нь орох гэтэл заавал хэрэглэгчийн нэр, нууц үг хэрэгтэй байв. Яагаад үнэгүй Wifi байхгүй байгаа юм болоо? Үнэгүй сүлжээ нь засвартай байгаа юм болов уу? Гэхдээ энэ онгоцны буудал чинь аль нэг аймгийн жижиг онгоцны буудал биш шүү дээ ч гэсэн бодол толгойд эргэлдэв. Манай улсын онгоцны буудал ядаж л чөлөөтэй Wifi орж болдог нь сайхан юм даа.

Вьентан руу хөөрөх нислэг маань 07:55 цагт байсан бөгөөд нислэг эхлэхээс 2 цагийн өмнө бүртгүүлэх буюу бидэнд дараагийн нислэг эхэлтэл ойролцоогоор 6 цаг орчмын хугацаа байв. Терминал 2 нь Терминал 3-аа бодвол арай жижиг. Ерөнхийдөө бүх үйлчилгээний газрууд хаасан, дараагийн нислэгээ хүлээсэн эсвэл нислэгээс бууж ирсэн хүмүүс л байв. Ямартай ч нислэг эхлэхээс өмнө нүдний хороо гарган жаахан унтаад авая гэж бид нар шийдэн унтчих сандалууд хайн 1-р давхарын хэдэн сандалууд дээр унтахаар болов. Унтахдаа анхаарах зүйл нь гар тээшүүдээ сайн харах. Үндсэн тээшнүүдээ Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас шууд Вьентан буюу Лаос руу ачуулсан болохоор ачаа арай бага байв. Онгоцны буудлын сандалууд нь гар тавьдаг түшүүртэй байсан учир хэвтэхэд нилээн тохиромжгүй байсан юм. Магадгүй зориуд ч ийм байлгадаг болов уу. Яг сайхан унтах байрлалаа олон тухтай хэвтэж байтал онгоцны буудлын үйлчилгээний ажилчид буюу цэвэрлэгч нар шуугилдаад, сандалуудыг нааш цааш зөөсөөр ерөнхийдөө бас тухтай унтаж чадаагүй бөгөөд онгоцонд ороод л тухтай унтая даа гэж бодлоо. Гэхдээ ажлаа хийж байгаа хүмүүсийг буруутгаад ч яах билээ.

Ингээд өглөөний 06 цаг хүртэл хүлээн, гар тээшээ шалгуулан орлоо. Тийз бичдэг нисэх онгоцны буудлын ажилчид арай ирээгүй байсан бөгөөд хүлээсээр 07:10 цагт тийзээ аван хартал China Eastern хэмээх компаний онгоцоор нисэхээр болсон байв. Бид онгоцны тийзээ аваад 50-р хаалга руу очин гаалийн шалгалтанд орох гээд хүлээн зогсов. Оюунаа эгч, Жааяа ах хоёр шалгуулсаны дараа намайг шалгуулах гээд очтол гаалийн ажилтан өөдөөс Хятадаар ярин, юм асууж байлаа. Би –Хятад хүн биш, Монгол гэж англиар хариулав. Энэ тохиолдол нэг биш удаа бөгөөд Бээжингийн онгоцны буудалд бууснаас хойш олон хүмүүс ингэж андуурч байсан юм. Нөгөө залуу гайхан харж уучлаарай гэв. Гаалийн шалгалтын албанд ерөнхийдөө насны хувьд залуу хүмүүс байсан бөгөөд цаг завтай үедээ хоорондоо хөгжилдөн инээлдэн ярилцаж байгааг хүлээлгийн танхимдаа нислэгээ хүлээн суухдаа ажиглан суув. Нислэг хөөрөх дөхчихсөн байхад хүлээлгийн танхимд бид гурав л байсаар байв.

Ямар сонин юм бэ? Арай гурвуулахнаа ниснэ гэж баймааргүй юм гэх мэт зүйл хоорондоо инээдэм болгон ярилцах зуураа Бээжинд нар мандахыг онгоцны буудлаас ажин сууцгаалаа. Удалгүй хүмүүс бага багаар нэмэгдсээр нийт 15 орчим хүмүүс болов. Хүлээлгийн танхимаас тийзээ үзүүлэн гарч доош буун онгоц руу явах автобусандаа суулаа. Онгоц руу дөхөн очтол хажууд арай том автобус зэргэлдээ зогсож, автобусан дүүрэн Хятад хүмүүс буусан нь ямартай ч 15-уулаа нисэхгүй юм байна хэмээн дотроо бодон өөрийгөө хөгжөөв.

Онгоцонд суутал дийлэнх зорчигчийн 95% нь Хятад улсын иргэд байв. Амьдралдаа анх удаа бараг ийм олон Хятадуудтай нэг дор цуг яваа юм байна даа гэсэн бодол тухайн үед төрлөө. Нэг үгээр хэлбэл зарим нэг хүмүүсийн хувьд үзэн яддаг Хятад хүмүүстэй цуг явж байв. Гэхдээ би эдгээр хүмүүсийг үзэн яддаггүй. Хоосон үзэн ядалт гэдэг бол утгагүй асуудал. Харин үнэхээр давж гармаар байгаа бол тэднээс илүү зүйл бүтээж, чадвартай болж, сайн бодлого барьж, өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэж боддог.

Нислэг нийт 6 цаг үргэлжлэх байсан бөгөөд юу хийх тухайгаа л бодлоо. Гол цаг өнгөрөөх арга нь унтах л байсан даа. China Eastern, Miat хоёрын онгоцны доторхыг харахад China Eastern өөрсдийн танилцуулга, мэдээллээ явуулдаг жижиг дэлгэцүүдээрээ арай илүү байв. Үйлчилгээ болон бусад зүйлсээр нэг их ялгагдаад байх зүйл байхгүй мэт надад санагдсан. Гэхдээ Монголынхоо онгоцонд сууж явна гэдэг нэг л сэтгэлд таатай, хэрвээ манай улсын нислэгийн компаниуд дэлхийн олон орон руу шууд нислэг хийдэг болбол эх хэлээрээ ямар нэгэн үл ойлголцох зүйлгүй ярилцан ойлголцоод санаа амар тайван явбал гоё юм байна даа ч гэсэн бодол тухайн үед төрсөн. Мэдээж онгоцны үйлчлэгчид нь Хятад хүмүүс. Ямартай ч нислэг эхэллээ.

Нислэгийн үед онгоцонд өгсөн хоол нь Ази маягийн буюу Хятад хоол байсан нь шинэ газар оронд ирсэнийг минь сануулах шиг. Зарим нэг хоолыг нь нэг их идсэнгүй. Нислэг эхлээд нилээн хугацаа өнгөрсний дараа очих газрыг Вьентан бус Кунминг буюу Юнань мужийн олон улсын нисэх онгоцны буудалд бууна хэмээн дэлгэцэн дээр зааж байв. Гайхаад онгоцны үйлчлэгчээс асуухад төдийлөн сайн хэл нэвтрэлцээгүй бөгөөд ямартай ч буух хэрэгтэй гэлээ. Дэргэд сууж байсан залуугаас энэ Лаосын нийслэл Вьентан руу очно биз дээ гэж асуутал –Очно, энд түр 1 цаг зогсоод дараагийн онгоцондоо сууна. Би өөрөө Лао хүн, гэр лүүгээ явж байна гэлээ.

Энэ хүн миний анхны уулзсан Лао хүн байв. Одоо бодоход зургийг нь дардаг байж дээ гэж харамсан сууна. Хожмоо тэр зургийг хараад хамгийн анхны уулзсан Лао хүн хэмээн дурсах байсан даа, гэхдээ тархиндаа тэр хүний царайг мартагдахааргүй хадгалчихсан.

Буугаад дамжин өнгөрөх нислэгдээ суух гээд явсаар байтал бараг 1 цаг болоод шууд онгоцондоо суув. Одоо Вьентан руу ойролцоогоор 2 цаг орчим нисэх байв. Өдөр байсан болохоор ямартай ч онгоцноос үзэх харах юмтай. Үүлс, уулсыг ажиглан цаг өнгөрөөв. Энэ удаагийн хоол арай дээр идэж болмоор.

Удалгүй бид Лаосын Вьентан хотын онгоцны буудал руу газардах дөхөж байгаа тул Та бүхэн суудлын бүсээ бүсэлнэ үү хэмээн онгоцны баг зарлалаа. Онгоцны цонхоос Лаосын тухай анхны мэдээллээ авахыг хичээн хартал ерөнхийдөө ногоон газар, үхэр, тариалангийн талбай, засмал зам, шороон зам байв.

Онгоц газардаж гар тээшээ аван бид гурав буутал өөдөөс халуун бүгчим агаар угтав. Хэдэн секунд амьсгалахад жаахан төвөгтэй болж байснаа дасан зохицож ганц хоёр амьсгаа аван дотогш ороход эйр кондишнтой сэрүүн орчин угтаж одоо л нэг тайван амьсгалаа авч гаргав.

Гаалийн ажилтанд паспортоо үзүүлэн шалгуулав. Шалгуулж байхад гаалийн ажилтны ярьж буй утас iPhone байсан нь эдгээр хүмүүсийн амьдралын түвшин тийм ч муу биш юм байна гэсэн анхны төсөөллөө авлаа.

Лаос улс руу визгүй байдаг нь тун сайхан санагдсан. Манай гадаад харилцаа ч бас тийм ч муу бишийн шинж болов уу.

Цааш нэвтрэн орж, тээшнүүдээ аваад онгоцны буудлаас гарахад, Золоо ах, хоёр Монгол эгчийн хамт инээмсэглэл, халуун дотно тэврэлтээр угтсан нь “Зорьсон газраа ирлээ дээ” гэсэн дохио байв. Сабайдий Лаос (Сайн уу? Лаос) .

Horaayy..there are 15 comment(s) for me so far ;)

#1

амжилт

Boldbayar wrote on 2013/04/29 - 15:13
#2

Амжилт хүсье хүү минь Амай ах шигээ мундаг хүн болоорой

burmaa wrote on 2013/04/29 - 17:41
#3

амжилт, үнэхээр мундаг байна. Чиний хийсэн сонголтыг үнэхээр биширч байна шүү. энэ л чиний зам

цацаа wrote on 2013/04/29 - 18:17
#4

delegrenguy ih saihan bichijee, yag l hamt yawj bga met sanagdaw… saihan ehlel bna tsaashdiih ni ajild amjilt hvsie

mega wrote on 2013/04/29 - 18:37
#5

chi shuu oogiii amjilt

chinsaikhan wrote on 2013/04/29 - 19:18
#6

sain u minii duu.yun zaluu yum boldo,hamaatnih n hun um bhda gej bodoj bsan ergelzeeg min gargalaa.chamd bichih aviyas bn shuu.dajgui huurhun bichsen bn.bi ch bas ih delguurees tatonkagin uurgevch avch bsan.hemjee n jijig murtlu uneteidu.brand yum bolohoro chanar saitai yum ble.bi lav ongots huurch,gazardahad nudee anidaggui e.humuus golduu anij bn gejuu kk haraagui bolohoro medehgui yum.chini buh zardlig daaj bga n tom hereg shuu.ayalalin yavtsad ah egchde sain tusalj bh heregtei shu.amaigiin ah n amerikt amidardag zaluu mun bizde.nisehru hurgej ugsun geheer mongoldo irtsen heregu.za za buyantai saihan ajil hiij bgan bn javhaa.mergejlin chin daguu bolohor ih zuil uzej medej avaarai.zuv bodoltoi zaluu shig sanagdla bichsenes chin uzehed.amjilt husie!

Buya wrote on 2013/04/30 - 14:50
#7

amidrald n tohoildoh olon shn bolomjuudiin negiig olgosn humuust bayrlalaa.zow hunee songosn bn.hamt aylaj bga ym shig shn bichjee.nzdaa amjilt husie.

daka wrote on 2013/04/30 - 19:15
#8

wow. ymar aztai yum be. sain bna. sain ch bichij bna shuu. Mundag khun bolooroi. Amaid bayarlalaa gej kheliy. Tsaashid olon mongol zaluusaa demjij baigaarai,

narka wrote on 2013/04/30 - 21:07
#9

saihan bolomj b.na shyy.zamdaa sain yvj saihan aylaad,ih zyil yzej haraad ireerei.

CHA wrote on 2013/04/30 - 21:11
#10

Энэ сэтгэгдэл унших өдрийн мэнд хүргэе Чиний тэмдэглэлийг уншаад сэтгэлийн гүндэх мэдрэмж сэргэв АЯЛАЛ… Зөв бодол санаатай үнэнч залуу чамд баяр хүргэж байна Чиний мөрөөдөл биелэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн багцалвал Үндэс нь ИТГЭЛ юм гэж бодов Өөрийнхөө,бусдын амьдралаас анзаарч харж байхад хамгийн чухал зүйлүүдийн нэг Амай буюу Золбаярын чамд итгэсэн итгэл олон хүнийх юм шүү үргэлж дааж үлгэр жишээ болоорой Аян зам чинь сүү шиг ариун байг… Чамд тариа хийсэн эмч хариуцлагагүй юм хүнээс мөнгө авахдаа сайн Чи дараа зөв тариа хийлгэсэн эсэхээ лавласан уу?

gerelhuu wrote on 2013/05/07 - 18:30
#11

snuu? chamd amjilt husyee.Bichij bga helber chini ih talagdlaa haaya uuriin bodloo oruulan eregtsuulsen hesguud chini dajgui shu.Bi Ayalal juulchlaliin chigleleer masteraa duurgeed odoo solongosiin HANATOUR gej aylal juulchlaliin companyd ajilladag.Cheju aral,Thailandad guide hiideg. Aylah ch shan shu 5 mederhui chini baysaj 6 dahi mederhuigee hugjuud ireerei.

odgerel wrote on 2013/05/11 - 14:04
#12

Энэ өдрийн мэнд хүргье!!! Би Амай ахын номын эхний ботийг бараг уншиж дуусах гэж байгаа. Би өөрөө их эрсдэлтэй юм хийх дуртай болохоор номон дахь бичлэгүүд надад маш их таалагдсан бөгөөд одоо үеийн залуус бидэнд юу хэлэх гээд байгааг нь бага ч гэсэн ойлгосон. Цаашдаа ч номыг нь дугаар алгасалгүй унших төлөвлөгөөтэй байгаа. мөн блогоор нь байнга зочилж байх болно. Дээрээс нь чиний анхны тэмдэглэлийг уншиж байгаадаа баяртай байна. Та бүгдэд амжилт хүсье

Hikari wrote on 2013/05/11 - 20:04
#13

hm, mongolchuud hir chadalaa medehgui baij aimaar racist uls. olon hyatad humuusiin dund genet orson jiriin neg mongol huu culture shock-nd orj daisnuud dund orood irsen met ihed balmagdan sandarchdee. ingetel n bid hyatad humuusiig uzen yaddag bolson shig. yagadhaa hyatad huniig hujaa gej helehee bolimoor baina aa ard tumen mini. mongol hun chi ooriigoo omog bardam aihtar hun gej boddog yum bol ene metees l ehleh heregtei sh dee.

gd wrote on 2013/05/12 - 18:04
#14

yostoi sonirholtoi blaa…bichih hew mayg n ch taalagdlaa…dahiad aylaad bicheed baij dee zaluu mini..Amjilt husey

urangoo wrote on 2013/05/14 - 03:21
#15

Sain bichjee huurhun ymaa..iluu olon zuil bicheerei

he he wrote on 2013/05/22 - 00:27
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.